Thursday, October 18, 2018

Аман зохиолын анхдагч Б.Содном

Аман зохиолын анхдагч Б.Содном

10-р сарын 3, 2018 4:21 pm Нийтлэгч:  Ангилал Нийгэм Уншсан: 18
10


Р.ОЮУН
Монгол Улсын шинжлэх ухааныг хөгжүүлэх, соёл, утга зохиолыг судлах, нэр томъёог боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, судлаачдын нэг, Д.Нацагдоржийн шагналт судлаач, нэр томъёоч Б.Содномын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна. Энэ талаар Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлах салбарын эрхлэгч, доктор А.Алимаа болон үр хүүхдүүд нь ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг маргааш Үндэсний номын санд зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийсэн юм. Б.Содном бага сургуульд зургаан сар суралцаад дунд сургуульд шилжиж 1926 оны тавдугаар сард төгсчээ. 1926-1930 онд Германы Берлин, 1931 онд ЗХУ-ын шинжлэх ухааны академийн оюутны сургуульд суралцаж байгаад 1933 онд өвчний улмаас чөлөөлөгдөн Шинжлэх ухааны академид ирж ажилласан байна. Тэрээр 1938 оноос эрдэм шинжилгээний ажилтан, 1941-1947онд эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллажээ. Б.Содном ном товхимол 24, өгүүлэл 70 гаруйг бичсэн бөгөөд уран зохиол, ардын аман зохиолын талаар олон өгүүлэл бичиж, цуглуулсан эхүүдээ эмхэтгэл болгон хэвлүүлсэн байна. Мөн “Д.Нацагдоржийн уран зохиолын тухай”, “Д.Нацагдоржийн намтар зохиол”, “Д.Нацагдоржийн зарим уран зохиолын судалгаа” II зохиол, бүтээлийг шинжлэх ухааны үүднээс анх судалжээ.
Түүний талаар хүмүүс юу хэлснийг хүргэж байна.
Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлах салбарын эрхлэгч, доктор
А.Алимаа: Б.Содном гуай хоёр удаа хэлмэгдсэн судлаач
-Б.Содном гуайг 1938 онд Дотоод яаманд баривчилж “Хувьсгалын эсэргүү бүлгэмд элссэн” гэж улс төрийн хилс хэрэгт тулгасан ч 1940 онд сулласан. Гэвч түүнийг 1947 онд албан тушаалын хувьд хариуцлагагүй хандсан, эрх хэмжээгээ хэтрүүлсэн хэмээн дахин буруутган хорих ялаар шийтгэсэн. Ингээд 1951 онд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Хэдийгээр цагаадсан ч эрдмийн зэрэг хамгаалах боломжийг нь олгоогүй. Эрдэм шинжилгээний хурлыг угтаж бид Б.Содномын эмхэтгэсэн гурван боть номыг Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлах салбарынхан цэвэр аман зохиолыг нь бэлдэж хэвлэсэн. Манайд Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуай гээд нэрт эрдэмтдийн аман зохиолын ном олон гарсан. Гэвч анхдагч нь хэн байв гэдэг асуудлыг бид энэ номноос сөхөж тавьснаараа онцлогтой. Социализмын үед Чингис хааны нэрийг хэлэх цээртэй байсан ч “Чингисийн эр хоёр загал” номыг бичээд, орос хэл дээр хэвлүүлсэн байна. Түүний охин Үзмээ АНУ-д ажиллаж, амьдарч байгаа. Тэрээр аавынхаа энэ номыг англи хэл дээр хэвлүүлжээ. Энэ мэтчилэн бид Б.Содном гуайн шинжлэх ухааны анхдагчийн хэн бэ гэдэг байр байдлыг гаргаж тавина. Шинжлэх ухааны түүх ямар замаар туулж ирсэн бэ гэдгийг энэ хүний амьдралаар олон нийтэд хүргэх болно.
Охин Үзмээ: Миний аав зургаан салбарт хувь нэмрээ оруулсан
-Манайх 11 хүүхэдтэй, би айлын зургаа дахь охин. Намайг 14 настай байхад аав маань өөд болсон. Миний аав зургаан салбарт хувь нэмрээ оруулсан. Тухайлбал, Д.Нацагдорж судлал, нэр томъёо, хэл шинжлэл, уран зохиол, аман зохиол, угсаатны зүйг судлахын зэрэгцээ зохиол бүтээл бичсэн. Үүнээс гадна ерөнхий боловсролын сурах бичигт үлгэр домог, ёгт үлгэр, ертөнцийн гурав, дөрөв, Далан худалчийн үлгэрийг хэвлүүлсэн байдаг. Энэ хийж бүтээсэн уран бүтээл нь миний аавын зорьсон зорилго. Тиймээс аавынхаа зорьсон зорилгыг өчүүхэн ч болтугай үргэлжлүүлнэ.
Хүү С.Цогоо: Миний аав шударга, үндэсний үзэлтэй хүн байсан
-Миний аавын түүх их сайхан. Анх Герман улс руу явахад нь Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн хүү, Д.Сүхбаатар жанжны хүүтэй III шатанд ороход миний аав шалгараад явж байсан. Тэр үед Хичээнгүй сайд Б.Цэрэндорж гуай “Миний хүү хар ажлын, Д.Сүхбаатар жанжны хүү цэргийн, ядуу ард Содномын хүү номын хүн болох юм байна” гэж хэлж байсан гэдэг. Тэр үед улс нийгэм шударга байсан байна. Мөн шавь нар нь “Үндэсний үзэлтэй байсан. Тиймээс ардын аман зохиолыг маш тулгуу үзэж бүгдийг нь цаасан дээр буулгахын төлөө зорьж байсан” гэж ярьдаг. Д.Нацагдорж судлалыг хамгийн анх бий болгосон. Хоёулаа нэг нутгийнх. Д.Нацагдоржийн шагнал, хөшөө, музейг нь бий болгож мөнхөлсөн хүн. Хэт их үндэсний үзэлтэй, Чингис хааныг магтан дуулсан, Нууц товчоо яах аргагүй түүхийн эх сурвалж мөн гэж хэлснийхээ төлөө хэлмэгдэж, намаасаа хөөгдөж байсан. Миний аав хэлэх гэсэн үгээ хэлдэг шударга хүн байсан. Үүнээсээ болж хэлмэгдсэн байх магадлалтай.

