Saturday, March 23, 2013

Дашдоржийн Нацагдорж уран бүтээл


Дашдоржийн Нацагдорж уран бүтээл

(Б.Содном Д.Нацагдоржийн намтар зохиол, УХХЭХ УБ 1966 38 дахь тал )

Түүхийн энэ бичиг бол Д.Нацагдоржийн өсөж хүмүүжсэн үеийн ахуй амьдралыг харуулах тодорхой баримт юм. Долоон настай байхад нь эх Цоомойн Пагма нь бие барсан тул Д.Нацагдорж эцгийнхээ ач ивээлд өсөж өндийжээ. Эцэг Дашдорж нь Богд хаант монгол улсын үед ч , Ардын засгийн жилд ч бичээч , эх зохиогч байцаагч зэрэг ажлыг гүйцэтгэж явсны хувьд «бичиг үсэг сурах явдал бол оюуны түлхүүр буюу эрдмийн дээд юм уу эрдмийн төгсгөлөн » гэж үзэж хүүгээ есөн нас хүрмэгц Алтангэрэл гэдэг найздаа шавь оруулжээ. Гэрийн нөхцөлд бичиг үсэг сайтар суралцаж, ном зохиолыг шимтэн уншихийн хамт эцэгтээ буюу багшдаа олон ном зохиолыг хуулан бичиж өгдөг болжээ. Түүний багш Алтангэрэл «Нацагдорж ямар нэгэн бичгийг хуулахдаа зарим үг буюу мөрийг сольчихсон байдагсан. Ай хүү минь энэн дээр андуурчихваа гэтэл тийм биш, харин утга санааны дагуу үгсийг солиод биччихсэн нь нээрээн зөв зүйтэй байдаг.» (Б.Содном Д.Нацагдоржийн намтар зохиол, УХХЭХ УБ 1966 38 дахь тал ) гэж хожим дурсан ярьдаг байжээ. Энэ нь Д.Нацагдоржийн зохиох найруулах эрдэмд суралцаж эхэлсний жишээ мөн.
Д.Нацагдорж цэргийн яаманд бичээчээр (тал бичээчээр орж, удалгүй жинхэнэ бичээч болсон) ажиллаж «албан хэрэгт сайнаар зүтгэсэн» учир «тэргүүн зэрэгт» (Д.Нацагдоржийн тухай дуртгал тэмдэглэл УХХЭХ УБ 1966 он 18 дахь тал) шагнуулж явсаар 15 настайдаа ардын хувьсгалтай золгожээ.
Д.Нацагдорж «Түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдсэн», «Хуучин хүү» -ийн үед унаган бага насаа үдсэн авч «таван далай таван тивийг танин, шинэ ертөнц дээр хамт явах замыг нээсэн», «Шинэ хүү»-ийн үед идэр залуу насаа өнгөрөөсөн юм. Чингэж хоёр төрийн нүүрэнд нийгэм ангийн зөрчлийн зангилааны онцгой үед аж төрж хуучин бурангуй хийгээд хувьсгалт шинэ амьдралыг Д.Нацагдоржийн нүдээр үзэж, биеэр туулсан явдал улс төрийн хатуужил суун үзэл санаа нь баттайяа бүрэлдэн тогтох, бүтээл туурвилын цар хүрээ нь өргөжихөд үлэмжхэн нөлөөлжээ.
Д.Нацагдорж 1921 оны 7 дугар сард цэргийн яаманд бичээч, болсон цагаас эхлэн хувьсгалын үйл хэрэгт ухамсартайгаар хүчин зүтгэж эхэлжээ. Удалгүй их жанжин Сүхбаатарын гарын нарийн бичгийн даргын албанаа итгэмжлэгдэн томилогдсон нь Д.Нацагдоржийн хурц сэргэлэн оюун ухаан, авьяас билгийг ардын хувьсгалын жолоодогч гярхай таньсны гэрч юм.
