Tuesday, March 12, 2013

Уран сэтгэмжийн "Харанхуй хад"

 Д.Нацагдорж бол үргэлжилсэн үгийн гарамгай зохиолч билээ.
Тооны хувьд цөөн хэдэн өгүүллэг, ганц тууж / төгсөөгүй/ бичсэн боловч бараг зохиол бүр нь манай шинэ уран зохиолыг шинэ дүр дүрслэлээр баяжуулсан гэж хэлж болно. Түүний өгүүллэгүүд нь цаг үеийнхээ хурц асуудлыг тусгасан бөгөөд яруу найраг мэт уран яруу хэлтэй, эрдэнийн шигтгээ мэт нарийн ширийн дүрслэлээр баян байдаг онцлогтой юм. 
Д.Нацагдорж бол уран бүтээлдээ байнга эрэл, шинэчлэл хийдэг уран бүтээлч байжээ. “ Хэлхээгүй сувд” зохиолыг бичихээр хийсэн тэмдэглэлдээ,
Байхгүй юмыг олох хэрэгтэй
Ижилгүй юмыг бодох хэрэгтэй
Онц чухал юм болох хэрэгтэй
эж онцлон бичсэн байдаг. Энэ нь түүний бүтээл туурвилын чиг шугам юм. Тэрээр, уран зохиолыг “ цэцэн мэргэн оюунаас гарч ертөнц дахиныг хайлган чадагч” гэж үзэж байв. Тэгээд ч уран зохиол, зохиолчийн хөдөлмөрийн тухай “ Харанхуй хад” / 1930 / гэдэг уран сэтгэмжийн өгүүллэг бичсэн байна.
“ Харанхуй хад ” өгүүллэгт юу үзүүлсэн бэ? гэдэг талаар судлаачид харилцан адилгүй санал дэвшүүлсээр иржээ.  
Б.Содном гуай, “ Нацагдорж энэ өгүүллэгтээ эрдэм шинжилгээний нэг уран сэтгэмжийг монгол янзаар үзүүлэхээр оролдсон ……
Эрдэм шинжилгээний хайгуулын тухай өгүүллэг болгохын тулд,  Нацагдорж мөн өгүүллэгээ их л хэцүү зохиомжтой болгожээ. Ийм учраас түүнийг уншихад цаашаа юу болох болов гэсэн сонин үйл явдал үргэлжлэн, үл мэдэгдэх бэрхшээлтэй буюу гайхмаар юм  дайралдах нь олон үзэгдэнэ.
Уг өгүүллэгийн найруулга, хэл хэллэг нь хүртэл нэлээд чамбай бөгөөд ямар нэг жирийн юм  биш шиг санагдуулахаар  зохиож чадсан байна…
Ер нь эрдэм шинжилгээний хайгуулын гол зорилго бол юмыг бий болгож олохын төлөө зүтгэнэ. Ингэж зүтгэхэд хичнээн хүнд хүчир явдал тохиолддогийг харуулахаар зохиолч зорьжээ. Ийм утга санааг гаргахын төлөө зохиолч зөвхөн уран сэтгэмжийг хэрэглээд зогссонгүй, уран дүр, үйл явдлыг өрнүүлэх зэргээр урлагийн бүх бололцоог ашигласан байна…
Мөн өгүүллэгт зохиолч өөрөө гол хайгуулч нь болж … / Б.Содном, 1966, 209/ дүрслэгддэг”  гэжээ. Б.Содном гуайн энэ саналыг Л.Хэрээ / Л.Хэрээ 1974, ¹6,4/ дэмжсэн байна. Гэтэл утга зохиол судлагч М.Баянзул “ Үерхэн ханилсан дурлалт хүүхнээ мөрөөдөн буй залуугийн тухай энэ өгүүллэгт бичжээ. ” / М.Баянзул, 1966, 162/ гэж үзсэн байна .
Зөвлөлтийн монголч эрдэмтэн К.Н.Яцковская “ Үргэлжилсэн үгийн зохиолын жижиг төрөл зүйлийн талаар Нацагдорж эргэцүүлэн бодож байсныг “ Харанхуй хад” өгүүллэгийнхээ эцэст “ Новелла” “ Уран сэтгэмжийн өгүүллэг ” гэсэн үг бичсэн нь харуулна. ” / К.Н. Яцковская, 1976, 57/ гэж тэмдэглэжээ.
