Friday, March 21, 2014

МИНИЙ МЭДЭХ БАЛДАНГИЙН СОДНОМ

Миний мэдэх Балдангийн Содном (Дурсамж)


        Миний бие 1950 онд Архангайн Эрдэнэмандал сумын 7 жилийн дунд сургуулиас ирж МУИС-ийн монгол хэл уран зохиолын ангид оюутнаар элссэн билээ. Хэлийг судлахад И.В.Сталины "Хэлний шинэжлэлд марксизмын холбогдох нь" (1949) зохиол үндсэн удирдамж болж, уран зохиолын хувьд МАХН-ын ТХ-ны "БНМАУ-ын түүх, утга зохиолыг сургуулиудад зааж байгаа байдлын тухай" тогтоол (1949.10.27) баримтлах зарчим болсон юм. Тэр тогтоолд уран зохиол судлаач Б.Содномын "Монголын уран зохиолын түүхчилсэн төлөв" бүтээлийг нэр зааж үндэсрхэх үзлийн алдааг шүүмжлэн чанга хатуугаар тэмдэглэцнийг уншаад, багш нарынхаа лекцийг сонсооод ийм нэг үзэл суртлын хэчүү хүн байдгийг анх мэдэрсэн нь Б.Содном гуайн тухай манай эчнээ ойлголт болсон билээ.
          Хожим ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдож очоод Б.Содном гуайтай биеээр танилцан 1963-1975 онд бүтэн 12 жил хамт ажиллаа. Б.Содном гуай нэр томъёоны тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан ч тэр нүсэр их ажлын зэрэгцээ уран зохиол, аман зохиол судлалын ажлаа зэрэгцүүлэн хийж "Д.Нацагдоржийн намтар бүтээл" судалганы ганц сэдэвт зохиол хэвлүүлж Д. Навагдоржийн нэрэмжилт шагнал хүртсэн билээ.
          Б. Содном гуайтай хамт ажиллаж ойрхон танилцаж тэр хүний өргөн мэдлэг, судалгааны арга барил, өвөрмөгц чанар, маш энгийн нийлэмж сайтай хүнлэг энэрэнгүй зан ааш, амьдрал бүтээлийн баялаг туршлага, яриа хөөрөөний сонин сайхан, ахмад хүний дууриал зэрэг нь анх 1950 оны үеэс надад эчнээ төрсөн сэтгэгдлийг өөрчилж, жинэхэнэ үнэнийг олж хүнийг таних, хүндлэн биширч, дууриан суралцахад их нөлөө үзүүлсэн юм.
            Б.Содном гуайтай 12 жил хант ажилласан надад тэр ахмад судлаач, эрдмтний тухай олон сонин дурсамж үлджээ. Үүнээс заримыг нь энд өгүүлье.

             1. Б. Содном гуай анх сургууль соёлын замд орсноо хуучлан ярьсан нь: 
Би их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын хүн. Эцэг эх минь ядуу, хөдөөгийний жирийн малчин ард байлаа. Орон даяар сургууль, танхим нээгдэж ардын үр хүүхдийг сургах ажил өрнөж байсан цаг. Манай нутгаас нийслэл хотноо сургуульд хүүхэд илгээх юм боллоо. Эрх дархтан, баян чинээлэг хүмүүс элдэв арга хэрэглэж хүүхдээ сургуульд илгээгээс чөлөөлж авна. Ингээд хирийн ядуу малчны хүүхэд л явах болно. Яг тийм тохиолдлоор би нийслэл хотноо сургуульд суралцахаар ирсэн юм. Сургуульдаа сонирхолтой, галгүй ч сурдаг, сайн дүн авдаг байлаа. Тэгж байтал Герман улсын сургуульд суралцуулахаар сонголт хийхэд миний бие тэнцжээ. Гэхдээ зүгээр явуулсангүй хэд хэдэн хүүхдээс сонгож явуулж байв. Би их жанжин Сүхбаатарын хүү Галсан, хичээнгүй сайд Цэрэндоржийн хүү Юндэн нартай өрсөлдөж шалгалт өгөөд тэднийгээ ялж Герман улсад суралцсан юм. Тэр үед ажил төрөлд хандах хандлага үнэхээр шудрага байж дээ. Энэ азтай тохиолдол миний эрдэм номын ариун мөрийг тэгшилж өгсөн бөгөөд би өнөөг хүртэл энэ үйлсдээ зүтгэсээр яваа юм да (1966 оны хавар) гэж сэтгэл хангалуун хуучилсан юм. Энэ хууч яриа өнөөгийн цагт олон хүнд санамж сургамж болох нь дамжиггүй гэж бодогдоно.

