Saturday, March 23, 2013

Пагмадуламын зураг Германд хэвлэгдэж байжээ


Пагмадуламын зураг Германд хэвлэгдэж байжээ

Нийтэлсэн: 2013-01-28 11:51:44


Сүүлийн нэг хоёр жилд Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарыг хамгийн ойроос мэдэх Б.Содномын гурван боть зохиолын эмхэтгэл, Д.Намдагийн түүвэр зохиолын дөрөвдүгээр дэвтэр, Е.Доржсүрэнгийн зохиолын түүвэр зэрэг баримт, мэдээллийн хэд хэдэн эх сурвалжууд гарч ирсэн нь намайг энэ сэдэв рүү дахин хандахад хүргэснийг юуны өмнө хэлэлтэй.

Манай үеийн ахмад сэтгүүлч, төмөр замчин Ж.Нямдаш 2006 онд Германы Дрезден хотод тэндхийн оршин суугч, багш, Монголыг судлаач Клаус Ойлеихэн гэдэг хүнтэй уулзсанаа ярьж, энэ тухай сонинд бичсэнээ надад бас харууллаа.Д.Нацагдорж 1928 онд “Майн нэгнийг хөрөнгөтний газар үзээсэй" гэдэг зохиолоо бичих үед Лейпциг хотын төвөөс захдуухан Конвиц хороонд сууж байсан гэж тэр үед Германд хамт суралцаж байсан Лувсаннамжил гуай ярьсан байдаг юм.

Тэгвэл Клаус Ойлеихэн абугай, зохиолд гарч байгаа дүр байдлаас санаа авч Лейпциг хотын Байргиз Конневиц дүүргийн Виндэбах талбайн ойролцоо нэгэн байшинд сууж байсан бололтой гэсэн нь сонирхол татах баримтажээ. Ямар ч гэсэн тэр үеийн хороо дүүргийн нэр нь ойртох шинжтэй байна. Герман хэмээх Б.Доржсүрэнгийн (2010) номд 1926, 1927 оны үеийн олон сонирхолтой гэрэл зургууд хавсралт болж гарсны дотор Герман, Францад суралцаж байгаа монгол сурагчдыг эргэж шалгахаар Ардын гэгээрүүлэх яамны (Тэр үед Намын Төв Хороонд ажиллаж байсан байж магадгүй. Д.Н) Түшмэл Өөлдийн Чимид гуайг очих үед бүгдээрээ цугларч авахуулсан (1927) нэг зураг анхаарал татлаа.

Зураг дээр байгаа гуч гаруй хүний дунд Ө.Чимид, багш Д.Буддарь, Бат-Очир нарын хамт бидний сайн мэдэх Д.Нацагдорж, Т.Нацагдорж, Д Намдаг, С.Наваан-Юндэн, Б.Содном, Б.Доржсүрэн, Д.Пагмадулам нарын зураг нэр устайгаа байгааг анх олж үзлээ Түүхийн ховор сонин баримтыг хямгатай сайн хадгалж авч явахын ойрын нэг жишээ гэвэл энэ юм даа хэмээн бодогдлоо.


Д.Нацагдорж, Д.Пагмадулам нартай Германд хамт явсан, нас намба ойролцоогийн хувьд нөхөрлөж байсан Д.Эрэгзэнгийн нэгэнтээ дуурссанаар "1928 оны зун Нацагдорж Пагмадулам бид гурав далайд жижиг мотортой завиар зугаалж явлаа. Гэтэл Нацагдорж завинаас үсэрч буугаад усанд сэлж гарлаа. Тэгэхэд л би Нацагдоржийг сайн усчин юм гэж анх мэдэж билээ" гэсэн нь зохиолчийн намтарт төдий л дуурсагддаггүй бас нэг галыг сөхөж байх шиг санагдана. Ойр зуурын эх сурвалжаас үзэхэд Нацагдорж, Пагмадулам хоёр 1929 оны цагаан сараас хойш, шарагчин могой жилийн хаврын дунд юм уу, сүүл сарын орчим эх орондоо буцаж ирсэн байх шиг санагддаг.


Их Д.Нацагдоржийн охин Д.Цэрэндулам "Аав ээж хоёр Германаас буцаж ирээд Зарц нарын сургуулийн баруун талын хамар хашааг худалдан авчээ. Тэр нь Нинжбадгарын аавын хашаа байж. Тэнд Аав ээж хоёр сайхан айл болсон байсан. Хашаан дотор орос хийцийн аятайхан байшин байсан... Тэгж байгаад аав ээж хоёр салж сарнисан” хэмээн өгүүлсэн нь миний бичиж хэвлүүлсэн (2009) номд тэмдэглээстэй бий. Энэ нь арай сүүлд миний олж үзсэн, нэрт одон оронч Санжмятавын Нинжбадгарын “Түшсэн Заяа" номын баримттай бас тохирч байна.