Судлаачид “ Харанхуй хад ”- ыг уран сэтгэмжийн өгүүллэг гэж нэгэн дуугаар хэлсэн хэрнээ тэрхүү уран сэтгэмжээр үзүүлсэн зүйлий нь зөвхөн үйл явдал дээр тулгуурлан тайлбарласан учраас өгүүллэг / би / чулууны байдлыг шинжсэн явдал дээр үндэслэн “ эрдэм шинжилгээний хайгуулын тухай өгүүллэг” гэх юм уу, өгүүлэгч / би / Инагийн хойноос явж байгааг үндэслэн “ үерхэн ханилсан дурлалт хүүхнээ мөрөөдөн буй залуугийн тухай өгүүллэг” гэж үзэхэд хүрсэн бололтой юм. Хэрэв ингэж үзвэл            “ Харанхуй хад ” –ыг уран сэтгэмжийн зохиол биш гэж хэлсэнтэй адил болно.
Энэ өгүүллэгт дүрслэгдсэн зүйлийг уран сэтгэмжийн зохиолын онцлог, тэр талаарх зохиолчийн үзэл ойлголт зэрэгтэй холбон үзвэл дээрхээс арай өөр дүгнэлт хийж болмоор байна. Уран зохиолын онолд уран сэтгэмж буюу фантастика гэдгийг          “ Урьд нь таньж мэдсэн бодит амьдралын үзэгдлүүд дээр үндэслэн ургуулан бодож бүтээсэн ер бусын төсөөлөл дүрслэлийн ертөнц” хэмээн тодорхойлдог. Энэ тухайд Д.Нацагдорж багагүй мэдлэгтэй байсан нь Эдгар Погийн “ Алтан цох ” зохиолын монгол хэвлэлд зориулж түүний бичсэн оршил өгүүллэгээс харагдаж байна.
Д.Нацагдоржийн бичсэн нь “ По аваас, тооны ухаанд нэвтэрхий хүн байсан нь зохиосон зүйл нь гүн бөгөөд нарийн, ямагт хүний сэтгэлд оршгүй бэрхтэй зүйлийг бичнэ. Бичсэн зүйл нь …даруй дэлхий дахины яруу найруулгын эрдэнийн санд үнэлэгдэн, олон гадаадын хэл дээр орчуулагджээ. Энэхүү Алтан цох хэмээх зохиолд үвээс, маш нарийн нууц зүйлийг хүний ухаанаар ухаж бодохыг утгачлан, зөвхөн өөрийн ухаанаар зохиогоод, мөн өөрийн ухаанаар тайлахын хамт, шинжлэх ухааны чанарыг илэрхийлсэн  / Эдгар По, 1935, 2/ гэжээ.
Шинжлэх ухааны чанар буюу үнэн бодит зүйл дээр тулгуурлан хүний сэтгэлд оршгүй бэрхтэй зүйлийг зохиолч өөрийн ухаанаар буюу уран сэтгэмжээр зохиогоод, мөн өөрийн ухаанаар тайлсан болох нь “ Харанхуй хад ” өгүүллэгт тодорхой байна.
Энэ зохиолд долоон жилийн урьд ор сураггүй болсон хайртай бүсгүйнхээ үлдээсэн утга учир тодорхойгүй өчүүхэн зурвасыг гэнэт олж үзээд утга учры нь арайхийн тайлсан, түүний төлөөнөө бие сэтгэлийн түмэн бэрхийг амссан хийгээд хайртай тэр нь хүн амьтан оршимгүй аймшигтай газар амьдарч байгааг үзүүлсэн зэрэг нь даруй хүний сэтгэлд оршгүй уран сэтгэмжийн зүйлүүд мөн. Үүний хажуугаар, өгүүлэгч / би / -ийн унаж явсан морь нь Инагийн эцгийн морь байсан, тэр, чулууны байдлыг шинжиж явсаар Харанхуй хаданд очсон  зэрэг нь уран сэтгэмжийг бодит байдалтай холбон өгч байна.
Энэ бүхнээр юу үзүүлснээ зохиолч,
“ Харанхуй хадны дунд халшралтай бөгөөд аюултай
Харин түүний байдлыг хасын охин сонирхоно.
