Showing posts with label соёл. Show all posts
Showing posts with label соёл. Show all posts

Wednesday, April 15, 2026

Ёвропын соёлыг өвөртөлж, түгээсэн анхдагч залуучууд

 

Европын соёлыг өвөртөлж, түгээсэн

 анхдагч залуучууд

(Франц Герман суралцсан анхны Монгол сурагчдын 100 жилийн ойд)

 

        Одоогоос 100 жилийн тэртээ Улаанбаатар хот одооных шиг өндөр байшин барилга шамбааралдсан,  цэцэрлэгт хүрээлэн саад халхавч, баримал, автомашин чигчилдсэн, гэрэлт шөнийн гудамж талбай, өргөн гүүр байсангүй ээ.

        Д. Нацагдоржийн “Боловсон ёс” шүлэгнээс илт харагдана гэж Д. Нацагдорж судлаач Балданы Содном бидний эцэг 1921 оноос өмнө уудам их монгол орны алдаг оног модон гүүртэй байв. Бусад гол мөрнийг олмоор нь ачаатай хөсөг, дан морин унаа ялгалгүй туулан гарч байлаа. Ялангуяа зуны цагт үерлэсэн гол мөрнийг гатлана гэдэг үлэмжхэн шийдвэрлэх асуудал байсан юм. Харин монгол ардын төр мандсанаас хойш замыг засч, заримыг цардан, модон буюу чулуу бетон гүүрийг барьж усанд сүйтэх явдлыг эрс зогсоосон нь илт үзэгдэл болсон төдийгүй, гол мөрөн гатлах хүн малд амар болсон тухай зохиолч Нацагдорж зохиолдоо бас тусгаж үлдээсэн байх юм. (Хүмүүжил ба жигшил сэтгүүл, 1935 оны 25 р хуудаснаа, Балданы Содном “Д.Нацагдорж Судлал” дахь “ Боловсон ёс” 342 хуудаснаа үзнэ үү?)

        Улаанбаатар хот 100 жилийн үед ямар байв? Tэр үеийн нийгэм улс төр дөнгөж хөлөө олох гээд эд бужигналдаж байсан үе. Улаанбаатар хот шинэхэн нэрээ аваад хоёрхон жилийн нүүр үзэж байв. Хоёр давхар дүнзэн албан байгуулга, сургууль дөнгөж байгуулагдаад удаагүй, усны гудам, өндөр өндөр гулдан хаалга, хашаа гудам, гандан хийд сүндэрлэсэн, хүн мал зэрэгцсэн их хөлийн хүрээ хот байлаа.

        Анхны сурагчид сургуулийн хаалга татаад тавхан жилийн дотор ихийг сурч боловсорч, зорилгоо тавин,  ирээдүйн хэн болох хүсэл эрмэлзэлдээ чиглэн , хичээл зүтгэлтэй эрмийсэн нь тэдний дурсамжаас илээхэн харагдаж байх юм.

