|
ХОЁР
ЗАГАЛЫН ТУУЖ
Эрт урьд цагт
Суут богд Чингис хааны Эрмэг цагаагч гүү нь Эр хоёр загал унага төрсөн ажээ. Тэр онд Арван гүүнд тэлээлж арга хийж онд оруулав гэнээ. Эзэндээ Дааган цагтаа унуулж Үрээн цагтаа хуяглуулж Тэр хоёр загалыг унаж Алтай ханыг Арлан авлаж Хөхүй ханыг Хөвчлөн авлав. Их загалыг унаж Алтай ханыг Авлан тавив. Аргаль угалзыг алж Аргагүй бардаж ирэхэд Арван түмэн Авын хүмүүс Нэг ч эс гайхав. Бага загалыг унаж Хөхүй ханыг Хөвчлөн тавьж Гүйлэн хөх чоныг Гүйцэн хядав. Өвсний оройгоор Өрвөлзүүлэн ирэхэд Өдий олон Авын хүмүүс Өчүүхэн ч эс гайхав. Хэнтий ханыг Хэрэн авлаж Хээрийн араатныг гүйцэж хядахад Хэн ч хүн Хэрэглэн эс гайхав. Онон хатны Ой талыг авлаж Олон амьтныг гүйцэж Олзлон агнахад Ойр хол адил боловч Олон бүгд эс гайхав.
* * *
Тэр дээр
Уярах сэтгэл төрж -Дааган цагт минь Давтсан болжээ. Үрээн цагт минь Үтээрсэн болжээ. Хязаалан цагт минь
9
- - -
Хяхсан болжээ.
Соёолон цагт минь Сорьсон болжээ гэж Бага загал нь Их загалдаа хэлэв: -Аа авгай минь явъя Алтай ханыг авлахад Арван түмэн Авын хүмүүс Эс магтав. Ай хайран дур минь Хөхүй ханыг авлахад Хүй олон улс Эс магтав. Хөвчин хайран санаа минь Хэнтий ханыг авлахад Хэдэн түмэн улс Эс магтав. Хэтэрхий хайран дур минь Энэ бүгдий маань Үл мэдэх юун болов? Аа авгай минь ер явья. Маны одсоны хойно Хаан эзэн минь Нэг хоёр дурдвал Нэрийн алдар биш буюу, Аа авгай минь Алтай хан гэгч газар Агь шаваг өвстэй гэнэ. Ариун тунгалаг устай гэнэ. Аялан хүрч Амарч хэвтье. Авгай минь. Хөхүй хан гэгч газар Хөвөг шаваг өвстэй гэнэ. Хөөрөм цөөрөм нууртай гэнэ. Хөдлөн хүрч Хөлбөрч хэвтье. Авгай минь бүр явья. Хэнтий хан гэгч газар Хэмгүй сайн таргатай гэнэ. Хээр хөдөөгүй устай гэнэ. Хий хуй болон хүрч Хэжийлэн хэвтье. Авгай минь үтэр явья. Онон хатан гэгч газар Ой тал олон гэнэ. Урт сайхан устай гэнэ. Урагшлан хүрч Ундаалан хэвтье. Авгай минь бүр явья. Аа авгай минь Ах мэт санагч Алзал бор нь бий зэ. Атаатан дайсан мэт санагч Авгай чи бид хоёр бий зэ. Хөвгүүн мэт санагч
- - -
Хөгшин шарга нь бий зэ.
Хөжин ширүүн аашлагч Чи бид хоёр бий зэ. Хатан мэт санагч Хар хул нь бий зэ. Харь дайсан мэт санагч Чи бид хоёр бий зэ. Бүр явъя. Хүйтэн өдөр барин Хөх төмөр үмхүүлэн Хөрвөнт тохмыг Хөлстэй тохож Саарьтай нурууг Даарьтай болгоно. Яаж ая Авгай бүр явъя. Халуун өдөр барин Хаттал уян Халуун наранд шаран Хайр шороо үмхүүлнэ. Яаж ая. Авгай минь бүр явъя. Бага загал нь Их загалдаа Газар газарлая гэж хэлэв. - Авай бор тоором минь! Юу гэнэм чи? Эзэн гэж эзэнд адил Эзэн олдох буюу? Эх гэж эрмэг цагаагч ижийд адил Эх олдох буюу? Ер эр хүн баярлаж Магнай үл хагарах гэлээ. Агт морь таргалж Арьс үл хагарах гэлээ. Авай бор тоором минь Юу гэнэм чи -Аа авгай минь! Сайн хүнд нөхөр олон бишүү. Сайн моринд эзэн олон бишүү. Өнөр хүнд нөхөр олон бишүү. Өнчин хүнд ноён олон бишүү. Санаат хүнд сэжиг олон бишүү. Сайн моринд газар ойр бишүү. Авгай минь явъя. -Авай бор тоором минь! Эетэй хүнд нөхөр олон гэлээ. Эйлсэн моринд уурга олон гэлээ. Эегүй хүнд өстөн олон гэлээ. Эцсэн моринд ташуур олон гэлээ. Хүний гэж Хөвчин бүгдээр үлдэм (хөөнөм) зэ. Дайсны гэж Даяар үлдэм зэ. Зэрлэг гэж Зэвийн үзүүр унаганам зэ. Авай бор тоором минь
11
- - -
Юу гэнэм чи?
