Monday, April 8, 2013

Миний бага насны дурсамж:


Миний бага насны дурсамж:

1970 аад оны үед "Ногоон Нуур" гэж сайхан хоёр том нуур одоогийн Чингэлтэй дүүрэгийн Дэнжийн мянгын урд цэнхэрлэн харагдаж, хэн бүхнийг зугаацуулан баясгадаг газар байлаа. Нуурын эргээр хосууд зугаалан, цэцэрлэг, яслийн багачууд “Цэнхэр дээлээ өмсөөд цэцэрлэгтээ би очино доо” гэдэг дуугаан дуулан гар гараасаа хөтлөн цувран явдаг байв. Багш нар нь тэр хавийн цэцэг ногоог тайлбарлан, сахилдага түүн сүлжин гарын бугуйвч, үсний цэцгэн тоорцог  зүүж өгнө. Энэ үед би зургаан настай. Тэр үеийн моодоор дүү бид хоёр халзан толгойтой ногоон дээл өмсчихсөн нуурын эргээр гүйлдэн, цэцэрлэгийн хүүхдүүдийн дуулдаг дууг даган дуурайн дуулсаар байгаад сурчихдаг. Багш нь тэдэнд юу л заана тэр бүгдийг даган сурдагсан. Тэр үед сайхан байжээ. Юун хүүхэд вэ? Хол бай
гэдгүй л байв. Өөрийн хүмүүжигч хүүхдүүдтэй адил үзэж их юм зааж өгсөн дөө.
Харин бид хоёрыг цовоо сэргэлэн хүүхдүүд хурдан юм сурдаг манай цэцэрлэгт орооч
гэж нэг бус удаа санал гаргаж байж билээ. Манайх олон хүүхэдтэй, аж ахуй
эрхэлсэн өнөр өтгөн айл. Манайх таван цагаан, нэг хөх ямаа, унагтай гүү,
дөрвөн хээр морь, саалийн тав зургаан үнээ, хэд хэдэн тахиатай, эмээ өвөөгийн
дөрвөн ханат гэр, өвлийн 2 өрөө бүхий гал тогоотой шавар байшин, ээж аавын Өвөрхангай
аймгийн Уянга сумын эрээн модон их таван ханатай гэр, зуны дүнзэн байшин,
хашааныхаа нэг өнцөгт жижигхэн ногоо тарьсан  олныг бужигнуулсан ёстой л дэн буудал мэт айл байсансан.Зундаа ээж маань Тэрэлж, Сүйжийн амралт, Сэлбэ, Цэнгэлдэх хүрээлэн гэх мэт зуслангуудад тогоочийн ажил хийн зусдаг байв. Манайхан намайг жижигхэн биетэй болохоор нь өхөөрдөн “Өөдөсхөн” гэж дуудна. Батбаяр ах маань зусланд голоос ус авах үедээ намайг 2, 3 настайд минь 10 литрын бетондоо хийгээд аваад явдаг, би тэр бетонд нь хоёр гараа нүүрнийхээ урд бетоны ирмэгээс барин цаана нь миний толгой жаахан цухуйн харагддаг байсан гэж ярьдагсан. Нэг өдөр бид хашаандаа нуугдаж тоглож байлаа. Би ямааныхаа саравчинд ороод нуугдаж байгаад унтачихав. Хэн ч
олсонгүй, шөнөжин тэр хавиар эргүүлийн цагдаа хүртэл эржээ. Өглөө нь эмээ маань
ямаагаа саах гээд ямааны саравчиндаа орж, ямаагаа туутал нэг цагаан ямаа огил
үсрээд гартал цаана нь нөгөө эрээд байсан охин нь дугжирч байв. Тэгээд тэд өөдөсхөн юм
болохоороо харагдахгүй байсан юм байхдаа гээд бөөн инээд болжээ. Манай ах нарын найзууд   хашаанд хөл бөмбөг ирж  их тоглодог байлаа. Гэтэл нэг өдөр нөгөө бөмбөг нь жорлонд орчихов. Хөвгүүд болсон хойно өвөө гээд гүйлдээд ирэв. Өвөө маань хүрзээр нөгөө бөмбөгийг авч бас тэдэнд угааж өгөв. Манай эмээ өвөө хүүхдэд их хайртай хэний ч хүүхдийг ялгахгүй хүүхдүүд тоглог гээд  тэднийг хоол ундаар дайлсан хөгшчүүл байсан болохоор хүүхдүүд манайхаас салдаггүй байлаа.
 Том эгч Чимгээ маань хэнээс ч сонссон юм бүү мэд, аяганд өндөг хийж таглаад
орныхоо хөл дор нуугаад орхичихов. Гэтэл хэд хоногийн дараа нөгөө өндөгөө үзтэл
үнэр танар авах юм алга. Миний өндөг дэгдээхэй болсонгүй гээд урамгүйхэн байлаа. "Хэн тэгж
хэлэв" гэж эмээ асуутал "ангийн хүүхэд" гэв.

