Tuesday, March 12, 2013

Эсгийн ерөөл

Эсгий хийж байхад ирсэн хүн ерөөл айлдаг.
Цагаан эсгий цавгүй
Цааш нааш гавгүй
Цаснаас цагаан
Яснаас хатуу
Мөснөөс гөлгөр
Мөнгөнөөс үнэтэй
Эвдрэхгүй мөнх
Элэгдэхгүй бат
Дун шиг өнгөтэй
Дурдан шиг артай болтугай
/Содном, 1963, 27 дахь тал/ гэж ерөөл бэлэгтэй үг хэлээд ажилд оролцдог.
Ширлэж боосон эсгийг татах хоёр морьтой хүн эсгийн гол буланд бэхэлсэн олсны үзүүрээс саваагаар онилон татдаг. Эсгий татахын өмнө
Төрийн эд төв сайхан
Төрсөн биес нь мөнх сайхан
Яснаас хатуу Цаснаас цагаан болтугай
хэмээн ерөөгөөд ширэлсэн эсгийн дээр айраг буюу сүү дусаадаг байв. Ингээд эсгий татахаар явах бөгөөд тэгэхдээ эхлээд зөөлөн хөдөлж аажмаар явдлаа хурдасган морины ширүүн цогиогоор явна. Эсгий татах морийг голдуу хүүхэд залуучууд унадаг. Ууган эсгий татаж байх үед дараагийн эсгий зулж ширлэх, татах зэргээр ажил үргэлжилж нэг өдөр хэдэн ч эсгий хийж болно. Ууган эсгий татаж явах /эсгий татах газрын хэмжээ ойролцоогоор 15-20 км байдаг/ тоо хэмжээ гүйцэж ирэхэд ширний үдээсийг нь тайлж ууган эсгий дээр, тэрчлэн эсгий татсан хоёр морины чихний хооронд, хондлой дээр сүү дусааж мялаадаг. Түүнчлэн ууган эсгийг онцгой хүндэтгэн хамт олны сэтгэл саанааг илэрхийлсэн тусгай ерөөл хэлдэг заншилтай. Ингэхдээ домботой цай тавагтай идээ авчирч, шинэ эсгийг сүүгээр мялаагаад
Төлгөн хонины ноосыг
Төө зузаан зулж
Хурган хонины ноосыг
Хуруу зузаан зулж хийсэн
Эсгий чамайг мялаая /Хорлоо, 1969, 46 дахь тал/ гэх буюу
Зуун түмэн хонины
Зунгагтай цагаан унгасыг
Зулж зүүж дэлгээд
Зуун голын усаар
Зулхай бүрийг шүршээд
Эвтэйхэн эвхэж хуйлаад
Эвийг олж боогоод
Агт мориороо татаж
Ахин дахин өнхрүүлсэн
Эсгий нэртэй эд нь
Энгүй захтай болтугай
/Б.Содном, 1963, 27 дахь тал/ гэх мэтээр тухайн ажил хөдөлмөрийг хийх байдлыг урнаар шүлэглэн хэлсэн байдаг.

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...