АЛДАРТ ЭХ БАЛДАНГИЙН НОРЖМАА 1924-1991
Монголын
эмэгтэйчүүдийн дунд олон хүүхэд төрүүлж, зөв тэгш хүмүүжлээр хүмүүжүүлж
эх орондоо хэрэгтээ иргэн болгон өсгөсөн эхчүүдэд “Алдарт эхийн одон 1,
2” гэсэн хүндтэй шагналыг хүртээдэг билээ. Үүгээрээ эх хүний үүрэгийг
үнэлж, Монголын хүн амын өсөлт хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсанд
талархал илэрхийлж, Монголын засаг төрөөс энхүү эрхэм хүндэт шагналыг
өгч, тэдний сэтгэлийг дэмжиж амьдралд тань урамшил өгч олон сайхан
эхчүүдийг баясгадаг. Үүнийг нэг эзэн бидний эх Балдангийн Норжмaa
ажил амьдралынхаа хажуугаар эцэг эхээ асран, 11 хүүхдийг төрүүлэн
энхрийлэн өсгөсөн.
Одоогийн
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Сайн ноёнхан хошууны \Батмөнх
даян хааны удам угсаа\ тайж Сандагийн зээ Пүрэв болон Сайн ноёнханы
Чунгас овогт Ягаан ноён Намнансүрэнгийн удам угсаа Балдангийн хоёрдугаар
охин болон 1924 онд төржээ. Ижий маань дунд зэргийн нуруутай \158-160
см\ , шингэвтэр улаан хүрэн үстэй, цэвэрхэн цайвар царайтай, өндөр
монхор хамартай, том алаг нүдтэй, жирийсэн цагаан шүдтэй, эмэгтэй хүний
уран жижиг гартай, үйлэндээ уран, эхийн сайхан цайлган цагаан сэтгэл
агуулсан, эр нөхөр, эцэг эх, үр хүүхэд, хамаатан садан болон ойр дотны
хүмүүсдээ анхаарал халамжаа хандуулан аль чадах бүхнээ тэдэндээ зориулж
тус дэмээ өгдөг хүн байсан. Их хөдөлмөрч зүгээр суун гэж үгүй янз бүрийн
юмыг үргэлж хийж санаачилдаг, хүнтэй найрсаг дээд зэргийн харилцаатай,
хүнийг хүндэтгэж үнэлдэг ийм л нэгэн жирийн монгол эмэгтэй байлаа.
Бидний
Ижий таван охин, дөрвөн хүү төрүүлж, хоёр хүү өргөн авч тэднийгээ
өөрийн төрсөн үр шигээ ялгалгүй хайрлан хүмүүжүүлсэн. Бидний хамгийн том
хоёр ахыг намайг үртэй болгосон буянтай хөвгүүд гэж үргэж тэднээрээ
бахархан тэдний ажил үйлс, үр хүүхдүүдийг нь бидтэй адил өнхөөрдөн
хайрладаг байлаа. Ижий маань эелдэг зөөлөн, шулуун шудрага зантай,
цагаан цайлган сэтгэлтэй хүнд үргэлж тусалж явдаг, их өрөвч нимгэн
сэтгэлтэй, хүнийг муу талаас нь харж өөлж яридаггүй, дандаа өөдрөг сайн
талаас нь яридаг, үргэлж болно, бүтнэ гэсэн талаас нь ханддаг, “Санаа
сайн бол заяа сайн, санаа муу бол заяа муу” гэдгийг санаж, хүүхдүүдээ
сайн санаж л явбал өөрийн үйлс чинь бүтэж сайн сайхан явдаг юм гэж захиж
хэлдэг байв.
Ижий
маань төрсөн хоёр эгч дүү хоёртой байсан боловч тэд хорин хэдэн
насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Ижий минь эцэг эх хоёртоо ганц
нүдний цөцгий мэт хайрлагдах болж энэ үйл явдлын дараа Nжий маань Их
Хүрээнд орж ирээд 1935 онд хүрээний бага сургуульд орж боловсрол
эзэмшжээ. 15-хан насандаа гар үйлдвэрт ажилд орж, эцэг эхээ хүрээнд
нүүлгэн авчирч тэднийгээ халамжлан асарч суурьшжээ. Үүнээс хойш
манайхаар нутгийн хүмүүс зочилж Их Хүрээгээр орж гарч сургууль соёлд
ордог болов.
