Хүүхдийн хэл яриа ба орчин
“Хүн болох багаасаа” гэж ардын мэргэн үг бий. Нарт ертөнцөд хүн биеийг олж төрсөн хүүхэд хэмээх нялх, балчир эрдэнийг нийгмийн хүмүүн болгон хүмүүжүүлэх олон хүчин зүйл байдгийн нэг нь эх хэлээрээ зөв сайхан ярьж, бичиж, найруулж сургах явдал юм. Энэ хэрэгт орчны нөлөө нэн чухал үүрэгтэй байдаг. Хамгаас урьтаж эцэг эх нь хүүхдээ хэлд орох үеэс нь зөв хэлүүлж, зөв дуудуулж, ээрч мааралгүй төлөв төвшин яриулж сургах учиртай. Ухаант ард түмэн маань энэ бүхнийг эртнээс ажиглан мэдэж дэс дараатай олон аргыг практик амьдралаасаа сонгон олсныг эдүгээ эрдэмтэн судлаачид шинжлэх ухааны үүднээс үнэлэлт дүгнэлт өгсөөр ирсэн байна. Хүүхдийг хэлд орох үед нь “Билүү чулуу” хэмээх үгийг анхлан хэлүүлж сургадаг нь хурц тод хэллэгтэй болохын үүднээс билгэдлийн чанартай хэрэглэж заншсан үг болно. Харин монгол хэлнээ хэлэхэд төвөгтэй р, л, б, м зэрэг авианууд нэг дор орсон үгүүдийг сонгон авч тусгай хэллэгүүдийг буй болгосон нь ардын сурган хүмүүжүүлэх ухааны нэг зарчим юм. Энэ талаар академич П.Хорлоо, Х.Сампилдэндэв, доктор Б.Содном, Г.Ловор Х.Лувсанбалдан нарын эрдэмтэн судлаачид тусгайлсан өгүүлэл бичиж зарим нь ном хүртэл гаргасан нь бий. Энэ аргын ерөнхий зарчим нь эхлээд дээрх авианууд нэг дор орсон “Хүрэл илүүр”, “Мөнгөн бөмбөг” зэрэг цөөн үгтэй хэллэгүүдийг түргэн тод хэлүүлж сургадаг байна. Нэгэнт энэ мэт үгсийг түгдрэлгүй хэлээд сурчихсаны дараа “Хүрэл илүүр Болор соруул” гэх буюу “Мянган мөнгөн бөмбөг” гэх зэргээр өмнөхөөсөө арай төвөгтэй болгон цөөн үгийг нэмэн хэлүүлдэг ажээ. Энэ мэтээр нэмсээр “Орсон бороонд Норсон бор морь Олмоороо олойртоно” гэх зэрэг шүлгийн мөр маягийн хэллэг болгон өөрчлөх эсвэл “Манай хааны мянган мөнгөн бөмбөгийг Яасан сайхан мянган мөнгөн бөмбөг гэхгүй юм бол Өөр хэний хааны мянган мөнгөн бөмбөгийг Яасан сайхан мянган мөнгөн бөмбөг гэх юм бэ? гэх зэргээр өмнөх хэлүүлж сургасан хэллэгээ олон үгэн дунд оруулан ойр ойрхон давтаж, давтах бүрдээ зөв тод хэлүүлэх зорилгоор журамласан өвөрмөц сонин хэллэгүүдийг буй болгосон байдаг нь “Хэл зүгшрүүлэх үг” буюу “Түргэн хэллэг” гэсэн аман зохиолын нэг төрөл болсон байна. Энэхүү түргэн хэллэг хүүхдийг үг бүрийг зөв тод, хэлүүлж сургахад зориулагдсан бол “Гучин хоёр цагаан лонх тоолох”, “Хорин таван хул тоолох” зэрэг нь хэл яриандаа амьсгалаа зөв хуваарьлах, ээрч мааралгүй чөлөөтэй сайхан ярьж сургах үүрэгтэй ажээ. Нэгэнт үгээ тод хэлээд бас чөлөөтэй сайхан ярьж сурсны дараа нь айзам хэмжээ тохируулж, шүлэг зохиолын маягаар хэлүүлж сургах зорилго бүхий “Жороо үг” хэмээх сонин төрлийг ч бас гаргаж иржээ. Энэ бүхэн бол ердөө л хүүхдээ зөв сайхан яриулж сургахад чиглэгдсэн ардын мэргэн ухааны үр дүнд буй болсон сургалтын арга