Saturday, October 13, 2018

Б.Содном агсны хэвлэгдээгүй зохиол бүтээлийг танин мэдүүлнэ

ГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-10-05 17:48:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шинжлэх ухааныг хөгжүүлэх, соёл утга зохиолыг судлах, нэр томьёог боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачдын нэг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт судлаач, нэр томьёоч Балданы Содном мэндэлсний 110 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын санд боллоо.

Б.Содном нь нэр томьёо судлал, хэл шинжлэл, утга, уран зохиол, аман зохиол, угсаатны зүй гэх мэт олон салбараар судалгаа хийхийн зэрэгцээ зохиол бүтээл бичсэн манай ахмад үеийнхний манлайлагч, анхдагчдын нэг юм.

Хуралд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Г.Билгүүдэй, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор Д.Цэдэв, Ч.Дагвадорж, доктор профессор Ч.Жачин зэрэг олон эрдэмтэн, судлаачид оролцов.

Б.Содномын зохиол бүтээлүүд монгол туургатнаас гадна орос, англи, герман зэрэг орны хэлээр орчуулагдан гадны уншигч орчуулагч судлаач олны талархлыг хүлээсний дээр орчин цагийн монголын аман зохиолын туршлага, уран сайхны сэтгэлгээний баялаг уламжлал, түүх, соёлын зангилаа асуудлыг авч үзэхэд судалгааны гол хэрэглэглэхүүн болсоор байна.



Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор Д.Цэдэв: “Б.Содном агсны мэндэлсний 110 жилийн ой бол Монголчуудын соёлын нэг том баяр юм. Тиймээс энэ ойгоор өмнө судлагдсан болон судлагдаагүй олон бүтээлийн талаар манай ахмад болон залуу үеийн эрдэмтэд илтгэл тавьж байна. Өнөөдрийн хурлаар Б.Содном багшийн олон талт бүтээлүүдийг гүнзгийрүүлэн судалхад чухал хувь нэмэр болох илтгэлүүдийг тавьсан учир их үр дүнтэй чухал хурал боллоо гэж дүгнэж байна” гэлээ.

Б.Содном агсны хүү С.Цогоо “Миний аав Шинжлэх ухааны академийн ууган сэхээтнүүдийн нэг бөгөөд их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн Ренчинбямбаев нартай зэрэгцэн хойч үеэ соён гэгээрүүлэх үйлсэд зүтгэж явсан. Монголын аман зохиол, бөөгийн шашин, утга зохиолын онол бөхийн цол, хуримын ерөөл зэргийг цаасан дээр буулгаж үлдээсэн гавьяатай. Үр хүүхдүүд, шавь нар нь нэгдэн Содном сан байгуулж 90,100 жилийн ойг нь хийж байсан. Өнөөдөр бид 110 жилийн ойгоор нь олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж хэвлэгдээгүй зохиол бүтээл гар бичмэлүүдийг нь хойч үедээ танин мэдүүлэхийг зорьж байна” хэмээлээ.
О.Мөнхжаргал

Sunday, October 7, 2018

Б. Содномын 110 жилийн ойд


Б. Содномын 110 жилийн ой
Намайг 14 настай байхад эцэг маань, 26 насан дээр минь Ижий маань биднээс халин одсон билээ. Нас ахих тусам аав ижийгээ өгүүлэн санан, улам их ойртох болсон. 1998 онд 90 насны ойг тэмдэглэснээс хойш аав ижийгээ ихээр танин мэдэж, уран бүтээл болон түүний үнэнч шавь нар,  хамт ажиллаж байсан хүмүүс, аавыг минь хүндэтгэн үнэлдэг ахмад буурлуудаас бидний мэдэхгүй дурсамж, яриа, мэдээг уншихад таатай байхаас гадна илүү их эцэгийгээ танилцдаг .

Аав маань 44 настай, Ижий маань 28 настай байхдаа 1952 онд гэрлэсэн. Түүнээс хойш 2 сайхан хүү өргөн өсгөж , 1959 онд өөрсдийн анхныхаа үрийн зулайг үнэртснээс хойш 5 охин, 4 хүү төрүүлж, 11 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болсон. Тиймээ, бидний эцэг Содном, Эх Норжмаа хожуу гэрлэж, хэнз хүүхдүүд төрүүлсэн. Биднийг насанд хүрч, амьдралд хөл таньж амжаагүй байхад биднээс аав маань дэндүү эрт халин одсон.

Бидний эцэг Балданы Содном нь сайн аав хүүхдүүдтэйгээ чөлөөт цагаараа тоглодог, баяр ёслолыг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан. Бас сайн эцэг хүн, хүүхдийнхээ хүмүүжил сурлага сахилга батад их анхаардаг, эцэг эхийн хуралд байнга сууж, багш нартай минь биечлэн уулзана. Сард манайх гэр бүлийн хурал хийдэг байсан. Хэн ямар догдол дутагдалтай, хичээл номондоо ямар байгаа талаар ярин өөрсдөөр минь дутаглаа хэрхэн засах талаар хэлүүлдэг байв. Сургууль дээр бусад анги танхимд уригдан яриа хийдэг байлаа. Сургууль дээр аав тааралдвал аав гээд л нуугдаж сэм харна, гэтэл өөр ангийн үүд татаад орчихно. Үнэндээ бид аавыгаа их хүндэтгэдэг байсан учираас л имээдэг байсан юм. Бидэнд шүрүүн үг, харц хаяж байгаагүй. Өөрөө их тайван бидэнд учирлаж хэлж, их нямбай, бидэнтэй хамт хоол унд хийж, хувцас хунар угаалцдаг, ээжийн болон дэргэдээ байгаа гутлуудыг хүртэл тосолж цэвэрлэнэ. Ороо өөрөө их цэвэрхэн нямбаа тэгшхэн хураадаг хүн байсан.  Аав маань сайн хань , ээжийг минь их үнэлж урам өгнө. Миний Ноёо гэж ижийг минь дууддаг байлаа. Ном их үзсэн бол их хол явах хүн байсан шүү гэж хэлдэг байсан. Ээжийн минь уран гар, сэргэлэн ухааныг нь их үнэлдэг байж дээ. Ээж аав маань хоёюулаа их гарын дүйтэй хүмүүс байсан. Миний хувьд гэхэд ижий ааваасаа их юм сурсан, энэ маань намайг хүний нутагт тэр танихгүй том соёл, хөгжил дэвшлийн шалгуурт амьдрахад авлага болсоор л байна. Ижий аавдаа чин сэтгэлээсэй талархадаг.