Хадны өвс Хагдтай идье. Бутны өвс Богтой идье. Өсгөн төрүүлсэн Өл буурал ахайгаа Яаж мартъя гэнэм чи? Өргөн төрүүлсэн Эрмэг цагаагч ижийгээ Яаж мартъя гэнэм чи? Арван сар нуруугаа чилтэл өргөсөн Ангир шар уургаа шимүүлсэн Ачит цагаан сүүгээ хөхүүлсэн Амраг хайртай эхийгээ Яаж мартъя гэнэм чи? Эвий бор тоором минь Юу гэнэм чи? Омгоо дараагүйд Уушгиа цэрдээгүйд Яах бол чи минь, Хайрлан хадгалсан Хаан эзнээ Ханилан өссөн Хайран ижил олон нөхдөө Яаж орхин газарлая гэнэм чи? Өөдгүйг Өсгөн хураавал тусгүй гэлээ. Байг! гэж хэлэв. -Сайн хүнд нөхөр олон гэлээ Сайн моринд газар ойр гэлээ. Бүр явья гэж Бага загал Ганцаар явъя гэж санаж Их загалыг орхиж Гурван Цавчуурын зүгт явав. Ах минь нэхэх болов уу гэж санаж Түргэн зуур Алтан улиасны сүүдэрт Хүлээж байн атал, Дөрвөн зүгт нь Дөрвөн өнгийн шувуу Нэг эгшгээр донгодов. Бага загал Чихээ сэртийж Сүүлээ өргөж Чагнан байв. Алтан гургалдай шувуу Алтан улиасны дээр суун жиргэв. Ах дүү хоёр загал Салан газарлав гэж жиргэв Дахин аялгуулан жиргэв. Хөхөө нэрт шувуу донгодов. Хөөрхий бага загал Урван газарлав гэж жиргэв. Богшрого шувуу Босон жиргэв.
12
- - -
Богд эзний
Хайран хоёр загал Буруулан газарлав гэж жиргэв. Хайргана шувуу Хадны дээр суун жиргэв. Хаан эзний Хайран хоёр загал Хагацан газарлав гэж жиргэв. Тэр дөрвөн өнгийн шувууны Дууг сонсоод Бага загал тэсэлгүй явав. Түргээр түргээр явахад Түнгэрцгийн чинээ чулуу хөдөлгөж Аргаар аргаар явахад Аягын чинээ чулуу хөдөлгөж Гурван Цавчуурыг зориод Авгай минь Нэхэх болов уу гэж санаж Хөхүй ханы энгэрт Хөх Өндрийн өвөрт Хөлсөө хатааж Амьсгалаа дарж Өвс таталж байв. Их загал нь Өглөөний наранд нэхэж Үдийн наранд барааг харж Үдшийн наранд Хамраа хавчиж Хар хөлсөө асгаруулж Амиа тэмцэж Арай гүйцэж ирэв. -Аа бор тоором минь! Хүний гэж Хөвчин үлдэж Дайсан гэж Даяар хөөж Зэрлэг гэж Зэвийн үзүүрт Унагах бий зэ гж Их загал нь Бага загалдаа хэлэв.
* * *
Хоёр загалын одсоны хойно
Нэг шөнө суут богд эзэн Зүүд зүүдлэв. Эрхт тэнгэр эцгээс заяатай Эрмэг цагаагч гүүнээс төрсөн Эр хоёр загал минь Эйлэн газарлав гэнэм би. Богд эрхт тэнгэрээс заяатай Баянт цагаагч гүүнээс төрсөн Бууралтгүй хоёх загал минь Буруулан газарлав гэнэм би. Хаан эрх тэнгэрээс заяатай Хас цагаагч гүүнээс төрсөн Хайран хоёр загал минь
13
- - -
Харилан газарлав гэнэм би.
