Showing posts with label дурсамж. Show all posts
Showing posts with label дурсамж. Show all posts

Saturday, April 18, 2020

Зуслангийн дурсамж


Зуслангийн дурсамж

уулчин hashtag on TwitterЗуны улиралын эхэн сард
Зуслангийн зүг хэдэн сар
Цэнгэг агаарт богинохон хугацаанд
Цэмбийтэл хэдэн хогшлоо ачаад
Албан байгуулгын харьяа зусландаа
Амс хийж амьдрах гэж гардаг байлаа
Бага насны минь зуслан
Богд уулын Зүүн богины амд
Өглөө эрт ээж аав маань
Ажилчдын автобусандаа сууж
Өргөө хот руугаа  албандаа зүглэдэг байсансан
Албатай юм шиг бид зэрэгцэн босчихоод
Өглөөн цайгаа хам хум уучихаад
Уулын оргилдох хадан хясаан дээр наадан
Өдөр тийш  гэрээрээ нэг дайрч орчихоод
Ус нэг балгаад, талх нэг үнхчихээд
Яаралтай ажилтай юм шиг бушуулан
Туул голын хөвөөнд  шумбан тоглож
Яараатал хайрган дээр бээрсэн биеэ дулаалцуулан
Тун ч их баясдаг байлаа
Хэн нэг нь Залатын амнаас айсуй
Автобусны барааг харж анхааруулан чанга дуугаар
Ажилчдын автобус гэж орилоход
Санд мэнд хувцас алчуураа шүүрдэн авч гүйлдэнэ
Гэрээ цэвэрлэхээ дөнгөж санасан юм шиг гялалзуулаад
Галаа түлэн цайгаа чанана
Ээж аав автобуснаас буухад
Ээ дээ сайн хүүхэд угтан авч
Авчирсан хүнснээс нь дамжилцан
Аав ч бушуухан гараа угаагаад галаа ноцооно
Ээж хоолоо бэлдээд бушуулна
Ээ дээ энэ хүүхдүүд минь юу иддэг байна гээд
Энд бэлдсэн боорцог, талх хэвээрээ байх юм гэж
Гайхширан  хоолоо хамт зооглох үед
Гэнэт өлсөсөнөө мэдрэн уралдах мэт
Хурдан гэгч ирчихнэ
Хувин саваа угаачихаад
Гарч тоглоогүй юм шиг л
Гадаа гарч шөнө дөл болтол
Шавиагаа хантал од мэчдийг харж
Шар шувуу шиг л тэнэн
Хүүхдүүдээ гэж эцэг эх дуудтал
Хүлцэнгүй унтлаа нэг тоглоно
Аавыгаа дагаж жимсэнд хамт явна
Ах нартайгаа хамт самар, түлээнд нэг явна
Сургуульдаа орохоо гэнэт ухаарч
Согоо үр түүж, эрвээхэйн хатаагч үзүүлэн хийнэ
Зуны даалгавраа хийж дуусчихаад
Зуслангаасаа нэг бууна
Хүүхэд нас минь жаргалтай яа дурсамжтай яа
Хүндэт хайртай эцэг эхдээ талархан мэхийе.

С. Үзмээ 4.18.2020








Friday, March 21, 2014

МИНИЙ МЭДЭХ БАЛДАНГИЙН СОДНОМ

Миний мэдэх Балдангийн Содном (Дурсамж)