Улаанбаатар нийслэл хот байгуулагдаад жилийн дараа 1925 оны зун дунд сургуулийн 40 гаруй сурагчид анхны захирал багш Б.С. Ишдорж, Тулханов багш нарын хамт Улаанбаатраас Алтанбулаг хот хүртэл суудлын машинд анх суулгаж, Ар Хиагтаас Сэлэнгэ мөрний Галт онгоцонд бид сууцгааж, Улан Үдэ, (Дээд Үдэ), хотод сургууль, соёлын газар, биеийн зарим тэмцээн, шилний үйлдвэр зэргийг үзэцгээгээд, маш их сонирхон гайхацгааж явав аа. Улан Үдэ хотоос бид анх галт тэрэгт сууцгааж, Байгал далайн эргээр тависан төмөр замын нүхэлгээг тоолсоор дөчин ес хүргэн, хүний хөдөлмөр их оржээ гэж шуугилдацгааж  Эрхүү хот ирсний маргааш хотын ерөнхий байдалтай танилцан, хэд хэдэн өдрийн турш музей, зарим үйлдвэрийн газар, тариалан, эрүүлийг хамгаалах зарим газар, зөгий үржүүлэг сургууль соёлын газруудаар орж, Алайр аймгаар явуулж, юм үзүүлж нүд тайлсан явдал бидэнд их нөлөө болж, ирснээс хойш сурагчид бидний яриа хөөрөө хүртэл өөр болж, мэдэцийн хэмжээ тэлэн, эрдэм мэргэжил чухал гэж ярилцан, хичээлдээ ганц мэрийцгээх болсноос гадна зарим нь багш болно, зарим нь сайн инженер болно, эсвэл зохиолч буюу эмч, үгүй бол түүхч болно гэх зэргээр манай сургуулийн хүүхдүүд мэргэжил сонгон яриа их үүсгэж хэлэлцдэг болсон. (Б. Содном “Өчүүхэн дурсамж” ,“Эрт эдүгээ” 330 хуудас Д. Цэдэв. Балданы Содном ном 2008)   

        Энэ үед сургуулийн бодлого хүүхдүүдэд бодит байдал танин мэдэгдэхүй, туршлагыг харуулан таниулж ирээдүйн монгол орны хөгжилд дэвшилтэд шинэчлэлт гаргах хүүхдүүдийг чанартай бэлдэж байжээ.

              Үүгээр харахад зуун жилийн өмнө эдгээр 40 гаруй дунд сургуулийн 13-өөс дээш 25 хүртлэх насны охид хөвгүүдийг баруун европ дахь Франц Герман улсад суралцахаар өндөр шалгууртай тэнцүүлэн элсүүлсэн байна.

Герман улсын сургуульд суралцуулахаар сонголт хийхэд миний бие тэнцжээ. (Багш Б. Ишдорж нар байсан) гэхдээ зүгээр явуулчихсангүй, хэд хэдэн хүүхдээс сонгон шалгаруулж, би их Жанжин Сүхбаатарын хүү Галсан, хичээнгүй сайд Цэрэндоржийн хүү Юндэн нартай өрсөлдөж шалгалт өгөөд, тэднийг ялж Герман улсад очиж суралцсан юм. 1926 он бөгөөд Герман улсын Берлин хотын их сургуулийн бэлтгэл ангид суралцан 1930 онд эх орондоо эргэж ирсэн юм. Тэр үед ажил төрөлд хандах хандлага үнэхээр шударга байж дээ. Энэ тохиолдол миний эрдэм номын ариун мөрийг тэгшилж өгсөн бөгөөд би өнөөг хүртэл энэ үйлсдээ зүтгэсээр яваа юмдаа гэж (1966 оны хавар) сэтгэл хангалуун хуучилсан юм. (“Б.Содном гуайн хууч яриа” Д. Цэнд. 2008 он)

"90 жил 90 фото" баримтат гэрэл зургийн үзэсгэлэн (хуулбарлан авав)

Тэр үед төр засаг Зөвлөлт Орос Улсаас гадна нийгмийн байгуулал, үзэл суртлын ялгааг үл харгалзан, Европын Герман, Франц зэрэг орнуудтай худалдаа, эдийн засаг, соёл боловсролын салбарт өргөн харилцаа тогтоон хөгжүүлэх, 1923 онд “Эдийн засгийн үндсэн бодлого” ын 15-р  зүйлд аж үйлдвэр, техник, технологийг арга ажилгаанд суралцсан дунд, тусгай, дээд түвшний үндэсний боловсон хүчинг гадаад улсуудад бэлтгэн сургахаас өөр аргагүйг заан тэмдэглэжээ. Иймээс Герман Улсын холбогдох албаны хүмүүстэй ярилцаж тохирсоны дагуу 1925 онд 4р сард Засгийн газрын шийдвэрээр Даш Сампилон, Ч. Хурлат  (“Аяны шувуу” дуучин Х. Төмөрийн эцэг, харамсалтай нь 1937 оны хилс хэргээр хэлмэгдэж цаазлуусан) нар худалдааны төлөөлөгчөөр томилогдон Герман улсад очиж худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоох асуудлаар хэлэлцээр хийж амжилт олсны зэрэгцээ Герман улсад оюутан, сурагчдаа илгээх тухай үндсэн тохиролцоонд (2004 он П. Төрдалай “Герман Улсад суралцсан Монгол оюутан, сурагчдын түүхэн холбогдох зарим тэмдэглэ ” (1926-1930)) хүрснээр 1926 онд 40 гаруй хүүхдүүд анх эхэлж Герман Францад суралцжээ.