           2. Б.Содном гуайн хэлмэгдэлд өртсөнөө хуучлан ярьсан нь: 

1930-оны сүүлч 1940-өөд оны эхэн үеэс манай орны хувьд улс төрийн хэлмэгдлийн хүнд цаг үе байлаа. Энэ үед ЗХУ-д аспирантурт суралцаж байгаад дуудгдан ирж ШУХ-д эрдэмтэн нарийн бичгийн даргын алвыг хашиж байв. Гэтэл хүрээлэнг шалгасан тооллого хийж нэлээд хэмжээний мөнгө дутагдсаны улмаас албан хариуцлага алдсан хэргээр намайг баривчлан хорьж мөрдлөө. Тэгж байтал дутагдсан мөнгөний асуудал хүчингүй болсон ч намайг Б.Ренчингийн эсэргүү бүлгийн гишүүн, германы тагнуул зэрэг хилс хэрэгт холбогдуулан яллаж Зүүн хараад байрлаж байсан хорих ангид шилжүүлсэн юм. Тэр үед Зүүн хараагийн спирт заводад гадаадын мэргэжилтнүүд ажилладаг байсан тул намайг хоригдол - орчуулагчаар ажиллуулсан юм. Хэдэн жил тэнд хоригдож ажиллахдаа гадаад мэргэжилтэнтэй ойр танилцаж, спирт зоводын эвдрэл согогийг засах зэрэгт дадлагажсан маань хожим надад хэрэг бож билээ. Би өнөөдөр ч гэсэн (1967 оны намар) Зүүн хараагийн спирт заводын ажиллагаа доголдбол мэргэжилтэн шиг уригдан очиж засч өгөөд хөлсөнд нь 2-3 литр спирт авч хэрдээ л болоод байдаг юм шүү дээ гээд инээмсэглэн суудагсан. Хүн ер нь юу ч хийж сурсан өөрт нь хэрэг болдгийн нэг жишээ энэ буюу.

           3. Б.Содном гуай МАХН-ын гишүүнээ сэргээхээр хөөцөлдсөнөө хуучилсан нь:

1960-аад оны эхэн үеэр нэг хүнийг тахин шүтэхийн (Чойбалсангийн үеийн) хор холбогдлыг арилгах, улс төрийн хэлмэгдлийн уршгийг цагаатгах зэрэг эрүүл уур амьсгал орж ирлээ. Би ч зүгээр суусангүй, НАХЯ, цагаатгалын комисст удаа дараа өргөдөл бичлээ. Хилс хэрэг маань шалгагдаж 1966 онд намайг цагаатгасан алгын чинээ цаган хуудас гардаж авлаа. Нэгэнт хэрэг хилс болох нь цагаагдсан тул МАХН-ынхаа гишшний нэр төрийг сэргээж сэтгэлээ ариусгая гэж бодоод хөөцөлдлөө. 1966-1970 оныг хүртэл хөөцөлдөөд бардаггүй юм байнаа. Бардаггүй ч гэж дээ, уг нь намын гишүүнийг маань сэргээхийг зөвшөөрсөн юм л даа. Гэхдээ нэг болзол тавьсан нь надад ахдаад сэргээж чадаагүй юм. Тэр үед МАХН-ын ТХ-ны дэргэдэх Намын хянан шалгах хорооны дарга Н.Лувсанравдан гэдэг хүн байлаа. Түүний өгсөн шийдвэрээр МАХН-аас хөөсөн 1940-оос өнөөгийн 1970 оныг хүртлэх 30 гаруй жилийн гишүүний татбараа нөхөн төлбөл сэргээхийг зөвшөөрсөн юм. Би бас төлчих санаатайбодож үзсэнийг яана. МАХН- ынхаа гишүүнийг сэргээчихвэл сэтгэлийн согог арилчих юм шиг бодогдоод тэр шүү дээ. Гэтэл 30 жил ажиллаж авсан цалин, 30 жилийн 360 сарын татварыг бодоход дунджаар 7000 төгрөгөөс давж байх юм. Сардаа 1000 төгрөг хүрэхгүй цалинтай би чинь энэ их мөнгийг яаж төлөхсөн билээ. Ингээд л МАХН-ынхаа гишүүний нэр төрийг сэргээж чадсангүй дээ. За яахав нэг хүн: Би намаар яахав, нам надаар яахав гэж хэлсэн юм гэнэ билээ. Тэр үг л надад тусч байх шиг байна даа - гэж нэлээд гомдонгуй ярьсан нь санаанаас ер гарахгүй юм. Үүнийг сонсоод энэ ч бас хэлмэгдүүлэлтийн нэгэн хэлвэр үргэжилсээр байна уу даа гэж бодогдсоноо нуух юун билээ.


Монгол улсын төрийн шагналт, профессор Д. Цэнд 1998.10.28 УБ хот.

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...