Хазаараа эгэлдэрч Эмээлээ үүрч Явган явна гэж зүүдлэв би. Энэ зүүд минь Үнэн буюу худал буюу гэж Боол бичинд зарлиг болов. -Адуунд орж үз. Худал бол дуугүй ир! Үнэн болбол дөрвөн харь Есөн өнгийн улсыг минь Эрт цуглуулж ир гэж Зарлиг болов. Боол бичин адуунд орвол Өл буурал азрага нь Өрвөлзөн сөрвөлзөн Өөд уруугаа харж Өнгөлзөж байх ажээ. Эрмэгч цагаагч эх нь Ийн тийн харж Нүднээс нялбас гаргаж байхыг үзэв. Боол бичин яарч Дөрвөн харь Есөн өнгийн улсыг Өглөө эрт цуглуулж ирэв. Суут богд эзэн Алзал бор морио унаж Алтан хуураа авч Аргасан хуурчаар хөтөч хийж Алтан нумаа агсаж Мөнгөн саадгаа бүсэлж Анчин харцгаа барьж Эхдээ эргэх болов уу гэж Эрмэг цагаагч гүүг хөтөлж Эр хоёр загалыг нэхэхээр мордов. Төдий морилон явахдаа Хаан ноён суут богд зарлиг болов. -Хөхүй ханы өврөөр цувъя Алтай ханы араар авлая Отын хүн урьд яв. Тахилзуурын хүн тасралгүй яв Тэр хоёр загалыг минь Хэн гүйцсэн хүн бүү харав!. Барьж үз. Барьсан хүнд Дөрвөн хушуу малаа Тэгшхэн хуваах бий гэж Зарлиг болов. Төдий хоёр загал Хойд нэхсэн авын барааг Холоос хар үзээд Их загал нь Бага загалдаа хэлэв: -Тоором минь Би эс хэлэв үү? Хүний гэж Хөвчин үлдэх бий зэ.
- - -
Зэрлэг гэж
Зэвийн үзүүр Унагах бий зэ гэж Эс хэллүү би. Энэ бишүү гэв. Бага загал нь хэлэв: - Аа авгай минь! Эр хүн Хэлсэн үгэндээ хүрэх бишүү Агт морь Зорьсон газартаа хүрэх бишүү. Явъя яасан эм мэт Охорхон санаатай билээ чи Маныг гүйцэх морь байх буюу? Барааг минь харах Морь ч чухаг бий зэ. Алтай ханы Ар ороход Аргал угалзыг Алуулан бууя. Хөхүй ханы Хөтлөөр давахад Хөх алаг бугыг Гишгэлэн гаръя. Үзүүрийн хүнд Бараагаа харагдья Хязгаарын хүнд Тоосоо үзэгдье. Бүр Гурван Цавчуурыг зорьё гэв. Бага загал нь ергөн хөдлөв. Их загал шогшин хөдлөв. Бага загал нь Их загалдаа хэлэв: Ах мэт санагч Алцал бор морь Яах бол гэж хэлэв. Төдий дээр барьсангүй Гурван Цавчуур газрыг зорин хүрэв. Их загал нь Хоёр санааг санаж Хайран хаан эзэн минь Хайран хас цагаагч эх минь гэж Нүднээс нялбас гаргаж Өр элгээ өмөрч Өвдгөө сөгдөж явав.
* * *
Суут богд эзэн нь
Хөх өндөр дээр гарч Барааг харж Шаналан уярав. Болдгийн бор толгойд гарч Богд эзэн нь хайлав. -Эрийн сайнаар Эзэн эс боллоо би. Эрхт тэнгэр Эцгийн заягаар
- - -
Эзэн боллоо би.
Эрмэг цагаагч Гүүнээс төрсөн Эр хоёр загал минь Эйлэн газарлав уу та? Эвий минь! Эмээ барьж Яаж харих билээ. Эргэж ирэх болов уу та? Эвий минь! Булаан авч Эзэн эс боллоо би. Богд тэнгэр Эцгийн заягаар Эзэн боллоо би. Буянт цагаагч Гүүнээс төрсөн Бууралтгүй хоёр загал минь Буруулан газарлав уу та? Эвий минь! Хайрлан авч Эзэн эс боллоо би. Хаан тэнгэр Эцгийн хайраар Эзэн боллоо би. Хас цагаагч Гүүнээс төрсөн Хайран хоёр загал минь Хагацан газарлав уу чи. Хазаараа эгэлдэрч Яаж харих билээ? Эвий минь! Харьж ирэх бол уу та? Эвий минь! Урамтай их Уралдаан болоход Юугаа хагсаах билээ? Учиртай их Ав болоход Юугаа унах билээ? Уршигтай их Дайн болоход Юугаа хуяглах билээ? Хайран хоёр загал минь гээд Төдий суут богд эзэн Орд харшдаа харьж ирэв.