Ингээд 1926 онд Франц Герман зорисон сурагчид маань баруун европын түүх, соёл, хот хөгжилтөй танилцан мөр зэрэгцэхээр өвөртөлж ирсэн нь дамжигүй ээ.  “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ” гэж Их зохиолч Д. Нацагдорж бичснийг хүн болгон мэднэ ээ.

        Одоогоос зуун жилийн өмнө Герман болон Франц орон ямар байв. Өндөр байшин барилга, авто хөсөг сүлжсэн, үйлдвэр худалдаа хөгжсөн, театр музей, номын сан их дээд сургуультай, хувцасны загварын өндөр соёл түүхтэй орон байсаныг та бүхэн доорх зургаас харж болно.

    Тэд тэндээс зөвхөн эрдэм номд шамдахаас гадна зөв хувцлалт,биеэ яаж соёлтой авч явах, хувцасны загвар ( тэдний хувцалтаас харж болно) донж, бас урлаг европын нийтийн бүжиг, дуу хуур хөгжим, ариун цэвэр, цаг барих, дэг маяг сурч ирсэн. Бидний аав цагыг ямагт баримтладаг, их цэвэрч нямбай, танго бүжгийг сайн бүжиж чаддаг байв. Тэр үеийн германд сурч байсан хүүхдүүдийг Герман Содном, Герман Доржсүрэн гэх мэт нэрлэдэг байв. Тэд хүний хийж болох бүх юмыг хичээн чармайж, өвлөн авч өөртөө хэрэгжүүлдэг нэгэн байв.

ЗХУ, Германд сургууль хийж ирснээс хойш Нацагдорж европ хувцас өмсдөг болжээ. Гэхдээ тэр бас л аль хээнцэр, дэгжин хувцасыг олж өмсдөг байсан боловч, гойд үнэтэй хувцас байгаагүй. Тэр үеийн европын залуучуудын өдөр бүрийн ажил хөдөлмөрт буюу биеийн тамир спортын хувцас хунарыг Нацагдорж хэрэглэж байсан юм. ( “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн 1968.6.29 31 тал  ”Д.Нацагдорж дүр” , “ Д. Нацагдорж судлал” Балданы. Содном 569 хуудас “ Д. Нацагдоржтой хэрхэн танилцсан тухай” Д. Цэдэв)

 Д. Цэнд багшийн дурсамжаас ; Mиний бичсэн “Монгол шүлэг”, “Цог” сэтгүүлд 1972 оны шилдэг бүтээлийн шагнал хүртэж, би ажил тарах үеэр ганц шил “цагаан долгор” авч Б. Содном гуайн өрөөнд орж учир явдлаа хэлээд хүндэтгэл үзүүлж шагналын дээжээ хүртээхийг хүссэн юм. Шил архиа ширээн дээр тавьтал Содном гуай босч номынхоо өндөр шар шүүгээг онгойлгон нэг номын завсраас мөнгө аваад 13 төгрөг архины дэргэд тавилаа. Тэр үед цагаан архи 26 төгрөг бөгөөд Содном гуай тал үнийг надад хариулж өгч байгаа бололтой. Би учраа дахин өгүүлж тэр мөнгийг буцааж өгсөн боловч мань хүн авсангүй. Архиа задлаад хүндлэн баривал, Содном гуай; “Цэнд минь дээ, энэ чинь хүний хөдөлмөр, чиний л хөдөлмөрийн хөлс шүү дээ. Намайг Германд сурч байхад хүнээс шүдэнз гуйж танхиа асаасан хүн хайрцагт нь нэг мөнгө хийгээд буцааж өгч байхыг хараад, сууж байсан айлынхаа эзэгтэйгээс лавлахад ”Хүний хөдөлмөр хөлсний ачийг хариулж байгаа юм” гэж хэлсэн билээ. Хүний ч бай өөрийн ч хөдөлмөр хөлсийг заавал үнэлж бай гэж сургамжлан захисан. Гадаадад хүний хөдөлмөрийг үнэлж гарын хөлс өгдөг  үйлчилгээний соёл элбэг бий.