Их бороо орж ногоон нуур үерлэж, эргийн айлууд нуурын үерийг тогтоох гэж аль байгаа юмаа аваачин зарим нь хашаа саравчныхаа банзыг хүртэл хуу татаж, шөнжингөө хүмүүс гүйлдэн байж тогтоож байсан нь миний санаанаас гардагүй юм. Дараа нь яагаад ч юм хоёр
нуурын хоорон дахь даланг сэт татаж замын суваг руу
 урсгаж орхисон юм. Харамсалтай нь хэдэн жилийн дараа хүн малыг зугаацуулж
баясгадаг нуур ширгэн хатаж алга болсон түүхтэй.
Тэр үед Хятад хороолол гээд
3,4,5 н буудалд, Хайлаастад гахай, тахианы аж ахуйтай,
илжиг, луус хөлөглөсөн өвөлдөө айлуудын жорлон ухаж цэвэрлэдэг бизнэстэй,
жууцай мантуу ханхлуулсан айлууд байдаг байв. 50 дугаар сургуулийн байрны нэг
тал нь хятад сургууль байв. Тэр үеийн системээр Хятад сургуулийн хүүхдүүд хилэн
таван хошуу хатгасан цүнхтэй, хөвөнтөй хар хөх бөөдийсэн хувцас, саравчтай малгай өмссөн хүүхэдүүд сургуульдаа ирж очих гэж ногоон нуурын эргээр жагсаж явдаг байлаа. Бас тэд болоогүй ээ энгэртээ эх орныхоо удирдагчийн зурагтай тэмдэг зүүчихсэн. За тэгээд угаасаа Хятад Монгол ямар нэг дор таарах биш. 50 сургуулийн Монгол Хятад хүүхдүүд хоорондоо чулуу нүүлгэн байлдана даа. Хашааны энд тэнд булангаас л “Жунгаа мангуу маатаг” гээд
л монгол хүүхдүүд хашгирна. Тухайн үед миний бие бага байсан учир юу хэлээд
байгааг нь ойлгодогүй хий л нуугдан тэднийг харж зогсдог байлаа. Сүүлд ухаан
орсон хойноо “эх орноос минь зайл” гэсэн үг гэж мэдэж авав. Эцэг эхийн хурал болохоор л хятад сургуулийн захиргаанаас гомдол ирсэн гэж мэдээлсэн ч, хүүхдүүд болсон хойно ямар тоох биш. Одоогийн Нарлаг зочид буудлын хажуу талд 2 давхар хуучины шаравтар байшин одоогоор цэцэрлэг, уг нь 31 дүгээр бага сургууль дотроо галладаг байлаа. Тэнд анх бэлтгэл ангид элсэн оров. Жижигэвтэр өрөөнд 10 хэдэн хүүхэдтэй анги байж билээ. Хичээл анги болон
захиралын нэрийг Дорж гэдэг, манай ангийн багшийг Баасан гэдэг байлаа. Дүү бид
2 нэг ангид сурав. Эмээ дүүг маань "арааживаар дууг нэг сонсоод сурдаг сэргэлэн
цовоо хүүхэд, эгчтэй нь л хамт оруулмаар байна" гэж магтсаар байгаад наснаас нь
өмнө сургуульд бүртгүүлчихэв. Тэр үед ахмад хүний үгийг
хүндэтгэн сонсдог яасан сайхан байсан юм бэ. Дашрамд хэлэхэд тэр үеийн хүмүүс ахмад
болон давхар биетэй эмэгтэй, бага насны хүүхдүүдийг хүндлэн автобусанд суудал тавьж өгөх, дэлгүүрийн
дугаарт урдуур нь оруулдаг байлаа.