* * *
Хоёр загал Гурван Цавчуурт Зорин хүрч Дөрвөн он нутаглав. Бага загал нь Арьсаа язартал таргалав. Их загал нь Зун зогссон Морь мэт хатайртаад Өвөл болоход хацарт нь
- - -
Аягын чинээ мөс хөрөв.
Уй гашуунд Уярах сэтгэлий нь мэдээд Бага загал нь асуув: -Аа авгай минь! Өвсийг эрүүгээр иддэг байтал Усыг уруулаар уудаг байтал Авгай минь Арьстай шөрвөстэй хатах чинь Юу вэ гэж асуув. Их загал хэлэв: -Авай бор тоором минь! Юу гэж үл мэднэм чи Хамгаалан өсгөсөн Хаан эзнээ Ханилан учирсан Хайрт нөхдөө Хайрлан төрүүлсэн Хас цагаагч эхээ санахад Хадат газар Туруугаа хүргэж ядав. Хайрт газарт Эрүүгээ хүргэж ядав. Өсгөн төрүүлсэн Эхээ санавал Өвсөнд эрүүгээ Усанд уруулаа Хүргэж ядав. Авай бор тоором минь! Яаж үл мэднэм чи? Эвий минь гэв. Тэр цагт бага загал нь: Зөв харж инээж Буруу харж уйлан Их загалд хэлэв: -Аа авгай минь! Арьс шөрвөстэй чинь хатаан алж Арьсыг чинь өмсөм үү би? Махыг чинь идэм үү би? Ачит авгай минь Одоо харья гэж хэлэв. Их загал гурав дахин шилгээгээд Нэг хоёр өвс таталж байв. Их загал ергөн хөдлөв Бага загал шогшин хөдлөв. Бага загал нь Их загалд хэлэв: -Аа авгай минь! Гурван сарын газрыг Гурван хоногт хүрье. Болжмор шувуу жиргэхийн урьд Булт амьтаныг сэрэхийн урьд хүрье. Улаан нар гарахын урьд Унага даага барихын урьд хүрье. Өргөн төрүүлсэн Эрмэгч цагаагч эхдээ Өсгөн тэжээсэн
- - -
Өл буурал ахайдаа
Өмгөлөн түшсэн Өнөр олон нөхөддөө Өдрийн гэгээ орохын урьд Хүрье гэж хэлэв. Хоёр загал Хурдлан хатирч Нутагтаа хүрч ирэв.
* * *
Тэр хоёр загалыг
Хүрч ирэхийн өмнө Суут богд эзэн Нэг зүүд зүүдлэв: Эрхт тэнгэр Эцгээс заяатай Эрмэг цагаагч Гүүнээс төрсөн Эр хоёр загал минь Эйлэн газарлаж билээ. Эргэж ирэх болов уу? Эмээлээ тохож байна гэж Зүүдлэв би гэв. Энэ зүүд минь Үнэн буюу худал буюу Үдтэр адуунд очиж Үз гэж зарлиг болов. Богд эзний зарлигаар Боол бичин очиж үзвэл Хоёр загал харьж ирсэн ажээ. Өл буурал азрага нь Үүрд хагацав гэж билээ би. Өнөөдөр учрав гэж Үүрсэн баярлаж Үнэрлэн эвшээж байв. Эрмэг цагаагч эх нь Хоёр нүднээс нялбас гаргаж Уйлан баярлаж байхыг үзэв. Эр хоёр загал нь Эхийгээ эргэн тойрон Энд тэндээс харж байв. Боол бичин үзээд Хоёр загалыг барих гэв. Хоёр загал эс баригдав. Хоёр загалыг Өл буурал азрагатай нь Эрмэг цагаагч эхтэй нь Хамт тууж ирээд Богд эзэнд айлтгав. Суут богд эзэн нь Нэг ханцуйгаа Түргэн өмсөн гарав. -Аа хоёр загал минь! Мэнд үү та гэв. Бага загал нь Зэв онтодохын төдий Газар байж хэлэв:
- - -
-Гурван цавчуурыг зорьсон
Гутамшиг муу Хоёр загалд юу билээ? Гучин түмэн улсыг эзлэн суусан Хаан эзэн минь Харин мэнд үү та? Алтай ханыг зорьсон Алиа муу Хоёр загалд юу билээ? Арван түмэн улсыг эзлэн суусан Хаан эзэн минь Харин мэнд үү та? Хөхүй ханыг зорьсон Хөшүүн аальт Хоёр загалд юу билээ? Хөвчин улсыг эзлэн суусан Хаан эзэн минь Харин мэнд үү та? гэв. Богд эзэн зарлиг болж: -Аа хоёр загал минь Та юуны тул Ямар учиртай газарлав та Гэж асуув. Их загал Дуу эс гарав. Бага загал Суут богд