Удалгүй
тогоочийн мэргэжил эзэмшин, нийтийн хоолны трестэд тогоочийн ажил хийж
олон сайхан зоогийн газруудад, амралт сувилалын газруудад ээлж дараалан
шилжигдэн ажиллаж ирсэн. Ижий маань нарийн боовны цехэд ажилдаг байв.
Тэр нь Шар дэлгүүрийн урдхан талд, гэртээ ирэх болгондоо бялууны зах гэж
авчирдаг. Түүнийг нь бид талхан дээр тос, өрөмний оронд түрхэж
иддэг байв. Хаяадаа Ижийнхээ ажил дээр очиж халуун дөнгөж гарсан тэр үед
60 мөнгөний гөөхий авч иднэ. Ижий маань сайхан хоол хийнэ, олон
ч хүнийг хоолоороо дайлсан байх, бас бидэндээ зааж өгч айлын эхнэр
сайхан хоолтой байх хэрэгтэй, сайн гэр бүл найз нөхдийн холбоо бий
болдог гэж үргэлж хэлнэ.
Бидний
Ижий маш их уран хүн. Монгол үндэсний хувцасыг гарамгай сайхан урладаг, бөхийн малгай, жодог шуудаг, бөхийн ордоноос тусгайлан захиалга
өгдөг, томчууд эр эмгүй Ижийгээр минь захиалгаа өгч дээл, дөрвөн талт
малгайгаа оюулдаг байсансан. Ганц монгол хувцас хийгээд зогсохгүй ёвроп
хувцас, орос маягийн малгай их хийдгээс гадна хатгамал, орны торь үсний
даруулга зэрэг нарийн ширийн юм болгоныг оролдож хийдэг сүрхий ажилсаг
хүн байлаа.
Зундаа
зуслан гарахаар хотынхоо байшингийн хэдэн өрөөг охор шохой өөрөө
найруулж байгаад л хэдэн ханаа будаад хээ татаад л, шал цонхоо их будна.
Ижий маань хэр баргын эр хүнээс дутхааргүй их гарын дүүтэй хүн. Крант
жижиг цахилгааны ажлыг засчихдаг, цэцэг их тарих дуртай хүн. Бид
Ижийнхээ хийж байгаа юмнаас нь хамжин тусалсаар байгаад л бас ч муугүй
гарын дүүтэй болоод авсан. Ямарч байсан монгол хүүхдийн баривч, хүрэм
хийхтэйгээ байгаа. Ижий маань охидуудаа ядахдаа нэг товч хатчихдаг,
уранхай цоорхойгоо нөхчихдөг тийм л байвал амьдралд алзахгүй ээ миний
охидууд гэдэгсэн.
Эмэгтэйчүүдийн хороо, хорооны захиргаа гэх мэт олон нийтийн байгуулгад идэвхитэй оролцдог бөгөөд
ширээ засалт, юмханаар юм хийх, дотор махаар хэн сайхан хоол хүнс хийх
вэ? гэсэн уралдаан тэмцээнд байнга оролцож, сонгуулийн үеэр сонгуулийн
комиссын гишүүдийн хоол хүнсийг бэлдэг байв.
Ижий
маань ажилдаа сүрхий хүн байсан болохоор хөдөлмөрийн аврага, ударник,
ардын хувсгалын 50 жилийн ойн медал, засгийн газрын хүндэт жуух,
худалдаа нийтийн хоолны бүгд хурлын төлөөлөгчөөр удаа дараалан сонгогдож
оролцсон.
Айл
саахалт, нутаг аймгийн хүмүүс манайхаар их ирдэг байв. Ижийгээс минь
ёстой л нэг “Өндөр Ээж” киноны өндөр ээж шиг орсон гарсан хүнийг
дайлаад, илүү дутуу байгаа юмаа хамаад хүнд барьчихдаг тийм л нэг монгол
эхийн шинж чанарыг агуулсан хүн. Манай байранд голдуу дарга сайд нар
амьдардаг. Тэд нар Ижийг минь хүндэтгээд их орж гарна. Ижий
маань тэдэнд ийм том албаны хүн, өрх гэрийн тэргүүн эр хүн байж хогоо
асгаж явж яаж таарах вэ? айлын тэргүүн хүн, эр хүн байж авгай хүүхдүүд
шиг байж болохгүй гэдэгсэн. Ижий маань томчуудын авгай нарт эр нөхрөөрөө
хог асгуулж яах нь вэ? алдас болно, үүнийгээ ч үр хүүхэд бидэндээ хэлж
захидаг байлаа. Ижийг минь хүмүүс айхтар ухаантай хүн гэж Ижийгээс минь
амьдралынхаа болохгүй бүтэхгүй зүйлийг асуудаг байлаа. Ижий маань хүний
өөрийн хүн гэж ялгаад яахав вэ, хүний л үр юмсан гэдэг.