мөн. Ийн зөв тод, чөлөөтэй яриулж сургаснаар сэтгэл амрах бус ямар үед ямар үгийг хэрхэн хэрэглүүлж сургах талаар ч ард түмэн бас анхаарсаар ирсэн байна. Тухайлбал аав, ээж, ахас, ихсээ “Та” хэмээн хүндлэх үгийг хэлж хэвшүүлэхэд эхнэр нь нөхрөө “Та” гэж авгайлдаг заншил ихээхэн нөлөөтэй байв. Энэ нь нэг үгээр хэлбэл гэрийн доторх тэргүүлэх үүрэгтэй хүнийг хүүхдийн хамгийн дотны хүн ээж нь ийн дуудаж байна гэсэн үг. Эндээс хүүхэд ямар нэгэн бодох юмгүйгээр, ямарч эргэлзээгүйгээр эцгийгээ “Та” гэж хүндэлж сурч байгаа юм. Эцгийгээ нэгэнт ингэж дуудах аваас ээжийгээ, ах, эгч нараа, ахмад хүмүүсийг аяндаа ийн авгайлж дууддаг болно. Гэтэл өнөөдөр аав, ээж хоёр нь бие биенээ “чи” гэж дуудаад байхаар хүүхэд бас ямар ч эргэлзээгүйгээр “чи” гэхэд хүрч байгаа бөгөөд хэлж, ухааруулж ятгасны үр дүнд л арай гэж нэг юм тэднийгээ “та” гэх болж байгаа юм. Энэ бол уламжлалаа учрыг нь ололгүй гээснээс болж эцэг эхчүүд өөрсдөдөө илүү давхар, нэмэлт ачаалал буй болгоод байгаа хэрэг. Энэ мэтээр гэрийн доторх хүмүүсийн үг яриа, харилцааны соёл балчир хүүхдийн нялх оюунд шууд тусаж нөлөөлдөг байна. Эцэг эх нь намуу зөөлөн яриатай, эелдэг аятайхан харьцаатай, яриа хөөрөөндөө зүйр цэцэн үгсийг байнга хэрэглэж заншсан байх аваас хүүхдийн хэл яриа аяндаа л тэднийг дууриаж зөв боловсон болно гэсэн үг. Сүүлийн үед хүүхдийн цэцэрлэг, сургууль зэрэг хамт олны орчинд оруулах нас өнөөгийн хөгжлийн аясыг дагаж улам бүр бага /эрт/ болсоор байна. Энэ нь хүүхдийн хэл ярианд нөлөөлөх нийгмийн орчин эрт эхэлж байна гэсэн үг. Тиймээс цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, бага ангийн багш нарын яриа, хөөрөө, хэлний соёл өсвөр үеийнхэнд их эртнээс буюу бүр бага наснаас нь нөлөөлөх болж байна гэсэн үг. Тиймээс тэд зөвхөн хичээл, хүмүүжлийн ажлын явцдаа хичээх бус алхам тутамдаа хэлж ярихаа цэгнэж өөрсдийнх нь хэлсэн үг бүр шавь нарт нь хэрхэн нөлөөлж, тэдний хэл ярианы боловсролд хэрхэн тусахыг анхаарч байх хэрэгтэй болж байна. Цэцэрлэгт явдаг хүүхдүүдэд багш нь дуу заагаад өгчээ. Энэ бол тухайн сургалтын хөтөлбөрийн дагуу л хийгдэж буй ажил. Гэтэл багш дуугаа дуулуулж сургахыг урьдал болгоод мөнөөх дууны үгийг зөв хэлж буй эсэхэд үл анхааран дуулаад л сурсан бол боллоо гэсэн байдлаар хандаж байна. Тиймээс хүүхдүүд ая дангийн нь сурсан атлаа “Урамтайяа угтацгаая шинэ оноо” гэхийг “Ууяан дооёо үүеэн дооёо соно оноо” гэх буюу “Есөн сарын нэгэн Ерөөсөө бидний баяр” гэхийг “Есөн сарын нэгэн Өрөөсөн нүдний баяр” гэж тогтоогоод ирж байна. Энд тухайн дуунуудын шүлэг, яруу найраг нь энэ насны хүүхдийн сэтгэхүйд тохироогүй дутагдал байгаагийн дээр нэгэнт хөтөлбөрт орсон дууны шүлгийн үгийг зөв хэлүүлж сургах талаар багш, хүмүүжүүлэгч нар огт