эзэндээ хэлэв: - Аа хаан эзэн минь! Хоёр загалыг хайрлах болоосой ! Дааган цагт минь Давтан унах билээ та Үрээн цагт минь Үтээрхэн унах билээ Хязаалан цагт минь Хяхан унах билээ. Соёолон цагт минь Сорин унах билээ Алтай ханыг Авлах цагт Аргал угалзыг Гүйцэн алахад Арван түмэн Авны улс үл магтав. Хөхүй ханыг Хөвчлөн авлаж Хөх чоныг Хөөж авлахад Хөвчийн улс Нэг ч үл магтав. Хэнтий ханыг Хэрэн авлаж Хэдэн түмэн Гөрөөсийг алахад Хэлхүй улс Нэгч эс магтав. Онон хатны Ой талыг авлаж
19
- - -
Олон амьтныг авлахад
Ойр хол адил боловч Олон бүгд эс магтав. Тиймийн тул газарлав. Аймаг шувуу Донгодон жиргэв. Агт морь Нутгаа санав. Хүний хүү Газартаа суув. Хөлгийн хүү Газраа санав. Хаан эзэн минь-гэв. Тэхэд их загал хэлэв: -Бор тоором минь, байг! гэв Хаан эзэн минь Намайг уна-гэв. Тэр үгийг зөвшөөж Их загалыг унаж Бага загалыг хурлав. Найман жил хурлаж Найман жил хагсаав. Намрын түрүү сард Авд мордъё гэж Авд мордон Алтай ханыг Арлан авлав. Аргал угалзыг Гүйцэн алав. Арван түмэн Авын улс Магтан гайхав. Хөхүй ханыг Хөвчлөн авлав. Хөх чоныг Хядан алав. Хөвчин улс Гайхан магтав. Хэнтий ханыг Хэрэн авлав. Хээрийн гөрөөсийг Хядан алав. Хэлхүй авын улс Хэмжээгүй магтав Онон мөрний Ой талыг авлав. Ойн араатныг Хядан авав.
20
- - -
Олон бүгдээр
Гайхан магтав. Хоёр загалын Санаа сэтгэл нь Амран жаргав. Суут богд Чингис хаан Бага загалд Хив татаж сэтэрлэв гэлээ. Хив татахийн ёс Бага загалаас болов гэлээ. Эзэн богд Чингис хааны Эр хоёр загалын тууж төгсөв. |
ХОЁР ЗАГАЛЫН ТУУЖИЙН ОРШИЛ
1. ХЭВЛЭСЭН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ
Монголын ард түмний нийт соёлын
хэмжээ өрнөн хөгжиж байгаа учраас өөрийн соёлын өвийг судлах, танилцах хүсэл эрмэлзлэл
үлэмжхэн болж байна. Ийм учраас Монголын ард түмний соёлын өв, уран зохиолын
дурсгалт бичгүүдийг судлан шинжигчид ба сонирхон уншигчдад зориулан хэвлэн
гаргах чухал ажил шаардагдаж байна. Үүнд:
Арван гуравдугаар зууны цэргийн хүний дуулал, алтан ордны үйсэн дээрх бичиг, арван зургадугаар зууны Уваший хун тайжийн тууж зэрэг Монголд хэвлэгдээгүй уран зохиолын дурсгалт бичиг үлэмжхэн байна. Багш шавийн үлгэр, хав муурын үлгэр, хоёр загалын тууж зэрэг уран зохиол хуучин үсгээр цөөн ширхэг хэвлэгдсэн учир одоо уншигчдад олдохгүй болжээ. Үүнийг шинэ үсгээр дахин хэвлэж гаргах хэрэгтэй болов. Одоо Монголын хуучин уран зохиолын нэг эрхэм бичиг загалын туужийг хэдэн эхээс нэгтгэн шинэ үсгээр буулгаж хэвлүүлэв. Нягтлан судлахад зориулан нөхөр Б. Содном, Л. Пучковский нарын орос орчуулгыг мөн хавсаргав.
2. УРЬД ХЭВЛЭГДСЭН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ
“Чингисийн хоёр эр загалын тууж
оршив” гэдэг номыг 1918 онд нийслэл Хүрээнд хэвлэжээ. Дараа нь 1923 онд
Монгол ард Улсын Гэгээрүүлэх Яамнаас сургуулийн хүүхдийн унших бичиг болгож
хоёрдугаар удаа хэвлүүлжээ. Гуравдугаар удаа 1937 онд Далхжавын эмхтгэсэн
дунд сургуулийн унших бичигт хэвлэгджээ. Орос хэл дээр Б. Содном, Л.