Яруу найруулга хэмээгч нь ертөнцөд гайхамшигтай бөгөөд
Ина охины адил идэр хүний сэтгэлийг булаана.
гэсэн төгсгөлийн шүлгээрээ тайлсан байна. Өөрөөр хэлбэл, яруу найруулга хэмээгчийг Ина охиноор төлөөлүүлж яруу найруулгыг бүтээх нь Харанхуй хадны дундаас Ина охиныг олохын адил хэцүү бэрх боловч түүнийг сонирхох нь хайртай бүсгүйдээ тэмүүлэхийн адил хэмээн уран зохиол, зохиолчийн хөдөлмөрийн тухай асуудлыг зохиолч уран сэтгэмжээр үзүүлсэн шиг байна.
“ Мөн өгүүллэгт зохиолч өөрөө гол хайгуулч нь болж дүрслэгддэг ” хэмээн Б.Содном гуайн хэлснийг уран зохиолын эрэл хайгуултай холбон ойлгох хэрэгтэй бөгөөд зохиолын сэдвийг олох, түүнийг боловсруулах, амьдрал судлах, зохиолыг бичих туурвих зэрэг зохиолчийн хөдөлмөрийн бүх үйл явц дахь зовлон жаргалын утга учрыг энэ өгүүллэгт үзүүлжээ. Үүнд, Инагийн тэмдэглэлийг олсныг зохиолын сэдэв олохтой жишээлэн үзвэл бүх зүйл тодорхой болно. Жишээлбэл: “  Алтан дэлхий уудам их, Харанхуй хад хэмээгч хаана  байхыг хэн яаж мэднэ. Дөрвөн зүг найман зовхисыг тойрон зуун жил, мянган он эрэвч олдохгүй байж болно. Ина хэмээх охины бичсэн нэгэн зурвас тэмдэглэлийн төлөөнөө сэтгэл сүйдэж биеийг зовооно” гэснийг зохиолчийн уран бүтээлийн эрэлтэй холбон ойлгож болох байна.
“ Харанхуй хад ” өгүүллэгт Ина охиноор яруу найруулга буюу уран зохиолыг уран сэтгэмжийн аргаар дүрсэлсэн гэж үзвэл, Ина охины эцэг гэдэг нь уран зохиолын эцэг – ардын аман зохиол, түүний морь гэдэг нь уран зөгнөл, ургуулан бодохуй байж таарна. Ургуулан бодохуйн гайхамшигт “ хүлгийг “унасан  зохиолч амьдралын гүнд нэвтэрч, түүний эрээн барааны дунд үзэгдэх өнгөний цаанаас мөн чанар зүй тогтлыг нээж чадах учиртайг хир болсон нэг чулууны дотроос гялтганасан өнгийг нь олж харж байгаагаар үзүүлсэн байж таарах билээ.
Зохиолд “ Ина ” хэмээгч нэг залуу цэвэрхэн охин бөгөөд долоон жилийн урьд би түүнтэй хязгааргүй янаглан ханилсан боловч, дараагаар хоёр бие уул далайн тэртээ энэтэйд завсарлагдан, сэтгэл зүрх ташаалагдсан бөлгөө”  гэж байна. Нацагдоржийг судлагч эрдэмтэн Б.Содном гуай бодит баримт дээр тулгуурлан “ Уран зохиол бичих явдлыг Д.Нацагдорж 1923 оноос эхлэн туршжээ. Гэвч 1923 оноос 1930 он хүртэл 7 жилийн завсар Д.Нацагдорж уран зохиолыг гойд их бичсэнгүй. ” / Б.Содном, 1966, 56 /  гэж тэмдэглэсэн байдаг. Ийнхүү Инагаас хагацаад долоон жил боллоо гэдэг нь уран зохиолыг нэг их бичилгүй долоон жил боллоо гэсэн үг бололтой. Энэ долоон жилийн завсар  Д.Нацагдорж, хэд гурван зохиол бичиж туурвисан боловч , гол нь эрдэнэ болсон эрдмийн их далайгаас эрдэнэ өвөрлөхийг хичээж. алс газар сурахаар одсон учраас хязгааргүй дурлан оролдож эхэлсэн уран зохиолын ажлаасаа бага зэрэг хөндийрсөн ажээ.