Сургуулийн танхимд эдүгээ хүртэл ардын аман зохиол, үлгэр, тууль, зүйр цэцэн үгс, бадарчингийн үлгэр, уран зохиол, Д. Нацагдоржийн тухай заадаг. Түүний цаана ардын гэдэг тодотголын далд  бидний эцэг Балдангийн Содном гэдэг нэр нуугдадагийг эрдэмтэд сайн мэднээ.

Өнөөдөр бидний эцэг Балданы Содномын 110-н жилийн ой тэмдэглэж байна. Үнэхээр энэ олон жилүүдэд бид эцэгтэйгээ улам их ойр бас түүний хийсэн бүтээсэн бүтээлүүдтэй танилцаад барахгүй аавынхаа зорьсон зорилгын утга учрыг нээсээр л суралцана. Бидний ижий амьд сэрүүн байхдаа аавын минь хийсэн бүх бүтээлийг нь амьдруулах гэж, энэ хүн бие сэтгэл, уран бүтээлээрээ ч хилс хэлмэгдсээр байгаад өөд болсон хүн шүү гэдгийг цагаатгах гэж олон арван шавь, нэр бүхий хүнд хандсаар байгаад насан эцэлсэн. Иймд үр хүүхдүүд бид аавын минь зорьсон зорилго, ижийхээ  хүсэн хүслийн өчүүхэн нэг хувийг нь ч болтугай үргэжлүүлэн биелүүлэхийг хичээдэг.

Аав маань их олон шавь нартай байсан. Түүний нэг аавын минь үнэнч шавь эрдэмтэн Д. Цэдэв гуайдаа чин сэтгэлээр гүн талархаад барашгүй. Танийг би хувьдаа эцэг шигээ хүндэтгэдэг. Д.Цэдэв гуай бидний эцгийн 100 жилийн ойд зориулан “Д. Нацагдорж судлал”, ”Зохиол судлал”, ”Түүвэр бүтээл” гэсэн Балданы Содномын 3 боть номыг гаргасан билээ. Одоо ч гэсэн аавын минь уран бүтээлийг судласаар л байна. Та урт насалж, удаан жаргаарай.
Бидний эцэгийн хийсэн бүтээсэн гавъяаг үргэжлүүлэн дэмжин дэлгэрүүлж буйд, шинжлэх ухааны академийн хэлний хүрээлэнгийн хамт олонд бас талархсанаа илэрхийлье.
Та бүхэнд баярлалаа. Сайн сайхан бүхнийг хүсье.
  
С.Үзмээ 10,06,2018

Thursday, September 27, 2018

(Эрдэмтэн Балданы Содномын 110 жилийн ойд)


(Эрдэмтэн Балданы Содномын 110 жилийн ойд)

“Зуун жил гэдэг хэр хугацаа билээ? Зуун жилд шалгарал хэр хэмжээгээр болдог билээ? Нэгэн зууны шалгарлыг давна гэдэг хоёрдахь зууны үүдийг нээх нэгэн оньс түлхүүр мөн буюу.Тэгвэл Монгол улсад шинжлэх ухаан, соёл боловсролын салбарт нэгэн зууны туршид хэн хэн бие сэтгэлээр хүчин зүтгэж юу юу бүтээж явсан бэ? гэдэг асуудалд хамаарах хариулах учиртай хүний нэг нь Балданы Содном гарцаагүй байсан болой. “

    Эрдэмтэн, зохиолч, судлаач,
соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Д. Цэдэв


Балданы Содном товч намтар.

1908 оны 1-р сарын 4-нд одоогий Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн галуутай нуурын Нүүрэнтэй гэдэг газар ядуу ард Балданы ууган хүү болж төрсөн. 1923 онд сургуульд ороод түүнээсээ шалгарч 1926 онд Д.Нацагдорж болон хэсэг сурагчдын хамт герман улсад, 1931 онд Ленинградад тэр үеийн герман франц орос улсад суралцсан анхны сэхээтний нэг.




Шинжлэх Ухаан Академид ажилласан жилүүд:

Шинжлэх ухаан боловсролын байгуулгад  50 шахам жил ажилласан.  
 
Шинжлэх ухааны хүрээлэнд оюутнаар 1930 нд 6 сар – 1931 
Ленинград хот Дорно дахины судлал 1931-1933 
Шинжлэх ухааны хүрээлэнд 1933-1938 
Судар бичгийн  хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтан (одоогийн хэл, зохиолын хүрээлэн ) – 1938-1941 
Эрдэмтэн нарийн бичгийн дарга 1941-1947 
Эрдэм шинжилгээнийажилын хажуугаар хавсарсан ажлууд, Улсын их сургуульд багш – 1949-1951, 1942-1947, 1956-1959
Шинжлэх ухааны Академийн эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч 1950-1979

Гэр бүл:

Балданы Норжмаа
(1924-1991)

Балданы Норжмаатай 1950 онд танилцаад 1952 онд гэрлэж улмаар 6 хүү, 5 охинтой өнөр гэр бүл болсон. Балданы Норжаа нь Батмөнх даян хааны удам угсааны хүн. Түүний өвөг  Сандаг Түшээт Хан хошууны тайж, торгоны замын өртөөгөөр тэмээн жин энхэтхэгээс орос хүртэл тээвэрлэж байв.