 Гавъяат эмч, АШУдоктор, профессор Банхан Жанчивын Раднаабазар 2008.11.27 дурсамжаас;

1972 онд Английн Лондон хотноо Вольф – Wolf  (тэрээр Германы Берлин хотын  монголоос очиж суралцаж байсан хувийн сургуулийн захирлуудын нэг асан) танилцаж, тэр айлд тун сонин зураг альбом үзэж билээ. Вольф гуайд тэр сургуульд монгол сурагчдад зориулан уйгар монгол бичгээр хэвлүүлсэн дэлхийн газрын зураг байсан. Вольф авгай монгол сурагчдын тухай ярихдаа “Монгол хүүхдүүд тун ухаантай, сурлага сайтай байсан” гэж билээ. Тэр сурагчдын нэг нь миний номыг ариутган шүүсэн Б. Содном гуай юм. Б. Содном гуайтай нилээд сайн танилцсаны дараа Германд сурч байсан тухай нь би сонирхон асуусан юм.

Б. Содном гуай ярихдаа; “Биднийг Германд нэн нарийн тогтолцоотой сургаж байлаа. Өглөө босоод “turnen” биеийн тамирын дасгал хийлгэсний дараа (биеийн тамирын хувьцас богино, өмд цамцтай) гадны дуу чимээ сонсогдохгүй өрөөнд өлөн элгээр дэлхийн сонгодог хөгжим сонсгодог байлаа. Хичээлийг хэдэн сараар нэг салбарыг тухайлбал уран зураг, барилга инженер, хүн эмнэлэг, анхны тусламж, уул уурхай, газар зүй, хэл утга зохиол гэх мэтээр бүх салбарыг оролцуулан заадаг байлаа. Тийм учраас тэнд суралцсан хүүхэд бүр ямар ч салбараар ажиллах чадвар эзэмшсэн юм.

Бид Герман хэлээр бараг герман хүн шиг ярьдаг болсон. Тэгээд дунд сургуулиа амжилтай төгсөөд дээд сургуульд дэвшин орох гэж байхад гэнэт монгол руу эргүүлэн татсан. Монголд ирсэн хойно МАХН ын Төв Хорооны боловсон хүчний хэлтсээс ажилд хуваарилав. Хүүхэд бүрийг өөрсдийн саналаар ажилд өглөө. Жишээлбэл; Д. Намдаг театрын найруулагч, Намхайцэрэн барилгын инженер, Цэвэг газар зүйч, НаваанЮүндэн эмч болох зэргээр саналаа өгч ажил авсан билээ. Манай Намхайцэрэн Хэрлэнгийн гүүр, Их тэнгэрийн амны гүүр зэргийг бариулсан шүү, одоо ч эдгээр гүүр нь бий шүү. Сүүлд нь зураач болсон доо.