Харин 1930 онд дахин уран зохиолын ажилд нэгэн үзүүрт сэтгэлээр шуурхайлан орсны учир юу вэ? Энд нэг л учир байна!
Зохиолчийн урмыг сэргээж, зүрхийг догдлуулсан онцгой учрал тохиолдов уу? Ертөнц дахиныг хайлган чадагч яруу найруулга бичихийг хэн нэгэн нь зохиолчоос хүсэв үү?, Аль эсвэл бүр өөр шалтгаан байв уу?,  Энэ асуултанд хариулахын тулд 1930 он, тэр дундаа “ Харанхуй хад”  өгүүллэгт дурдан буй наймдугаар сар зохиолчийн амьдралд ямар онцгой явдал тохиолдов гэдгийг сонирхох хэрэгтэй.
1930 оны эхээр хуралдсан МАХН-ын YIII  их хурлаас “ Уран зохиолч нарын бүлгэмийн хэргийг чанартай бөгөөд өргөтгөн явуулсугай” гэж заасны дагуу мөн оны наймдугаар сарын найманд зохиолчдын хурал болж “ Тус уран зохиолчид нэгдсэн хүчээ нэгтгэн уран зохиолын явдлыг хөгжүүлэхийг зорьсон тул тусгай байгуулалттай байвал зохих, үүнд: юуны урьд уран зохиолчдын төв товчоог сонгон байгуулах” / Дуусашгүй амьдрал, 1978, 16 / нь зүйтэй гэж үзэж санал нэгтэй сонгон байгуулжээ. Тэрхүү уран зохиолчдын төв  товчооны орлогч  гишүүнээр  Д.Нацагдорж сонгогдсон  байна.
Ингэж Д.Нацагдорж уран зохиолыг сонирхон туурвигч төдий бус, тус улсын шинэ залуу уран зохиолын хэргийг удирдан зохион байгуулагчийн нэгэн  болсон ажээ. Чухам энэ үедээ буюу 1930 оны наймдугаар сарын хорин дөрвөнд “ Харанхуй хад ” өгүүллэгээ бичиж, уран зохиолын ажилд шуурхайлан орсон байна. Үүнээс хойш Д.Нацагдорж, цаг үргэлж, ямар ч нөхцөл байдалд тасралтгүй урлан бүтээж, чухамхүү нэгэн судлагчийн онож хэлснээр “ Ашид мөнх гялалзах бүтээлүүдийг” туурвиасан гэдгийг  бид мэднэ. Үүрэг хариуцлагаа гүнзгий ухамсарлаж, сэтгэл зүрх юугаа уран зохиолд бүрэн зориулсан жинхэнэ зохиолч л уран зохиол, уран зохиолчийн хөдөлмөрийн тухай эргэцүүлэн бодож туурвиж эхлэх нь аргагүй юм. Үүнтэй холбогдуулж уран зохиолыг үзэсгэлэнт эмэгтэйгээр  / Инагаар / төлөөлүүлсний учрыг хойно цухас тайлбарлая.
Дорно дахины эртний уран зохиолын онолд уран зохиол, ялангуяа “ Яруу найргийг үзэсгэлэнтэй охин лугаа зүйрлүүлж, түүнийг чимэг болон өнгөөр сайхан боловч ёгт үг хэрэглээгүй бол тэр охин сохор мэт ” / Х.Лувсанбалдан, 1975, 148/ гэж үздэг байжээ. Хуучин уран зохиолын өв сантай гүнзгий танилцсан зохиолч маань ийм уламжлалыг анхааран үзсэн байж таарна. Тэгээд ч “ ертөнц дахиныг хайлган чадагч яруу найруулга ” гэж бичжээ.
Утга зохиолын онолч, зохиолч С.Буяннэмэх “ шүлгийг гүн утгаар зохиож чадвал хүний оюун ухааны боловсруулахад чухал холбогдох бөгөөд яруу найруулгыг зохицуулан чадваас үнэхээр уншигч нарт нэгэн зүйлийн салшгүй үзэсгэлэнт нөхөр лугаа адил”          / С.Буяннэмэх, 1929, 21/  хэмээсэн нь дээрх уламжлалтай холбоотой тайлбар байна.