анхаарахгүй байгаагийн баталгаа болж байна. Эндээс ямар уршиг гарах вэ? гэвэл юуны өмнө энэ дуугаар хүүхдийн сэтгэлийг хөдөлгөж, түүгээр дамжуулан гоо сайхны хүмүүжил олгох гол зорилго биелэгдэхгүй болж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн аялж л сурсанаас бус уг дуунд юу хэлээд байгаа, хүмүүжил, боловсролд нь юу өгөөд байгааг бяцхан хүүхдүүд огт мэдрэхгүй байна гэсэн үг. Чингэснээрээ дуу шүлэг, ер уран зохиолоор дамжуулан хэл яриаг нь хөгжүүлэх нэг чухал зорилго бас хаягдаж байна. Уг номоороо бол хотын хүүхдийн хэл ярианы хөгжилт, хөдөөнийхөөс илүү байх учиртай. Гэтэл энэ мэт нарийн шийрийн зүйлсийг эс анзааран зөвхөн хөтөлбөрийн биелүүлтэд хэт анхаарлаа хэт хандуулснаас анги, танхим, тасалгааны орчны албадмал маягийн цөөн үгэн дотор “соёлт” хотын хүүхдүүдийн хэл яриа хөгжиж байна. Харин хөдөөгийнхөн маань дээр дурьдсан уламжлалт заншлаа хараахан гээгээгүй байгаа тул томчуудын үлгэр жишээ яриа хүүхдүүдэд ямар ч сургалтын орчингүйгээр хар аяндаа нөлөөлж буйн ачаар хөдөөгийн багачуудын ярих чадвар хотынхноосоо даваад байгаа нь амьдрал дээр тов тодорхой харагдаад байна. Энэ бол хотын орчны буруу гэхээсээ тэрхүү орчинд ажиллаж буй хүмүүсийн хайнга хариуцлагагүйн харгай гэж үзэх нь илүү оновчтой. Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхэд дан ганц эх хэлний болоод уран зохиолын хичээлээр хязгаарлаж хэрхэвч болохгүй. Мэдээж эдгээр хичээл голлох үүрэгтэй нь маргаангүй боловч бид өнөөдөр төрлөх хэлний хичээлээ ч шаардлагын дагуу хийж чадахгүй байгаа юм. Энэ нь ЕБС-ийн өнөөгийн шив шинэхэн батлагдсан хөтөлбөрт байгаа Монгол хэл болоод уран зохиолын хичээлийн үзэх цагийн харьцаанаас л эхлээд харагдаж байгаа юм. Монгол хэл үзэх цаг нь 175 байхад уран зохиолын цаг 75 байх жишээтэй. Энэ нь өнгөц харахад харин ч Монгол хэлээ түлхүү үзээд зүгээр юм биш үү? Юу нь буруу байгаа юм бэ? гэсээр. Гэвч ачир дээрээ тийм бус. Сүүлийн үед бидний дагаж дуурайх гээд ядаад байгаа хөгжингүй орнуудад уран зохиол гэсэн хичээлийг дагнаж үзэх нь багассан шиг байгаа юм. Гэхдээ энэ нь хэрэг дээрээ багасгасан бус ЕБС-д элдэв дүрэм үзэхийн оронд төрлөх хэлний хичээлд нь уран зохиолын бүтээлүүдийг түлхүү оруулаад нэрнийх нь хувьд ч хэл талаас голлосон нэр өгдөг бололтой. Энэ нь чухам нөгөө амьд сургалт гэгч болж хүүхдэд сонирхолтой өгөөжтэй болдог байна. Ерөөс ЕБС-д төрлөх хэлний хичээлийг үзэх гол зорилго нь зөв сайхан ярьдаг, бичиж найруулдаг болгоход л байгаа юм. Гэтэл манайд эрдэмтэн, судлаач бэлдэх гэж мэт нэг баахан дүрэм зааж түүгээрээ сүр далайлгасан шалгалт авдаг нь хүүхдийг хамгийн сонирхолтой дуртай байх ёстой хичээлээс нь хөндийрүүлж дарамт үүсгээд байгаа юм. Тэгээд түмний хөрөнгөөр гадаад явж “туршлага судлан