Энэ бол Германы сургалтын үйл ажилгааны их давуутайг харуулж байгаа юм. Би хэл уран зохиолыг оролдож өдийг хүрлээ” гэж хуучилж билээ. Б. Содном гуай бол толь зүйч, Нацагдорж судлалыг үндэслэгч, хэл шинжлэлтэн, эрдэмтэн хүн билээ. (Балданы Содном “Түүвэр Бүтээл” 651 хуудас Д. Цэдэв)

Эцэг минь сонгодог хөгжим, жааз хөгжим, сайхан дуурь дуу сонсох дуртай хүн байсан. “Залуудаа би хойно сурч байхдаа нарийн хоолойгоор дуулдаг байсан, гадаадын бүдүүн хоолойтой эрчүүдийг дууриаж том бүдүүнээр дуулах гэсээр байгаад хоолойгоо эвдсэн юм.” Гээд хааяа найр, наадамд “Хүрэн зандан ташуур” эхэлдэг байж билээ.

Орой ажлаасаа тараад гэртээ ирээд костюмныхаа өмдийг живхийтэл индүүдэж, костюмаа сойзоор цэвэрлэж, гутлаа тосолж, гялалзтал нь арчина. Тэгэхдээ заавал ээжийн гутлыг хамт арчилж тосолж өгдөг байсан. Аав маань их л нямбай хүн байсан болохоор өөрөө ороо цэмцийтэл тэгшхэн гоё хураадаг, бид орон дээр нь гарч суудаггүй байсан.

Аав маань зүгээр сууж чаддаггүй их л хөдөлмөрч хүн байж дээ. Эрдмийн нөр их ажлын хажуугаар теннис тоглох заавар, зургын аппарат ажиллуулах зааварчилга, хүн биеэ хэрхэн цэвэрхэн авч явах тухай болон Зүүн Хараад хэлмэгдэж байхдаа улаан буудайгаар цэвэр спирт боловсруулах, архи нэрэх технологи, уурын зуухны механик ажиллагааны зааварчилга, дүрэм зэргийг орос хэлээр орчуулж, боловсруулж байсан гар бичмэл нь одоог хүртэл бидэнд хадгалагдаж байна.

Энэ бүхэн дурсамжуудаас бодолцон харахад тэртээх 100 жилийн өмнөх дээлтэй монгол охид хөвгүүд анхны Монгол улсын боловсролын сургуульд тавхан жилийн дотор сурч боловсорч өндөр шалгуураар шилэгдэн тухайн үеийн европын өндөр соёл дэг дэглэмтэй сургуульд сурч, өнөөдрийн монгол орны шинжлэх ухаан, үйлдвэр технологи, эрүүл мэнд, барилга байгууламж бүтээн босголт, боловсрол соёл урлагын үндсийг баруун ёвропын хоёрхон орноос богинохон дөрөвхөн жилийн дотор сурч эзэмшиж, эх орондоо өвөрлөн өнөөдрийн монгол орны хөгжил дэвшлийн суурийг тавьж өгсөн гэдэгт эргэлзэхгүй байх.

Содномын Үзмээ 4.15.2026

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Monday, January 4, 2021

“СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ” МАРТАГДАХ ШАХСАН ДУУНЫ ТҮҮХ

“СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ”

МАРТАГДАХ ШАХСАН

ДУУНЫ ТҮҮХ



Зохиолч 
Ц. Балгансүрэнгийн
 гэргий
 Биднийг бага байхад сүлд модны наадам, зарим нь ч ёолк гэж шинэ     жилийн цэнгүүнийг ясли, цэцэрлэгээс авхуулаад бүх шатны албан       байгууллага цал буурал дун цагаан сахалтай, цагаан торгон нудраган   дээлтэй, лоовууз малгай өмссөн, гартаа ид шидийн мөнгөн таяг   барьсан өвлийн өвгөн аав, гялалзан гоёсон цасан охид, ан амьтадаа     дагуулсаар ирж, чимэглэсэн ногоон гацуурхан модоо тойроод 
“СҮЛД   МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ”- дууг дуулан  тойрон эргэлдэн бүжин тэмдэглэдэг байлаа.


