Учиртай гурван толгой, түүний судалгаа
2012 оны 02-р сарын 16, Нийтэлсэн Гомбосүрэнгийн НЯМДАВААУЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ
ТАЙЗНЫ ЗАСЛАЛ
Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна.
ХӨГЖИМ НЬ
Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно.
ДУУ НЬ
Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй.
НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ
Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа саарлын ая/ гарч байх ба хөшиг нээгдмэгц дуу эхлэх бөгөөд Юндэн өнөөх чулууг түшин сууж, Нансалмаа Юндэнг налан хажуулж, Юндэн баруун гараар Нансалмаагийн зүүн гарыг барьж, харилцан их амраг байдалтай байна.
Юндэн, Нансалмаагийн толгойг илэн байж дээгүүр уул усыг ажигласан янзтайгаар дуу эхлэхэд Нансалмаа хажуулдсан хэвээр түүний нүүр өөд ширтэн ажиглана.
Юндэн /зүүн уул өөд харж/:
Ногоорон харагдах уул нь
Номин эрдэнийн уул-аа
Ноён сайхан нуруунд нь
Хүүтэйгээ зугаалмаар уул –аа
Хадтай өндөр уул нь
Хангай дэлхийн үзэсгэлэн
Хажууд суусан хүү минь
Ганцхан миний баясгалан
гэж дуулж төгсгөхдөө Нансалмаа уруу харахад
Нансалмаа /цээжээ өндийж, ийш тийшээ бяцхан харж байгаад баруун уулыг ширтэж/:
Цэнхэрлэн харагдах уул нь
Чандмань эрдэнийн уул- аа
Цэцэрлэг сайхан ойд нь
Чамтайгаа цэнгэмээр уул- аа
Модтой сайхан уул нь
Монгол газрын чимэг-ээ
Ерөөлтэй учирсан хүү минь
Ёстой миний амраг –аа
гэж дуулж барахад
Юндэн /бяцхан инээмсэглэж Нансалмааг хөдөлгөн мөрөн дээр нь гараа тавьж ганц модыг харан/:
Хайлаас модны мөчир дээр
Харцага шувуу жиргэж байна
Ханилсан бид хоёр
Хамтрахын үгээн ярих уу даа
Уул ус нь тэгш бол
Жигүүртэн донгодох нь яруу
Уг сэтгэл нэг бол
Үг хэл найрамдуу
гэж дуулж Нансалмаа уруу харахад
Нансалмаа /нэлээд ичсэн байдал гарган/:
Зөөлөн салхи найгахад
Цэцэг навч ганхана
Цээжин дэх үгээ хэлээч ээ
Чихэнд аятай болов уу даа
Усанд живэх загас нь
Урсгалыг даган давхина
Урамтай үгээ хэлээч ээ
Угтаж хүлээн авья /гэтэл/
Юндэн /суниаж, Нансалмааг тэврэх шиг болоод/:
Сэтгэлийн амраг гэгч нь
Шижир алтнаас үнэтэй юм
Шилж түүнийг авах нь
Хямдгүй хэрэг дээ / гэж дуулмагц/
Нансалмаа /Юндэнгийн толгойг илж/
Үнэн сэтгэл гэгч нь
Энэхүү ертөнцөд ховор юм
Учирч түүнийг олох нь
Орчлонгийн дээр чухаг юм
Юндэн /хааяа уул ус уруу, хааяа Нансалмаа уруу харж/
Хоёр талын уул нь
Гоёмсог сайхан хосолжээ
Саруул сайхан дэнж дээр нь
Цагаан гэрээ барих юмсан
Намрын шар нар нь
Над дээр чам дээр тусна
Насан бага бид хоёр
Нийлэн суухаа төхөөр юү
Нансалмаа /Юндэн ба уул ус харж/
Эргэн тойрон уулууд
Үзэсгэлэнтэй сайхан газар аа
Өөрийн гэрээ бариач ээ
Өрхний чинь оосрыг татья
Ижил хоёр шувуу нь
Эелдэг дуугаа таньдаг юм
Эртхэн нийлж суугаад
Ангир шувуу шиг явья гэж дуулж барсны хойно, хоёул бие бие уруугаа харилцан их л бахтай янаг байдлыг гарган байх бөгөөд
Юндэн /Нансалмаагийн гарыг барьж/
Аав ээжид чинь хэлэх үү дээ
Ах дүү чинь юу гэх бол
Аян жинд явж
Авах юмаа төхөөрөх үү дээ
Нансалмаа /баяртай царай гарган/
Төрөл садан ч яах вэ дээ
Дуртай дургүй ч ялгалгүй
Чиглэсэн санаа чам дээр юм
Тэртэй тэргүй дагана даа
Юндэн /Нансалмаагийн зүг ширтэж/
Эцэг эхдээ хэлье дээ
Өмч хөрөнгөө авья даа
Хот газар очьё доо
Хуримын юмаа бэлтгэе дээ
Нансалмаа/Юндэнг таалж/
Гэр орноо төхөөр дөө
Гэргий авахаа бод доо
Хэтийн газар яв л даа
Хэрэглэх юмаа авчир даа
Юндэн /Нансалмаа руу харж/
Янагийн сэтгэл үнэнээр бол
Яагаад ч болсон нийлнэ дээ
Явж хурдан ирвэл дээ
Ямар ч саадгүй дээ
Нансалмаа /уярсан байдалтай/
Амраг сэтгэл гэгч нь
Алж /аргалж/ болдоггүй юм
Аяндаа түргэн явахыг
Өдөр шөнөгүй хүлээе.
гэж дуулсны дараа дуу бяцхан завсарлан, бие биесийг таалан янагласан байдалтай байх бөгөөд
Юндэн /Нансалмаагийн гарыг өвөр дээрээ тавьж/
Хайртай сэтгэл чиний тул
Хариад бушуухан ирье
Хамаг яриа тогтов
Гарахаас өмнө уулзъя / гэж дуулж босоход/
Нансалмаа /Юндэн уруу харж/
Миний сэтгэл чамайг гэсэн юм
Маргааш энд хүлээе
Морио унаж гараад
Намайг дайрч уулзана уу?
гэж дуулж, мөн босох бөгөөд Юндэн баруун тийш, Нансалмаа зүүн тийш одно. /Гэрэл унтарна. Бяцхан завсарлана/
Гэрэл дахин ноцоход Нансалмаа /мөнхүү чулууг түшин сууж, Юндэнг хүлээсэн янзтай байх бөгөөд Юндэн нөгөө талаас гарч ирнэ. Ирэхдээ богц юмыг барьж аянд явахыг шийдсэн байдалтай гарч ирнэ.
Нансалмаа /Юндэнг харж/
Амраг хүү минь ирэв үү дээ
Аяндаа явах нь энэ үү дээ
Аяараа үдэж гаргахад
Алаг нүд минь мэлмэрнэ
Юндэн /ирэх замдаа/
Хонгор хүү минь хүлээж байна уу
Хул морио сойгоод ррлээ
Хэдэн үгээ солиод
Хэтийн газар явья даа
гэж дуулж , Нансалмаагийн дэргэд сууна. Гэтэл
Нансалмаа /Юндэнгийн богцыг түшиж/
Хуримын юмыг төхөөрөхөд чинь
Хувьдаа баярлан яарна
Хот газар очиход чинь
Хоцроход хэцүү /л/ байна шүү дээ
Юндэн /Нансалмаагийн харцуйнаас татаж/:
Нийлж суухаа бодъё доо
Нэг хоёр сар шүү дээ
Намайгаа бодоод хүлээ дээ
Чамайгаа бодоод явъя даа
гэж дуулсны дараагаар
Нансалмаа /нэг аяганы алчуурыг гаргаж Юндэнд өгөх/
Аяндаа мэнд яваарай
Алсаас хурдан ирээрэй
Алаглаж оёсон алчуурт
Аягаа хийгээд зүүгээрэй.
Зүүгээд нийлүүлж оёхдоо
Зүрх сэтгэлээ барсан юм
Зүү хатгах бүрдээ
Зөвхөн чамайг бодсон юм.
Юндэн /алчуурыг авч/:
Мөшгөөд чимсэн алчууранд чинь
Мөнгөн аягаа хийе
Мөрөөдөж хүсэх сэтгэлдээ
Мөнх чамайгаа агуулъя
Хөх торгон алчууры чинь
Хондлой дээрээ зүүе
Холхи замын уртад
Хонгор хүүгээ бодьё
Нансалмаа /бас дахин Юндэнг ширтэж%:
Угалзлан эсгэж хийхдээ
Ур гараа гаргасан юм
Утас татах бүрдээ
Учирсан чамайг санасан юм
Эрээлээд оёсон алчуурыг
Эндэж битгий гээгээрэй
Эргүүлж үзэх бүрдээ
Энэхэн намайгаа бодоорой
Юндэн /өнөөх алчууранд аягаа хийж/
Урлаад оёсон алчууры чинь
Ууцан дээрээ зүүе
Үзэх харах бүрдээ
Энхрий чамайг дурсана
Шаглаад оёсон алчууры чинь
Сайхан авч явьяа
Санаа сэтгэл хоёрыг
Түүний дотор хадгальяа
гэж дуулж, аяганы алчуурыг бүсэндээ хавчуулах бөгөөд босоход
Нансалмаа/мөн босож/
Замдаа сайн яваарай
Зүдэрч ядрах болов уу даа
Жирийлгэн хүрч ирэхий чинь
Зүүд нойрондоо хүлээе
Юндэн /Нансалмааг түшиж/:
Мэнд явалгүй яах вэ дээ
Идэр залуу байна шүү дээ
Миний захих үг нь
Янагаа сахиж суугаарай
Нансалмаа /Юндэнгийн богцыг авч өгөн/
Өөрөө сайн яваарай
Өлсөж даарах бол уу даа
Үтэр түргэн ирэхий чинь
Өглөө үдэшгүй харуулдья
Юндэн /Нансалмааг тэвэрч/:
Уул өндөр боловч
Үүл нүүхийг хорихгүй
Газар хол боловч
Хоёр сэтгэлийг халхлахгүй
Нансалмаа /бяцхан нулимс унагаан, алчуураа гарган нүдээ арчиж/
Хойшоо зовох хэрэггүй
Хурдан ирэх хэрэгтэй
Хүрч ирсний дараа чинь
Хоёулаа нийлэн сууя
Юндэн /Нансалмаагийн алчуурыг авч аргадан/:
Алсын замдаа зүглэе дээ
Аль вэ хүүгээ үнсье дээ
Амраг гэдэг нь хэцүү юм
Алчуур дүүрэн нулимстай
гэж дуулж Нансалмааг үнсээд богцыг аван одно. Нансалмааг хойноос нь харуулдан зогсох бөгөөд Юндэнг далд ороход мөнхүү чулуун дээр суун нулимсаа арчин:
Хайртай сэтгэл зайгүй юм
Хагацах гэдэг нь хэцүү юм
Ханилсэн хүү минь далд оров
Харуулдаад хоцрохоос яах вэ дээ
Дассан сэтгэл гэдэг нь
Тасдаж болдоггүй гинж юм
Дахиж хэзээ уулзанам
Дагаад явах ч юмсан уу
Хос алаг нүдэнд минь
Хонгор зүрх минь үзэгдэхгүй
Хонгороосоо салсан зүрх минь
Хойноос тэмүүлэн гарах нь
гэж дуулж байгаад мууран унасэн мэт болон толгойгоо тэврэн мөнхүү чулууг дэрлэж, доош харан чимээгүй сууна.
Энэ үед уулын дээгүүр, Балган гарч ирэх бөгөөд буугаа барьж гөрөөс эрсэн байдлаар ийш тийш ажиглан явж ийнхүү дуулна.
Арын өндөр уул нь
Асар сайхан уул аа
Араатан гөрөөс сүрэглэж,
Агнахад бахтай уул аа
Өсөх бага наснаасаа
Өөрийн дураар явлаа даа
Хурдан морийг унаж
Хурц зэвсгийг барилаа даа
Бага залуу нас минь
Бадарч байгаа цаг л даа
Баатар эрэлхэг надад минь
Барс чоноос ч буцахгүй
гэж ийш тийш ажиглан байгаад дахин ингэж дуулна.
Үнэг чоно олон сон
Өдөр бүгд антай сан
Өглөө эрт гарсан сан
Өнөө яасан өдөр вэ?
Гөрөөс мөрөөс ч үзэгдэхгүй
Хүрнэ зурам ч дайралдахгүй
Хөлийн гарз болсон
Хаашаа уйтгартай өдөр вэ
Бүхэл өдөр аваад
Буу дуугаргалгүй буц юу
Булай ёр байгаа даа
Бургаас мургаасыг бууд юу
гэж дуулж баруун уулын бэл дэх хайлаас уруу буудахад чулуу түшин хэвтсэн Нансалмаа цочин өндийхөд Балган харж /дахин буудахыг завдсанаа байж/:
Араатан гөрөөс болов уу
Аль вэ хүн юм уу даа
Эзгэй хээр газарт
Элэнцэг нь энд байдаг юм бэ?
гэж дуулж Нансалмаагийн зүг очиход Нансалмаа айсан байдалтай зогсон хүлээж байх бөгөөд Балган Нансалмааг ширтэн инээж ийн дуулна:
Хүн явдаггүй газар
Хаанаас байгаа хүүхэн бэ
Гуа үзэсгэлэнг үзвэл
Хурмаст тэнгэрийн дагина уу
Урьд үзээгүй бүсгүй
Огторгуй тэнгэрээс заяав уу
Өв тэгш сайхны чнь үзвэл
Уул усны хувилгаан уу
Уулын гөрөөс олдохгүйд
Урамгүй явсан юмсан
Зол заяа ирэхэд
Лус охиноо хайрлав уу?
Нансалмаа /Балганы өмнөөс их харж/
Эрхэм залуу баатар
Эдэж ташаарч байна уу даа
Энгийн нэг бүсгүй
Энд явахад яадаг юм бэ?
Гөрөөчин анчин эрхэм минь
Хөндөлсөж зогсоод хэрэггүй
Хөдөөний нэг хүүхэн байна
Гөрөөс ангаа эр л дээ
Яасан егөөтэй хар хүн бэ?
Ядуу бүсгүйг үзээгүй юу
Ямар учир тоглоном
Явдаг замаараа яв л даа
гэж дуулж, шууд явах гэхэд
Балган /замыг хөндөлдөж зогсоод/
Нар шиг гэрэлтэй охин оо
Намайг юунд тэнсэнэм
Эртний хувь зохиолоор
Энд учрах ерөөл байжээ
Тэнгэр бурхан илгээсэн биз
Дээд орны дагина биз
Өчүүхэн намайг тоохгүй нь үү?
Орхиод хаашаа явнам
Сар шиг царайд чинь гялбаж байна
Сайхан өнгөнд чинь дурлаж байна
Саатаж энд сууж
Санаа сэтгэлийг хангана уу?
гэж дуулж Нансалмаагийн тохой дээрээс татахад
Нансалмаа /уурласан байдал гарган/
Эрэлхэг баатрыг чинь үзвэл
Эрхэм дээд хүн шиг
Ичгүүргүй аашийг чинь үзвэл
Эргүү мунхаг адгуус шиг
Айл аймгийн ах дүү бол
Ааш зангаа татна уу даа
Уул талын оргодол бол
Алс замаа хөөнө үү дээ
Харах царайгий чинь үзвэл
Хад уулын хулгайч шиг
Чамаас би айж байна.
Тавьж хурдан явуул
гэж дуулж бармагц, гарыг алдуулан гэнэт зугатаахад
Балган /ухасхийн, Нансалмааг барьж аваад ихэд чанга инээж/:
Ахынхаа гарын дор чин
Оготно хулганатай адилхан шүү
Ангүй өнөө явсан биш
Аваад чамайг явна даа
Бага жаахан охин чи
Балганы гараас гарахгүй
Гэртээ чамайг аваачаад
Гэргий болгож сууна даа
Эд хөрөнгө ч элбэг бий
Эхнэр авахыг эрсэн юм
Эеэр эс болбол
Эзний зарлигт хүргэнэ
гэж /Нансалмааг чирч зүүн уул уруу явна/
Нансалмаа /уйлах бөгөөд зүүн уулын хажууд Балганы гараас мултарч чадахгүй байх бөгөөд/:
Хүний арьсыг нөмөрсөн
Хээрийн галзуу чоно чи
Хүзүү толгой үргэлж байхад
Чи намайг боолчлохгүй
Омог зан чинь хэцүү ч
Ойртуулж намайг чадахгүй
Хэлэлцээ сүйтэй нөхөр бий
Хэчнээн ороловч тусгүй
Зэвхий царайгий чинь харахад
Зэрлэг араатан шиг үзэгдэнэ
Чиний чадал их ч
Миний зориг хатуу
гэж дуулж Нансалмаа зүтгэн зайлья гэвч Балган тавихгүй зууралдан байх үес зүүн уулын дээгүүр Хоролмаа гарч ирэх бөгөөд тэр хоёрыг хармагц, сэмээр гэтэн ойртоод “Балган яаж байгаа юм бэ?” гэж чанга дуугарахад Балган цочин айсан мэт болон Нансалмааг орхиж уулын чанад уруу орж нуугдана. Нансалмаа, Хоролмаа уруу нэг хараад доош харан дуугүй сууна.
Хоролмаа /Нансалмаагийн дэргэд хүрч ирээд ийн дуулна/
Хар хүнээ гаргаж өгөв үү
Харих замдаа завхайрч байна уу чи
Амраг гэсэн инь аль вэ
Амны хоосон үг үү дээ
Өөрийн эрээ явуулаад
Хүний эрийг эргүүлнэ үү?
Ичгүүр сонжуураа алдсан
Яасан муухай амьтан бэ?
Хоёр нийлсэн амраг гэсэн
Худал юм байж л дээ
Юндэнгээ хүрч ирэхэд нь
Нүүрий нь яаж харах вэ
гэж дуулаад /ичиж байна чи нүүртээ илэг наалгана уу/ хэмээн Нансалмаагийн толгойг өргөхөд
Нансалмаа /уурлан нударч аваад ийн дуулна/:
Зэрлэг чонотой таарсан
Золбин гичий ирэв үү чин
Зальхай Балганаа аваад
Зайлж түргэн өгөөч
Баавгай гөрөөс шиг Балган
Балмад хүүхэн та хоёр
Ариун нэрий минь бузарлаж
Алд биеийг минь зовооно уу
Үхэвч журамтай үхнэ
Өшөөлөөд та нар чадахгүй
Өлөгчин муусайн нохойнууд
Үтэр түргэн тонил
гэж Хоролмааг түлхэхэд Хоролмаа /Айсан хүн айл эвдэнэ, ичсэн хүн хүн ална” гэж чи бас надад хүрнэ гэнээ гэж давшилж Нансалмааг татан унагаахад Нансалмаа түүний хүчинд дийлэгдэн дуу алдан унахад Балган цаанаас гарч ирэн “Чи надад хамаагүй, миний эхнэрт чи юунд халднам” гэж Хоролмааг уулын хажуу уруу түлхэн унагах бөгөөд энэ завсар Нансалмаа босон харайн явах гэтэл Балган Нансалмаагийн гар дээрээс барьж аван “Чи одоо миний болсон” гэж чанга хэлж хөтлөн уулнаас буух үед хөшиг хаана.
ХОЁРДУГААР ҮЗЭГДЭЛ
Хөшиг нээмэгц зүүн уулын энгэр дээр
Нансалмаа /нэг чулуу сандайлан сууж баруун ба хойд уулын тийш байн байн ширтэж холын бараа харсан янзтай болоод уярсан байдлаар гиюүрч/ ийш тийш харан ийн дуулна/.
Өндөр уул дээрээс ширтэвч
Холын бараа харагдахгүй
Нулимастай нүд минь мэлмэрч
Янагийн зүрх минь тэмүүлнэ
Өдөр шөнөгүй хүлээвч
Сэтгэлийн хүү минь ирэхгүй
Учирч уулзахыг яарахад
Уушги элэг минь догдолно
Болжмор шувуу ч болоосой
Хоёр жигүүр ч ургаасай
Хойноос нь нисэж очоод
Хамаг зовлонгоо тоочих юмсан
Хоёр сар ч шахлаа даа
Хонгор хүү ч яав даа
Хүний гарт орлоо шүү
Хурдан ирж аваасай
гэж дуулж, алчуур гаргаж нулимсаа арчин, бас өндийн ширтэж ийн дуулна.
Хүссэн хүү минь харагдахгүй
Хэзээ ирэх нь сураггүй
Хойноос / нь/ явах чадалгүй
Хөөрхий би чинь яах билээ
Мангас махчин шиг хүн
Намайг авах гэж байна шүү
Санамсаргүй зовлонг
Санаандгүй явна уу чи
Зальхай жигшүүртэй Балган
Цаг ямагт эргүүлдэнэ
Зовниж хүссэн Юндэн минь
Зүүдэнд эс үзэгдэнэ
Балмад араатан шиг Балган
Бас хүрээд ирэх болов уу?
Оготно мэт би чинь
Одоо хайчих билээ дээ
гэж дуулаад нэг зэрэг санаа алдаж уруу харан
Чонын аманд орсноос
Зуурдын замыг хөөмөөр
Чамтайгай уулзалгүй үхэхэд
Даанч түвдэж чадахгүй
Уул ой дахь хэрэм нь
Анчин учрахаар бүлтэлзэнэ
Гачигдсан бүсгүй намайг
Ганцхан нулимс хөөрхийлнөм
/дээш харж/
Намрын хонгор салхи нь
Найган ганхан салхилна
Насан бага би чинь
Түүний дотор гасална
Галуу шувуу хүртэл
Ганганаж гунганаад буцаж байна
Хайрт амраг Юндэн минь
Харьж ирэхгүй яав?
гэж дуулан гуниглан ийш тийш ажиглан……………. баруун ба хойд уулын завсраар Дамдин алгуураар сүүмэлзэн гарч ирэх холын барааг Нансалмаа хараад нэлээд сэргэсэн байдалтай болж дээш босон:
Хоёр уулын хоорондох
Холын бараа юү вэ дээ
Юндэн минь үгүй болов уу
Яасан амархан явдаг юм бэ
Алтан замын дундах
Алсын бараа юу вэ дээ
Амраг хүү / минь/ ирнэ үү?
Адилхан ч юм шиг харагдана
гэж дуулаад малгай, дээлээ засан хөдөлж
Малгайн орой нь адилхан байна
Магад хүү минь ирлээ шүү
Миний нар ч гарлаа шүү
Мэнд уулзахын ерөөл байжээ
гэж дуулаад урагш алхалж даллан:
Нааша хурдан яваач
Нансалмаа чинь хүлээж байна
Намайг бушуухан аваач
Чамтайгаа түргэн харих юмсан
гэж дуулан тосож ойртоход Дамдин цаанаас бас ойртож ирэхийг Нансалмаа үзээд хараахан Юндэн бус мэт болоход цочих мэт болон урамгүйгээр ухран зогсоход Дамдин дэргэд нь ирж “Эр хүний заяа эзгүй хээр гэгчээр энэ бүсгүй чинь юу вэ? чи юунд дуудав, Яаж яваа хүн бэ? Гэхэд
Нансалмаа /айсан байдалтайгаар зогсож/
Би хүн андуураад дуудав
Хүрээнээс ирэх хүнийг хүлээсэн юм
гэхэд
Дамдин /ихэд гайхсан байдалтайгаар ширвэн харж/:
Тэгвэл би хүрээнээс явна
Ямар хүнийг хүлээсэн юм бэ?
Тэр хүн чинь хаа яваа юм бэ?
Нансалмаа /сулхан/
Хаа явааг мэдэхгүй
Манай нөхөр юм
Хүрээ ороод хоёр сар болж байна
Өнөө маргаашгүй ирэх болсон юм
Юндэн гэж нэг залуу хар хүн бий
Харин та тохиолдсонгүй биз дээ
гэхэд Дамдин толгой дохиж “Юндэн гэнэ ээ, Цэнд дархны Юндэн үү” гэхэд Нансалмаа сураг дуулах нь гэж санаж, баярласан янзтайгаар “Тийм, тийм, уулзсан уу?” Хаана явна вэ?” гэсэнд Дамдин муухай харж “Чи чинь Надмидын хүүхэн биз дээ? Балганы эхнэр болсон гэж дуулдах ч билээ. Юндэнгээр яах гэсэн юм бэ? Тэр хаанаас мөд ирэх юм бэ?” гэж ширэв татан өөр үггүй шууд зүүн уулын араар орон одно.
Нансалмаа /хэрдхийн хоцорч, даруй мөнөөх чулууг түшин сууж, уйлан ийн дуулна/
Холын барааг хараад
Хөлгүй баярлан гүйсэн минь
Харийн хүн болоод
Харин жигтэй яриатай
Сэжигтэй үг дуулбал
Сэр сэр бодогдоно
Саад тотгор тохиолдов уу?
Санаа сэтгэл нь хувирав уу?
Байсаар байсаар байгаад
Балганы эхнэр гэгднэм
Богтолж хэлэлцсэн хүү минь
Буцаж ирэхгүй болов уу
Талд хоцорсон янзага шиг
Тарилж үхэх нь энэ дээ
Залуу бага насны минь
Заяа ерөөл яав
Гэртээ хариад яах вэ дээ
Хэнийг гэж очих вэ дээ
Харгис Балганд баригдсанаас
Хээр үхсэн нь дээр дээ
Амраг хүүтэйгээ нийлэх гэж
Уул жалганд тэнүүчилнэ
Авилгач этгээдэд учирснаас
Араатан гөрөөсөнд идүүлье
гэж дуулан явж зүүн уулын нэгэн жалганд муужран унана. Гэтэл
Юндэн /баруун уулын дээгүүр ирэх бөгөөд Нансалмааг эрсэн байдалтай ийн дуулна/:
Аянаас ирэхэд
Амраг хүү минь үгүй шүү
Ах дүүгээс асуувал
Алга болсон гэнэ шүү
Үхэж үрэгдсэн бол
Өөрийн / нь/ хүүрийг үзэх юмсан
Хүнд дарлагдсан болбол
Хүч чадлаараа тэмцэх юмсан
Алаг нүдний нулимсаа
Арчин байж салсан юмсан
Ааш зан нь хувирсан бол
Арав таван үгийг солих юмсан
Холын газар явахад
Хүйтэн халуунд зүдэрсэн ч
Хурим найрыг хийгээд
Хүүтэйгээ жаргахыг бодсон сон
Хосгүй хоёр амраг
Холдож салах учиргүй сан
Хувь заяа дутахад
Ийм хэрэг болдог уу
гэж дуулан, уулан дээгүүр буюу урьд Нансалмаагаас салсан газраараа явж байгаад зүүн уулын ёроолд орж, хойд уулын зүүн талаар явчина.
Энэ завсар Нансалмаа мөн жалганд унасан хэвээр байх бөгөөд гэтэл зүүн уулын модон дотроос нэг зэрлэг гахай ирэн Нансалмаа дээр очиж эргэн тойрон шиншин, таван минут хэртэй болоод идэхийг завдахад Нансалмаа сэргэн цочин сандран өндийж, айн байх ба нэлээд байх үест Юндэн хойд уулын баруун дээгүүр гарч ирээд юуны урьд тэрхүү гахайг хармагц буугаа аван буудна. Гахай унмагц Юндэн буугаа барин хүрч ирэхэд Нансалмаа нэгд айсандаа хоёрт Балганыг ирэв гэж бодсондоо зугтана. Юндэн таниад “Нансалмаа, Нансалмаа” гэж дуудахад сая эргэн гэдрэг харан Юндэнг таниад гараа сарвайхад Юндэн яаран очиж тэврэн авна. Нансалмаа бас муужран унана. Түүнээс Юндэн газар сууж Нансалмаагийн цээжийг өвөр дээрээ түшүүлэн тавьж толгойг нь илэн үлээх бөгөөд Юндэн ийн дуулна.
Алга болоод олдохгүйд чинь
Амь тэмцэн явна шүү
Аглаг хээр газар
Яагаад хүрч ирэв
Гэр орондоо байхгүй
Хэл мэдээ орхихгүй
Хээр талд ирээд
Хэвтэж байх чинь юу вэ?
гэж дуулж Нансалмаагийн гарыг барихаар
Нансалмаа /уйлан/
Эргэж ирэхгүйд чинь
Элдвийн юм бодлоо
Энэлж шаналж гачигдахдаа
Ингэж хээр хэвтнэм
Хурдан нийлж суух гэсэн
Хоосон болохоос айв
Хавчигдаж цухалдахдаа
Хатуу зориглохыг шийдэв
гэж дуулахад:
Юндэн /гайхсан байдал гарган/:
Эцэг эх нь зовоов уу
Өвчин гамшиг тохиолдов уу?
Энэ тэр эргүүлдэв үү?
Эрээгүй надад хэлээч
Харь этгээд зовоосон бол
Хариу өшөөг авьяа
Хайртай хэвээрээ бол
Хад чулууг хагална гэхэд
Нансалмаа
Амраг чамайг явснаас
Айхтар зовлонд учирлаа
Арга ядаж хүлээхдээ
Уулан дээр ширтэн сууна
Гаргаж өгсөн өдрөөс чинь
Харгис хүн тохиодлоо
Гартаа оруулж авах гэхэд нь
Ганцхан чамайг харуулдлаа
Хэмээсний дараа харилцан тэврэлдэж нэлээд тайтгарсан байдалтай байх бөгөөд:
Юндэн /ийн дуулна/
Хоёр бие учирлаа даа
Хойчийн зовлон гайгүй биз дээ
Элдэв дарлах гэвэл дээ
Эр чадлаар тэмцэнэ
Амраг сэтгэл байвал даа
Уушги зүрх нэг шүү дээ
Уужим тавиун байгаад
Ургийн хэргээ гүйцэтгэе /гэсэнд/
Нансалмаа /баярын байдал гарган/
Учирсныг тоочвол
Ухаж авч үзээрэй
Чонын аманд хавьтуулахгүйг
Чи мэдэх хэрэгтэй шүү
Хүсэл сэтгэл чам дээр
Хүйтэн халуунд дагана
Өөрийн гэртээ аваачина уу
Одоо чамаас хагацахгүй
гэж Юндэн, Нансалмааг өвөр дээрээ суулган толгойг илэн хоёул:
Нийлсэн хоёр сэтгэл нь
Мянган лан алт шүү
Зайгүй хатуу нягтад нь
Зүүний үзүүр орохгүй
Алтан наран мандах нь
Агаар тэнгэрийн дэнлүү
Амраг хонгор хүү минь
Ёстой миний дэнлүү
гэж тэврэн суух бөгөөд
Нансалмаа:
Эгшин зуур хагацахад
Мянган жил шиг санагдана
Өлссөн хөөрхий сэтгэл минь
Чамайг үзэхээр цадна
Хас чулууны өнгийг
Харлуулж юу ч чадахгүй
Хайртай амраг хүнийг
Хагацуулж хэн ч дийлэхгүй
гэж дуулж байх үед тэр хоёрын хажуугаас Балган гэнэт гарч ирэн догшин байдлаар эсрэг хандан, муухай харан Нансалмаа уруу давшилж ийн дуулна.
Эрээд эрээд олдохгүй
Ингэж харин байна уу чи
Орчлон ертөнцийн дээр
Миний гараас гарахгүй чи
Энэ муу эрээ дагаж
Эзгүй хээр үхнэ үү чи
Худалдаад чамайг авсан ч
Хурдан бушуу явтугай
гэж загнахад Юндэн бяцхан өндийн муухай харж тэмцэлдэхийг бодсон янзтай байх бөгөөд
Нансалмаа /уурлан ийн дуулна/
Хүний арьсыг нөмөрсөн
Чонын толгой дуугүйгээр
Энэ хүнийг харж байна уу
Чамд дарлагдахыг өнгөрсөн
Бушуу түргэн далд ор
Хүний хажуугаас зайлж
Чонын сүрэгтээ нийл
харанхуйд Балган ухасхийн Нансалмаа руу дайрмагц Нансалмаа Юндэнгийн ар тийш бултана. Юндэн Балган уруу хөдлөхийг завдтал Балган хажууд байсан нэг модыг авч Юндэнгийн толгойг цохиход Юндэн унаж уулын хажуу уруу ойчино. Гэтэл Балган Нансалмааг барин авч, уйлуулан чирч одно. Түүнээс Юндэн уулын бэлд унаад ухаангүй хэвтэж байх бөгөөд энэ үед зүүн уулын араас Хоромаа хоёр хувин барьж алгуурнаар булаг дээр очиж ус аваад буцах замдаа Юндэнг үзэж цочин зайлмаар болсноо байж хувинтай усаа тавин түүний дэргэд очин “Юндэн, Юндэн , яасан? Мориноос ойчсон юм уу” гэж зүрхэн дээр нь дарж үзэхэд Юндэн өчүүхэн хөдөлж байхад:
Хоролмаа /даруй сууж толгойн шархыг нь өврөөсөө цагаан дурдан алчуур гарган боож толгойг нь өөрийн өвөр дээрээ тавьж ийнхүү дуулна/.
Эртнээс чамайг хүссэн сэн
Одоо учрахаа явсан сан
Ингэж уулзахыг үзвэл
Ерөөл заяатай юмсанж
Жавхлантай сайхан эр л гэж
Засаг хошуугаар хэлэлцсэн
Царай зүсийг үзвэл
Дамжиггүй үнэн юм л даа
Давхраатай хар нүдтэй
Тас цагаан шүдтэй
Дархан Цэндийн Юндэн чи
Давуу цэвэрхэн төржээ
Өслөг гуалаг нуруутай
Өргөн хар хөмсөгтэй
Өөрийн нутгийн Юндэн чи
Үлэмж сайхан төржээ
Бараагий чинь хараад бахархая юу
Царайгий чинь үзээд баярлаж байна
Ухаан орч сэргээч
Уг санаагаа илтгэе
Тавилан ерөөл байснаас
Тавтай сайхан уулзлаа
Дээшээ сэргэж босооч
Дурласан сэтгэлээ сонсгоё
гэж дуулаад Юндэнг хөдөлгөн ядах бөгөөд даруй аятайхан хэвтүүлэн босож нэг хувинтай ус авчирч түүний товчийг тайлж энгэрийг яран ус шүрших бөгөөд бас хажуугаар нь үнсэж байна. Гэтэл Юндэн алгуураар аан уун гэж ярагласаар сэргэж, нүд аниатайгаар дэрлэж хэвтсэн Хоролмаагийн гарыг барьж илэн мөнхүү “Нансалмаа” гэж дахин дахин тэмтрэх бөгөөд үүнд Хоролмаа их цочсон янзтайгаар дэмий л “Зүгээр зүгээр” гэнэ. Гэтэл Юндэн бүрмөсөн сэргэн өндийж Хоролмааг ширтэн “Та юун хүн бэ? Нансалмаа яасан бэ?” гэхэд
Нансалмааг би мэдэхгүй
Харин таныг энд ухаангүй
Хэвтэж байхад нь Би тэнхрүүлэн сэрүүлэв
Хэрэв жигшихгүй бол
Өчүүхэн надтай танилцах болов уу?
Би таныг хэдийнээс таних боловч ийнхүү
Нүүр учирч явсангүй
Та мориноос ойчсон буюу яасан бэ?
гэхэд:
Юндэн /талархан/
Та намайг сайн хүн бэ, хэрэв
Та намайг авран сэргээсэнгүй бол
Би эзгүй хээр газар
Аягүй бол үхэж үрэгдэнэ
Өөрийн сүйтэй хүүхэнтэй
Хамтран сууж байхад
Нэг үл таних хүнд
Санамсаргүй жанчигдав
Эрхэм бүсгүйн нэр хэн бэ? Гэр хаана вэ?
Хожим ачийг хариулья /гэхэд/
Хоролмаа / ихэд баярлан инээмсэглэх царай гарган ийн дуулна:
Учрал ерөөл байснаас
Уулзаж тохиолдсон нь энэ биз
Мууирсэн таныг сэргээх нь
Мөхөс миний сэтгэл ээ
Эрхэм хүн тантай
Ингэж танилцах хишиг байжээ
Доодын гэрт саатаж,
Тэнхээ тамираа сувилна уу? /гэхэд/
Юндэн /өндийж/
Эелдэг сэтгэлт охин таны
Энэрч үзсэнд баярлана
Гэр нэрээ хэлж өгнө үү
Хожим айлчлан очьё
Зөөлөн хөнгөн гараараа
Илж сувилсанд талархана
Эгч дүү мэт дотнолож
Ач тусыг хариульяа /гэхэд/
Хоролмаа /өмнө зогсон/
Самуун улсын гарт
Шархдаж унасанд түвдэхгүй
Сайхан өнгө чинь шарласанд
Сувилж засахыг хүсэж байна
Хас царайгий чинь харахад
Хайрлах сэтгэл өрнөж байна
Хамт манайд очиж
Халуун цай зооглоно уу ? /гэхэд/
Юндэн /маргаж/:
Учирч намайг сувилсанд
Ухаан санаа минь сэргэж байна
Уран сайхан ааший чинь
Уяран бахдан сүсэлнэ
Таныг дагаад явах юмсан
Танилцаж мэдэлцэж авах юмсан
Эхнэрээ олоод очих юмсан
Эгч минь та харсан уу /гэхэд/
Хоролмаа /бяцхан царай хувирч ийнхүү дуулна/:
Залхай этгээдтэй нийлж
Залуу чамайг мэхэлнэ
Богтолж авах гэсэн хүүхэн чинь
Балгантай нөхцөөд очсон шүү
Ийм сайхан эрд
Эхнэр хаана мундах вэ?
Ганц нэгийн хойноос
Гансарч зүтгээд яах вэ? /гэхэд/
Юндэн /цочсон мэт болж/:
Хоёр сэтгэл нийлсэн сэн
Хувиралтгүй шийдсэн сэн
Хол газар явахдаа
Хойш бодсонгүй сэн
Зальхай хүний хүч биз
Зан авир хувираагүй биз
Таны үгийг дуулахад
Дотор харанхуйлан давчидна
гэж ихэд цухалдсан янз гаргахад:
Хоролмаа : / түүний хормойноос барьж сөгдөн сууж ийн дуулна/
Аянд явсан өдрөөс чинь
Амраг сэтгэл хувирсан шүү
Өнжиж хонох бүрд
Өөр хүнд дассан шүү
Балган гэдэг хүн
Баян түшмэлийн хүү шүү
Эр чадал ч ихтэй
Эзэн ноёдод ч талтай
Санаагаа тайл л даа
Сайн бодож үз л дээ
Янаг амраг гэгч
Янзаар байдаггүй юм
Үнэн сэтгэл ч ховор юм
Өнгө мөнгөнд ч болдог юм
Үйл заяа ч хэцүү юм
Өөрийн сагаагаар болдоггүй юм
Шинэхэн ханилахын үед
Шимтэй сайхан амттай
Санамсаргүй байсаар
Сүү шиг хурдан гашилдаг юм
Янаг амраг гэгч
Эмзэг нь яах аргагүй
Ялигүй бяцхан хөндвөл
Эмтэрч эвдрэх хялбархан
Бадарч байгаа янаглал
Зүрхний дотор халуун
Буурч хувирах үедээ
Нүдний үзүүрт хүйтэн
Хатсан газрын хөрсөн дээр
Цэцэг ариун ургадаггүй
Харласан сэтгэлийн дотор
Алт цутгаад цайдаггүй
Орчлон гэдэг нь бөөрөнхий
Эргэж хувирч байдаг юм
Уяран гашуудах хэрэггүй
Ондоо зам байдаг юм
Залуу эр зоригтой
Чанга бодож яв л даа
Энэлж шаналж уйтгарлавал
Эгч чинь зугаацуулж үзье
Эцэг эх минь хөгшин
Эзлэх толгойлох хүнгүй
Энэ бие ганцаар
Одоо манайд оч л доо
Гэр орон ч холгүй
Хэтийн зам ч нарийнгүй
Хэзээний ерөөл байснаас
Хоёулаа уулзах нь энэ үү
Хоёр уулын хооронд
Хоёулан амраглан янаглаж…
Гэж босоход Юндэнгийн ханцуйнаас татан хөтөлж одно. Юндэн бяцхан ухарсан мэт боловч эргэн түүнийг дагаж одтол хөшиг хаана.
ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ
Зүүн уулын өмнө талд Нансалмааг мордуулж байгаа үзэгдэнэ. Түрүүнд Балган буу үүрсэн явах ба дараагаар нь Нансалмаагийн толгойг улаан юмаар бүтээж хоёр талаас сугадан авч явна. Хойноос / нь/ хоёр эр хүн явах бөгөөд Нансалмаа уйлан гэдрэг тэмүүлэн байна. Түүнээс тэд зүүн уулын хойгуур тойрон хойд уулын араар далд орж үгүй болно. Замд Нансалмаагийн хоёр талд яваа хүүхний нэг нь:
Хадамд очдог нас шүү
Хайлж уйлаад яах вэ
Хан хүний хүү шүү
Хатан болох нь та шүү дээ
Сайн хүний хүү юм шүү
Сайхан төрсөн эр юм шүү
Санаа сэтгэл хоёр инь залган
Нансалмаа дээр болсон юм шүү
Зөв харж инээ л дээ
Буруу харж уйл л даа
Эрд очих гэгч чинь
Энэ насны жаргал шүү
Угсаат хүний хүү юм шүү
Урьдаас чам дээр сорголсон юм
Учирсан нөхөр хэн гэх вэ?
Ухаан санаандаа бодоорой
Ард нь яваа дагасан хоёр хар хүний нэг нь:
Уйлаан майлаан болж байна
Унд хоол нь болоогүй байна
Эртхэн аваачиж өгөөд
Идэж уух юмсан даа
гэж инээлдэн дуулж явна. Бас нөгөө нь:
Бэр хүргэх бэлэгтэй
Бялхаж халгих хуримтай
Бийр нийлүүлэх жинтүүтэй
Дээгүүр доогуур хүслэнтэй
гэж инээлдэн дуулж явна. Яаралгүйгээр хойд уулыг даван ормогц олон хүний дуу гаран инээлдэж, баяр бололцон байх бөгөөд найрын чимээ сонстож, нэг хэсэг болоход Юндэн зүүн талаас гарч ирж Нансалмаагийн хойно явж байгаа мэт энэ үед тайзны гэрэл шөнийн байдалд болоход мөнөөх найрын дуу хөгжим намхран дан ганц зөөлөн хуурын дуу гарахад:
Юндэн / ийн дуулна/
Хайрт залуу хоёр
Халуун сэтгэлдээ татагдаж,
Хойно хойноосоо эрэлцэхийг
Харсан хүн уярна
Хос хос нүд нь
Хоёр бие дээрээ тусч
Хоёр амраг зүрх нь
Бие биедээ тэмүүлнэ
Амраг сэтгэл цавуу шиг
Аргагүй салах нь цахилгаан шиг
Үүнийг нарийвчлан бодоход
Сэтгэл заавал эвдэрнэ
Мөрөөдсөн хүмүүс учрахад
Мөс боловч хайлмаар
Дурласан хүн салахад нь
Чулуу боловч хэмхэрмээр
Санасан хэрэг болзошгүй
Санаатай юм тохиолдоно
Сайхан бүсгүй ирэв
Санаа сэтгэлийг бусниулав
Уран үгтэй хүүхэн ээ
Уруул хацар нь хөөрхөн өө
Ертөнц гэдэг бөөрөнхий
Янаг сэтгэл хувирдаг
Хуурчийн шүлэг:
Хоёр уулын үзэсгэлэн
Хүн бүхнээ гоёмсог
Хосолсон амрагийн үг
Бие биедээ урамтай
Сар шиг өнгө/тэй/ охин
Нар шиг гэрэлт эр
Намрын тунгалаг өдөр
Зэрэглэн суух нь гоёмсог
Агуу сайхан нэр
Гэгээн гэрлээ тусгана
Алтан сайхан дэлхий дээр
Хоёр янаг баясна
Намрын салхи зөөлөн
Янагийн үг цэвэрхэн
Ярьж хэлэлцэхийг нь сонсоход
Хэн ч сэтгэл хөдөлнө.
Үзэсгэлэнтэй төрсөн Нансалма
Өөрийн хошуундаа хайрлагджээ
Үнэхээр түүний сэтгэл
Ганцхан хүн дээр шийдсэн сэн
Хос амраг зайгүй ч
Гурвалжин болоход нь будлиантай
Янагийн үлгэр гэгч
Ингэж эхэлдэг ажээ.
Холбож ёслохоор шийдсэн юмсан
Хайртай амраг хүүгээ
Харийн хүнд алдаад
Хойд уулын энгэр дээр
Ганцаар юунд гуниглана
Хэлэлцсэн яриа яасан бэ?
Хэдэн үгээ солих юмсан
Албадаж намайг аваачив уу
Ааш зан чинь хувирав уу
Хатуу зориг чинь байна уу
Гараад ирж уулзана уу
Хоёр сэтгэл хэвээрээ бол
Гал уснаас халшрахгүй
Уулын цаанаас
Нансалмаа:
Уулын оройгоос дуулж байна уу
Ухаан санаа сэргэж байна уу
Учирч уулзахыг хүсэж байна уу
Улсын нойрсохыг хүлээе
гэж дуулан байтал, мөн хойд уулын баруун талаас Хоролмаа гарч ирэв. Юндэнгийн дэргэд очиж:
Хэний хойноос хараа вэ?
Хүний хүнээс ичихгүй юү
Гэр орондоо тогтохгүй
Хээр гүйх чинь юү вэ?
Юндэн:
Харийн хүн аваад явахад
Хар нүд минь хашгирна
Харамсах сэтгэл багтахгүй
Голт зүрх минь гарах нь
Алтан нар далд ороход
Дахиж үзэхгүй гэж мэдэрч
Амраг янагт автаж
Ертөнцөөс салахыг шийдэв
Өндөр уулын дээр гарахад
Холын /бараа/ харагддаг юм
Өөрийн хэргээр сууж байна
Өөр бусдад хэрэггүй
Хоролмаа:
Өнгөрсөн юмаар яах вэ
Өөр замыг бод л доо
Ингэж суугаад хэрэггүй
Үгэнд минь эрхгүй ор л доо
Юндэн:
Ижил хоёр шувуу
Дуу дуугаа таньдаг юм
Замын хоёр хүн
Зүг зүгтээ явдаг /юм/
Хоролмаа:
Санаа сэтгэл нь хэвээрээ бол
Салж хаанаас явах вэ
Эргэж тойроод яах вэ
Эртхэн замаа эр л дээ
Уулын цаанаас Нансалмаа гарч ирнэ. Түүнийг Хоролмаа хармагц, уулын ард нуугдан орно.
Юндэн /Нансалмаатай учирч ийн дуулна/
Ижлээс салсан ангир
Эргэлдэн тойролдон ганганана
Энхрий чиний хойноос
Элэг зүрх минь эмтэрч байна
Нансалмаа:
Хойноос ирэхгүй болоход чинь
Хорлогдсон гэж бачимдав
Хослон дуудах хоолойг чинь
Холоос сонсоод баярлав.
Юндэн:
Торонд орсон болжмор шиг
Тогтож ядахыг чинь өрөвдөв
Хадмын хар гинжнээс
Хэрхэн мултарч ирэв
Нансалмаа:
Шөнийн харанхуй болоход
Журмаар эцэслэхийг бэлтгэв
Өнийн ерөөл байснаас
Чамтайгаа бас учрав.
Юндэн:
Уулын орой дээр гарч
Амь тэмцэн харуулдав
Амраг хүү минь хүрээд ирэхэд
Арав таван үгээ солив
Нансалмаа:
Бүрий баруй болж байна
Бүлэг од сүүмэлзэж байна
Бүрмөсөн хагацах энэ үү
Бодож санах юмгүй юү
Юндэн:
Орчлон ертөнц харанхуйллаа
Олны хөл нь татарч байна
Олж бид хоёрыг чадахгүй биз
Одоо хоёулаа явья
Нансалмаа:
Алсын замаар явья даа
Амраг хүүгээ дагая даа
Сэтгэлийн зовлон хэцүү юм
Шийдсэн сэтгэл чам дээр шүү
/оргон явна/
Хоролмаа босон, уул даван одно. Удалгүй Балганы хамт хэдэн хүнийг дагуулан Юндэнг барих гэж явна.
Нансалмаа:
Төрсөн нутгаас ангижрахад
Дотор балсдан /балардан/ харанхуйлна
Түмэн замын бэрхэд
Чамтайгаа явьяа
Юндэн:
Хангай орноо орхиод
Харийн газар тэнүүчилье
Амьдрах үхэр шороо
Аль газар би гэнэм
Нансалмаа:
Гэрэлтэй байсан уул
Сүртэй аймшигтай үзэгдэнэ
Гийж байсан сэтгэл
Түг түг түгшинэ
Юндэн:
Саруул сайхан хөндий
Хав харанхуй болов
Сайхан бодсон хүсэлд
Саад болох юмгүй дээ
гэж дуулж явтал гурван хүн гүйн гарч ирээд хүч хавсран Юндэнг барьж занчина. Нансалмаа , Юндэнд туслахыг бодовч Балган чирж, уул даван одно. Үлдсэн хоёр хүн Юндэнг занчаад мөн явна. Мөнөөх модон дотор Юндэн хүлээтэй хэвээр хавчин байж ийн дуулна.