Д.Нацагдорж 1922 оны 4 дүгээр сараас Намын Төв Хороонд туслах түшмэлээр батлагдаж зохион байгуулах хэлтэст ажиллаж байгаад уг хэлтсийн эрхлэгч болжээ.1922 оны 8 дугаар сараас Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын туслах болж, мөн оны 10 дугаар сараас цэргийн сурган боловсруулах хэлтсийн сурган гэгээрүүлэх тасгийн даргыг хавсарч байв.1923оны 3 дугаар сард Намын Төв Хорооны бүгд хурлаар Намын Төв Хорооны орлогч гишүүн, мөн оны 6 сард Намын төв Хорооны 11-р бүгд хурлаар Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогдов. 1923 оны 7-р сард Монгол Ардын намын 2-р их хурлаар Намын Төв Хорооны гишүүн, тэргүүлэгч гишүүн бөгөөд Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогджээ. Мөн «Тус улсын цэргийн дээд эрхийг барих газар» Бүх цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар 1924-25 онуудад ажиллаж байв. 1924 оны 8 дугаар сард хуралдсан Монгол Ардын Намын 3-р их хурлаас Намын Төв Хорооны бүрэлдэхүүнд орж, улмаар Төв Хорооны тэргүүлэгчдийн орлогч гишүүнээр сонгогдон, засгийн газрын нарийн бичгийн даргаар хавсран ажиллаж байв.
Д.Нацагдорж 1924 оны 11 дүгээр сард болсон улсын анхдугаар их хуралд залуучуудын эвлэлийн өмнөөс баяр хүргэж үг хэлж байв.

Д.Нацагдорж 1923 оны 9 сараас 1924 оны 4 сар хүртэл дотоодыг хамгаалах газарт комиссар, 1925 оны нэгдүгээр сараас цэргийн сурган боловсруулах хэлтсийн дарга зэрэг олон хариуцлагатай албан тушаалын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ. Их зохиолч 1936 онд бичсэн биеийн байцаалтдаа «Анх 11 дүгээр оноо цэргийн яамны бичээч ба Сүхбаатарын гарын түшмэл, 12 онд Намын Төв хорооны нарийн бичгийн дарга, 14 - 15 онд цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Пионерийн товчооны даргын зэрэг ажлыг хийсэн.... »гэжээ. Сүүлийн жилүүдэд архиваас олдсон энэ нэгэн баримт Д.Нацагдорж гадаадад сургуульд суралцахаар явах хүртлээ нам, төрийнхөө нэр хүндтэй даалгаварыг мэрийн гүйцэтгэж байсныг давхар нотолж байна.
Д.Нацагдорж, Д.Сүхбаатар болон монголын төрийн бусад зүтгэлтэн Х.Чойбалсан, Б.Цэрэндорж, Магсаржав нартай нэгэн үе хамт ажиллаж, ард түмнийхээ хувь заяаны түүхтэй холбоотой олон үйл явдалд оролцсон нь түүний ертөнцийг үзэх үзэл, хувьсгалт ухамсар төлөвшин тогтох, улс төр, нийгмийн идэвхи, бүтээлч үйл ажиллагаа нь өрнөх улмаар шинэ цагийн уран бүтээлч болтол өсөж бойжиход нь таатай нөлөө үзүүлсэн байна. Эх зохион боловсруулахад нь Д.Нацагдорж биечлэн оролцож, өөрийн гараар сийрүүлэн бичсэн БНМАУ-ын анхдугаар үндсэн хуулийн эх бичиг,Улсын Архивийн сан хөмрөгт өнөө хүртэл хадгалагдан үлдсэн нь манай уран бүтээлийн нийт сэхээтний зүй ёсны бахархал болж байдаг билээ.
1921 онд байгуулагдсан Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн «Жавхланг бадруулагч» нэртэй анхны үүрийн нарийн бичгийн даргаар Д.Нацагдорж ажиллаж байхдаа нийслэл хүрээний хороодоор явж суртал ухуулга хийж, бусад нөхдийн хамт нийгмийн хоцрогдсон ёс журмыг эсэргүүцэн хувьсгалт агуулгатай ший жүжиг зохиож найруулан тоглодог байжээ. 1925 онд Монголын пионерийн байгууллагыг үүсгэн байгуулалцаж, товчооны анхны даргаар нь ажиллахдаа өсвөр, залуу үеийнхний хүмүүжил боловсролын төлөө шинэ санаа тавьж, одоо хүртэл багачуудын сүлд дуулал болсоор байгаа <Пионерийн дуу>-г зохиожээ. Д.Нацагдорж нам төр, эвлэл, пионерийн байгууллагад хариуцлагатай ажилд хүчин зүтгэж, итгэл хүлээлгэсэн даалгаврыг нэр төртэй гүйцэтгэж байхдаа манай ажилчин ангийн байгууллагыг шинэ тутам үүсгэн хөгжүүлэх асуудал эрхэлсэн үйлдвэрчний эвлэлийн комиссийн ажилд ч биечлэн оролцож байжээ.