зугаалдаг” түшмэл авхай нар энэ мэтийн нарийн ширийн зүйлийг ойлгож ухаарах тэнхэлгүйн дээр тийм хүсэл сонирхолгүй зарим байх тул өнгөцхөн харж ирээд л нэг их сүр бадруулсан өөрчлөлт гээчийг хийж хүүхдэд гоо сайхны эрхэм сайхан мэдрэмж төрүүлж, хэл яриагий нь байнга хөгжүүлж байдаг хичээлүүдийн нь “интеграцчлах” энэ тэр гэсэн өөрсдөө ч сайн ойлгоогүй гадаад нэр томъёогоор дулдуйдан холисон бантан болгоод байгаа бөгөөд тэд энэ бантангаа амьдрал дээр үр дүнгий нь үл тоон хамгийн орчин үеийн шинэ зүйл нэвтрүүлэн хэрэгжүүлсэн мэтээр дээш тайлагнан төрийг молигдож, өөрсдийн өчүүхэн нэр хүндээ өргөөд өргөн түмний хойч ирээдүйг эх хэлнээс нь алхам алхмаар холдуулж байгаа нүглээ нууж далдлаад байдаг нь хамгийн их хорлонтой үйл ажиллагаа мөн. Эх хэлийг нь сайтар эзэмшүүлэхэд голлох үүрэг бүхий хэл, уран зохиолын хичээл нь ийм бантан болоод байхад бусад хичээлийн тухай ярих ч бараг илүүц мэт. Гэвч ярихгүй байхын аргагүй. Бид тоондоо тааруухан хүүхдийг толгой муутай хэмээн дээрлэхэх дуртай улс. Гэтэл тэр “толгой муутнуудын” нэлээд нь тооныхоо өгүүлбэрийг ойлгохгүйгээс эхэлдэг байна. Юу хэлж байгаагийн нь ойлгоогүй юм чинь яаж бодох тухай ярих ч хэрэггүй. Ойлгогддоггүйн томоохон шалтгаан нь мөнөөх бодлогын өгүүлбэр нь найруулга зүйн наад захын шаардлага үл хангах алдаатай байдаг. Энэ чинь юу хэлээд байна вэ? гэхээр зөвхөн монгол хэл-уран зохиолоор төдийгүй математик, хими физикийн хичээлээр ч эх хэлийг нь заах ёстой гэсэн үг. Нэг үгээр хэлбэл тэр нарийн шинжлэх ухааны мэдлэгийг хүүхдүүдэд ягштал ойлгуулахын тулд тэдгээр ухааны мэргэжилтэн “толгой сайтнууд” эрх биш эх хэлэндээ ядаж зүгширсэн байх шаардлагтай. Энэ нь шаардлага хэрхэн биелдэгийг бид өөрсдөө хэнээс ч асуултгүй сайн мэдэж байгаа болохоор энэ талаар олон юм нуршихын хэрэг юун. Хүүхдийн хэл ярианд нөлөөдөг өөр нэг томоохон орчин бол радио, телевиз, сонин зэрэг хэвлэл мэдээллийн газрууд мөн. Уг нь ном ёсоороо бол тухай улс орны ард иргэд хэдэн ч хэлээр ярьж ойлголцдог бай, хичнээн ч нутгийн аялгуутай бай хамаагүй улс орон даяараараа бүгдээр дагаж мөрддөг дүрэм, журам, хуультай утга зохиолын нэг хэлтэй байх ёстой. Өмнөх нийгмийн үед энэ зарчим манайд харьцангүй сайн мөрдөгдөж байсныг хэн хүнгүй мэднэ. Харин зах зээлийн гэгддэг ороо бусгаа үед л энэ шаардлага зарчим ихээхэн алдагдаж бараг үзэг барьсан бүхэн хувь хувьдаа нэг дүрэм гаргаад бичиж байгаа нь ирээдүй хойч үеийнхний хэлний боловсрол хөгжилд асар их хор нөлөө үзүүлж байна. Энд бид захаас аван хангалттай олон жишээ дурьдаж болно. Цөөн тоймтойг иш татваас “яах вэ?” гэж бичээд “яахав” гэж дууддах учиртай үг бичих дуудах хоёр нь нийлээд “яахуу” гэсэн монгол ч биш гадаад ч биш “шинэ үг” болчихоод бид амьдралдаа “өргөн дэлгэр” хэрэглээд ажиг ч үгүй сууж байна. “Тэгсэн шүү дээ, ингэсэн шүү дээ” гэх мэтээр бичээд яриандаа “тэгсэншдээ, ингэсэншдээ гэж дууддаг үгс ердөө хар ярианыхаа аялгуунд уусаад бүхий л сонин хэвлэл, телевиз “явсан ш дээ, байна ш дээ” гэх мэтээр бичиж хэвшээд байна. “Болоошдээ” гэж дуудаж хэлдэг үг бол бахархан сайшаах аястай нарийн тунгаавал этгээд хэллэг рүү хальтирхаж магадгүй утгатай үг бөгөөд бичигт “Боллоо шүү дээ” гэж тэмдэглэх учиртай. “Больё” гэдэг үг үндсэн утгаараа бол их хоол идээд цадсаны дараа “одоо нэмж идэхээ больё”, эсвэл их унтсаны хойно “одоо унтахаа больё” гэх зэргээр хэлдэг үгүйсгэсэн утгатай бөгөөд энгийн ярианд “больё” гээд чангахан дуугаар хэлчихвэл үг сөргөөсөн аястай мөн л этгээд хэллэг болж хувирдаг. Гэтэл өнөөдөр телевизийн тогтмол нэвтрүүлгийг энэ хоёр үгээр нэрлээд байгаа нь үг мундсан биш хэр зэрэг зохилтой юм бол? лав хүүхдийн хэл ярианд л таатай нөлөө болохгүй нь ойлгомжтой. Хошин шог юм ярих гээд элдэв марзан үг хэрэглэх аваас уншигч үзэгчдийн инээдийн бус уурыг ч хүргэж болзошгүй. Бас л нэг телевизийн хошин шог үзэгдэл бүрийн төгсгөлд “энэ чинь овоо муу гар уу?” гэсэн этгээд хэллэг хэрэглээд байгаа нь хүүхдийн хэл ярианд хар толбо суулгах байнгын өргөн хэмжээний сурталчилгаа болоод байна. Энэ мэтийн хэвлэл мэдээлийн алдаа мадаг хийгээд түүний өсвөр үеийнхэнд нөлөөж буй хор уршгийг тоочоод баршгүй. Үүний учир шалтгаан нь манайд ажиллаж буй хэвлэл мэдээллийн газрууд нэгдсэн журмаар мөрдөх утга зохиолын хэлний хатуу дүрэмтэй болоогүйд байгаа нь хэнд ч ойлгомжтой. Өөрсдөө л болж байвал бусад нь хамаагүй гэх үзлээсээ бид салвал зүгээрсэн. Ядахдаа өсвөр үеийнхэнээ эх хэлээрээ зөв сайхан ярьж сурахад нь ихээхэн нөлөө бүхий дээрх хэдэн орчны дутагдалыг тун яаравчлан орвонгоор нь арилгахсан. Ирээдүйн Монголын эздэд эх хэл нь улс орноо даяаршлын эринд Монгол чигээр нь авч явахад нь ихээхэн нөлөөтэй гэдгийг бид умартаж яахан болох билээ. Профессор Д.Оюунбадрах |
ЭРДЭМТЭН, СУДЛААЧ, ЗОХИОЛЧ, БАГШ БАЛДАНГИЙН СОДНОМЫН МЭНДЭЛСНИЙ 100-н ЖИЛИЙН ОЙ 2008. \Балдангийн Содном аавын минь бүхэл бүтэн амьдралаа зориулсан уран бүтээл, зорьсон сэтгэл нь монгол эх хэл, судлал Балдангийн Норжмаа ээжийн минь хүсэл үргэжлүүлэн соёрхон ард түмэндээ өргөх, тэдний минь буян дэлгэрэх болтугай.
Saturday, March 23, 2013
Хүүхдийн хэл яриа ба орчин
Subscribe to:
Post Comments (Atom)
Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд
Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...
-
Эр хоёр загал Оршил Чингисийн эр хоёр загалын тууж бол мон...
-
ТУНГАЛАГ ТАМИР Монголын орчин үеийн уран зохиол үргэжлэн хөгжсөөр одоо ихээхэн амжлтыг олжээ. Гэвч энэ уран зохиол хөгж...
No comments:
Post a Comment