Дөчин насан дээр нь тэд юу ярив.
Монголд шинэ маягийн уран зохиол хөгжиж тэртээ хориод оны төгсгөлөөр уран зохиолын судлал шинжлэлийн ажил дөнгөж төрж байхын цагт баруун зүгийн уран зохиолтой багагүй танилцаж мэдээд түүний баримжаагаар төрийн үндэсний утга зохиол, урлагт үгээ хэлж эхэлсэн түрүүчийн сэхээтний нэг нь герман боловсролтой Балдангийн Содном гуай байлаа. Тэрээр гучаад оны эхээр сайжруулах тал дээр "хэл амаа нэмж" жаахан юм хийх зорилготойгоо хэлжээ. Тэр ёсоороо ч уран зохиол шинжээч болжээ. Гучаад онд " шүүмжилж байгаа шинэ залуу Содном" гэж нэр нь гарсан байна. Зохиолчид тэрч байтгуай зохиолчдын санал зөвлөлгөө авдаг байжээ. Герман оросын сонгодог уран зохиолыг шамдан уншсан тэрээр дөчөөд оны дундуур шинэ уран зохиолын онолын асуудлуудад их анхаарч "Монгол бичиг зохиолын тухай" 1934 он, "Зохиолын явдал хэмээгч юун бэ?" ("Цог, 1944 Nо2") "Монголын утга зохиолын хөгжлийн түүхчилсэн төлөв" (" Шинжлэх Ухаан 1945 No12-13") зэрэг тухайн үед онолын ач холбогдолтой томоохон өгүүллүүдийг бичжээ.
"...бариад авах эзэн буюу ямар нэгэн зөвхөн сайхан үгсийг түүвэрлэн бичсэн зэрэг хуурай хоосон зүйл байдаг..."-аас ангижрахыг уриалаад "зохиолын чанар сонирхлыг дээшлүүлж уран сайхны талаар үнэхээр хөгжилтэй болгох нь чухал байна" гэж "Зохиолын явдал юун бэ?" өгүүлэлдээ Содном гуай цохон дурдаад анх удаа уран зохиолын зохиомжийн зураглалыг гарган тавьжээ. Тэр нь ийм байжээ. Зохиолын явдал нь зангилгаагаар эхлэн өрнөсөөр туйлдаа хүрээд улмаар тайлагдан төгсөх ёстой гэж Б. Содномын зурагласан тэр л зарчмаар өнөөг хүртэл ихэнх зохиогч шүлэг, өгүүллэг, тууж, романаа бичиж байгаа билээ.
"Монголын утга зохиолын хөгжлийн түүхчилсэн төлөв" бүтээл нь дөчөөд оны үеийн манай уран зохиолын шинжлэл, судлалын хамгийн далайцтай томоохон бүтээл байсан бөгөөд гурван бүлэгтэй, нэгдүгээр хэсэгт нь мянган жилээр багцаалан "Нууц товчоо","Гэсэр","Жангар"," Алтан товч" зэрэг туульсыг задлан ялгалжээ. Хоёрдугаар хэсэгт нь Манж, Автономын үеийн Монголын (1691-1921) утга зохиолыг өргөн хүрээтэй авч дурдаад, гуравдугаар хэсэгт нь "Тусгаар тогтносон Монгол ард улсын (1921-1946) утга зохиол"-ыг тоймлон бичжээ. Монгол уран зохиолын хөгжлийг тоймлон бичсэн, цаг үедээ хамгийн дорвитой судалгаа болсон энэ бүтээл 1949 онд "БНМАУ-ын сургуулиудын түүх, уран зохиол зааж байгаа байдлын тухай" МАХН-ын Төв Хорооны тогтоолд хөрөнгөтний националист үзэл нэвт шингэж, феодалын нийгмийг монголын түүхийн "алтан үе" байсан мэтээр үзсэн гэгдэж "бут ниргүүлсэн" юм. Гэвч Б.Содном гуай уран зохиол шинжлэн судлах ажлаа хаясангүй үргэжлүүлсээр "Д.Нацагдоржийн намтар, зохиол" гэдэг нэгэн сэдэвт томоохон бүтээлээ жараад онд туурвиж, Нацагдоржийн судлалын эхийг тавьсан билээ.
Монгол шинэ уран зохиолын судлал шүүмжлэлийн өргөө гэрийг анх барилцсан ууган эрдэмтэн Балдангийн Содном агсны мэндэлсний 90 жилийн ойгоор түүний гучин жилийн тэртээ дурсан ярьсныг дор нийтлэв.
Монголын зохиолчдын эвлэл байгуулагдсаны ойг анх удаа 1968 оны намар тэмдэглэгээр болж эрэн сурвалжлаад 1969 оны нэгдүгээр сарын 9-нд 40 жилийн ой нь болох юм байна гэж эцэслэн тогтоогоод улмаар эрдэм шинжилгээний нэгэн хурал зохион балгуулж, Дожоогийн Цэдэв биднүүс итгэл тавьж ахмад залуу зохиолчдыг өргөн оролцуулан үг хэлүүлж дурсамж, дуртгалыг нь яриулсан билээ. Тэр хуралд академич Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, эрдэмтэн Х.Пэрлээ, Ба. Содном, ахмад зохиолч Ц. Цэдэнжав, ардын жүжигчин Данзан зэрэг хүмүүс үг хэлж илэн далангүй сонирхолтой сайхан дуртгал ярьж билээ. Урьд өмнө нь Монголын Зохиолчдын Эвлэлийн ойг албан ёсоор тэмдэглэж байгаагүй тул анх удаа тэр сэдвээр яриа дэгдэхэд ахмад зохиолчид, зохиолчдын эвлэлийн тулгын чулууг тавилцсан хүмүүсийн ой ухаанд дөчин жилийн тэртээх үйлс ажил нь дүрсхийн дурсагдаж сэтгэлийн утсыг нь доргиулсан тул цөмөөрөө маш идэвхитэй илэн далангүй сэтгэл догдлон ярьсан юм. Дахиж тэд ийм халуун дотноор яриагүй бөгөөд одоо тэдний үг ахмадын чин сэтгэлийн гэгээн гэрээслэл болон үлджээ. Бичиж бэлтгэлгүй тэд шууд цээжээр ярьцгаасан юм. Тиймээс тэдний ярианы онцлог нь соронзон бичигт яг хэвээрээ үлджээ. Үүнийг тэр хэвээр нь сийрүүлэн гучин жилийн дараа анх удаа нийтэд толилуулж байна. Ер нь манайд стенограмма гэдэг үг үсэгчилсэн түргэн бичлэг хэвлэлд төдийлөн гардаггүй тул яг л ярьснаар нь ахмад үеийнхээ дуу хоолойг сонсоход сонин буй заа гэж бодоод нийтлэв.
Л. Түдэв 1998 он.
No comments:
Post a Comment