Б. Содномын 110 жилийн ой
Намайг 14 настай байхад эцэг маань, 26 насан дээр минь Ижий маань биднээс халин одсон билээ. Нас ахих тусам аав ижийгээ өгүүлэн санан, улам их ойртох болсон. 1998 онд 90 насны ойг тэмдэглэснээс хойш аав ижийгээ ихээр танин мэдэж, уран бүтээл болон түүний үнэнч шавь нар, хамт ажиллаж байсан хүмүүс, аавыг минь хүндэтгэн үнэлдэг ахмад буурлуудаас бидний мэдэхгүй дурсамж, яриа, мэдээг уншихад таатай байхаас гадна илүү их эцэгийгээ танилцдаг .
Аав маань 44 настай, Ижий маань 28 настай байхдаа 1952 онд гэрлэсэн. Түүнээс хойш 2 сайхан хүү өргөн өсгөж , 1959 онд өөрсдийн анхныхаа үрийн зулайг үнэртснээс хойш 5 охин, 4 хүү төрүүлж, 11 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болсон. Тиймээ, бидний эцэг Содном, Эх Норжмаа хожуу гэрлэж, хэнз хүүхдүүд төрүүлсэн. Биднийг насанд хүрч, амьдралд хөл таньж амжаагүй байхад биднээс аав маань дэндүү эрт халин одсон.
Бидний эцэг Балданы Содном нь сайн аав хүүхдүүдтэйгээ чөлөөт цагаараа тоглодог, баяр ёслолыг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан. Бас сайн эцэг хүн, хүүхдийнхээ хүмүүжил сурлага сахилга батад их анхаардаг, эцэг эхийн хуралд байнга сууж, багш нартай минь биечлэн уулзана. Сард манайх гэр бүлийн хурал хийдэг байсан. Хэн ямар догдол дутагдалтай, хичээл номондоо ямар байгаа талаар ярин өөрсдөөр минь дутаглаа хэрхэн засах талаар хэлүүлдэг байв. Сургууль дээр бусад анги танхимд уригдан яриа хийдэг байлаа. Сургууль дээр аав тааралдвал аав гээд л нуугдаж сэм харна, гэтэл өөр ангийн үүд татаад орчихно. Үнэндээ бид аавыгаа их хүндэтгэдэг байсан учираас л имээдэг байсан юм. Бидэнд шүрүүн үг, харц хаяж байгаагүй. Өөрөө их тайван бидэнд учирлаж хэлж, их нямбай, бидэнтэй хамт хоол унд хийж, хувцас хунар угаалцдаг, ээжийн болон дэргэдээ байгаа гутлуудыг хүртэл тосолж цэвэрлэнэ. Ороо өөрөө их цэвэрхэн нямбаа тэгшхэн хураадаг хүн байсан. Аав маань сайн хань , ээжийг минь их үнэлж урам өгнө. Миний Ноёо гэж ижийг минь дууддаг байлаа. Ном их үзсэн бол их хол явах хүн байсан шүү гэж хэлдэг байсан. Ээжийн минь уран гар, сэргэлэн ухааныг нь их үнэлдэг байж дээ. Ээж аав маань хоёюулаа их гарын дүйтэй хүмүүс байсан. Миний хувьд гэхэд ижий ааваасаа их юм сурсан, энэ маань намайг хүний нутагт тэр танихгүй том соёл, хөгжил дэвшлийн шалгуурт амьдрахад авлага болсоор л байна. Ижий аавдаа чин сэтгэлээсэй талархадаг.
Сургуулийн танхимд эдүгээ хүртэл ардын аман зохиол, үлгэр, тууль, зүйр цэцэн үгс, бадарчингийн үлгэр, уран зохиол, Д. Нацагдоржийн тухай заадаг. Түүний цаана ардын гэдэг тодотголын далд бидний эцэг Балдангийн Содном гэдэг нэр нуугдадагийг эрдэмтэд сайн мэднээ.
Өнөөдөр бидний эцэг Балданы Содномын 110-н жилийн ой тэмдэглэж байна. Үнэхээр энэ олон жилүүдэд бид эцэгтэйгээ улам их ойр бас түүний хийсэн бүтээсэн бүтээлүүдтэй танилцаад барахгүй аавынхаа зорьсон зорилгын утга учрыг нээсээр л суралцана. Бидний ижий амьд сэрүүн байхдаа аавын минь хийсэн бүх бүтээлийг нь амьдруулах гэж, энэ хүн бие сэтгэл, уран бүтээлээрээ ч хилс хэлмэгдсээр байгаад өөд болсон хүн шүү гэдгийг цагаатгах гэж олон арван шавь, нэр бүхий хүнд хандсаар байгаад насан эцэлсэн. Иймд үр хүүхдүүд бид аавын минь зорьсон зорилго, ижийхээ хүсэн хүслийн өчүүхэн нэг хувийг нь ч болтугай үргэжлүүлэн биелүүлэхийг хичээдэг.
Аав маань их олон шавь нартай байсан. Түүний нэг аавын минь үнэнч шавь эрдэмтэн Д. Цэдэв гуайдаа чин сэтгэлээр гүн талархаад барашгүй. Танийг би хувьдаа эцэг шигээ хүндэтгэдэг. Д.Цэдэв гуай бидний эцгийн 100 жилийн ойд зориулан “Д. Нацагдорж судлал”, ”Зохиол судлал”, ”Түүвэр бүтээл” гэсэн Балданы Содномын 3 боть номыг гаргасан билээ. Одоо ч гэсэн аавын минь уран бүтээлийг судласаар л байна. Та урт насалж, удаан жаргаарай.
Бидний эцэгийн хийсэн бүтээсэн гавъяаг үргэжлүүлэн дэмжин дэлгэрүүлж буйд, шинжлэх ухааны академийн хэлний хүрээлэнгийн хамт олонд бас талархсанаа илэрхийлье.
Та бүхэнд баярлалаа. Сайн сайхан бүхнийг хүсье.
No comments:
Post a Comment