Герман, Франц улсад суралцсан анхны монгол сурагчдын 90 жилийн ойд.
1926-1930”
Б. Содном
1926 -1930 оны соёлын үрийг өвөртлөн ирсэн сурагч Б. Содном болон бусад нөхдийн дурсамжуудаас түүвэрлэв:
Тэртээх 90 жилийн Монгол оронд шинэ нийгэмийг зохион байгуулж, улс орон даяар сургууль байгуулагдан ардын хүүхэд бүр боловсрох эрхтэй болж байлаа. Яг энэ үед анхны бага сургууль 1921 онд Улаанбаатар, Амгалан, Улиастай зэрэг хотуудад байгуулагдаж, 1923 оны 2 сарын 16-нд Улаанбаатар хотод анхны дунд сургууль байгуулагдан захирал багшаар нь Б. Ишдорж томилогдсон байна. Дунд сургуулийг хоёр ангитай байгуулж, Улаанбаатарын бага сургуулиас 25 хүүхэд, Амгалан хотын бага сургуулиас 18 хүүхдийг тус бүр нь шалгаруулж, нийт 43 сурагчдыг элсүүлжээ. Тэдний нэг зохиолч, судлаач, багш, Эрдэмтэн Балдангийн Содном. Түүний дурсамжууд нь тэр үеийн сургуулийн амьдралыг бодитоор тусгасан нь өнөө бидэнд сонирхолтой бөгөөд мартагдах шахсан түүх болон үлжээ.
Миний аав өөрийн намтартаа “Бага насандаа Гончиг тайжийнд хамжлага албатнаар албадан татагдаж, хар бор ажлыг нь хийхийн хажуугаар зодуур нүдүүрийг амсч явлаа. Гэтэл нийслэл хүрээ рүү Түшээт Хан аймгийн Дархан Чин Ван Хошуунаас хоёр хүүхдүүдийг сургуульд хөөн явуулсны нэг нь би байлаа” гэж бичжээ.
Б. Содном нь өөрийнхөө “Эрт эдүгээ” , өгүүлэлдээ 1925 онд дунд сургуулийн дээд хоёр ангийн 40 гаруй сурагчдийг захирал багш Б. Ишдорж, Тулханов хоёр дагуулан явж, Улаабаатар хотоос Алтанбулаг хот хүртэл анх суудлын машинд сууж үзлээ. Ар Хиагтын тэндээс Сэлэнгэ мөрний галт онгоцонд сууж, сурагч бид ЗХУ-ын Дээд Үдэ, Эрхүү хот, Алайрын аймгаар оруулж, юм үзүүлсэн тул тэндээс төмөр замаар явж Байгаль далайн олон туннелийг сонирхов оо. Байгаль далайн эргээр тавьсан төмөр замын нүхэлгээг тоолсоор 49 хүргэн, хүний хөдөлмөр их оржээ гэж шуугилдацгаав. Сурагч бид эдгээр газруудын сургууль соёлын газар, музей, шилний завод зэрэг зарим үйлдвэрийн газар, тариалан, биеийн тамирын тэмцээн, эрүүлийг хамгаалахын зарим газар, хоёр хотын байдал, зөгийн үржүүлэг төдий олон зүйлийг үзэж, нүд тайлсан явдал бидэнд их сайн нөлөө болсон юм. Тэгж юм үзэж ирснээс хойш сурагч бидний яриа хөөрөө хүртэл өөр болж, мэдцийн хэмжээ тэлэн, эрдэм мэргэжил чухал гэж ярилцан, хичээлдээ ганц мэрийцгээх болсноос гадна зарим нь багш болно, зарим нь сайн инженер болно, эсвэл зохиолч буюу эмч, үгүй бол түүхч болно гэх зэргээр манай дунд сургуулийн сурагч нар тус бүрдээ ямар нэг мэргэжил сонгож авах тухай их яриан үүсгэж, тэр энэ нь дээр, дор гэсэн маргаан хэлцдэг болсон.