Хайлаас модон дээр
Харцага шувуу жиргэхэд
Хайрт амраг хүүтэйгээ
Хамтрах үгээ ярьсан
Хамаг бодис найралдахад
Хоёр сэтгэл ч бахтай сан
Харин эцсийн өдөр
Тантайруулан хүлэгдэхийг санасангүй
Эзгүй хээрийн газар
Ингэж үхэх цаг байжээ
Эр байж дээ
Өшөө хариугаа авах сан
гэж дуулж толгой унжуулан байтал, уулын зүүн сугаас
Хоролмаа /гарч Юндэнгийн дэргэд ирээд ажиглан ийн дуулна/:
Хасын чулууг хагалбал
Хамаг үнээ алддаг юм
Хайрласан үгэнд орохгүй бол
Хар толгойд чинь тохиолддог юм
Эргүү мунхаг болж байна чи
Эр чадал чинь аль вэ?
Эмийн хойноос явсаар
Ингэж байхдаа ичихгүй юу
Энэрч хайрласан сэтгэлээс
Эргэж чамайг ирсэн /юм/
Нансалмааг авах чинь өнгөрсөн шүү
Надтай суувал дээр шүү дээ
гэж дуулан Юндэн шазуур /зуун/ дургүй байдалтай байна.
Хоролмаа уурласан байдалтай гэнэт ханцуйнаасаа хурга гаргаж Юндэнг дүрэх байдалтай очоод Юндэнгийн хүлээсийг таслаад Хоролмаа, Юндэнгийн гараас барьж одно.
Хуурчийн шүлэг:
Амраг янаг гэгч
Аль чхүнд байдаг юм
Алт мөнгөөр цохиж
Авахад бэрхтэй нь үнэн ээ
Хайртай амраг гэгч
Хагацах нийлэх нь болзоогүй
Харж суугчдын дотор
Бас ч тийм биз
Хоёулаа нийлээд явахад нь
Хүсэл санаа хангалттай
Хот газар одоход нь
Хүний сэтгэл эвдэрмээр
Халуун хүйтний зовлонг
Хамтаар үзэх нь журамтай
Хоёр биеийг холбож
Хэзээ жаргал юм бол доо
Түмэн лангийн амрагт
Нэг цэнгийн тусламжгүй
Түүнийг зовоогч этгээдэд харин
Хүн бялдуучилна
Хоёр хүн нийлсэн сэн
Дөрвөн хүн болов
Хэн хэнд зохицохыг
Хэрхэн одоо мэднэ
ДӨРӨВДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ
Хөшиг нээмэгц, тайзны дотор тунгалаг сайхан өдрийн байдалтай байна.
Юндэн /зүүн уулан дээр шанаагаа түшин сууж ийн дуулна/.
Алтан нарны гэрэл
Арван зүгт цацарна
Агуу сайхан туяанд нь
Амраг хүү минь үзэгдэхгүй
Алс харахад уужим
Амьсгал дотор цухал
Амьд мэнд явбал
Учрахын ерөөл бий болов уу.
гэж дуулж байтал цаанаас
Хоролмаа / сэмээр гарч ирэн Юндэнгийн өмнө очиж ийн дуулна/:
Үүлээр нисэн ирэвч
Амраг чамд олдохгүй
Өдөр шөнөгүй хүлээвч
Сэтгэл санааны гарз
Мянганы газар харуулдавч
Янаг хүн чинь ирэхгүй
Мах яс чинь хайрангүй юу
Ямар ч заяа байхгүй биз
гэж дуулахад
Юндэн:
Алс харуулдахыг минь хориглоно биз
Амраг сэтгэлийг минь хорихгүй биз
Эргүүлж саатуулж чадавч
Үүрд хувируулж чадахгүй
гэж дуулахад:
Хоролмаа:
Мэргэн ухаан чинь самуурсан биз
Мэдэл санаа чинь төөрсөн биз
Үйл зовлонг эдэлсэн шүү
Өрөвдөж чамайг хайрлана
гэж дуулахад
Юндэн:
Олс дээсээр холбосон ч
Хутга хайчаар тасалдаг юм
Нийлсэн хоёр сэтгэлийг
Илд жадаар салгахгүй
гэж дуулахад
Хоролмаа:
Хутга мэсийг гаргасангүй
Хар санааг агуулсангүй
Хайрлах энэрэхдээ хэлсэн юм
Харьж суувал дээргүй юү
гэж дуулж суухад:
Нансалмаа / хойд уулын дээр ирж ийн дуулна/:
Шөнө харанхуй үес
Аялгуу дуу жихүүн
Сэтгэлийн хүнээс салахад
Зүрхэнд хутга орсон шиг
Оргож бүгж гарав
Ой модоор тэнэв
Хөх тэнгэр гэгээрэв
Хөөрхий хүү минь олдохгүй
гэж дуулахад
Юндэн /тэр зүг ширтэн/:
Тунгалаг сайхан өдөр
Түмэн бодис баясна
Түүний сайхан цэнгэлийг
Хэзээ бид амснам
Огторгуйд байгаа одыг
Унагаж буулгаж болохгүй
Онцолж зохицсон сэтгэлийг
Огтолж бас чадахгүй
гэж дуулахад Хоролмаа уурлан: “яах гэж гиюүрсэн юм бэ? Яв эртхэн” гэж Юндэнгийн гараас чангаахад Юндэн уурлаг “яасан ч чамд хамаагүй” гэж гарыг даллан хүчтэйгээр түлхэхэд Хоролмаа уулын ар уруу өнхрөн унана. Юндэн даруй босож Нансалмаа руу очих гэтэл хойд уулын араас
Балган /гарч ирэн Нансалмаагийн дэргэд сууж, -ийн дуулна/
Хүсэл сэтгэл дамжигтай ч
Хөх хадгаар нийлүүлсэн шүү
Төрийн ёсыг дагавал
Түмэн баяр гүйцэлдэнэ шүү
Цагаан гэрийн дотор
Улаан энгэсэг түрхэж
Торго магнагийн дунд
Дураар цэнгэхийг бодохгүй юу?
гэж дуулахад Юндэн Нансалмаа уруу очих гэснээ түр зогсон зүүн уулын баруун хойд хажууд гайхан байх бөгөөд Балганы хариуд
Нансалмаа /ийн дуулна/
Тэн тэнгүй ачаа
Тэмээ малын зовлон
Тэнцүүргүй амраг
Сэтгэл санааны зовлон
Харлаг царайг чинь үзэхэд
Хамаг бие минь жихүүцнэ
Хэзээ ч намайг авахгүй шүү
Хэтийн замаа бод л доо
гэж дуулахад
Балган:
Тэнцүүр үгүй ачааг
Даашин олсоор тэнцүүлдэг юм
Дэнсэлж догдолсон сэтгэл
Тэгсээр байгаад тогтдог юм
Эрх мэдлээ өгье
Эцгийн хөрөнгийг тушааяа
Өвдөг дор чинь явьяа
Өчүүхэн надтай суугаач ээ
гэж дуулахад:
Нансалмаа:
Уул шиг алт ч хэрэггүй
Өчүүхэн амраг хэрэгтэй
Янагийн хооронд битгий ор
Явдаг газраа тэнүүчил
Алсын зоригоо бодно
Алтан амиа бодохгүй
Авилагч муухай аашилбал
Алалцаж байгаад үхнэ
гэж Балганыг түлхсэнд Балган хойд уулын ар уруу өнхрөн унана. Түүнд Юндэн цочих мэт болон бяцхан өндийхөд:
Нансалмаа :/инээмсэглэн баяртайгаар ийн дуулна/:
Шөнийн сүрхий салхинд
Шугуйн навч унав
Сэтгэл зүрх минь сэрчигнэж
Чиний хойноос тэмүүлэв
Хүний гарт орон алдлаа
Хүзүү толгой салан алдлаа
Хүүтэйгээ уулзахыг санасангүй
Хурдан нааш ирнэ үү
гэж дуулахад Юндэн босож Нансалмаагийн дэргэд очиж гараас нь барихад Нансалмаа баярласан бахадсан янзтайгаар түүнийг түшинэ.
Юндэн /ийн дуулна/:
Намрын хонгор салхи нь
Найган ганхан салхилна
Намайг чамайг зовоосон
Яасан сүрхий орчлон бэ?
Нансалмаа:/хариуд/:
Алтан нар мандаж
Дэлхий дахиныг гийгүүлсээр
Аяа бид хоёр
Түүний дотор зовсоор
гэж дуулахад:
Юндэн:
Энхрий чамайгаа хүсэхэд
Элэг зүрх минь эмтэрнэ
Ингэж хааяа уулзахад
Энэрэлт чам уруу тэмүүлнэ
гэж дуулна.
Нансалмаа:
Харгис хүн хэцүү ч
Халуун сэтгэлийг халхлахгүй
Халдах түрэмгийлэх нь хортой ч
Хайртай хүү минь хувираагүй
гэж дуулж Юндэнг тэврэхэд Юндэн түүнийг тэвэрч үнсэн тэр хоёр хэвээд нэлээд удаан болж салцгаасны дараа Юндан, Нансалмаа хоёр хослуулан:
Нарны элчгүйгээр
Навч цэцэг ургахгүй
Алтан сайхан гэрэлд чинь
Өчүүхэн бид хоёр амраглана
Урьхан хонгор салхинд нь
Уулын ногоо ганхана
Удаж уулзсан бид хоёр
Уушиг тэнийж баярлана
Хөх тэнгэр цэлмийж
Хөвөн үүл хөвсийхөд
Хүсэж мөрөөдөлцсөн бид хоёр
Хослон явалцах нь сайхан аа
Уудам талд өссөн сөн
Уужим газар дассан сан
Огцом зовлонгоос гэтлэв үү дээ
Одоо хоёул харья даа
гэж дуулж сугадалцан уулнаас бууж явтал гэнэт уулын баруун талаас Балган, иХоролмаа хоёр хүн дагуулан Нансалмаа, Юндэн хоёрыг эрсэн янзтай гарч ирэх бөгөөд тал талд тархан орж одно. Гэтэл нэг хүн ирж энд байна гэхэд Юндэн барин авч ноцолдон дийлнэ. Удалгүй Хоролмаа ирэхэд Юндэн уурласан байдалтайгаар өндийхөд Хоролмаа айн зайлж одно. Бас даруй нэг хүн ирж мөн ноцолдон дийлж байтал, Балган ирж дороо хийж занчихад Нансалмаа даруй Балганы ард байсан хутгыг сугалан авч дүрэх гэтэл Балган босуут хутгаа аван Юндэнг дүрэн ална.
Юндэн өнөөх урьдын чулууны дэргэд унана. Хоёр хүн “Чи юунд амины хэрэг гаргав. Маныг хэрэгт холбогдуулав. Чамайг албаны газар хүргэж, бид хэргээс гарна” гэж туслахыг байж , харин түүнийг барин хүлж авч одоход Балган аргүй болж хөтлөгдөн явах замд “Нансалмаа надад хэрэггүй” гэж чанга дуугаар хоёр гурав дахин хэлж одно.
Хоролмаа айсан мэт болж “Юндэн надад хэрэггүй” гэж мөн чанга дуугаар хэдэнтээ хэлж зугтан одно.
Нансалмаа ганцаар сандран хоцорч Юндэн дээр очиж уйлан бархиран эргүүлж хөрвүүлэх ба нүд зүрхийг дарж үзэх бөгөөд нэгэнт үхсэн болоход ихэд гашуудах байдал гарган түүний хажууд сөгдөн сууж энэлэгтэй янз гарган толгойг нь илж уйлан:
Хайртай амраг хүү минь
Ганцхан намайг гэсээр
Хайран амиа алдахад
Гашуудан гашуудан барахгүй
Эрээлэн ганхах цэцэгт
Өвлийн хүйтэн дайсан аа
Ижилгүй хоёр амрагт
Өшөөт хүн эрлэг ээ
Орчлонт ертөнцийн нар нь
Олон хүнийг баясгуулна
Орой үдэш шингэвч
Өглөө дахин мандана
Өчүүхэн миний нар нь
Өнөө өдөр эцэслэв
Үүрд дотор минь харанхуй
Энэ насан хэрэггүй
Дассан чамаас салахад би
Талд хоносон янзага шиг
Дэлхий дахины дээр
Түвдэж оршиход бэрхтэй
Ихэмсэг сайхан уулын хажууд
Энэхүү хуучин чулууны дэргэд
Эхний өдөр баясгалантай асан
Эцсийн өдөр гаслантай аж
Ижлээсээ хагацсан шувуу
Эргэлдэн тойрох нь энэрэлтэй
Эрээс салсан намайг
Өрөвдөх хүн байна уу
Хосгүй, адилгүй эр ёи
Хоёргүй дагасан эм би
Холбох нийлэхийн заяагүй бол
Хоёул үхвэл баяр бас
гэж дуулж сүүлчийн бадгийг эхлэхийн үед Юндэнгийн цээж уруу шаалттай хутгыг сугалан авах бөгөөд дуулж төгсгөхөд зүрх уруугаа шааж унана.
Хөшиг хаана.
ТӨГСӨВ.
.Лочин “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ”-Н
ТУХАЙД ГУРВАН САНАЛ
ЭнэхҮү гайхамшигт зохиолыг тал талаас нь задлан үзэж, нягталсан бүрэн судалгааны зүйлс одоогоор хараахан үгүй ч эрдэмтэн мэргэдээс ямар нэгэн хэмжээгээр судлан үзэж, шинжилсэн нь бий. Гэвч энэ бүхнийг нарийвчлан үзвэл зарим нэгэн ээдрээтэй зүйлс, буруу ташаа ойлголт мэр сэр байх мэт. Энэ талаар өөрийн саналыг өгүүлье.
1.Нэр, тооны тухайд
“Учиртай гурван толгой” гэж Д.Нацагдорж зохиолоо яагаад нэрлэв ээ? Энэ талаар одоодоо нэг мөр болж тогтсон саналгүй байгаа нь зөвхөн энэ нэрийг гадаад хэлээр янз янзаар орчуулан буйгаас ч тодорхой байна.
Их зохиолчийн амьдрал, уран бүтээлийг хорь гаруй жилийн турш судалж байгаа. Б..Содном энэ нэрийг “Үйлийн гурван толгой” гэсэн домогтой холбохын зэрэгцээ “Д.Нацагдоржийн намтар зохиол”-доо “Монгол хэлний зүй тогтлын ёсоор авч үзвэл “Учиртай гурван толгой” гэж газрын нэр ч байж болно. Эсвэл хүмүүсийг ёжлон заасан төлөөний нэр ч байж болох юм. Одоо хүртэл дан анхны нэрээр ойлгодог явдал буруу биш. Гэвч дубурийн дотор голлон гарах Юндэн, Нансалмаа, Балган гурвын дүрээр эсрэг тэсрэг ангийг төлөөлүүлсэн тул учиртай гурван толгой болж байгаа юм гэж ч бас л болно” гэжээ. Б.Содном гуайн энэ салаар бол хоёр хувилбар гарч байгаагийн 1-рт газрын талаас 2-рт гурван гол баатрын талаас нэрлэсэн байж болох нь ээ. Гэхдээ чухам аль нь вэ гэдгийг тодотгосонгүй. Иймд аль алинаар нь байж болоход хүрч байна. Өөрөөр хэлбэл хэн юу л гэж бодно түүгээр л бол гэсэн ойлголт гарахад хүрч байна. Гэтэл их зохиолч маань ийм хоёрдмол, бүдэгрүүлсэн, уншигчдыг “чулуу хөөлгөх” зүйл бичдэггүй.
Түүний зохиол бүр, өгүүлбэр бүр, үг бүр нь маш тодорхой, хэн ч яаж ч мушгимгүй байдгийг бид цөм мэднэ. Иймээс зохиогч маань яагаад ингэж нэрлэв? үнэхээр хэн. Дуртайгаараа ойлгоно биз гээ юу? Эсвэл бид бодож өгсөн нэрийг нь гүйцэд ухахгүй, өөр юм ярин будилсаар байна уу?
Үүнд би өөрийн ажигласны хирээр хариулахын тулд зохиолын эхэнд тайзны засал ямар байхаар бичсэнийг нь үзье. “Хөдөө газар, зүүн баруун хоёр хажууд хоёр уул, зүүн талынх нь ногоон гэрэлтуссан хадтай уудам, баруун талынх нь цэнхэр гэрэл туссан модтой,… тайзны ар талд нэг урт уул….” Гэж бичжээ. Зохиолын бүх үйл явдал энэ уулын орчим болдог учраас энэхүү газраар нэрлэсэн гэж ч үнэхээр болох мэт. Юндэн, Нансалмаа хоёр:
“Ногоорон харагдах уул нь
Номин эрдэнийн уул аа
Хадтай өндөр уул нь
Хангай дэлхийн үзэсгэлэн …
Цэнхэрлэн харагдах уул нь
Чандмань эрдэнийн уул аа
Модтой сайхан уул нь
Монгол газрын чимэг ээ гэж тайзны зүүн, баруун талд буй хоёр уулыг харьцуулдаг. Мөн
Хоёр талын уул нь
Гоёмсог сайхан хосолжээ гэсэн ч бий. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл баруун, зүүн хоёр уулыг цэцэг жимстэй, монгол нутгийн чимэг болсон үзэсгэлэнт сайхан уул болох тухай гарч байна. Гэтэл гурав дахь уулыг “Тайзны ар талд нэг урт уул… бий гэж хэдхэн үгээр гаргажээ. Энэ уулыг гэрлийн ямар нэгэн өнгөөр ялгасангүй. Ой мод, хад чулуу, цэцэг жимстэй гэж тодотгосонгүй. Тэгээд ч ийм, тийм гэж энэ уулыг Юндэн, Нансалмаа хоёр шагшин магтаж дуулаагүй байна. Энэ хэсгээс үзвэл тайзан дээр хоёрхон л уул байгаа юм шиг, гуравдахь уулыг гаргасан нь илүүц болсон мэт санагдахаар байна. Гэвч дуурь, жүжгийн нэг онцлог өвөрмөц тал бол тайзан дээр гаргаж тавьсан бүхэн өөр өөрийн үүрэгтэй байдаг бөгөөд тайзан дээр нэг буу гаргасан бол түүгээр заавал буудаж байж л “дуусах ёстой”. Тэгэхлээр энэхүү гуравдахь урт хар уул ч өөрийн зориулалттай бөгөөд энэ нь
“Арын өндөр уул нь
Асар сайхан уул аа… гэсээр
Уулын дээгүүр Балган гарч ирэх бөгөөд зохиолд бичсэнээр гуравдахь уулын идэр нэгэн бяцхан агуй ба агуйд нэг булаг урссан байдаг. Хоролмаа энэхүү булгаас ус авч яваад Юндэнтэй учран “Одоо манайд оч л доо, гэр холгүй энд…” гэж хэлдэг. Тэгэхлээр Хоролмаагийн гэр энэ л гурав дахь уулын орчим байх нээ? Балган, Нансалмааг эхнэрээ болгохоор богтлон авч явахдаа “…. Тэд зүүн уулын хойгуур тойрон хойд уулын араар тойрч, далд орж үгүй болно. Ингээд хойд уулыг давж ормогц олон хүний дуу гаран инээлдэж… найрын чимээ сонсогдоно. Энэ бол Балганыд болж буй найр. Түүний гэр хойд уулын тэнд байгаа нь тодорхой.
Одоо л зохиолч тайзан дээрх гурван уулыг өөр өөрөөр дүрсэлсэн нь өөрийн учиртай болох нь тодров.Юндэн, Нансалмаа хоёр зөвхөн баруун зүүн хоёр уулыг л харж сайн сайхныг хүсэж мөрөөдөж дуулдаг нь ч бас зохиолынх нь бус бололтой. Мөн гуравдахь урт хар уул үзэсгэлэнт хоёр уулын дунд байгаа нь ч бас л нэгийг бодогдуулж байна.
Энэ бүхнээс дүгнэн үзвэл:
1-рт зохиолч “учиртай гурван толгой” гэж зохиолоо нэрлэхдээ зөвхөн гол баатраараа нэрлэсэнгүй. 2-рт мөнхүү нэрийг өгөхдөө үйл явдал өрнөж буй гурван уулаа ч тусд нь авч нэрлэсэнгүй. Харин гурван баатар гурван гурвуулаа хооронд нь холбож нэгийг нөгөөгөөр төлүүлэн дорно дахины утга зохиолд эртниы уламжлалтай арга билгийг хэрэглэхийг ………. Болгон нэрлэжээ. Өөрөөр хэлбэл зохиолын гол баатар болон үйл явдал өрнөж буй гурван уул бол хоорондоо салшгүй нэгдэл, амьд холбоотой бөгөөд уул нь хүн нь уулаа төлөөлсөн нэг зүйл бол дээрх баталгаанаас харагдаж байна. Тэнд “толгой” гэсэн үгийн утгыг давхар шил….. баатруудынхаа хувь заяаны ээдрээтэй байдлыг тусгахын үүднээс “учиртай гурван толгой” нэр үүсчээ гэж бодно.
Яг энэ хэсэгт канондсон материал хагас гарсан учраас орхилоо…….
….Үзэсгэлэнтэй төрсөн Нансалмаа
Өөрийн хошуундаа хайрлагджээ
Үнэхээр түүний сэтгэл
Ганцхан хүн дээр шийдсэнсэн гэсэн нь ойлгомжтой бөгөөд Юндэнд чиглэсэн болохыг бид мэднэ. Юндэнгийн сэтгэл ч мөн адил Нансалмаа дээр чиглэснийг бид маргахгүй ч хуурчийн шүлгийн энэ хэсэгт Юндэнгийн сэтгэлийн талаар өгүүлсэнгүй, ганцхан Нансалмаагийн сэтгэлийн талаар гарч байна. Гэтэл үүний дараа шууд залгаад,
Хоёр хоёр амраг зайгүй ч
Гурвалжин болдог нь будлиантай
Янагийн үлгэр гэгч
Ингэж эхэлдэг ажээ” гээд дуусч байна.
Үүнээс үзвэл Нансалмаагийн сэтгэл шийдсэн “ганцхан хүн дээр” бас нэгэн өөр хүний сэтгэл /Хоролмаа/, мөн шийдэн гурвалжин болжээ гэсэн санаа зүй ёсоор төрж байна. Үүнийг тодотгох бас нэг баталгаа бол Нансалмаад “Хоролмаа Юндэнг маань юу болгоод байна даа? гэсэн бодол төрж, тэгээд ч
“Сайхан бүсгүй ирэв
Санаа сэтгэлийг бусниулав
Уран үгтэй хүүхэн
Уруул хацар нь хөөрхөн
Ертөнц гэдэг бөөрөнхий
Янаг сэтгэл хувирдаг…” гэж сэтгэл доноголзон байсан. Тэгэхлээр Хоролмаагийн тухай байж таараа. 2-рт “хуурчийн шүлэг” гэж нэрлэн оруулсан оруулбар бүхий 3-р үзэгдэлд Балган ерөөс гарахгүй байгаа бөгөөд Юндэн, Нансалмаа, Хоролмаа нарын явдал энэ үзэгдлийг бүрэн эзэлж байна. Ингэхлээр зохиолч маань зохиолынхоо энэ хэсэгт Нансалмаа, Юндэн, Хоролмаа гурвыг “гурвалжин” болж байгаа юм шүү гэсэн санааг хуурчийн шүлэгтээ тодотгон оруулснаар зайгүй хосын дунд гуравдахь хүний будлиан үүсгэн “янагийн үлгэр эхлүүлж” зохиолын үйл явдал улам өрнөсөөр туйлдаа хүрч байна.
Энэ бүхнээс үзэхэд “Учиртай гуравт” маань Нансалмаа, Юндэн, Балган нарын зэрэгцээгээр Хоролмааг мөн багтаан оруулсан бөгөөд зарим судлагч нарын үзэж байгаа шиг “Хоролмааг” гэсэн тоондоо оруулсангүй гэх арга алга.Тэгэхлээр “Учиртай гурван толгой” “биш” “дөрвөн толгой” болж байна уу ? гэсэн асуулт гарна. Үүнд хариулах хариу гэвэл, зохиогч маань эсрэг талын хоёр баатраа нэгтгэн нэгэн тоонд багтаасан нь тайзны арын урт хар уулын орчим хоёулангийнх нь гэр байгаа, энэ хоёрын үйл ажил хар уул шигээ ижилхэн хар байгаа, “юндэн над хэрэггүй” , “Нансалмаа” над хэрэггүй гэж хоёул ив ижилхэн үгийг зохиолын тайлал хэсэгт давтан хэлж буй зэргээс харагдах болов уу.
2.Хоролмаа чухам хэн бэ?
Б.Содном “Д.Нацагдоржийн намтар зохиол”-доо … Хоролмаа угаасаа харц ардын ангийн хүн боловч өөрийн ашиг сонирхлын үүднээс хоёр ангийн төлөөлөгчийн аль алинд нь адилхан үйлчилж, тогтворгүй хүн бөгөөд энэ гурвын дагуул, замын хань…”, “Харц ард гаралтай Хоролмаа баримталсан чиггүй, хоёр ангийн төлөөлөгчийн аль алинд ч үйлчилдэг явдал түүний төөрөлдсөн, мэдлэггүйг харуулжээ” хэмээн тодорхойлон бичжээ. Өөр нэгэн зохиогч “дашдоржийн Нацагдорж” гэсэн бяцхан номонд “Нацагдорж хүний чанарыг ямар нэгэн хэлбэрээр товойлгохыг эрмэлздэг. Үүнд Хоролмаа хэдийгээр овжин, зальхай, худал, хуурамч, эрээ цэргүй боловч чиглэсэн зорилго, сэдсэн хэрэг, шийдсэн бодлоо биелүүлэхэд юунаач шантрахгүй, тэмцэх чадалтай, тэмцэлдээ янз бүрийн арга ухаан сийлж, байдал нөхцөлд зохицох чадалтай” гэжээ.
Мөн Д.Цэнд “Монголын уран зохиол” номондоо “Хоролмаагийн амьдралын ганц хүслэн бол Юндэнг өөртөө авах хэрэг бөгөөд….”, “Хоролмаа санасандаа хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй….” гэж бичсэн байна.
Хоролмаагийн талаар бас бус хүмүүс өөр өөрийн бодол санаагаа товч төдий боловч хэлж байсан нь бий. Зөвхөн дээрх ишлэлээс ч үзсэн Хоролмааг янз янзаар үнэлсэн байна. Нэг нь түүнийг “баримталсан чиггүй” гэж байхад нөгөө нь “чиглэсэн зорилго …. Шийдсэн бодлоо биелүүлэхэд юунаас ч шантархгүй хүн” гэжээ. Үүнийг түр орхиод Хоролмаа үнэхээр харц ард гаралтай хүн үү?, үгүй юу? гэдгийг үзье.
1.Эх зохиолд:
“доодын гэрт саатан
Тэнхээ тамираа сувилна уу” гэж Хоролмаа Юндэнд хэлдэг.
Нх зохиол, энд дурдсанаас өөр Хоролмаагийн гэр орны байдал, түүний гарал язгуурын талаар бичсэн нь үгүй болой. Эндээс “доодын гэрт” гэгчийг ядуу доод гэж ойлгож болох мэт авч үнэн чанартаа ярилцагч хүнээ хүндэтгэхийн үүднээс “өчүүхэн намайг”, “дорд намайг”, “ядуу би”, “Таны боол” гэхчилэн бичиж ярьдаг уламжлал бий бөгөөд Нацагдорж “доодын гэрт” гэсэн үгийг мөн ийм утгаар хэрэглэсэн гэхэд үгүй гэх газаргүй. Нөгөөтэйгүүр,
“Эцэг эх минь хөгшин
Эзлэх толгойлох хүнгүй
Энэ бие ганцаар
Одоо манайд оч л доо гэдгийг авч үзвэл 1-рт Хоролмаа ханилсан хань бүлгүй ганцаар байдаг, 2-рт эцэг эх өтөл настай, 3-рт иймийн тулд манайд очиж гэр орныг минь тэргүүлэн амьдраач гэсэн байна. Үүнээс үндэслээд Хоролмааг харц ард гаралтай, ядуу эмэгтэй гэж шууд батлан хэлэхийн үндэс алга. Яагаад гэвэл , ангийн гарлаас үл хамааран хэн ч гэсэн өтөл насны босгыг алхдаг. Мөн ханилсан ханьгүй ганцаар яваа эмэгтэй бүр заавал ядуу байх ёсгүй. Түүнчлэн хөгшин настай эцэг эх бүр ядуу зүдүү байх нь хууль биш. Энэ бүхнээс үзвэл Хоролмаагийн ангийн гарал одоогоор тодорхойлогдсонгүй. Тэр аль ч ангийн хүн байж болно. Тэгэхлээр бид зохиолын сэдвээс Хоролмаагийн ангийн гарлыг тодорхойлохыг оролдъё. Балган ноён Нансалмааг чирч явахыг үзсэн Хоролмаа,
-“Балган явж байгаа юм уу гэж чанга дуугарахад” Балган айж, Нансалмааг орхин нуугддаг. Зохиолын үйл явдлаас үзвэл Балган Хоролмаа хоёр урьд нь танил болох нь харагддаг. Тэгэхлээр Хоролмаа Балганыг дээд ангиас гаралтай болохыг мэднэ. Ийн эзэн Балгантай Хоролмаа эн чацуу ярьж, Балган түүнээс айн тэвдэж байгааг үзвэл, жирийн харц эмэгтэй ноён хүнтэй ийнхүү харьцаж байх уу гэсэн асуулт зүй ёсоор нарна. Мөн Хоролмаа эхлээд Юндэнтэй уулзаж, түүнийг өөртөө татан авах итгэл дүүрэн байсан эхэн үедээ түүнийг “Та” гэж хүндэтгэсэн дүр үзүүлэн өнгөн хуурамч сайхан зан гаргаж байснаа хүссэн хүсэл биелэхгүй нь мэдэгдэж эхлэхэд “…. Эргүү мунхаг болж байна уу, чи” , “Ингэж байхаа ичихгүй юү , чи”, “ яах гэж гиюүрсэн юм бэ? Эртхэн яв” гэх зэргээр Юндэнг загнах байдал гаргадаг. Ийм үг хэлж буй Хоролмааг харвал бусдыг захирч, загнаж, өөрийн үгэнд оруулж сурсан, тийм байдалд дассан хүний авир төрх харагдана. Одоо Хоролмаагийн үзэл санааг авч үзье.
“Сайхан эрд
Эхнэр хаана мундах вэ?
Ганц нэгийн хойноос
Гансарч зүгшрээд яах вэ?”, сэтгэл гэгч “өнгө мөнгөнд болдог юм” ,” баян түшмэлийн хүү учир Балган чадал ихтэй”, “Эзэн ноёдод талтай хүн” гэх мэтээр ярьдаг бөгөөд эндээс юуны өмнө мөнгө , эрх тушаалаар юуг ч худалдан авч болно. Өнгө, мөнгөтэй хүн л чадалтай гэсэн феодал, ноёлогч ангийн бэртэгчин үзэлтэй хүн болох нь харагдаж байна.
Нацагдоржийн зохиолын дүрүүд хэв шинжит чанарыг гүнээр тусгасан байдаг бөгөөд харц ядуу эмэгтэйчүүдийн дунд иймэрхүү үзэл бодолтой хүн хэрэв байсан бол, маш цөөн бараг үгүй хэмээн хэлж болох бөгөөд их зохиолч маань амьдралын нийтлэг биш зүйлийг дөвийлгэн үзүүлдэггүй билээ. Харин дээдэс язгууртан гэгдэх ангийхны дотор өнгө мөнгө эрх тушаалаар мулгуйдах явдал жирийн үзэгдэл байсан нийтлэг зүйл. Тэгэхлээр Хоролмаа, Балганы нэгэн адил энэ ангийг төлөөлөн гарч байна. Эрх танхи байдал, ордны эрээ цээргүй завхай зайдан үгэнд дассан хүн л “Эгч чинь зугаацуулаад өгье”, “Эр хүнд эхнэр хаана мундах вэ?”, “Надтай суувал дээр шүү” гэхчлэн ярихаас биш, харц ядуу ард эмэгтэй хүн, тэр тусмаа феодалын нийгмийн хүлээсэнд дарагдан, эрд богтлогдон очихоос өөрийг бараг мэддэггүй байсан эмэгтэйчүүд ингэж ярина гэж үү” Үгүй байхаа .
Зарим судлагчид , Хоролмаа хоёр ангийн аль алинд нь үйлчилдэг гэж үзэж байна. Гэтэл тэрээр ноёлогч ангийн төлөөлөгч Балганд үйлчилж, түүнд туслаж үүгээр далимлан өөрийн хүслийг гүйцэлдүүлэх гэж хар амиа бодон зүтгэхээс биш, харц ардын ангид үйлчилж, тусалж байгаа нь зохиолоос харагддаггүй. Юндэнг асарч сувилж байгаа зэрэг нь бол ардын ангид тусалж байгаа биш, далдын , хувийн сонирхолтойг маргахгүй биз. Мөн Хоролмаа чхам ямар ангийн хүн болохыг хариуулах бас нэгэн зүйл буйг хойно өгүүлнэ.
II.Одоо Хоролмаагийн насны тухай асуудлыг сөхье. Ихэнх хүмсийн дунд Хоролмаа бол Юндэнгээс олон эгчмэд, авгай гэсэн ойлголт байдаг. Хөдөө нутгийн зарим клубт уг жүжгийг тоглохдоо Хоролмааг хижээл авгай болгон гаргаж байсан ч гэж ярьдаг. Хоролмаа үнэхээр ийм настай байсан уу? Эх зохиолд үнэхээр ийм настай байсан уу? , “Эгч дүү мэт дотно”, “эгч минь та харсан уу?” гэхчлэн Хоролмаад ханддаг. Хоролмаа ч гэсэн “Энэлж шаналж уйтгарлавал эгч чинь зугаацуулж үзье” гэж Юндэнд хэлдэг удаа бий. Энэ бүхнээс үүдээд л Хоролмаа бол Юндэнгээс эгчмэд хүн гэсэн бодол төрдөг бололтой. Гэтэл Юндэн маань “эелдэг сэтгэлт охин…”, “ яасанч чамд хамаагүй” гэж Хоролмаад бас хэлдгийг ор тас мартаж болохгүй. Хоролмаа ч мөн адил Юндэнг “Та” гэж байх нь олонтаа. Юндэн ухаан сэргэлэн, юу хэлж ярихаа мэддэг хүн байтлаа нэг хүнийг “эгч минь”, “эелдэг охин” гэж хутган нэрлэх гэж үү. Эсвэл зохиогч маань анзааралгүй ингээд биччихэв үү. Миний бодоход аль аль нь биш байх. Харин “эгч” , “охин” гэсэн үгийг хүндэтгэл юм уу, егөөдөл, ёсорхлын үүднээс хэрэглэсэн бололтой. Ер нь монголчуудын дотор настай, эгчмэд хүн өөрөөс дүү хүнд сэтгэлтэй болох хүсэх нь төдий л түгээмэл нийтлэг зүйл биш билээ. Энэ талаас нь чүзсэн Хоролмаа Юндэнгээс эгчмэд байх ёсгүй санагдана. Хоролмаагийн дүрийг ямархуу царай зүсийн хүн болохыг гаргасныг Нансалмаагийн үгнээс ишлэн авснаас үзсэн ч залуу хүнийг санагдуулна.
III.Хоролмаа үнэн сэтгэлээсээ Юндэнд дурлаж байсан уу? гэдгийг үзье. Зарим судлаачид Хоролмаа Юндэнд дурлачихаад энэ дурлалынхаа сайхныг үзэхийн тулд сайн муу бүхнийг хийж байна гэж үзсэн нь бий. Муужран унасан Юндэн дээр ирсэн Хоролмаа,
“Жавхлант сайхан эр гэж
Засаг хошуугаар хэлэлцсэн
Царай зүсийг нь үзвэл
Дамжиггүй үнэн юм даа
Дээшээ сэргэж босооч
Дурласан сэтгэлээ сонсгоё “ гэснийг үзвэл урьд Хоролмаа Юндэнтэй нүүр учирч яваагүй ажээ. Харин Юндэн гэж үзэсгэлэнт сайхан эр бий хэмээн засаг хошуугаар шагшран хэлэлцдэгийг олж сонссон байна. Тэгээд царай зүсийг нь үзээгүй ч гэсэн түүнийг хүсэж явсан аж. Ийнхүү учирвал Юндэн үнэхээр үзэсгэлэн төгс байсан учраас “дурласан сэтгэлээ сонсгохыг” хүсч байна. Учирч уулзахыг хүсч байсан Юндэн нь:
“давхраат хар нүдтэй
Хас цагаан шүдтэй,
Өслөг гуалиг нуруутай
Өтгөн хар хөмсөгтэй байгаагүй бол Хоролмаа “дурласан сэтгэлээ сонсгох” байсан уу, үгүй юү, Зохиогч энд Юндэнгийн царай зүс, биеийн байдлыг зураглан үзүүлсэн нь 1-рт Юндэн ямар байрын хүн болох, 2-рт энэ л үзэсгэлэн нь Хоролмаагийн сэтгэлийг татсан юм гэдгийг тодруулан гаргахын үүднээс энэ бүхнийг Хоролмаагийн үгээр зураглан гаргасан нь сонирхол татаж байна. Мөн “эртнээс чамайг хүссэн сэн” гэж байгаа нь Хоролмаа зөвхөн сургаар л Юндэнг сонирхож байсныг харуулна. Учир нь тэр хоёр нүүр учирч яваагүй дээр өгүүлсэн. “Анхны харцаар дурлах” гэдэг хэдий ховорхон ч хаяа байдаг аж. Харин “анхны сургаар дурлах” гэж байх уу даа. Энэ бол дурлал биш зөвхөн шохоорхол, өнгө зүсний сайханд дуулианаар унаж, түүнийг өөрийн болгох гэсэн аминчхан хүслээс өөр юу ч биш билээ.
Балганд цохиулан ухаан алдаж унасан Юндэнг Хоролмаа асарч сувилан босгож буй модон дотор хүлээстэй байхад нь суллаж буй зэрэг нь Юндэнг хайрласандаа бус зөвхөн өөрт нь сэтгэлгүй хүнийг өөрийн болгох гэсэн хүслээ биелүүлэхээр оролдож буй нь билээ. Хоролмаа чухам хэн болох тэр үнэхээр Юндэнд үнэн сэтгэлээсээ дурлаж байсан эсэх, ямар ангийг төлөөлсөн хүн болохыг нь Д.Нацагдорж зохиолынхоо төгсгөлд маш тодоор гаргасан байна.
“Юндэн над хэрэггүй” гэж хэд хэдэн удаа хэлэн одно” гэж Хоролмаагийн тухай бичсэн энэ хэсгийг аваад үзье. Балган ч гэсэн бас л ялгалгүй “Нансалмаа над хэрэггүй” гэж хэлдэг. Балган, Хоролмаа хоёр бол амьдралын аливаа асуудлыг түүний дотор хайр сэтгэлийг ч өнгө мөнгө, зарлиг тушаалаар авч эдэлж болно гэсэн ойлголттой хүмүүс болохоороо хэн хэний нь хүсэж байсан тэр “Юндэн , Нансалмаа хоёрыг өөр, өөрийн болгох гэсэн” зүйл яагаад ч гүйцэлдэхгүй болохыг мэдмэгц, хоромын зуур тэр бүхнээсээ татгалзан зайлж байна.
Энэ бүхнийг тодруулсаны эцэст Хоролмаа чухам хэн болж байна вэ гэвэл 1-рт Хоролмаа бол дээр иш татсан судлаачдын үзэж байгаа шиг “харц ард ангийн хүн хараахан биш ажээ. 2-рт “Хоролмаагийн амьдралын ганц хүслэн бол Юндэнг өөртөө авах хэрэг бөгөөд…. “энэ” шийдсэн бодлоо биелүүлэхэд юунаас ч шантрахгүй тэмцэх чадалтай…. “ эмэгтэй биш бөгөөд Юндэнд сургаар “дурлаж” энэхүү “дурлал” өөрийг нь ямар нэгэн хэрэг төвөгт холбогдуулахгүйгээр байгаа нөхцөлд л Юндэнг өөрийн болгох гэж “янз бүрийн арга ухаан сийлж” байгаа боловч хүн амины хэрэг гарч өөрт нь аюул тулгаран ирэхэд” байдал нөхцөлд зохицох чадлаа” гаргаж Юндэн “над хэрэггүй” гэж хэлэн зугатаж байна. 3-рт Хоролмаа бол Юндэнгээс эгчмэд биш, царай зүсээр гэвэл Нансалмаагийн үгээр “сайхан хүүхэн” бөгөөд энэхүү үг ямарч л гэсэн Хоролмааг үйлдэж хийж байгаа шигээ “хар царайтай” гэх арга алга. 4-рт судлагч Д.Цэндийн саналаар “Хоролмаагийн дүр нэг талаар өрөвдмөөр …. өрөвдөх учир нь” тэрээр Юндэнд үнэн сэтгэлээсээ дурласан боловч яагаад ч уг дурлалын аз жаргалыг үзэхгүй зовж байгад оршино” гэх нь хараахан хоомойдсон мэт.
Нийгмээс гадуур хүн гэж байдаггүй болохоор хүн бүр тухайн нийгмийн үйлдвэрлэлийн харьцааны бүтээгдэхүүн байдаг. Энэ нь Хоролмаад ч ялгалгүй хамаарна. Тэрээр феодалын нийгмийн бүтээгдэхүүн, ноёлогч ангийн төлөөлөгч, өөрөө дуртай ч дургүй ч тэр л ангийнхаа эрх ашгийг хамгаалагч бөгөөд ангийнхаа нүүр царайг санаатай санамсаргүй алин боловч өөрийн үйл ажлаараа илтгэн тольдон тусгагч нь юм.
Ерөөс бие хүнийг ангиас нь салган “эзэнгүйдүүлэн” үзэж болохгүй нь мэдээж бөгөөд тэр нь заавал аль нэгэн ангид үйлчилж, хамаарагдаж, өөрөө хүссэн хүсээгүй тэр л ангийнхаа эрх ашгийг хамгаалж байдаг.
3.Эх зохиол, хувилбар хоёрын тухайд
1934 онд Д.Нацагдоржийн бичсэн эх, 1943 онд засварласан хувилбар хоёрын талаар оносон, алдсаны нь талаар жижигхэн тэмдэглэлийн төдийхөн биш олон зүйл бичиж болох авч би дав даруйд яримаар санагдсан хэдхэн зүйлээр хязгаарлав..
Энэхүү өгүүллийн эхэнд өгүүлснээр зохиолч маань тодорхой учир утга агуулан гаргасан гурван уулыг, хувилбарт “мод , ус, цэцэг, навч үзэсгэлэн төгөлдөр… ижил гурван уул” болгосон нь анхлан зохиогчийн гаргасан үндсэн санаатай огтоос нийцэхгүй байна. Хувилбарт энэ гурван уулыг өөрчлөөд байхын шаардлага огтоос үгүй билээ. Өөрчилснөөр зохиолын нарийн учир холбоо алдагдсанаас өөр юм алга.”Настай ард, Нансалмаад цэцэг бэлэглэн…” гэж хувилбарт бичсэн нь гайхал төрүүллээ. Эх зохиолд он цагийг тодотгон бичээгүй ч гэсэн хувьсгалаас өмнөх үеийн явдал гэдэг нь хэнд ч тодорхой байдаг. Хувилбарт он цагийг мөн тодотгоогүй ч ардын хувьсгалд нилээд ойртуулсан юмуу, тэр л үеийн явдал бололтой гаргасан. Гэвч энэний алинаар нь ч авч үзсэн “настай ард” залуу эмэгтэйд цэцэг бэлэглэдэг байсан гэж үү Энэ нь зохиол өрнөж буй цаг үеийн ёс заншилтай зохицохгүй, хүнд үнэмшигдэмгүй хиймэл зүйл болжээ. Тэр цагт цэцэг өргөдөг байлаа ч гэсэн хувилбарт заавал нэмэн оруулаад байхын шаардлага алга. Нансалмаа, бэлэгт цэцэг авснаар дүр нь тодрох юм уу, өөр ямар нэгэн холбогдол, үр дагавар гарахгүй өнгөрч байна. Хувилбарт Юндэнг Балганы талын хоёр хүн Хоролмаагийн гэрийн гадна хүлээж байгаад цохин унагааж буй нь Юндэн, Балган нарын хоорондын зөрчлийг эх зохиолд байснаас мохоон, үйл явдлын өрнөлийг хүчээр сулруулан хиймэл байдалтай болгосон байна. Мөн хувилбарт Юндэн Хоролмааг багалзуурдан авах, амыг нь таглан дарж байгаа зэргээр гаргасан нь Юндэнгийн дүр байдал, зан төрхийг тодотгож байгаа биш харин ч муутган бүдэгрүүлэх, хоёрдмол ойлголт өгөхөд хүрсэн байна. Эх зохиолд Юндэн Хоролмаатай харьцахдаа ая тал засан долигонохгүй хирнээ, цээжиндэх хилэнгээ гадагш гаргахгүй, биеэ барьж, төлөв төвшин байдалтай байдаг. Энэ нь Юндэнгийн зан төрхөд тохирч, дүрийг тодруулж байгаа билээ. Нансалмаагийн дүрийг аваад үзсэн ч эх зохиолд байсан шигээ. Феодалын нийгмийн бурангуйн эсрэг, толгой өндийн тэмцсэн эрэлхэг зоригтой эмэгтэйн шинж байдал нь буурч, идэвх суларч эргэн тойрны үйл явдалд ойртсон байна. Энэ нь олон зүйл дээрээс харагдаж байгаагийн заримыг дурдвал:
“… Уулын оройгоос дуулж байна уу
Ухаан бодол сэргэж байна уу
Учран уулзахыг хүсч байна уу
Улсын нойрсохыг хүлээе” гэж Юндэнд дуугаараа мэдэгдээд шөнө болсон хойно оргон очиж байсан Нансалмаа, хувилбарт
“Торонд орсон болжмор шиг
Одоо би яах билээ?
Хүний гарт орлоо шүү
Хурдхан ирж аваасай гэж Юндэнгээс туслалцаа гуйн суухад хүрчээ. Мөн Юндэн дээр оргон ирсэн Нансалмаа,
“Бүрмөсөн хагацах нь энэ үү
Бодож санах юмгүй юү? хэмээн Юндэнд тулган, нутгаасаа оргон явах санааг хайрт хүндээ сэдэж өгөн, хоёул оргон явдаг бол хувилбарт Юндэн өөрөө очиж Нансалмааг чөлөөлөх гэж байгаад бүтэлгүй, баригдаж байна. Эх зохиолд Нансалмаа Балганы өөдөөс мэс хүртэл барих тэмдэг бол хувилбарт Балганыг ялж буйг “ажиглан харж үлдэнэ” гэжээ. Юндэн, Нансалмаа хоёр зүүн баруун хоёр уулыг харан “Ногоорон харагдах уул … “ , “Цэнхэрлэн харагдах уул…” гэж дуулдаг бөгөөд энэ нь цаанаа нарийн учиртай байсан бол хувилбарт энэ бадгийг ор тас орхисон байна. Үүнийг хассанаар эх зохиолоосоо юугаар сайжирч байгаа юм бол? Тэгэх тусмаа “Цэнхэрлэн харагдах” гэдэг ардын дуу болчихоод, үүнийг дуулж чаддаггүй, мэддэггүй хүнгүй шахам байхад хасаад байхын хэрэг юу байв аа. Энэ дашрамд бас нэгэн зүйлийг ч хэлэхэд Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолын талаар ярих, түүнийг аль нэгэн талаас нь судлах гэвэл Д.Нацагдоржийн өөрийн нь гараар бичигдсэн тэр л зүйлийн тухай ярих хэрэгтэй санагддаг. Яагаад гэвэл хэдийгээр 1943 онд засварлан сайн болгосон гэгддэг ч бид Ц.Дамдинсүрэнгийн зохиолын тухайд ярих биш билээ. /Засварласан хувилбарыг театрт тоглох бол өөр асуудал юм. Ийн тоглох нь гарцаагүй гэдгийг маргах газаргүй. Учир юун гэвээс театрын хөгжлийн дагуу орчин үеийн дуурийн хэлбэрт оруулан засварлах нь цаг үеийн шаардлагаар урган гарч ирсэн юм.
Гэтэл Д.Нацагдоржийн уран бүтээлийг хорь гаруй жил судалж байгаа Б.Содном гуай ч хүртэл Балганы дүрийн тухай бичихдээ хувилбараас иж татсан байх нь гайхалтай. Юу нь гайхалтай вэ гэвэл? Тэр хэсгийг Д.Нацагдорж бичээгүй болохоор түүнд тохоож болох уу даа. Харин Д.Нацагдоржийн бичсэн тухайд биш, театрт өнөөдөр тавигдаж байгаа “Учиртай гурван толгой” дуурийн талаар, түүний баатруудын дүрийн талаар ярьж байгаа бол хувилбараас иш татах нь зүйтэй билээ. Гэтэл энэ зааг ялгааг гаргахгүй, хооронд нь холин хутгаж байгаа нь зохилтой биш юм.