        Миний бие 1950 онд Архангайн Эрдэнэмандал сумын 7 жилийн дунд сургуулиас ирж МУИС-ийн монгол хэл уран зохиолын ангид оюутнаар элссэн билээ. Хэлийг судлахад И.В.Сталины "Хэлний шинэжлэлд марксизмын холбогдох нь" (1949) зохиол үндсэн удирдамж болж, уран зохиолын хувьд МАХН-ын ТХ-ны "БНМАУ-ын түүх, утга зохиолыг сургуулиудад зааж байгаа байдлын тухай" тогтоол (1949.10.27) баримтлах зарчим болсон юм. Тэр тогтоолд уран зохиол судлаач Б.Содномын "Монголын уран зохиолын түүхчилсэн төлөв" бүтээлийг нэр зааж үндэсрхэх үзлийн алдааг шүүмжлэн чанга хатуугаар тэмдэглэцнийг уншаад, багш нарынхаа лекцийг сонсооод ийм нэг үзэл суртлын хэчүү хүн байдгийг анх мэдэрсэн нь Б.Содном гуайн тухай манай эчнээ ойлголт болсон билээ.
          Хожим ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдож очоод Б.Содном гуайтай биеээр танилцан 1963-1975 онд бүтэн 12 жил хамт ажиллаа. Б.Содном гуай нэр томъёоны тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан ч тэр нүсэр их ажлын зэрэгцээ уран зохиол, аман зохиол судлалын ажлаа зэрэгцүүлэн хийж "Д.Нацагдоржийн намтар бүтээл" судалганы ганц сэдэвт зохиол хэвлүүлж Д. Навагдоржийн нэрэмжилт шагнал хүртсэн билээ.
          Б. Содном гуайтай хамт ажиллаж ойрхон танилцаж тэр хүний өргөн мэдлэг, судалгааны арга барил, өвөрмөгц чанар, маш энгийн нийлэмж сайтай хүнлэг энэрэнгүй зан ааш, амьдрал бүтээлийн баялаг туршлага, яриа хөөрөөний сонин сайхан, ахмад хүний дууриал зэрэг нь анх 1950 оны үеэс надад эчнээ төрсөн сэтгэгдлийг өөрчилж, жинэхэнэ үнэнийг олж хүнийг таних, хүндлэн биширч, дууриан суралцахад их нөлөө үзүүлсэн юм.
            Б.Содном гуайтай 12 жил хант ажилласан надад тэр ахмад судлаач, эрдмтний тухай олон сонин дурсамж үлджээ. Үүнээс заримыг нь энд өгүүлье.

             1. Б. Содном гуай анх сургууль соёлын замд орсноо хуучлан ярьсан нь: 
Би их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын хүн. Эцэг эх минь ядуу, хөдөөгийний жирийн малчин ард байлаа. Орон даяар сургууль, танхим нээгдэж ардын үр хүүхдийг сургах ажил өрнөж байсан цаг. Манай нутгаас нийслэл хотноо сургуульд хүүхэд илгээх юм боллоо. Эрх дархтан, баян чинээлэг хүмүүс элдэв арга хэрэглэж хүүхдээ сургуульд илгээгээс чөлөөлж авна. Ингээд хирийн ядуу малчны хүүхэд л явах болно. Яг тийм тохиолдлоор би нийслэл хотноо сургуульд суралцахаар ирсэн юм. Сургуульдаа сонирхолтой, галгүй ч сурдаг, сайн дүн авдаг байлаа. Тэгж байтал Герман улсын сургуульд суралцуулахаар сонголт хийхэд миний бие тэнцжээ. Гэхдээ зүгээр явуулсангүй хэд хэдэн хүүхдээс сонгож явуулж байв. Би их жанжин Сүхбаатарын хүү Галсан, хичээнгүй сайд Цэрэндоржийн хүү Юндэн нартай өрсөлдөж шалгалт өгөөд тэднийгээ ялж Герман улсад суралцсан юм. Тэр үед ажил төрөлд хандах хандлага үнэхээр шудрага байж дээ. Энэ азтай тохиолдол миний эрдэм номын ариун мөрийг тэгшилж өгсөн бөгөөд би өнөөг хүртэл энэ үйлсдээ зүтгэсээр яваа юм да (1966 оны хавар) гэж сэтгэл хангалуун хуучилсан юм. Энэ хууч яриа өнөөгийн цагт олон хүнд санамж сургамж болох нь дамжиггүй гэж бодогдоно.