Пучковский нар орчуулан 1935 онд Улаанбаатарт “Одоогийн Монгол” гэдэг
сэтгүүлийн дөрөвдүгээрт хэвлүүлжээ.
Хоёр загалын тууж хэвлэгдэхээс урьд гар бичмэлээр олонд түгээмэл дэлгэрсэн юм. Загалын туужийн өөр нэг хувилбар Ордос нутгаас олдсон байна. Загалын туужийг ард олон амаар ярьдаг ба энэ хоёр морины тухай ардын дуу ч байдаг юм.
3. ЗАГАЛЫН ТУУЖ ХЭДИЙД ЗОХИОГДСОН
БЭ?
Энэ зохиолыг нарийн судалж
чадаагүй тул энэ асуултыг одоо шууд хариулж чадахгүй боловч энэ зүйлийг 14
дүгээр зууны үеийн зохиол болов уу гэж таамнаж байна. Ингэж таамнасны баримт
нь юу вэ?
Нэгд. Түүний үзэл санаа байна. Монголд арван зургадугаар зууны үеэс эхлэн бурхны шажин их дэлгэрсэн тул тэр үеэс хойш зохиогдсон зохиолд эрхбиш шажны нөлөө орсон байдаг. Шажны номлолыг дагасан, лам нарыг хүндэлсэн буюу эсэргүүцсэн ямар нэг нөлөө эрхбиш үзэгддэг
3
- - -
байна. Гэтэл хоёр загалын туужид
бурхны шажны нөлөө огт байхгүй. Харин бөө мөргөлийн үзэл санаа тодорхой
үзэгдэж байна. Хөх тэнгэрт сүсэглэх, тэнгэрт мал сэтэрлэх зэрэг бөөгийн
заншил ёс үлэмж байна. Тэхлээр энэ зохиол бөө мөргөлийг Монголд ноёрхож байх
үед зохиогдсон болов уу гэж бодогдож байна.
Хоёрт. Хоёр загалын туужийн хэл нь хуучин бөгөөд XIII ба XIV зууны үеийн монгол хэлээр бичигджээ. Олон удаа хуулан бичигдэж гар бичмэлээр дамжиж ирсэн тул зарим хуучин үгийг улмаар өөрчлөн зассан байдал загалын туужийн Ордосын эхээс тодорхой харагдаж байна гэвч өөрчлөгдөөгүй хуучин зарим үг хэвээр үлдсэн байна. Жишээ нь “отын хүн урьд яв, тахилзуурын хүн тасралтгүй яв” гэж бий. Энэ бол эртний хоморгон ав хийх аргын тухай нэр томъёо байна. Одоо (оту) болбол отох, гэтэх гэдэг үгнээс гарсан бөгөөд (отын хүн) гэж магнайн тагнуулчийг хэлжээ. Тахилзуурын хүн гэж арын сэргийлэгчийг хэлжээ. Бага загал нутагтаа ирээд Чингисээс (зэв онтодохуйн төдий газар байж хэлэв) гэжээ. Зэв онтодохуй газар гэдэг бол сум тусгалын газрыг хэлж байна. Харвасан сум арай хүрэхгүй газар зогсож байгаад үгээ хэлжээ. Онтодохуй гэдэг үг арван гуравдугаар зууны эхний үеийн Чингисийн чулууны бичигт бий. Түүнээс хойч үеийн бичигт энэ үг бараг үзэгдэхгүй болжээ.
4. АГУУЛГА НЬ
Чингис хаанд ах дүү хоёр загал
хөлөг морь байжээ. Чингис түүнийг унаж Алтай Хангай ар, өвөр, Онон, Хэрлэний
ой талаар ан хийж, өвсний оройгоор өрвөлзүүлэн давхиж, өдий төдий араатан
гөрөөсийг алсан боловч хоёр морио магтаж сайшаахыг мартжээ. Тэхлээр хоёр
загал морь гомджээ.