Э.Оюун
Д.НАЦАГДОРЖИЙН ЖҮЖГИЙН ЗОХИОЛЫН
ЗӨРЧЛИЙН АСУУДАЛД
Ямарваа жүжгийн зохиол нь юуны түрүүнд сэдэв , драмын зөрчил, зохиомж, сөргөл ялгаа /контраст/ бүхий дүр хүмүүс тэдний сэтгэхүй, хоорондын ярианаас үүсэх үйл хөдлөлөөр бүх зүйлээ гаргадаг ажээ. Зохиолд орох хүмүүс, тэдний яриа үйлдэл, зөрчилдөх, эвлэрэх, хэсгүүдийг тодорхой журам, дэс дараатай байрлуулан, дүрүүдийн нэгдэл, зөрчлийг зөв хэмжээлэн бүрдүүлж баймааж сая хүмүүст зохиолынхоо санааг ойлгуулдаг байна. Бас зохиолч, өөрийн хэлэх гэснээ уншигч, үзэгчдэд бүрэн хүргэхийн тулд зохиолынхоо доторх хүмүүсийн ааш, төрж байдал, амьдралын үзэгдэл, юмсын ойлголтыг бие биеэс нь онцлон гаргаж, эрс тэсээр, сөргөл ялгаагаар үзүүлдэг нь уран сайхны арга юм.
Жүжгийн зохиолын хоорондын яриа /диалог / нь дор бүрдээ нийцсэн байхаас гадна мөн өөр хоорондоо байнгын зөрчилд хөгждөг. Эс тийм бол юугаа ярьж, юуны учрыг олох гэж үг урсгаж байх билээ. Амьдрал тэр чигээрээ зөрчил, тэмцэл. Зөрчил, бэрхшээл тэмцэлгүй бол амьдрал урагшлахгүй. Маргаан дунд үнэн үүснэ гэсэн мэргэн үг байдаг.
Манай социалист нийгэмд антагонист зөрчил үгүй боловч амьдралыг хуучин, шинэ үзлээр үзэх үзлийн зөрчил, хувь хүн өөрийн дотоод зөрчил, хүн байгалийн зөрчил зэрэг тоо томшгүй том жижиг зөрчлүүдийг даван туулж бурууг таягдан, зөвийг тунгаан ухамсарлаж амьдралыг урагш нь ахиулж байгаа билээ. Зөрчил , бэрхшээл дунд явж түүнийг туулан давж гэмээ нь жинхэнэ хүн төлөвшин, амьдралын нарийн бчрыг ойлгон, юуг дэмжин тэтгэхэд оролцох, юуг жигшин арилгахад хүчээ зориулахыг ухамсарлан мэдэж, амьдралын туршлагатай болж, амьдралыг өөрчлөн хувиргах материаллаг хүчин болдог ажээ.
Утга зохиол, түүний дотроос жүжгийн зохиолыг амьдралын сурах бичиг, хүн судлал, нийгэм судлал гэж эрдэмтэн мэргэд тодорхойлсон байдаг нь жирийн хэрэг биш.
Драмын /жүжгийн/ зохиолын дүрүүд нь тэднийг нэгтгэсэн амьдралын нэг гол зөрчлөөр санаагаа илэрхийлдэг бөгөөд энэ зөрчлийг шийдвэрлэхэд зохиол доторхи бүх хүний зан төрх, хүсэл эрмэлзлэл нь харилцан яриа, бие сэтгэхүйн хурц үйлдлээр тодорч үзэгчдэд нөлөөлөхдөө утга зохиолын бусад төрлөөс хурч байдаг бол уу гэж бичсэн зүйл цөөнгүй тохиолддог. Үнэндээ жүжгийн зохиол нь тайзан дээр жүжигчид тоглоход зориулагдсан утга зохиолын өвөрмөц төрөл билээ. Зөвлөлтийн нэрт зохиолч Паустовский “Жүжгийн зохиолыг би унших дургүй, харин тайзан дээр үзэх дуртай” гэсэн нь жүжгийн сэтгэл нөлөөллийн өвөрмөцийг тодотгож байна.
Манай их зохиолч Д.Нацагдорж бол утга зохиолын өвөрмөц нэг төрөл болох жүжгийн зохиол туурвидаг байсан нь түүний уран бүтээлийн хөдөлмөрийн цар хүрээ маш өргөн байсныг гэрчилж, хүний сайн хүслэнд хэмжээгүй, түүнийг биелүүлэхэд хүний зориг, хичээнгүй ажил шийдвэрлэдгийг бидэнд харуулж байна. Жүжгийн зохиол нь сэтгэлийн яруу драм, сүрлэг жавхлант драм, инээдмийн, улс төрийн, шог шүүмжлэлийн зэрэг олон янз байдгийн дотроос Нацагдорж нь сэтгэлийн яруу, дуут жүжиг “Учиртай гурван толгой” улс төрийн /Монгол ардын суут” хэмээх жүжиг, “Их авхай” хэмээх хөгжимт драм, “Би биш” хэмээх хөгжимт хошин жижиг, мөн “Нуугдсан эрдэнэ” зэрэг ухуулгын төрөл жүжгүүд бүтээснийг авч үзэхэд бас жүжгийн зохиолын төрөл бүрээс бичиж оролцож байсан нь түүний мэдлэг, боловсрол, эзэмшихийн төлөө чармайж байсны гэрч, түүнийгээ биелүүлж чадсаны баталгаа юм.
Эдгээр жүжигт зохиомж, зангилгаа, үйл хэргийн явц туйл, үйл явдлын үргэлжлэл, тайлал, дүрүүдийн хувиарлал, тэдгээрийн үг, үйл явдал тус бүрийн онцгой дүрслэл, зөрчлийн диалектик хурцдал, буурал зэрэг драмын зохиолын гол цогц бүрдэл гойд тодорхой туссан байдаг байна.
“Учиртай гурван толгой” яруу дуут жүжгийн зөрчлийг ажиглахад хүн бүрийн дээд хүслэн, амьдралын ойлголтын зөрчлөөс эхлээд яв явсаар тэр нь феодалын монголын дарлагч, дарлагдагч хоёр анги хоорондын тэмцэл болон хувирч зохиолын зөрчлийг болон дүрүүдийн ухамсрыг диалектик хөгжлөөр үзүүлсэн нь драмын зохиолын чанарын гол үзүүлэлт мөн байна. Эхлээд Юндэн, Нансалмаа хоёр байгалийн гоо үзэмжийг баясан харж хоёр сэтгэл бие биедээ татагдан хайрын сайхныг амсаж байгаагаа ярилцан ярилцсаар хоёр сэтгэл шийдэж Юндэн хот хүрээ орж хуримын юмаа төхөөрөхөөр явж байгаа нь тайван, намуун эхлэл боловч Нансалмаагийн хурдан ирээрэй, хагацахад хэцүү байна гэх зэрэг үгнүүд түгшүүрийн эхлэл өгч байгаа нь үл мэдэгдэм байх нь тун нарийн ур чадвар байх юм.
Юндэнг гаргаж өгөөд байтал Балган ноён, дагуул хиа нарын хамт гарч ирэн Нансалмаагийн гоо үзэсгэлэнд шунаглаж, улмаар ноёлогч ангийн хүчээр түрээ барин халдах хэсэгт энэ хоёр хувь хүний хайр сэтгэлийн тухай ойлголтын зөрчил үүсч мөн тэр дороо оргилдоо хүрч байна.
Нансалмаа: Эрэлхэг баатрыг чинь үзвэл
Эрхэм дээд хүн шиг
Ичгүүргүй аашийг чинь харвал
Эргүү мунхаг адгуус шиг
Чамаас би айж байна
Тавьж хурдан явуул
Балган: Ахныхаа гарын дор чи
Оготно хулганатай адилхан
Ангүй өнөө явсан биш
Аваад чамайг явна даа
Эвээр эс болбол
Эзний зарлигт хүргэнэ дээ
Нансалмаа: Хүний арьсыг нөмөрсөн
Хээрийн галзуу чоно чи
Хүзүү толгой үргэлж байхад
Чи намайг боолчлохгүй
Омог зан чинь хэцүү ч
Ойртуулж чамайг чадахгүй
Хэлэлцээ сүйтэй нөхөр бий
Чиний чадал их ч
Миний зориг хатуу
гэж байгаа нь амьдралыг ойлгож байгаа энэ хоёр хүний үзэл, бууж өгшгүй хатуужил яг тэнцүүгээр харагдана. Тэгэхдээ энэ хэсэгт Нансалмаагийн өөрийгөө хамгаалахын төлөө тэмцэж байгаа нь бадаг бүрт хурцдаж, феодалын үед дээд ноёны үгийг сөргөж ийнхүү хэлдэг бүсгүйн гойд зоригийг илтгэж байна. Цаашаа мөн энэ хэсэг дотроо амьдралыг дээрх хоёроос өөрөөр үздэг боловч бас л зоримог хүүхэн Хоролмаа ирж, Нансалмааг:
Өөрийн эрээ явуулаад
Хүний эрийг эргүүлж явна уу?
Ичгүүр сонжуураа алдсан
Яасан муухай амьтан бэ?
гэхэд Нансалмаа өөрийн хайр сэтгэлийн эсрэг байгаачуудын арга залийг зөрчил дундаас ухааран эхэлж:
Баавгай гөрөөс шиг Балган
Балмад хүүхэн та хоёр
Ариун нэрийг минь бузарлаж
Алд биеийг минь зовоож байна
Үхэвч журамтай үхнэ
гэж байгаа нь энэ нийгмийн амьдралын тогтоц бүхэнтэй Нансалмаагийн бодол үзэл улам зөрчилд орж байгаа нь харагдана.
Үүгээр би юу хэлэх гэж байна вэ гэвэл Нацагдоржийн жүжгийн зөрчлийн асуудал тун нарийн тавигддаг нь амьдралын бодит байдалтай яг нийцдэг. “Учиртай гурван толгой”-д хувь хүмүүсийн санал нийлэхгүй жижиг зөрчлөөс эхлээд яв явсаар нийгмийн хоёр ангийн хоорондын эрс тэс аль аль нь хэн хэндээ бууж өгөшгүй зөрчил болоод “Учиртай гурван толгойн” хувьд харгис дарлагч ноёны гарт амь үрэгдсэн Юндэнгээ үзүүт Нансалмаа хүүхэн өөрөө өөрийгөө хороож байгаа нь харгис бурангуйд бууж өгөхгүйгээ, тухайн нөхцөлд өөр яах ч аргагүй чин зоригоо харуулсан явдал хүний сэтгэл хөдлөл, үнэнч ариуныг хамгаалснаараа , тэгш биш харьцаат нийгэмд ял тулган амиа өгч байгаа их хэмжээгээрээ, ер В.Шекспирийн “Ромео Джульетта хоёр “ буюу Узбекийн -Фархад Ширин хоёр” зэрэг жүжгийн аугаа зөрчлийн шийдвэрлэлтэй адилтгах зүйл юм. Энэ нь жүжгийн зохиолын зөрчил жижгээс том руу, хувийнхаас нийгэмд буюу антагонист зөрчилгүй байдалд бол нийгэм, нийт олны үндэслэлтэй хувь хүн хамт олон, гэр бүл хоорондын, хуучин үе, шинэ үеийн бодол санаа, амьдралын янз маяг, ёс суртхууны ажил хөдөлмөрийн хуучин, шинэ аргын, хот хөдөөгийн гэх зэрэг зөрчлүүд олон олноороо байдгийг тодорхой харуулж байна.
Тэгэхдээ зөрчил гэдэг нь хашгирч гуугалсан хүмүүсийн бужигнаан сандраан биш, сэтгэл санааны гүнд орших хямрал, маргаан үзэл бодлын том зөрөөн зэрэгт маш нарийн илэрч гардаг хоёр анги, нийгмийн том тэмцэл байдгийг Нацагдорж магад сайн судалж зөрчлийн эхлэл, өрнөлт хэсэг бүрт диалектик хувирал өөрчлөлтөнд ордгийгч үнэнхүү гаргасан байдаг. Зөрчлийн туйл, эцэст нь тайлал байдаг зэргийг их зохиолч маань онолын ёсоор хийдэг байв. Жишээ нь “Их авхай” зохиолд Оюунчимэг хүүхэн золигт гарахдаа юү ч мэдэлгүй явсан бол харийн нутагт цөлөгдсөн хойноо хичнээн гамшиг зовлон үзсэн ч данжаад хятадын эхнэр болохгүй гэж зөрчилдөн мөн эмчийн газар очоод ч улам хатуу, бэрх зөрчилд орж тэмцлийн замд шилжээд хүний нутагт дэмжих дэмжлэггүй, бүсгүй хүн тэр бүдүүлэг үед төдий их тэмцэл хийсээр мөн эх орноосоо, эцэг эхээсээ хайрт хүнээсээ салсан зэрэг гэнэт олон давхар зовлонд учирснаас балмагдан эрүүл мэдрэл алдахад хүрснээр үзүүлж харин эх орныхоо хязгаарт ирмэгц хайрт хүн Амгаасэдийн нэрийг хэлж байгаа нь одоо ухаан санаа нь сэргэх нь гэдэг ойлголт өгч жүжгээ төгсгөж байна.Бас уул жүжгээ зөрчил, тэмцлийн хувьд ангич, интернационалч чанарыг нь өндөрт өргөсөн байдаг юм. Үүнд ядуу халх бүсгүй Оюунчимэгт учирсан зовлонд хятад нутагт хэн туслав гэвэл жирийн ядуу тариачин иргэн хүмүүс тусалж хил хязгаарт нь хүргэж өгч байгаагаар тодорхойлсон байна.
Д.Нацагдорж нь жүжгийн зөрчлийг маш нарийн ухаалаг хөтлөн явуулж эцсийн дүнд юу болох нь урьдаас таагдаж мэдэгдэхгүй, үзэгчдийг “Одоо юү болдог бол” гэж бодуулан сонирхуулсаар байгаад төгсдөг нь үнэхээр бахдалтай жүжгийн зохиолын гол увидсыг олсон байдаг юм. Үүгээрээ хүний сэтгэлд харван нөлөөлөх чадлаараа ч их ажээ.
Мөнхүү жүжгүүдэд феодалын үед хэд хэдэн давхар дарлалд нухлагдаж байсан эрийн зарц, босгоны боол бүсгүйчүүдийн дүрийг гарган, давж туулахад бэрхтэй зөрчилд оруулж түүнийг зориг зүрхээр нь ялуулан гаргаж төгсгөж байсан явдал 1920-40-өөд онд эмэгтэйчүүдийн идэвхийг сэргээн улс эх орноо хөгжүүлэх нийгмийн тустай ажилд оруулах намын том зорилгыг биелүүлэхэд тусгай ухуулга болж байсан нь дамжиггүй юм.
Жүжгийн зохиолын зөрчлийн асуудлыг жүжигт гарч байгаа хүмүүс хэрхэн яаж үзэж , амьдралынхаа зам мөрийг түүнээс болж яаж шийдвэрлэж байгаагаас үзэгч олон ертөнцийн учир утгыг ойлгох, зөрчлийн хурц болон цаг үеэ олсноос жүжгийн олонд нөлөөлөх чадал улам гүнзгий болдгоороо жүжиг нь хүний амьдралыг өөрчлөн хувиргах материаллаг хүчин болдог билээ. Үүнд бас уул жүжгийг нарийн ойлгон, улс төр, ёс суртхууны нь зөрчил, тэмцлийг зөв нээж, тавих найруулагч, хөгжим, тайз , заслалыг нь урлан бүтээх хөгжмийн зохиолч, зураачдаас шалтгаалах нь зүйн хэрэг ээ.
МАХН-аас уран бүтээлийн хүмүүст гүнзгий нөлөөлөх чадварыг улам чанаржуулах тухай заалт нь жүжгийн зохиолын үзэл санааг өндөржүүлэн зөрчлийг зөв олж сайтар хурц гаргах, түүгээр нь олонд нөлөөлөх чадлыг гүнзгийрүүлэх гэсэн үг юм. Үүнийг бид их зохиолч Нацагдоржийн өв уламжлалаас, түүний жүжгийн зохиолыг задлан шинжилж судалснаар ихийг сурах ёстой болж байна. Зохиолч Нацагдоржийн маань аль ч зохиолын гайхамшиг нь зохиолыг нь унших тоолонд шинэ туршлага, урд ойлгогдоогүй сургамжтай тал байн байн гарч ирдэгт оршдог шүү дээ.
Д.Нацагдоржийн жүжгийн зохиолын зөрчлийн асуудлыг энэхэн зүйлээр гүн мэдэж гаргах боломж даанч үгүй, том асуудал учир, утга зохиол, урлаг судлагч манай эрдэмтэн , мэргэд уул зүйлийг тусгайлан судалж жүжгийн зохиолчид, урлагийн ажилтнуудад ажил хэргийн холбогдолтой гарын авлага хэвлэх цаг нэгэнт болжээ.
Б.Мөнгөнхөлөг “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” УЧИРТАЙ
Монголын орчин үеийн уран зохиол, театрын урлагийн түүхэнд цоо шинэ үеийг нээсэн төдийгүй үндэсний дуурийн хөгжих үндэс болсон томоохон туурвил бол их зохиолч Д.Нацагдоржийн 1934 онд бичиж тайзнаа амилуулсан “Учиртай гурван толгой” хэмээх дуулалт жүжиг билээ. Энэ бүтээлийн тухай тухайн үеийн соёл урлагийн нэрт зүтгэлтэн Ишдорж:
Хятад ба Европын дууриудаас тэс өөр, өөрийн орны байдалд тохиролтой шинэ хэлбэр эрэлхийлсэн /Д.Намдаг “Шинэ монголын шинэ театр/ УБ 1988 64-р тал/ гэж өндөр үнэлж байжээ.
“Учиртай гурван толгой” жүжгийн судлалд юу юунаас илүүтэй анхаарал татаж ирсэн асуудал бол зохиолын нэрийн тухай асуудал юм. Энэ талаарх судлаачдын санал үндсэндээ хоёр бүлэгт хуваагддаг . Үүнд:
1.Зохиолыг сэдэвлэн бичсэн уг сурвалж жүжгийн тайз заслалыг гол болгон тайлбарлах нь бий. Зохиолч Д.Намдаг агсан дурдатгалдаа “ Их зохиолч амьд сэрүүн байхдаа “Үйлийн гурван толгой” гэдэг Халхад алдаршсан сайхан эр Юндэнгийн тухай ардын домогт харилцаа дууны өгүүлэмжид тулгуурлан эмгэнэлт жүжиг бичих бодолтой гэж ярьж байсан ба удалгүй “Учиртай гурван толгой”-гоо бичсэн /Шинэ монголын шинэ театр/ гэжээ.
Дээр дурдагдсан домогт Бал гүн, Юндэн, Сийриймаа гурвын гунигт хувь тавиланг өгүүлсэн бол “Юндэн” гөөгөө “ харилцаа дуунд Юндэн, Сийриймаа, Сэргүүмаа гэсэн өөр гурван хүний харилцаа гардаг.
Жишээ нь: Цагаан торгон цамцыг байсаар байтал
Цагаан чисчүү цамцаар юугаа хийх вэ ? хө
Царайлаг Сийриймаагаа байсаар байтал
Царай муутай Сэргүүмаагаар юугаа хийх вэ хө
/МААЗ-ын дээж бичиг/
Домгийн өгүүлэмжээс үндэслэн Нацагдорж зохиолынхоо тайз заслалыг бодож олсон бололтой. Жүжгийн эхэнд: Баруун талд модтой бэрх уул, зүүн талд хадтай уудам уул, ар талд нэг урт уул байх бөгөөд Юндэн зүүн уул өөд, Нансалмаа баруун уул уруу хандан дуулахын зэрэгцээ Балган дунд урт уулаас бууж ирж /ан хийж яваад/ Нансалмаатай учирдаг. Зарим судлаачид /К.Н.Яцковская Д.Намдаг нар/ жүжгийн нэрийн энэ гурван уултай холбон үзсэн байна.
Зохиолын цаашдын үйл явдлын өрнөлтийг ажиглавал гурван уулын дүрслэл төдийлөн ач холбогдолгүй болдог. Тухайлбал: Балган Нансалмааг зүүн уул уруу чирч явдаг бол Хоролмаа үргэлж зүүн уулнаас бууж ирдэг. Юндэн баруун уул уруу аянд явах боловч эргэж ирэхдээ хойд уулнаас ирдэг билээ. Үүнээс үзвэл дүрүүдийн хувьд гурван уулын байрлал онц чухал биш ажээ.
2.Олонх судлаачид зохиолын нэрийг гол дүрүүдтэй холбон үздэг нь бас л зөрчилтэй байна.
Жүжигт Юндэн:
Хоёр хүн нийлсэн сэн
Дөрвөн хүн болов…. Гэж дуулдагаас үзвэл зохиолд гурав биш дөрвөн дүрийн зөрчил гарч байна. Ийнхүү “Учиртай гурав нь” хэн хэн нь бэ? Гэсэн асуудал зүй ёсоор гарч ирэхэд олонх нь Юндэн, Нансалмаа, Балган гурвыг хамааруулж байв. Энэ тохиолдолд зохиолын хамгийн сонирхолтой дүр болох Хоролмаагийн дүр бүдгэрч орхигдоход хүрдэг.
Ялангуяа 1943 онд ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн агсан уг зохиолыг дуурийн цомнол болгож бичихдээ зохиолын өгүүлэгдэхүүн, гол зөрчил, дүрүүдийг ангийн чанартай болгон өөрчилсөн нь /дуулалт жүжгийг үндэсний дуурь болгосон гавьяаг нь үгүйсгэх аргагүй дэвшил ч гэсэн / асуудлыг улам бүрхэгдүүлж, ингэснээрээ харин ч хялбархан шийдвэрлэх бололцоо олгожээ. Судлаач Б.Содном:
-Юндэн, Нансалмаа, Балган гурвын дүрээр эсрэг тэсрэг ангийг төлөөлүүлсэн тул “Учиртай гурван толгой” болж байгаа юм. Харин Хоролмаа угаасаа харц ардын хүн байвч өөрийн ашиг сонирхлын үүднээс хоёр ангийн төлөөлөгчдийн аль алинд нь адилхан үйлчилж буй тогтворгүй хүн бөгөөд энэ гурвын дагуул замын хань учир Нацагдорж “гурвын” тоондоо оруулсангүй…./Б.Содном “Д.Нацагдоржийн намтар зохиол” УБ 1966 хуудас 231/ гэж бичжээ.
Эрдэмтэн зохиолч Э.Оюун “Д.Нацагдоржийн жүжгийн зохиолын зөрчлийн асуудалд /”Д.Нацагдоржийн уран бүтээлийн тухай” УБ .1978. 48-р тал/ өгүүлэлдээ : Зохиолын зөрчлийг мөн адил ангийн тэмцлийн утгаар тайлбарласан байна.
Хэрэв уг асуудлыг тийнхүү ангийн утгаар нарийвчлан үзвэл Юндэн Нансалмаа хоёр ч нэг л ангийн төлөөлөгч учир зохиол нь хоёр ангийн эвлэршгүй зөрчлийг харуулахад хүрч ямар нэг гурвалжин холбооны тухайд нэртэй холбон үзэх үндэсгүй болж ирнэ. Ерөөс их зохиолч бүтээлийнхээ нэрэнд гойд анхаардаг байсан нь олон зохиолоос нь харагддаг билээ. Жишээ нь:
“Залуу нас цэцгийн адил”, “Эрүүл явбал улсын наадам үзнэ”, “Өлзийт өвчин”, “Хуучин хүү”, “Цагаан сар ба хар нулимс”, “үзэгдээгүй юм” гэх мэт.
Зохиолын өгүүлэмж, гол зөрчил, дүрүүдийн холбоо хамаарлыг сонирхвол зохиогч “Учиртай гурван толгой” нэрийг их л бодож өгсөн учиртай нэр мэт. Жүжгийн хуурчийн шүлэгт:
Хос хоёр амраг зайгүй ч
Гурвалжин болдог нь будлиантай
Янагийн үлгэр гэгч
Ингэж эхэлдэг ажээ./ “Түүвэр зохиол” УБ 1961 он 307-р тал/
“Монголын орчин үеийн уран зохиолын түүхэнд тэмдэглэхдээ “Зохиолч энэхүү бүтээлдээ дэлхийн утга зохиолын түгээмэл зохиомж - гурвалжны харьцаагаар өгүүлэмжийн эрчимтэй өрнөлд баатруудын зан төрхийг төлөвшүүлэн сэтгэлийн хувирал хөдөлгөөнийг уран дүрсэлсэн юм” / 1 боть , УБ, 1985 . 125-р тал/ гэжээ.
Ер нь сонгодог уран зохиолын түүхэнд хайр сэтгэл, янаг амрагийн сэдэвт зохиолд олонх тохиолдолд энэхүү гурвалжин холбоог дүрсэлсэн байдаг. Жишээ нь: Эсхилийн “Орест”, Еврипилийн “Медея”, В.Шексперийн “Отелло”, П.Бомаршегийн “Севилийн үсчин”, И.Гёте “Залуу Вертерийн шаналан”, В.Гюго “Парисийн дарь эхийн сүм” , Г.Флобер “Бовари хатагтай”,” А.С.Пушкин “Евгений Онегин”, Л.Толстой “Анна Каренина”, М.А.Шолохов “Дөлгөөн дон” Г.Г.Маркес “Зуун жилийн ганцаардал” гэх мэт.
Зохиолд дөрвөн гол баатрын үйлдэл гардаг атал яагаад учиртай гурав болов гэдэгт логик дүгнэлт хийхийг оролдьё.
1.Юндэн Нансалмаад хайртай.
Балган түүний эсрэг дүр
2.Нансалмаа Юндэнд хайртай
Хоролмаа түүний эсрэг дүр
3.Хоролмаа Юндэнд хайртай
Нансалмаа түүний өрсөлдөгч
4.Балган Нансалмаад санаархдаг
Юндэн түүний өрсөлдөгч
Зохиолд гарч буй дүр тус бүр дор хаяад хоёр дүртэй эерэг буюу эсрэг харилцаатай байна.
Энэ дөрвийн холбоо хамаарлыг хийсвэрлэн зургаар илэрхийлбэл:
Зураг…..
Дөрвөн өнцөгт пирамидаас үзвэл Д.Нацагдорж хайрын гурвалжнаас хэнийг нь ч хассангүй. “Учиртай гурван толгой” хэмээх нэрийн цаана дөрвөн хүн, дөрвөн гурвалжин, дөрвөн хувь заяаг нэгэн гурвалжинд багтаажээ гэж хэлж болмоор. Энэ бол их зохиолчийн уран сэтгэмж. “Учиртай гурван толгой” учиртай ажээ.
Ичинхорлоо
ЭХИЙН ТУХАЙ ДУУЧ БАЙСАН ЮМ
Би эх хүн болохоороо та, бидний хайрлан энхрийлдэг зохиолч Дашдоржийн Нацагдоржийн тухай бяцхан дурьдатгал бичье гэж шийдсэн юм даа. Гэтэл энэ маань чадал, ураар дульхан болж, тэр хүний сайхан чанарыг гаргахад мөхөсдөж байгаад би харамсаж байна.
“Монголын үзэсгэлэнт Сарангуа намайг төрүүлсэн эжий” гэж Д.Нацагдорж шүлэгтээ хичнээн сайхан хэлсэн байдаг билээ. Ер нь түүний уран бүтээлд эх хүний нинжин сэтгэл нэвт шингэж хаанаас нь ч гэсэн эхийн тухай уяхан яруухан дуулал хангинаж байдаг шүү дээ.
Дашдоржийн Нацагдорж эх хүний хонгор сайхан сэтгэлийг өндөр их алдрын их хамтаар, манай шинэ үеийн уран зохиолд өргөн дэвшүүлсэн шүү дээ.
Д.Нацагдорж энх тунх байхдаа , эх хүн гэдэг гайхамшигт их хувь заяатай байдаг юм шүү. Эмэгтэйчүүд та нар “цэвэр ичимтгий, дахим дагуу дууч” байх хэрэгтэй гэж дахин дахин хэлдэгсэн. Энэ нь даруухан төлөвхөн байж бяцхан дүү нараа сайхан сэтгэлээр асран дүүчилж яваарай гэсэн үнэтэй сургамж байжээ.
Хүүхдийг эхийн сэтгэлээр энхрийлдэг нь түүний гоцын сайхан чанар байсан юм шүү.
Хүүхдийг өхөөрдөн энхрийлж “амаа нээгээгүй ангаахай, далавчаа нээгээгүй дэгдээхэй шиг, нэг настай, нялх үстэй” ийм хөөрхөн жаалууд л бидний ирээдүй юм. Тийм болохоор та нар “хүүхдийг хайрлах хэрэгтэй” гэж захиж байсан юм.
“Үр хүүхэдгүйг” жаргалд тоолдог гоомой бодолтой зарим нэг залуу бүсгүйчүүдийг сүрхий буруутан гэж үздэг байсан юм даа. Хэдэн онд ч билээ дээ. Түүнээс хойш олон жил өнгөрчээ. Эмэгтэйчүүдийн баярын өдөр “үйлэн хэлхээтэй, үндсэн холбоотой” хорвоо ертөнцийн эмэгтэйчүүд хэзээд эгч дүү нар юм шүү. Хэтийн нэг сайхан цагт та нар түүнийг нүдээр үзэх болно гэж ярьж байсан нь над тодхон санагдаж байна. Тэхэд би энэ сүрхий ухаалаг үгний нь нарийныг ойлгож чадахгүй байж билээ. Хожим хойно, одоо түүнийг бодож үзэхэд Д.Нацагдорж зөвхөн тэр цаг үе, орчноо биш манай өнөөдрийг , бас маргаашийг суут ухаанаараа харж байсан юм байна.
Д.Нацагдоржийн зохиолыг уншихад эвлүүн уяхан бөгөөд сэтгэлээс гардаггүй их хүч нь тэр аврага их авьяас билэгтний бүтээл эхийн сэтгэл шиг сайхан байдагт л байгаа юм даа. Манай залуу зохиолчид энэ сайхан чанарыг шингээн авбал хичнээн сайхан билээ.
Д.Нацагдорж “Учиртай гурван толгой” гэдэг жүжгээ биччихээд , Монгол эмэгтэйн бүх сайхан чанарыг Нансалмаад шингээх гэж би бодсон юм. Та нар ч тоглохдоо үүнийг эрхэм болгоорой” гэж бидэнд хэлж байсаан. Үнэхээр ч Нансалмаагийн сэтгэл санааны ариун чанар дүр байдлыг хосгүй сайхан товойлгож үзүүлсэн зохиолчийн их чадал нь бидний үүргийг нэг талаар хүндрүүлж нөгөө талаараа хөнгөвчилсэн юм шүү.
Зарим хүмүүс хүний сэтгэлийн ариун сайхныг үзүүлэхдээ өнгөн талаас нь эмзэгхэн хөндөөд л өнгөрдөг шүү дээ. Тэгвэл Нацагдорж тэр сайхан чанарыг хүний нүдний өмнө бүр тов тодорхой дэлгээд тавьчихдаг байж билээ. “Учиртай гурван толгой” гэдэг дуурийн нэг үзэгдэлд Нансалмаа Юндэнд аяганы алчуур өхдөө:
“…Угалзлуулаад оёх бүрдээ
Уран гараа гаргасан юм
Утсы нь татах бүрдээ
Учралт чамайгаа санасан юм…” гэж дуулдагсан. Энэ бас гайхамшигт чадал аа. Үнэндээ ч Нацагдоржийн дэвшүүлэн гаргасан Нансалмаагийн сайхан чанар хичнээн олон залуу эхийг хүмүүжүүлсэн нь бидэнд илхэн билээ. Харин уг дуурийн эхний бичмэлд дээр дурдсан шиг тийм сайхан хэсгүүд их л байсан юм. Одоо зарим зүйл нь мартагдаад зарим нь хүч муутайхан болж өөрчлөгдсөнийг дашрамд дурдаж энэ зохиолы нь эргэж нэг хараасай гэж боддогоо хэлье.
Эцэст нь хэлэхэд Нацагдорж бол амьдралд ухаалаг ханддаг авхаалжтайгаар сэтгэж боддог, авьяастайгаар үзүүлж чаддаг, цог золбоотойн хувьд хосгүй түмэн ардаа, бүр тодруулж хэлэхэд , хүнийг хайрлан энэрэх эх хүний сэтгэлийн хамгийн эрхэм дээд, хамгийн ариун нандины хуримтлал байсан юмаа.
Д.Намдаг
УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ
Анх тайзан дээр хэрхэн гарсан
тухай дурсамж
1934 оны хавар, гудамжны шороо дээр дороо орон бужигнасан нэгэн зэврүүн өдөр би, Улсын төв театрын бөмбөгөр ногоон гэж алдаршсан байшингаас гарангуутаа нөхөр Нацагдоржийнх руу явлаа.
Уг нь би Нацагдоржийнхоор бишгүй явдаг байсан атал сүүлийн бүтэн жил ер ороогүй байж. Энэ зуур Нацагдорж, Нина гэдэг орос хүүхэнтэй ханилан өөр газар шилжин суусан байлаа.
Нацагдоржийнхыг эрэн суран олж очиход минь Нина над хаалгаа тайлж өгөв. Арай чарай мэдэх хэд гурван үгээрээ мэнд мэндсэний минь дараа Нина над хэдэн үг хэлэн хаалгаа дахин түгжив. Үүний нь би байшин хүйтэн хаалгаар жавар их орж ирдэг гэв гэж ойлгов. Уг байшинг гаднаас нь харвал сүрхий сайн дүнзээр дорвитой барьсан тэргүүн зэргийн орон сууц шиг байвч доторхи дулааныг барьж чадахаа больсон ийм юмс бишгүй байдгийн нэг нь юм. Гэтэл энэ байшинг хоёр айлын орон сууцанд зориулан барьсны зүүн талын бяцхан хоёр өрөөнд Нацагдоржийнх суудаг аж.
Нацагдорж өөрөө ном дэвтэр, бичиг цаас овоолсон хоолны ширээний хажууд юм бичиж сууснаа орхин “Наяа” гэж намайг дуудан угтаж ширээнийхээ нөгөөтэй суулгав. Тасалгаан дахь өөр бусад сав шургуулга мэтэс дээр мөн л ном судар, бичиг цаас овоолгоостой . Үзтэл орон сууц багадаж, үзэх судлах, хийж бүтээх зэрэгт дарагдан бүхий нь илэрхий. Гэтэл би бас өөрт нь ажил нэмэх санаатай очсон билээ. Босоо дугуй хар пийшинд хахаж цацтал нь чихсэн ноймон мод шийгсэн шүүсээ пис пис дуугарган дуслуулж, дуртай дургүй асаж байгаа бололтой.
Пийшингийн хажууд шихэн хийсэн хашилгат бяцхан модон өлгийвч дотор зузаан хөнжилд хучаастай нялс хүүхэд нойрсон байгаа нь миний нүдэнд содон туслаа. Уг би орж ирэнгүүтээ хүүхэдтэй болсон тухайд нь баяр бахдалын үг хэлэх ёстой байлаа. Гэтэл одоо нэгэнт зохих цагаа ашиглаж чадаагүй тул сэтгэл минь дэмий зовиурлахад хүрэв.
Ард минь Улсын төв театрын жүжигчид зохиолгүй суусаар нилээд удсан. Энэ бол нэг завод түүхий эдээр дутагдан суусантай ав адил хэрэг. Нийт жүжигчид маань хорь гаруй. Дарга нь жаал Гомбожав гэгч. Дороо хоёр найруулагчтай байсны нэг нь би, нөгөө нь Ши Аюуш байлаа.
Нацагдоржтой уулзахаар миний очсоны учир гэвэл яаран барих зохиолтой болгож өгөхийг гуйх гэснээс өөр юм алга. Үүний урьдтай бид хоёр “ Би биш” гэдэг жүжиг хамтран бичиж театрын тайзан дээр тавьсан юм. Одоо ингээд зохиолгүй байгаа зовлонгоо тооцсоныг Нацагдорж маань анхааралтайгаар сонсож, сэтгэл хуваалцав. Дараа нь гаргах жүжигтэй болгож өгөхийг гуйх гэснээс өөр юм алга. Үүний урьдтай бид хоёр “Би биш” гэдэг жүжиг хамтран бичиж театрын тайзан дээр тавьсан юм. Одоо ингээд зохиолгүй байгаа зовлонгоо тоочсоныг Нацагдорж маань анхааралтайгаар сонсож, сэтгэл хуваалцав. Дараа нь гаргах жүжигтэй болгож өгөхийг гуйсны маань ч үгүй гэж хэлж чадалгүй хүлээн авлаа. Иймд бид тэр дорхиноо чухам юун тухай хэрхэн бичих рүүгээ яаран оров.
Нацагдоржид аялгуутай эмгэнэлт зүйл бичих нэгэн сэдэв бий аж. Үүндээ автономитын үед үзэсгэлэн сайхнаараа дуунд гарсан Юндэн гөө гөө гэдэг хүний бодит амьдралд тохиолдсон зүйлсийг ярив. Үүний нь би сонирхон тайзан дээр хэрхэн тохируулах талаар арга ухаан сийлэхийг бодно. ҮҮНдЭЭ Юу юуны урьд эмх замбараатай маш цөөн хүмүүсийн дунд эргэлдүүлэхийг л эрхэмлэнэ. Энэ бодлыг нацагдорж зөвшөөрөхийнхөө зэрэгцээгээр үндэсний аялгуут жүжгийг бий болгох явдалд зохистой шинэ хэлбэр бий болгохыг эрхэмлэв. Гэтэл энэ үед ая дуу зохиох мэргэжлийн хүн байтугай нот мэдэх хүн бараг байхгүй шахам байсан цаг. Гэлээ ч бид оролдох нь чухал гэж үзээд хоёр цаг хиртэй харилцан ярилцсаны үр дүнд, нэгэн жүжгийн төлөвлөгөө бүрэн боловсруулан гаргаж амжив.
Энэ бол анхны “Учиртай гурван толгой” бүх үйл явдал Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт явдал бөгөөд үүнээ бид хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэв.
Төлөвлөгөөгөө гаргасны дараа Нацагдорж даруй бичихдээ орох, би хоёр хоногийн дараа эргэн ирж бичиж дууссанаас нь аван шууд сургуулилж эхлэхээр хэлэлцэн тохиролцлоо.
Хоёр хоноод эргэж ирэхэд Нацагдорж маань намайгаа баяр баясгалантайгаар угтлаа. Бидний түрүүчийн гаргасан төлөвлөгөө сэтгэлд нь тавтай тохирсон учир нэгдүгээр үзэгдлийг бүрэн бичээд байгаа аж. Тэгээд бичсэнээ над уншив. Тэрний нь би мөн сэтгэл бахдан соносж шууд суургуулилахаар шийдэв.
Бүх жүжигчид, ажилгүй байсны завшаанд би аль дуртайгаа сонгон авлаа. Гол ролийн Юндэнд Ц.Цэгмэд, Нансалмаад Хандсүрэн, Балганд талийгаач Жадамба, Хоролмаад мөн талийгаач дэвээ, хоёр бэргэндэгчийн нэг нь Сосорбарам, нөгөө нь Дагийсүрэн, бэр буулгагч хоёр эрэгтэйн нэг нь Цэндээхүү, нөгөө нь Нацагдорж гэдэг нэг залуу, миний энэ авсан жүжигчид бол цөм шинэ. Би ч өөрөө шинэ найруулагч бөгөөд тэгээд урьд өмнө гараагүй шинэ хэлбэрийн юмыг дан шинэ хүмүүстэй бүтээсэн нь дээр гэж бодсон юм.
Жүжиглэх дуунуудаа бид ардын дууны аялгуунаас сонгон авна. Үүнд хөгжимчид маань цөм бэлэн. Хувцас гэвэл ноёд феодалын хөрөнгө хураалтаас ирсэн янз бүрийн хувцас театрын агуулахаар дүүрэн. Тайзны заслыг жүжгийн жинхэнэ мэргэжлийн зураач Бехчеева гэдэг орос авгайд Нацагдорж өөрөө зохиолоо танилцуулан хийлгэх болсон Энэ бүхнийг дарга Гомбожав маань зөвшөөрөн зохих зардлыг харамлалгүй гаргаж өгөхөөр болсон. Жүжигчид маань рольдоо баярлдан наддаа итгэсэн. Би гэвэл тэдэндээ Нацагдорж доо, өөртөө ч итгэсэн хэрэг. Ингэсээр ажил маань гайхалтай сайхнаар эхэлж билээ.
Бид сургуулиа тайзан дээр биш, тасалгаа ч хэрэглэсэнгүй, хаа чөлөөтэй байгаа булан зай бараадан хэдүүлхнээ хийнэ. Заримдаа бид шоовдорлогдсон хүүхдүүд шиг ч байсан удаа бий. Хоёрдугаар үзэгдлийг Нацагдорж хэдхэн хоногийн дотор гаргаж өгөв. Энэ ч бас бидний урам зоригийг нэмсэн.
Үнэндээ бид ажилдаа өлөн хвдог амьтад хоол руу шунах адил зүтгэнэ. Гэтэл гуравдугаараас эхлэн бичилт нь удааширлаа. Нацагдорж “Жүжиг бисэнээс болж албан ажилдаа дарагдаж, зэмлэл хүлээх болов” гэж зовлон тоочно. Би өөдөөс нь “Жүжигчид хийх юмгүй хүлээж байна” гэж хөмсөг зангидан бухимдана. Нацагдорж бол уур бухимдалгүй хүн бөгөөд нөгөө талаар бид хоёр гурван жилийн өмнө цаг зуурын сүрхий гамшгийг зургаан сар хамтдаа эдэлснээс хойш Нацагдорж намайг чин сэтгэлээсээ дотночлох болсон юм.
“Өвгөн чинь тун аргагүй байна шүү дээ” гээд Нацагдорж “ За чи маргааш юм уу, нөгөөдрөөс нэг ирж үз. Би шөнө суухыг бодож үзье” гэж хэлээд намайг буцаана.
Нөгөөдөр гэсний нь би хүлээж эс чадан, маргааш гэсэнд нь очив. Гэлээ ч дэмий. Нацагдорж албан ажилдаа дарагдаастай, мөн л зовлон тоочно. Би ч хэмсэг зангидан бухимдана.
Энэ байдал хэд дахин давтагдсаны дараа Нацагдорж “Өнөөдөр хагас сайн өдөр, маргааш бүтэн сайн, би сууя. Чи нөгөөдөр хэзээ дуртай цагтаа ирж гуравдугаар үзэгдлээ ав” гэж хэлэв. Ингэж хэлсэндээ Нацагдорж хүрсэн бөгөөд гэвч дөрөвдүгээр нь бүр ч унжирсанд миний бухимдал туйлдаа хүрэв. Дэргэд минь гэвэл наддаа итгэсэн авьяастай залуу жүжигчид цаг ямагт намайгаа шитээстэй. Тайзны заслыг Савелов гэдэг намхан биетэй шар толгойтой ахимаг наста й орос мужаан / би тийм гавшгай хүнийг ер үзээгүй/ Цэрэндорж гэдэг мужаантай хоёул хэдэн арван банзыг хандлан гудам хөрөөдөн хийж, дунд нь Бехчеева авгай хар хөх халааз өмсөн хувинд найруулсан будаг шунх барин ажиллаж хэдхэн хоногийн дотор бэлэн болгосон. Нөгөө талаар дарга Гомбожав “Эцсийн чинь үзэгдэл хаана байна” гэж өдөр өнжилгүй нэхэж намайгаа эрэгдэнэ. Иймд надад бухимдахгүй байх нөхцөл алга. Би Нацагдорж руу олонтаа харайлгасан бөгөөд Нацагдорж миний өмнө өөрийн эрхгүй байгаа зовлонгоо тоочихоос өөр ямар ч эгдүүцэлтэй юм хэлээгүй боловч түнжин хагарахад ойртов. Ажил маань ингэж гацаж орхив гэж байн байн бодогдон гэмшинэ. Эцсийн бүлэгт Нацагдорж руу явахаа болив. Гэтэл нэг өдөр Нацагдоржийн ирж явахыг би цонхоор харав. Эцсийнхээ үзэгдлийг авч ирсэн болов уу гэж горьдохын зэрэгцээ зориуд нүүр өгөхгүй байя гэж бодов. Гэтэл Нацагдорж бичсэн юм алга. Үг бүр дээрээ найрсгаар инээмсэглэж “Би албаныхаа ажлыг бүрэн цэгцэлсэн. Одоо эцсийн үзэгдлийг бичих завтай болсон” эгхий нь ажихад минийхээ сэтгэлийг тайгаруулахаар ирсэн нь илэрхийн Гэлээ ч би зориуд томорхсоор л байлаа. Нацагдорж явахдаа “ Чи над руу гүйх хэрэггүй, би хэзээ дууссан цагтаа авч ирье” гэв. Үүнд нь ч би царай өгөлгүй сууж байж дөнгөв.
Гурав дахь хоногийнхоо өглөө Нацагдорж бүрэн бичиж дууссанаа авч ирэв. Миний баярласан гэдэг хэмжээлшгүй их. Гэвч би баярласнаа мэдэгдэхгүй байхыг хичээнэ. Бичсэнээ над уншиж өгөв. Энэ нь түрүүч түрүүчийнхээсээ давуутай болсонд нь би зөвхөн сэтгэлдээ л баярлав. Тэгээд жүжигчид дээрээ харавсан сум шиг харайлган орсон бөгөөд гартаа барьсан зохиолоо дээш өргөн “ Зохиол бэлэн” гэж хашгирав. Жүжигчид суудлаасаа дуу алдан босон харайв.
Бид эцсийн үзэгдлийг таван хоног дангаар нь хийгээд зургаа дахь өдрөөсөө тайзан дээр гарч эхнээс нь адаад дуустал нь сургууль хийдэг болов. Дараа нь хэдэн орой хувцас ба гэрэл чийдэн тохируулан хийснээр “Учиртай гурван толгой” аялгуут жүжиг нийт сар хагас хүрэхгүй хугацаанд бэлэн боллоо. Олны өмнө тавих сонсгол том зарлалаа театрын өмнөх хоёр том самбараас эхлэн хааяагүй наав.
Энэ зуур би Нацагдоржтой дахин уулзсангүй. Нийтэд тавихын өмнөх эцсийн хяналтад авч ирэх гэж байснаа ч завдсангүй. Тэгээд жинхэнэ тавих дээрээ урилгын билет авч очин нэг мөсөн гүйцэтгэе гэж бодсон юмсан. Гэтэл ас л завдал болсонгүй. Нэг мэдэхэд жүжиг гарах цаг маань болж орхисон аж. Үүндээ би “Алты нь аваад авдры нь хаяна “гэгч болов гэж сэтгэл зовж эхэллээ. Үүнэндээ над завдал болоогүй юм. Одоо бодоход би хамаг юмыг ганц биендээ хүлээн авсан аж. Хамгийн наад зах нь зарлал бичих, түүнд дагуур бичиг хийн машиндуулах, түүнээ Хэвлэлийн хороонд хүргэх, тэгээд бас түүнээ зохих цагт нь гаргах гэж хэд дахин харайлгана. Энэ бол нас залуугийнх. Залуу хүний өмнөөс гүйх хэн л байдагсан билээ. Харин өөрийнхөө өмнөөс гүйлгэх хүмүүс байдаг.
Жүжиг гарахын өмнөхөн үзэгчдийн суудал руу сэм харахад аль гоё сайхнаа өмссөн эрэгтэй , эмэгтэй хүмүүс пиг дүүрэн. Гэтэл хамгийн урд нүүрний гол суудал дээр дээд уруул ба эрүүндээ өтгөх хар сахалтай, европ маягаар тэргүүн зэрэг хувцасласан гучин тав зургаа орчим насны хүн намуухан дөлгөөн цагаан царайтай бөгөөд мөн ёслол хүндэтгэлийн байдлаар хувцасласан авгайтайгаа сууж байгаа нь над олноос онцгой харагдав. Энэ хүн Гэгээрүүзлэх яамны зөвлөх Ишдорж гэгч бөгөөд миний дунд сургуульд анх ороход Ишдорж хичээл заадаг захирал багш байлаа. Би ер нь тэр цагаас эхлэн Ишдоржоос ухаангүй айдаг болсон юм. Германд очин суралцахад минь мөн захирлаар очин айлгасаар байлаа. Би тэндээс эргэж ирсэн хойноо хэдийгээр бие даан ажиллах болсон боловч мөн л айна. Энэ багш ажилд хичээнгүй, үзэн судлах, хийж бүтээхэд биеэ бүрэн дайчилдаг сүрхий хүн. Тэгээд сурагч нэг бүрийг өөр шигээ болгох гэсэн сэтгэлээр бид бүхнийг хатуу барьдаг байсан юм.
Одоо энд ирээд байгаа нь миний жүжиг найруулгын ажлыг зориуд үзэхээр ирсэн хэрэг. Иймд миний сэтгэл өөрийн эрхгүй түгшиж орхив.Тэгээд юу юуны урьд би жүжигчид хөгжимчид хоёроо битгий л алдан будлиасай билээ гэж бодно. Манай хүмүүс хэдийгээр тэргүүний авьяаст идэвхтэй ажиллагч боловч угаасаа урсгалаараа ажиллаж эхэлсэн нэг их гэмтэй. Би энэ дутагдлаас нь гаргахад хамаг анхаарлаа тавьдаг байсан юм.