Б. Гансувд хань хүүгийн хамт 
Америк дахь Каролина мужийн шинэ жилийн 2011 оны 12 дугаар сарын 31 ны цэнгүүний өдөр зохиогч        Ц.Балгансүрэнгийн охин Гансувд “миний аав Балгансүрэн нь тэртээх 1960 онд энэхүү “СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ”- дууг зохиосон юм, эхний мөрт “Сувд эрдэнийн чимэгтэй” гэж эхэлсэн нь тэр жил би төрсөн учир охин наддаа зориулж зохиосон, түүгээрээ ая барья” гээд бидний мартагдсан аялгуу болсон содон бэлэг барьсан нь миний өчүүхэн биеийн анхаарлыг татсан билээ. Тэр жилийн сүлд модны наадмын өвлийн өвгөнд Цэгмид гуай тогложээ.

    
Монголын алдарт хөгжмийн зохиолч Г. Дарамзагдын охин Оюун 2020 оны 12-р сарын 28 ны нүүр номын хуудаснаа (зөвшөөрөл авсан) Дуучин Д. Оюунтүлхүүрээс “Сүлд модны тойрон бүжгийн дуу” дууны цомог бэлгэнд авснаа нүдэнд харагдтал нэг бүр дурсамждаа дурджээ. Д. Оюунтүлхүүр нь өвөөгийнхөө дурсгалд зориулж, 2014 онд эмээ болон ах дүү хамаатан садангийн хамт, хүүхдийн ордонтой хамтран  орчин үед тохируулан шинэчилжээ.

Хөгжмийн зохиолч Г. Дарамзагдын охин Оюун дурсахдаа;

Энэ дуу бас сонин түүхтэй! Та бүхэнтэйгээ дурсамжаа хуваалцья! гээд...

     Би эгчийгээ даган уйлсаар байгаад арай гэж насаа нэмж 2 жилийн дараа нь сургуульд орсон юм. Гэтэл шинэ жилээр сургуулийн сүлд модны наадмын цасан охидын нэг болох болж сүлд модоо тойрон дуулж бүжиглэх даалгавар авлаа. Тэгээд бөөн баяр болж гэртээ ирэв. Эмээ өвөө хоёр маань цасан охины хувцас маарлиар хийж, төмсний цардуулаар цардаад, дэрвийсэн даашинз оёж, мөн цагаан даавуугаар  уланд нь зузаан гэгч хайрцагны цаас зүсэж, сугарчихвий гэж резин тойруулж оёсон бүжгийн шаахай ч урлав. Одоо бодоход ямар инээдтэй шаахай байсан бол оо? Бас тэгээд болоогүй ээ, эмээ минь нарийхан бариу цагаан шаргал өмд оёж, ээж минь бас дэрийсэн өндөр гялгар малгай хийв. За тэгээд даргар цагаан даашинзтай,  цагаан шаргал өмдтэй, нэг их гялалзаж гялтганасан аминдаа л ганган цасан охин болов. Ингэж гэр дүүрэн хүн бүр л ажилтай шөнө дөл болгов. Бас хажуугаар нь сурагч бүр 2м урт цаасан гинж хийж сургуулиа чимэх даалгавартай. Эгч бид хоёр баахан цаас будаж жонхуугаар наагаад л дахин дахин хэмжсээр 4 м болгож билээ. Тэр үед юм ховор байжээ.