Д.Нацагдорж цаг ямагт сурч боловсрохын төлөө шамдаж,<Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас> эрдмийн дээжийг өвөрлөн ирэхээр Ленинград хотноо 1925-1926 онд цэргийн улс төрийн академид, улмаар 1926-1929 оны хавар хүртэл Берлин, Лейпцигийн их сургуулийн дэргэд өөрийн нь бичсэнээр <хэл бичиг, сонин, сэтгүүл, дорно дахины> буюу <ерөнхий сургуулиудаар> суралцан орос зөвлөлтийн болон дэлхийн сонгодог зохиолчид, эрдэмтэн мэргэдийн бүтээлтэй эх хэлээр нь танилцах бололцоотой болж, нүд тайлсан явдал нь ч гэсэн улс орондоо бие сэтгэлээр хүчин зүтгэхэд нь эрч, хүчийг нэмж, уран бүтээлийн өсөлтөд нөлөөлсөн ажээ.
Д.Нацагдорж 1929 оны хавар эх орондоо буцаж ирээд <Төмөрийн завод>, <Залуучуудын үнэн> сонин, Судар бичгийн хүрээлэн, Төв театр зэрэг газруудад (1929-1930 онд Улаанбаатарын төмрийн заводад орчуулагч, 1930 оны хавраас 1931 оны нэгдүгээр сар хүртэл <Залуучуудын үнэн> сонинд утга зохиолын ажилтан, 1931 оны 1 сараас Шинжлэх ухааны хүрээлэнд оюутан буюу эрдэм шинжилгээний ажилтан, 1934 оноос мөн хүрээлэнд түүхийн ба дуун ухааны тасгийн эрхлэгчээр ажиллаж, 1937 оны 3 сарын сүүлчээс Төв театрт мэргэжлийн зохиолчоор томилогджээ. Д.Нацагдорж энэ бүхий ажлаа өмнө дурдсан биеийн байцаалт: <19 20="">гэж бичжээ.
Түүнчлэн МАХН- ын Төв хорооны Тэргүүлэгчдийн 27 (1937) оны 3сарын 25 –ны өдрийн 45 дугаар хурлаас <Одон тэмдэгт улсын Төв театрын даргаас тус театрын ажлын байдал ба урагшид явуулах ажлын тухай> илтгэснийг сонсоод гаргасан тогтоолд <Төв театрт тусгай орон тооны 2 уран зохиолчтой болгож, үргэлж ажиллуулан театрыг зохиолоор тасалдуулахгүй байлгаваас зохих, үүнд нөхөр Буяннэмэх, Их Нацагдорж нарыг шилжүүлсүгэй> гэжээ.)
ажиллан бүтээл туурвилдаа голлон анхаарсан цөөн жилд уран зохиол, сэтгүүл зүй, түүх судлал, орчуулгын талаар асар их ажил хийсэн юм. <Уншигчдын сонирхон бахархаж, хүсэн эрмэлзэх сэтгэлийг булаасан бөгөөд ард түмний хүссэнийг нэгэн биеэр хангаж түмэн зүйлийн хэргийг нэгэн цагт гүйцэтгэх ёстой> гэж уран зохиол, хэвлэл мэдээллийн мөн чанарыг тодорхойлж Д.Нацагдорж <Ардын цэрэг>, <Залуучуудын үнэн>,<Залгамжлагч>,<Хувьсгалын уран зохиол>,<Шинжлэх ухаан> зэрэг хэд хэдэн сонин сэтгүүлийг бий болгох, мөн Германд <Сурагчдын сэтгүүл> гаргахад манлайлан идэвхитэй үүрэг гүйцэтгэснээр барахгүй сэтгүүлзүйн бичлэгийн олон төрөл зүйлийг бий болголцсон юм.