Цагийн зүү яг наймдаа голломогц жүжиг гарахын анхны дохио харанга цохиж, театр дүүрэн цууриатав. Энэ харангыг би түрүүн “Учиртай гурван толгой” жүжгийн өмнө чухам яаж цохиуштайг эрэлхийлэн туршсанаараа өөрөө цохисон юм. Хоорондоо дөрөв дөрвөн секундын зайтай гурав дахин зөөлөн цохимогц хөгжим намуухнаар эхэлж, хүнд сонсдон хөшиг алгуурхнаа нээгдэнэ.Энэ даруй өндөрлөг дээр тавьсан гурван бяцхан толгойн дүнд суугаа Юндэн, Нансалмаа харилцан дуулж гарлаа. Би их хөшгийн араас тэднийхээ аялах, хөдлөх нэг бүрийг сэтгэл түгшин ширтэнэ. Гэтэл тэд маань тун зүгээр. Тус бүрнээ хичээхийн ихээр хичээх тул сургууль хийснээсээ давуутай тоглоно. Үзэгчид гэвэл чив чимээгүй нэг ч хүнгүй байгаа мэт. Гэлээ ч миний сэтгэл түгшинэ. Хаа нэгтэйгээ алдан будлих вий гэж ямагт зовиурлана. Хоролмаа гарч ирж чихэнд хадсан чанга хоолойгоороо дуулна.
Нэгдүгээр үзэгдэл сайхан өнгөрлөө. Хоёр ба гуравдугаар ч өө зөөгүй өнгөрөв. Үүнд хоёр бэргэндэгч ба бэр буулгагч хоёр эр эм эрчимтэй тоглов. Өөлөн өгүүлэхэд: тус бүрд нь дуулах ба тоглох маш их авьяас байвч хоолойн ур чадвар л алга. Гэвч энэ бол бид өөрсдөө засаж залруулж чадах зүйл даанч биш юм. Энэ зуур үзэгчдэд үл мэдэгдэхүйц дутагдлууд гарч байсан бөгөөд түүний нь би жүжигчдэд одоо хэлэх хэрэггэй гэж бодон “Зүгээр” тун аятайхан болж байна” гэж тэднийгээ магтан улмаар урам зориг оруулж байлаа.
Одоо үлдээд байгаа нь эцсийн үзэгдэл. Гэлээ ч сэтгэл минь түгшсээр. Ээ дээ одоо л хичээнэ шүү дээ” гэж тус бүрд нь аминчлан захиад харанга цохин хөшиг нээлгэв. Үзэгчид гэвэл чив чимээгүй. Өмнө нь жүжигчид хичээхээрээ хичээж байгаагаар барахгүй, урьдынхаас илүү зориг орсон нь илэрхий. Гэтэл бас жүжгийн үйл явдал явагдах тусмаа хурцдан туйлдаа хүрэх шахсаныг хэлэх үү, миний сэтгэлийг улмаар донсолгоно. “Одоо л бүү алдаасай” ямар нэгэн хөндлөнгийн гай барцад битгий ороосой билээ” гэж бодно. Ер нь урлаг гэдэг бол маш эмзэг зүйл. Жишээлбэл энэ үед тэр доор аятайхан сайхан дуу гарч байгаа хөгжмийн гурван чавхдасны нэг нь тасарснаар бүх юм балрах нь тэр гэсэн үг.
Гэвч ямар ч алдаа, аюул тохиодолгүй яв явсаар ашгүй төгсгөлдөө хүрэхэд үзэгчид алга ташив. Энэ нь алга таших заншил манай үзэгчдэд ер дэлгэрэнгүй байсан юм. Иймд энэ нь харин ч анх удаагийн алга ташилт юм.
Үзэгчдийн хөлийн чимээ нэгэн зэрэг шүржигнэн гарч эхлэхэд сая миний сэтгэлийн хүлээс тайлагдаж, мөрөн дээрээс арван пүү юм мултран унах шиг боллоо. Жүжигчид маань хувцсаа тайлахаар нүүр будгийн өрөө рүү орсон байв. Би ганцаараа тайзан дээр. Маргааш жүжиг маань дахин гарна. Тайзны энд тэнд ундуй сундуй болсон зарим юмыг засууштай бодогдоно. Гэтэл бие тусул, санаа сэтгэлд ч бодогдох юм алга. Энэ нь хэдэн хоног ажилд дарагдсаны дээр сая хоёр цагийн турш сэтгэл хүчтэй тгшсэнээс болов бололтой. Энэ тэрхнийг ийш тийш болгосон болж байтал нэг хүн сэт гэтэн ирэх шиГ. Нэн тэргүүний нүдний минь буланд урт түрийгий нь эргүүлсэн нимгэн хар эсгий гутал тусав. Лавлан харахад Нацагдорж.
Намайг ширтэн инээмсэглэн зогсов. Би нумалсан биеэ тэнийлгэн хариу инээмсэглэв. Сэтгэлд минь зохиолы нь бүрэн гаргуулж авахтайгаа зэрэг одоо чиний хэрэг байхгүй гэсэн шиг болсон явдал маань бодогдов. Тэгээд үүнээ цагаатгая гэтэл хэлэх үг үл одох тул би зүгээр саандгүй байдал үзүүлье гэж бодогдов.
Үгүй чи чинь тун их ядарсан шинжтэй байх нь юу вэ ? гэхэд нь:
-“Ээ тий “ гэх мөртөө үгүй ча яаж орж ирэв? Гэж асууж орхиод эцэст нь энэ асуулт маань яасан ч эвгүй асуулт болж орхив гэж хойноос нь зовоход хүрэв.
-“яах вэ, билет аваад” гэж хариулсан нь над мөн эвгүй сонсогдов. Дараа нь Нацагдорж “Би жүжиг дуусмагц нааш явж байтал Ишдорж замд дайралдаад ….. гэхэд нь миний сэтгэл зарсхийх шиг болж:
“За тэгээд Ишдорж багш юу гэж байна вэ? Гэж яаран асуулаа. “Ишдоржийн сэтгэлд сүрхий таалагдав бололтой. Бидэнд баяр хүргэж байна. Гэж Нацагдорж хариулав. Энэ үг миний сэтгэлийн хүлээсийг дахин нэг тайлж алдагдсан бүх бяр чадлы минь эргүүлэн тохох шиг болов. Цааш юу өгүүлсний нь сонсохыг яаран “А тэгээд? Гэж нэмэн шаардаад “АЛь Вэ, хоёулаа сууя” гээд тайзны засал эрэг дээр сандайлахад зүлэг оруулсан ногоон будагт хүрээний үртсан шаваас гары нь үрэн баригдаж байж билээ.
Ишдорж багшийн дүгнэлт “Учиртай гурван толгойг” хятад ба европ дууриудаас тэс өөр, өөрийн орны байдалд тохиролтой шинэ хэлбэр эрэлхийлсэнд байх бөгөөд далимд нь намайг өөртэйгээ уулзаарай гэж хэлүүлсэн аж. Эцсийн энэ үг нь намайг мөн л зарсхийлгэв. Гэвч би очно. Ишдоржийн өмнө очих явдал над хэдийгээр халуухан байвч санал зөвлөлгөөний нь авахаас илүү эрхэм юм байхгүй. Иймд би маргааш очьё гэж бодно.
Жүжигчид маань маргааш хэзээ цуглаж юу хийхээ надаас асуухаар бөөнөөрөө ирэв. Энэ завшаанд би тэднийгээ Нацагдоржтой танилцуулав. Хандсүрэнгээс бусад нь бараг анх удаа уулзалдаж байгаа аж. Бид баяр баясгалантайгаар хүрээлэн сууцгааж, жүжгийн тоглолт, үзэгчдийн сонирхсон байдал, зохиолын явц ба түүний шүлэглэлийн аятай сайхан болсон тухай харилцан ярилцав.
Ингэж бид хийж , бүтээж амьдарч явлаа.
Тэр цагаас хойш одоо гучин нэгэн жил болов. Энэ зуур манай орны нийт театр, урлаг танигдашгүй болтлоо өөрчлөгдөн хөгжив. Гэвч Нацагдоржийн бичсэн “Учиртай гурван толгой” өдий хүртэл үзэгч олонд тэргүүн зэргээр сонирхогдон жижиглэгдсээр байгааг бахдахгүй хэн байх билээ.:
Хийсэн бүтээл хэзээд үлдэцтэй гэдэг нь энэ. Гэтэл ба хий хоосон яриа агаарт замхран мартагддаг гэдэг үг бас байдаг.
Нэмэн хэлэхд нхөр Нацагдорж , миний зохиолгүй байгаагийнхаа зовлонг тоочин очсоны минь хүлээн авснаараа , тэр мөртөө үндэсний өвөрмөц байдалд шинэ сайхан хэлбэрийг эрэлхийлснээрээ тэгээд ба албан ажлынхаа завсраар хичээнгүйлэн суун бичэнээрээ энэ нь манай театр урлаг чин сэтгэлээсээ хандагч нь байлаа.
Би эл дурсамжийг Улаанбаатар хотын 3 дугаар дунд сургуулийн
пионерийн бүлгээс зохиолч Нацагдоржийн тухай өөртэйгөө
холбогдол бүхий ямар нэгэн дурсамж бичиж өгөхийг эрсэнд
зориулан бичив.
1965.02.25
“УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙГ “ ҮЗЭЭД
Гучаад оны эхээр монголын театр аялгуут жүжиг тоглож эхэлсэн нь үндэсний дуурийн үүсвэр болов. Тэдний дундаас манай урлагийн санд үлдэн гандан бууршгүй бүтээл болсон нь Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” билээ. 1934 онд найруулагч Д.Намдаг /одоо урлагийн гавьяат зүтгэлтэн төрийн шагналт зохиолч/ найруулан нийтэл гаргасан байна. Тэр үед Юндэнд БНМАУ-ын ардын жүжигчин Ц.Цэгмэд, Нансалмаад гавьяат жүжигчин Т.Хандсүрэн, Балганд З.Жадамбаа, Хоролмаад Ц. Дэвээ нар жүжиглэжээ. Тэр цагаас хойш “Учиртай гурван толгой” театр, соёлын ордон, клуб, улаан булангийн мөнхийн бүтээл болсон бөгөөд 1942 онд засварласнаас хойш зарим гадаад оронд ч найруулан тогложээ. 1942 онд зохиолч нөхөр Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдоржийн зохиосон эхийг зассан юм. Ц.Дамдинсүрэн уг цомнол зохиолын төгсгөлийн гуниг эмгэнэлийг хасч, эрмэлзэл , тэмүүлэлтэй болгосон хийгээд хувийн чанартай тэмцлийг нийтийн болгосон нь уг зохиолын агуулгыг өргөжүүлж цаашид амьдрахад түлхэц болжээ. Үүний хамт БНМАУ-ын ардын жүжигчин төрийн хошой шагналт Б.Дамдинсүрэн сайхан аялгуу хийжээ.
Үүнийг А.Робинович, Д.Бат-очир нар найруулсан болно. Тэр найруулгаар БНМАУ-ын гавьяат жүжигчин А.Цэрэндэндэв-Юндэнд, ардын жүжигчин Д.Ичинхорлоо- Нансалмаад, улсын гавьяат жүжигчин Б.Лувсан-Балганд, Т.Хандсүрэн Хоролмаад жүжиглэжээ. “Учиртай гурван толгойн” зарим дуу одоо хир ардын дуу болсон бөгөөд уг дуурь нь хүнийг дахин дахин үзүүлэх чадалтай бүтээл хэвээр үлдсэн юм.
1951 онд “Учиртай гурван толгойг” БНМАУ-ын гавьяат жүжигчин нэрт найруулагч С.Гэндэн засварлан найруулж гол дүр Юндэнд А.Цэрэндэндэв, Нансалмаад Л.Цогзолмаа, Балганд Ц.Пүрэвдорж, Хоролмаад В.Сүрэнхорлоо нар анх жүжиглэжээ. “Учиртай гурван толгой” бол олон уран бүтээлчдийн чадал чансааг шалгаж олон хүнийг нэрд гаргасан билээ. Уг дуурьт Ц.Пүрэвдорж, В.Сүрэнхорлоо. Долгоржав, Г.Дулмаа зэрэг хүмүүс олон удаа тоглосны дотор дуучин Ц.Дагванамдаг 900 гаруй удаа Юндэнд жүжиглээд одоогийн шинэчлэгдсэн Юндэнд жүжиглэж байна.
Одоогийн шинэчлэн найруулсан “Учиртай гурван толгойг “ үзэхэд олон шинэ сайхан зүйл харагдлаа. Юуны өмнө тайз чимэглэлийн тухай ярихгүй өнгөрч болохгүй. БНМАУ-ын ардын зураач төрийн шагналт Л.Гаваа монгол зураг , гэрэл сүүдрийн хослолыг чамин тааруулж сонин тайз бүтээсэн байна.
Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Б.Дамдинсүрэн орчин үеийн монгол дуурийн шинж бүхий сонсохуяа эвтэй аялгуу хийсэн нь тайз, хувцас лугаа ихэд тохирчээ. Удиртгал хөгжмөөс өгсүүлээд ардын дууны уян яруу аялгуу эгшиглэж, улмаар найр наадмын түрлэг дуу, бяцхан түгшүүр дуулдан байна. Уг дуурийн үйл явдалтай хөгжмийн найрууламж сайн уялджээ. Найрын дуунд түрлэг, бүүвэйн дунд хоолой ялгаа, бүжиг болон Балганы хоёр , гуравдугаар дууг анд явж байгаа аялгуугаас өөрчилсөн нь их сайн болжээ.
Ер нь найрал дуунд олон хоолойн ялгамжийг сайн гаргасан явдал БНМАУ-ын гавьяат жүжигчин Х.Доёддоржийн зүтгэл бүтээлтэй холбоотой. Бүжгүүдийн хэмнэл, үндэсний шинж сонирхолтой болсон нь бүжиг дэглэгч Б.Гүрбазарын зүтгэл бүтээлтэй холбоотой. Уг дуурийг залуу удирдаачид удирдаж, Нансалмаа, Хоролмаа, Балган зэрэгт залуу жүжигчид тоглож байгаа нь улсын дуурь бүжгийн театрын ахмад зүтгэлтэн. Ардын жүжигчин Ж.Чулуун, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.ЛхасҮрэн нарын санаачлага гэж үзэх үндэстэй байна. Ерөнхий найруулагч Л.Лхасүрэн уран сайхны удирдагч Ж.Чулуун найрал дууны багш Г.Дарамзагд болон найруулагчид тайзны ажилчин, хувцас гэрлийн хүмүүс багагүй чармайлт гаргасныг цохон тэмдэглэлтэй.
“Учиртай гурван толгойг” шинээр тавьсан найруулга үндэсний хэлбэр, бодит байдал, ардач агуулга, уран сайхны найрамж, хөгжим, дуу, бүжиг жүжиглэлийн цогцолбороороо монгол дуурийн шинжийг хадгалж чадсан байна.
Сайн уран бүтээлчдийн туурвил дахин дахин засагдсаар мөнхийн бүтээл болдог тавилантай ажээ.
Б.Равдан
Дөрөвдүгээр бүлэг
Д.НАЦАГДОРЖИЙН ЖҮЖГИЙН ЗОХИОЛ
Нацагдорж бол монголын шинэ үеийн жүжгийн гарамгай зохиолчдын нэг ээ. Түүний бичсэн жүжгээс бидэнд лавтай мэдэгдэж байгаа жүжиг 7 бий. Эдгээр 7-гийн 5 нь 1691 онд нийтлэгдсэн. Д.Нацагдоржийн “зохиолууд” гэдэг зохиолын эмхтгэл дотор орсон юм.
“Учиртай гурван толгой”, “Нуугдсан эрдэнэ” гэсэн хоёр дуурь байгаагаас гадна “Би биш”,” Их авхай”, “Монгол ардын суут”, “Ондоо хүмүүжил”, “Ялт хавтгай” гэсэн ийм 5 жижиг бийгээс сүүлчийн хоёр нь дуусаагүй, дутуу тул хэвлээгүй.
Нацагдорж эдгээр жүжгийн зохиолыг монголын ард түмний өнгөрүүлж ирсэн бодит байдал ангийн тэмцлийн түүхнээс авч бичсэн байна.
Тухайлбал, зохиолч хэдэн жүжгийн зохиолдоо монголын ард түмний байдал 1921 оноос өмнө ямар байсан, ардын эрх чөлөөний хөдөлгөөний тэмцэл хэрхэн үргэлжилсэн, бас эрх чөлөө, тусгаар тогтнолоо нэгэнт олж авсан монголын ард түмэн энх тайван цагийн бүтээн босгох их ажил, хөдөлмөртөө хэрхэн орж байгаа зэргийг харуулсаан. Ялангуяа монголын феодализмын хоцрогдсон байдлыг тодорхой гэрэлтүүлээд, түүнд сөнөхөөс өөр цаашаа хөгжих замгүй болсныг Нацагдорж ойлгомжтой үзүүлсэн билээ.
Үнэндээ Нацагдоржийн бичсэн жүжгийг зохиол бүр нь монгол оронд болсон ямар нэг түүхт үзэгдэлтэй холбоотой тул тус бүрийг тэр цаг үеийн бодит байдалтай холбож судалвал сая ойлгомжтой болох байна. Энэ учраас мөнөөхөн хэвлэгдсэн 5 жүжгийн зохиолыг шууд дэс дараагаар нь авч үзье.
1.Нацагдоржийн жүжгүүдийн дотроос хамгийн ихээхэн алдаршиж дэлгэрсэн нь “Учиртай гурван толгой” гэдэг дуурь байгаа юм. Зохиолч үүнийгээ анх 1934 онд “Да вангийн Юндэн гөөгөө” гэгч ардын аман зохиолын нэг дуунаас сэдэв авч, бичсэн байх юм. Тэр дууны товч үг нь: Да вангийн Юндэн гөөгөө
Данагар данагар алхаатай яа хө
Дал мөрөө бүтээсэн отготойёо хө
Да вангийн түшмэл Юндэн гөөгөө нь
Давуу цэвэрхэн төржээ хө, хө
Гунагар гунагар алхаатайяа хө
Гучаад лангийн отготойёо хө
Гунхсан сайхан Юндэн гөөгөө
Гуниг ч үгүй цэвэрхэн төржээ хө
Дөнөгөр дөнөгөр алхаатайяа хө
Дөтгөөр зэргийн Юндэн гөөгөө нь
Дөрвөөр дарсан гэзэгтэйеэ хө
Дөнөгөр сайхан төржээ хө хө
Хүзүүгээр нь жавар орно гэж
Хөвөнтэй дүүтүү оёсон юм аа
Хүнээс илүү хайрлана гэж
Хүдрийн заарийг шингээсэн юм аа”
гэсэн үгтэй дуу 19 дүгээрийн эцэс, 20-р зууны эхээр монгол даяарт их дэлгэрсэн байв. Мөн дууны аяыг тэр Юндэнгийн даналзтал алхаж байгаа байдлаар нь зохиожээ.
Монгол ардын аман зохиолын дотор дуулсаар ирсэн энэ дууны тухай домог бол “Дархан Цэндийн хүү Юндэн 19-р зууны дундуур байсан хүн шиг байна. Түүний эцэг Цэнд өндөр нутуутай, нэг ав хав муутай янхир хар хүн “Халх гол” орчмоор нутаглаж, хориод ямаанаас өөр хөрөнгөгүй, голдуу дарх хийж, амьдардаг байсан гэнэ. Ганц хүү Юндэн нь өндөр цэх сайхан нуруутай, гоц цэвэрхэн хүрэн бор царайн дээгүүр хүүхэн хүн шиг битүү ургуулсан тас хар урт гэзэг нь морь уургалахад нь газар шүргэн алдаж байдаг сан гэнэ. Бас тэгээд тэр барилдахдаа сайн, дуулахдаа эвтэйхэн, эр хонгор дуутай, эршүүд зантай буюу ер хүнд л байвал зохих намба бүхэн түүнд бүрэн бүрдсэн гэж магтагддагаас гадна, түүнтэй уулзаж ярилцсан эмэгтэй хүн бүхэн шүүрс алдан халагладаг байв гэнэ.Юндэн хорин дөрөв, тавтай идэрхэн насандаа хятад газар жин тээж яваад, хүнд өвчин цочмог туссан учир хорчин хошууны хавьд нэг айл дээр хоцорчээ. Төдий л их удсангүй эдгэсэн боловч, нутаг буцаах унаа хөсөгний бололцоо олдсонгүйд, айлын мал хуй харгалзах зэргээр амь зуун явжээ. Юндэн хуучин монгол бичгийг зүгээр сайн мэдэж байсан явдал тэр хушуу нутагт тарсан тул мөн хушуунд бололтой, тамганы бичээч болсон гэнэ. Юндэн тэндэхийн хүмүүстэй сайн танилцаж, нөхөд олонтой болжээ. Тэндэх нутгийн нэг ядуу айлын маш үзэсгэлэнтэй охих Сириймаа гэгч Юндэнд дурлаж Юндэн ч тэднийхээр орон гаран явдаг болсон гэнэ. Гэтэл тэр нутгийн нэг баян айлын царай бүтэнтэй, эрх танхил өссөн “Гарваа” гэгч авхай Юндэнд их дурласан байжээ. Юндэн түүнийг хайхарсангүй, ямагт Сириймаадаа татагдсаар байсан гэнэ.
Тэр завсар мөн нутгийн эзэн Бал гүн гэгч хүүгээ гэрлэх гэж хүүхэн эрээд, олохгүй зөхөж байжээ. Түүнийг Гарваа мэдээд Юндэнгийн нөгөө хүүхэн Сириймааг зааж өгсөн гэх юм аа. Бал гүнгийн санаанд Сириймаа яв цав таарсан боловч Юндэнгээс болгоомжилсон учир Юндэнг дуудаж отго жинс шагнан өөрийн хиа болгож, түр зуур байлгасны дараа тамганы таван түшмэлийн нэгний эрхийг өгөөд, хятад газар албанд томилсон нэрийдлээр холдуулсан даруй нөгөө Сириймааг хүүдээ авч өгсөн гэнэ. Энэ тухай үеийн нөхөд нь Юндэнд бичжээ. Тэгэхэд нь Юндэн ирж, ихээхэн хэл ам хийсэн тул, эзний эрхэнд халдав гэж Юндэнг 3 толгой гэдэг газар элсээр чигжиж алсанд Сириймаа ч амиа хорлосон гэлцэнэ. Түүнээс хойш төр газрыг Үйлийн гурван толгой гэж нэрлэсэн юм гэнэ билээ гэдэг домог бий. Нацагдорж урьд сэцэн хаан Наваанцэрэнгийн хүрээн /одоогийн Хэнтий аймгийн төв/-д албан ажлаар очихдоо мөн домгийг олж сонссон янзтай.
Нацагдорж тэгэж явахдаа бас “Хөдөө талын үзэсгэлэн” гэдэг өгүүллэгийнхээ хэрэглэгдэхүүнийг судалсан нь илэрхий байдаг. “да вангийн Юндэн гөөгөө” гэдэг дуу нэг ёсны харилцаа дууны маягтай, гуч-дөчин бадаг дуу байгаа юм. Түүний дотор түүхт явдал нь ч тодорхой.
“Учиртай гурван толгой” эхний сэдэв нь болсон энэ дууны үнэн түүхийг олохоор Улаанбаатар хотын Ард кино театрын дага Вандангийн Цэвэгдорж ихээхэн хэрэглэгдэхүүнийг цуглуулаад судалж байгаа тул би энэ талаар нуршихыг болж, дараа хэвлэгдэхий нь хүсэн хүлээе.
Зохиолч Нацагдорж “Да вангийн Юндэн гөөгөө” гэдэг дууны үгнээс анх сэдэв авч “Учиртай гурван толгой” гэдэг дуурийг боловсруулан бичихдээ мөн дуунд голлон гардан хүний нэр Юндэнг тэр хэвээр нь үлдээн авсан байна. Ер Нацагдорж түүхт явдлын баримтыг гажих дургүй хүн байсан нь түүний олон зохиолоос харагддаг юм.
Юунд Нацагдорж дууриа “Учиртай гурван толгой” гэж нэрлэснийг хянавал давхар утгатай юм. Монгол хэлний зүй тогтоолын ёсоор авч үзвэл “Учиртай гурван толгой” гэж газрын нэр ч байж болно, эсвэл хүмүүсийг ёжлон заасан төлөөний нэр ч байж болох юм. Одоо хүртэл дан анхны газрын нэрээр нь ойлгож тэр дуурийн тайзны засалд аль нэг газрын гурван толгойн орчим энэ хэрэг түйвээн гарч байгаагаар дүрсэлдэг явдал буруу биш ээ. Гэвч дуурийн дотор голлон гарах Юндэн, Нансалмаа , Балган гурвын дүрээр эсрэг тэсрэг ангийг төлөөлүүлсэн тул бас учиртай гурван толгой болж байгаа юм гэж ч бас болно.
Харин Хоролмаа угаасаа харц ардын ангийн хүн байвч, өөрийн ашиг сонирхлын үүднээс хоёр ангийн төлөөлөгчийн аль алинд нь адилхан үйлчилж тогтворгүй хүн бөгөөд энэ гурвын дагуул, замын хань учир, Нацагдорж гурван тоондоо оруулсангүй, зохиолч маань ер юмыг гүнзгий утгаар гаргаж ирэх дуртай хүн байсан учир ингэж нэрлэжээ.
Нацагдорж, дээр дурьдсан дууны үгээр сэдэв болгож, 4 үзэгдэлтэй буюу 4 бүлэгтэй дуурийг зохиохдоо Юндэн, Нансалмаа хоёроор энгийн ардын дүрийг гаргаж, Балганаар феодал ноёдын ангийг төлөөлүүлсэн байна.
Ноён Балган харц эмэгтэй Нансалмааг хүч түрэн хатан болгож авах гэхэд Нансалмаатай нэгэнт заяагаа холбохоор хэлэлцсэн Юндэн эсэргүүцэн гарч ирдэг юм. Энэ нь яв явсаар эцэстээ зөвхөн хоёр хүний хоорондын тэмцэл биш,эсрэг тэсрэг хоёр ангийн тэмцэл болж хувирсан харагдана.
Харц ард гаралтай Хоролмаа баримталсан чиггүй, хоёр ангийн төлөөлөгчийн аль алинд ч үйлчилдэг яявдал түүний төөрөлдсөн, мэдлэггүйг харуулжээ.
1921 оны монголын ард түмний хувьсгалаас өмнө феодал ноёд эхнэр булаацалдаж, монгол ардын царайлаг эмэгтэйчүүдийг хүч түрэн авдаг явдал сүүлчийн үед олонтаа үзэгдэж байсан түүхтэй юм. Энэ мэт дарлалын нэг зүйлийг монголын ард түмэн гойд дургүйцэн эсэргүүцсээр байв аа.
Зохиолч Нацагдорж дуурьтаа 19-р зууны үеэс эхлэн монгол орны дотроо эсрэг тэсрэг ангийн тэмцэл улам бүр ширүүсэж, Ард Аюуш нарын зэрэг ардын эрх чөлөөгөө олохоор тэмцсэн хөдөлгөөн газар сайгүй гарч байсныг тольтгосон, энэ бол монголын тэр үеийн бодит амьдралын нэг чухал хэсэг нь болж байлаа.
“Учиртай гурвын” анхны эх бичгийн үйл явдлын товч тоймыг авч үзвэл, харц ардын ангийн эр, эм хоёр залуу өөрсдийн сайн дураараа гэр бүл болон хамт амьдрахаар шийдвэрлэжээ. Тэгээд Юндэн Богдын хүрээнд очиж, хурим найрын юм хумаа төхөөрөхөөр явлаа. Гэтэл энэ завсар Балган ноён, харц ардын үзэсгэлэнт охин Нансалмааг хүчээр эхнэрээ болгохыг оролдсон боловч, Нансалаа бууж өгсөнгүй. Тэгэж байтал Юндэн хүрээнээс буцаж ирээд ноён Балган нартай тэмцэлдсээр байгаад, адаг сүүлд нь Юндэн, Балганд алагдана. Муу амьд явснаас сайн үх гэдэг ардын сэцэн үгийн ёсоор Юндэнгийн дэргэд Нансалмаа биеэ хутгалан үхнэ. Балган ноён хүн алав гэж бусад нь барьж авах зэргээр Нацагдоржийн анхны эх бичиг ийм эмгэнэлт явдлаар төгсдөг байв.
Зохиолч Нацагдорж ер түүхийн баримтыг гажих дургүй хүн байсан учраас 1921 оноос өмнөх эсрэг тэсрэг ангийн тэмцэлд монгол ардын анги бүрэн төгс ялалт хийж байгаагүй уюу Юндэнгийн анхны домгийг харгалзаж , ингэж төгсгөсөн бололтой.
1934 оноос 1942 он хүртэл ийм төгсгөлөөр нь монголын театрын тайзан дээр тоглосоор иржээ.
1943 онд тус улсын төв театрын тайзан дээр шинэчлэн тавих үед Ц.Дамдинсүрэн зассан юм. Ц.Дамдинсүрэн засахдаа уг зохиолын гол хоёр баатрын гашуудалтай төгсгөлийг өөрчилж, зохиолч Нацагдоржийн анхны гаргаж ирсэн санаа ёсоор Балган, Юндэн нарын ангийн тэмцлийг онц товойлгон хурцатгаж өгөхийн тул аль алины талд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг нэмсэн зэрэг олон нийтийн чанартай болсон байна.
Бас уг дуурийг сонирхолтой болгохын үүднээс хор дуу, танц бүжиг тэргүүтэнг нэмжээ. Харин уг дуурийн хөдлөл, тэмцэлд их тус болмооргүй нуршсан дууны урт үгийг хасаж, товч оновчтой болгох талаар Ц.Дамдинсүрэн ихээхэн оролдсон байх юм.
Иймэрхүү засварыг хийсэн учир, одоо “Учиртай гурван толгой” 5 үзэгдэлтэй болж, төгсгөлдөө Балганы талынхан дийлдээд Юндэн тэргүүтэй харц ардын ангийнхан ялж, үзэсгэлэнт хүүхэн Нансалмаа, Юндэн нар харц ардуудын хамтаар баяр найр хийж байгаагаар дуусдаг болжээ.
Хэдийгээр “Учиртай гурван толгойн” төгсгөл өөр болсон боловч , уул дуурийн ноён нуруу, дууны яруу сайхан шүлэг мэтийг нөхөр Ц.Дамдинсүрэн, эвдэлгүй хэвээр нь хадгалуулсан төдийгүй, улмаар сайжруулж чадсан учир, одоо энэ сүүлийн зассан эхийг баримталж, театруудад тавьсаар байгаа юм.
Мөн дууринд гардаг хүмүүсийн дотроос гол гурван хүний дүрийг зохиолч бас учиртай бөгөөд зөвхөн зохиолдоо чухал хэрэглэгдэх талаар авч харуулсан байна.
Юуны урьд Нансалмаа, Юндэн хоёрын дүрийг авч үзье. Балганы үгээр Нансалмаагийн түр тодорсон нь:
Гуа үзэсгэлэнг үзвэл
Хурмаст тэнгэрийн дагина уу
Ор үзээгүй бүсгүй
Огторгуй тэнгэрээс заяав уу
Өвтэгш сайхны чинь үзвэл
Уул усны хувилгаан уу?
Уулын гөрөөс олдохгүйд
Урамгүй явсан юмсан
Зол заяа ирэхэд
Лус охиноо хайрлав уу?
Наран гэрэлт охин оо
Намайг юунд тэнснэм
Эртний хувь зохиолоор
Энд учрах ерөөлтэй байжээ
Дээд орны дагина биз ээ?
Өчүүхэн намайг тоохгүй юу?
Орхиод хаашаа явна вэ?
Сар шиг гэрэлд чинь гялбаж байна
Сайхан өнгөнд чинь дурлаж байна
Саатаж энд сууж
Санаа сэтгэлий минь хангана уу?”
гэснийг үзвэл , харц ардын охин Нансалмаа тун цэвэрхэн хүүхэн байжээ гэж бодогдохоос гадна, тийм хэтэрхий гуа үзэсгэлэн төгс охин гутаж гунихдаа амархан, чухам юманд амархан тугалган жад шиг хялбархан шантарч автагдахаас зайлахгүй биз гэмээр байна.
Гэтэл тэр цэвэрхэн охин Нансалмаа дээд угсаатны хүү Балганы нэр төр, эд хөрөнгөнд өчүүхэн ч татагдсангүй, нэгэнт чиглэсэн анхны янагийн нандин сэтгэл дээр чин зоригийг барин, харц ардын ангиа мэдэрч байгаа талаар Нансалмаа монгол орны аль нэг хөдөө нутгийн атар газарт ургасан содон харагдах улбар улаан тэргүүлэгч цэцэг шиг ардын шударга үнэнч эмэгтэйчүүдийг тууштай төлөөлж байгаа нь илэрхий үзэгдэх юм.
Юндэнгийн дүрийг Хоролмаагийг үгнээс авч үзвэл:
“Жавхлантай сайхан эр гэж
Засаг хушуугаар хэлэлцсэн
Царай зүсий нь үзвэл
Дамжиггүй үнэн юм л даа
Давхраатай хар нүдтэй
Тас цагаан шүдтэй
Дархан Цэндийн Юндэн чи
Давуу цэвэрхэн төржээ
Өслөг гуалиг нуруутай
Өргөн хар хөмсөгтэй
Өөрийн нутгийн Юндэн чи
Үлэмж сайхан төржээ
Бараагий чинь хараад бахадсан юм
Царайгий чинь хараад баярлаж байна
Ухаан орж сэргээч
Уг санаагаа илтгэе
гэж Юндэнгийн тэр хөдөө нутаг орноор алдаршсан бие бялдрын сайхантайгаа л адил бас түүний ухаан санаа тийм сайхан эрүүл саруул бөгөөд эрх чөлөөгөө олох ариун тэмцэлд халуун амь, бүлээн цусаа хайрлахгүй зүтгэх нь нээрэн жавхлантай хэрэг гэсэн санаа гарч байна.
Юндэн хэдийгээр сайхан боловч, түүний чиглэсэн санаа эрс шулуун
Дарлалыг үзэн ядаж, түүнийг эсэргүүцэн тэмцэх ёстой юм аа гэж Юндэнгийн ухаж ойлгосон сэтгэл бол хүний бие бялдрын сайхнаас дутахгүй шинэ юм, ёстой эр хүн юм шүү гэсэн далдуур дүрийг зохиолч гарган үзүүлжээ.
Чухам үүнээс юу үзэгдэв гэвэл, ер хүний сайн, сайхан бол зөвхөн бие бялдартаа байгаад зогсохгүй, түүний сэтгэл санаа, зориг чадвартаа, үйл ажиллагаандаа хамт байх нь хамгийн сайн, сайхан гэсэн хэрэг ээ.
Хэрэв сайн сайхан гэсэн дүр байвал, бас л үүний үйл ажиллагаа нь сайн, сайхан байх буюу хэрэв дорвитой сайн юм байвал, тэр л хирээрээ гаргасан их далайцтай байдаг, тийм ч байх нь маш чухал гэж зохиолч дуурьтаа гүнзгий үзүүлсэн санааг энд би хэлэх гэсэн юм аа.
Иймд Юндэн бол тэр тухайн үед үзэгдсэн харц ардын ангийн тэмцлийн нэгэн хэлбэрийн удирдагчийн дүр мөн.
Балганы ноёны дүрийг “ Бас нөгөө” гэх хорын дуунаас үзэхэд:
“Угсаатай хүний хүү юм шүү
Урьдаас чамайг сурагласан /хүссэн / юм
Учирсан нөхөр хэн гэх вэ
Ухаан санаандаа бодоорой”
гэж Балганы дээд ангийн ялгаврыг гаргасан , үүнийг Балган өөрөө цааш нь лавшруулж өгөх юм /хуучин эх бичгээс нь/
“Өсөх бага насандаа
Өөрийн дураар явлаа даа
Хурдан морийг унаж
Хурц зэвсгийг барилаа даа
Бага залуу нас минь
Бадарч байгаа л цаг даа
Баатар эрэлхэг чадал минь
Барс чононоос ч буцахгүй
гэж Балган язгууртан ангийнхаа омог дээрэнгүй бардам занг Нансалмаад гаргаснаар, Балганы харгис хэрцгийн дүр Нансалмаагийн үгэнд байгаа нь /хуучин эхээс/:
“Хүний арьсыг нөмөрсөн
Хээрийн галзуу чоно чи
Хүзүү толгой үргэлж байхад
Чи намайг боолчлохгүй
Омог зан чинь хэцүү ч
Ойртуулж намайг чадахгүй
Хэлэлцээ сүйтэ й нөхөр бий
Хичнээн оролдовч тусгүй
Зэвхий царайгий харахад
Зэрлэг араатан шиг үзэгдэнэ
Чиний чадал их ч
Миний зориг хатуу”
гэжээ.
Өмнөх дууны үгнээс үзэхэд монголын тэр дээр үеийн харгис дээрэнгүй ангийн төлөөлөгчийн нэг болох Балганы зөвхөн язгуур угсаа, түүний хэрцгий догшин дүрийг зэрлэг араатан амьтантай адилтгаж үзсэн явдлаар илэрч байна.
Зохиолчид, Балганы энэ дүр нь чухал байсан учраас л ингэж гаргажээ.
Балган ноён энгийн харц ардын гуа үзэсгэлэнт охин Нансалмааг ямар нэг эд хогшлын адил үзэж, түүний хүсэл эрмэлзлийг хүн ёсоор харсангүй, шууд өөрийн харгис хүчиндээ итгэн, дадсан заншлын дагуу хар муйхраар Нансалмааг түрэмхийлэх гэжээ.
Балганы энэ арга бол монголын хоцрогдсон феодализмын болхи бүдүүн мундлах заншил болохоос биш, харин өөр ямар ч арга ухаан алга гэсэн санаагаар уг дүрийг зохиогч харуулсан байна. Юм бүхнийг хэрцгий харгислалаар даван туулах буюу, эсвэл нэр төр, эд хөрөнгөөр аль дуртай бүхнээ бүтээж болно гэдэг Балганы бодол бол аль хэдийн хоцрогджээ. Энэ хоцрогдлыг Балган зэрэг Монголын феодал ноёд өөрсдөө мэдсэнгүй, харин үүнийг Нансалмаа ухамсарч мэдээд, давагдашгүй эсэргүүцэл гаргасан явдал үнэн ажил хэрэг дээрээ Балганд дайралдав.
Монголын энгийн нэг харц ардын гуа үзэсгэлэн төгс охин Нансалмаагийн хатуу зоригийг ноён Балган өчүүхэн төдий ч шанталж чадсангүй, хий дэмий л чирэгдэл болсон үзэгдэнэ.
Иймд хатуу зөөлөн хоёрын зөөлөн нь дийлэх, шинэ хуучин хоёрын шинэ нь дийлдгийг Балган яаж мэдэх билээ. Нансалмаа, Юндэн нарын эсэргүүцсэн тэмцэл бол тэр үед шинэхэн үзэгдлийн нэг үйл ажиллагаа байлаа. Ийм учраас зохиолч Юндэн, Балган нарын эсрэг тэсрэг хоёр дүрийг монголын бодит амьдралаас олж тавиад Нансалмаа, Юндэн нарын чин зоригийг Балган мэтийн феодалууд огт мохоож чадсангүй өнгөрчээ.
Балган бол тэр үеийн монгол феодал ноёдын харгис төлөөлөгчийн нэг дүр мөн.
Одоо “Учиртай гурван толгойн” зохиомж, үүнчлэн дууны үгийн талаар хэдэн үг хэлбэл, мөн дуурийн зохиомжийг зохиолч Нацагдорж их л хялбархан энгийн байдалтай хийжээ.
Юндэн, Нансалмаа хоёр өөрсдийн сайн дураар сэтгэл нийлэлцэн гэр бүл болохоор шийдвэрлэсэн явдал бас монголын хуучин бэр гуйх заншлыг эвдсэн нэг шинэ зүйл юм. Хоёр залуу шууд өөрсдөө хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр Юндэн хурим ёслолын юм хум төхөөрөхөөр Богдын хүрээнд очих завсар Балган ноён, үзэсгэлэнт охин Нансалмааг хүч түрэн эхнэр болгох гэв. Түүнийг Нансалмаа, Юндэн нар эсэргүүцэж, байн байсаар эсрэг тэсрэг хоёрын ангийн тэмцэл болж хувирсан утга санаагаар уг дуурь төгсдөг байна.
Тийнхүү үйл явдлаас нь авч үзэхэд, ер “Учиртай гурван толгойд” аливаа хэрэг явдлыг нь хойно урд оруулах зэргээр гойд төвөгтэй хэцүү зохиомжийг Нацагдорж хийсэнгүй аль болохоор хялбарчилжээ.
Тэр үед улсын төв театрт найруулагчаар ажиллаж байсан зохиолч Намдаг уг жүжгийн зохиомжтой танилцаж тодорхой зөвлөлгөө өгч байжээ. Ер нь дуурийн дотор голдуу дуугаар харилцаж, хөдөлгөөнөөр хамаг утга санаа нь гардаг учир, зохиомжийг хэтэрхий төвөгтэй хийвэл, үзэгдлүүд хоорондоо авцалдаа муутай ойлгомжгүй болох гэм бий гэдгийг нөхөр Намдаг, Нацагдоржид сайн ойлгуулсан хэрэг юмаа.
Нацагдорж дуурийнхаа зохиомжийг зөв зүйтэй сайн хийхийн тул, тэр мэргэшлийн хүнтэй хамтрахыг хүсч, түүнтэйгээ зохиолын үйл явдлыг ширхэг дараалан маш нарийн нягтаар зөвлөж, бичсэн дууныхаа үгийг нэгд нэгэнгүй үзүүлж “ Чи бид хоёрын анхны санаа гарч чадав уу? үгүй юу? гэж асуугаад , хэрэв үгүй байна” гэвэл “ Чи энэ санаагаа наад цаасан дээрээ жирийн үгээр бичээд аль” Би дахиад л нэг шүлэглээд үзье” гэхчлэн Нацагдорж ер уйгагүй оролдож, уурлах уцаарлах, маргахыг мэддэггүй байжээ. Нацагдорж аливаа юмны санааг төвөггүй хурдан гаргадаг их авьяастай хүн байсан нь түүний бичмэл нооргоос илэрхий үзэгдэж байна.
“Учиртай гурван толгойн” зохиомж хэдийгээр ийм энгийн янзтай хялбархан байгаа боловч , үйл явдлын сонирхлоо алдаагүй нь түүний зөв зүйтэй, сайн зохиомжийн нэг ач гэж үзэх ёстой.
Мөн дуурийн дотор хүмүүсийн дүр, хэрэг түйвээн, үйл явдлыг зохиомжны зэрэгцээгээр түүн доторхи дуунууд ихээхэн үүргийг гүйцэтгэх нь мэдээжийн хэрэг билээ.
Нацагдорж дуурийнхаа доторхи дууны үгээ монгол ардын аман зохиолд байдаг харилцаа дууны хүүрнэсэн шүлгийн маягаар үгийн толгой буюу адгийг холбон шүлэглэсэн байна. Гэхдээ үгийн толгой, эсвэл адгийг яг зохицсон аялгуутай авиагаар холбосноос гадна, бас ойролцоо авиагаар холбож шүлэглэсэн газар нэлээд дайралдаж байна.
Энэ явдал уг утга санааг гаргаж, дууны үгийн шүлгийн хэмжээг тааруулахад зохиолчийн ажлыг нилээд хөнгөтгөж өгсөн юм. Ингэснээр түүний шүлгийн урлаг муудсангүй, улам уран зураглал болгон өгчээ.
Зохиолч дууны үгийг шүлэглэхдээ яруу найргийн зэрэгцүүлгээ, адилтгал, хэтрүүлгээ, зүйрлэл, төлөөлөл, егөө тэргүүтний уран дүр, хэллэгийн найруулгыг оролцуулан хэрэглэсэн байх юмаа. Түүнчлэн үгсийн чимэг, шинэ хуучин үг, ойролцоо үг мэтийг аль болох зохихоор нь дууныхаа үгэнд оруулан ашигласан байна. Нацагдорж энэ бүгдийг оруулан ашиглахдаа монгол ардын аман зохиолын найруулгатай нягт холбож, монгол хэл зүйн дагуу хийж чадсан тул түүний дууны үг үнэхээр аятай, таатай болжээ.
“Учиртай гурван толгойн” дууны үгний нэг бадгийн доторхи мөрийн хэмжээг гойд анхаармаар байгаа юм. Бадгийн доторхи мөр хоорондын хэмжээ адил буюу ойролцоо байх нь нэг ёсны хууль билээ. Тэгтэл нэг бадгийн нэг мөрөнд биеэ даасан өргөлттэй гурав буюу дөрвөөс илүү орсон газар алга. Жишээлбэл: дөрвөн мөртэй нэг бадгийн мөр бүрт гурав гурван үг орсон байна гэж байгаа хэрэг ээ. Ингэж дууны үгний мөр бүрт гурав буюу дөрвөн үг оруулж явбал, уг дууны аяыг зохиоход амархан, эсвэл тийм үгтэй дууг монголын хуучин дууны ямар ч аяар дуулж болдог сонин ёс бийг Нацагдорж анхаарч, анх “Учиртай гурван толгойн” харилцах дууг дав дув дээр монголын хуучин дуунуудын аяар дуулж байгаад, хожим 1943 онд хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн дуу бүрт зохих шинэ ая оруулсан түүхтэй.
“Учиртай гурван толгойн” зарим дууны үгийг анхны эх бичгээс авч үзвэл:
Аяндаа мэнд яваарай
Алсаас хурдан ирээрэй
Алаглаж оёсон алчуурт
Аягаа хийгээд зүүгээрэй
Зүсийг нийлүүлж оёхдоо
Зүрх сэтгэлээ барах юм
Зүү хатгах бүрдээ
Зөвхөн чамайг бодсон юм”
гэж Нансалмаа Богдын хүрээнд очих хайрт Юндэнгээ үдэж гаргахдаа дуулсан байна. Найман мөрөөр бадагласан энэ дууны үгний эхний дөрвөн мөрт үгийн толгойг “А” авиагаар, бас үгийн адгийг “яваарай, ирээрэй, алчуурт зүүгээрэй” гэсэн ойролцоо авиагаар тус тус шүлэглэн холбожээ. Үүнд”…. аарай,….. ээрэй” гэдэг үгийн дагавар бол гагцхүү монгол хэлний эр, эм эгшгийн ялгавраар ийм болж байгаагаас биш, угтаа нэг ижил дагавар юм. Харин “ал-чуурт” гэсэн, энэ үгийн эцсийн үе бол “р” үсэг орсон “… аарай, ….ээрэй” гэсний ойролцоо авиа болон шүлэглэгдэж байгаа сонин үзэгдэл байна. Энэ байдлаас үзвэл, ер шүлэглэхэд ямар нэг гийгүүлэгч авиа зэрэгцсэн мөрөнд орох нь их үүрэгтэй байх юм гэж харагдах боллоо. Дараагийн дөрвөн мөрийн эхэнд үгийн толгойг “Зү…”, “Зө….” Авиагаар шүлэглэн холбосон явдал монгол хэлэнд “ө, ү” эгшгийн авиа ойролцоо учраас ингэж зэрэгцүүлэн шүлэглэж болох гэрч үзэгдэж байна. Мөнөөхөн дөрвөн мөрийн эхийг “Зү…”,” Зө…” үгийн үеэр шүлэглээд зогссонгүй, бас үгийн адгийг “оёхдоо”,” бүрдээ”, “байх юм”, “бодсон юм” гэж мөр алгассан ойролцоо авиагаар тус тус шүлэглэн холбосон ажээ.
Эдгээр найман мөрийн зургаа нь уртатгал буюу уруудах хос эгшгээр төгсч, хоёрхон мөрийн эцэст “юм” гээд, мөр дууссан байна. Жинхэнэ дуудаад ирэхээр “юм” гэдгийг “юм аа” гэж дуулж болно, ингэж ч дуулдаг билээ. Дууны мөрийн эцсийг аль болохуйц эгшиг буюу уртатгал, хос эгшгээр төгсгөвөл, дуулахад амархан байдаг гэсэн санааг Нацагдорж энд бас харуулсан биш үү.
Энэ найман мөрийн дотор бие биедээ онц харшлах гийгүүлэгч үсэг ороогүй явдал хэлэх, дуулахад төвөггүй болгов гэж хэлэхэд илүүдэхгүй. дууны шүлгийн бүдүүвчээс үзэхэд, тийнхүү наймөн мөрийн хэмжээ бараг яв цав таарсан, ялангуяа мөр бүрд биеэ даасан өргөлттэй үг гурав гурав орсон тул, уг дууны шүлэг доголдохгүй байгаа юм.
“Учиртай гурван толгойн” бусад дууг ажиглавал, голдуу л үгийн толгой, адаг хоёрын аль алиныг нь давхар шүлэглэжээ. Хэрэв үгийн толгойг шүлэглэн холбоогүй байвал, эрхбиш үгийн адаг шүлэглэгдсэн байх юм аа. Дан үгийн толгойг холбосон дуу ч бий.