     Тэр жил (1961) аав Москвад Чайковскийн Хөгжмийн Их Сургуульд оюутан байсан, гэтэл өвлийн амралтаараа бөөн бэлэгтэй гэнэт ороод ирэв. Тэгээд намайг цасан охин болохыг мэдээд маргааш нь “Охин Оюундаа зориулав” гээд гарын үсгээ зурсан ноотаа гараар бичсэн шүлэгтэй нь авчирч өгөөд, өөрөө хэд дагуулж дуулснаа, дууны багшдаа өгөөрэй! За миний охин бүжиглээд байж дээ! гээд үнссэн юм. Би жоохон байсан болохоор дууны багшаа ч мэдэхгүй ангийн багшдаа аав өгсөн гэж л өгснөө санадаг. Удалгүй биднийг их танхимд дуудаж, нэг багш бололтой хүн баян хуур хөгжимд аавын минь надад зориулж бичсэн дууны аяыг тоглоод чанга чанга дуулаад л, Оюун гэж аль вэ? гэхэд нь "би" гэж эмээсээр аяархнаар хэлэхэд, чи чинь ямар том хүний охин бэ? аав чинь ирэх үү? гэж асуусныг л санаж байна. Тэгээд нэг багш бүжиг заагаад л, нөгөө багш нь дуулуулаад л, 12 жилийн амьтан, өвлийн өвгөн аавтайгаа хамтран гацуур модоо тойрон бүжиглэж, дуулан бөөн баяр хөөртэй сурагчийн анхны шинэ жилээ угтсан даа. Түүнээс хойш мөн ч олон жил энэ дуутайгаа шинэ оноо угтдаг байлаа. 

    Харин одоо мартагдаж эхэлж байхад нь дуучин Д.Оюунтүлхүүр маань сэргээн бас их өвөрмөц дуулжээ. Гэтэл энэ дууны шүлгийг Оюунтүлхүүрийн маань өвгөн аав Цэвэгмэдийн Балгансүрэн зохиолч, яруу найрагч, жүжигчин, найруулагч гэх мэт тал бүрийн авьяастай хүн өөрийн 3 дахь охин Гансувддаа зориулан 1960 онд зохиож байсныг нь би сая л сонслоо. Гайхалтай юмаа! Хоёр уран бүтээлч аав маань өөрсдийн хоёр охиндоо зориулсан учраас ч ийм урт настай, сайхан дуу болсон ч юм уу? даа.

    Бас нэг сонирхолтой нь хоёр зохиолчийн зээ нар нь энэ дууны цомог дээр хамтран ажиллаж, цомгийн зохицуулгыг нь миний охин Н.Нар-Оюу хийж, Д. Оюунтүлхүүр дуулсан нь үнэхээр гайхалтай тохиолдол биш гэж үү? Хоёр мундаг өвөөгийн хоёр уран бүтээлч зээ охид дахин сэргээсэнд би хувьдаа маш их баяртай байна, баярлалаа! гэж Д. Оюун дурсжээ.

Цасан охид 1961 он 2-р сургууль 1 А анги
(Мөнхцэцэгийн зургын архив. Сандуйнжавын Туяагын зөвшөөрлөөр авав.)
                                             
Д. Оюуны хэлснээр үнэндээ бид шинэ жилээр сургуулийнхаа танхим цонх таазыг бас албан байгууллагууд цаас хайчлан цасан ширхэг, өнгө өнгийн цаасаар янз бүрийн унжлага, гинж, өндөг будан гоён, ногоон гацуурынхаа мөчир бүрээр нь хөвөн зулайз шинэхэн цас орсон мэт чимдэг байв. Өөрсөддөө цасан охины малгай, даашинз, шинэ оны титэм, амьтадын баг гээд бүхий л зүйлээ гараар хийж өмсөн багт наадмаараа гоён гангарцгаана. Энэхүү дуунаас үүдэн багт наадам шинэ жилээр анги танхим шалгаруулдаг болсон байж магад. Шалгарсан ангийн баг харшийн шинэ жилд уригдаж өвлийн өвгөн ааваас бэлэг авсандаа их олзуурхдаг байж билээ. Биднийг бага байхад л энэ дуугаар өвлийн өвгөн аав ан амьтад, цасан охид, шинэ оны дагинатайгаа орж ирээд сүлд модоо тойрон бүжиж, өвлийн өвгөн аав айлчлан ирсэн үгээ хэлээд , цасан охидын бүжгээр та бүхний цэнгүүнийг мялаая гээд суудалдаа залардагсан. Цасан охидууд Ж. Бадраагийн үг, С. Гончигсумлайгийн ая 1962 онд зохиогдсон “Сүлд модны наадам” дууны аялгуу дээр үзэсгэлэн гоо бүждэг байв.
     Дууны үгийг бүтнээр толилуулья.