Балданы Содномын гэр бүл 1973 он

Эрдэм шижилгээний салбарт хувь нэмэр оруулсан нь:

Б. Содном түүний уран бүтээл судалгаа нь Монголын Шинжлэх Ухааны хэд хэдэн салбарын судлалыг үндэсийг үүсгэн тавилцсан.

1. Хэл шинжлэл судлал,
2. Утга зохиол
, урлаг судлал
3. Ардын аман зохиолын судлал,
4. Д. Нацагдорж судлал
5. Нэр томъёоны суд
лал
6. Шинэ
үеийн уран зохиолын судлал бөгөөд үүн дээр өөрийн зохиосон зохиолууд, хэлсэн ярьсан үг болон дурсамжууд орж байгаа юм.

Эрдэмтэдийн  дурсамжуудаас хураангуулбал:


Эрдэмтэн Содном дурсамждаа “Содномын нэг их чухал онцлог нь монгол хэлээ маш сайн мэддэг, монгол хэлний нэр томъёг бүр нарийн мэддэг, хэлний баялаг эзэмшсэн хүн, юм бичихдээ найруулгандаа их сайн, маш их мэдлэгтэй, боловсролтой, их аятайхан хүн байсан.”
                                                                                                                         Академич профессор А. Ширэндэв 1998

 Уран зохиол шинжээчийн ууган нэгэн дурсамждаа “Зохиолын явдал нь зангилгаагаар эхлэн өрнөсөөр туйлдаа хүрээд улмаар тайлагдан төгсөх ёстой” гэж Содном гуай зурагласан тэр л зарчимаар өнөөг хүртэл ихэнх зохиолчид шүлэг, өгүүллэг, тууж, романаа бичиж байгаа билээ. Монголын шинэ уран зохиолын судлал шүүмжилийн өргөө гэр анх барилцсан ууган эрдэмтэн Балдангийн Содном.”
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч,
төрийн шагналт эрдэмтэн хүндэт профессор Л. Түдэв1998

Хэл бичгийн эрдэмтэн Б. Содном гуайн тухай дурсамждаа “Уншигчдын сонирхолыг татахын тулд зохиолын дотор гарах ёстой үйл явдлуудыг дэс дарааг санамсралгүй байдлаар өөрчлөх хэрэгтэй. Үүний тулд зохиолын үйл явдлыг тус бүр жижиг цаасанд тэмдэглээд хөзөр шиг хольж байгаад дэлгэвэл нэгэн санамсаргүй дараалал үүснэ. Үйл явдал дэс дараа ингэж хутгалдах нь зохиолыг сонирхолтой болгох нэг арга юм гэж Содном гуай заадаг байлаа. Зохиолч болбол тэр жороор бичнэ гэж бид боддог байв. Содном гуайг Их Содном буюу найз нөхөд нь орсоор “Содном Великий” гэж дууддаг сан”.
                      Цөмийн физикийн эрдэмтэн, Академич бага Н. Содном1998

Миний мэдэх Балдангийн Содном дурсамждаа “Б. Содном гуайтай хгмт ажиллаж ойртон танилцаж тэр хүний өргөн мэдлэг, судалгааны арга барил, өвөрмөгц чанар, маш энгийн нийлэмж сайтай хүнлэг энэрэнгүй зан ааш, амьдралбүтээлийн баялаг туршлага, яриа хөөрөөний сонин сайхан, ахмад хүний дууриал зэрэг нь анх 1950 оны үеэснадад эчнээ төрсөн сэтгэлийг өөрчилж, жинхэнэ үнэнийг олж хүнийг таних, хүндлэн биширч, дууриан суралцахад их нөлөө үлүүлсэн юм.”

Монгол Улсын Төрийн шагналт, профессор Д.Цэнд1998

Миний мэдэх Б. Содном дурсамждаа “Б. Содном гуай олон жилийн турш их зохиолчийн гар бичмэлийг сурвалжлан цуглуулж нандигнан хадгалж өнөөгийн бидэнд өвлөн үлдээсэн түүхэн гавъяатай хүн юм.”

Хэл зохиолын хүрээлэнгийн агсан захирал доктор профессор Х. Сампилдэндэв.1998

Б.Содном хэл шинжлэлч, толь зүйч эрдэмтэн мөн дурсамждаа “Б. Содном бол дэлхийд нэр алдар нь товойж гарсан, гадаад дотоодын эрдэмтэн мэргэдэд өндөр үнэлэгдсэн нэрт эрдэмтэн байсан юм. Миний бие Б.Содном гуайг монгол судлалд зүгээр нэг гялсхийгээд өнгөрсөн үзэгдл байсан биш, амьралын судас нь монгол хэл, зохиолын төлөө цохилж байсан эрдэмтэн гэж дүгнэж байна.”

Доктор профессор С.Мөөмөө 1998

Б.Содном Д.Нацагдорж судлалыг үндэслэгчийн нэг дурсамждаа “Содном гуай Д.Нацагдоржийн зохиолыг олон нийтэд хүргэснээр хийх ажлаа хязгаарлаагүй, Нацагдоржийн зохиол бүтээлийг шинжлэх ухааны үүднээс судлах ажлыг монголын судлаачдаас анхлан хийсэн юм. Б.Содном бол Нацагдоржийн яруу сайхан зохиолыг Монгол уншигчдад нээж өгснөөрөө хэзээ ч арилшгүй, үл мартагдах гавъяа байгуулсан юм. ”

Дэд доктор зохиолч С.Лочин1998


Б. Содном бол шинжлэх ухааны хүрээлэнгийн ууган эрдэмтний нэг мөн дурсамждаа“Манай ахмад эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Б.Ренчин, зохиолч Д.Нацагдорж нартай нэгэн эрин үед нэгэн байгууллагад хамт алба хашин, мөр зэрэгцэж, уран зохиол, үгсийн сан,толь бичиг, ардын аман зохиол, Д.Нацагдорж судлал, -д дорвитой хувь нэмэр оруулж, монголын шинэ уран зохиолын түүхийг бичих анхны алхмыг хийсэн эрдэмтэн мөн.”