Зохиолч Нацагдоржийн урлагийн их авьяас билгийг илтгэсэн энэ дуурь бол монгол орны дээр үеийн бодит байдлын нэг үзэгдлийг монголын ард түмний шилдэг уламжлалт сайн зан суртахууны ёсоор ой тойнд нь ортол үзүүлж, бас тэр үзэгдлийг ирээдүйн хувьсгал, хөдөлгөөнтэй хамт толилуулж чадсан тул, мөн дуурь огтхон ч хуучирсангүй, улам бүр сонирхогдсоор байна.
Ялангуяа манай алдарт ууган зохиолчдын нэг болох Ц.Дамдинсүрэн “Учиртай гурван толгойг” эдүгээ цаг үеийн байдал болоод ард түмний хүсэлд зохицуулан засахдаа түүний анхны утга санааг эвдэлгүй, улмаар ангийн тэмцлийг нь хурцатгасныг энд зориуд тэмдэглүүштэй.
Одоо “Учиртай гурван толгойг” тавих бүрт худалдах билет нь аль хэдийн гүйцчихсэн байдаг нь сонирхлыг илэрхийлж байгаа хэрэг бизээ.
Иймд “Учиртай гурван толгой” бол монголын ард түмний ангийн тэмцлийн нэг хэлбэрийг илтгэж чадсан бөгөөд утгаар төгс, урлагаар гарамгай, удаан жилийн сэдэвтэй, монгол дуу хөгжмийн яргуу тунгалаг эгшгийг хүний сонорт хоногшуулан баясгагч дуурь мөн.
Раднаабазарын Нарантуяа
“УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” ДУУЛАЛТ
ЖҮЖГИЙГ ДУУРЬ БОЛГОН ШИНЭЧИЛСЭН
Ц.ДАМДИНСҮРЭНГИЙН ТУРШЛАГА
Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэн шинэчлэн боловсруулж монгол дуурь болгон 1943 онд театрын тайзнаа тавьсан хэдий ч түүнийг хэрхэн яаж шинэчилсэн тухайгаа ярьж бичилгүй явсаар таалал төгсчээ. Үүнийхээ оронд харин Д.Нацагдоржийн зохиолын эмхэтгэл түүнийг эрхлэн гаргуулах үйлст хүчин зүтгэж, тухайлбал 1955, 1961 оны түүврүүдэд өөрийн хийгээд Д.Нацагдоржийн хоёр эхийг зэрэгцүүлэн хэвлүүлж байжээ. Энэ нь тус хоёр эхийг харьцуулан судалж үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг хойч үеийнхэндээ даатгасаар даруй дөч гаруй жил өнгөрч, одоо бол бараг хэлээгүй ч хийхийг шаардсан гэрээс болон бидэнд үлдсэнийг харуулдаг. Ийнхүү үлдээх болсонд хэд хэдэн учир шалтгаан байсан бөгөөд хамгийн гол нь Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн нарын зохиол бүтээлд өөр хоорондын нягт уялдаа холбоо байсанд оршино.
Нэг үгээр хэлбэл, Д.Нацагдоржийн намтар уран бүтээлийг нягт нямбай судалж танин мэдэхүйн сэтгэлгээнээс нь эхлээд үзэл бодол, урлах эрдэм болон уран сайхны хэл, арга барил тэргүүтнийг нь бүрэн төгс нээн гаргаагүй цагт түүний залгамж холбоо нь болж төрж гарсан Ц.Дамдинсүрэнгийн бүтээлд нэвтрэн орох ямар ч арга зам, үүд хаалга байхгүй юм. Үүнийгээ ч Ц.Дамдинсүрэн сайн мэдэх тул өөрийн бүтээлийн тухай өгүүлэх асуудлыг хойш тавьж, өөрийгөө төрүүлсэн Д.Нацагдоржийн намтар, уран бүтээлийн судалгааг эхлэн гаргуулах үндэс суурийг тавихад анхаарлаа хандуулж “Д.Нацагдорж манай сонгодог зохиолч мөн тул түүнээс үлдсэн бүх өвийг судлаж хэвлэх хэрэгтэй” /н.т.з 1961. х6/ хэмээн үзэж ажил амьдралаа зориулж байжээ.
Иймээс ч миний бие энэхүү итгэл, сэтгэлийг нь гүйцэлдүүлж, хүсэл тэмүүллийг нь биелүүлэх үүднээс тус илтгэлийг бэлтгэсэн юм.
Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуулалт жүжиг нь 1921-ээс 1930-аад оны монголын нийгэм улс төрийн хүчнүүдийн үзэл бодол, үйл ажиллагааны зөрчил тэмцлийг “Намар” цагийн өнгөн дээр тусган харуулж, их монгол улс байгуулах гэсэн нэгэн үеийнхний түүхэн үйл явц талаар өнгөрснийг үзүүлсэн эмгэнэлт жүжиг байлаа.
Д.Нацагдорж энэхүү жүжигтээ монголын баруун зүүний хоёр хүчинг “Чандмань” хийгээд “Номин” эрдэнийн чулуутай хоёр уулаар тэмдэглэж, хөх монголын үр сад үзэл бодлоороо задран хоёр хуваагдчихаад байгааг нь цэнхэр, ногоон хоёр өнгөөр бэлэгдэн цэнхэрлэн харагдах баруун уул, ногоорон харагдах зүүн уул гэж нэрлэн зүг чиг, өнгө гэрлээр нь чимэглэж, хад мод, жигүүртэн шувуу, амьтан ургамал нь хүртэл тодруулж үйл явдал, үзэл санаагаа урлаг, уран сайхны онцгой хэлэх болсон ил далд утга бүхий үгээр илэрхийлэн бичсэн байдаг. Иймээс ч энэ хоёр уулын төлөөлөгч болсон Юндэн, Нансалмаа хоёр” хайлаас модны мөчир дээр харцага шувуу жиргэсэн” намрын нэгэн өдөр өдөөгийн уул талд орших нэгэн хөндийн том чулууг түшин сууж, гар гараа барилцан хүчээ нэгтгэж өрх гэрээ барьж өрхнийхөө оосорыг татахаар тохиролцон байгаа байдлыг үзүүлэн эхэлдэг. Энэ бол монголын нийгэм, улс төрийн амьдралыг Ф.Энгельсийн “Өрх гэр, өмчит хөрөнгө, төрийн үүсэл” зохиолын үзэл санааны доор сэтгэмжилж, өрх гэрийн хүрээнд буулган, нэгэн гэр бүлийн эр, эм хоёр хүний хайр сэтгэл, янаг амрагийн харилцаа холбооны доор утга далдлан үзүүлсэн арга хэлбэр юм.
Одоо эргээд бодоход миний бичсэн зохиолын гол нь улс төр- иргэний сэдэв байсан байна. Шүлэг ч ялгаагүй тийм л байжээ. Одоогийн зохиолч бүгдийн бичдэг хайр сэтгэлийн уянга, тэр үед тун бага байж ахмад хүмүүсээс зовдог ч юм уу, юу юугүй янаг амраг гээд бичээд эхлэхийг зүрхэлдэггүй нэг чанар бидэнд байв. /Дашдорж 1988. х. 46/ гэж Ц.Дамдинсүрэн хэлж байсны учир холбогдол ч үүнд оршино гэж хэлж болно.
Гэвч энэ хоёр хүний дундуур доороо нууртай, нуурандаа булагтай боловч өнгө гэрэл, ургамал амьтан, хад чулуу, мод тэргүүтэн нь эс мэдрэгдэх арын уул гэж нэрлэгдсэн хойт уулын энгэрийг түшсэн гуравдагч хүчин болох Балган, Хоролмаа нар орж ирж Балган, Нансалмааг богтлон авч гэрлэх, Хоролмаа, Юндэнг Нансалмаагаас салгаж “доод гэртээ саатуулан” өөртөө татах гэж оролдсоноос зөрчил тэмцэл үүсч өрх гэрээ барих байтугай Юндэн, Балганы гарт үхэж, Нансалмаа Юндэнд татагдан сэтгэлээсээ болж өөрийгөө егүүтгэж, улмаар Балган хүн алсан хэрэгтээ татагдан өөрийн дагуулж ирсэн хоёр хүнд өөрөө баригдан хөтлөгдөж албаны газар хүргэгдэж, Хоролмаа айн зугтаж байгаа эмгэнэлт нэгэн явдлыг өгүүлж ар монгол гэж нэрлэгдэж байсан халх монголын нийгэм улс төрийн хоёр хүчин нэгдэх байтугай мөхөж, хойт уулын энгэр түшсэн Буриад, Өвөрмонгол хоёрын хэнд нь ч хэрэггүй болсон түүхэн үйл явдлыг тусган харуулж байжээ. Иймээс ч Ц.Дамдинсүрэн юуны өмнө нэгд энэ эмгэнэлт жүжгийн үзэл санааг шинэчлэн
Хангай говийн хооронд халхын уудам нутаг
Хар бага наснаасаа хөндлөн гулд давхисан газар
“… Алтай, Хангай хоёрын завсарт атар баян орон
Аав ээжийн минь оршсон ашдын заяат нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар”
гэж хэлж байсан их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг “ шүлгийн өөдрөг сайхан сэтгэлгээний өнгөн дээр гарган ирж,
“Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл үтэр өшиглөн
Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хүндтэй гавьяа байгуулья
гэсэн үзэл санааных нь доор,
“Тунгалаг сайхан өдөр
Түмэн бодис баясна
Түүний сайхан цэнгэлийг
Хэзээд бид амсана
Огторгуйд байгаа одыг
Унагаж буулгаж болохгүй
Онцлож зохицсон сэтгэлийг
Огтолж бас чадахгүй гэж хэлсэн Юндэнгийн үгийг дагуулан дахин боловсруулж “халх монгол” хэмээх нэгэн улс орон оршин тогтносон түүхийг өгүүлсэн /Нарантуяа Р. 1998. ¹ 11/12/ монгол дуурь болгон шинэчилжээ. Иймээс ч Ц.Дамдинсүрэн
“дархан манай хувьсгалт улс
Даяар монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжин үүрд мөнхжинө”
Гэсэн үг бүхий “Сүлд дуулал” зохиож /Дамдинсүрэн Ц. 1969 х 136/, хоёр хөршийнхөө энгэр түшсэн хоёр монголоос ялгарах онцгой шинж тэмдэг бүхий тусгаар тогтносон монгол улс болохыг харуулан баталгаажуулах үүднээс халхын аялгуунд тулгуурласан бичиг үсэг зохиож хагарч бутарсан улс түмнээ хэл соёлоор нь нэгтгэн өгөх үйлст хүчин зүтгэсэн томоохон улс төрч, чухамдаа хүрвэл,
“хувьтай эх орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хүндтэй гавьяа байгуулья” гэсэн Д.Нацагдоржийн гэрээслэлийг биелүүлж үйл хэргийг нь үргэлжлүүлсэн соёл урлаг, шинжлэх ухааны нэрт эрдэмтэн, олон улсын энх тайвны зүтгэлтэн юм.
1960-аад оны нийгэм улс төрийн амьдралд гарсан өөрчлөлт шинэчлэлийн үед 1930-аад оны нугалаа, завхарлын үеийн хэлмэгдэл, хохирлын асуудлыг хөндөн их зохиолд Д.Нацагдоржийн шоронд бичсэн шүлгүүдийг анх удаа хэвлүүлж, улмаар түүний “Ондоо хүмүүжил” жүжгийн түүхэн үндэслэлд тулгуурлан “Сүх” хэмээх шүлгээ бичиж,
“Иртэй сүх олох амархан
Итгэл сэтгэлийг олох хэцүү
Итгэл сэтгэлийг хулгайлж авахаас
Илүү хортой юу ч байхгүй”
/Дамдинсүрэн Ц. 1969. Х 60/ гэсэн хурц дайчин үгээ хэлж Балганы гарт үрэгдсэн Юндэнгийн хэв шинжит дүрийн нэгэн түүхэн үндэс болсон жанжин Сүхбаатарыг дурсаж явсан нэгэн билээ.
Ц.Дамдинсүрэн энэхүү жүжгийн төрөл ангийг шинэчлэн боловсруулахдаа юуны өмнө нэгдүгээрт, монгол ардын харилцаа дууны уламжлалыг ашиглан бичсэн арга хэлбэрийг монгол ардын баатарлаг туулийн уламжлалд тулгуурлан шинэчлэж суурь хөрсийг нь сольсон байдаг. Тодруулан хэлбэл Гэсэрийн туужийн Шарай голын гурван хаан гэдэг бүлэг хэсгийн уламжлалыг ашиглаж бичсэн учир үүнийхээ түлхүүр болсон “Гэсэрийн баатрын магтаал” шүүлэг зохиож түүвэртээ /Дамдинсүрэн Ц. 1969. х. 74-76/ оруулсан байна.
Ц.Дамдинсүрэнгийн энэ их дайснаа дарж дархан цолоо олж, найр наадам, жаргал цэнгэлээ хийж байгаа үйл явдлаар эхэлж энэ л жаргалтай дэлгэр цаг мөчөөрөө төгсөж, уруудаж доройтох бус өөдөлж дээшилж, ялж дийлсэн түүхэн үеэ дурсаж, өөдрөг сайхан сэтгэлийн дуулал болон боловсорсон онцлогтой байдаг. Гэхдээ энэ мэт шинэчлэлийг Ц.Дамдинсүрэн санаанаасаа зохиогоогүй бөгөөд тухайлбал д.Нацагдоржийн дуулалт жүжгээр дамжин илэрсэн дотоод сэтгэлийнх нь гутрангүй өнгө аясыг түүний цог золбоотой явсан цаг үеийнх нь сэтгэлгээгээр солж саруул сайхан санаа сэтгэлийнх нь орчин дээр татан гаргаж ирсэн тул тус жүжгийн үйл явдлыг “дөрвөн цаг” шүлгийнх нь дөрвөн цаг үеийн хэмжээнд дэлгэрүүлэн үзүүлэхийн зэрэгцээ эхлэл төгсгөлийг нь шарласан модны навчис хоёр нэгээр унасан “намрын цаг” бус харин “ийм л сайхан баягалантай, тийм л сайхан жаргалтай” /Нацагдорж Д. 1996 х 134/ гэж үзэж байсан зуны цагт нь шилжүүлсэн шинэчлэл хийжээ.
Баатруудынх нь дүр дүрслэлийг баруунтан, зүүнтэн гэсэн гадаад өнгөөр нь бус, түүний цаана утга далдлан оршиж байсан Бүх цэргийн зөвлөлийн дэргэдэх дотоодыг хамгаалах болон цэргийн яамны дотор болсон үйл явдлынх нь улаан шугаман дээр тодруулж өгсөн байна. Иймээс ч “Баатар чиний хамтаар баахан цэнгэн наадна” , “Нансалмаад нэгэн наста й хүн цэцэг бэлэглэж бүх цугларагсад ёслон явна”, “эрэгтэй, эмэгтэйчүүд танц хийнэ” /н.т.з 1961. х . 321 / гэх мэт ил далд утгатай үг хэллэг нилээд оржээ. Нэг ёсноо Д.Нацагдоржийн далд утга бүхий үйл явдлыг ил гаргаж, ил утга бүхий хэсгийг нь далдлах замаар эргүүлэн тавьсан учир Ц.Дамдинсүрэнгийн эх Дашдоржийн Нацагдоржийн “Нуугдсан эрдэнэ” жүжгийн хөрсөн дээр бууж ирсэн байдаг. Энэ жүжиг зуны дэлгэр цагт наадмын талбай дээр тавьсан сүлдний өмнө Сумьяа Цэрмаа хоёр хөтөлцөн гарч ирж,
“Зуны сайхан улиралд
Зүйл бүрийн бодис дэлгэрнэ
… Түмэн оны эхийг
Ийнхүү тэмцэн бүтээнэ
Төрийн үүрд мөнхийг
Дүү нар багачууддаа уламжилна” гэж дуулсан дуугаар төгсөж байдгийг бид мэднэ.
Ц.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” жүжгийнхээ үйл явдлыг
Д.Нацагдоржийн “дөрвөн цаг” шүлгийн “Зун” хэмээх мөчлөгт,
“Үзэсгэлэнт уул, унгалаг ус зуны цагт тэгш
Эрийн гурван наадам монголын манлай баясгалан
Хүүхэд багачуудын гийнгоолох дуу, хөндий талд яруу
Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал
Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна
Хээр хөдөөд таван хошуу мал дураар бэлчинэ
Өрх бүрийн үүдэгнд айраг, сархадын үнэр сэнгэнэнэ
Ийм л сайхан баясгалантай, ийм л сайхан жаргалтай
гэж бичиж тэгш эрх, ардчилал шинэчлэлийг магтан дуулж байсан сэтгэлийнх нь өнгө төрхөн дээр суурилуулж,
“жил бүрийн долоон сард
Зуны улиралд найртай сайхан
Зүйл бүрийн бодис дэлгэрээд
Зугаацан наадам тааламжтай”
… Эрх чөлөөгөө олсон ардууд
Эрийн гурван наадмыг үйлдэнэ
Эрүүл энх байвал
Жил бүр цэнгэлдэнэ
Ард бүхэн баясан найрлаж
Айраг цагаагаа ууна
Аливаа өвчнөөс сэргийлвэл
Ийнхүү найрлан баясна” хэмээн бичиж байсан “Эрүүл явбал наадмыг үзнэ” гэсэн шүлгийнх нь үзэл санаанд зангидан,
“уул ус нь тэгш бол
Жигүүртэн донгодох нь яруу
Уг сэтгэл нэг бол
Үг хэл найрамдуу” гэсэн
Юндэнгийн үзэл санааны доор,
“Тунгалаг сайхан өдөр
Түмэн бодис баясна
Түүний сайхан цэнгэлийг
Хэзээд бид амсана
Огторгуйд байгаа одыг
Унагаж буулгаж болохгүй
Онцолж зохицсон сэтгэлийг
Огтолж бас чадахгүй гэж хэлсэн
/н.т.з. 1996 1996 х.356/ хэлсэн үгийнх нь утга санааны хүрээнд боловсруулж Нацагдоржийн сэтгэлийн өнгө төрхийг сольж, нэг ёсноо түүнийг дахин амилуулсан байна. Иймээс ч Ц.Дамдинсүрэн ижил гурван уултай, мод, ус, цэцэг навч үзэсгэлэн төгөлдөр нэгэн уудам тал хөндийд үйл вдал өрнөж буйг харуулж, баруун, зүүн уулынх нь өнгө гэрэл зг чиг тодорхойлсон мөр бадгийг хасч баруун, зүүн уул нь хадтай, модтой , хойт уул нь доороо нууртай, нуурандаа булагтай гэсэн ялгаа зөрөөг далдалж зөвхөн
“Хадтай өндөр уул нь
Хангай дэлхийн үзэсгэлэн
Модтой өндөр уул нь
Монгол газрын чимэг”
гэсэн дүрслэмжийн хүрээнд Юндэн, Нансалмаа хоёрын үйл явдлыг өрнүүлж утга агуулгын хэд хэдэн давхарласан улаан шугамыг дан үйл явдлын шугамд шилжүүлэн өгчээ. Тухайлбал: Нацыагдорж цаг үеийнхээ нийгэм улс төрийн байдлаас гэж нэрлэгдэн улс төрийн тавцанд ээлжлэн гарч ирж байсан хүчнүүдийн хэд хэдэн удаагийн ороомог хэлбэртэй үйл явдлын давтамжийг ерөнхий мөн чанараар нь эвхэж нэгтгэн арга билгийн харьцаанд оруулж, эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцлийн хуулийн дагуу боловсорсон хэв шинжит дотоод мөн чанарыг нь илэрхийлсэн үйл явдал, үзэл санааг сүлжилдүүлж, намар цагийн өнгөн дээр хам цагийн хүрээнд үзүүлсэн уран нарийн бичлэг хийсэн байдаг. Үүнийг Ц.Дамдинсүрэн задалж тэнийлгэн 1921-1940 -өөд оны эх хүртэлх түүхэн амьдралыг цуваа цагт оруулан түүнчлэн үзүүлсэн дуурь болгон шинэчилж цаг хугацааг сунган, утга агуулгын багтаамжийг мэдэгдүүлж бичлэгийн арга хэлбэрийг хөнгөвчилж бүтэц зохиомжийг өөрчлөн шинэчилжээ. Тодруулж хэлбэл Ц.Дамдинсүрэн 1921 оны ардын хувьсгалын түүхэн ялалтыг “барс ирвэсийг сүрдүүлж” , “арслан барсыг намнаж”, “хөх чоныг айлгаж” , “хөндийн араатныг сочоосон” анчин баатар эрс, хүлэг сайн морьдын алдрыг магтан дуулсан шүлэглэл бүхий эхлэл хэсгээрээ, 1921 оны ардын хувьсгалыг гүнзгийрүүлэх гэж оролдсон 1921-1924, 1924-1929 оны түүхэн үйл явдлуудыг “Алдарт эр, шилдэг анчин, баатар Юндэнг” даган наадан цэнгэж, сайхан хурим хийхээр цуглаж байгаа саруул талын чөлөөт ардуудын найр наадмаар 1930-аад оны түүхэн үйл явдлыг,
“Алтан нар ургалаа,
Арын ууланд гарч
Араатан гөрөөсийг агная
… Хангайн ууланд гарч
Хандгай бугыг намная” гэсэн үйл явдлын хүрээнд тус тус үзүүлж, нэг жүжгийн дотор хэд хэдэн үеийн Юндэн, Нансалмаа нарын дүрийг бүтээсэн байна. Энэ бүхэнтэйгээ холбогдуулан Д.Нацагдоржийн шүлэг зохиолын зарим дүр дүрслэмж, утга агуулга, үзэл санаанаас үндэслэн “Анчны дуу”, “Найрын дуу”, “Айргийн дуу”,” Бүүвэйн дуу” гэх мэт хэд хэдэн дууг зохиож үйл явдлаа тодруулсан байна. Жишээ нь: Д.Нацагдорж бүх цэргийн зөвлөлийн дэргэдэх дотоодыг хамгаалах болон Цэргийн яамныхныг анчин гөрөөчний дүрээр дүрсэлж ан авд мордож байгаагаар үзүүлж, ялангуяа дотоодыг хамгаалахынхныг халин нисэх бүргэдийн жигүүр мэт хөмсөгтэйгөөр дүрслэн харуулж байсан бол Ц.Дамдинсүрэн энэ уламжлалыг нь ашиглан, нэгийг анчин баатар, нөгөөг гөрөөчин гэж тодорхойлон,
“Анчин ардын толгойлсон
Алдарт эр Юндэн
Агуу зоригийг хөгжөөсөн
Шилдэг анчин Юндэн” хийгээд гөрөөчин Балган нарын дүрийг бүтээж,
“Хорин хүн эвгүй бол
Эвдэрхий хүрээ мэт
Хоёр хүн эвтэй бол
Төмөр хүрээ мэт” /Дамдинсүрэн Ц. 1969. Х. 113/ гэсэн сургал номын үзэл санааны дор зангидан үзүүлж аль аль талынх нь үйл явдлыг тэгш тэнцүүхэн дүрслэн харуулжээ.
Юуны өмнө 1921 оны Ардын хувьсгалын ялалтыг анчин баатар эрсийн дүрээр илэрхийлж, анчин баатар эрсийн алдрыг магтан дуулсан эхлэл шүлгийг хийж өгсөн төдийгүй, улмаар хүний бус өөрийн хүчинд тулгуурлахыг дээдэлсэн утга агуулга бүхий “Анчны дуу” зохиож Юндэн, Нансалмаа хоёрыг тойрон хүрээлж байгаа олон түмнийг бүтээжээ.
Д.Нацагдорж, Юндэн, Нансалмаа хоёр нэгдэл холбоог “Юндэн баруун гараараа Нансалмаагийн зүүн гарыг барьж харилцан их янаг байдалтай байна” /н.т.з 1996. х. 279/ гэсэн дүрслэмжээр илэрхийлж байсан бол Ц.Дамдинсүрэн түүнийг “Нууц янаг” шүлгийнх нь:
“Хожим өдөр гүн ойн дунд учирч
Сэтгэл зүрхийг хангахад
Гагцхүү хажуугийн цэцэг үзэж
Бид хоёрын зүг инээмсэглэнэ” гэсэн үзэл санааны доор дэлгэрүүлж:
“Арын уулан ургасан
Алаг цэцэг сайхан
Амраг хөөрхөн бүсгүй минь
Алаг цэцэгнээс сайхан
Өврийн ууланд ургасан
Өнгийн цэцэг сайхан
Өөрийн янаг бүсгүй минь
Өнгийн цэцэгнээс сайхан” гэсэн үг бүхий “Анчны дуу” зохиож тэр хоёрын үйл ажиллагааг ард түмэнтэй нь холбон өгчээ.
“Өрх бүрийн үүдэнд айраг сархадын үнэр сэнгэнэж” , “Уудам талд цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтсан” зун цагийн сэтгэлгээтэй нь уялдуулан “Найрын дуу” зохиож, улмаар харийн улс гүрнүүдийн үзэл сурталж согтон мансуурагчдыг архи, пиво ууснаар дүрслэн харуулж байсан Д.Нацагдоржийн уран сайхны сэтгэлгээг дагуулан үндэснийхээ үзэл бодлыг айраг, тараг тэргүүтнээр тэмдэглээд
“Тал нутаг цэцгээр бүрхэж
Тамсаг идээ тэвшээр дүүрч
Тараг айраг хувингаар бялхаж
Танил нөхөд хуралдан ирж”
/Дамдинсүрэн Ц. 1939. х.321/ байгаа байдлыг дүрслэн харуулжээ. Үүнтэйгээ холбогдуулан “Айргийн бүжгийн дуу”-г тусгайлан зохиож түүвэр зохиолдоо оруулж /Дамдинсүрэн Ц.1969. х. 93/ далд утгатай үг хэллэг, үзэл санааныхаа түлхүүрийг нууцалсан байна.
1920-оод оны сүүл, 1930-аад оны эхний байдлыг “Бүгээн гэгээ тасарч, бүрэнхий үдэш болсон” болон “Үүр цайж нар бүтэн гарсан” тухай дүрслэмжээр үзүүлж, Д.Нацагдоржийн “өглөө, үдэш, өдөр, орой” гэсэн дөрвөн цагийн хэмжүүрээр илэрхийлжээ. Иймээс ч саруул талын ардууд шилдэг анчин баатар Юндэнгийн хамтаар наадан цэнгэж бүжиг танцаа хийж, нэгэн настай ард Нансалмаад цэцэг бэлэглэж, бүх цугларагсад ёслон явж байтал бүгээн гэрээ тасарч, бүрэнхий үдэш болж байгааг хүүхэд тэвэрсэн эмэгтэй “Бүүвэйн дуу” дуулан гарч ирсэн өгүүлэмжээр илэрхийлсэн байдаг. Энэ бол хуучин үе солигдож шинэ үе төрөн гарч буйн дохио, хуучин шинэ үзэл бодол зөрчилдөж хөгшин залуу хүмүүсийн тэмцэл хөдөлгөөн сүлжилдэн өгүүлэгдэхийн эхлэл болж байлаа.
Эх үр хоёрын тухай энэ дүрслэмжийг “Дөрвөн цаг” шүлгийн “Хавар” хэмээх мөчлөгт шинэ үе таран гарч байгааг үзүүлсэн өнгө аяс бүхий
“Эелдэг урьхан амьгал ариунаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй буяхан хүүхэд эцэг эхээ баясгана
гэж хэлж байсан Д.Нацагдоржийн мөр бадагт тулгуурлан гаргасан төдийгүй, “Миний хэнз хурга магна й халзан зурвастай, дун цагаан үстэй, дуран хар нүдтэй, өвдөг юугаа сөгдөн эхийгээ хөхдөг, өвөр дээр минь гарч өхөөрдмөөр өхөөрдмөөр эрхэлж, нааш цааш дэгдэн малчин хүнийг баясгуулдаг” гэхчилэн бичиж байсан “Миний хэнз хурга” шүлгийнх нь утга агуулгатай хослуулан байж унтаж байгаа хурга болон өлгийтэй хүүхэд хоёрын тухай дуулсан “Бүүвэйн дуу”-г зохиожээ. Ийнхүү ирээдүй, хойч үе нь бага балчирхан, өлгийдөө унтах шахам байх үед баруун, зүүний тэмцэл хөдөлгөөн үүссэнийг энэхүү өгүүлэмжээсээ цухас үзүүлсэн учир хожим нь энэ хүүхэд өсч бойжин хол ойроор хэсч, ашиг хонжоо хайж яваад таван тивийн ард түмэнтэй хамт явах огторгуйд татсан солонго шиг замыг олсноо” огторгуйд татсан солонго шиг онцын сайхан торго” , “Талд ургасан цэцэг шиг таван өнгийн дурдан шүү, таалж үзээд аваарай” хэмээн зарлан тунхагласаар гарч ирдэг төвд худалдаачны дүрээр үзүүлж Нансалмаад туслан Юндэнд хэл хүргэхээр явж байгаагаар дүрслэн харуулсан байдаг.
Д.Нацагдоржийн эхэд “Чи чинь Надмидын хүүхэд биз дээ, Балганы эхнэр болсон гэж дуулдах ч билээ. Юндэнгээр яах гэсэн юм бэ? Тэр хаанаас мөд ирэх юм бэ? Гэж ширэв татан өөр үггүй, шууд зүүн уулын араар орон одов” гэж өгүүлэгдэж байсан Дамдингийн дүрийг өдөр цагаар өлгийдөө өсч бойждог монгол туулийн баатар эрийн уламжлалт дүрийн хэлбэрээр зохиомжилж ийнхүү төвд худалдаачин гэж нэрлэгдсэн шинэ хүний дүрийг бүтээжээ. Үүнийг “хуучин хүүгийн нөгөн нөхөр хувьсгалын буу тавьсан өдрөөс эхлэн хөмөрсөн тогооны дотор гэрэл тусч нэгэн аймаг улс сэргэв. Тэнгэрийн хаянаас цааш газар байдгийг мэдэж, таван далай, таван тивийг танин шинэ ертөнц дээр хамт явах замыг нээв” гэсэн Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэгийн үзэл санааны хүрээнд боловсруулсан дүр гэж үзэж болно. Иймээс ч “Бүгээн гэгээ тасарч бүрэнхий үдэш болон хүүхдийг сонирхож байсан ардууд тал тал тийшээ явахад Юндэн, Нансалмаа хоёр үлдэн
“Хайлаас модны мөчир дээр
Харцага шувуу жиргэж байна
Харилцан ханилсан бид хоёр
Хамтрахын үгээ ярих уу даа” хэмээн дуулж байгаагаар Д.Нацагдоржийн дуулалт жүжгийн үйл явдал эхэлж шинэчлэгдсэн эхийнхээ эхлэл хэсэгтээ хуучин эхийн эхлэл холбогдож 1930-аад оны үйл явдал дүрслэгдэж эхэлдэг. Ц.Дамдинсүрэн энэ хэсэгтээ “Цагаан гэрээ барих юмсан” гэсэн Юндэнгийн үг болон Нансалмаагийн дуун эхлэл хэсэг болох
“Эргэн тойрон уулууд нь
Үзэсгэлэнтэй сайхан газраа
Өөрийн гэрийг бариач ээ
Өрхний чинь оосорыг татья даа” гэсэн хэсгүүдийг хасаад, түүнчлэн Нансалмаагийн дууны дараагийн бадаг болох
“Ижил хоёр шувуу нь
Эелдэг дуугаар таньдаг юм
Эртхэн нийлж суугаад
Ангир шувуу шиг явья” гэсэн үгийг нь,
“Ижил хоёр шувуу шиг
Ижилдээд хоёулаа сууя
Ингэж нийлэхээс илүү
Жаргал хаана байх вэ” гэж Юндэн, Нансалмаа хоёр хослон дуулж байгаагаар шинэчилжээ. Энэ нь “Цэнхэрлэн харагдах” гэдэг дууныхаа сэдэв санаанд тулгуурлан бичсэн Д.Нацагдоржийн жүжгийн гол явдлыг
“Идэр хоёр насны
Эвийг хэн ч эвдэхгүй
Өргөж босгосон тооно нь
Үүрд мөнх мандана” гэсэн төгсгөл бүхий “Идэр хоёр” /н.т.з. 1996. х. 122/ гэсэн шүлгийнх нь суурь хөрсөн дээр шилжүүлэн дэвсгэрлэж өгөх замаар боловсруулсныг харуулдаг.
“Харцага шувуу” гэдэг бол махчин шувуу учир болжмор шиг жиргэдэггүй гэдгийг Д.Нацагдорж сайн мэднэ. Гэвч хайлаас хэмээх модоор тэмдэглэгдсэн барууны хүчнийхний дээр дотоодын хамгаалахынхан бууж “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж” эхэлснийг Д.Нацагдорж “Хайлаас модны мөчир дээр харцага шувуу жиргэж байна” гэсэн үгээр илэрхийлж энэ үүднээс ч Юндэн, Нансалмаа хоёрын хамтрахын үгээ ярихаар уулзан учирч байгааг үзүүлсэн байдаг. Ц.Дамдинсүрэн үүнийг нь хэвээр үлдээсэн боловч цаг тухайн үеийг нь “ бүгээн гэгээ тасарч бүрэнхий үдэш болов” гэсэн уран сайхны хэллэгээр тодруулсан байлаа. Гэсэн ч Ц.Дамдинсүрэн Юндэн, Нансалмаа хоёрын үйл явдлыг “Алтан өнгөт нар” хэмээх нам, амьдрал, жаргалыг тунхаглан гарч ирсэн үед хамааруулан үзүүлсэн байв. Иймээс ч “Нарны , нарны , нарны , нарны “ гэж дөрөв давтсан дахилт бүхий намын тухай дуу зохиож оруулсан төдийгүй, эрэгтэйчүүд нь:
“Алтан наран ургалаа
Анчин олон нөхөд минь
Арын ууланд гарч
Араатан гөрөөсийг агная
Хурц зэвсэгээ барьж
Хурдан мориндоо мордоод
Хангайн ууланд гарч
Хангай бугыг намная” /н.т.з. 1961.х. 324/ гэж уриалн дуудаж эмэгтэйчүүд нь үдэн гаргаж бүгдээр явцгаасан тэр үед Юндэн, Нансалмаа хоёр үлдэн Юндэн аян замд гарах болж Нансалмаа
“Аяндаа сайн яваарай
Алсаас түргэн ирээрэй” гэж захин аягаа хийгээд яваарай гэж алаглаж оёсон алчуур өгөөд,
“Хүрч ирсний чинь дараа
Хоёул сууна” гэж хэлээд үлдэж байгааг үзүүлж эцсийн бүлэгт ч Юндэн
“Алтан нар мандаж
Агаар тэнгэрийг гийгүүлсээр
Харьяат бидний ардууд
Түүний доор зовсоор
Харгис хүн хавчивч
Халуун сэтгэл хөрөхгүй
Халдаж түрэмгийлэх бэрхтэй ч
Харт хүү минь хувирахгүй”/н.т.з. 1961. х. 346/ гэгчлэн гуниглан дуулж байгааг үзүүлжээ. Энэ бүхэн нь:
“Алтан нарны гэрэл
Арван зүгт цацарна
Агуу сайхан туяанд нь
Амраг хүү минь үзэгдэхгүй” /н.т.з. 1961. х. 221/
“Алтан нар мандаж
Дэлхий дахиныг гийгүүлсээр
Аяа бид хоёр
Түүний дотор зовсоор” /н.т.з. 1961. х.315/ гэх буюу мөн
“Нарны илчгүйгээр
Навч цэцэг ургахгүй
Алтан сайхан гэрэлд чинь
Өчүүхэн бид хоёр амраглана”
хэмээн Юндэн, Нансалмаа хоёрын хослон дуулж байсан /н.т.з. 1961. х. 315/ Нацагдоржийн эхэд тулгуурлан зохиогдсон нь мэдээж боловч бас утга агуулгыг шинэчлэж, үйл явдлыг тодруулсан байна. Жишээ нь: Ц.Дамдинсүрэн үүр цайж тал талаас хүмүүс цуглахад нэг хүн:
“Алтан наран
Амьдрал жаргалыг тунхаглан
Алсын уулын хөтлөөр
Арайхан цухуйж ирлээ
нарны , нарны, нарны , нарны “ хэмээн дуулж байгааг үзүүлжээ.
Д.Нацыагдоржийн эхэд Балган, Нансалмаагийн толгойг улаан юмаар бүтээн хоёр хүнээр сугдуулан мордуулаад аваад явсны хойно Юндэн:
“Харийн хүн аваад явахад
Харь нүд минь хальтирна
Голт зүрх минь гарах нь
Алтан нар далд ороход
Дахин үзэхгүй гэж мэгдэрч
Амраг янагт автагдахад
Ертөнцөөс салахыг шийдэв” /н.т.з. 1961. х. 396/ гэж Хоролмаад хэлж байдаг нь тэр өгүүлэмжээс энэхүү
“Алсын уулын хөтлөөр
Арайхан цухуйж ирсэн” нарны тухай дууны нэгдүгээр бадаг үүссэн нь мэдээж юм. Харин түүний дараа нийтээр дуулж байгаа “нарны, нарны, нарны , нарны гэсэн дахилт бүхий хэсгүүд нь “Д.Нацагдоржийн “Нар аа” хэмээх шүлэгтэй утга авцалдан зохиогдсон байв.
Д.Нацагдорж энэ шүлэгтээ нарыг “тунгалаг”, “гэгээн”, “сайшаалт” нар гэсэн чимэг тодотголтой өгүүлсэн хэдий ч ямагт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн өнгө аяс бүхий “Өө” гэсэн аялага үгийг хэрэглэн дуудан байж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн байдаг. Жишээ нь тэрбээр:
“Өө, нар аа, тунгалаг нараа
Гэв гэгээн туяа чинь юутай хол сацарна
Тунгалаг сайхан гэрэл чинь
Юутай хурц гялалзана
Тунгалаг сайхан гэрэл чинь юутай хурц гялалзана
Ертөнц бүхэн чамд мянган мянган баярыг хүргэнэ
Нар чиний царайг мартаж үл чадна бид
Манай хүн төрөлхтний ирээдүйг хэрхэхийг үл мэднэ”
хэмээн өгүүлж намаа холыг хараад ойрыг мартсан гэж шүүмжилж байх төдийгүй “Бид чамайг мартаж үл чадна” Бидний ирээдүйг хэрхэхийг хэлж үл мэднэ” гэсэн санааг илэрхийлж байлаа. Иймээс ч Ц.Дамдинсүрэн ойрын бус холын асуудалд анхаарлаа хандуулсан намын үйл ажиллагааг тодруулж,
“Балар ноён харанхуй
Байх газаргүй болов
Бараг ухаангүй хөдөлж
Бачимдан зугтаж одлоо
Нарны , нарны, нарны, нарны
Өндөр уулын ард
Өмссөн дээлээ хаяад
Өлөн чонын нүхэнд
Өрөөсөн гутлаа мартжээ
нарны, нарны, нарны, нарны
гэсэн мөр бадгаа зохиож ойрын бус холын дотоодын бус гадаадын дайсантай тулалдаж, харанхуй балар цагийг устган шинэ нийгмийнхээ суурийг тавьж байсан утга агуулгыг илэрхийлж байжээ. Үүнийг Д.Нацагдоржийн “ Яр, янханы шуудан” , “Зээлийн чимээ” гэх мэт шүлэг өгүүлэгийн утга агуулгад тулгуурлан зохиосон байна. Тухайлбал, “Зээлийн чимээ” өгүүллэгт: “ гай газар дороос гэгчээр Хөх Дамбийн хөлсөө гоожуулан дааж ядан авч ирсэн авдрын ёроол цөмрөхөд хагарсан лонх хатсан колбаас, ханзархай гутал, ийш тийш давхилдахад хөгшин эмгэн үзээд хөлсний тэргийг дуудан хүргэн хүүг хөөхөд тэрбээр , ха , ха, ха инээсээр хамаг юмаа дачин ачаад хар илжгийг тас гуядан явж хаа очсоныг бүү мэд” алга болсон тухай өгүүлэгддэг тэр өгүүлэмжээс сэдэвлэн зохиосон байна.
Мөн Д.Нацагдорж “ Өө, нар аа, Гэгээн нар аа” гэж дуудсан дараачийн бадагтаа “Чиний сайхан гэрэлд энэхүү дэлхийн амьтны аймаг цугаар шүтэн амьдарна” гэсэн жам ёсыг хэлэхийг хамт “Улбар өнгөт туяанд чинь тэд нар тус тус янз янзаар харагдана” хэмээн хүмүүст тэгш бусаар хандаж байгаа байдлыг шүүмжлээд эцэст “Алтан сайхан гэрлийг чинь амьтан бүхэн эдлэхийг хүснэ” гэж хэлж байсан учир Ц.Дамдинсүрэн:
“Харанхуй эзэн балар
Хайх мөргүй ариллаа
Хайр өршөөлт наран
Хамаг ертөнцийг гийгүүллээ”
Нарны , нарны, нарны, нарны
Алтан гэрэлт нар минь
Амьтан бүхнийг тэтгэсээр
Аливаа жаргалыг соёрхсоор
Ашит мөнх мандтугай
Нарны, нарны, нарны, нарны
гэсэн төгсгөл бадгийг зохиож баруун, зүүний хүчнүүдийг алагчлалгүй харж нэгдлийг ханган хамаг ертөнцийг гийгүүлэн амьтан бүхнийг тэтгэж, аливаа жаргалыг соёрхож, амьдрал жаргалыг тунхаглан гарч ирсэн шинэчлэгдсэн намын тухай өгүүлсэн байна. Энэ бол Ц.Дамдинсүрэн “Мэдлэг чадвар дорой зүүний нугалаатангууд хэт зоргоор аашилсан “ /Дашдорж Д. 1969. х. 48/ түүхийг өгүүлж “Энэ бол бид биесээ итгэх итгэл алдарч тайж язгууртан цол хэргэмтэн, чинээлэг феодал, лам хуваг буюу хамаатан, эсвэл эсэргүү тагнуул хэмээн ор үндэсгүй гүтгэн хэрэгт татдаг буруу хандлага газар авч төрийн эрх мэдлийг дотоод яам гартаа атгахад хүрч байсныг нам залруулан өрөөсгөл хандлагыг тасалсан билээ./Дашдорж Д. 1969. х.49 / гэж хэлж байсан үзэл санааных нь илэрхийлэл мөн.
Д.Нацагдорж “Нар аа” хэмээх шүлгийнхээ төгсгөлийн бадагт:
“Хаврын улиралд ойртон ирэхэд чинь
Энэхүү дэлхийн цэцэг навч баярлан инээмсэглэнэ
Зуны тунгалаг өдөр нуур мөрний хөвөөгөөр хүн бүхэн цугларч
Жигүүртэн шувууны жиргэхийг сонирхоно
Намрын шар наранд хөгшид бүхэн бууцаа засавч
цааш өчүүхэн ч мандчилалгүй одно
Өвлийн тасхийм хүйтэн болоход сая санаж мөрөөдөн
хүсээд хавар болохыг хүлээцгээнэ”
гэж хэлээд,
“Чиний сайхан гэрлийн дор би
Гагцхүү мандирваа цэцгийг сайшаана” гэсэн үгээр төгсгөж, үхэгсэд болон үлдэгсдийн асуудлыг хөндөж байжээ.
Үүнд: “Хавар, зун, намар, өвөл” гэсэн дөрвөн улирал “дэлхий нуур, мөрөн бууц” гэсэн дөрвөн орчин, “инээх, сонирхох, одох, хүлээх” гэсэн дөрвөн үйл тус тус заагдаж энэ бүхнийг нь холбовол “ Хавар цэцэг навч баярлан инээнэ”,” Зун хүн бүхэн цугларч шувуудын жиргэхийг сонсоно” , “намар хөгшид бууцаа засавч мандчилалгүй одно” , “ Өвөл хавар болохыг хүлээнэ” гэсэн утга бүхий дөрвөн өгүүлбэр үүсдэг. Үүнийг дахин товчилбол, “Хавар инээнэ”, “Зун сонирхоно”, “Намар одно”, “Өвөл хүлээнэ” гэсэн заримдаг өгүүлбэр болно. Үүнийг эргүүлэн хэн?, юу? гэсэн асуултаар тодруулбал цэцэг, навч, хүн бүхэн, хөгшид гэсэн эзэн бие нь гарч ирнэ. Хэний?, юуны гэгчилэн тодруулбал “Хаврын улиралд” “Зуны тунгалаг өдөр” , “Намрын шар наранд” ,”өвлийн тасхийм хүйтэнд” гэсэн цаг үе заагдаж дөрвөн улирал гарч ирэн улмаар дөрвөн очрин, дөрвөн үйлээ илэрхийлсэн дэлгэрэнгүй өгүүлбэрүүд болон хувирдаг. Д.Нацагдорж үүнээсээ ил утга илтгэсэн үгээ үлдээж утга далдлах үгээ орхих зэргээр найруулан хэвтээ, босоо шугаманд нэгэн адил утга авцалдахаар шүлэг болгосон байв.
Энэ нь орос хэлний өгүүлбэрийг бүтэц, зохион байгуулалтыг ашиглах замаар уран сайхны хэллэг үүсгэн улмаар түүнийгээ дэлгэрүүлэх арга хэлбэрээр ил, далд утгатай шүлэг зохиох арга ухааныг сийлсний нэгэн баримт юм. Дээрх бадгийн хаврын тухай өгүүлсэн эхний мөрөнд “Хаврын улиралд нар ойртон ирэхэд энэ дэлхийн цэцэг навч баярлан инээнэ” гэсэн утга илэрхийлэгдсэн байхад “Өвлийн тасхийм хүйтэн болоход сая санаж мөрөөдөн хүсээд хавар болохыг хүлээцгээнэ” гэсэн өгүүлбэрт хэн, юу хүлээсэн нь үл мэдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, эзэн биегүй өгүүлбэр юм. Гэвч энэ нь хаврын улиралд ойртон ирдэг “нар” хэмээх намыг энэ дэлхийн цэцэг навч болсон залуус сая санаж хүлээнэ гэсэн утга болохыг эхний мөр, бадгийн холбооноос мэдэж болно. Ийнхүү энэ мөрийн утга агуулгын түлхүүр нь эхнийхээ нэгдүгээр мөрөнд нууцлагдсан байдаг.
Хавар гэдэг нь бүх юм ургаж төлжин шинэчлэгдэн өөрчлөгддөг цаг үе бөгөөд Д.Нацагдоржийн сэтгэлгээгээр бол аливаа хувьсгалт тэмцэл юм уу, нийгэм улс төрийн ямар нэг өөрчлөлт шинэчлэл эхэлдэг ороомог хэлбэрт хөгжил хувьслын давтамж үеүүдийн эхлэл болсон цаг үе юм. Өөрөөр хэлбэл мянга , мянган хаврынх нь нэгэн үе юм. Энэ үед нар хэмээх нам, цэцэг навч болсон залууст ойртон ирж баярлуулан баясгах авч удалгүй холдож хөндийрсөөр маргадахад хүрдэг байна. Иймээс өвлийн тасхийм хүйтэн болоход тэд нарыг сая санаж хавар цагийн өөрчлөлт шинэчлэлтийн үйл явцыг хүлээдэг гэсэн санаа гаргажээ. Зөвхөн залуус хаврыг хүлээдгийн учир “намар хөгшчүүл буйраа засан мандчилалгүйгээр оддогт” орших ажээ. Мандчилалгүйгээр одно гэдэг нь үхэж үрэгдэнэ гэсэн утга илтгэх учир Д.Нацагдорж “Дөрвөн цаг” шүлгийнхээ “Намар” хэмээх мөчлөгт “Шарласан навч хоёр нэгээр унахад сэтгэлийн дотор уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно” хэмээн хэлж үүнийгээ “учиртай гурван толгой” жүжигтээ тодруулан үзүүлсэн байдаг. Иймээс энэ жүжигт:
“Намрын шар нар
Над дээр чам дээр тусна
Насан бага бид хоёр
Нийлж суухаа төхөөр юу”
гэж хэлэлцсэн хоёр хүн эцэстээ,
“Намрын хонгор салхи нь
Найган ганхан салхилна
Намайг чамайг зовоосон
Яасан сүрхий орчин бэ?
гэж гунигласаар үхэж үрэгдэж буйг үзүүлдэг. Ийнхүү нэгэн үеийнхэн намар хэмээх цаг үед буйраа засан мандчилалгүйгээр одох учир зөвхөн залуус хаврыг хүлээн үлддэг ажээ. Ийнхүү хүлээхийг учир шалтгаан нь гадаад дотоодын хүчний хадлага сэрдлэгэ хавчилт шахалт ширүүссэн цаг үе болох “өвлийн тасхийм хүйтэн” болсонд оршдог.Иймээс ч Нацагдорж “Чиний сайхан гэрлийн дор би мандирваа цэцгийг сайшаана” гэсэн үгийг хэлжээ.
Нацагдорж “залуу нас цэцгийн адил” гэсэн шүлэгтээ:
“Найган ганхан цэцгийг
Намрын салхи гутаана
Идэр сайхан биеийг
Өвчин эмгэг гутаана “ гэсэн санаа гаргаад,
“Залуу насанд үхэхийг хэн хүснэ
Бүү өгүүл, хэн ч үл хүснэ
Насан хутаг гуйхыг хүснэ үү
Бүү өгүүл, хэнээс ч үл гуайна
Эрүүл явбал насан хутаг тэр
Энэ нь гагцхүү анхаарал
Идэр залуу нас гэгч
Мандирваа цэцгийн адил “ /н.т.з. 1996. х. 172/ гэж өгүүлж байжээ.