Ижий
маань аавыгг маань дандаа хүндэтгэж, Та, багшаа гэж дуудаг хүн байлаа.
Нэг удаа би Та яагаад аавыг “та”, “багшаа” гээд байдаг юм бэ?. Манай
найз нарын аав ээж тэгж дууддагүй л юм байна лээ гэж асуухад: Тэгэлгүй
яахав энэ олон эрдэм номтой мундаг хүмүүс аавыг нь хүндэтгээд дуудаад
байхад, тийм эрдэмтэй номтой хүнийг “багш” гэхгүй бол алдас болно гэж
билээ. Аавын ажлын хүмүүс, шавь нар орж ирэхэд тэдний ажил төрлийн
ярианд зэрэгцэн сууж оролцдоггүй, эрдмийн хүмүүс эрдэм номоо яриг гээд тэднийг харин ч сайхан хоолоороо дайлаад гаргадаг. Аав маань Ижийгээр
минь их бахархадаг хүн байлаа. Аав маань бидэнд Ижий тань ном илүү их
үзсэн бол их хол явах их ой сайтай хүн гэдэгсэн. Нэгэн жишээ: Хэл
бичгийн ухааны доктор Ж. Цолоогуай дурсамждаа: Содном багшийн амьдралд
гавьяатай, хийж бүтээхэд нь нөлөөлсөн сайн хүн бол түүний гэргий Норжмaa
гуай юм. Норжмaa гуай бол хэнийг ч голдоггүй, хэнтэй ч сайхан
ярьдаг. Норжмаа гуай дандаа Содном багшийг “багш” гэж ярьдаг байсан.
Ийм л сайн хань байсандаа. Биднийг хааяа яваад очиход Содном багш
Норжмaa гуай хоёр их баярлаж бөөн яриа хөөрөө болж нөхөрсөг харьцаа
үүсдэгсэн. \Б. Содномын намтар, бүтээлүүд 1998 он, Б. Содном багш нэр
хүндтэй, хүнлэг, ахмад буурал эрдэмтний нэг., 109 хуудас\. Я. Баатар
гуайн дурсамжаас: Ри багш, Со багш хэмээн хүндлэн дуудацгаадаг
билээ. Ер нь ч хоёр биенээ чи гэж дуудаж байгаагүй байх, багш та гэх
мэтээр л харьцана. Энэ мэтийн харилцааг нарийн сүрхий ажигласан Норжмаа
эр нөхрөө “Содном оо” гэж дуудахгүй, “Багш аа” гэж л дуудна. Хорооны
ухуулагч орж ирээд “Танайх хэнийх гэдэг айл вэ?” гэж асуухад “Содном
багшийнх аа” гэж хариулах жишээтэй. Сан Франциско
2008. Бидний Ижий нийт ч сайхан хүн байсан. Тиймдээ ч хүмүүс Норжмаа
гуай дээр нэг ороод гарья гээд их хүндэж Ижийгтэй минь хуурч хөөрнө.
Ижий
маань бидний түрүүчийг нь тусад нь айл гэр болгон гаргаж ач, зээ нараа
өсгөн хүмүүжүүлэн өгч, бидний амьдралын замын эхлэлийг маань тавилцаж
өгсөн ачтай буянтай жинхэнэ монгол эмэгтэй, бид эхээрэй их бахархаж
явдаг. Бидний Ижий эх орондоо гийгүүлсэн ач
гавьяа нь, үр хүүхдийнхээ амьдралыг сайн сайхан бүхнийг билэгдсэн хүсэл
тэмүүлэл нь, олон түмэндээ үйлдсэн сүү шиг сайхан цагаан ариун сэтгэл тус үйл нь бат орших болтугай.
Охин С. Үзмээгээс нь 04/07/2009
No comments:
Post a Comment