Тухайлбал, “Баттөмөр гуайнд байхад нэг тохиолдол гарсныг дурдвал их зохиолч Д.Нацагдорж гэргий Пагмадуламын хамт манай байшинд ирж суув аа. Тэдний охин болох Цэрэндулам Амгалангаас ирдэг, би тоглох найзтай, манай ээж Пагмадулам гуай хоёр үерхдэг байсан. Нэг өдөр чемодан дүүрэн хувцас аваад зурагчинд очиж зургаа янз бүрээр авахуулж билээ Манай хятад тогооч тэдний хоолыг хийж уур савсуулан цагаан давуугаар бүтээж оруулдаг, тэр хоёр дэлгээтэй цаас ном судраа хумьж авна, надад хоол өгөхөд нь би иддэггүй гүйж гарна.


Би ер нь айлаас юм авдаггүй зантай. Тэгээд Нацагдорж гуай Судар бичгийн хүрээлэнд түүхийн тасагт ажиллаж байхдаа нугалааны үед “Зургаан зүйлийн компани” гэгч ажлаар хөдөөявлаа. Түүний эзгүй хооронднь Пагмадулам гуай хятадуудтай нийлж хуурамч мөнгө хийсэн хэргээр баривчлагдан шоронд орсон. Нацагдорж гуай хөдөөнөөс ирээд манай баруун талын орон дээр их гунигтай суугаад байсан дүр сэтгэлд явдаг юм" гэжээ. Энэ нь тэдний ямар байшинд аж төрж байсан, Пагмадулам хэзээ ямар хэл аманд өртсөн, юунаас болж тэдний гэр бүлийн амьдрал сарнисан, Пагмадулам ямар охинтой байсан гэх зэрэг хэд хэдэн баримтыг бататгаж байх шиг санагдана. Харин тэгэхдээ С.Нинжбадгарын ээж, 1903 онд төрсөн, туулай жилтэй Гонгорын Долгоржав гэдэг хүн Нинжбадгарын 5, 6 настай байх үед Баттөмөр гэдэг хүнтэй суугаад охинтойгоо тэдний байшин хашаанд очиж хэдэн жил аж төрсөн байдалтай юм билээ.


Баттөмөр гэгч нь Хүрээний тэр үеийн хөрөнгө чинээтэй айлын нэг бололтой. Тийм болохоор “Ээж минь Баттөмөр гуайн нөлөөгөөр энэ үеийн (1928, 1929, 1930 оны үгийг хэлжээ Д.Н) нийгмийн дээд зиндаанд орж зах сэжүүрийг нь үзсэн юм" гэж С.Нинжбадгар гуай дурсчээ. Боломжийн хөрөнгө чинээ бүхий айл байсны баримт нь “Баттөмөр гуай... Баруун хороонд 9 цонхны урт ягаан байшин барьж, түүнийгээ зараад 5-р хороонд Чойжин ламын баруунтай хашаа хатгаж мөн орос байшин, гал тогоо, бурхны байшин бариулжээ" гэсэнээс мэдэгдэнэ.


Тэгвэл Дамдин мужааны хашаанд гүр сууж байсан Өмнөговийн Манлай сумын харьяат Э.Банзрагч агсан“Чойжин ламын сүм музейн баруухан талд, дотроос нь шавардсан багавтар дүнзэн байшин байсан бөгөөд... би хотод хурал, яриад суугаад оройтохоороо тэднийд очиж хонодог байсан юм" (1973) гэж бичсэн нь дээрхтэй таарч байна. Үүнээс үзвэл Нинжбадгарын аавын байшин, Чойжин ламын сүмийн баруун талын байшин гэдэг нь Баттөмөр гуайн байшин болж тараад байх шиг. Тэгэхдээ Д.Цэрэндуламын дурсамжид “Зарц нарын сургуулийн баруун талын хамар хашаа..." гэсэн үг гараад байгаа, тийм учир Зарц нарын сургууль гэж чухам хаана байсныг мэдэх шаардлага бас гараад байгаа юм.