Манай хотын гэр маань  дөчин мянгатын аптектэй байранд байсан. Одоо Номин дэлгүүрийн салбарт байрлаж байна. Дүү бид 2 хотын байрны хаягын дагуу харъяалалынхаа 1 дүгээр сургуульд 1974 онд орсон билээ. Миний үеийн 1 дүгээр сургуулийн онцлог бол сургалтаараа Монголдоо тэргүүлдэг, тооны гоц сургалттай улсын тэргүүний сургууль байлаа. Нэгдүгээр сургуулийг Монголын
нэртэй, улс төрч, зохиолч судлаачид, урлагийнхан гээд олон арван мундаг сэхээтэнгүүд дүүргэжээ. Тэр үед бага ангид орвол заавал баатарчуудын гишүүн, дунд ангид орвол пионерын гишүүн, ахлах ангид орвол эвлэлийн гишүүн болдог байлаа. За тэгээд аль ч гишүүн байсан ялгаагүй, сургуулийн захиргаанаас олон ойн тэмдэглэлт баярууд явагдаж нэр бүхий ахмад
хүмүүсийг урин уулзалт зохиодог. Бидний аавыг Б. Содном гэдэг. Аав маань
анхны пионер, эвлэлийн гишүүн, 1926 онд герман франц улсад анх суралцагчдын нэг,  Д.Нацагдорж судлал, багш, зохиолч,  уран зохиол судлаач гээд олон арван чиглэлээр анги болгонд уригдан яриа хийдэг олны танил хүн. Сургуулийн багш нар  аавыг маань "Багш" гэж дуудан их л хүндэлдэгсэн.

1975 оноос ногоон нуурын эрэг орчимд амьдардаг айлуудыг хотын төвийн харъяа болгон мал аж ахуй эрхлэхийг хориглов. Ингээд өвөө эмээгийнх маань нүүж, дэнжийн мянгын нэг давхар нийтийн байрнуудын ар талд газар авч хашаа хороогоо нүүлгэн сууршив. Тэнд
байхад хөх ямаанаас минь хөлгүй, зулай дээрээ буржигар үстэй хөөрхөн хөх ишиг
төрсөн билээ. Бид энд тэндгүй бие биенээсээ харамлан өхөөрдөн тэвэрч энхрийлдэг
байв. Хэдэн жилийн дараа бас мал хотод байлгахгүй гэснээр эмээ өвөө маань хэдэн
малаа хүмүүст тараан өгсөн юм. Том ах Равдан модны хоёрын  60 айлын орон сууцанд амьдардаг байлаа. Ах маань хүнтэй гэрлэж хоёр ч хөөрхөн охидуудтай болов. Тэдний эх бие муутай байсан учир 2-3 насны балчир охидууд нь өнчин хоцров. Ингээд эмээ маань ахынд  миний дунд эгч Эрдэнэтэй очиж охидуудыг өсгөлцөхөөр болж тэднийд сууршив. Өвөө маань дунд ах нартай дэнжийн мянгадаа гэрээ сахин амьдарч
 байлаа. Хөөрхий өвөө маань нэг хэсэгтээ хөгшинийхөө цайг уунаа гээд дэнжийн
мянгаас зурагтын дэнж дээгүүр алхаад эмээ дээр минь очдог байв. Өвөө маань
лам хүн байсан, өдөр болгон маани мэгзэм уншиж, бидэнд за хүүхдүүд минь та нар алзахгүй
би энэ номыг 100,000 удаа та нартаа зориулж уншлаа гэж билээ. Жил болгон хийморийн
сан тавьж, Алтангэрэл, Цагаан Дарь Эх гэх мэт номнуудыг уншдаг байлаа. Бага дүү
Зоригт өвөөгийн хүзүүнээс салдагүй хүү байв. Тэгсний хэргээр дүү маань хэдэн
маани ерөөл хэлчихэнэ. Эмээ маань ахынд байх болсон цагаас эхлээд гандан
хийдээс салдагүй өдөр болгон очиж мөргөл хийнэ. Дүү бид хоёрыг очихоор дагуулж
явна. Би үеийн хүүхдүүдээс ичээд сунаж мөргөддөгүй байв. Бурам дүү эмээгийн нүд
хариулж байгаад л эмээ намайг хараарай гээд л тавцан дээр нь сунж өгнө дөө.
Эмээ миний охин сайн гээд шан өгнө. Манайд өндөр өвөө гээд дарханаас өвөөгийн
найз өвөө ирнээ. Тэр өвөө нуруу маажсан, хотоор газарчилсан хүүхдүүдэд 3 төгрөг 5 төгрөг өгнө. Хотын байшин халуун гээд давцан дээр дээлээ дэвсээд унтчихдаг. Дулааны улирал болохоор уул хадаар аялан  мөргөл хийнэ гээд явдаг их чийрэг хурдан хөдөлгөөнтөй өвгөн байдаг байлаа. Бие сайтай чийрэг хүн байсан болохоор 100 хол давж
насалсан буянтай өвгөн.