           2. Б.Содном гуайн хэлмэгдэлд өртсөнөө хуучлан ярьсан нь: 

1930-оны сүүлч 1940-өөд оны эхэн үеэс манай орны хувьд улс төрийн хэлмэгдлийн хүнд цаг үе байлаа. Энэ үед ЗХУ-д аспирантурт суралцаж байгаад дуудгдан ирж ШУХ-д эрдэмтэн нарийн бичгийн даргын алвыг хашиж байв. Гэтэл хүрээлэнг шалгасан тооллого хийж нэлээд хэмжээний мөнгө дутагдсаны улмаас албан хариуцлага алдсан хэргээр намайг баривчлан хорьж мөрдлөө. Тэгж байтал дутагдсан мөнгөний асуудал хүчингүй болсон ч намайг Б.Ренчингийн эсэргүү бүлгийн гишүүн, германы тагнуул зэрэг хилс хэрэгт холбогдуулан яллаж Зүүн хараад байрлаж байсан хорих ангид шилжүүлсэн юм. Тэр үед Зүүн хараагийн спирт заводад гадаадын мэргэжилтнүүд ажилладаг байсан тул намайг хоригдол - орчуулагчаар ажиллуулсан юм. Хэдэн жил тэнд хоригдож ажиллахдаа гадаад мэргэжилтэнтэй ойр танилцаж, спирт зоводын эвдрэл согогийг засах зэрэгт дадлагажсан маань хожим надад хэрэг бож билээ. Би өнөөдөр ч гэсэн (1967 оны намар) Зүүн хараагийн спирт заводын ажиллагаа доголдбол мэргэжилтэн шиг уригдан очиж засч өгөөд хөлсөнд нь 2-3 литр спирт авч хэрдээ л болоод байдаг юм шүү дээ гээд инээмсэглэн суудагсан. Хүн ер нь юу ч хийж сурсан өөрт нь хэрэг болдгийн нэг жишээ энэ буюу.

           3. Б.Содном гуай МАХН-ын гишүүнээ сэргээхээр хөөцөлдсөнөө хуучилсан нь:

1960-аад оны эхэн үеэр нэг хүнийг тахин шүтэхийн (Чойбалсангийн үеийн) хор холбогдлыг арилгах, улс төрийн хэлмэгдлийн уршгийг цагаатгах зэрэг эрүүл уур амьсгал орж ирлээ. Би ч зүгээр суусангүй, НАХЯ, цагаатгалын комисст удаа дараа өргөдөл бичлээ. Хилс хэрэг маань шалгагдаж 1966 онд намайг цагаатгасан алгын чинээ цаган хуудас гардаж авлаа. Нэгэнт хэрэг хилс болох нь цагаагдсан тул МАХН-ынхаа гишшний нэр төрийг сэргээж сэтгэлээ ариусгая гэж бодоод хөөцөлдлөө. 1966-1970 оныг хүртэл хөөцөлдөөд бардаггүй юм байнаа. Бардаггүй ч гэж дээ, уг нь намын гишүүнийг маань сэргээхийг зөвшөөрсөн юм л даа. Гэхдээ нэг болзол тавьсан нь надад ахдаад сэргээж чадаагүй юм. Тэр үед МАХН-ын ТХ-ны дэргэдэх Намын хянан шалгах хорооны дарга Н.Лувсанравдан гэдэг хүн байлаа. Түүний өгсөн шийдвэрээр МАХН-аас хөөсөн 1940-оос өнөөгийн 1970 оныг хүртлэх 30 гаруй жилийн гишүүний татбараа нөхөн төлбөл сэргээхийг зөвшөөрсөн юм. Би бас төлчих санаатайбодож үзсэнийг яана. МАХН- ынхаа гишүүнийг сэргээчихвэл сэтгэлийн согог арилчих юм шиг бодогдоод тэр шүү дээ. Гэтэл 30 жил ажиллаж авсан цалин, 30 жилийн 360 сарын татварыг бодоход дунджаар 7000 төгрөгөөс давж байх юм. Сардаа 1000 төгрөг хүрэхгүй цалинтай би чинь энэ их мөнгийг яаж төлөхсөн билээ. Ингээд л МАХН-ынхаа гишүүний нэр төрийг сэргээж чадсангүй дээ. За яахав нэг хүн: Би намаар яахав, нам надаар яахав гэж хэлсэн юм гэнэ билээ. Тэр үг л надад тусч байх шиг байна даа - гэж нэлээд гомдонгуй ярьсан нь санаанаас ер гарахгүй юм. Үүнийг сонсоод энэ ч бас хэлмэгдүүлэлтийн нэгэн хэлвэр үргэжилсээр байна уу даа гэж бодогдсоноо нуух юун билээ.