Доктор профессор Л. Балдан1998


Б.Содном багш нэр хүндтэй, хүнлэг, ахмад буурал эрдэмтний нэг дурамждаа “Содном багш бол миний сайн багш нарын нэг, нөгөө талаар миний эцэг шиг хүн байсан. Б.Содном багшийн хүн чанрын тухай хэдэн үг хэлье.  Содном багш бол маш энгийн, маш даруу, ихэмсэг зан байгаагүй, аливаа том эрдэмтэн хүнд байдаг ихэмсэг зан Содном багшид байгаагүй. Эгэл энгийн зан төрхий нь бид хүндэтгэдэг. Шавь нар бидэнд бүх юмыг зааж хэлдэг, өөрөө удирддаг, их гавъяатай хүн. Хүнтэй маргаж, хэрэлдэж уурлаж байсныг үзээгүй. Аман зохиол судлаач байсан төдийгүй, хэл шинжлэлийн ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн хүн юм.”

Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор Ж.Цолоо1998

Хүний сайн хүнийг дурсахуй дурсамждаа “Ном эрдэм, хол ойр, сайн муу аливааг үзэж нүд тайлсан, ажил амьдралын их туршлагатай, тунгаамал шижир адил ховор чухаг, буянтай будагтай, нүнжигтэй сайхан өтгөс буурлууд маань эргэх хорвоогийн жам ёсоор биднээсээ үүрд мөнхөд салан одцоор л байна. Энэ нь ертөнцийн жам хэдий ч, хойч үеийнхэндээ огт мартагддаггүйгээр үл барам үгүйлэгдсээр байдаг нь бас цөөнгүй. Тийм хүмүүсийн нэг бол Балдангийн Содном гуай мөн.”

Бакула ринбүүчийн, Бурханы шашны төвийн Шашны сургуульийн хичээлийн эрхлэгч,
 дэд эрдэмтэн Ч.Догсүрэн1998
 Монгол уран зохиолын анхны тойм дурсамждаа Ц. Дамдинсүрэнгийн 1957 оны Монголын уран зохиолын номын оршилд ”Монголын уран зохиолыг судлагч эрдэмтэн А.Познеев, Б.Владимирцов, В.Хайссиг нарын зэрэг гадаад эрдэмтдийн нэрс дунд ганцхан монгол судлагчийг нэрлэсэн нь Б.Содном билээ. Энэ тухайд Б.Содномыг хүндэтгэн үзэх учиртай билээ.Монголын эрдэмтэн сэхээтний дундаас эх хэлнийхээ уран зохиолыг системтэй судлах ажлыг анх удаа гардан хийсэн гавъяаг Б.Содном эдлэх учиртай. Яг энэ зам мөрөөр Ц.Дамдинсүрэн уран зохиолынхоо тоймын эхний дэврийг бичиж, бусад эрдэмдийн хгмт гүйцээсэн ба залгамж, эрдэмтэд нь орчин үеийн уран зохиолын түүхийг бичиж нийтлүүлсэн юм.”

Доктор профессор Я. Баатар1998


Түүвэрлэсэн С. Үзмээ


Wednesday, August 29, 2018

"Орчуулагчийн осолтой Нөхөд"

Олон улсын (социалист орнууд) толь бичиг хэвлэх газрын VII бага хуралд дээр
 Монголын төлөөлөгчдийн тэргүүн Б. Содномын хэлсэн үгнээс

"Орчуулагчийн осолтой Нөхөд" (Дэмжлэг)



Энэ хурлыг зохион байгуулсан хороо болон мөн хуралд амжилтай оролцож байгаа ах дүү социалист орнуудын хэвлэлийн газрын төлөөлөгч та бүхэнд монгол хэвлэлийн ажилтан нарын өмнөөс чин сэтгэлийн халуун баярыг хүргэе.

        1968 онд Софи хотод болсон социалист орнуудын толь бичиг хамтран зохиож, хэвлэх хурлаас хойш 1969 онд ЗХУ-д Акуленко нарын зэрэг хүмүүс "Орчуулагчийн осолтой нөхөд" гэсэн Англи-Орос, Орос-Англи толь бичгийн төрөлх хэлээр буюу. эсвэл төрөл бус хэлээр ингэж боловсруулах тухай дурдсан бүхнийг бид их дэмжиж байна. Тийм явдал бидний ажил дээр үргэлж дайралдаж байдаг тул тэр бэрхшээлийг бид сайн мэдэж ажилладаг юм аа. Мөн ажиллагааны тухай товч мэдээлбэл: Монгол ардын төрийн анхны жилээс аваад одоо хүртэл Европ-Монгол хэлний нэр томъёог боловсруулан тогтоосоор ирэв. 

            Манайд "Улсын нэр томъёоны комисс" гэж дүрэм, арга зүй бүхий албан байгуулга бий. Тус улсын ШУЗ-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн нэр томъёоны сектор бол мөн комиссын нэр томъёо боловсруулдаг суурь нь болж байгаа юм.

             Нэр томъёоны сектор бол СССР зэрэг зарим ардын ардчилсан орны зохих байгуулгатай харилцан ажилладаг билээ.
             Олон улсын нэр томъёо боловсруулдаг аргын дагуу 4-н зарчмыг баримтлаж байна.

  Нэгд: Монгол жинхэнэ нэрийг европ хэл дээр олж оноох; үүнд: Молочный зуб гэвэл, нялхын шүд гэж зөвийг нь олох хэрэгтэй юм.

  Хоёрт: Харь хэлнээс утгаар нь шууд орчуулж авах үгс байна. Жишээлбэл; "Наука - Шинжлэх ухаан" гэх мэт.