Тиймээ тэднийг мэргэжил мэдлэгтэй болгохын тулд танин мэдэхүйн мэдлэг бодит байдлаар өгснөөр тэд Герман Франц улсад 1926 онд өөрсдийн чиг, эзэмших мэргэжлээ өвөртлөн суралцахаар морджээ. 13-25 насны сурагчид суралцахаар Германд 30 эрэгтэй, 5 эмэгтэй хүүхэд 1926-1927 онуудад 5 хүүхэд франц улсад, 3 хүүхэд германд нэмэгдэн ирж нийт 43 хүүхэд суралцсан байна.
“Лабортори сургууль” дурсамждаа тэд бага, дунд сургуулийн тухай тэмдэглэн өгүүлсэн нь тэр үеийн сургуулийн үйл явдалыг бодитоор тэмдэглэсэн нь бидэнд сонин. “Хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүд бас Амгалан хотоос шалгаран ирсэн хүүхдүүд дотуур байранд байрлаж, бямба ням гаригт түр чөлөө авдаг, хотын хүүхдүүд гэр гэртээ харьдаг байлаа. Байранд байгаа хүүхдүүд сангийн хоол унд, ор дэвсгэр цагаан хэрэгсэлтэй, үдийн хоол 5 цагт, хоолсны дараа 2 цаг тоглож, анги ангидаа орж гэрийн даалгавраа хийн, эцэст нь хэсэг хэсгээрэй нийлэн элбэж хичээлээ давтдаг байв. Баяр ёслолоор өмсдөг хүрэн тайсан минчүү хөвөнтэй монгол дээл буюу тэрлэг, хүйтэн улирал цагаан хурган дугариг малгайтай, дулаан улиралд шовгор ногоон малгай өмсцгөөж, савхин гутал гялалзуулцгааж байв. Сурагчид бид багш болон сурагчийн зөвлөлийн даргаасаа их айдаг байлаа. Сурагчийн зөвлөлийн дарга өдөр бүр цөмийг жагсааж, хөл гарын сургуулийг давтан хийлгэнэ. Хэрэв хэн нэгэн хөлөө алдвал бургасаар цээж рүү шавхийтэл шавхардуулан, ер нь тэр даргатайгаа жагсаалын үеэр түүний бургасны амтыг байн байн үзнэ.
Зааж байсан хичээлүүд; 1. Монгол, манж үсгийн бичиг шашдар, хууль цааз, 2. Орос, хятад, япон зэрэг гадаад улсын хэл бичгүүд, үг хэл,(япон хэл зааж байсангүй) 3. Бодох сургууль – тоо бодлогыг ингэж нэрлэдэг байв. 4. Газар дэлхийн зураг – газар зүйн хичээл, 5. Монгол бусад улсын аж төрх ёс, түүх, 6.Дүрс бодис шинжлэх –физик, хими, түмэн бодис, 7.Хэмжих зураг гэж хэмжихүй ухаан – геометр, 8.Эд боловсруулах – аж ахуйн хичээл, үүнд – мужаан, оёдол, хувцас хунараа угаах, чөдөр ногт зангидах гэх мэт гэр ахуйн хичээл, 9. Биеийн судлал тамир гэсэн хичээлүүдийг 5 жилийн турш зааж төгсгөдөг байлаа. Гэвч ямар нэгэн сурагч сурлага сайн бол анги хамаарахгүй дэвшүүлдэг байсан тул хүүхдүүд их л өрсөлдөөнтэй суралцаж, их мэрийдэг байлаа. Бүх хичээлээр эс болбол нэг, хоёр зүйлийн хичээлэр ангидаа тэргүүлэн эзэмшихээр их оролдож байсан. Тооны аварга, монгол хэл бичгийн аварга, утга зохиолын аварга гэх мэт. Анхы дунд сургууль маань одоогийн 1-р арван жилийн лаборатори сургууль.”
Дээрхи дурсамжийг дүгнэхэд үнэхээр тэднийг эрдэм болон аж ахуйч, дэглэм журамтай зөв хүмүүжлээр сургаж байжээ. Үүн дээр нэгэн жишээ хэлэхэд үнэхээр миний аав, юмханаар юм хийдэг гарын дүйтэй, хувцас хунараа угаахдаа хольж угаадаггүй, олон хувцас зэрэг угаавал амархан өнгө нь ганадаг гээд нэг хувцасыг гурав зайлдаг байв.