Монголын шинжлэх ухааны байгууллагын ууган зүтгэлтний хувиар Д.Нацагдорж монголын түүхийг ул үндэстэй судлах ажлыг эрхлэн явуулах бодлогыг боловсруулах, сурвалж бичгийг эрэн сурвалжлах, тус улсын нутаг дэвсгэр дээрх эд өлгийн дурсгалыг бүртгэх, хамгаалах талаар ихэд анхаарч байжээ. Д.Нацагдорж <Монгол хэлний тайлбар толь>-ийг зохиолцон, <Монголын түүхийн товч> болон шинжлэх ухааны хялбарчилсан өгүүлэл олныг бичиж шинжлэх ухааны эрдэм мэдлэгийг ард түмэндээ түгээн дэлгэрүүлэхэд хүчин зүтгэжээ. Энэхүү зохиолдоо (Монголын түүхийн товчоо Д.Ц) <Эрт балар цагаас эхлэн БНМАУ-ыг тунхагласан хүртэл монголын түүхийн урт хугацааг хамарч улс үндэсний түүхэнд шинэ үе эхэлснээр дүгнэж эцэст нь<Түүхийн шүлгээ> төгсгөлийн шүлэг болгон хадсан нь санамсаргүй хэрэг биш юм. Энэ нь монголын түүх болон түүхэн зохиолд түгээмэл байдаг нийтлэг зүйл эх, төгсгөлийн шүлгийн уламжлалыг шингээн авсны гэрч юм> (Монголын орчин үеийн уран зохиолын түүх. Тэргүүн боть 1921-1940 УХГ. Улаанбаатар 1985, 89 дэх тал)
К.Марксын <Капитал> тэргүүн ботийн хэсгээс, Шинжлэх ухааны хүрээлэнгийн захиалгаар Г.Е.Грумм Гржимайлогийн бичсэн <Монголын түүхээс>- ээс Д.Нацагдорж орчуулалцан Марко Полын жуулчлалын бичгийг Альберт Германий <Их хааны ордонд> гэсэн нэрээр товчлон нийтэлснийг, мөн Д.Покотиловын <Мин улсын үеийн Дорнот монгол> гэдэг бичиг, хаант орос улсаас монгол элчин сууж байсан Кростовецийн германаар бичсэн <Чингис хаанаас Зөвлөлт Бүгд Найрамдах Улс> хүртэл номын зарим бүлгийг герман, орос хэлнээс тус тус хөрвүүлжээ. Энэ бүхэн нь Д.Нацагдорж олон талын мэдлэгтэй сэтгүүлч, түүхч, соён гэгээрүүлэгч, орчуулагч байсныг батлан харуулж байна.
Д.Нацагдоржийн авьяас билгийг улам дэмжин дэлгэрүүлэхийн оронд хувьсгалт хууль ёсыг ноцтойгоор гажуудуулсан 1930-аад онд түүнийг хоёр ч удаа «1932,1936 онд» жил шахам хугацаагаар мөрдөж удаан хугацаагаар гянданд суулгаж, хилс хэрэгт шийтгэсэн нь зохиолчийн эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн нь мэдээж.
Д.Нацагдорж 1937 оны 7 дугаар сарын 13-нд нас нөгчсөн нь ч <....Монголын шинэ хувьсгалт ёсны утга зохиолын түүхийн үнэтэй хуудсанд өөрийн гавьяа бүтээлийн хувиар хэзээ ч арчигдашгүйгээр тэмдэглэн үлдэнэ> (Шинэ толь 27 1937 ¹4 10) гэж тухайн үе нь үнэлсэн байдаг билээ. Энэ үнэлэлтийн үнэн зөвийг цаг үе шалган баталсаар байгаа юм.
<Урт удаан насалж болно. Түг түмэн мөр шүлэг бичиж болно. Гэвч гол юмаа бүтээхгүй өнгөрч бас болно. Оросоор Д.Нацагдоржийн цөөн шүлэг гарчээ.Тэр цөөн шүлэг бол зохиолчийн гол бүтээл гэдэг нь тод байна> (Утга зохиол урлаг 1966 ¹47) гэж яруу найрагч Н.Паченко хэлсэн билээ. Энэ бол зөвхөн яруу найрагт нь оросоор орчуулагдсан зохиолд нь хамаарах үг бишээ. Үнэхээр ч Д.Нацагдорж гучин нэгхэн наслахдаа гол бүтээлээ туурвисан зохиолч мөн.
Зохиолчийн уран бүтээлийн замыг судлан үзэхэд хувьсгалын ялалтын дараахан үеэс зохиолоо туурвиж <Монголын үгээгүй айлын хөвгүүн> (Хөдөлмөр 1986 ¹117) зэрэг жүжиг зохиосон учир 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн шагнал хүртэж байсан ч 1930 хэдэн оноос гол гол бүтээлээ бичсэн байна. Үүнийг аж төрж ахуй орчин цагийнхаа амьсгалыг зохиол бүтээлдээ яаж шингээснээр нь түүнийгээ уран сайхны хувьд ямар нээлттэй дүрсэлснээр нь тодруулан үзэж болно. Д.Нацагдорж байгаль, нийгэм сэтгэхүйн алив үзэгдлийг танин мэдэхүйн үнэн зөв хандлагын үүднээс ухаарч, түүнийгээ уран бүтээлдээ ул суурьтай илэрхийлж байв.
Д.Нацагдорж яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, жүжигт хуучны аж төрөх ёсны хэв шинжийг их л гярхай дүрсэлсэн байдаг билээ.

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...