- Хатан шигээ санагч хар хул морь нь байна. Харь дайсан мэт санагч бид хоёр байна. Эндээс зугатааж явья гэж бага загал нь их загалдаа хэлжээ. Их загал нь тэр саналыг зөвшөөрсөнгүй. -Хаан эзнээ, хайрт эхээ, ханилсан нөхдөө орхиж зугатаж чадахгүй гэжээ. Тэхлээр бага загал нь Гурван Цавчуур газарт очиж нутаглая гэж ганцаараа явав. Ахыгаа нэхэх болов уу гэж Хөх өндөрийн өвөрт өвс татлан байтал их загал нь хамраа хавчиж хар хөлсөө асгаруулаад давхиж иржээ. Тэр хоёр загалыг буцааж авчрах гэж Чингис хаан нэхсэн боловч гүйцсэнгүй. Болзоотын бор толгой дээр гарч баахан гомдож уйлж байгаад гэртээ иржээ. Тэгээд хоёр морь Гурван Цавчуурт хүрч дөрвөн он нутаглав. Бага загал нь арьсаа язартал таргалжээ. Их загал нь арьс яс болтлоо туржээ. Тэхлээр бага загал нь их загалаасаа асуужээ. -Усыг уруулаар уудаг, өвсийг эрүүгээр иддэг байтал авгай минь чи яагаад турав гэжээ. -Өршөөлт хаан эзнээ, өсгөн төрүүлсэн эхээ, өнөр олон нөхдөө мөрөөдөөд усанд уруулаа хүргэж ядаж, өвсөнд эрүүгээ хүргэж ядаж байна гэж хариулжээ. Тэгээд бага загал нь харихыг зөвшөөрөөд хоёр загал морь нутагтаа буцаж иржээ. Чингис хаан их баярлаад, хоёр морийг унаж, мөн Алтай Хангайн ар өврөөр, Онон, Хэрлэний ой талаар ан хийж өдий төдий араатан гөрөөсийг агнаж хоёр морио их магтан сайшаажээ. Хоёр морины сэтгэл ханаж амар сайхан жаргажээ. Бага загалыг сэтэрлэжээ. Агуулгыг товчоор хэлбэл ийм байна.
5. ҮЗЭЛ САНАА НЬ
Энэ зохиолын үзэл санааг
тайлбарлахад бэрхшээлтэй зүйл бий. Үүнийг судалж учир утгыг тайлбарласан хүн
байхгүй. Зарим хүн өнгөц тө
4
- - -
ялгаварлах гэвэл төлөв бүдүүлэг
загварлах, болхи тайлбарлах буруу замд ордог юм. Урлаг бол ээдрээтэй бүтээл
юм. Урлагийн бүтээлийг ангийн талаар авч үзэх хэрэгтэй боловч ганц үгээр
тайлбарлаад дуусвал явцуу мөхөс тайлбар болно. Анги мөнх биш, урлаг мөнх юм.
Чухам сайхан хөгжмийн аялгуу бол ямар ч ангийн хүнийг бахдуулж чадна. Жинхэнэ урлагийн бүтээл бол бүгдэд сонирхогдох чадалтай байдаг. Урлагийн бүтээлийг авч үзэхдээ жинхэнэ урлагийн талыг орхигдуулж болохгүй. Репиний сайхан зургийг үзээд, радиогоор сайхан дуу хөгжим сонсоод, аль ангийн ашиг тусыг хамгаалсан бүтээл вэ гэж асуугаад ганц хоёр үгээр шууд хариулах гэвэл арай болохгүй. Хоёр загалын тууж бол хүнд зөв хүмүүжлийг өх бөгөөд сэтгэлийг баясгах урлагийн бүтээл мөн. Жаргалтай дэлгэр, урьхан хонгор салхи зэргийн яруу дууны адилаар урлагийн хувьд чухалчлан судлах хэрэгтэй. Энэ олон саналын алийг бид баримтлах вэ гэвэл алийг баримтлахыг нягтлан судалж зөвлөн хэлэлцэж байж шийднэ.