Монгол улсын төрийн шагналт, профессор Д. Цэнд 1998.10.28 УБ хот.

Wednesday, March 19, 2014

ДӨЧИН НАСАН ДЭЭР НЬ ТЭД ЮУ ЯРИВ

Дөчин насан дээр нь тэд юу ярив.


      Монголд шинэ маягийн уран зохиол хөгжиж тэртээ хориод оны төгсгөлөөр уран зохиолын судлал шинжлэлийн ажил дөнгөж төрж байхын цагт баруун зүгийн уран зохиолтой багагүй танилцаж мэдээд түүний баримжаагаар төрийн үндэсний утга зохиол, урлагт үгээ хэлж эхэлсэн түрүүчийн сэхээтний нэг нь герман боловсролтой Балдангийн Содном гуай байлаа. Тэрээр гучаад оны эхээр сайжруулах тал дээр "хэл амаа нэмж" жаахан юм хийх зорилготойгоо хэлжээ. Тэр ёсоороо ч уран зохиол шинжээч болжээ. Гучаад онд " шүүмжилж байгаа шинэ залуу Содном" гэж нэр нь гарсан байна. Зохиолчид тэрч байтгуай зохиолчдын санал зөвлөлгөө авдаг байжээ. Герман оросын сонгодог уран зохиолыг шамдан уншсан тэрээр дөчөөд оны дундуур шинэ уран зохиолын онолын асуудлуудад их анхаарч "Монгол бичиг зохиолын тухай" 1934 он, "Зохиолын явдал хэмээгч юун бэ?" ("Цог, 1944 Nо2") "Монголын утга зохиолын хөгжлийн түүхчилсэн төлөв" (" Шинжлэх Ухаан 1945 No12-13") зэрэг тухайн үед онолын ач холбогдолтой томоохон өгүүллүүдийг бичжээ.
       "...бариад авах эзэн буюу ямар нэгэн зөвхөн сайхан үгсийг түүвэрлэн бичсэн зэрэг хуурай хоосон зүйл байдаг..."-аас ангижрахыг уриалаад "зохиолын чанар сонирхлыг дээшлүүлж уран сайхны талаар үнэхээр хөгжилтэй болгох нь чухал байна" гэж "Зохиолын явдал юун бэ?" өгүүлэлдээ Содном гуай цохон дурдаад анх удаа уран зохиолын зохиомжийн зураглалыг гарган тавьжээ. Тэр нь ийм байжээ. Зохиолын явдал нь зангилгаагаар эхлэн өрнөсөөр туйлдаа хүрээд улмаар тайлагдан төгсөх ёстой гэж Б. Содномын зурагласан тэр л зарчмаар өнөөг хүртэл ихэнх зохиогч шүлэг, өгүүллэг, тууж, романаа бичиж байгаа билээ.
        "Монголын утга зохиолын хөгжлийн түүхчилсэн төлөв" бүтээл нь дөчөөд оны үеийн манай уран зохиолын шинжлэл, судлалын хамгийн далайцтай томоохон бүтээл байсан бөгөөд гурван бүлэгтэй, нэгдүгээр хэсэгт нь мянган жилээр багцаалан "Нууц товчоо","Гэсэр","Жангар"," Алтан товч" зэрэг туульсыг задлан ялгалжээ. Хоёрдугаар хэсэгт нь Манж, Автономын үеийн Монголын (1691-1921) утга зохиолыг өргөн хүрээтэй авч дурдаад, гуравдугаар хэсэгт нь "Тусгаар тогтносон Монгол ард улсын (1921-1946) утга зохиол"-ыг тоймлон бичжээ. Монгол уран зохиолын хөгжлийг тоймлон бичсэн, цаг үедээ хамгийн дорвитой судалгаа болсон энэ бүтээл 1949 онд "БНМАУ-ын сургуулиудын түүх, уран зохиол зааж байгаа байдлын тухай" МАХН-ын Төв Хорооны тогтоолд хөрөнгөтний националист үзэл нэвт шингэж, феодалын нийгмийг монголын түүхийн "алтан үе" байсан мэтээр үзсэн гэгдэж "бут ниргүүлсэн" юм. Гэвч Б.