“Эрдэм сурах чухал” өгүүлэлдээ; “Ер нь манай ангийхан цөм нэр бүтэн явахыг эрмэлзэж, хэн нэгнийгээ дутагдал муу, сахилга бат гаргавал цөм нөмрөн ирцгээж, зэмлэх нь хэцүү байж билээ. Тэр үед манай ангийхан цөм эрдэм сурч багш болно гэсэн гоц ойлголтой болоод, эрдэм сурахын төлөө хамаг хүчээ тавьснаар барахгүй, сурахаас өөр сайхан юмгүй буюу чухал зүйл гэдэг ойлголт байсан нь одоо ч миний цээжнээс салдаггүй хэвээр үлджээ.” Ийм ойлголтой байсан тул тэд өөр өөрсдийн мэргэжилдээ эзэн болон өндөр амжилтад хүрэхээс гадна бие биенээ дэмжин хамтран ажиллаж, хичээсэн нь ил тод мөнхөрчээ. Б.Содном нь тиймдээ ч 50-аад жил шинжлэх ухааны байгуулгад ажиллаж байхдаа сурсаар, судалсаар, бүтээлээ туурвисан илэрхий байна.
“Өчүүхэн дурсамж” өгүүлэлдээ; Дунд сургуульд шилжин орсон тэр үед би анх удаа нэгэн өндөр орос хүнийг ойрхон очиж, түүний яриаг хичээн чагнавч, юу ч ойлгосонгүй, үүндээ сэтгэл дутмаг байж билээ. Энэ хүн дөрвөлжин хайрцагтаа юм барьсаар нэг өдөр захирал Ишдорж багштай хамт орж ирлээ. Сурагч бид дэр хийтэл нь босоцгоож зогсов. Тэр хоёр толгой дохин ёслоод, хоорондоо орос хэлээр ярилцан инээлдэв. Ингэж байгаад 40 хүүхэд тойрч сууцгаа гэв. Энэ завсар нөгөө хүн өнөө хайрцгийг онгойлгож дотроос нь нэг галууны хүзүү толгой шиг юм гаргаж, нааш цааш нь мушгиж үзээд, мөнөөхөн хайрцагны хажуу талд ямар нэгэн юмыг эргүүлнэ. Үүний дараа тэр хүн ямар нэгэн оньс бултлах шиг болов. Хайрцаг дотор ямар нэг юм эргүүлмэгц, сайхан хөгжим дуугарч, орос эмэгтэй хүн цээлхэн хоолойгоор дуулсанд би гайхан инээмсэглэж, нөхөд, хайрцаг хоёр руу ээлжлэн харсаар байв. Миний ижил гайхаж байгаа хүүхэд нэлээд байна. Гэтэл хотын зарим хүүхэд дэмий л их гайхахгүй, “шантааз” (эгшигт хайрцаг) гэдэг юм. Олддоггүй, үнэтэй ховор юм байгаа юм гэж шивнэлдэнэ. Нөгөө хүн манай захиралтай зогсоо зайгүй ярих зуураа тэр хайрцаг дээрх юмыг сольж, хажуудах юмыг эргүүлээд, дахин дахин дуугаргасанд нэг орос эмэгтэй тас тас инээнэ. Тэгэхэд би уг хайрцагны дэргэд очиж, дотор руу нь шагайж харах юмсан, тэгвэл дуулж байгаа хүнийг олж харах болов уу гэж горьдовч захирал багшаас жийрхээд дуугүй л сууж байлаа.
Хайрцаг хураах үед бидний зүг харж, тэр хүн ямар нэгэн юм хэлсэнд Ишдорж багш хэлмэрчлэн, Хөгжмийн эрдэмтэн Кондратьев гуай “Та нарыг хичээлдээ сайн суралцаж, сайхан дуулдаг болбол энэ сайхан хөгжмөө үе үе авчирч сонирхуулна. Өнөөдөр ингэж томоотой сууцгааж дуу, хөгжим сонсон явдлаас үзэхэд та нар үнэхээр сайн сурагчид болох нь ээ! Та нар сургуульдаа сайн хичээж сураарай ” гээд захиралтай хамт гараад явав. Сурагч бид бие биеэндээ цэцэрхэн ярилцсан боловч, тэр хайрцагын нууцыг авчирч чадаагүй.