1929, 1930 оны үед Нинжбадгарын ээж Долгоржавтай ханилан сууж байсан Баттөмөр гэдэг хүн урьд өмнө нь Намын Төв Хороонд алба хашиж байсан гэдэг бол Нацагдорж Пагмадулам нартай хуучин танил байхын уг үндэстэй. Түүний улмаас тэр хоёрыг байшиндаа суулгахаас татгалзаагүй биз. Хожим С.Нинжбадгар гуайн дүрсэлж бичсэнээр “Баттөмөр гуай халзан толгойтой, монхордуу хамартай, өндөр хөх хар хүн, маш их хартай, ээжийг зоддог харгис хүн байв" гэжээ. Баттөмөр Долгоржав хоёр нас зөрөөтэй байсан бололтой. Яагаад гэвэл Д.Нацагдоржийн 1930 онд бичсэн,

“Хар малгайтай залуу эхнэрийн
Үзэсгэлэнг би ихэд магтана
Халзан толгойтой түүний нөхрийн
Аргыг би бас сайшаана... гэсэн дөрвөн мөр шүлгийг надад зориулсан юм шүү дээ гэж Ээж нь охиндоо буюу Нинжбадгарт хэлдэг байжээ. Тэгвэл Д.Намдаг гуай “Хар малгайтай залуу эхнэр гэдгийг нь би мэднэ. Үнэхээр сайхан авгай байлаа. Хар хүнтэй нь бүр ч танил. Өөрийн бие, амин аж ахуй, ханилсан амраг, үүрэгт албан ажил цөмийг дан ариун шударга хөдөлмөрөөр тэргүүн зэрэг гял цал авч явж чаддаг эр байлаа" гэж (1966) бичсэн нь Нацагдоржоор дамжаад тэр хоёрыг мэддэг болсон ч байх юун магад хэмээн бодогдохоор.


Харин Пагмадуламын тухайд Д.Намдаг гуайн ярьсан дурссан нь ер тааралдаж байгаагүй юм. Ч.Билэгсайхан зэрэг зарим судлаачдын ярианаас үзвэл “Олигтой юм хэлж өгөхгүй байсан" гэдэг билээ. Гэтэл өөрийнхөө садангийн хүн багш, англи хэлний орчуулагч Н.Доржготовт ярьж байсан ярианы тэмдэглэлээс үзвэл Д.Намдаг гуайн Пагмадупамын талаар сэтгэл дундуурхан явдаг нэгэн байсан бололтой.


“Пагмадулам гуайг гоё авхай байсан гэж хүмүүс ярих юм” гэж дурсаад лавлаж асуусанд, Д.Намдаг: -Пагмадуламыг гоё гээд байгаа хүмүүс Нацагдоржийн нүдээр хар сан юм уу даа. Германд хамт суралцсан бид Пагмадуламыг гоёхүүхэн гэж хэн нь ч бичээгүй. Бид бичвэл "Буянтай, ухаантай аав ээжийн эрдэм сургасан гавьяаг хадны ангалд шидсэн, адгийн зантай аашны тулам л гэх байх даа.


-Пагмадулам бол Хүрээ охин. Аав ээж нь монгол болон гадаад хэлний мэдлэг сайн олгосон. Гэвч аав ээжийн хүслийн эсрэг ажилласан араншингүй хүүхэн гэж би хэлнэ...” хэмээн хариулжээ. (Д.Намдаг. IV боть). Үүнээс Пагмадуламын тухай нааштай дуугардаггүй байсан Намдаг гуайн санаа мэдэгдлээ гэж ойлгоё. Намдаг гуайн энэ үгэнд хачирхах зүйл алга. Хот хөдөөгийн өөр өөр орчинд өссөн хүмүүсийн бодол төлөвшил нийлэх ч бас албагүй билээ.


Гагцхүү "Цаг төрийн үймээн” романы нэг гол баатар Оюундарийн дүрийг бүтээхдээ Пагмадуламыг бодон бодон бичсэн гэдэг нь хаашаа билээ гэж бодоход хүргэнэ. Утга зохиолын ахмад шинжээч Г.Жамсранжав гуайн “Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” романд Оюундарь гэж боловсролтой, соёлтой, авъяаслаг сайхан бүсгүйн дүр бий" гэж тэмдэглээд Намдаг энэ дүрийн тухай ярихдаа “Пагмадулам хэмээх бүсгүйг дурсан өгүүлдэг юм...


Хуучин цагийн сэхээтнээс гаралтай хятад, манж, орос, герман хэлтэй, дуу хуурт авьяастай, наалинхаа зантай, уян зөөлөн өрөвчхөн сэтгэлтэй бүсгүй байжээ гэснийг нь тэмдэглээд Намдаг түүний нилээд зан чанар шинж төрхийг Оюундарьд шингээжээ гэсэн байгаа юм. Уг нь романы хайртай баатрын нэг нь Оюундарь хэмээх бүсгүйг гэж ойлговол зохиолч нь түүнийг “Ааш- ны тулам” гээд хэлчихэд амархан баймааргүй.


