Monday, November 5, 2012

ЦЭЦЭН ҮГ

2012-10-16

ЦЭЦЭН ҮГИЙН ТУХАЙ

 Б.Содном

 Ардын аман зохиолын чухал хэлбэрийн нэг бол цэцэн үг юм. Цэцэн үгийг дотор нь бүтэц хэлбэр, зохиомж, найруулга, шүлгийн талаар хэд хэдэн янз хувааж болдог. Жишээлбэл: Сургаал үг, мэргэн үг, оновчтой үг, хууч үг, зүйр үг, цэцэн үг гэх зэрэг байна. Гэвч их төлөв цэцэн үг, хууч үг гэж хоёр том бүлгийг нийлүүлж, ардын цэцэн үг гэж ерөнхийд нь нэрлэдэг юм. Ардын цэцэн үг бол аман зохиолын анхны үүсэл буюу аман зохиолын бусад төрөл, хэлбэр гарахын нөхцөлд болдог гэж шинжилдэг юм. Цэцэн үг, ард түмэнд олон жилийн турш өдөр тутмын аман яриагаар дамжиж, найруулга, утгын талаар боловсрон засагдсаар төгс чадалтай болдог байна. Ингэж нэг үеэс нөгөө үе хүртэл ардын яриагаар дамжихдаа нэгэнт бий болж, бэхижсэн цэцэн үг бол утга, найруулга нь тун алгуур удаан хугацаанд өөрчлөгдөнө. Харин нийгмийн байдалтай холбогдож, түүхийн үед шинэ шинэ цэцэн үг нэмэн гарсаар байдаг билээ. Ер нь цэцэн үг, ард түмний өдөр тутмын аж амьдралд үргэлж хэрэглэгдсээр байдаг тул, ихээхэн өргөн дэлгэр бөгөөд голдуу товч богино, оновчтой, мэргэн сургамжийн чанартай байдаг. Цэцэн үг, ангит нийгмийн үед өөрийн ангийн эрх ашиг, улс төрийн бодлогын агуулгыг хадгалсан байдаг юм. Ангит нийгмийн үед хоёр соёл байдаг ёсоор, эсрэг тэсрэг ангийнхны сонирхсон үзэл суртлыг харуулсан цэцэн үг гарч, ангийн тэмцэлд хэрэглэгдсээр ирсэн нь мэдээжийн хэрэг. Монголын феодолын үед феодалын ангийн үзэл санааг шингээсэн хэсэг цэцэн үг байлаа. Гэвч энэ нь цөөнх байж, ардын ангийнхны талаас гарсан цэцэн үг дийлэнх нь байлаа. Үүнд ажил хөдөлмөр, зан суртахуун, ангийн тэмцэл зэрэг аж амьдралтай холбогдсон ардын цэцэн үгс нь аман яриагаар барахгүй, харин бичиг зохиол судалж, түүний ач холбогдол болоод хэрхэн ашиглаж болохыг тодорхойлдог байна. Ардын цэцэн үг бол хэлэх гэсэн юмны санааг хүний сэтгэлд дүрий нь буутал мэргэн өгүүлнэ. Юмны дүрийг ингэж тодорхой хэлдэг учир, хүний сэтгэлийг хөндөж, хөдөлгөн нөлөөлөх, ойлгуулах талаар хүчтэй байдаг юм. Ийм учраас хүн ярианыхаа дунд, аль хэрэгтэй газартаа цэцэн үгсийг санамсаргүй юм шиг урсган гаргаж хэрэглэдэг. Олон үг хэрэглэж, ямар нэг утга учрыг гаргахад нь зохих тэнцэх цэцэн үгийг явч хэрэглэснээр, хэлэх үг цөөн зарцуулагдана. Үүнээс үзэхэд, цэцэн үг бол ямар нэг юмы утга санааг гаргахад дүрслэг, тодорхой байдгаас гадна, хэлэх үг санааг хураамжилж өгдөг байна. Цэцэн үгийг хэрэглэж хэлэхэд их л эвхэн аятайгаар барахгүй, харин тогтоож цээжлэхэд хялбархан байдаг байна. Цэцэн үгийн хэлний найруулга, шүлэг, уг санаа нь амархан, сайн найруулагдсан учраас ийм болдог байна. Ардын цэцэн үг бол утга санааг илтгэх хурц зэвсгийн нэг мөн.

 Б.Содном 1953 он

No comments:

Цас

Цас Сэвсгэр цас үелэн хаялахад Саруул агаар сэнгэнэн цээжийг тэлнэ Сэтгэл догдолуулсан шинэхэн цас                                  ...