6. Урлаг нь
Хоёр загалын тууж хэмжээгээрээ багахан боловч урлагийн талаар бузгай сайн зохиол юм. Жинхэнэ урлагийн бүтээлийг амьдарлын зөрчил дээр үндэслэн бүтээдэг юм. Энэ чухал хуулийг зохиогч сайн мэдэж байжээ. Тэгээд эхнээс адгаа хүртэл үлэмжхэн зөрчил мөргөлдөөнийг зориуд оруулсан байна. Эхлээд эзэн, морь хоёрын хоорондын зөрчил гарж байна. Эзэн нь морио тоодоггүй. Морь нь эзэндээ гомддог байна. Энэ зөрчил юу болж төгсөх нь мэдэгдэхгүй явсаар, зохиолын эцсийн мөр хүрч <<хоёр загал сэтгэл нь амархан жарга>> гэдэг хэдэн үгээр шийдвэрлэгдэж байна. Цааш нь хоёр морины хооронд зөрчил байна. Дүү нь явъя гэхэд ах нь явахгүй гэх ба бага загал арьсаа язартал таргалахад их загал арьс яс болтолоо туржээ. Бага загал нь нэг санааг санаж явахад их загал нь хоёр санааг санаж явжээ. Бас энэ хоёр морины сэтгэлд тус бүрт нь дотоодын зөрчил байна. Бага загал нь санаа шийдэн явсан боловч түүнийг дөрвөн өнгийн шувуу зэмлэн донгодсон байна. Бага загалын дотор эргэлзэх санаа байсан учраас шувууны донгодохыг чингэж ойлгосон бизээ. Бага загал нь санаа шийдэж ганцаар явсан боловч ахыгаа ирэх болов уу гэж эргэлзэн хүлээсэн ба сүүл сүүлдээ нутагтаа буцахыг зөвшөөрсөн байна. Их загал явахгүй гэж шийдвэрлэн нутагтаа үлдсэн боловч дүүгээ нэхэж очсон байна. Их загал, эзэн ба эх, нөхөддөө их хайртай үнэнч юм. Гэвч түүнээс илүүтэйгээр дүүдээ илүү үнэнч хайртай юм. Дүүгээ бие нь дагаж явавч сэтгэл нь нутагтаа үлдсэн байна. Түүнийг биеэ дүүдээ өгсөн, сэтгэлээ эзэндээ буюу нутагтаа өгсөн морь гэж хэлж болно. Энэ дотоод сэтгэлийн уянгатай зөрчлийг товойтол зурсан байна. Цааш нь эзний үйл явдалд зөрчил байна. Анх морио үнэлж үзэхгүй гомдоогоод сүүлд нь буруугаа хүлээж зассан ба морио нэхэж барихыг оролдсон боловч гүйцэж чадалгүй алдсан байна. Энэ бяцхан зохиолын дотор энэ их зөрчилийг ороолдуулан угалзаж бичсэн учраас гойд уран зохиол болжээ. Үйл явдлыг уран үгээр дүрслэн бичжээ. Хоёр морины хурдан явсаныг хэлэхдээ: <<Аргаар аргаар явахад Аягын чинээ чулуу хөдөлгөж Түргээр түргээр явахад Түнгэрцгийн чинээ чулуу хөдөлгөж>> гэх буюу <<Хөхүй ханы өврөөр Хөх алаг бугыг гишгүүлэн гарав>> гэж бичжээ.
Тэр морины их үнэтэй сайныг
хэлэхдээ шууд үнэтэй сайн морь гэж бичсэнгүй. Өөр үгээр бичжээ. Хоёр морины
хулжсаны дараа Чингисийн хэлсэн нь: <<Хоёр загалыг минь хэн гүйцсэн хүн
бүү харав, барьж үз. Барьсан хүнд дөрвөн хушуу малаа тэгшхэн хуваана гэж
зарлиг болов>> гэжээ.
Чингис, хаан хүн болохлоор олон л малтай байгаа биз. Тэр хоёр морь Чингисийн бүх малын тэн хагасын үнэтэй морьд байжээ. Хоёр морийг буцаж ирэхэд Чингисийн маш их баярлаж сандарсан байдлыг үзүүлэхдээ баярлаж сандрав гэж шууд бичсэнгүй. Өөр хэдэн үгээр тэр байдлыг харуулжээ. Хоёр морийг гаднаа ирснийг сонсоод Чингис <<нэг ханцуйгаа түргэн өмсөөд гарав>> гэжээ. Чингис маш их яарсан учраас дээлээ өмсөж ч амжсангүй дөнгөж өрөөсөн ханцуйгаа ханцуйлан нөмгөн гарчээ. Хоёр загалын туужийг морин хуураар хуурдахад зориулсан бололтой, уран хурц шүлгээр бичсэн юм. Тэгээд хуурын тухайд ч энэ зохиолд дурджээ. Зугатаасан хоёр морийг нэхэхдээ Чингис эрмэг цагаагч эхийг барьж хөтөлсөн ба Аргасан хуурчийг дагуулан явсан байна. Бодвол түүгээр хуурдуулж хуурын аялгуугаар яруулах санаатай байжээ. Бага загалын хулжиж явахад шувуу донгодсон нь: <<Алтай гургалдай шувуун Алтан улиасны дээр суун жиргэв. Ах дүү хоёр загал Салан газарлав гэж жиргэв>> Бас <<зэрлэг гэж зэвийн үзүүрт унагаах, дайсан гэж даяар үлдэх (хөөх)>> Сайн хүнд нөхөр олон Сайн моринд эзэн олон Өнөр хүнд нөхөр олон Өнчин хүнд ноён олон Эегүй хүнд өстөн олон Эцсэн моринд ташуур олон гэх зэргийн уран хурц шүлгээр бичигджээ. Ц. Дамдинсүрэн |
No comments:
Post a Comment