Зохиолч С.Дашдооровын нэг дурсамжид "Миний мэдэхээр Оюундарийн шанз тоглон буй хэсгийг найм дахин бичсэн юм даг. Урьд бичсэнээ, шинэ хувилбараа уншина. Аль нь дээр болж вэ гэж асууна” (“Утга зохиол" 1996 N2 23) гэсэнээс үзвэл Намдаг зохиолч Оюундарийн дүрийг сайн гаргах гэж үнэхээр хичээсэн бололтой байдаг. Хорьдугаар зууны Монголын шилдэг бүтээл, түүний нэг дүрийн тухай яриа,энд үүдсэнээс санаа аваад хэлэхэд “Хөрөнгөтний газар майн нэгнийг үзэж" явсан Пагмадуламын тэр үеийн зургийг Германд ил захидлын. хуудаснаа буулгаж реклам сурталчилгаанд хэрэглэж байсныг бидний хэн нь ч сонсоогүй явсан гэдэгт итгэхээсаргагүй.


Лейпциг хотын нэг том талбай, 1886 онд нээгдсэн гэх Верштейн хэмээх дэлгүүрийн нэр бүхий ил захидлын тэр хуудсыг Сангийн яамны ахмад ажилтан, төр нийгмийн зүтгэлтэн Доржийн Баасанжав гуай олон жилийн турш хямгатай сайн хадгалж яваад 2012 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр миний гар дээр тавьсныг хэлэхийн ялдамд тэрхүү соёлж эрхэмд би хүндэтгэл ипэрхийлж байна. Паг мадулмын зураг яаж яваад түүний гар дээр ирсэнийг Д.Баасанжав гуай надад ярихдаа:
-Буриадаас Жамбалдорж гэдэг шиг санагдах юм, нэгэн лам буцаж нүүж ирэхдээ Дугармаа гэдэг эхнэр дагуулж иржээ. Түүнийг хүмүүс гол төлөв Маань гэж дууддаг байсан. Тэр хоёрын өргөмөл охин Хардаев Цэцгээ нь миний хадам ээж юм. Нас ойролцоо учир Пагмадуламтай үерхдэг байсан юм билээ. Манай хадам ярихдаа “Пагмадулам бол Цэрэндуламын жинхэнэ ээж шүү дээ" гэж дандаа хэлдэг байсан. Энэ зургийг Пагмадулам өөрөө түүнд дурсгаж өгсөн юм билээ. Хадам эх маань 1912 онд төрсөн хүн, 1992 онд бурхан болсон.


Тэгэхдээ энэ зургийг надад, хүргэн хүүдээ өгч хадгалуулсныг би танд уламжилж байгаа юм гэсэн билээ. Энэ яриаг сонсоод бодож байвал, Өрнөдөд олон хувиар хэвлэгдсэн Пагмадуламын зураг 1930-аад оноос хойш 80 гаруй жилийн турш хадгалагдаж явсаар хэвлэлийн хуудаснаа сая гарч ирж байгаа түүхэн чухал баримт мөн болох нь. Зураг түүх өгүүлнэ гэгч энэ буюу. Бас Германы нэг хувийн үйлдвэр тэдэнтэй хамт суралцаж байсан эмэгтэй Гүжидийн Хаалайн нэр зураг бүхий шоколад үйлдвэрлэсэн мэдээтэй.


“Германд хамт суралцсан бид Пагмадуламыг гоё хүүхэн гэж хэн нь ч бичээгүй" гэж Д.Намдаг гуайн түйссэнийг дээр би иш татсан. Гэтэл Б.Содном гуайн нэг дурсамжид “1930 оны зун Пагмадулам бид хоёр Улаанбаатар хотод уулзахад тэр бүүр Европы боловсон хүүхнүүд шиг намбатай мэдлэг сайтай, ёстой л “юм үзэж нүд тайлсан хүн" шиг байж билээ. Ер нь  Пагмадуламтай ярилцахад сэргэлэн цовоо төдийгүй үе үе овжин байдал нь мэдэгдэж байсан. Тэр бас цөөхөн дуугарах боловч төвшин зөв яриатай, олон аашгүй, төв шулуун зантай нь юм бүхэнд мэдэгдэж байдагсан.


Пагмадулам утга зохиолын тухай ярих их дуртай. Монголын уран зохиол, орчуулгыг монгол, манж дээр их уншсан хүн..." гэхчилэн (1967) бичсэн нь Германд хамт суралцаж байх үеийн үзэл бодол, үнэлгээтэй нь давхцаж таарна бололтой Зөвхөн зургаар төдийгүй уран зохиол, ном бичигт үгээр дүр нь тод бүдэг янз бүрээр тусгагдаад явдаг тэр үеийн хүн Пагмадуламаас өөр бий гэж үү, та минь.

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...