Үг: Ц. Балгансүрэн (1960)

Ая: Г.Дарамзагд (1961)

СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ

Сувд эрдэнийн чимэгтэй

Сүлд ногоон модоо

Дун цагаан сахалтай

Дун өвлийн аав аа

Дахилт:

Аяа, аяа түрээд

Дуулан дуулан эгшиглэе

Ар араа дагаад

Тойрон тойрон эргэлдэе

Энхийн цагаан тагтаа шиг

Эвлэн дэгдэн бүжиглэе

Ирж яваа галуу шиг

Дэвэн дэвэн бүжиглэе

Дахилт:

Танхил цагаан янзага шиг

Дэгдэн дэгдэн бүжиглэе

Талын бүжин туулай шиг

Дэвхрэн дэвхрэн бүжиглэе

Дахилт:

Ойн хүрэн баавгай шиг

Моожиг, жоожиг бүжиглэе

Овт улаан үнэг шиг

Соотог соотог бүжиглэе

Дахилт:

Бахтай сарнай цэцэг шиг

Дэлгэрэн дэлгэрэн бүжиглэе

Баян Туулын урсгал шиг

Долгилон долгилон бүжиглэе

Дахилт:

Манхан хөх ишгээ

Маажин таалан бүжиглэе

Манжин лууван байцаагаа

Малтан суулган бүжиглэе

Дахилт:

Олон орны хүүхдүүдтэй

Золгон золгон бүжиглэе

Одон орны замдаа

Зорин зорин бүжиглэе

Дахилт:

Зохиолч судлаачид дуу, шүлэг, зохиол цаанаа заавал эзэнтэй байдаг гэдгийг олонтой сонсож, уншиж байсан. Д. Оюуны хэлдэгээр гурван үе дамжин энэхүү дууг дахин амилуулсан гайхамшигтай, чанартай бүтээл дахин сэргэн амилдаг юм байна.

    Дашрамд дурдахад “Шууд мэдээ” сонин дээр 2010 оны 12 дугаар сарын 31 ний өдөр (Ардын жүжигчин Б. Зангад гуайн дурсамжаас) 1962 онд Соёлын гавъяат зүтгэлтэн Ж. Бадраагийн шүлэг, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С. Гончигсүмлаа ая “Сүлд модны наадам” дууг зарим нь ч “Шинэ жилийн вальс” гэж дуулдаг дууг өдий хүртэл Б. Зангад дуулан эгшиглүүлэн амьдруулсаар байгаа боловч “СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ” дуу үүнээс өмнө 1960 онд төрсөн боловч мартагдсан аялгуу болсныг сэргээх нь бидний ирээдүйн үр хүүхдэд нэн чухал юм.     Үнэндээ тэр цагаас хойш бид гацуур модоо тойроод багт наадмынхаа хувцасыг өмссөн ан амьтад өвлийн өвгөн аавтайгаа бүжин цэнгэх дуу дахин шинээр гараагүй л байгаа. Үүнд сургууль цэцэрлэг, урлаг соёлын дуучид хамтлагынхан "СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ"-дууг дахин сэргээн амьдруулан шинэ жилийн цэнгүүнд эгшиглүүлнэ гэдэгт найдаж байна. 

Жич: 2012 онд энэхүү нийтлэлийг хуудсанаа нийтэлж түгээсэн боловч дууны ая зохиогчийн охин бас нэгэн содон дурсамжийг нүүр номондоо нийтэлсэн учир дахин сэргээн нэмэлт оруулав.

Дарж унших сонирхолтой https://www.inews.mn/a/18048

Бичсэн. С.Үзмээ 01.04.2021


Д. Нацагдорж

                                                Их зохиолч Д. Нацагдорж мэндэлсний 120 жилийн ой  (1906-2026)   болон                       ...