“ Харанхуй хад” өгүүллэгт уран зохиолыг үзэсгэлэнт эмэгтэйгээр төлөөлүүлэн үзүүлсэн төдийгүй, энэ тухайгаа төгсгөлд нь шүлгээр илэрхийлсэн нь ч гэсэн уламжлалт үзэгдэл болно.
Үргэлжилсэн үгийн зохиолд шүлэг шигтгэн бичих явдал монголын уран зохиолд түгээмэл зүйл бөгөөд төгсгөлийн шүлэгт янз бүрийн зүйл байдгийн дотор “ Уг номын билэг чанар буюу утга санааг үзүүлсэн” / 12, 188/ байх нь тохиолддог. Энэ уламжлалыг шинэ үеийн зохиолчид бүтээлчээр хөгжүүлсний жишээнд Д.Нацагдоржийн “ Монголын түүхийн товч ” гэдэг шинжилгээний зохиол, “ Хуучин хүү”, “ Үүрийн жавар, уурын чимээ”, “ Харанхуй хад ” өгүүллэгүүддээ бичсэн төгсгөлийн шүлгүүд орно. Бас “ Хэлхээгүй сувд ” хэмээх зохиолдоо ёгт гүн шүлэг / Б.Содном, 1980, 80/ бичнэ гэж тэмдэглэсэн байна.
“ Харанхуй хад ” өгүүллэгийн тухайд төгсгөлийн шүлэг нь уран сэтгэмжээр үзүүлсэн зүйлийг тайлах онцгой үүрэгтэй байсан бөгөөд энэ дөрөвхөн мөр шүлгээс уншигчид уран сэтгэмж, бодит амьдрал хоёрыг ялган ойлгож чадах уу, үгүй юу гэдэгт зохиолч ихээхэн анхаарсан бололтой. Ийм учраас зохиолын төгсгөлийг зүүдтэй холбож нэг зассанаа морь эрсэн тухай болгож бүр өөрчилсөн байна.
Тэр үеийн уншигчдад уран бүтээлийн эрэл хайгуулыг морь эрэхтэй зүйрлэн үзүүлбэл илүү ойлгомжтой ч байсан байж болох юм.
Сүүлийн үеийн судалгааны бүтээлд хүртэл “ Зохиолын материал сурвалжилж, цуглуулж яваа зохиолчийг зуны цагт им тамгагүй ганц нүцгэн тэмээ эрж яваа эрэлчинтэй зүйрлэж болох юм.” / Г.Жамсранжав, 1975, 110 / гэж бичсэн байх нь тохиолдож байна.
Уран чадварын увдис
/Д.Нацагдорж ийн “Дөрвөн цаг ” шүлгийн тухай/
Д.Нацагдоржийн “Зохиол бүтээл нь он жил өнгөрөхөд огтхон ч өнгө зүс ач холбогдлоо алдахгүй өнөөгийн уншигчдын гоо зүйн таашаалд  бүрэн дүүрэн нийцэж, урлахуйн нарийн арга барил нь нийт уран бүтээлчдэд эрхэмлэн суралцах жишээ болсоор байгаа” /410/ билээ. Их зохиолчийн урлахуйн нарийн арга, уран чадварын сод гайхамшигийг илтгэсэн нэгэн сонин баримтыг бид түүний гар бичмэлийн өвөөс олж үзлээ. Энэ бол “Дөрвөн цаг” шүлгийн төлөвлөгөө юм.  Үүнийг Д.Нацагдорж  “Шувуун саарал” зохиолоо бичсэн хар ледерин хавтастай 16.4х10.6 см хэмжээтэй 23 хуудастай бяцхан дэвтрийн сүүлчийн хуудсан дээр бүдүүвч зургаар хийжээ. /Хавсралтыг үзнэ үү/ Бүдүүвч дээр харандаагаар татлан бичсэн зүйлүүд нь ихээхэн бүдгэрсэн байв. Ийм ч учраас энэ сонин баримт одоо хүртэл нийтийн хүртээл болохгүй байсан бололтой. Гэтэл энэ төлөвлөгөө бол “Дөрвөн цаг ” шүлгийн төдийгүй Нацагдоржийн уран бүтээлийг ойлгоход чухал зүйл шиг байна. Төлөвлөгөөг юуны өмнө яаж хийснийг танилцуулъя.