Мандиваа цэцэг гэдэг нь “ Холтсон цэцгийн язгуурын бут мод, зулгарахгүй, салаалсан урт навчтай, цэцэг нь улаан, хүрэн, цагаан зэрэг өнгөтэй, үнэр анхилам, цоморлиг том, гоёлын ургамал болсон цэцэг “ гэж дэд доктор О.Сүхбаатар тайлбарласан. /1997. х. 123/ байдгаас үзвэл Д.Нацагдорж энэ олон өнгийн цэцэг шиг яваа залуусын залуу сайхан насыг хайрлана гэсэн санаагаа гаргаж намдаа хэлэхийн хамт залуус ч бас цаг бүр биеэ сэргийлнэ үү гэж анхааруулах үүднээс:
“цэцгийг чимэхийн тул
өдөр бүр шүршинэ
биеийг арчлахын төлөө
цаг бүр сэргийлнэ үү” гэж энэ шүлгээ төгсгөсөн байна.
Их зохиолч Д.Нацагдорж ийнхүү” дөрвөн цаг” шүлгийнхээ эх үндсийг анх “ Нар аа” гэдэг шүлэгтээ тавьж намын үйл ажиллагааны тасалдангуй байдлыг шүүмжилж байсан учир Ц.Дамдинсүрэн дөрвөн цагийн эргэлтэнд нам тасралтгүй ажиллаж байсан гэсэн санаа илэрхийлэх үүднээс нарны гэсэн үгийг дөрөв давтсан дахилт хийсэн байж болно. Гэхдээ энэ дахилтаа “нарны, нарны….” Гэсэн утга төгсөөгүй өгүүлбэрээр илэрхийлсэн нь түүнд алдаа онооны аль алин нь байсан учир чухам ямар үеийн нарыг хэн, юу гэж үнэлж дүгнэхийг үзэгч олонд нээлттэй орхисон хэрэг мэт байдаг. Их зохиолч Д.Нацагдорж өөрийн эхдээ Нансалмааг “нар” хэмээн үзэж “Алтан нар далд ороход юндэнгийн сэтгэлийг илэрхийлээд зогсохгүй Юндэнг ч бас Нансалмаадаа нар байснаар үзүүлж
“Орчлон ертөнцийн нар нь
Олон түмнийг баясгасаар
Орой үдэш шингэвч
Өглөө дахин мандана
Өчүүхэн миний нар нь
Энэ өдөр эцэслэв
Үүрд дотор минь харанхуйлж
Энэ нас хэрэггүй
Дассан чамаас салаад би
Талд хоцорсон янзага шиг
Дэлхий дахин дээр
Түвдэж орших бэрхтэй
Ихэмсэг сайхан уулын хажууд
Энэ хуучин чулууны дэргэд
Эхний өдөр баясгалантай сан
Эцсийн өдөр гомдолтой болов” /н.т.з. 1996. х. 317/ гэж хэлээд өөрийгөө егүүтгэснээр дүрсэлж байлаа.Ийнхүү Д.Нацагдорж баруун, зүүнээрээ хуваагдсан намын хоёр фракц үгүй болж гагцхүү “хуучин чулуу” гэх төр нь үлдэж байгааг үзүүлсэн бол , Ц.Дамдинсүрэн “Нар” хэмээх намын асуудлыг тодруулан тавихын хамт нар болсон Нансалмааг нь Балганы гараас мултран ирж Юндэн, Нансалмаа хоёр учирч байгааг үзүүлж нам , төр хоёр хослон үлдсэн утга агуулгыг илэрхийлэн шинэчилсэн байна. Иймээс ч,
“Нар сар шиг хослуулж
Навч цэцэг шиг нөхөрлөж
Найрын дээдийг хийгээд
Наадмын дээдийг үлдэцгээе” /н.т.з. 1961. х. 348/ гэсэн үгээр үйл явдлаа төгсгөж,
“Алтан нарын туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарын гэрэлд мөнхжин тогтсон газар
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон”
гэсэн Нацагдоржийн гүн утгатай санааг гүйцэлдүүлсэн юм.
Хоёрдугаарт: Ц.Дамдинсүрэн дүр дүрслэлийн хувьд хэд хэдэн сонирхолтой шинэчлэл хийсэн байв. Тухайлбал, Нацагдорж өөрийн эхдээ Балган, Юндэн хоёрын зөрчил тэмцлийг ихэд тодорхой үзүүлж Юндэнг Балган хутгалж алснаар өгүүлж байсан бол Ц.Дамдинсүрэн өөрийн эхдээ Хоролмаа, Нансалмаа хоёрын зөрчил тэмцлийг тодруулж улмаар Хоролмаа
“Харгах замын боомт болсон
Жаравгар эмийг дарья
Харилцах замын хаалт болсон
Хар өлөгчинг сөнөөе” гэж хэлээд Нансалмааг хутгалах гэхэд Юндэн нарын хүмүүс ирж түүнийг аварч Хоролмааг хөөж явуулснаар үзүүлж нэг ёсноо Балган, Хоролмаа хоёр нэг тэргэний дугуй байсныг харуулсан байдаг. Мөн Д.Нацагдорж Балганыг:
“Үнэг чоно олонсон
Өдөр бүр антай сан
Өглөө эрт гарсан сан
Өнөө яасан өдөр вэ?”
Гөрөөс мөрөөс ч үзэгдэхгүй
Хэрэм, зурам ч дайралдахгүй
Хөлийн гарз болсон
Хайшаа янзын өдөр вэ?
Бүх л өдөр яваад
Буу дуугаргалгүй буцвал
Булай ёр байгаа даа
Бургаас мургаасыг буудах билүү?”
гэж дуулан гарч ирээд баруун уулын бэл дэхь хайлаас руу буудахад чулуу түшин суусан Нансалмаа цочин босож ирснээр тэр хоёр дайралдаж байгааг өгүүлсэн бол Ц.Дамдинсүрэн хайлаас мод руу буудсан өгүүлэмжийг орхиод “Бургаас мургаасыг буудах уу даа” гэж хэлэх үед Хоролмаа гүйн ирж:
“уулын гөрөөсийг авлахад
Урам зориг хугарвал
Талын цэцгийг түүх нь
Тавтай сайхан байдаг шүү
Цэцэг навч шиг сайхан
Цэвэрхэн хүүхэн Нансалмаа
Цэнгэлтэй сайхан эрийг
Цээжиндээ хүсээд сууж байна
Харьяат ноён таалбал
Харин түүнийг авчирна уу” гэж Балганд ховлож живлэсэн учир түүний зарцууд түүнийг авчирснаар үзүүлж Хоролмаагийн дүрийг тодруулжээ. Гэхдээ бас , Балганы хэлсэн:
“Хүсэл сэтгэл дамжиггүй ч
Хөх хадгаар нийлүүлсэн шүү
Төрийн ёсыг дагавал
Түмэн баяр гүйцэлдэнэ шүү
Цагаан гэрийн дотор
Улаан энгэсэг түрхээд
Торго магнагийн дунд
Дураар цэнгэхийг бодохгүй юү” /н.т.з. 1961. х. 313/ гэж бараг хуурамч царайлан суухыг шаардсан үг болон мөн,
“Тэнцүүргүй болсон ачааг
Даашин олсоор тэнцүүлдэг юм
Дэнсэлж догдолсон сэтгэл
Тэгсээр байгаад тогтдог юм
Эрх мэдлээ өгье
Эцгийн хөрөнгийг тушаая
Өвдөг дор чинь явья
Өчүүхэн надтай суучих” /н.т.з. 1961. х. 314/ гэгчилэн хэлсэн нийгэм улс төрийн шинж чанартай далд утга бүхий мөр бадгийг хасч зөвхөн,
“Бага жаахан охин чи
Балганы гараас гарахгүй
Гэртээ чамайг аваачаад
Гэргийгээ болгон сууна даа
Эд хөрөнгөөр элбэг би
Эхнэр авахыг бодсон юм
Эвээр эс болбол
Эзний зарлигт хүрнэ дээ” гэсэн хэсгийн хүрээнд н өгүүлж Балганы дүрийг зөөллөсөн атлаа Хоролмаагийн дүрийг ихэд хурцатгажээ. Жишээ нь: Хоролмаа Балганы хэлсэн дээрх үгийг дэмжихдээ:
“харьяат ноёноо танихгүй чи
Хар нүд чинь сохроо юү
Харааж ихээр доромжилбол
Хар толгой чинь хагарна даа
Ханилсан нөхөр юндэн чинь
Халамжтай сайн боловч
Хаан язгууртай хүнтэй
Хаанаас зүйрлүүлж болох вэ” /н.т.з. 1961. х. 328/ гэж Нансалмааг ятгаж, Юндэнг нөхдийн хамт очиж Нансалмааг оргуулахаар цонхоор нь уулзаж хэлэлцээд явсан тухай Хоролмаа Балганд ховлож байгаа зэрэг үйл явдлыг үзүүлжээ. Эдгээр нь Нацагдоржийн эхийн:
“Зэрлэг чонотой нийлсэн
Золбин гичий чи ирэв үү”
Баавгай гөрөөс шиг Балган
Балмад хүүхэн та хоёр
Ариун нэрийг минь бузарлаж
Алд биеийг минь зовоож байна”
/н.т.з. 1961. х. 290-291/ гэсэн Нансалмаагийн үгийг тодруулсан үйл явдлууд болно.
Дээрх дүрүүдээ аж амьдрал, ахуй байдлын талаар бас тодотгосон байв. Жишээ нь Нацагдорж, Балганг “түшмэлийн хүү” гэж нэрлэн “Баавгай гөрөөс шиг” амьтан гэж дүрсэлж байсан бол Ц.Дамдинсүрэн түүнийг харьяат ноён” гэсэн үүднээс дүрсэлж хэрмэн хашаатай, сүмийн байдалтай давхар байшинд суудаг, байшингийн өмнө том арслантай, шар, цагаан, хөх гурван өнгийн туг өлгөсөн, өмнүүр нь хантаазтай буу барьсан манаач нар нааш цааш зөрөн явж байдгаар үзүүлсэн байна. Харин Хоролмааг аль алин нь гэрт амьдардгаар үзүүлж “доод гэр” гэж нэрлэсэн бай ба түүнийг нь Ц.Дамдинсүрэн “Хоёр уулын хооронд Хоролмаагийн гэр, эргэн тойрон нов ногоон ургамал мод байна” гэж тодруулсан байдаг. Үүгээрээ Ц.Дамдинсүрэн Хоролмааг хоёр уул хэмээн үзүүлсэн нь хоёр хүчний дунд гүйдэг хүн гэсэн санаа гаргаж түүнийгээ тодруулахын тулд гэрийн гадна модон тэргэн дээр Юндэнг алах даалгаврыг Балганаас авсан хоёр хүн нойрсож байгааг үзүүлсэн байна. Энэ хоёр хүний үгээр Юндэнгийн дүрийг тодруулжээ. Тухайлбал: нэгдүгээр хүн нойрноосоо сэрээд:
“Тэнгэр газрын завсраар
Тэр сүүмэлзэгч юу вэ?
Өнөө гайхал Юндэн чинь
Өөдөөс чиглээд ирэв үү дээ хө” гэсэн хоёрдугаар хүн:
“Хүүе байз гэм дээ
Хүн биш мод байна
Хүйтэн хөндийн эхний
Өлийн овоо цухуйж байна”
нэгдүгээр хүн:
“Өлийн овоо гэв үү хө?
Өвгөн чинь баахан айж байна
Өнөө гайхал Юндэн чинь
Өөдөөс хүрээд ирвэл яах вэ? гэхэд,
хоёрдугаар хүн:
“Ард Юндэн ирэхэд
Алж эс чадвал
Амиараа төлөхийг
Анхаарч мэдэж байна уу?
Яах юм бэ? Гэнэ шүү
Яа гэсэн бэ? Балган
За гэж хэлээд
Одоо буцаж байна уу гээд Юндэнгээс айн зугтах гэсэн түүнийг хажуудаа суулгаж байгаад Юндэнг ирэхэд саймширсан царай үзүүлж түүнийг мэхлэн хутгалан алахыг оролдсоныг өгүүлсэн байна. Гэвч Юндэнг тэр дийлээгүй учир нэгдүгээр хүн нь Юндэнг бүдүүн модоор цохиж унагаад түүнийг алахыг завдсан хоёрдугаар хүнээ тэргэн дээр тавин зугтаж байгааг үзүүлжээ. Энэ үйл явдал нь Д.Нацагдоржийн “Нуугдсан эрдэнэ” жүжигт гардаг:
“Энэ хүүг таних уу?
Өнөө гайхал Сумьяа шүү
Улаан болоод ирж
Одоо манай дайсан шүү
Гэр оронд нь хүргэлгүй
Хэтийн замд нь оруулья /н.т.з. 1961. х. 362/ гэж дүүдээ хэлж байдаг Бархай, түүний дүү хоёрын дүр дүрслэлээс улбаатай байдаг. Ц.Дамдинсүрэн Юндэнгийн дүрийг тэнгэр газрын салгаж хөх тэнгэрийг толгойгоороо тулан, хөрст газрын хөлөөрөө түлхэн тэнгэр газрыг баганадан байдаг, тэнгэр надтай тэрслэлцэж, газартай гацалдан төрсөн анчин баатар эр Эрийн сайн Хан Харангуйн дүрийн уламжлалаар сэтгэсэн тул “Анчин баатар” гэж тродорхойлох төдийгүй Д.Нацагдоржийн эхэд Дамдинг ирэхэд Нансалмаа андууран:
“Хоёр уулын хооронд
Холын бараа юу вэ?
… Алтан замын дундах
Алсын бараа юу вэ
Малгайн орой нь адилхан байна
Магад хүү минь ирлээ шүү /н.т.з. 1961. х. 293/ гэж хэлсэн үгийг нь “Тэнгэр газрын завсраас тэр сүүмэлзэгч юү вэ? гэж шинэчлэн авч “Уул биш, үүл байна” гэхчилэн туульд гардаг үг хэллэгийг дуурайлган “Хүн биш мод байна. Хүйтэн хэндийн эхний өлийн овоо байна” гэхчилэн далд утгаа давхар илэрхийлсэн уран дүрслэмжийг гаргасан байв. Ийнхүү “Юндэн Гөөгөө”, “Мандал жийжүү” гэх мэт ардын дууны уламжлалд тулгуурлан бичсэн дүр дүрслэмжийг Хан харангуй туулийн уламжлалын дагуу шинэчлэн боловсруулах замаар Юндэнгийн дүрийг бүтээснийг харуулдаг. Гэсэн ч Хоролмаагийн гэрийг “Доод гэр” гэж дүрсэлж байснаас үзвэл “дээд гэр” нь Балганых болж, тэр хоёрын завсар тэнгэр газрын завсраас сүүмэлзэгч Юндэн болон Нансалмаа хоёр “дунд гэр”-ээ барих гэж тэмцэлдэж байгаа логик утга гардаг.
Үүгээрээ энэ дуурь Гэсэрийн туужийн “Шарай голын гурван хаан” бүлгийн хар, шар, цагаан гэрт хаадын тухай өгүүлэмжийн уламжлалд тулгуурлан гурван монголын 1930-аад оны түүхэн амьдралыг дүрслэн харуулсан шинж төлөвөө илэрхийлдэг юм. Ялангуяа Д.Нацагдорж “Хуучин хүү” өгүүлэлдээ “Хуучин хүүгийн нэгэн нөхөр хувьсгалын буу тавьсан өдрөөс эхлэн хөмөрсөн тогооны дотор гэрэл тусч нэгэн аймаг, улс сэргэсэн”-ийг үзүүлэхийн зэрэгцээ бас нэг аймаг улс нь гүн нойрондоо дарагдан байгааг “Гурван цагт чив чимээгүй. Залуу хүмүүс нойрын дуг” /н.т.з. 1961. х. 77/ гэж хэлсэн “Нойрын дунд” гэх мэт шүлэг зохиолынх нь дүр дүрслэлээс уламжилж Хоролмаагийн гэрийн гадаах тэргэн дээр нойрсож байсан хоёр хүний нэгдүгээр хүн эвшээсээр сэрж, нөгөөгөө дуудахад хоёрдугаар хүн сочин босч, нэгдүгээр хүн тэрэгнээс онхолдон унасан тухай үйл явдлыг гарган ирж гуравдугаар үзэгдлийнхээ эхлэл болгон оруулсан нь энэ жүжигт гурван монголчуудын түүхэн амьдралыг тусган харуулсны нэгэн гэрч болдог.
Ийнхүү Ц.Дамдинсүрэн:
“Дур саналыг хайхрахгүй бол
Тушаалаар шийтгэнэ би
Балмад хүүхэн Нансалмааг
Бариад ав одоохон
Тэжээж өсгөсөн бяруу
Тэрэг эвдэхийн адил
Тэнэг муусайн ардууд
Толгой дээр гарах нь”
гэж зандарсан харьяат ноён Балгантай гардан байлдаан хийж ялан:
“Харгах замын боомт болсон
Жаравгар эмийг дарья
Харилцах замын хаалт болсон
Хар өлөгчинг сөнөөе” гэж хэлээд Нансалмааг хутгалж алахыг оролдсон Хоролмааг хөөж дайснаа дарсан Юндэн Нансалмаа нарын баатарлаг тэмцлийг үзүүлсэн монгол дуурь бүтээж:
“Хялгасан хуураа хуурдья даа гэсэн юм
Гэ мингийн цэргүүд гүйлдээд байна уу даа
Хангинатал , хангинатал дуулья даа гэсэн юм
Хаалга , үүдээр хөлсөөд байна уу даа
…Урьхан хөгжмөө уянгалуулья гэсэн юм
Улсын маань сэтгэл тогтворгүй болов уу даа
Уул талынхаа үгүүллийг ярья гэсэн юм
Ухаан санаа маань догдлох болов
гэж Нацагдоржийн хэлж байсан /н.т.з. 1961. х. 371/ Би биш “ жүжгийн хялгасан хуурыг хангинуулж , уул талынх нь дууг эгшиглүүлсэн байна. Энэ бүхнээс үзвэл,
Нэгд: Ц.Дамдинсүрэн их зохиолч Д. Нацагдоржийн намтар уран бүтээл хийгээд түүний үзэл бодол, танин мэдэхүйн гүн ухааны сэтгэлгээ, ухаан бодол, урлах, эрдэм тэргүүтнийг сайтар танин мэдэж, ил, далд, утга чанартай үг хэллэг, дүр дүрслэлийг нь гайхамшигтай сайн ойлгодог цорын ганц эрдэмтэн, түүний залгамж халаа болж төрж гарсан ардын уран зохиолч байжээ. Иймээс ч энэ эх Д.Нацагдоржийн танин мэдэхүйн гүн ухааны сэтгэлгээний өндөр түвшинд түүний зүрх сэтгэл, үзэл бодолтой харьцан байж дутууг гүйцээж, дундыг нь дүүргэж, түүний асуусан бүхэнд хариулж эргэлзэж гайхсан бүхэнд тайлбар өгөх үүднээс үйл явдал, уран сайхны дүр дүрслэлийг нь баяжуулж, С.Буяннэмэхийн асуулт хариултын шүлгийн онолын сэтгэлгээний хүрээнд ил, далд утгатай зохиолын хэлбэрээр бичсэн анхны дуурь, “өвгөн шувуу хоёрын харилцан дуулсан дуу” хэмээх монгол ардын харилцаа дуу болон У.Шексперийн эцгийнхээ сүнстэй ярилцаж байдаг “Гамлет” жүжгийг бүтээсэн сэтгэлгээний тршлага дээр тулгуурлаж Ази-Европ, Өрнө дорнын сэтгэлгээний харилцаа холбооны зааг дээр уламжлал шинэчлэлийн хуулийн дагуу бодож боловсруулсан томоохон бүтээл гэж хэлж болно.
Хоёрт: 1921-1940-өөд оны Монголын нийгэм, улс төрийн түүхэн амьдралын нэг талыг Д.Нацагдорж үзүүлж, нөгөө талыг нь Ц.Дамдинсүрэн нөхөн тодруулах үүднээс шинэчлэн боловсруулж, хоёр хүний хүчин зүтгэлээр үйл явдал, үзэл санааныхаа мөн чанарыг олон гарч ирсэн энэ дуурийн түүхэн үндэслэл хийгээд Ази-Европ, Өрнө-дорнын ард түмний танин мэдэхүйн гүн ухааны диалектик сэтгэлгээний ерөнхий хуулиудын хүрээнд сэтгэн бодож бүтээсэн дүр дүрслэмж, тэдгээрийн янз бүрийн категориудыг ашиглан бичсэн уран нарийн арга барил, бүтэц зохиомж тэргүүтнийг судалж харьцуулан судлах түүхэн аргыг танин мэдэхүйн гүн ухааны онол практикийн сэтгэлгээний өндөр түвшинд гарган түүхэн туурвил зүйн судалгааг хөгжүүлж утга зохиолын уялдаа холбоо, харилцан нөлөөллийн асуудлыг судлах нь Монголын нийгэм, улс төр, соёл шинжлэх ухааны амьдралд эргэлт гаргах зам, ялангуяа орчин үеийн Монголын уран зохиол судлал дэвжин дэлгэрч өөрөө өөрсдийгөө танин мэдэх ухааны хөгжихийн эх үндэс, улс эх орноо соёл, түүх, шинжлэх ухааны хувьд баталгаажуулж, оюун санаа, сэтгэл зүйн хувьд дахин дархалж өгөхийн уг сурвалж болно.
Иймээс ч Д.Нацагдорж , Ц.Дамдинсүрэн гэх мэт манай ахмад үеийн зохиолчдын уран бүтээл нь “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” эхэлгэж гэж дуулан байгаа манай өнөөгийн залуусын амьдрах ухаан, оюун санаа, сэтгэл зүйн эх үндэс болох нь лавтай юм.
Гуравт: Ц.Дамдинсүрэн энэ дуурийг 1943 онд бичсэн хэдий ч Юндэн, Нансалмаа хоёр дөнгөж уулзан түмэн олон нь:
“Нар сар шиг хослуулж
Навч цэцэг шиг нөхөрлөж
Найрын дээдийг хийгээд
Наадмын дээдийг үйлдэцгээе”
гэж уриалан дуудаж байгаагаас чухамдаа тэр найр, наадмын дээдийг хийгээгүй юм.Харин зөвхөн нэг хүн “дөрвөн цаг” дуугаа дуулж энэ завсар айраг, идээгээ барьцгааж, тоглоом наадмаа үргэлжлүүлж, уртын дуу дуулж дуусмагц эрэгтэй, эмэгтэй хэдэн хүн бүжиг бүжиглэж, дараа нь Нансалмааг дээш өргөн бусад хүмүүс тойрон гүйлдэж байгааг үзүүлсэн Ц.Дамдинсүрэнгийн төгсгөл болон,
“Номын утга нь тэнгэр мэт агуу
дэлхий мэт өргөн далай мэт гүн
Номыг унших нь тэнгэрт нисэж
дэлхийг тойрч, далайд шумбах мэт”
гэж хэлж байсан түүний үг өнөөдөр ч утга чанараа алдаагүй, ямагт нэгийг бодогдуулж, хоёрыг санагдуулсаар байгаа нь энэ дуурь цаашдаа ч Монголын нийгэм, улс төр, соёл шинжлэх ухааны дуулал болон эгшиглэж, их зохиолч Нацагдоржийг мөнхжүүлж, түүний нөхөр Ц.Дамдинсүрэнг алдаршуулсаар аль алин нь “Арав таван жилээр эх нутгаасаа нас нэмсээр наад зах нь зуу, цаашилбал хэд ч хүрч магадгүй” /Дашдорж Д. 1988 он. х. 93/ гэж үзэж байгаагаа эцэст тэмдэглэе.
Л.Балдан Эрт эдүгээг бодогдуулан
Нуугдсан сэтгэлийг сэрүүлнэ
Д.НАЦАГДОРЖ
“ҮЙЛИЙН ГУРВАН ТОЛГОЙ”, “УЧИРТАЙ ГУРАВ”
БОЛСОН ТҮҮХЭН ҮНДЭСЛЭЛ
Манай оронд 1920-оод оны сүүл 30-аад оны эхээр “Ардын цэнгэлдэх хүрээлэн” /1927/ “улсын төв театр” /1931/ болж өргөжөөд даргаар нь Раднаабазар /бүдүүн/, уран сайхны удирдагчаар Гомбожав /хаал/, найруулагчаар Д.Намдаг, Ш.Аюуш хоёр алба хашиж байхдаа 1934 оны хавар Д.Нацагдоржийн зохиосон нэгэн жүжгийг найруулан тоглуулснаас хойш эдүгээ 60 гаруй жил өнгөрлөө. Энэ жүжгийн анхны эхийг ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэн 1943 онд шинэчлээд, “Хөгжмийн зохиолч Б.Смирнов, Б.Дамдинсүрэн нар хөгжим бичиж” /МОҮУЗТ- 1985/ театрын тайзанд тоглуулснаас хойш даруй 50-аад жил өнгөрч, ард түмэн үзээд ханадаггүй, монголын үндэсний дуурь болсон юм. Уг зохиолын талаар үзэгч, уншигч, судлаач, оюутан сурагчид янз бүрийн хүмүүс:
1.Энэ зохиолыг юунаас сэдэвлэж бичсэн юм бэ?
2.жүжиг яаж бүтэв?
3..хүний сэтгэлийг догдлуулан хөдөлгөх увдис нь юунд оршиж байна вэ?
4.юугий нь 1943 онд шинэчилсэн бэ?
гэх зэргийн олон асуулт гаргаж байна.
Энэ зохиолыг сайтар нягтлан судалсан доктор, профессор Х.Сампилдэндэв /1974/, доктор С.Лочин /1974/, ардын жүжигчин, дэд доктор Э.Оюун /1978/, төрийн шагналт зохиолч Д.Намдаг /1988/, дэд доктор Р.Нарантуяа /1998/ нарын судалгаанд тулгуурлан , энэ удаад зарим асуултын талаар саналаа хэлье.
1.Зохиолын сэдвийн хаанаас юунаас олов?
Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” хууриа хөрсөн дээр гарч ирээгүй бас чиг түшиглэсэн үндэсний юмтай юм шүү” гэж зохиолч Д.Намдаг бичсэн билээ. Тэгвэл түшиглэх үндэсний юм нь юу вэ? гэвэл: эрдэмтдийн судалгаагаар “Дархан Цэндийн хүү Юндэн ХIХ зууны дундуур байсан хүн шиг байна. Д.Нацагдорж Сэцэн хан Наваанцэрэнгийн хүрээнд албан ажлаар очихдоо энэ домгийг олж сонсоод …. “Нэгэн аялгуут эмгэнэлт зүйл” бичих сэдэвтэй болсон байжээ. Гэвч зохиол болгох шалтаг хараахан бүрдээгүй байв. 1931 оны 11-р сарын 12-ны өдөр ардын цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэн улсын театр байгуулах, тухай засгийн газрын тогтоол гарч, улсын төв театр байгуулаад 2 жил болсон боловч “ жүжигчид зохиолгүй суусаар нэлээд удсан байв. Улсын төв театр тоглох жүжиггүй байсан нь Д.Нацагдорж, хөдөө явахдаа дуулж сонссон зүйлээсээ үндэслэн нэгэн аялгуут жүжиг бичих шалтаг гарав. Энэ шалтгийг бодит байдал болгоход 1930-аад оны үеийн Улсын төв театрын найруулагч байсан Намдаг голлох үүргийг гүйцэтгэжээ.
Д.Намдагийн бичсэнээр 1934 оны хавар, гудамжны шороо дээр дороо орон бужигнасан нэгэн зэврүүн өдөр Нацагдоржийн гэрт очиж Улсын төв театр /Бөмбөгөр ногоон/-ын жүжигчид тоглох “зохиолгүй байгаа зовлонгоо тооцсоныг Нацагдорж анхааралтай сонсож, сэтгэл хуваалцав. Иймд бид тэр дорхноо чухам юуг хэрхэн бичих рүүгээ яаран оров. Нацагдоржид нэгэн аялгуут эмгэнэлт зүйл бичих сэдэв бий аж” гэж дурсан өгүүлсэн байдаг. Энэ сэдэв нь юу вэ? гэвэл: Улсын гавьяат жүжигчин Бат-Очир гуай “Ардын дуунд Гарвуу хүүхэн Юндэн Сийриймаа хоёрыг үймүүлж Сийриймааг Да ван ноёнд худалддаг. Нутгийн ноён Бал гүн Сийриймааг хүүтэйгээ гэрлүүлэхийг боддог. Цэндийн хүү Юндэн гэдэг гоо сайхан эр Үйлийн гурван толгой гэдэг газар алуулсан юм гэнэ билээ гэсэн домог бий” гэж хуучилсан нь ийм зүйл ард түмний дунд яригддаг байсны гэрч юм.
Оросын эрдэмтэн Г.И.Михайлов “Юндэн гөөгөө “ дуунд Юндэн гөөгөөгийн үзэгдэх өнгө төлөвийг харуулжээ. Харин жүжигт бол Юндэн өөрийн гэх үзэл бодолтой итгэлтэй бөгөөд феодал ноёдын дарлалыг эсэргүүцдэг амьд хүн болон гарчээ” хэмээн бичсэн нь “Учиртай гурван толгой” жүжиг “Юндэн гөөгөө” дуутай ямар нэгэн холбоотой гэдгийг харуулж байна “ “Ардын харилцаа дуунаас эхлээд хоёр, гурав, дөрөв, таван хүний харилцаа дуунаас “Ушаандар”, “Саран хөхөө” болж тэр нь томорсоор “Учиртай гурван толгой”-д хүрч ирсэн” гэж манай ахмад уран бүтээлчид үзэж байгаа билээ. Бас эрдэмтэн Г.И.Михайлов зохиолч “Учиртай гурван толгой” жүжгээ бичихдээ аман зохиолд байдаг үйл явдлаас гадна ардын харилцаа дууны хэлбэрийг анхааран авчээ” гэж “Д.Нацагдоржийн уран бүтээлийн уламжлал, шинэчлэл” /1969/ гэдэг өгүүлэлдээ онцлон тэмдэглэсэн юм.
Д.Нацагдорж ард түмний амьдралын дунд орж, алс газар сурахаар одох” , албан ажил, шинжилгээний ангиар энд тэнд явахдаа үзэж харсан, сонсож дуулснаа тэмдэглэлийнхээ дэвтэрт тэмдэглээд, “хэт нь хэрэг болно” гэж хэлдэг байлаа. Тэр тэмдэглэсэн зүйл эхнийхээ үед сэтгэлд нь эмх цэгцгүй эргэлддэг байжээ. Жаахан удах тутам сэтгэлд нь хоногшин, дахин дахин бодогдсоор нэг юманд аажмаар төвлөрдөг байна. Сэтгэлд нь төвлөрсөн юм нь заримдаа сэтгэлий нь зовоож, хааяа баясал төрүүлж, юм бичье гэх бодолд түлхдэг юм. Ер ньД.Нацагдорж өөрийнх нь сэтгэлийг хамгийн их догдлуулан, юм бичихгүй байж чадахааргүй болгосон тийм санааг л зохиолынхоо сэдэв болгодог байв.
Д.Нацагдорж “Учиртай гурван толгой” зохиолынхоо сэдвийг иймэрхүү маягаар олжээ. “Монголын орчин үеийн уран зохиолын түүх” /1985/ номд “Учиртай гурван толгой” жүжиг “Нэг талаас ард түмний туулж өнгөрүүлсэн амьдралд ойр дотно бөгөөд… нөгөө талаас, ардын домогт дууны өгүүлэмж түүний баатрыг эх дүрийн үндэс болгож, гуравдугаарт ардын ая дууг хэрэглэсэн нь эрдэм болсон ардын уран бүтээлээс эрдэнэ яаж олколдгийн баримт билээ” гэж дүгнэсэн билээ. Эдгээрээс үүтгэн бодоход “Учиртай гурван толгой” жүжиг 1.Домогт дууны үйл явдал 2.Ардын харилцаа дуунаас уламжлалтай гэж хэлэх үндэс гарч байна.
2.Зохиол хэрхэн яаж бүтээв?
“Учиртай гурван толгой” жүжиг түүх намтартай бүтсэн юмаа хэмээн 1930-аад оны үеийн театрын ахмад уран бүтээлчид дурсан ярьдаг билээ. Д.Нацагдорж жүжгийн “бүх үйл явдлыг Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт явдал” / Шинэ монголын шинэ театр 1988/-ыг уншигч үзэгчдийн нүдэнд үзүүлэхийг зорьж, ажлынхаа хажуугаар оройн цагаар 1, 2-р үзэгдлийг бичсэн юм. Харин 3, 4-р үзэгдлийн бичилтийг нэлээд удаажээ.
Д.Нацагдорж энэ тухайгаа Намдагтаа учирлахдаа “Жүжиг” бичсэнээс болж албан ажил цалгардан зэмлэл хүлээх болов. Би шөнө суухыг бодож үзье” гээд гуравдугаар үзэгдлийг хэдхэн хоногийн дотор бичсэн байна.
Харин дөрөвдүгээр үзэгдлийн бичилт бүр ч удааширчээ. Энэ үед Д.Нацагдорж алба ихтэй жүжиг бичих зав муутай байлаа. Иймээс албан ажлаа цэгцлэх шаардлага гарч байв. Д.Нацагдорж гуравдугаар үзэгдлийг бичиж дуусгасны дараа дахин Д.Намдагтай уулзаж “Би албаныхаа ажлыг бүрэн цэгцлэсэн. Одоо эцсийн үзэгдлийг бичих завтай болно” гэснээс хойш гурав дахь хоногийнхоо өглөө жүжгээ бүрэн дуусгаад Д.Намдагт авчирч өгсөн юм. Төв театрынхан жүжгийн 1-р бүлгийг бичиж дууссаны дараагаар шууд сургуулилахаар шийдэж, Юндэнд, Цэгмэд, Нансалмаад Хандсүрэн, Балган Жадамбаа, Хоролмаад Дэвээ хоёр бэргэндэгчийн нэг нь Сосорбурам, нөгөө нь Дагийсүрэн, бэр буулгагч хоёр эрэгтэйн нэг нь Цэндээхүү, нөгөө нь Нацагдорж гэдэг нэг залуу тоглох болов. “Тайзны засал чимэглэлийг Бехтеева авгайн заавраар мужаан Савелов, Цэрэндорж хоёр хийжээ. Жүжигчид –Цэнхэрлэн харагдах”, “Гунан хар”, “Юндэн гөөгөө” , “Гуалингоо” , “Ган төмөр” дуунуудын аяыг үгэндээ тохируулан дуулж Дашдэлэг, Цэрэндорж, Ишдулам, Түдэв, Маам нар хөгжилдөн сургуулилдаг байсан бөгөөд “ардын дуунд” “хөө хөө” гэж байдаг. Нацагдоржийн үгэнд “хөө хөө” нь байхгүй болохоор зарим ая богиносох эсвэл үгээ уртасгах гээд л ажил гардаг байв. Ийм янз янзын бэрхшээл гардаг байсан ч жүжигчид уйгагүй ажилласаар эцсийн үзэгдлийг таван хоног дараалан хийгээд, зургаадахь өдөр тайзан дээр гарч эхэлсэн юм.
Ингэж “Учиртай гурван толгой” жүжгийг бичсэн түүхтэй. “Учиртай гурван толгой” жүжгийг анх найруулж, Улсын төв театрын тайзнаа амилуулсан Д.Намдагийн хэлж байгаагаар жүжгийн сургууль, тайзны засал чимэглэлийг хийснийг оруулаад “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийг нийт сар хагас хиртэй хугацаанд бэлэн болсон” байна.
Монгол үндэсний аялгуут жүжиг богино хугацаанд бүтэж театрын тайзнаа гарсан нь учир шалтгаантай билээ.
1.Тухайн үеийн монголын ард түмний оюун сэтгэлгээний өсөлт нь хүний дотоод хайр сэтгэлийг илэрхийлсэн үндэсний аялгуут жүжигтэй болохыг хүсч байв.
2.Цэнгэлдэх хүрээлэн Улсын төв театр болон өргөжиж 20 гаруй жүжигчидтэй 1 удирдагч 2 найруулагчтай болсноор монгол үндэсний аялгуут жүжиг тоглох бүрэн хүчтэй болсон байлаа.
3.Д.Нацагдорж хөдөө нутагт 1931 оны 9 сард ажлаар явж байхдаа нутгийн ард түмнээс дуулсан зүйлээсээ үндэслэн, залуусын хайр сэтгэлийг харуулсан зохиол бичих санаа төрж, түүнийгээ зохиол болгон бичих цагийг хүлээж байсан нь Улсын төв театрт тоглуулах жүжгийн зохиол чухал хэрэгтэй болсон үетэй тохиосон нь уг жүжгийг яаралтай түргэн хугацаанд бичих, найруулан тоглох нөхцөл болжээ. Эндээс нэг сонирхууштай зүйл гарч байна. Энэ нь юу вэ? гэвэл: Зохиолын нэр юм. Уншигч үзэгч хүмүүс энэ зохиолын “Үйлийн гурав” “Учиртай гурав”-н толгой гэдэг нь уул толгод юм уу? Аль эсвэл хүнийг төлөөлсөн үг үү? гэсэн асуулт гаргадаг билээ.
Ахмад хүмүүсийн ярьж байгаагаар “Юндэн гэдэг эр Үйлийн гурван толгой хэмээх газар алуулсан юм гэнэ лээ” “Учиртай гурав”-ын дүрд тоглосон зарим жүжигчдийн дурсан өгүүлснээр “жүжгийн сургууль хийх явцад үйлийн гэсэн үг “учиртай” гэдгээр солигдсон гэж байгаа юм. Жүжгийг анх найруулан тоглуулсан Д.Намдагийн бичсэнээр Нацагдорж бид хоёр” бүх үйл явдлыг …. Хөдөө талын бяцхан толгойн дунд эргэлдүүлэв” гэжээ. Үүнээс харахад жүжгийн ихэнх үйл хөдлөл гурван бяцхан толгойн дунд эсвэл түүний ойролцоо нутагт болж байгаа нь ил байдаг. Зохиолын гол дүрүүд гурав биш дөрөв байна. Юндэн, Нансалмаа , Балган, Хоролмаа дөрөв бол бие биетэйгээ салшгүй холбоотой харилцан уялдаа бүхий аль нэгий нь орхиж болохооргүй дүр юм. Жүжгийн гол дүр Юндэн, Нансалмаа хоёр гэж үзсэн ч Хоролмаагүйгээр эмэгтэй хүний хайр дурлалын нууцхан догдлолыг дүрсэлж Балган /Бал гүн/-гүйгээр үйл хөдлөлийн зөрчил тэмцлийг шийдвэрлэж болохгүй билээ. Академич П.Хорлоо “Түүхийг баримтаар баяжуулья” /1994/ гэдэг өгүүлэлдээ манай жүжигчид 1935 онд Тувагийн Кызыл хотын урлагийн танхимд “ “Учиртай гурван толгой” жүжгийг тоглохдоо “Их талын дунд гурван жижиг довцог толгодын бэлд учран уулзаж, бие бизэ хайрлан дурласан Юндэн, Нансалмаа хоёрын үнэнч хайр дурлалыг … харцаар үзүүлжээ” гэж бичсэн энэ жүжгийн үйл явдал гурван жижиг довцог толгодын дунд болдгийг харуулж байна. Иймээс “Учиртай гурван толгой” гэдгийн “Гурван толгой” зохиолын баатрыг төлөөлсөн үг биш жүжгийн үйл явдал болж буй газрын нь нэр гэж хэлэх үндэслэл гагрч байгаа юм.
3.Хүний сэтгэлийг татах увдис нь юунд оршино вэ?
“Учиртай гурван толгой” жүжгийг театрын тайзанд анх тоглосон өдрөөс нь үзэгчид таашааж эхэлжээ. Уг жүжгийг анх найруулан тоглуулсан Д.Намдаг бичихдээ: “Жүжиг гарахын өмнөхөн үзэгчдийн суудал руу сэм харахад аль гоё сайхнаа өмссөн эрэгтэй эмэгтэй хүмүүс пиг дүүрэн. Цагийн зүү яг наймдаа голломогц жүжиг гарахын анхны дохио харанга /-ыг/ …. Гурав дахин зөөлөн цохимогц хөгжим намуухнаар эхэлж, хүнд хүрэн хөшиг маань алгуурхнаа нээгдэв. …. Юндэн, Нансалмаа харилцан дуулж гарлаа. Би хөшигний араас тэднийхээ аялах, хөдлөх бүрийг сэтгэл түгшин ширтэнэ… Гэвч ямар ч алдаа, аюул тохиолдолгүй яв явсаар ашгүй төгсгөлдөө хүрэхэд үзэгчид алга ташив. Үзэгчдийн хөлийн чимээ нэгэн зэрэг шүржигнэн гарч эхлэхэд миний сэтгэл хүлээснээс тайлагдаж …. Би ганцаараа тайзан дээр …. Энэ тэрийг ийш ийш болгосон болж байтал Нацагдорж “ Би жүжиг дуусмагц нааш явж байтал Ишдорж замд дайралдаад “…. бидэнд баяр хүргэж байна” гэснээр уг жүжиг үзэгчдээс анхны үнэлгээ авч байжээ. Монголын үндэсний аялгуут жүжиг шинэ нөхцөл байдалд буй болсныг ард түмэн мэдэрч байгаагийн илрэл болсон юм. Анхны тоглолтоос эхлэн 12 удаа тасралтгүй үзсэн Цэндсүрэн гэгч эмэгтэй тэмдэглэлийнхээ дэвтэрт бичихдээ:
“Гурван янчааны пиу авч
Гурван толгойг үзэж явахад
Хаан ноён иБалган гуай нь
Харц Нансалмаад дурлаад байна
Дэвээ шийчин хүүхэн чинь
Дэггүй сайхан тоглож байна
Дэргэд суугаа залуу маань ч
Дэнлүү лаампагнаас гэрэлтэй байна
Амраг сэтгэлийг уулзуулдаг
Алдартай учиртай гурваа
Ахиад олон үзнэ гэж
Ариун сэтгэлээс лоозогноно
гэж эл жүжиг үзэгчдийн дурыг татаж, залуу хүмүүсийн сэтгэлийн гижгийг хүргэж байсан байна. Тэр үеийг Гэгээрлийн яамны зөвлөх Ишдоржийн бичсэн зүйл, судлаачдын анхаарлыг их татаж байна. Учир нь Ишдорж багш “учиртай гурван толгой” жүжгийн анхны тоглолтыг үзээд үнэн байдлыг бичсэн учраас чухал зүйл болж байгаа билээ.
Түүхийн төв архивт хадгалж буй балын харандаагаар бичиж ногоон бэх, улаан өнгөөр энд тэнд нь зассан гар бичмэлд “Баасан гаригийн гурван цагт албанаасаа гарах үед гудамж бүрт театрын шинэ сонсгол наасныг хүн бүхэн тогтож үзээд зогсоно. “Учиртай гурван толгой” хэмээх ший дуулал хэмээснийг бүгдээр сонирхоно уу” гэжээ. Шинэ юм гарах бололтой хэмээлцэнэ. Урьд ший дуулж байгаагүй билээ. Дуулсан шийн гол утга нь харилцан хайртай залуу эр эм хоёрын завсарт нэгэн харгис язгууртан орж эрийг нь алж, эхнэрийг нь хүчээр авсныг үзүүлжээ. Дурлалын аялгууг хуучин дуунуудын аялгууг хэрэглэсэн бөгөөд монгол хөгжмөөр дагалдуулжээ. Энэ нь ардын үндэсний соёлын чанартай болсон ба заримдаа үнэхээрийн уран яруу болжээ.
Шийд гарагчдаас залуу эхнэр Нансалмааг Хандсүрэн тоглсон бөгөөд дуулал зүгээр сайн боловч шийд гарч байсангүй нь тоглоомын хувьд мэдэгдэж буй. Залуу ард Юндэнг Цэвэгмид тоглосон бөгөөд хуучин жүжигчин болох учир тоглолт нь сайн, мөн дууны хувьд зүгээр хэмээн бодно. Язгууртан болж гарсан Жадамбын дуу нь баахан…. байдалтай болжээ. Балганы эхнэр болж тоглосон Дэвээ хэдийгээр шинэ жүжигчин боловч тоглосон нь зүгээр сайн, хоолой нь цэвэрхэн бөгөөд залуу Юндэн сэргээж бүхийдээ онч урьхан бөгөөд уянга, үнэн сэтгэлээс ургуулан хөөрхөнөөр дуулжээ” гэж Ишдорж багшийн бичиж үлдээсэн зүйлээс:
1.Учиртай гурван толгой жүжгийг 1934 оны хаврын нэг өдрийн “баасан гаригийн оройн 8 цагаас эхэлж тоглосон
2.Дуулалт ший гэдгийг тухайн тэр үед хүмүүс юу гэж үзэж байсан
3.Уг жүжгийн гол дүрүүдэд хэн хэн яаж анх тоглосон зэргийг мэдэж болно.
Ш.Аюуш “Улсын төв театрын жүжигчдийн анхдугаар дотоод уралдаан ямар болсон тухай “өчүүхэн тэмдэглэл” гэдэг өгүүлэлдээ “ … хөгжим наадаж, тохирсон аялгуутай дуу дуулах, дуу нь тохирсон утгатай уран сайхан үгс байх тул энэ бүгд нийлж, үзэгчдийн сонсох, үзэх, сэтгэл анхаарал мэдрэлийг цохиж, тэдэнд өөр юу ч санагдуулахгүй болгох ба үзэгчид тэрхүү аялгууг бясалган хамт сэмээр аялах, эсхүл хөлөөр газар тогшиж, суух тул үнэхээр идэвхтэй оролцож буйн гэрч илэрнэ.Тиймийн тул энэ зохиол нь хөгжиж болох зүйл хэмээн зөвшөөрөх бөгөөд сайшаана. Үүнд ялангуяа “Учиртай гурван толгой” хэмээхийг үзсэн нөхөд улам тодорхой мэдэх тул өгүүлэх явдалгүй” гэж бичсэн нь “Учиртай гурван толгой” жүжиг үзэгчдийн оюун санаанд хэрхэн тусч бие сэтгэлийг яаж хөдөлгөж байсныг тэр үед харсан хүний бодлоор өгүүлж байна.
“Учиртай гурван толгой” жүжгийн хүний сэтгэлийг татах увидас олон зүйлд нуугдаж байгаа боловч үүний дотроос “Өөрийн гэрээ барьчихья. Өрхний чинь оосрыг татья” гэсэн хоёр мөрийг авч үзье. Энэ хоёр мөр жүжгийн бүхэл бүтэн утга санаа, монгол хүний хайр сэтгэлийн үндсэн шинж төрхийг илэрхийлсэн юм шиг санагдаж байна. Учир нь: уг хоёр мөрний санааг цааш ургуулан сэтгэвэл хоёулаа нийлж амьдарья. Үр хүүхэдтэй больё. Сайн сайхан аж төрье. Эцэг эхээ асарья. Өвгөн эмгэн болтлоо насан туршдаа жаргая. Үр ачаараа хөлөө хучуулья гэх зэргээр монгол хүний хүсэл мөрөөдөл шингэсэн байна. Бас монгол хүний амьдралын бүхэл бүтэн ертөнц багтаж байх шиг санагдана. Цааш гүнзгийрүүлбэл нийт хүн төрөлхтөний нийтлэг санаа бодол ч байж болох юм.
Энэхүү жүжиг ардын домог, харилцаа дуунаас үндэс авч, ард түмний зан заншил, хүсэл мөрөөдөл ялангуяа залуу хүмүүсийн хайр сэтгэлийг бодит үнэн байдлаар дүрсэлж, яг одоо болж байгаа юм шиг үзэгчдийн сэтгэлийг татсан учраас анхныхаа тоглолтоос “Учиртай гурван толгой” хятад ба европ дууриудаас өөр, өөрийн орны байдалд тохиромжтой шинэ хэлбэр илэрхийлсэн” байна хэмээн судлаачид үзэж байна.
С.Буяннэмэх “Монгол ардын үндэсний соёлын зам” сэтгүүлийн 1934 оны 3-рт “Театрын уран сайхны тухай” гэдэг өгүүлэл нийтлүүлэхдээ “нөхөр Нацагийн зохиол бөгөөд шинэ режиссор Намдагийн зааварласан шинэ маягийн болох “Учиртай гурван толгой” хэмээх жүжиг гэж тэмдэглэснээс үзэхэд “Учиртай гурван толгой” жүжиг монголын театрын түүхэнд шинэ зүйл болсон байна. Дээрхээс харахад Нацагдорж , ард түмний амьдралын дунд орж , хүн бараг олж хараагүй шахам шинэ соргог содон зүйлийг ажиглан мэдэж, түүнийгээ дахин дахин нягтлан сонголт хийх аргаар зохиолынхоо үүдэл санааг олж, утга сэдвийн харьцааг нарийн гаргадаг байжээ. Ер нь бусдын хэлж амжаагүй, аливаа хүн тийм ч амархан харчихааргүй амьдралд нуугдаж байгаа юмыг харж:
1.юуны тухай
2.хэнд зориулах
3.яаж бичих харьцааг чадамгай тохируулж чаддагт уран сайхны нь
онцлог оршиж байна.