 Гуравт: Хуулбарлан орчуулаад, харь үгийг нь хажууд нь зэрэгцүүлэн бичиж, харьцуулах журмыг явуулдаг. Ингэхдээ тэр хэлний угтвар, залгавар, язгуур, дагаврыг нэгд нэгэнгүй сайн мэдэж баймааж нь сая хуулбарлан орчуулж болох юм. (Ер энэ их төвөгтөй ажил юм аа.) Жишээг хэлбэл: "Пентопентид" нь "тав", нөгөө "пепто" гэдэг үгийн язгуур "төгс, төстөй, адил шиг" гэсэн утгатай юм аа. Энэ гурван хэсэг нийлээд, одоо монгол хэлээр юу болох вэ гэвэл; "Таван хайлга төст" эсвэл "таван пептид буюу пентопептид" гэж хэвээр нь бичиж байгаа юм. Ингээд үзэхэд европ буюу латин, грек гаралтай үгсийн угтвар, дагавар бүрийг тус тусад нь судлж, монгол хэлний зохих угтварт, дагаврыг олж оноох хэрэгтэй байна. Энэ мэтээр боловсруулж байтал, европ хэлэнд бараг нийтээрээ хэрэглэдэг үг олон байх юм. Жишээг хэлбэл: орсоор "колонка, англиар (column), германар (kolonne)" гэдэг үг байна. Гэтэл мөн үгийг монгол хэлээр ганцхан үгээр оноож болохгүй. Энэ үг салаа утгатайгаар барахгүй, хэл хэл дээр өөр утга санаа ч гарах юм. Тиймд орос хэлний утгаар нь монголчилбол; 1. Томбогор зуух, 2. Гудамжны усны цорго, 3. Шатахуун олгох газар, 4. Үе зураас (писать в две колонки - хоёр үеэр зэрэгцүүлэн бичих) гэх мэт илтгэлд дурдсан бэрхшээл бидэнд бас тохиолдсоор байдаг юм.

  Дөрөвт: Харь үг буюу нэр томъёог монгол хэлэнд яг хэвээр нь авч хэрэглэдэг нь нилээд олон бий. Жишээлбэл; Машин, техник, мотор, автобус, багон, гараж, килограмма, километр, гэнэрал, инжэнэр, кино театр гэх мэтийн нэр томъёог монгол болгох хэрэггүй гэж санагдана.

      Бид одоо хүртэл зуугаад мянга шахам нэр томъёог тогтоогоод хэрэглэж байна. Голдуу Орос-Монгол буюу Монгол-Орос хэлээр "Улсын нэр томъёоны комиссын мэдээ"-г жилд дөрвөн удаа хэвлэж гаргадаг. Бас заримдаа бид нэг мэргэжлийн зүйчилсэн толь бичиг нийтэлсэн нь эдүгээ 14 дэвтэр болжээ.

     Монгол орны ургамлын нэр томъёог Орос-Монгол-Латин гурван хэлээр, Монголын анагаах ухаанд хэрэглэдэг эмийн зарим ургамлыг нэр томъёог Орос-Монгол-Түвд-Латин хэлээр, Ази-Европын шувууны нэр томъёог Латин-Орос-Монгол-Герман таван хэлээр тус тус хийж хэвлүүлсэн байна. Эдгээр нэгэнт тогтоосон нэр томъёогоо улмаар нь хоёр хэлний толь бичиг боловсруулдаг журмаар нэгтгэн ажиллаад: Орос-Монгол нэр томъёоны толь бичгийн 1-р боть 35 хэвлэлийн хуудсыг 1964 онд хэвлүүлсэн. Харин үүний 2-р боть 45 хэвлэлийн хуудсыг (орос-монгол хэлээр) одоо хэвлэж байна.

    Энэ завсар тус монгол оронд; Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын 50000 орчим үгтэй "Орос-Монгол хэлний толь бичиг"-ийг 2 ботиор хэвлүүлж гаргав.

     Бас Чой. Лувсанжавын "Орос-Монгол өвөрмөч хэллэг" гэдэг дэвтэр одоо хэвлэгдэж баина. Эдгээр толь бичгийг бид өндөр хэвлэлийн аргаар хэвлэсээр байгаа юм.

      Цаашдаа бид ЗХУ-ын ШУА-тай манай ШУА хамтарч, 1975 он хүртэл Монгол Орос хэлний толь бичиг боловсруулахаар зохих хэлэлцээрийг энэ онд хийсэн билээ. Энэ бол тун их нүсэр ажил юм аа. Үүнчилэн Монгол хэлний 36 дэвтэр товч тайлбар толь бичгийн доторхи гол үгсийг орос хэлний товч тайлбар толь бичгийн доторхи гол үгсийг орос хэлний үгээр оноож өгөх ажлыг хийх гэж байгаа юм. Ийм ажлыг хийхгүй бол монгол жинхэнэ үндсэн сангийн ямар үг нь Европ хэлний ямар үг буюу нэр томъёотой яг таарч мөргөх эсэхийг мэдэхгүй мухардахад хүрч байгаа төдийгүй, мөнөөхөн үгсийн салаа утгыг нь ч барагцаалан мэдэхийн аргагүй. 

      Бидний энэ мэтээр ажиллаж байгаа явдал бол социалист орнуудын толь бичиг хамтран зохион хэвлэх чухал ажилд бэлтгэл буюу суурь нь болж өгөх ёстой.

       Орон бүхний дотор хийх ямар нэг мэргэжлийн толь бичгийг хорох хэрэггүй, гагцхүү чанар сайтай, үнэхээр чамбай хийх шаардлагыг тавьж, өөрсдийнхөө хэрэгцээг хангахад нь бид туслах хэрэгтэй юм биш үү.

       Гэтэл чанарын шаардлагад хүрээгүй зүйл бидэнд мэр сэр үзэгддэг юм аа. Зарим баримтыг энд хэлбэл; 1968, 1969 онд СЭВ-ийн орноос "Инженерийн геологийн" буюу "усны аж ахуйн" нэр томъёо гэсэн хоёр дэвтрийг тус тус хэвлүүлжээ. Тэдгээрт орсон монгол нэр томъёог үзэхэд заримыг ягштал сайн боловсруулж чадалгүй, махчилан орчуулсан нь олон.