Дөчин мянгатын байр маань "хотын үйлчилгээний төв" болно гээд нүүлгэн шилжүүлэх болов. 1977 онд 220 мянгатын байранд нүүн шилжив. 40 мянгатын гэр маань цэцгийн дэлгүүр боллоо. 40 мянгатын байранд байхад сайд дарга, хурандаа генерал, зохиолч сэтгүүл, эмч гээд л их л олон сэхээтэн айлууд амьдардаг. Гэтэл 220 мянгатын шинэ байранд манайх нүүснээр зиндаа гэгчийг мэдэрч эхлэв. Шинээр барьсан дөрвөн давхар байрыг
тэр хавийнхан "монцгорын байр" гэж нэрлэдэг байв. Дөнгөж нүүж ирсэн болохоор ч юм
уу бүү мэд, байрнаасаа гараад явахаар монцгорын байрны хүүхэд гээд зүгээр
байлгахгүй шоглочих гээд. Тэгээд орцондоо нүдээ боож шатаар өгсөж
тоглодог, томчууд нь банзан гитар дарж дуу дуулдаг байв. Орцныхоо үүдний давцан дээр
хүүхдүүд сагс, орцноос орц руу маатаг, лавтаа гээд тоглодог байв. Байрны эцэг
эхчүүд "хүүхдүүд тоглох газар алга байна" гэж хуралдаж бидэндээ тоглоомын талбай,
сагсны талбай, орцны хонгилыг янзалж өгч билээ.

Хаяа ээж маань их дэлгүүрийн хажуу талд морин тэрэгний үйлчилгээний цэгээс морин тэрэг хөсөглөж тавилга болон томоохон бараа авдаг байлаа. Ээжийг их дэлгүүрт орох болгонд нөгөө л морин тэргэний өвөө нар дээр очихсон тэрэг дээр нь суух гэж их оролдоноо. Тэд их журамтай, мориныхоо ялгадасыг хүрздээд нэг боошгонд хийчихнэ. Тамхиа нэрээд л нутаг усаа дурсан ярьцгаасан сайхан ааш зантай хээгүйхэн өвгөчүүд байж билээ.

Тэр үед баяр наадам, улсад зочилж ирсэн төрийн тэргүүн нарыг угтаж авахад зориулж баярын жагсаал хийдэг байв. Албан байгуулга сургууль соёлын газрууд тухайн баяртаа зориулсан сүрлэг уриа лоозон, зурагт хуудас чимэглэлээр чимсэн жагсаал хийдэг байв. 10 жилд байхад жагсаалд манай 1 дүгээр сургуулийнхан фон болон гимнастикийн хөдөлгөөнт туг, цэцэг барин зогсдог байв. Гадаадын тэргүүлэгчдийг угтсан цуваа 120 мянгатын цагаан хаалганаас Төрийн ордон хүртэл цэцэг болон хоёр орны туг барьсан хүмүүсийн жагсаал болж, бид жаахан байсан болохоор гэрийнхээ цонхоор "Чайка" машин хөлөглөсөн хамгаалттай төлөөлөгчдийг хардаг байв.

С. Үзмээ







No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...