Л.Балдан “ Сэтгэлийн амраг гэгч
Шижир алтнаас үнэтэй…”
Д.Нацагдорж
“УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ”-Г
ХЭН ХӨТӨЛЖ ЯВНА ВЭ?
Монголын нэрт зохиолчдын нэг Д.Нацагдоржийн туурвисан “Учиртай гурван толгой” зохиолыг Д.Намдагийн найруулснаар 1934 оны хавар театрын байранд тоглосон өдрөөс нь үзэгчид үнэлэн, багш Ишдорж “Урагш давшихыг эрмэлзэж, шинэ хэцүү юмыг сэдэж буй нь театрын нөхдийн шударга зориг бөгөөд сайшаалтай” хэмээн бал харандаагаар бичиж, ногоон бэх, улаан өнгийн балаар энд тэнд нь засварласан гар эхийг тэр үеийн Ардыг гэгээрүүлэх яамны сайд Ц.Баттөмөр, зохиолч Өлзий-Очир нар иуншаад “Ишдоржийн бичсэн зүйл зүйтэй болжээ” гэж цохсон баримт эдүгээ Түүхийн төв архивт байгаа билээ.
Ингэж “Учиртай гурван толгой” зохиол хүмүүсийн сэтгэлийг татаж, ийм бүтээл гаргах юмсан гэсэн санааг төрүүлж байжээ. Театр судлаач С.Дашдоржийн дурсамжаас харахад 1930-аад оны “Улсын төв театрын хоёр туслагч найруулагчийн нэг Намдаг, Д.Нацагдоржтой хамтран үндэсний анхны дуулалт жүжиг болох “Учиртай гурван толгой”-г боловсруулан гаргаж, олны сонирхлыг их татсан учир нөгөө туслах найруулагч Ш.Аюуш санаа авч, бас нэгэн шинэ аялгуут жүжиг бичиж, өөрөө найруулахаар шийджээ.
Тиймээс “Харц Дамдин, хатан Долгор” гэдэг аялгуут жүжиг бичиж, хөгжмий нь Л.Түдэв, С.Түвдэн, А.Цэрэндорж нар эвлүүлжээ” гэх буюу Д.Намдаг “Учиртай гурван толгой” үндэсний хэлбэрт зохицож, үзэгч олны сонирхлыг татан гарч чадсаныхаа хувьд зохиолч Аюушид “Харц Дамдин, хатан Долгор”-ыг бичих санаа төрүүлсэн нь магад юм” гэж бичиж байсан байна.
Тухайн тэр үед манай оронд жүжгийн зохиолын драмчилсан болон улс төрийн ухуулга, аж байдал, ёс суртахууны хэлбэр голлон хөгжиж байснаас зохиолч найруулагчид 1940-өөд оны дунд үеэс шинэ зүйлийг эрэлхийлэх болжээ. Энэ тухай “Монголын орчин үеийн уран зохиолын түүх” /1985/ номд” … эхлээд дуулалт жүжиг буюу хөгжим драм улмаар дуурь болсон бүтээл бол “Учиртай гурван толгой” билээ. 1943 онд зохиолч Ц.Дамдинсүрэн уг зохиолын зохиомжийн бүтэц найруулгын дагуу өгүүлэмжийг өөрчлөн, шүлгийг баяжуулж, дуурийн цомнол зохиол болгожээ гэж бичсэн юм. Үүнтэй уялдаж Д.Нацагдоржийн анх гаргасан эхэд зохиолынх нь агуулга, үйл хөдлөл, тайзны заслал одоогийнхтэй адил байсан уу? аль эсвэл өөр байв уу? Академич Ц.Дамдинсүрэн юугий нь яаж өөрчилсөн бэ? гэсэн сонирхолтой асуулт гарч байна. Иймээс Б.Содном эмхтгэж, Ц.Дамдинсүрэн редакторлосон, Д.Нацагдоржийн зохиолын түүвэр” /1955/-т оруулан хэвлэсэн учир “Учиртай гурван толгой” зохиолын 1934 оны анхны эх, 1943 онд зассан хоёрыг хооронд нь харьцуулж, ялгааг гаргахыг хичээлээ. Үүнд:
Нэгдүгээрт: Д.Нацагдорж “Учиртай гурван толгой” зохиолдоо эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцсэн хүмүүс хүчин мөхөсдөж байсан эмгэнэлт зөрчлийг шүлэглэсэн жүжгийн хэлбэрээр илэрхийлэхийг зорьжээ.
Ийм зохиолын шүлэг нь хоёр, гурав, дөрөв түүнээс дээш мөр бүхий бадагтай байхаас гадна толгой, сүүл холбоогүй байж болох чөлөөт хэлбэр юм.
Д.Нацагдоржийн “Зохиолын түүвэр” /1955/-т хэвлэсэн “Учиртай гурван толгой” зохиолд 119 бадаг бүхий 998 мөр шүлэг оржээ. Эдгээрийн дотор 2,3,6,7,14,32,50 мөртэй тус бүр 1, дөрвөн-тэй 49, найман …..тэй, 37, арван - тэй2, арван хоёр - тэй 13, арван зургаан . тэй 5, хорин -тэй 2, дөрвөн … тэй 4 шүлэг байна. Бас толгой холбоогүй бадаг ч бий. Үүнээс ажиглахад Юндэн, Нансалмаа хоёр хайр сэтгэлээ илэрхийлэн дуулдаг дууных 4,8, Балган, эрх ямбаараа түрэмгийлэн айлган сүрдүүлдэг дууны шүлэг 14, 24, 50 мөрөөс бүтжээ. Харин Нансалмаа уйтгарлан ганцаараа дуулдаг дууных 16,24, 32 мөртэй байгаа юм.
Д.Нацагдорж, зохиолынхоо гол дүрийн хайр сэтгэлийг хүний гадаад мэдрэхүй эрхтэн, дотоод сэтгэл хөдлөлийн уялдаа холбоонд гаргасан байна. Жишээлбэл: 1-р үзэгдэлд, Юндэн нэг чулууг түшиж Нансалмаа хажуулан, нүүрий нь ширтсэн байдалтай- “Цэнхэрлэн харагдах уул нь Чандмань эрдэнийн уул аа” Юндэн, Нансалмаагийн мөрөн дээр гараа тавьж - “уул ус нь тэгш бол жигүүртэн донгодох нь яруу” Нансалмаа нэлээд ичсэн байдал гарган “Урамтай үгээ хэлээч дээ. Угтаж хүлээн авья”, Юндэн, Нансалмаа хоёулаа “Насан бага бид хоёр, Нийлэн суухаа төхөөр юү”, Юндэн, Нансалмааг тэвэр - “Газар хол боловч Хоёр сэтгэлийг халхлахгүй” гэж үнсээд богцыг авч одсон үйл хөдлөлд ХАРАХ, ШИРТЭХ, ИЧНГҮЙРХЭХ, ҮНСЭХ зэргээр бие биедээ дасч буй хоёр залуугийн таашаалыг гадаад мэдрэхүйгээс нь дотоод сэтгэлд нь хүртэл, цэнхэрлэн харагдах уул, яруухнаар донгодох шувуудын жиргээтэй холбон илэрхийлжээ. /Юндэн-Балган/, “Нансалмаа- Балган/ нарын зөрчлийг эмгэнэлтэйгээр шийдэхдээ олон бадаг, мөр бүхий хурц ширүүн /Балган- Хоролмаа, Юндэн- Хоролмаа/, /Нансалмаа- Хоролмаа/ нарын хоорондох бие биедээ тунирхсан, бас аргадан гуйсан сэтгэлийн хөдлөлийг гомдсон, уйтгарласан, атаархсан, шог аястай, үг хэллэгээр гаргасан байна.
Д.Нацагдоржийн ингэж бичсэнийг азад. Ц.Дамдинсүрэн ямар болгосныг зохиолынх нь эх хэрэглэгдэхүүнээс жишээлж харуулья. Үүнд:
А. Нэгдүгээр үзэгдлийн Юндэн, Нансалмаа хоёрын харилцаа дуунд “хажууд суусан хүү минь Ганцхан миний баясгалан” гэж байсныг “Хажууд минь байгаа хүү минь ХАМАГ ОЛНЫ баясгалан” гэж байсныг “хажууд МИНь БАЙГАА хүү минь ХАМАГ ОЛНЫ баясгалан” ,” ШИЛЖ ТҮҮНИЙГ авах нь Хямдгүй хэрэг дээ” гэснийг “Шилж түүнийг ОЛОХОд ШИЙДВЭР ЗОРИГ хэрэгтэй”, “дуртай дургүй ч ялгалгүй. Чиглэсэн сэтгэл чам дээр юм. Тэртэй тэргүй дагана даа” гэхийг “МИНИЙ ЖАРГАЛЫГ ХОРИХГҮЙ, ТӨВлӨсөн сэтгэл ЧАМ Дээр ШҮҮ. Тэд аяндаа зөвшөөрнө”, “ Найртай сэтгэл чиний тул” хамаг яриа тогтов” хэмээхийг “Хайртай сэтгэл НИЙЛСЭН ХОЙНО, Хамаг яриа тогтов” хэмээхийг “Хайртай сэтгэл Нийлсэн хойно, Хамаг яриа ТОХИРСОН ХОЙНО” гэж үг үсгий нь зассан байна.
Балган, Нансалмаа хоёрын дууны үг дотроос “Наран гэрэлт охин оо, намайг дунд тэнснэм” гэснийг “Наран гэрэлт ХҮҮХЭН МИНЬ, намайг юунд ТУРШАА вэ?” ,” Хүзүү, толгой үргэлж байхад чи намайг боолчлохгүй” гэхийг “Хүзүү толгой мөрөн дээр байсан цагт чи намайг боолчлохгүй” гэж хэд хэдэн үгийг солихын зэрэгцээ нэгдүгээр үзэгдлээс нийтэд 70 мөр, үүний дотроос Нансалмаагийн дуулдаг 12, Хоролмаагийн дуулдаг 14 мөрийг хасжээ. Үүнээс үүдээд 1-р үзэгдэлд юу нэмсэн бэ? гэвэл: Д.Нацагдоржийн анх гаргасан эхэд огт байгаагүй “Барс ирвэсийг сүрдүүлсэн, Баатар манай эрчүүд, Амраг нөхөд бүгдээрээ зэрэгцэж Агуу найраа үүсгэн жаргая” гэх зэргээр найрал дуучид дуулдаг 80 “Бүүвэйн дуу” /гурван удаагийн дахилтын хамт/18 - “Нарны тухай” /дахилтын хамт/ -25 бүгд 123 мөр шүлгийг шинээр нэмсэн байна.
Б.Хоёрдугаар үзэгдэлд Нансалмаа зүүн уулын энгэр дээр нэг чулууг сандайлан сууж, уярсан байдлаар гиюүрч “Өдөр шөнөгүй хүлээвч сэтгэлийн хүү минь ирэхгүй” гэх мэтээр ганцаараа дуулдаг 362 - Нансалмаа хүрээнээс яваа Дамдинг өөрийн дотнын Юндэн хэмээн буруу таниад “ Би хүн андууран дуудав. Хүрээнээс ирэх хүнийг хүлээсэн юм “ гэж дуулдаг 30, -Юндэн баруун уулын дээгүүр ирж, Нансалмааг эрсэн байдлаар “ Аянаас ирэхэд амраг хүү минь үгүй шүү” гэсэн 20 - муужран унасан Нансалмаагийн цээжийг түшиж “Алга болоод олдохгүйд чинь. Амь тэмцэн явна шүү” гэж Юндэн дуулдаг 8 – Нансалмаа уйлан “Эргэж ирэхгүйд чинь Элдвийн юм бодлоо” гэх зэргээр хоёул дуулдаг 56- Балган гэнэт гарч ирэн, Нансалмаа руу давшлан “Эрээд эрээд олдохгүй. Энд байна уу? Чи”8 – Нансалмаа уурлан “Хүний хажуугаас зайлж, Чонын сүрэгтээ нийл” гэсэн 7 мөрийг хасаад Хоролмаа булгаас ус авах замдаа ухаангүй хэвтэж буй Юндэнг сэргээн, хоёул харилцан дуулдаг 138 мөр шүлгийг 3-р үзэгдэлд шилжүүлэнэ, оронд н хот газраас ирсэн түвд худалдаачны 18 – Нансалмаа худалдаачин хоёрын харилцан дуулдаг 36- Балган гэнэт ирж Нансалмаад бэлэг өгөн “Үүрдийн хань болохыг чинь үнэн зүрхнээс гуйя” Нансалмаа “Хэрэв надад халдвал амиа би хорлоно” гэх зэргийн 20 мөр шүлгийг шинээр нэмээд , Юндэнгийн дуулдаг “Ах дүүгээс асуувал , алга болсон гэнэ шүү. Үхэж үрэгдсэн борл өөрийн нь хүүрийг үзэх юмсан” гэдгийг “Ах дүүгээс ньсонсвол, амрагийн сэтгэл хувирсан гэнэ. Үнэн сэтгэл хувирсан бол үгий нь асуугаад мэдэх юмсан” , “АЛГА БОЛООд ОЛдОХГҮЙд ЧИНь, аМь ТЭМЦЭЖ ЯвНА ШҮҮ” ГЭХИЙГ “Алга болоод олдохгүйд чинь Арга тасарч явлаа би”, “энэ тэр эргүүлдэв үү? Эрээгүй надад хэлчих. Элдэв дарлах гэвэл Эр чадлаар тэмцэнэ” гэдгийг “АМРАГ ХҮҮ МИНЬ МӨН БОЛ АЛИВАА УЧРАА ХЭЛНЭ ҮҮ” , “ЭНЭ УЧИРСАН СААдЫГ эр чадлаар давья” гэх буюу Нансалмаа “Энэлж шаналж гачигдахдаа . Ингэж хээр хэвтнэм” гэснийг “Энэлж шаналж ХАвЧИГдСААР ЭНд БАРИГдААд БАЙНА “гэж засчээ.
В.Гуравдугаар үзэгдлээс Нансалмааг хадамд мордуулж хоёр талд нь яваа хүний нэг нь “Зөв харж инээ л дээ. Буруу харж уйл л даа” гэх зэргээр дуулдаг 16-хуурчин хуурдан “хос хоёр нүд бие дээрээ тусч Хоёр амраг зүрх Бие биедээ тэмүүлнэ” гэж хэлдэг 69 мөрийг хассан байна.
Харин Д.Нацагдоржийн анх гаргасан эхийн 2-р үзэгдэлд Юндэнг ухаангүй хэвтэж байхад Хоролмаа сэргээн “Богтолж авах хүүхэн чинь Балгантай нөхцөөд очсон шүү. Ийм сайхан эрд эхнэр хаанаас мундах вэ? гэхэд Юндэн “Зальхай хүний хүч биз. Зан авир хувираагүй биз” хэмээн дуулдаг 141 мөрөөс 44-ийг хасаад “Та мориноос ойчсон юм уу? яасан бэ? Та намайг авран сэргээсэнгүй бол Би эзгүй хээр газар, Аягүй бол үхэж үрэгдэнэ. Нэг үл таних хүнд санамсаргүй жанчигдав” гэж байсныг “ Та мориноос УНАСАН юм уу? ЯАГААд ИНГЭЖ ШАРХдАв. ТАЛд ХЭвТСЭН намайг та сэрээж аваагүй бол энэ бие минь үрэгдэнэ . Хайртай янаг түүндээ харьж очихоор явтал харгуй замд гэнэт хар санаатанд хорлогдлоо гэх зэргийн 52 мөрд засвар хийгээд 3-р үзэгдэлд шилжүүлэн засчээ. Бас Нансалмаатай уулзаж “Ижлээс салсан ангир” Эргэлдэн тойролдон ганганана”, Нансалмаа “Шөнийн харанхуй болоход Журмаар эцэслэхийг бэлтгэв” 59- Хоролмаа уулын зүүн суганаас гарч “Хайрласан үгэнд орохгүй бол Хар толгойд чинь тохиолддог юм” хэмээн дуулдаг. 12 мөр шүлгийг хасаад, оронд нь Хоролмаагийн гэрийн гадаа модон тэргэн дээр хоёр хүн нойрмоглон сууж, нэгдүгээр хүн “Өнөө гайхал Юндэн чинь өөрөөс хүрээд ирвэл яах юм бэ? 20-тэд Юндэнтэй уулзаад дуулдаг 12 мөрийг шинээр нэмжээ.
Г.Дөрөвдүгээр үзэгдэлд Юндэн зүүн уулан дээр шанаагаа тулан сууж “Амьд мэнд явбал Учрахын ерөөл бий болов уу? гэж дуулахад Хоролмаа сэм гарч ирэн “Өдөр шөнөгүй хүлээвч Сэтгэл санааны гарз” гэж Юндэнтэй харилцан дуулдаг 32- Нансалмаа хойд уулан дээр ирж “Оргож бүгэж гарав. Ой модоор тэнэв” Юндэн “онцолж зохицсон сэтгэлийг Огтолж бас чадахгүй” 16-Хойд уулын араас Балган гарч ирэн “Торго магнагийн дунд дураар цэнгэхийг бодохгүй юү? Нансалмаа “Тэнцүүргүй чиний амраг, Сэтгэл санааны зовлон” 31 –Юндэн Нансалмаа хоёр баярласан байдлаар харилцан дуулдаг 40- Балган дэнг хутгалан алахад Нансалмаа “Холбон нийлэхийн ерөөлгүй бол Хоёулаа үхвэл баяр бас” гэсэн 32 мөр шүлгийг хасаад оронд нь хэрмэн хашаатай сүм маягийн давхар байшинд Балганы хурим болж, найрал дуучид “Сайхан хатныг авсанд саатаж хуримыг хийнэ дээ” 12- Нансалмаа байшингийн давхрын хаалганы дэргэд ирж “Балмад ноён Балганд баригдаад байна би чинь”, Юндэн “Хайртай сэтгэл хэвээр бол хад чулууг ч хагална” 26- Хоролмаа Балганг бялдуучлан “Таны хатан чинь. Гэнэт оргохоор шийдлээ. Юндэн гэдэг хүн цонхоор хэлэлцээд тогтлоо” 12- Балган “Харц боолыг бариад ав. Хаттал нь хорьж шийтгэг хөө” 4- Хоролмаа- байшингийн хаалгаар согтуу гарч ирээд, өврөөсөө шоронгийн түлхүүрийг гарган Юндэн болон бусад хүмүүсийг суллахад Юндэн ууртайгаар “Хаан хатан гэвч харцын хүчээр амьдарна” гэсэн 12 мөрийг шинээр нэмж оруулсан засвар хийсэн юм.
Д.Нацагдорж “Учиртай гурван толгой” зохиолоо дөрвөн үзэгдэлтэй бичсэн байна. Харин акад. Ц.Дамдинсүрэн шинэчлэн засахдаа таван үзэгдэлтэй болгож, 96 мөр шүлгийг нэмжээ. Үүнээс юу харагдаж байна вэ? гэвэл:
А.Д.Нацагдоржийн анх зохиосон 1-р үзэгдлийн 298 мөр шүлгээс 108-ыг хэвээр үлдээж, 186-гий хасаад, 4 мөр шүлгий нь зассан байна. Ингэхдээ “Ижил хоёр шувуу шиг Ижилдээд хоёулаа сууя. Ингэж нийлэхээс илүү . Жаргал хаанаас байх вэ?” гэсэн 4 мөрийг давхардуулжээ.
Б.Хоёрдугаар үзэгдлийн эцэст “Хоёулаа амраглан янаглалдаж…. “ гээд гурван цуваа цэг тавиад орхисон 339 мөр шүлгээс 14-ий нь хэвээр үлдээж, 78-ийг гуравдугаар, 48-ийг дөрөвдүгээр үзэгдэлд тус тус шилжүүлэн, 195 мөрийг хассан байна.
В.Гуравдугаар үзэгдлийн 207 мөр шүлгээс 24-ий нь дөрөвдүгээр үзэгдэлд шилжүүлээд 182 мөрийг хасжээ.
Г.Дөрөвдүгээр үзэгдлийн 152 мөр шүлгээс 24-ий нь үлдээж, 128-ий нь хассан засвар хийсэн байна. Д.Нацагдоржийн зохиолыг зассан акад. Ц.Дамдинсүрэн өөрөө 1955 онд бичихдээ “Учиртай гурван толгой” гэдэг зохиол анх зохиогдсоноос хойш нэлээд засагдсан тул уг эх ба одоо театрын тайзанд тоглож байгаа жүжгийн хооронд их ялгавартай болжээ… анхны эхэд нэг мянга орчим мөр шүлэг байснаас шинэчилсэн эхэд… зөвхөн 230 орчим мөр шүлэг хэвээр ороод бусад 800 шахам мөр шүлэг орхигдсон…” гэсэн нь Д.Нацагдоржийн анхны эхийг 1943 онд нэлээд зассаныг хэлж байна. Зохиолын өгүүлэмж /үйл явдал/, тайзны заслал чимэглэлийг ч өөр болгожээ.
Д.Нацагдорж зохиолынхоо дүр дүрслэл, үйл явдлын дэс дарааг ихээхэн анхаарч, хүний хүсэл мөрөөдөл, зан заншил, хайр сэтгэл, бодол санааг үг, яриа биеийн хөдөлгөөнөөр нийгэм, байгаль орчинтой нь шүтэлцүүлэн илэрхийлсэн юм. Зохиолоо гурван уулын дундах хөдө ө газар, алиа саарлын уянгалаг аялгуунд саахалтын хоёр хос, нэгэн чулууг түшин, бие биедээ хайрын сэтгэл илчлэн буй тайван байдлаар эхлүүлж, дунд хирд нь санамсаргүй тохиолдлоор /ор үзээгүй бүсгүй огторгуй тэнгэрээс заяав уу?. Д.Н/ гэж бодсон ноён, тэр хоёрын дундуур орж, зөрчлийг үүсгэн, тэмцэл нь улам хурцадсаар эцэстээ эмгэнэлээр төгсөх зохиомжийг сонгон авсан байна.
Д.Нацагдорж уг зохиолдоо тайзны заслал, гэрэл гэгээ нь ямар байхыг хүртэл тусгасан юм.
Тайзны заслал:
Хүний нүдэнд хамгийн түрүүнд тусч, жүжгийн үйл явдлыг тод томруун болгодог зүл бол тайз чимэглэл билээ. Д.Нацагдорж “Учиртай гурван толгой” зохиолын анхны эхийг гаргахдаа тайзны заслал чимэглэл ямаршуу байхыг найруулагч Д.Намдагтай зөвлөлдөж байжээ. Энэ тухай Д.Намдаг бичихдээ “…. бүх үйл явдал /-ыг/ бид хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэв” гэсэн байдаг юм.
Жишээлбэл: Д.Нацагдорж зохиолдоо “хөдөө газар, зүүн баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэло туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан агуй ба агуйд нэг булаг урсан байна “ гэж бичжээ. Энэ тухай сонирхолтой дурсамж ч бий. “Шинэ монголын шинэ театр” /19888/ номд бичсэнээр “тайзны заслалыг Нацагдорж өөрөө Бетхеева гэдэг жүжгийн ижнхэнэ мэргэжлийн зураач орос авгайд зохиолоо танилцуулан хийлгэх болсон… тайзны заслалыг Савелов гэдэг намхан биетэй, шар толгойтой, ахимаг настай орос мужаан, Цэрэндорж гэдэг мужаантай хоёул хэдэн арван банзыг хөндлөн гудам хөрөөдөн хийж зэрэгцээ нь Бетхеева авгай /хар хөх хантаазтай/ хувинд найруулсан будаг шунх барин ажиллаад хэдхэн хоногийн дотор бэлэн болгосон” байна. Ингэж анх бүтээсэн тайзны заслалыг 1943 оны засалтаар ижил гурван уул, мод, ус, цэцэг, навч, үзэсгэлэн төгөлдөр уудам тал, хөндий, хэрмэн хашаатай сүм маягийн давхар байшин, гэр, алтан арслан, шар, цагаан, хөх өнгийн гурвалжин туг, модон рэрэг, ор олбог, идээ, цай, айраг, тараг, архи дарстай болгон өөрчилжээ.
Гэрэлтүүлэг:
“Учиртай гурван толгой” зохиолыг театрын тайзанд анх тоглуулахад зориулан монгол үсгийн машинаар цохиж бэлтгэсэн бичмэлд гэрэлтүүлэг нь ямар байхыг дурдахдаа”… Гантөмөр гэрэл болтол гэрэл харанхуйгаас Жийжүү хот, Гэрэл харанхуй болсны дараа дүйнхар даа лам, Цэвэгмид дуулна” хэмээн тэмдэглэсэн нь 1930-аад оны үеийн манай театрын гэрэл ямар янзтай байсныг харуулах баримт болон үлдсэн юм.
Одоо үед тоглож байгаа тайзанд нар мандсан тунгалаг өдөр, шөнийн бүрий, од түгсэн шөнө үүр хаяарах байдлыг янз бүрийн өнгийн гэрлээр харуулж байгаа нь хожмын өөрчлөлт билээ.
Хувцас:
“Учиртай гурван толгой” зохиолыг театрын тайзанд анх тоглосон тэр үед тусгай зориулсан хувцас хунар байсангүй. Энэ талаар Д.Намдагийн дурсан ярьснаар “хувцас гэвэл ноёд баядын хөрөнгө хураагдлаас ирсэн янз? Бүрийн хувцас театрын агуулахаар дүүрэн” байснаас рольдоо тохирох хувцсыг жүжигчид өөрсдөө тохируулан өмсөж тоглосон байна. Тэр үед том хэмжээний зохиолыг театрын тайзанд найруулан тоглуулахад багагүй бэрхшээл учирч байжээ. Гавьяат жүжигчин Т.Хандсүрэн дурсан ярихдаа “жүжигчид “Цэнхэрлэн харагдах”, “Гунан хар”, “Юндэн гөөгөө”, “Гуалингоо”, “Гантөмөр” дуунуудын аяыг үгэндээ тохируулан дуулж, Дашдэлэг, Цэрэндорж, Ишдулам, Түдэв, Маам нар хөгжимдөн сургуулилдаг байсан бөгөөд ардын дуунд “хөө, хөө” гэж байдаг. Нацагдоржийн үгэнд “хөө, хөө” нь байхгүй болохоор зарим газар ая богиносгох, эсвэл үгээ уртасгах гээд л ажил гардаг байв” гэжээ.
Д.Нацагдорж “Зохиолууд” /1961/-д “Учиртай гурван толгой”-г үг бичсэн тэр оноос эхлэн 1942 он хүртэл хуучин эх бичгээр нь театрын тайзан дээр тоглосоор байсан юм. 1943 онд Улсын төв театрын тайзан дээр шинэчлэн тавих үед Ц.Дамдинсүрэн зассан юм. Бас дуурийн хөдлөл тэмцэлд их тус болмооргүй нуршсан урт шүлгийг хасаж товч оновчтой болгох талаар Ц.Дамдинсүрэн ихээхэн оролджээ” хэмээн бичсэн байдаг.
“Жүжиглэхүйн ухаан” /1986/ гэдэг номд “Учиртай гурван толгой” жүжиг “анхны тавилтаас хойш зохиолын болон хөгжим, бүжиг, хувцас, тайз найруулгын хувьд гурван удаа шинэчлэгдэж, театрын урын санд мөнхөжсөөр ард түмний хамгийн сонирхолтой үзвэрийн нэг болжээ” гэж бичсэн нь зохиолын агуулга, хувцас, тайз чимэглэл улам сайжран өөрчлөгдсөөр эдүгээ хүрснийг хэлж байна. Үүнээс үүдээд, доорхи сонирхолтой асуулт гарсан юм.
“Учиртай гурван толгой”-г хэн хөтөлж явна вэ?
Зохиолын анхны эхийг гаргаснаараа Д.Нацагдорж юм уу Шинэчлэн зассанаараа Ц.Дамдинсүрэн үү? Аль эсвэл театрын тайзанд анх найруулан тоглуулснаараа Д.Намдаг байж магадгүй гэж бодож болох юм. Гэтэл энэ гурвын алин ч биш. Тэгвэл хэн байдаг билээ.
Аливаа нэгэн томоохон зохиолын үйл хөдлөлийг баатар /дүр/ хөтөлж явдаг байна. Уран сайхны дүр гэдэг ерөнхий ухагдахуунд зохиолын баатар, дүр, зан төрх, хэв шинж бүгд багтдаг билээ. Энэ талаар нарийвчлан ярихгүйгээр зөвхөн “Учиртай гурван толгой”-г хэн хөтөлдгийг товчхон дурдья. “Учиртай гурван толгой” зохиолд дөрвөн хүн голлон гараад байгаа боловч эднийг Надмидын Нансалаа хөтөлдөг гэж бодож байна. Учир нь: Нансалмаа бол ардын дуунд гардаг Сийриймаагаас үндэслэн зохиолчийн ургуулан бодох сэтгэлгээгээр бүтсэн хүний аж амьдрал, хайр сэтгэл, гоо зүйн учир холбогдол бүхий дүр юм. Зохиолд дүрслэгдэж буй хүмүүсийн хөдөлгөөн үйлдэл, хайр дурлал, зөрчил тэмцэл бүгд л Нансалмаатай холбоотой. Үүнд:
Нэгдүгээрт: Нансалмаа гэдэг энгийн нэгэн гоолиг бүсгийг Д.Нацагдорж өөрийн ургуулан бодох сэтгэлгээгээр дүрслэн гаргаагүй бол зохиолын гол дүрийн дархан Цэндийн Юндэн, Нансалмаад хайр сэтгэлтэй болж, хуримын юм төхөөрөхөөр хүрээ ороод ирэхэд Нансалмаа байхгүй байх, Балган Юндэнгийн толгой руу модоор цохих, Хоролмаатай учрах зэргийн олон үйл хөдлөл өрнөхгүй байсан ч байж болох юм. Энэ бүгд нь Нансалмаагаас шалтгаалж байна.
Хоёрдугаарт: Балган ноён гөрөөлж яваад хээр хэвтэж буй Нансалмаатай тааралдсанаар баян чинээлэгтээ эрдэж, өөр хүнтэй сэтгэлтэй болсон бүсгүйг богтлон авах санаа төрөн, хурим найр хийх, эцэст нь Юндэнг хутгалан алах үйл хөдлөлд хөтлөгдөж байгаа юм.
Гуравдугаарт: Юндэн, Балган, Хоролмаа нарын хооронд зөрчил үүссэний улмаас Юндэнгийн амьдрал эмгэнэлтэйгээр төгсөх үйл хөдлөлийг Нансалмаа хөтлөн явсаар эцэст нь өөрөө амь эрсдэж байна. Үүнээс үндэслэн ямар санаа гарч байна вэ ? гэвэл “Учиртай гурван толгой” зохиолын дүрүүд түүхэн ба домогт хүмүүсээс үндэстэй боловч Д.Нацагдорж, амьдралд байж болох зүйлийг сэтгэлдээ ургуулан бодож, түүхэн тодорхой үе , байгаль нийгмийн орчин, монголын үндэсний өвөрмөц онцлогийг шингээсэн амьд хүмүүс /уран сайхны дүр, дүрслэл/-ийг бүтээжээ. Ялангуяа гол дүр Юндэн, Нансалмаа хоёрын эрх чөлөөтэй шударга амьдралын төлөө тэмцэл нь тухайн үеийн бодит нөхцөлд биелэлгүй хүчин мөхөсдсөн эмгэнэлт зөрчлийн тод жишээ болж байна. Энэ зөрчил нь уг зохиолын хөдөлгөгч хүч болон, багаас их уруу шатлан өргөжиж, Балган Юндэнг хутгалан алснаар туйлдаа хүрч, Нансалмаа өөрийнхөө амийг егүүтгэснээр тайлагдаж байна.
Ийм хруц ширүүн, зөрчил тэмцэл, уйтгар эмгэнэлийг тухайн үеийн зохиолчид төдийлөн бичээгүй байхад Д.Нацагдорж 1930-аад оны эхээр “Учиртай гурван толгой” зохиолдоо дүрслэн, уран сайхны нээлт хийсэн юм.
1999 он.
Ч.Жачин
НАНСАЛМААГ ХОРОЛМАА
“БОЛГОСОН” ЭНДҮҮРЭЛ
” Учиртай гурван толгой” зохиолын жинхэнэ эх ба дүрийн асуудал”/
Монголын ард түмний үндэсний бахархал, оюуны үнэт баялгийн нэг болсон Д.Нацагдоржийн алдарт “Учиртай гурван толгой” зохиол анх удаа, 1955 онд түүний “ Зохиолын түүвэр”-т “Нацагдоржийн зохисон жинхэнэ эх нь”,” 1943 онд засагдсан эх” гэсэн хоёр хувилбараар нийтлэгдсэн байна. Ингэж хоёр хувилбараар нийтэлсний учрыг энэ хэвлэлд:….”…нэгдүгээр вариантыг Д.Нацагдорж 1934 онд бичсэн бөгөөд театрын тайзан дээр тоглосоор байсан юм. Хоёрдугаар вариантыг 1943 онд Улсын төв театрын тайзан дээр шинэчлэн тавих үед Ц.Дамдинсүрэн энэ жүжгийн зохиолыг зассан юм. Засахдаа зохиолын хоёр баатрын гашуудалтай төгсгөлийг өөрчилсөн ба Балган, Юндэн нарын тэмцлийг ард олон, феодал нарын хоорондын тэмцэл болгох явдлыг хурцатгасан юм
. Бас жүжгийн дуу хөгжмийг Б.Дамдинсүрэн бүр шинэчлэн зохиосон болно.”Учиртай гурван толгой”-н энэ сүүлийн зассан эхийг баримталж Монгол улсын хөгжимт драмитик театр ба бусад олон театрт одоо тавьсаар байна” /Д.Нацагдоржийн зохиолын түүвэр 1955. 292 дугаар тал/ гэж тайлбарласан боловч чухам ямар эхийг баримталж нийтлүүлснээ дурдсангүй. Ямар эхийг баримталж нийтлүүлснийг сонирхох учир бол Нацагдоржийн зохиосон жинхэнэ эх нь” гэсэн тэр эхэд жинхэнэ Нацагдоржийнх биш баймаар үг хэллэг нэг биш удаа тохиолдож байгаагаас үүдэн гарч байгаа юм.
1955 оны хэвлэлд
Уул ус нь цэнхэр бол
Жигүүртэн донгодох нь яруу /78 дугаар тал/
гэж байна. Ус нь цэнхэр байлаа гэхэд уул нь яахаараа цэнхэр байдаг юм бол гэсэн асуулт эндээс гарч ирнэ. Тэрчлэн
Цээжиндэх үгээ хэлчихвэл
Чихэнд аятай болов уу даа
Урамтай үгээ хэлчихвэл
Угтаж хүлээн авья /79 дүгээр тал/
гэх зэрэг Юндэн, Нансалмаа хоёрын ариун хайр сэтгэлийн дуу гэхэд нэг л туньж ядсан аялгатай, хачин мөр бадаг ч тохиолдоно. Судлагч, эрдэмтдийн иш татаж ярих дуртай, монгол бүсгүйн нандин сэтгэлийн үг гэдэг:
Өөрийн гэрээ барьчихья
Өрхний чинь оосрыг татвья /80 дугаар тал/
гэсэн нь ч Нансалмаа өөрөө гэр барина гээд байгаа ч юм шиг мөн л эргэлзээтэй үг байна.
“Учиртай гурван толгой” зохиолыг Д.Нацагдоржийн “зохиолууд” /1961/ түүвэрт ч гэсэн “Д.Нацагдоржийн зохиосон жинхэнэ эх нь” , “1943 онд засагдсан эх” гэсэн хоёр хувилбараар нийтлүүлжээ. Энэ нь 1955 оны хэвлэлийн эхтэй үндсэндээ тохирч байна. Өөрөөр хэлбэл, 1955 оны хэвлэлийн эхэд буй эргэлзээтэй үг хэллэг 1961 оны хэвлэлд яг хэвээрээ давтагджээ. Тэгээд ч “Учиртай гурван толгой” зохиолын нэгдүгээр үзэгдлийн гар бичмэл эхийг 1961 оны хэвлэлийн эхтэй харьцуулж үзсэн доктор С.Лувсанвандан “… Зохиолчийн бичмэл эх, хэвлэсэн бүтээлийн хооронд үг үсгийн зөрөө төдийгүй утга найруулгын ялгаа…. Байна. Үг нэмэх, орхих, буруу гаргаж бичих зэргээс найруулгын төдийгүй утгын ноцтой мадаг гарч, дүрийн шинж, өсөлтөд түүний зан төрхийн онцлогт ч нөлөөлсөн нь Нансалмаагийн длүрээс тодорхой. Нансалмаа Юндэн хоёр уулзаад:
Чээжин дэх үгээ хэлээч ээ
Чихэнд аятайхан болов уу даа
Урамтай үгээ хэлээч ээ
Угтаж хүлээн авна
гэж байсныг “хэлчихвэл” гэсэн үгээр сольсноор хүний хүсэл сэтгэлийг илэрхийлсэн өнгө аяс нь өөрчлөгдсөн байна” /С.Лувсанвандан, Д.Нацагдоржийн зохиолд эх бичгийн судалгаа хийх шаардлага”Хэл зохиол судлал” 17 дугаар боть, УБ, 1986, /182/ 109-110 дугаар тал/ гэжээ.
Нөгөө талаар дэс дараа, учир зүй нь алдагдсан болов уу гэмээр мөр бадаг энэ хоёр хэвлэлийн аль алинд нэг биш удаа тохмолдож байна. 1961 оны хэвлэлийн эхэд байгаагаар бол “Учиртай гурван толгой” жүжгийн хоёрдугаар үзэгдлийн төгсгөлд хайр сэтгэл хуурамч болох тухай Хоролмаагийн ятгалгыг сонссоны дараа Юндэн
-Хоёр уулын хооронд
Хоёулан амраглан янаглалдаж …
гээд босоход Хоролмаа Юндэнгийн ханцуйнаас татаж хөтлөн одно. Юндэн бяцхан ухарсан мэт болж, эргэн түүнийг дагаж одтол хөшиг хаана” 8303 дугаар тал/ гэжээ. Зүй нь:
Хоёр уулын хооронд
ХоЁулан амраглан янаглалдаж…
гэдэг үгийг Юндэн Хоролмаад биш Нансалмаад хэлмээр, эсвэл, Хоролмаа Юндэнд хэлж болох мэт.
Жүжгийн гуравдугаар үзэгдэлд: Балганыд богтлогдож очсон Нансалмаа, шөнө болоход Юндэнгийн дуулахыг сонсоод:
…. Санасан хэрэг болзошгүй
Санаатай юм тохиолдоно
Сайхан бүсгүй ирэв
Санаа сэтгэлийг бусниулав
Уран үгтэй хүүхэн
Уруул хацар нь хөөрхөн
Ертөнц гэдэг бөөрөнхий
Янаг сэтгэл хувирдаг /305 дугаар тал/
гэж дуулах ажээ. Үүнийг зарим судлагч Нансалмаагийн “Сэтгэл хоёрдон Юндэнгийнхээ төлөө, өөрийн хайр сэтгэлийн төлөө сэтгэл зовнин дуулдаг” /С.Лочин, Д.Нацагдоржийн зохиолын эх бичгийн судлалын асуудалд УБ, 1984, 73 дугаар тал/ гэж дүгнэсэн удаатай. Жүжигт үзүүлснээр бол Хоролмаа Нансалмаад уран үгийг хэзээ ч хэлээгүй бөгөөд харин “Хүний эрийг эргүүлж явна уу?” гэсэн ичгүүргүй худал үгийг хэлсэн билээ. Үүний хариуд Нансалмаа “Өлөгчин муусайн нохойнууд үтэр түргэн тонил” /291 дүгээр тал/ гэж уурсан хэлсэн юм. Түүнээс хойш Хоролмаатай огт учирч таараагүй Нансалмаа гэнэт түүнийг “Сайхан бүсгүй” гэж “үнэлж”, сэтгэл хоёрдсон нь юу л бол гэмээр.
Хэрэв Нансалмаагийн сэтгэл ингэж хоёрдож байсансан бол дараа нь
/Дөрөвдүгээр үзэгдэлд/:
Харгис хүн хэцүү ч
Халуун сэтгэлийг халхлахгүй
Халдах, түрэмгийлэх нь хортой ч
Хайртай хүү минь хувираагүй /315 дугаар тал/
Хэмээн яаж “Хайртай хүү минь /Юндэн минь/ хувиралгүй/ гэж дуулах билээ?. Үүнээс үзвэл Юндэнгийн дууг Нансалмаагийн дуу болгон нийтэлж байсан байна.
Юндэнг Нансалмаа болгосон нь нэг чигийн, нэг эндүүрэл байж. Харин Балганыг Нансалмаа ч юмуу, Нансалмааг Хоролмаа болгосон бол ямар уршиг тарих байсныг таахад бэрх.
Энэ мэт эргэлзээтэй зүйлийн учрыг тайлж олгоход “Учиртай гурван толгой” зохиолын 1955, 1961 оны хэвлэлийн эхүүд олигтой тус нэмэр болж чадахгүй нь нэгэнт тодорхой тул аль ч хэвлэлд огт дурдаагүй боловч уул хэвлэлийн эхийн үндэс болсон тэр эх бичгүүдийг үзэж судлах нь юу юунаас чухал юм.
а.Эх бичгийн тухай
1.”Учиртай гурван толгой” зохиолын нэгдүгээр үзэгдлийн гар бичмэл эх 21х17 см хэмжээний тууш шугамтай цаастай 12 хуудастай, хар саарал өнгийн нимгэвтэр хавтастай нэг дэвтэр МЗЭ-ийн хорооны Д.Нацагдоржийн музейд хадгалагдаж байна. Энэ дэвтрийн эцсийнхээс бусад арван нэгэн хуудсанд Д.Нацагдорж “Учиртай гурван толгой зохиолын нэгдүгээр үзэгдлийг 8Нэгдүгээр үзэгдлийн сүүлчийн дууны нэг мөр, эцсийн хэдэн өгүүлбэрийг энд бичээгүй. Ч.Ж/ хуучин монгол- бичгээр, улаан бэхээр тогтуун бичжээ. Энэ эх бичиг дээр зохиолч өөрөө ногоон бэх харандаа, улаан будаг зэргээр зарим засвар хийсэн байна. Энэ дэвтрийн эхний хуудасны өвөр талд:
Наадагчид нь:
1.Нансалмаа
2.Юндэн
3.Балгүн/?/
4.Хоролмаа
5.
6.
7.
N – 35
U- 20
B- 17
K- 3
1.аlle /бүгд/ Vers /бадаг/ гэж тэмдэглэсэн байхын дээр жүжгийн нэгдүгээр үзэгдлийг бичихдээ Нансалмаагийн дуулах дууны бадаг бүрийг монгол цифрээр, Юндэнгийнхийг араб цифрээр, Балгүнийхийг цифрээр, Хоролмаагийнхыг монгол цифрээр дугаарласан нь Нансалмаагийнх 35 , Юндэнгийнх 20, Балгүнийх 17, Хоролмаагийнх 3 бадаг байна. Үүнээс гадна зохиолч, жүжгийн тайзны заслалыг тодорхойлж бичсэний дараагаар:
“Хөгжим нь
Хуур , лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг нь амттай, Аргагүй амраг, Гунан хар, Юндэн гээгээ /гөөгөө/ /?/ Хаврын сар зэрэг хуучин ая болно.
Дуу нь:
Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүртэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин, зүгээр буюу радиогаар дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүхийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй” гэж тэмдэглэжээ. Зохиолын эхэнд хийсэн эдгээр тэмдэглэлээс найруулагч, жүжигчний хэн хэн нь жүжгийн тавилт, тоглолтын талаар нэлээд зүыйлийг мэдэж авч болох ажээ. Энд тэмдэглэж хэлмээр өөр нэг зүйл бол хэн бүхний “Балган ноён” гэж хэлж заншсан зохиолын нэрийг Балгүн гэж бичсэн явдал болно.
Энэ нь Д.Нацагдорж “Учиртай гурван толгой” зохиолыг “Юндэн гөөгөө” гэдэг ардын дуу, түүний домгоос сэдэв авч бичихдээ дуу болоод домогт голлон гардаг Юндэнгийн нэрийг төдийгүй Балгүний нэрийг хэвээр уламжлан авсныг харуулах аж. Гэвч Балгүнийг эдүгээ нэгэнт Балган гэж хэлж заншсан тул өөрчлөх хэрэггүй гэж бодож байна.
2.”Учиртай гурван толгой” зохиолын дөрөвдүгээр үзэгдлийн ихэнх хэсгийг хөх балаар, хуучин монгол үсгээр бичсэн 16,4 Х 20,4 см хэмжээтэй, 6 хуудас задгай гар бичмэл ноорог эх ШУА-ний хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байна. Энэ их бичиг дээр зохиолч улаан будаг, нил өнгийн /сурагч/ бэх зэргээр зарим засвар өөрчлөлтийг хийжээ. Жишээлбэл: Балганаас Нансалмаад хандаж дуулсан дууны үгэнд:
Төрийн ёсыг дагавал
Түмэн зовлон арилна шүү
гэсэн мөр байдаг.
Төрийн ёсыг дагавал
Түмэн баяр гүйцэлдэнэ шүү
болгож зассан байна. Балгын хувьд ямар ч зовлон байгаагүй болохоор “түмэн баяр гүйцэлдэнэ шүү” гэх нь илүү оновчтой гэдгийг нурших хэрэггүй биз.
Нансалмаагийн дуулах нэг дууны үг нь:
Харгис хүн хортой ч
Халуун сэтгэлийг халхлахгүй
Халдах түрэмгийлэх нь хэцүү ч
Хайртай хүү минь хувираагүй
гэж байсны хортой, хэцүү гэдэг үгийг өөр хооронд нь сольж “хэцүү” гэдгийг “хүн” гэдэгтэй, “хортой” гэдгийг “түрэмгийлэх” гэдэгтэй холбож зассан нь мөнхүү учир зүйн дагууд зөв оновчтой болжээ. Түүнчлэн , Юндэн, Нансалмаа хоёрыг Балган, Хоролмаа хоёр дагуул хүмүүсийнхээ хамт эрж олоод Юндэнгийн амийг бүрэлгэж байгаа тухай өгүүлсэн хэсгийг эхлээд “… гэнэт уулын баруун талаас Балган нэг хүн дагуулж, зүүн талаас Хоролмаа нэг хүн дагуулан Нансалмаа, Юндэн хоёрыг эрсэн янзтай гарч ирэх бөгөөд “Энэ явна. Энэ явна” гэлцэн хомрон ирж барьж авах цагт Юндэн, Балган хоёр ноцолдоно. Нансалмаа, Хоролмаа хоёр ноцолдоно. Хоёр хүн Балганд тусална.
Тийнхүү дээр доороо орж байх үед Балган Юндэнг хутгалан ална. Юндэн мөнөөх урьдын чулууны дэргэд унана” гэж бичсэнээ дараа нь нэлээд цэгцэлж, “… гэнэт уулын баруун талаас Балган Хоролмаа хоёр хүн дагуулан Нансалмаа, Юндэн хоёрыг эрсэн янзтай гарч ирэх бөгөөд тал талд тархан одно. Гэтэл нэг хүн ирж энд байна гэхэд Юндэнг барин авч ноцолдон дийлнэ. Удалгүй Хоролмаа ирэхэд Юндэн уурласан байдалтайгаар өндийхөд Хоролмаа айн зайлж одно.
Бас даруй нэг хүн ирж мөн ноцолдон дийлж байтал Балган ирж дороо хийн занчихэд Нансалмаа даруй Балганы ард байсан хутгыг сугалан авч дүрэх гэтэл Балган босуут хутгыг аваад Юндэнг дүрэн ална. Юндэн мөнөөх урьдын чулууны дэргэд унана” гэж Нансалмаагийн нугаршгүй зориг, сэтгэлийг тодотгосон байна.
3.”Учиртай гурван толгой” зохиолын нэлээд бүрэн бүтэн өөр нэг эх бичиг ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж үлджээ.Энэ бол 29,9х20,7 см хэмжээний тууш шугамтай цаасан дээр хуучин монгол үсгийн машинаар хэвлэсэн 65 задгай хуудас эх бичиг юм. Энэ нь “Учиртай гурван толгой” дуурийг театрт тавихад зориулан бэлтгэсэн эх мөн бололтой. Энэ эх бичгийн эхний хоёр хуудсан дээр жүжгийн гэрэлтүүлэг, жүжигчдийн хөдөл, дуу /хөгжим/ зэргийг товч тодорхойлсон тэмдэглэл хийжээ. Үүнийг сийрүүлбэл:
“1.Гантөмөр гэрэл харанхуй болтол
2.Гэрэл харанхуйгаас Жийжүү хот
3.Ярианы дараа Гуунан хар
4.Ярианы дараа Жийжүү хот
5.Цэвэгмэдийг явсны хойно Торой банди
6.Ичинхорлоог суусан даруй Гуунан хар
7.Дэвээ гарч Цэнхэрлэн харагдах, хуучир, морин хуур 2.