Бие биеэ багтаасан дөрвөн тойргийг огтлолцсон хоёр голчоор хуваан, тойрог бүрийг дөрвөн хэсэг, бүгд арван зургаан хэсэг болгож хэсэг тус бүр дээр тэмдэглэл хийжээ. Энд бичсэн зүйлүүдийг тойргоор нь хэлбэл: нэгдүгээр /гаднаас дотогш/ тойрогт: цэцэг төлжих; хөхөө шувуу, ногооны униар; намрын шар наран, намрын салхин, ан гөрөөс; хайрхан уулнууд нь нөмөр болоод; хоёрдугаар тойрогт: шувуу ирэх, цас хайлах; цэцгийн хур, цэцэг навч; цагаан хяруу; араатан булга; гуравдугаар тойрогт: хүүхэн /хүүхэд/; залуус; идэр; хөгшид; дөрөвдүгээр тойрогт: хонь; найр наадам, адуу, айраг, эрийн гурван наадам; үхэр; цагаан сар, тэмээн жин гэжээ. Үүнээс үзвэл, нэг, хоёрдугаар тойрогт байгалийн үзэгдэл, амьтан ургамлөн тухай, гуравдугаар тойрогт хүний тухай, дөрөвдүгээр тойрогт хүний аж төрлийн холбогдолтой зүйлүүдийг тэмдэглэсэн бөгөөд энэ нь тойргийн дөрвөн хэсэгт давтагдаж байна. Тухайлбал, тойргийн нэгдүгээр ( дээрээс нар зөв эргэх чиглэлэээр ), хэсэгт: цэцэг төлжих; шувуу ирэх; цас хайлах; хүүхэн ( хүүхэд ) хонь; хоёрдугаар хэсэгт: хөхөө шувуу ногооны униар; цэцгийн хур, цэцэг навч; залуус; найр наадам, адуу, айраг, эрийн гурван наадам; гуравдугаар хэсэгт: намрын шар наран, намрын салхин, ан гөрөөс; цагаан хяруу; идэр; үхэр; дөрөвдүгээр хэсэгт: хайрхан уулнууд нь нөмөр болоод; араатан булга; хөгшид; цагаан сар, тэмээн жин гэж тэмдэглэжээ. Тэгэхдээ хүний амьдралын хүүхэд, залуу, идэр, хөгшин үе, таван хошуу малын хонь ( ямаа ), адуу, үхэр, тэмээ тус бүрийг улирал бүрийн онцлогт тохируулан хамааруулсан нь сонирхолтой. Энэ тухай хойно өгүүлнэ.
Тойргийн баруун дээд талд “ цаг улирал, хүн, мал ”, баруун доод талд ахин нэг жижиг тойрог зурж дотор нь “ зуун мянган жил ” гэж бичсэнээс гадна жижиг тойргийн хажууд “ ист. сознание, нац. чувств ” ( түүхэн ухамсар, үндэсний мэдрэхүй ) гэж бичжээ. Мөн 19 дэх хуудасны ар талд “ мянган мянган жилийн мөнгөн өвөл ” гэж бичсэн байна.
Эдгээр тэмдэглэлийг зохиолч ямар зорилгоор хийв, үнэхээр энэ нь “ Дөрвөн цаг ” шүлгийн зохиомж, утга агуулга, шүлэглэлтэй холбоотой байна уу гэдгийг зөв тогтоохын тулд төлөвлөгөөг зохиолтой нь харьцуулан судлах хэрэгтэй болно.
Д.Нацагдорж энэ зохиолоо “ Дөрвөн цагийн эргэлт ба хүний аж төрөл хийгээд хөгшин залуугийн явдал ” сэдвээр 1935 онд зарласн уралдаанд зориулан туурвисан. Шүүгчид нэгдүгээр байр эзлэх шүлэг ирсэнгүй гэж үзээд хоёрдугаар байранд “ ахмад нэрт зохиолч Буяннэмэх, Шинжлэх ухааны хүрээлэнгийн ажилтан их Нацагдорж нарын ” шүлгийг шалгаруулжээ. “ Цаг хугацаа шүүгчдийн үнэлэлтийг засаж нэгдүгээр байрт Д.Нацагдоржийг орууллаа ”  ( 9,92 ) гэж  Зөвлөлтийн монголч эрдэмтэн К.Н.Яцковская бичсэн билээ.