       Төслийн дотор байгаа мэргэжил бүрийн Англи-Орос, Орос-Англи толь бичиг тус тус гаргаад ирэхээр бидэнд их тус болоод зогсохгүй, гарын авлага болох нь дамжиггүй учир, шууд дэмжиж, "Орчуулагчийн осолтой Нөхөд" гэсэн шиг сайн арга замыг хайх нь чухал аа.

Б.Содном 1970 он

Thursday, August 9, 2018

"Толь бичиг эрдмийн толь" гэсэн Монгол Телевизийн нэвтрүүлэгт

НЭР ТОМЪЁОНЫ УТГА ЧАНАР


        Монголчууд нэр томъёо гэдэг юмны нэрийг зөв нэрлэх талаар эрт дээр үеэс чухалчлан үзсээр ирсэн юмаа. Энэ тухай зарим баримтыг энд хэлбэл, XIV зууны үеэс Энэтхэг, түвдийн шашны гүн ухаантай холбогдсон зарим зүйлийг монгол хэл дээр орчуулж эхэлсэн байна. Удаа дараагийн орчуулга дээр гарсан нэр томъёог хуримтлуулж байгаад, 1742 онд "Мэргэд гарахын орон" гэдэг Түвд-Монгол хэлээр нэр томъёоны зүйчилсэн толь бичгийг барласан байх юм. Энэ толь бичгийг "Хайв зунайн даяг" гэж нэрлэдэг юм. Түүнчлэн 18-р зууны үед 21, 24, 36 дэвтэр Манж-Монгол товч тайлбар толь бичигт, бас "Манж-Түвд-Монгол-Уйгар-Хятад" таван хэлний толь бичигт зүйл бүрийн олон нэр томъёог оруулсан байдаг билээ. (Энд 36-тын толь, таван хэлний толийг үзүүлэв.)

           Энэ зуршлынхаа ёсоор 1921 онд Монгол ардын төрийг мандсан тэр эхний үеэс эхлэж, орос зэрэг европын хэлнээс орчуулах зүйл дээр гарсан аливаа нэр томъёог тогтоох улсын комисс байгуулагдсан байна. Удаа дараагаар байгуулагдсан улсын нэр томъёоны комисс их юмыг хийжээ.

             ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнд нэр томъёоны ажлыг эрхэлсэн нэг сектор байдаг юм. Энэ тасаг бол Улсын Нэр Томъёоны комиссын гол суурь болж байгаа газар юмаа.

              Саяын хэлсэн тасаг Улсгн Нэр Томъёоны комисст тогтоон батлах нэр томъёог урьдаар боловсруулж бэлтгээд, одоо баталж болно гэсж үзсэний дараа, комисст оруулдаг байна. Нэр томъёоны тасаг бол ямар нэг нэр томъёобы үг бүрийн угтвар, язгуур, дагаврын утга санааг задлан судалж үзээд, уг үг монгол хэлэнд цоо шинээр орох ёстой юм уу, аль монгол хэлэнд яг үүнтэй таарах үг байна уу, үгүй юу? Хэрэв бий бол юу гэсэн үг байдаг вэ гэнэ. Жишээ хэлбэл; Миллион-сая, сахар-чихэр, абрикос-гүйлс (жимс) гэх мэтийн нэр днйг олж оноон тавина.

           Ямар нэг нэр томъёо ерөөсөө монгол хэлэнд байхгүй бол орулж болох нь уу? үгүй юу? Хэрэв орчуулахад хүрвэл чухам юу гэсэн нэр томъёо болох вэ гэнэ. Үүний тухай хэлбэл: "География-газар зүй, Геология-газар судлал, ампула-1-д тун шил, 2-т нь цүлхгэр" гэх жишээтэй, "аппарат, радио, машин, кино, костюм" гэж орчулдаггүй, харь хэлний нэр томъёог хэвээр нь авбал, монгол хэлний авианд онц харшлахгүй зохицаж чадах эсэхийг харгалзах зэргээр тал бүрээс нь эргэцүүлэн үзэж байгаад авдаг юмаа. 

         Орос, англи, герман, ыранц, латин зэрэг европын хэдэн төрөл ойролцоо хэлэнд адилхан хэрэглэж байгаа нэр томъёог дэлхийн нийтийн хэл гэж үздэг явдал аль хэдийн хоцрогджээ.

            Манай орчин үед дэлхийн нийтийн хэл бий болох ч байтугай. бисийн хэл гэдэг ч алга байгаа үе юмаа. 
  
           Одоо хүртэл тогтоосон нэр томъёо 90 шахам мянга болжээ. Өөр үгээр хэлбэл, ерөнхий боловсролын нэр томъёог тогтоож гүйцээ, энэ хир нарийн мэргэжлийн нэр томъёо тогтоох ажилд ороод байна. (Нэр томъёоны нэгтгэсэн толь бичгийн 1, 2 ботийг үзүүлэв.)

             Гэвч харь хэлэн дээр байгаа ямар нэг нэр томъёо ганцхан утгатай байхгүй, харин хэд хэдэн салаа утгатай байх юмаа. Манай тогтоосон нэр томъёо дотор тэр салаа утга бүрийг бүрэн хамран гаргаж чадаагүй. Нэг нэр томъёоны салаа утгыг жнхэнэ ажил гэрэг дээр л гарахаар нь юу гэж байгаагийг нь мэдэж хийхээс бш, урьдаар ямар нэг толь бичгээс харж  орчулахад хүрвэл, бодит амьдрал дээр таардаггүй гэм гардаг байна. Салаа утгатай нэр томъёон дээр латин үг "партия" гэдэг нэр үгийг авч үзэхэд монгол хэл дээр лав л 6, 7 салаа утга гарч байна.