Содном гуай уран зохиол шинжлэн судлах ажлаа хаясангүй үргэжлүүлсээр "Д.Нацагдоржийн намтар, зохиол" гэдэг нэгэн сэдэвт томоохон бүтээлээ жараад онд туурвиж, Нацагдоржийн судлалын эхийг тавьсан билээ.
          Монгол шинэ уран зохиолын судлал шүүмжлэлийн өргөө гэрийг анх барилцсан ууган эрдэмтэн Балдангийн Содном агсны мэндэлсний 90 жилийн ойгоор түүний гучин жилийн тэртээ дурсан ярьсныг дор нийтлэв.
             Монголын зохиолчдын эвлэл байгуулагдсаны ойг анх удаа 1968 оны намар тэмдэглэгээр болж эрэн сурвалжлаад 1969 оны нэгдүгээр сарын 9-нд 40 жилийн ой нь болох юм байна гэж эцэслэн тогтоогоод улмаар эрдэм шинжилгээний нэгэн хурал зохион балгуулж, Дожоогийн Цэдэв биднүүс итгэл тавьж  ахмад залуу зохиолчдыг өргөн оролцуулан үг хэлүүлж дурсамж, дуртгалыг нь яриулсан билээ. Тэр хуралд академич Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, эрдэмтэн Х.Пэрлээ, Ба. Содном, ахмад зохиолч Ц. Цэдэнжав, ардын жүжигчин Данзан зэрэг хүмүүс үг хэлж илэн далангүй сонирхолтой сайхан дуртгал ярьж билээ. Урьд өмнө нь Монголын Зохиолчдын Эвлэлийн ойг албан ёсоор тэмдэглэж байгаагүй тул анх удаа тэр сэдвээр яриа дэгдэхэд ахмад зохиолчид, зохиолчдын эвлэлийн тулгын чулууг тавилцсан хүмүүсийн ой ухаанд дөчин жилийн тэртээх үйлс ажил нь дүрсхийн дурсагдаж сэтгэлийн утсыг нь доргиулсан тул цөмөөрөө маш идэвхитэй илэн далангүй сэтгэл догдлон ярьсан юм. Дахиж тэд ийм халуун дотноор яриагүй бөгөөд одоо тэдний үг ахмадын чин сэтгэлийн гэгээн гэрээслэл болон үлджээ. Бичиж бэлтгэлгүй тэд шууд цээжээр ярьцгаасан юм. Тиймээс тэдний ярианы онцлог нь соронзон бичигт яг хэвээрээ үлджээ. Үүнийг тэр хэвээр нь сийрүүлэн гучин жилийн дараа анх удаа нийтэд толилуулж байна. Ер нь манайд стенограмма гэдэг үг үсэгчилсэн түргэн бичлэг хэвлэлд төдийлөн гардаггүй тул яг л ярьснаар нь ахмад үеийнхээ дуу хоолойг сонсоход сонин буй заа гэж бодоод нийтлэв.

Л. Түдэв 1998 он.

Д. Нацагдорж

                                                Их зохиолч Д. Нацагдорж мэндэлсний 120 жилийн ой  (1906-2026)   болон                       ...