Энэ шүлгийн гар бичмэл нь бидний үед уламжилж ирсэнгүй. Харин зохиолчийн амьд ахуй цагт хэвлэлд бэлтгэгдэж гарсан “ Дунд сургуулийн гурав ба дөрөвдүгээр ангид үзэх утга зохиолын бичигт ” ( 1,8—11 ) нийтлэгдсэнээр нь хожмын хэвлэлүүдэд оруулсан байна. Гэтэл Д.Нацагдоржийн зохиолын сүүлийн хоёр түүвэрт энд байгаагаас зарим нэг үг зөрөөтэй нийтлэгджээ. Жишээлбэл, 1937 оны утга зохиолын бичигт :
Билчээрт гарсан малууд соргог өвсийг гялалзуулан буцахад
Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ гэж байхад Д.Нацагдоржийн зохиолын 1955, 1961 оны түүвэрт “ соргог үсээ ” гэсэн байна. “ Соргог өвс ”, “ соргог үс ” хоёрын хооронд ихээхэн ялгаа бий. “ Соргог үс “ гэвэл бэлчээрт гарсан малууд өнгөтэй тарган байна гэж  ойлгогдож болно. “ Соргог өвс “ гэвэл бэлчээрт гарсан мал буцахад хөлөөр нь өргөн талын өвс оройн нарны гэрэлд гялалзана гэсэн дүрслэл тодорч ирнэ. Сүүлийн хэвлэлүүдэд энэ мэт зөрөө бий тул энэ шүлгийг 1937 оны утга зохиолын бичигт нийтлэгдсэнээр нь авч үзэх хэрэгтэй болов.
“ Дөрвөн цаг “ бол “ хавар “ , “ зун “ , “ намар “ , “ өвөл “ гэсэн дөрвөн хэсэгтэй, хэсэг бүр нь дөрөв, нийт арван зургаан бадаг мөчлөг шүлэг юм. Энэ бүтцийг зохиолч төлөвлөгөөндөө тойргоор үзүүлжээ. өөрөөр хэлбэл тойргуудыг дөрөв хуваасан нь шүлэг дөрвөн хэсэгтэйг, хэсэг тус бүрт тойргийн дөрвөн хэсэг байгаа нь шүлгийн хэсэг бүр дөрвөн бадагтай байхыг тус тус төлөвлөсөн хэрэг юм. Шүлгийг энэ онцлогийг ажиглаж Б.Содном гуайн бичсэн нь, “нэг бадаг нь 4 мөрөөр бүрдсэн, нэг зүйл нь 4 бадгаар шүлэглэгдэж, дөрөв юм шүү гэдгээ аль аль талаар харуулсан” (8.125) гэжээ.
Бүдүүвч дээр хийсэн анхны тэмдэглэлийг жинхэнэ бичсэнтэй нь харьцуулан үзэхэд шүлгийн энэ бүтэц бүр тодорхой болно. Өөрөөр хэлбэл, тойргийн нэг хэсэгт тэмдэглэгдсэн зүйлүүд нь шүлгийн нэг хэсгийн агуулгатай тохирч байна. Үүнд: тойргийн 1 (дээд) хэсэг “цэцэг төлжих ”, цас хайлах, шувуу ирэх, хүүхэн (хүүхэд), хонь” гэж тэмдэглэсэн нь шүлгийн “Хавар” гэсэн  хэсэгт:
Холхи нар ойртож хасын цас хайлахад…
Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход…
Хаяан дах ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ…
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана…
гэх мэтээр бичсэнтэй тохирч байгаачлан тойргийн 11 (баруун) хэсэг нь “Зун”, III (доод) хэсэг нь “Намар”, IV (зүүн) хэсэг нь “Өвөл” гэсэн хэсэгтэй тус тус тохирно. Бас тойрог бүрт тэмдэглэгдсэн байгалийн үзэгдэл буюу цаг улирал, хүн, хүний аж төрөл мал гэсэн агуулгыг шүлгийн бараг бадаг бүр нь илэрхийлсэн байна. Жишээлбэл 
Ногооны униар огторгуй тулж зэргэлэн мяралзахад
Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ.
Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад
Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ 


Гурван эрдэнэ багшийн дээд сургууль 2011.02.23

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...