           Нэгд улс төр дээр бол - партия гэж нам - гэж нэрлэнэ 
           Хоёрт - хүмүүс дээр анги/бүлэг
           Гуравт- тоглоом дээр - өрөг, тавил
           Дөрөвт - хөгжм дээр - хувиламж, ангилал
           Тавд - эд бараан дээр - буудал, хэсэг
           Зугаад - мал дээр - суурь
           Долоод - Хүний харилцаан дээр - хань (тэр чамд тохирох хань биш - он тебе не партия) гэх зэргээр зөвхөн нэр томъёоны нэг үг нь монгол хэл дээр иймэрхүү 7 салаа утгатай болж байна.

          Нэгэнт тогтоосон нэр томъёог Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн баталсан дүрмийн ёсоор дагаж мөрдөх нь чухал төдийгүй, нэгэн мөрийн журамтай болно.

        Тогтоосон нэр томъёог "Үнэн" сониныхон, биеийн тамирынхан, ургамлынхан, ихэнх урлагийнхан зэрэг олон газар яг дагаж мөрдсөөр, уг хэргээ саадгүй хийж байна.

            Ер нь нэр томъёог тогтоохдоо жнхэнэ нэр үгээр буюу үйлт нэрээр, эсвэл үйл үгийн үл мэдэгдэх төлөвөөр нь бичдэг юмаа.

            Үүнээс өөр, чухам өгүүлбэрийн дотор буюу найруулгад орох янз бүрийн хэлбэрээр нь нэр томъёо бүрийг тогтоож болдоггүй. Харин "Үнэн" сониныхон  нэгэнт тогтоосон нэр томъёог монгол өгүүлбэрт ордог зүй тогтоолоор нь хувирган найруулж хэрэглэдэгддэг нь сайшаалтай.

        Энд нэг өгүүлбэрийг жишээ болгож үзье. "Толпа людей около дверей магазина совралась" гэснийг үг үгээр нь орчуулбал - толпа - бөөгнөрөл, сүрэг, олон, людей - хүмүүсийн, собралась - цугларсан, около - дэргэд, орчим, дверей-үүдэн, хаалганы, магазина-дэлгүүрийн гэснийг махчилан орчуулая. "Хүмүүсийн бөөгнөрөл дэлгүүрийн хаалганы орчим цугларчээ" гэж орчуулбал болмоор шиг байх юм. Гэвч монгол хүн ийм утгыг юу гэж хэлдгийг санах хэрэгтэй юм л даа. "Дэлгүүрийн үүдэн дээр олон улс цугларчээ" гэвэл ойлгомжтой дөмөг орчуулга болох бизээ. Нэр томъёог чухам өгүүлбэрийн дотор энэ мэт найруулан хэрэглэх нь зөв арга аа. Ингэж зөв сайн хэрэглэсээр байхад бас тогтоосон нэр томъёог хайхрахгүй газар байдаг юм. "Улаанбаатар" зочид буудал, төмөр зам зэрэг газруудаас "Зөөг зууш" , "Шөл", "Махтай халуун хоол", "Амттан", Халуун унд", "Нарийн боов", "Жимс", "Архи, дарс" гэх мэтийн хоол ундны нэр томъёог удаа дараалан тогтоолгож аваад хэрэглэж байна. Үүгээр барахгүй, Улаанбаатар зочид буудлас "Монгол, орос, франц, англи, герман " таван хэлээр эдгээр хоол ундны нэр томъёог хэвлүүлж хэрэглэсээр байна. Тэгтэл зарим гуанз түүнийг анхаарахгүй, хамаагүй нэр томъёо хэрэглэж байх нь тун харамсалтай. "Котлет" гэдэг хоолыг "Котлез" гэж дэс буруу дуудлагаар хэрэглэж байна. "Шанцай" гэхийн оронд "салаад, салат" гэж монгол ч биш, европын биш хэлээр хэлэх нь даанч тусгүй. Ийм буруу зөрүүг арилгах явдал одоо үед их шаардагдаж, манай улсаас нэр томъёог нэг мөр болгож хэрэглүүлэх гэсэн бодлогод харшлаж байгааг анхаарууштай байна.


"Толь бичиг эрдмийн толь" гэсэн Монгол Телевизийн нэвтрүүлэгт 1972 онд судлаач Б.Сумъяабаатарын хамт оролцохдоо Б. Содномын ярьсан яриа.



Friday, June 1, 2018

Эх орон минь уу


Эх орон минь уу


Эх ороноо би Эх шигээ санадаг
Унасан газар нутгаан би Эхийн хэвлий шигээ санадаг
Эх булаг гол аршаанаа би Эхийн ариун сүү шигээ санадаг
Уран ганганах шувуудын жиргээг Эхийн бүүвэйн дуу шигээ  санадаг

Хөх цэлмэг тэнгэрээ би Эцэг шигээ санадаг
Хөвчин ой, хангайгаа би Эцгийнхээ ноён нуруу шигээ санадаг
Хөндлөн давхих тал нутгаан би уужим сэтгэлт Эцгийн ухаант харц шигээ санадаг
Хүлэг морьдийн давхих туурайн чимээг Эцэгт минь өвлүүлсэн эрдэнэ шигээ санадаг


С. Үзмээ 06.01.2018

Эх үрсийн баярын мэнд ээ! Ижий минь

Эх үрсийн баярын мэнд ээ! Ижий минь


IMG_6682 (2)
Эрхлэн тоглодог насандаа
Эхийгээ би Ээж гэж дуудаг байлаа
Эргээд би өөрөө Эх хүн болсон
Эрхэмлэн хүндэлж Ижий  минь гэдэг

Ижийгээ би дурсан санан
Ижийгээрэй би бахархах дуртай
Эрхэмлэн мэхийн ёслоё таньдаа
Эх үрсийн баярын мэнд ээ! Ижий минь

С. Үзмээ 06.01.2018

Д. Нацагдорж

                                                Их зохиолч Д. Нацагдорж мэндэлсний 120 жилийн ой  (1906-2026)   болон                       ...