-хөшиг-
2 дугаар
1.Гандий мод
2.Намрын хонгор салхины дараа бүх хөгжмийг Гантөмөр нэг удаа, цааш морин хуур
3.Торй/ банди/ морин хуур
4.Цонхон дээр суусан ялаа
5.Ичинхорлоо, Цэвэгмид хоёр ярианы дараа Гуунан хар
6.Гэрэл харанхуй /болсны дараа/ Юндэн гөөгөө бүх хөгжмийг нэг удаа, морин хуур ганцаар
7.Үргэлжлэн Дэвээ дуулна.
8.Цэвэгмид, Дэвээ хоёул явах үед гэр орон холгүй гэсний дараа ….
Гуравдугаарт:
1.Төмөр тэрэг бүх хөгжим 2 цааш морин хуурыг дуулна /?/
2.Дүнхэр да лам, морин хуурч Цэвэгмид дуулна.
3.Гандий мод, морин хуур, хуучир, Дэвээ дуулна.
4.Жийүү хот, Ичинхорлоо, Цэвэгмид морин хуур
5.Гэрэл харанхуй болсны л дараа Дүнхэр да лам, Цэвэгмид дуулна.
6.Дэвээ, Цэвэгмид, Гуунан хар, морин хуур, хуучир
Дөрөвдүгээрт:
1.Хулсан ташуур, Цэвэгмид, Дэвээ нар дуулна. Морин хуур, хуучир
2.Аргагүй амраг Ичинхорлоо
3.Цэвэгмид Ичинхорлоо хоёрын ярианы дараагаар “Гуунан хар” гэжээ. Үүнээс үзэхэп “Учиртай гурван толгой” дуурийн анхны тоглолтуудын Нансалмаад Ичинхорлоо/Ардын жүжигчин/ Юндэнд Цэвэгмид / Ардын жүжигчин/ Хоролмаад Дэвээ нар тогложээ.
Энэ эх бичиг дээр жүжгийн дуу бүрийг ямар дууны аяар дуулахыг бас тэмдэглэсэн байна. Жишээлбэл: “дэн уул өөд харж Гантөмөр аялна” гэх зэргээр тэмдэглэжээ.
“Учиртай гурван толгой” зохиолын дээр дурдсан гурван /гар бичмэл болон машиндмал/ эх, бичгээс гадна мөнхүү хуучин монгол үсгийн машинаар хэвлэсэн эх дээр ардын уран зохиолч, академич Ц.дамдинсүрэн гуайн засвар хийж ажилласан өөр нэг эх бичиг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байна. Энэ бол “Учиртай гурван толгой” зохиолын түүхтэй холбоотой нэг сонирхолтой материал гэдгийг энд цухас тэмдэглэе.
6.”Учиртай гурван толгой” зохиолын үндсэн эхийг тогтоох нь:
Дээр дурдсан гар бичмэл эх болон машинаар хэвлэсэн хуулбар эхийг харьцуулан үзэж, гар бичмэлийн дутууг хуулбар эхээр нэмэн гүйцээх замаар “Учиртай гурван толгой” зохиолын үндсэн эхийг тогтоож болно. Нэгдүгээр үзэгдлийн гар бичмэл эхийг машинаар хэвлэсэн эхтэй харьцуулж үзвэл бага сага зөрөө ажиглагдаж байна. Жишээлбэл: гар бичмэл эхэд жүжгийн тайзны заслалыг “ …. Тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг орсон байна” гэсэн байхад хуулбар эхэд “бяцхан агуй ба агуйд нэг булаг орсон байна “ гэж нуурыг агуй болгожээ. Бидний бодоход жүжгийг тавих үед тухайн үеийн боломжоос шалтгаалж тайзан дээр нуурыг харуулахад төвөгтэй байсан учраас ингэж агуй болгож өөрчилсөн байж болох юм. Гар бичмэл эхэд Юндэн Нансалмаа хоёрын сууж байгаа байдлыг” …. Нансалмаа Юндэнг налан хажуулж, Юндэн баруун гараар Нансалмаагийн зүүн гарыг барьж, харилцах их амраг байдалтай байна” гэсэн байхад хуулбар эхэд “ ….. Нансалмаа Юндэнгийн өмнө хажуулж, Юндэн бараан гараар Нансалмаагийн зүүн гарыг барьж харилцан их амраг байдалтай байна” гэж Нансалмаа Юндэнг налан хажуулж байсан Юндэнгийн өмнө хажуулсан болгожээ.
“Учиртай гурван толгой” зохиолын хэвлэмэл эхийг гар бичмэл ба хуулбар эх хоёулантай харьцуулж үзэхэд хуулбар эхтэй ихэнхдээ үг үсэг зөрөхгүй нийлж байна. Тиймээс “Учиртай гурван толгой” зохиолыг Д.Нацагдоржийн “Зохиолын түүвэр” /1955/ болон “Зохиолууд” /1961/ түүвэрт нийтлүүлэхдээ энэхүү машиндмал хуулбар эхийг баримталсан хэрэг байжээ. Тэгээд ч “Энэ дуурийн нэгдүгээр үзэгдлийн эхэнд “Нансалмаа Юндэнгийн өмнө хажуулж, Юндэн баруун гараар Нансалмаагийн зүүн гарыг барьж, харилцан их янаг байдалтай байна” гэж хэвлэсэн байна. Хэрвээ “Учиртай гурван толгой” өнөө үед хуучин эхээр нь тоглож байгаа сан бол Юндэн, Нансалмаа хоёрыг дээр бичсэнээр “байрлуулах” гэж найруулагч нь их л махаа иднэ. Нансалмаа Юндэнгийн өмнө хажуулж гэдгээс бүх хэрэг үүсч байгаа юм. Нансалмаа Юндэнгийн өмнө хажуулна гэдэг бол Нансалмаа Юндэнгээс зайтайгаар, түүний урд газарт нэг хажуугаар хэвтэж байна гэсэн үг. Гэтэл Юндэн баруун гараар Нансалмаагийн зүүн гарыг барьж байгаа шүү дээ. Ингэж барихын тулд Юндэн урагш тонгойхоос өөр аргагүй. Зохиолч маань гэрэл “Юндэн өнөөх чулуу /өөрөөр хэлбэл, тайзны гол чигт байгаа/ түшиж сууж” гэж бичсэн байгаа билээ.
Тэгэхлээр Юндэн чулууг арагш налан байхынхаа зэрэгцээгээр урагш тонгойн Нансалмаагийн зүүн гарыг барих хэрэгтэй болж байна. Эмгэнэлт жүжиг биш, хошин жүжигт л тохиолдож болох энэхүү хачин байрлал зохиолын эх бичмэлийг өөрчилснөөс бий болсон бөгөөд энэ явдалд суут Нацагдорж өөрөө буруутан биш… /С.Лочин, Д.Нацагдоржийн зохиолын эх бичгийн судлалын асуудалд/ УБ, 1984, 69 дүгээр тал/ нь үнэн боловч хэвлэхээс бүр өмнө хийсэн хуулбар эхэд чингэж байгаа болохоор “түүний зохиолыг хариуцан эмхэтгэж, хэвлэн гаргасан хүмүүс буруутан…” /мөн тэнд/ байж хэрхэвч болохгүйг бас хэлэх хэрэгтэй.
Жүжгийн нэгдүгээр үзэгдэлд Балган, дундад уул дээгүүр анх гарч ирэхдээ дуулдаг дууны үгийн нэг мөрийг 1955, 1961 оны хэвлэлд “Хэрэм зурам ч дайралдахгүй” гэж хэвлэсэн байна. Гэтэл зохиолчийн гар бичмэлд “Хүрнэ зурам ч дайралдахгүй” гэж байна. Хүрнэ гэдэг бол зарим нутагт “өмхий хүшрнэ” гэж ч бас нэрлэдэг бяцхан үслэг амьтан юм. Балганы гарч ирж буй дундад уул бол мод чулуугүй нүцгэн уул билээ. Тэрхүү нүцгэн ууланд гүйдлийн гөрөөс, хүрнэ, зурамхан л байж болох юм. Үг бүрдээ нягт нямбай ханддаг их зохиолч маань тэр ёсоор нь бичжээ.
“Учиртай гурван толгой” зохиолын гар бичмэл эхийг уншихад:
….. уул ус нь тэгш бол
Жигүүртэн донгодох нь яруу
Уг сэтгэл нэг бол
Үг хэл найрамдуу
Зөөлөн салхи найгахад
Цэцэг навч ганхана
Цээжин дэх үгээ хэлээч дээ
Чихэнд аятайхан болов уу даа
Усанд живэх загас нь
Урсгалыг даган давхина
Урамтай үгээ хэлээч ээ
Угтаж хүлээн авна
Эргэн тойрон уулууд
Үзэсгэлэнтай сайхан газар аа
Өөрийн гэрээ бариач ээ
Өрхний оосры чинь татья
гэх зэргээр утга төгөлдөр, уран яруу мөрүүд үргэлжилж байна.
Ийнхүү гар бичмэл эхийнх нь дагуу “Учиртай гурван толгой” зохиолын нэгдүгээр үзэгдэл, дөрөвдүгээр үзэгдлийн төгсгөл хэсгийн үндсэн эхийг тогтоож болох байна. Харин гар бичмэл нь байхгүй байгаа хоёр, гуравдугаар үзэгдлийн үндсэн эхийг машиндмал хуулбар эхийг баримтлан тогтоохоос өөр арга алга. Тэгэхдээ машиндмал эхийг тэр янзаар нь баримталж бас болохгүй мэт.
Машиндмал хуулбар эх бичгийн 43 дугаар хуудсанд, Юндэнд хандан Хоролмаагийн:
… Хэзээний ерөөл байснаас
Хоёулан уулзах нь энэ үү
гэсэн дууны дараа жүжгийн гуравдугаар үзэгдэл шууд эхэлжээ. Гэтэл мөн эх бичгийн 45 дугаар хуудсанд “…. Мөнөөх найрын /Нансалмааг богтлон авч Балганы хийсэн найр Ч.Ж / дуу хөгжим намхрах / намхран?/ дан ганц зөөлөн хуурын дуу гарахад Юндэн ийн дуулна.
Хоёр уулын хооронд
Хоёулан амраглан янаглаж
гэж босоход Юндэн бяцхан ухарсан мэт боловч эргэн түүнийг дагаж одтол хөшиг хаана.
Хайрт залуу хоёр
Халуун сэтгэлдээ татагдаж
Хойно хойноосоо эрэлцэхийг
Харсан хүн уярна…” гэх зэрэг бие биетэйгээ авцалдахгүй мөр бадгууд байна. Үүний
Хоёр уулын хооронд
Хоёулан амраглан янаглаж
гэдгийг 1955, 1961 оны хэвлэлд өмнөх “Юндэнгийн дуулна” гэснээс “Юндэн” гэдгий нь авч Юндэн дуулсан мэтээр болгож хоёрдугаар үзэгдлийн төгсгөлд оруулсан байна. “Хөшиг хаана” гэдгээс санаа авч энэ хэсгийг хоёрдугаар үзэгдлийн төгсгөлд оруулсан нь маш зүйтэй боловч, уул хоёр мөр шүлгийн утга, мөн хэн суугаад, босч байгаа билээ гэх зэргийг эс хайхарч, өмнө нь байгаа “Юндэн ийн дуулна” гэснийг л харж түүний дуу болгосон нь нэг эндүүрэл болжээ. Юндэнгийн хормойноос барьж сөгдөн сууж байсан Хоролмаа л ийнхүү дуулж хүслээ илэрхийлээд босч, Юндэнг хөтлөн одох ёстой билээ. Учир зүйгээрээ ч, утга агуулгаараа ч ийм байна. Ямар нэг шалтгаанаар өөр газар орж машиндагдсан энэхүү хоёр мөр шүлэг, тайлбарыг зохих газар нь /хоёрдугаар үзэгдлийн төгсгөлд/ оруулчихвал Хоролмаагийн ятгалгыг сонсож эргэлзсэн Нансалмаагаа өөр хүндл богтлогдоод явахыг харж гашуудсан Юндэнгийн сэтгэлийн дуу зүй ёсоороо өмнөх хөдөлтэйгээ нийцэн найрна.
Хайрт залуу хоёр
Халуун сэтгэлдээ татагдаж
Хойно хойноосоо эрэлцэхийг
Харсан хүн уярна
Хос хос нүд нь
Хоёр бие дээрээ тусч
Хоёр амраг зүрх нь
Бие биедээ тэмүүлнэ
Амраг сэтгэл цавуу шиг
Аргагүй салах нь цахилгаан шиг
Үүнийг нарийвчлан бодоход
Сэтгэл заавал эвдэрнэ
Мөрөөдсөн хүмүүс учрахад
Мөс боловч хайлмаар
Дурдсан /дурласан ?/ хүн салахад нь
Чулуу боловч хэмхэрмээр
Санасан хэрэг болзошгүй
Санаатай юм тохиолдоно
Сайхан бүсгүй ирэв
Санаа сэтгэлийг бусниулав
Уран үгтэй хүүхэн ээ
Уруул хацар нь хөөрхөн өө
Ертөнц гэдэг бөөрөнхий
Янаг сэтгэл хувирдаг
үүнийг Нансалмаагийн дуу болгон нийтэлж будилуулсныг өмнө тэмдэглэсэн. Энэ дууны дараагаар эх бичгийн 47, 48 дугаар хуудсанд “Хуурчийн шүлэг” байна. Хуурчийн шүлэг нь:
…. Хос амраг зайгүй ч
Гурвалжин болоход будлиантай
Янагийн үлгэр гэгч
Ингэж эхэлдэг ажээ
гэж төгсгөж байгаа нь мэдэгдэж байгаа боловч түүний дараа шууд залгуулж:
Холбож ёслохоор шийдсэн юмсан
Хайртай амраг хүүгээ
Харийн хүнд алдаад
Хойд уулын энгэр дээр
Ганцаар юунд гуниглана….
гэсэн дуу эхэлж байна. “Хайртай амраг хүүгээ харийн хүнд алдсан….” Гэхээр энэ нь Юндэнгийн дуу гэдэг нь танигдана. Дараа нь уулын цаанаас Нансалмаа дуулна. Үүнийг үзвэл Юндэнгийн дууны завсраар “Хуурчийн шүлэг” оржээ. Хоёр амрагийн хооронд харин хүн орсон. Хоёр амрагийн дууны хоорондуур хуурч шүлгээ унших нь бас л сонин зохиомж юм.
Хуулбар эх бичгийн 49,51 дүгээр хуудсанд Юндэн, Хоролмаа, Нансалмаа нарын дууны дэс дарааг хольж сольж машиндсан болох нь мэдэгдэж байна. Жишээлбэл: 49 дүгээр хуудсанд “…. Юндэн Нансалмаатай учирч ийн дуулна” гэж байхад 51 дүгээр хуудсанд “Уулын цаанаас Нансалмаа гарч ирнэ” гэж хоромхон хугацааны дотор хоёр уулзсан мэт болж байна. Энэ нь дууны дэс дарааг сольж машиндсанаас үүдсэн нь мэдээж, Юндэн дээр Хоролмаа эхэлж ирсэн, дараа нь Нансалмаа ирсэн гэдэг нь зохиолд тодорхой байгаа болохоор тэр дагууд нь дууны дэс дарааг олох боломжтой байна.
Машиндмал эх бичгийн 55 дугаар хуудсанд:
“…. Эмийн хойноос явсаар
Ингэж байхдаа ичихгүй юу
Энэрч харласан сэтгэлээс
Эргэж чамайг ирсэн /юм/
Нансалмааг авах чинь өнгөрсөн шүү
Надтай суувал дээр шүү
гэж /Хоролмаа/ дуулан, Юндэн /шазуур зуун/ дургүй байдалтай байна.
“Хоролмаа уурласан байдалтай гэнэт ханцуйнаасаа хутга гарган Юндэнг дүрэх байдалтай очоод Юндэнгийн хүлээсийг таслаад Юндэнгийн гараас барьж одно” гэсний дараагаар шууд залгуулж бичсэн нь:
Амраг янаг гэгч
Аль ч хүнд байдаг юм
Алт мөнгөөр цохиж
Авахад бэрхтэй нь үнэн ээ
Хайртай амраг гэгч
Хагацах нийлэх нь болзоогүй
Харж суугчдын дотор
Бас ч тийм биз
Хоёулаа нийлээд явахад нь
Хүсэл санаа хангалттай
Хол газар одоход нь
Хүний сэтгэл эвдэрмээр
Халуун хүйтний зовлонг
Хамтаар үзэх нь журамтай
Хоёр биеийг холбож
Хэзээ жаргал юм бол доо
Түмэн лангийн амрагт
Нэг цэцгийн тусламжгүй
Түүнийг зовоогч этгээдэд харин
Хүн бялдуучилна
Хоёр хүн нийлсэн сэн
Дөрвөн хүн болов
Хэн хэнд зохицохыг
Хэрхэн одоо мэднэ
гэжээ. Үүнийг 1961 оны хэвлэлд “Юндэн явахдаа дуулна” /310 дугаар тал / гэсэн үг нэмж тодотгоод нийтэлжээ. Энд дурдсан “Түмэн лангийн амраг” гэдэг нь Юндэн Нансалмаа хоёр “ түүнийг зовоогч этгээд” гэдэг нь Балган “хүн бялдуучилна” гэдэг нь Хоролмаа байна. Үүнийг Юндэнгийн бусад дуутай харьцуулж үзвэл нэг л өөр, хөндлөнгийн үг шиг сонсогдоно. Харин энэ зохиолд байгаа:
…. Үзэсгэлэнтэй төрсөн Нансалмаа
Өөрийн хошуундаа хайрлагджээ
гэх зэргээр жүжгийн утгыг тодотгосон “Хуурчийн шүлгийн” үргэх зэргээр жүжгийн утгыг тодотгосон “Хуурчийн шүлгийн” үргэлжлэл мэт байна. “Хуурчийн шүлгийн “ дараа өөр дууг шууд залгуулан бичсэн гэдгийг өмнө тэмдэглэсэн. Үүнчлэн өөр үйлдлийн дараа “Хуурчийн шүлгийг” шууд залгуулан бичсэн байж бас болох талтай. “Учиртай гурван толгой” дуурийн анхны тоглолтыг үзсэн тэр үеийн нэртэй сэхээтний нэг Ишдорж гуайн бичсэн шүүмжийн гар бичмэл эх, БНМАУ-ын төв архивт хадгалагдаж байсныг “Үнэн” /1988, ¹ 113/ сонинд нийтэлсэн билээ. Ишдорж гуай шүүмждээ “Шийн бүлэг бүрийн хооронд Х.Лувсан хуурч гарч хуучир дарж магтаал өгүүлсэн нь олдсон ба миний бодвоос ший гарахын өмнө удирдтгалд болгож нэгэн удаа гарч хуурдаад зогссон аваас дээр мэт санагдах болой” гэж бичсэн байна. Энэ нь “Хуурчийн шүлэг” ганцхан байгаагүйг харуулна. Тэгэхдээ дурдсан шүлгийн санаа нь “Хуурчийн шүлэгтэй” ойр байгаа нь гол зүйл юм. Энэ шинжээр нь энэ шүлгийг “Хуурчийн шүлэг” гэж таамаглаж болох мэт.
“Учиртай гурван толгой” зохиолын 1955, 1961 оны хэвлэлийн эхийг машиндмал хуулбар эхтэй нь тулгаж үзэхэд зарим нэг мөр бадаг орхигдсон байна. Жишээлбэл: жүжгийн хоёрдугаар үзэгдлийн төгсгөлд Хоролмаа Юндэнг ятгаж дуулсан дуу нь хжжлбар эхэд:
….. Гэр орон ч үгүй
Хэтийн зам ч нарийнгүй….
гэж байхад 1961 оны хэвлэлд “Хэтийн зам ч нарийнгүй” гэсэн мөрийг орхиж хэвлэсэн байна. Хэвлэлийн эхэд ингэж орхисныг бусад эхээс авч үндсэн эхэд оруулах нь мэдээж. Үүнээс гадна, гар бичмэл эхэд байхгүй.
Морио унаж гараад
Намайг дайрч уулзана уу
гэсэн хоёр мөр шүлэг хуулбар эхэд байна. Энэ мэтийг “Учиртай гурван толгой” зохиолын үндсэн эхэд оруулж болох юм.
в.Жүжгийн зөрчил, дүрийн хэв шинж
Гар бичмэл болон хуучин үсгийн машинаар хэвлэсэн хуулбар эхийг зндэслэж “Учиртай гурван толгой” зохиолын үндсэн эхийг шинээр тогтоогоод үзэхэд уул зохиолын дүрүүдийн талаар зарим нэг үгийг хэлж болмоор санагдана.
Зохиолч энэ дууриа “ 1934 онд “Да вангийн Юндэн гөөгөө” гэгч ардын аман зохиолын нэг дуунаас сэдэв авч бичсэн…” /Б.Содном, Д.Нацагдоржийн намтар зохиол, УБ 1966 229 дүгээр тал/ ажээ. Энэ дуурийн зарим дүрийн талаар судлаачид харилцан адилгүй санал дэвшүүлсэн байдаг. Зарим судлаач “Юндэн, Нансалмаа хоёроор энгийн ардын дүрийг гаргаж, Балганаар феодал ноёдын ангийг төлөөлүүлсэн байна….. Харц ард гаралтай Хоролмаа баримталсан чиггүй, хоёр ангийн төлөөлөгчийн аль алинд ч үйлдэг явдал түүний төөрөлдсөн, мэдлэггүйг харуулж байна” /Б.Содном, мөн ном, 232 дугаар тал/ Хоролмаа бол “Өнгө, мөнгөтэй хүн л чадалтай гэсэн феодал ноёлогч ангийн бэртэгчин үзэлтэй хүн….” /С.Лочин “Учиртай гурван толгойн” тухайд гурван санал “Соёл” сэтгүүл 1974, ¹ 1, 52 дугаар тал/ гэх буюу “….. Хоролмаа хүүхэн, засаг хошуугаар зартай залуу эр Юндэнгийн үлэмж сайхан төрсөнд… дурлаж байна” /Лувсанвандан, Монголын уран зохиолын дэвшил, социалист реализм, УБ 1987, 218 дугаар тал/ гэсэн байхад зарим судлаач “Хоролмаа бол гоо сайхны ойлголт ихтэй. Тэрбээр Юндэнг олоод авах юмсан, дэргэд нь байх юмсан гэж боддог. Хайр сэтгэлийнхээ төлөө тэмцсэн хүн…..” /Э.Оюун, Д.Нацагдорж миний уран бүтээлд “Утга зохиол урлаг” сонин, 1986 он ¹ 43/ гэж ч хүртэл хэлсэн байна.
Тэгвэл “Учиртай гурван толгой” дуурийн жинхэнэ эхийг үзэхэд судлагчдын үзэл бодол харилцан адилгүй байгаа Хоролмаагийн дүрийн мөн чанарыг тодруулах нарийн ширийн зүйлс цөөнгүй байна.
Балган, Нансалмааг хараад “Хүн явдаггүй газар хаанаас яваа хүүхэн бэ?” гэнэ. Гэтэл тэр хүн явдаггүй газарт Хоролмаа сэм хүрч ирээд “Балган яаж байгаа юм бэ” гэж чанга дуугарахад Балган цочин харж, айсан мэт болон Нансалмааг орхиж уулын цаана орж нуугдана. Хоролмаа Нансалмаад “Өөрийн эрээ явуулаад хүний эрийг эргүүлнэ үү” гэж байна. “Хүний эр” гэдэг нь хэний эр байж таарах вэ? Балган болохоор “Эд хөрөнгө ч элбэг бий. Эхнэр авахыг бодсон юм” гэдэг. Балган Хоролмаад “Чи надад хамаагүй, миний эхнэрт чи юунд халдана” гэнэ. Нансалмаа “ Чи одоо миний болсон” гэж хэлнэ.
Балганы Хоролмаагаас айж нуугдсан , Нансалмааг заавал “эхнэр” гэж хэлсэн зэрэг нь Балган Хоролмаа хоёр эхнэр, нөхрөөс арай наахнуур холбоотой байсныг харуулна. Түүнээс бус, тэр хоёрын зэрэг дэв ижил “нэг ангийн” хүмүүс гэдгийг харуулж байгаа зүйл биш. Уул дүрийн анхны тоглолтыг үзсэн Б.Ишдорж, Хоролмааг “Балганы эхнэр” /1988, ¹ 113/ гэж бичсэнийг ч анхаарах хэрэгтэй.
Балган, Нансалмаа хоёрыг үнэн худал ч гэсэн нэр холбочхоод Юндэнгийн өнгө жавхланг түр боловч эзэмших нь Хоролмаагийн ганц зорилго мөнийг зохиолч, үзэгдэл бүрд үргэлжлүүлэн харуулжээ.
Балганд цохиулж ухаан алдаж унасан Юндэн дээр ирээд Хоролмаа
Эртнээс чамайг хүссэн сэн
Одоо учрахаа явсан сан
Ингэж уулзахыг үзвэл
Ерөөл заяатай юмсанж
Жавхлантай сайхан эр л гэж
Засаг хошуугаар хэлэлцсэн
Царай зүсийг үзвэл
Дамжиггүй үнэн юм л даа….
гэж өнгөний сайхныг нь л магтаж байна. Цааш нь Юндэнг ятгаж:
Ийм сайхан эрд
Эхнэр хаана мундах вэ?
Ганц нэгийн хойноос
Гансарч зүтгээд яах вэ
…Янаг амраг гэгч
Янзаар байдаггүй юм
Үнэн сэтгэл ч ховор юм
Өнгө мөнгөнд ч болдог юм
Өөрийн санаагаар болдоггүй юм
Шинэхэн ханилахын үед
Шимтэй сайхан амттай
Санамсаргүй байсаар
Сүү шиг хурдан гашилдаг юм
гэж байна. Хоролмаагийн хайр сэтгэлийг үзэх ойлголт, ухаан нь энэ юм. Хайр сэтгэлийг эргэж хувирч байдаг зугаа цэнгэл төдийхөнд бодлог Хоролмаа, Юндэнгийн сэтгэлийг эргүүлж чадна гэхдээ:
Эцэг эх нь хөгшин
Эзлэх толгойлох хүнгүй
Энэ бие ганцаар
Одоо манайд оч л доо
Гэр орон ч холгүй
Хэтийн зам ч нарийнгүй
гэж байна. “Хэтийн зам ч нарийнгүй” гэдэг бол хайр сэтгэлийг хөнгөн хуумгайгаар үздэг үзлийнх нь илрэл. Түүний бодлоор бол Юндэн бэлэн зэлэн гэр орон, эд хөрөнгийг эрхэмлэх ёстой байжээ.
Хоролмаа Юндэнд:
Самуун улсын гарт
Шархдаж унасанд түвдэхгүй
Сайн өнгө чинь шарласанд
Сувилж засахыг хүсэж байна
Хас царайгий чинь хараад
Хайрлах сэтгэл өрнөж байна
гэж Нансалмааг Балгантай хамтатган “Самуун улс” гэж муучлан, өөрөө Юндэнг хайрлаж байна гэх боловч хүлээсийг нь тайлахаар очихдоо ханцуйнаасаа хутга гаргаж дүрэх байдалтай очдог. Дүрэх байдалтай очно гэдгийг зохиолч, лав санамсаргүй бичээгүй. Хоролмаагийн шохоорхол, хайр болж чадаагүй, тэр Юндэнгийн өнгө царайг хараад бахадсан боловч, сэтгэл нь хутга мэс шиг байгааг харуулсан хэрэг биз. Тэгээд ч Юндэн:
Олс дээсээр холбосон ч
Хутга хайчаар тасалдаг юм
Нийлсэн хоёр сэтгэлийг
Илд жадаар салгахгүй
гэж байна.
Хоролмаа Юндэнд:
Хутга мэсийг гаргасангүй
Хар санааг агуулсангүй
Хайрлаж энэрэхдээ хэлсэн юм
Харьж суувал дээргүй юу
гэж өөрийгөө цагаатгахыг оролдож байна. Үүэндээ “энэ бол дурлал биш зөвхөн шохоорхол, өнгө зүсний сайханд дуулианаар унаж, түүнийг өөрийн болгох гэсэн аминчхан хүслээс өөр юу ч биш билээ” /С.Лочин, мөн өгүүлэл 53 дугаар тал/
Балган, Хоролмаа хоёрын зан суртахууны бурангуй шинж тун төстэй илэрч байна. Балган Нансалмаад:
Зол заяа ирэхэд
Лус охиноо хайрлав уу
гэнэ. Хоролмаа Юндэнд:
Тавилан ерөөл байснаас
Тавтай сайхан уулзлаа
гэнэ. Балган Нансалмаад:
Сар шиг гэрэлд чинь гялбаж байна
Сайхан өнгөнд чинь дурлаж байна
Саатаж энд сууж
Санаа сэтгэлий минь хангана уу
гэнэ. Хоролмаа Юндэнд:
Энэлж шаналж уйтгарлавал
Эгч чинь зугаацуулж өгье
гэнэ. Балган Нансалмаад:
Хүсэл сэтгэл дамжигтай ч
Хөх хадгаар нийлүүлсэн шүү
Төрийн ёсыг дагавал
Түмэн баяр гүйцэлдэнэ шүү
Цагаан гэрийн дотор
Улаан энгэсэн түрхэж
Торго магнагийн дунд
Дураар цэнгэхийг бодохгүй юу
гэнэ. Хоролмаа Юндэнд:
Эмийн хойноос явсаар
Ингэж байхдаа ичихгүй юу….
Нансалмааг авах чинь өнгөрсөн
Надтай суувал дээр шүү дээ
гэнэ. Хоролмааг хараад Балган нуугдана.Нансалмааг хармагц Хоролмаа нуугдана. Хоролмаа Балганд хэл хүргээд Нансалмаа Юндэн хоёрыг хамтран барина.
Балган өөрийгөө баатар, эрэлхэг чадалтай гэх боловч, уг чанартаа хулгана шиг зүрхтэй эр юм. Үүнийг Балганы үйлдэл бүрээс харж болно. Тэрбээр Нансалмааг барьж аваад, ихэд чанга инээж,
Ахынхаа гарын доор чи
Огтоно хулганатай адил шүү
гэж хэлж байснаа урьд таньдаг Хоролмааг хармагц гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр айж нуугдана. …Юндэн, Балган руу хөдлөхийг завдтал Балган хажууд байсан нэг модыг авч Юндэнгийн толгойг цохино… Балганы дагуул гурван хүн гүйн гарч ирээд хүч хавсран Юндэнг барьж занчина…. Балган босуут хутгаа аван Юндэнг дүрэн ална…. Эзэд ноёд, эд хөрөнгө, муу арга, мод чулуунд найддаг аймхай хулчгар, хүний гараар могой барьдаг Балган эцсийн эцэст ийм бузар хэрэг хийх нь аргагүй юм.
Балган, Хоролмаа хоёрын дүр бурангуй шинжээрээ адил боловч зан төрхөөрөө ялгаатай. Хайр сэтгэлийг эрх мэдэл, эд хөрөнгө, феодалын төрийн ёсоор шийдэж болно гэсэн эрээгүй харгис чанар бол Балганы зан төрхийн гол шинж. Балган бол баян түшмэлийн хүү бөгөөд эзэд ноёдод ч талтай, эд хөрөнгө ч элбэгтэй, энэ бүхнээрээ түрүү барьсан ихээхэн түрэмгий эр юм. Феодалын төрийн ёсоор тэр, угсаатай хүний үр мөн боловч зэрэг залгасан ноён биш. Ийм ч учраас түүнийг хүний амь бусниулахад хамт явсан нөхөр сүүдрүүд нь “ Чи юунд /хүн/ амины хэрэг гаргав. Манийг хэрэгт холбогдуулав. Чамайг албаны газар хүргэж, бид хэргээс гарна” гэж шууд барин авах ажээ. Энэ бол Балганы зэрэг дэв багыг ч, түүнээс бусадтай тогтоосон хэлхээ холбоо хэврэгийг ч харуулж байна.
Хоролмаа амьдралаас ашиг хонжоо олох гэхдээ хоёр сэтгэл гаргаж, хоёр замаар явж байна. Нэг тийшээ Балганд Нансалмааш зааж өгч бялдуучилж тал олох, нөгөө тийшээ Юндэнг асарч сувилсан гэж сэтгэлийг нь татахыг оролдож байна. Энэ хоёрдмол ховсоргон чанар бол Хоролмаагийн зан төрхийн гол шинж юм.
Юндэнгийн амь хохирч, үнэн сэтгэл шалгах эгзэгтэй мөч ирэхэд Нансалмаад “дурлалаа” гэсэн Балган “Нансаөлмаа надад хэрэггүй” Юндэнд “дурлалаа” гэсэн Хоролмаа “Юндэн надад хэрэггүй” гэсэн нэг ижилхэн үгийг хэдэнтээ хэлж байна. Ингэхэд
…. Янаг амраг гэгч
Янзаар байдаггүй юм….
гэгч нь энэ үү гэсэн асуултыг хэн боловч тавьж, Балганы Нансалмаад “дурласан” гэдэг ч, Хоролмаагийн Юндэнд “дурлалаа” гэдэг ч өнгөний шохоорхол төдий хуурамч зүйл байсныг ойлгох болно. Энэ худал хуурмаг “дурлалын” эсрэг Нансалмаа, Юндэн хоёрын үнэн сэтгэлийг зохиолч үзэгдлээс үзэгдэлд тодруулан үзүүлсэн байна. Феодалын нийгмийн үед үнэн сэтгэлээ, жинхэнэ хайр сэтгэлээр амьдрах нь “хямдгүй хэрэг” байсныг ч бас харуулсан байна. Ингэж үнэн сэтгэлийг эрхэмлэн үзүүлэх нь зохиолчийн хувийн амьдралтай ч холбоотой юм. Д.Нацагдорж 1932 онд хилс хэрэгт сэжиглэгдэж хагас жил хиртэй хоригдож байхдаа бичсэн “Орчлонгийн жамыг танихуй” гэдэг нэг шүлэгтээ:
…. Гадна сайхан явахад
Хайртай амраг олоон
Харанхуй гянданд ороход
Харж үзэх нь ганцхаан…
Жаргалыг хамтатгасан этгээд
Зуурдын орны дайсан
Зовлонг хамтатгасан хүү минь
Ёстой миний амраг мөн
хэмээн хүний сэтгэлийн үнэн, мөн нь хэцүү бэрх цагт шалгарч тавигддаг гэж бичсэн байна.
Юндэн амьдралын хань, жинхэнэ амраг сэтгэлийг үнэлж:
Сэтгэлийн амраг гэгч нь
Шижир алтнаас үнэтэй юм
Шилж түүнийг авах нь
Хямдгүй хэрэг дээ
гэж байна. Нансалмаа үнэн сэтгэлийг эрхэмлэж:
Үнэн сэтгэл гэгч нь
Энэхүү ертөнцөд ховор юм
Учирч түүнийг олох нь орчлон дээр чухал юм
гэж байна. Юндэн , Нансалмаа хоёрын амьдрал хайр сэтгэлийг үзэх үзэл, ёс суртахуун хэм хэмжээ нь энэ юм. Нөг өдөр нэг хүн “хайртай” болоод, нөгөө өдөр өөр нэгэнд “дурлах” учиргүйг энэхүү “Шилж түүнийг авах нь хямдгүй хэрэг дээ”,” энэхүү ертөнцөд ховор юм” гэсэн үгээр илэрхийлсэн байна. Чухам ийм үзлээр, үнэн сэтгэлээр бие биеэ таньсны дараа Нансалмаа сая
…. өөрийн гэрээ бариач ээ
өрхний оосрыг чинь татья…
гэж хайр сэтгэлээ энгийн даруухнаар илэрхийлж байна. Энэ үгийг хэлснээс хойш Нансалмаад Юндэнгээсээ эргэж буцах бодол хэзээ ч төрсөнгүй. Харин феодалын нийгмийн бурангуй ёсны эсрэг, балмад Балганы эсрэг чадлынхаа хирээр тэмцэж, үнэн сэтгэлээ хамгаалсан.
Хүний арьсыг нөмөрсөн
Хээрийн галзуу чоно чи
Хүзүү толгой хоёр үргэлж байхад
Чи намайг боолчлохгүй
Омог зан чинь хэцүү ч
Ойртуулж намайг чадахгүй
Хэлэлцээ сүйтэй нөхөр бий
Хичнээн оролдовч тусгүй
Зэвхий царайгий чинь харахад
Зэрлэг араатан шиг үзэгдэнэ
Чиний чадал их ч
Миний зориг хатуу
даруу түвшин Нансалмаагаас яаж гарав гэмээр хүч, зориг энд илрэх аж. Үнэн сэтгэлийн хүч гэдэг энэ. Тэгээд ч эрх ямба, эд хөрөнгөндөө эрдсэн омог дээрэнгүй Балганд “Хэлэлцээ сүйтэй нөхөр бий” гэж хүний ёсыг сануулж байна. Гэвч Балган хүний ёсноос гадуур аашилж, Хоролмаа ч түүнд нь дэм боллоо. Нансалмаад амьд явмааргүй үе нэг биш тохиолдоно. Балмад араатан шиг Балганаас айж зугтаж, элдвээр хэлэгдэж, баригдаж, богтлогдож зовж явна. Гэвч Юндэнгээ гэсэн сэтгэлээр алд бие, алтан амиа хамгаалж байна. Ийм ч учраас жүжгийн төгсгөлд өөрийн нар болсон ганц хайрт хүн Юндэнгээ алдсан Нансалмаа, амиа хорлож байгаа нь энэ бүхний төгсгөл хоёргүй нэн хайр сэтгэл, ялагдашгүйн илрэл, жинхэнэ эмгэнэл болж байна. Юндэн Нансалмаа хоёр феодалын бурангуй ёсны хар хүчний гайгаар амь хохирсон боловч, ялагдаж боолчлогдоогүй, үнэн хайр сэтгэл нь хүн бүрийн зүрх сэтгэлд ариун нандин хэвээр мөнх оршном билээ.
Нансалмаа, Юндэн хоёрын дүр хар хүч, бурангуй ёсны эсрэг хандсан үлэмж хүчтэй, эмгэнэлт, идэвхтэй шинжээрээ адил болов зан төрхөөрөө бас ялгаатай гэдгийг хэлэх хэрэгтэйн Нансалмаагийн хоёргүй үнэн сэтгэл, эрэлхэг чанар бол түүний зан төрхийн гол шинж юм. Хайрта й хүний нь гэмгүй цохиж унагаад ахин дахин түрэмгийлж байгаа Балганы хүн алахаас буцахгүй бузар шинжийг бүрэн таньсны эцэст өөрийнхөө хэрээс хэтэрсэн зориг, хүч гаргаж хутгыг нь сугалан авч Балганыг дүрэх гэж байна. Энэ нь Юндэнг дүрэм байдалтай очдог Хоролмаагийн үйлдллээс тэс өөр, хайр сэтгэлээ аврах гэсэн түүний эцсийн нэг ородлого юм. Нансалмаад үүнээс өөр арга байгаагүй. Хичнээн хатуу ширүүн бузар бурангуй хүчтэй тулавч Юндэнг гэсэн үнэн сэтгэл, итгэл нь нэгээхэн удаа ч гэсэн , өчүүхэн гажсангүй. Хайр сэтгэлээ хамгаалсан Нансалмаагийн дүрийг монголын орчин үеийн уран зохиолд гарсан нэг шинэчлэл, цоо шинэ үзэгдэл гэж үзвэл зохино.
Юндэн Нансалмаад үнэн хайртай. Тэгэхдээ Нансалмаагийн төрөл садан юу гэх бол. Хоролмаагирйн ихэлдэг үнэн үү, худал уу гэж эргэлзсэн удаатай. Юндэн хааяа ингэж уран үгэнд автаж эргэлзсэнч Нансалмааг гэх үнэн сэтгэл нь хувираагүй билээ. Юндэнгийн итгэл нь эргэлзэхээсээ хавьгүй их юм. Нэг үгээр хэлбэл “Учиртай гурван толгой” дуурьтай Д.Нацагдорж үнэн хайр сэтгэл өнгөний шохоорхол хоёрыг сөргүүлэн тавьж харьцуулан үзүүлж, жинхэнэ идэвхтэй баатрыг урлажээ.
г. “Гурван толгойн” тухайд нэг санал
Зохиолч энэ дууриа “Учиртай гурван толгой” гэж нэрлэсэн нь тайзны заслалд буй гурван уулыг төдийгүй, зохиолын гол гурван баатрыг ч төлөөлүүлсэн гэсэн нэг ижил саналыг олонхи судлагч дэвшүүлжээ. Тэгэхдээ зарим нь Хоролмааг Нацагдорж “гурван тоондоо оруулсангүй” гэдэг бол, зарим нь “…. Эсрэг талын хоёр баатраа /Балган, Хоролмаа хоёр Ч.Ж/ нэгтгэн нэгэн тоонд багтаасан….” гэж үздэг байна. “Зохиолч эсрэг талын хоёр баатраас нэгтгэн нэгэн тоонд багтаасан” гэсэн саналыг дэд эрдэмтэн С.Лочин дэвшүүлсэн бөгөөд энэ нь”… тайзны арын урт хар уулын орчим хоёулангийнх нь гэр байгаа, энэ хоёрын үйл ажил хар уул шигээ ижилхэн хар байгаа. ” Юндэн над хэрэггүй”,” Нансалмаа над хэрэггүй” гэж хоёул ив ижилхэн үгийг зохиолын тайлал хэсэгт давтан хэлж буй зэргээс харагдах болов уу” /С.Лочин “Учиртай гурван толгойн” тухайд гурван санал “Соёл” сэтгүүл, 1974, ¹ 151-52 дугаар тал/ гэсэн ажиглалтаар саналаа нотолсон байна.
Гэвч тайзны ар талд буй нэг урт хар уулыг зөвхөн Балган, Хоролмаа хоёрт өмчлүүлэх нь төдий л оновчтой биш шин санагдана. “Жүжгийн үйл явдлын өрнөл дунд ногоорон харагдах зүүн уулыг Нансалмаад, цэнхэрлэн харагдах баруун уулыг Юндэнд хамааруулж өгүүлсэн нь олон….” /Х.Сампилдэндэв. Аман зохиол- ардын үзэл санааны тусгал, УБ, 1977, 67 дугаар тал/ боловч Нансалмаа /Юндэнба уул усыг харж/:
Эргэн тойрон уулууд
Үзэсгэлэнтэй сайхан газар аа
гэж дуулдгийг анхаарахгүй байж болохгүй. Эргэн тойрон уулуудад баруун зүүн хоёр уулаас гадна арын уул орох нь зайлшгүй юм. Түүнчлэн “Балган, Нансалмааг тавихгүй зууралдан байх үес зүүн уулын дээгүүр Хоролмаа гарч ирэх… Юндэн уулын бэлд унаад ухаангүй хэвтэж байх бөгөөд энэ үед зүүн уулын араас Хоролмаа хоёр хувин барьж алгуурхнаар булаг дээр очиж ус аваад…” гэх зэргээр Хоролмаагийн гэр орон арын урт хар уулын орчимд биш, харин зүүн уулын орчимд байгаа нь зохиолоос мэдэгдэж байна. Ийм болохоор арын хар уул Балган, Хоролмаа хоёуланг төлөөлсөн гэдэг нь үнэмшилгүй болно. Харин Хоролмааг аль нэг ууланд хамааруулах гэвэл зүүн ууланд л хамааруулж болох мэт.
Юндэнгийн гэр баруун уулын орчимд, Нансалмаагийн гэр зүүн уулын орчимд, Балганы гэр хойт уулын ард байгаа гэдэг нь зохиолоос мэдэгдэхийн хамт Юндэн хуримын юм авахаар хот явахдаа баруун ба хойд уулын хоорондуур баруун хойшоо явж байгаа ньч мэдэгдэж байна. Энэ бол баруун талыг эрхэмлэдэг ардын уламжлалт зан заншлыг тусгасан дүрслэл/Х.Сампилдэндэв. Мөн номын 68 дугаар тал/ төдийгүй жүжгийн үйл явдал өрнөж байгаа газар нутгийн байршил, зүг чигийг давхар давхар харуулж байх бололтой.
“Гурван тоонд Хоролмааг оруулаагүй” гэдэг бол бүр ч эргэлзээтэй юм. Хоролмаа эхлээд Юндэнд “Нансалмааг би мэдэхгүй” гэж үл мэдэгч болж нэг үзээд, болохгүй болохоор нь “Богтолж авах гэсэн хүүхэн чинь Балгантай нөхцөөд очсон шүү” гэж хуурч нэг үзэж, “Балган гэдэг хүн баян түшмэлийн хүү. Эр чадал ч ихтэй. Эзэн ноёдод ч талтай” гэж айлгах гэж ахиж нэг үзэж, эцэст нь “янаг амраг гэгч янзаар байдаггүй юм” гэх зэргээр зай завсаргүй довтлон ятгасаар сэтгэлий нь түр боловч урвуулж, гэр рүүгээ дагуулан одож чадаж байна. Чухам энэ үед Юндэнгийн санаа сэтгэл бусниж “Ертөнц гэдэг бөөрөнхий. Янаг сэтгэл хувирдаг” гэж эргэлзэхэд хүрч, тэгээд ч хуурчийн шүлэгт:
Үзэсгэлэнтэй төрсөн Нансалмаа
Өөрийн хошуундаа хайрлагджээ
Үнэхээр түүний сэтгэл
Ганцхан хүн дээр шийдсэн сэн
Хос амраг зайгүй ч
Гурвалжин болоход будлиантай
Янагийн үлгэр гэгч
Ингэж эхэлдэг ажээ
гэж байна. Нансалмаагийн сэтгэл ганцхан Юндэн дээр шийдсэн боловч, Юндэнгийн сэтгэл Нансалмаа дээр, бас Хоролмаа дээр болж байгааг энд тов тодорхой хэлжээ. “Гурвалжин” буюу гуравгэдэг нь Юндэнгээс татсан бөх, хэврэг хоёр холбоо- Нансалмаа, Хоролмаа хоёр, “Учиртай гурван толгой” гэдэг нь гурван уул биш гурван хүн буюу Юндэн, Нансалмаа, Хоролмаа гурав болмоор, Балганы хүсэл тачаалыг Нансалмаа хэзээ ч хүлээж аваагүй болохоор янагийн “гурвалжинд” тэр багтах учиргүй билээ. “Үйлийн гурван толгой” гэсэн домогт газрын нэрээс уламжилсан “Учиртай гурван толгой” зохиолын нэр нь гурван уулыг биш, гурван хүнийг төлөөлсөн нарийн учир утгатай болсон энэ ганц баримт ч гэсэн энэхүү уран үгийн гайхамшигт “цэцэг” нэг талаар, цулгуй хөрснөөс биш, ардын аман зохиолын шимтэй хөрснөөс дэлгэрснийг, нөгөө талаар, үндэс мөчир тэгш бие даасан шинэ сайхан “цэцэг” болж чадсаныг харуулна. Ер нь Д.Нацагдорж энэ зохиолыг бичихдээ “Юндэн гөөгөө” дуу, “Үйлийн гурван толгойн” домгоос санаа, сэдэв авснаар барахгүй “Мандал жийжүү” зэрэг ардын дуу, урьд нэгэнт зохиосон “Ушаандар” хэмээх дуулалт жүжгийн зарим дуу зэргээс уламжлал авахдаа ихээхэн боловсруулалт, шинэчлэлт хийж зохиолын эд эсэд шингээж нэгэн цул болгож чадсаныг хэлэх хэрэгтэй.
Тухайлбал 1920, хэдэн оны үед зохиогдсон “Цэнхэрлэн харагдах” зэрэг дуу нь “Ушаандар” /Д.Нацагдорж зохиосон гэдэг Ч.Ж/ гэдэг луулалт жүжигт /Ушаандар хатан, хүүхэдтэйгээ ойд явж байхдаа дуулж байсан/:
Цэнхэрлэн харагдах уул нь
Цэцэг жимстэй уул юм даа хө
Чин зоригийг баривал
Нямбалж болмоор уул юм даа хө
Алаглан харагдах уул нь
Алим жимстэй уул юм даа хө
Алаг хоёр үртэйгээ
Амьдарч болмоор уул юм даа хө….
/Ц.Дамдинсүрэн Монголын уран зохиолын дээж зуун билэг оршвой , УБ , 1959, 403-404 дүгээр тал/ гэсэн үр хүүхдээ хайрласан эцэг эхийн элбэрэл хайрын дуу байсан бол “Учиртай гурван толгой” дуурьт
Цэнхэрлэн харагдах уул нь
Чандмань эрдэнийн уул аа
Цэцэрлэг сайхан ойд нь
Чамтайгаа цэнгэмээр уул –аа
гэсэн амраг хайрын дуу болсон байна. Ийнхүү ардын аман зохиол, бичгийн зохиолын шилдэг сонгодог өв уламжлалд бүтээлчээр хандаж хөгжүүлэн, жинхэнэ шинэчлэл хийсэн учраас Д.Нацагдоржийн уран бүтээл, манай ард түмний сэтгэл зүрхийг догдлуулах үлэмжийн хүч үзэж, уншиж ханашгүй, ухаж ойлгож баршгүй гайхамшигт ид шидийг олсон ажээ.
No comments:
Post a Comment