Б. Содном нь энэхүү эгшигт хөгжимөө хожим нь олон төрлийн пянзнуутай авчирч гэртээ найз нөхөдтэйгээ хамт сонсдог байв. Бид энэхүү эгшигт хайрцагыг нь 1996 онд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгсдийн дурсгалын музей”-д түүний зарим хэрэглэж байсан зүйлсийн хамт хандивласан нь бий.
Цааш нь; Дунд сургууль дээр дууны хичээл заахаар Гольцев багш морьтой ирж, заримдаа газар дардаг баян хуур авчирдаг, туслахаар нь эмэгтэй багш Бадамжав дуу хөгжим зааж байв. 1924 онд “Народный дом” орос клубт бэлдсэн концертээ “Зуун лангийн жороо луус, Цагаан сар, Өндөр өндөр ууландаа, Жийжүү хот, Сийлэн бөөр, Гоож-нан-аа, Сумъяа ноён” дуунууд тоглосноос гадна “ сурагч Б. Содномын “Ядуу хүү, Тэнэг тайж” гэдэг хоёр жүжгийг бичээд анхний дунд сургууль, Нардом, Амгалан хотын клубт бичгээр тараан тус тус тоглож байсaн нь тэр үеийн нам засаг, олон түмний анхаарлыг татаж, сайшаагдсаар ихэд урамшин, захирал багш Ишдоржийн хамт урлагын талаар сонирхолтой лекц, яриаг хийж өгдөг боллоо.
Үүнээс гадна; “Монголын зохиолчдын анхны үүслээс” дурсамждаа; 1922 онд “Сүхбаатарын нэрэмжит клуб” байгуулагдаж, эрэгтэй эмэгтэй авъяастан залуучуудыг төвлөрүүлөн урлагын голомтыг босгож, Ушаандар туужаас аялгуут жүжиг хийж, Ший-Янз, Сандваа амбаны харгис явдлын тухай жүжиг тоглон, 1923 онд 1 м, 20 см өндөр модон хөл дээр явж, бүжиглэх, шог шүлэг, хошин өгүүллэгээр хурц шүүмжилж Ший янгуу-хошин шог гэдэг хэсгийг залуучууд дунд сургуулийн сурагчдын хамтаар Монголын цагаан сарыг тохиолдуулан 10 шахам хоног нийслэл хотын албан газар, дэлгүүр худалдааны газрууд, алдар нэр бүхий айл зэргээр явж хүндэттэйгээр идээ будаа тавиулан зочлуулаад, тоглон үйлчилэн тус бүр мөнгөн урамшлыг их бага янз бүрээр авч байв.
“Өчүүхэн дурсамжийн үргэжлэл”; 1924 оноос Улаанбаатар дах орос сургууль, түүний дэргэдэх пионер багачуудтай холбоотой болж хамтран үдэшлэг зохиодог байлаа. Үдэшлэгт манай шилдэг сурагчид монгол дуу дуулах, бүжиглэх, элдэв тоглоомд оролцон, уул сургууль дээр хичээлийн үзүүлэн таниулах зүйлс, ханын сонинтой танилцдаг байлаа.
1924 оны Зөвлөлт Орос Улсын Буриад Монгол улсаас уригдсан багш Д.А.Абашеев Улаанбаатар хотын оюутны сургуулийн захирал бөгөөд дунд сургуулийн орос хэл бичиг, түмэн бодис хавсран заахаар, багш Хазараев дунд сургуульд тоо бодлого буюу тооны ухаан зааж байв. Д.А.Абашеев багш Монгол хэл бичиг сайн мэддэг, их боловсролтой, өргөн мэдлэгтэй, нягт нямбай, гүндүүгүй, буурьтай, хүний хувьд бусдад сайхан үлгэр жишээ үзүүлдэг нэгэн байв. Хазараев багш Монгол хэлэндээ ойлгомж муухан яридаг, ямарч урьдчилан бэлдсэн зүйлгүй шууд хичээлээ заадаг, томъёо, бодлого, дүрмийг цээжээр мэддэг, сурагчдад хичээлээ сайн ойлгуулж зааж чаддаг, үг цөөнтэй, дүнсгэр бөгөөд их ёсорхуу хүн байжээ.
Ингээд тэр үед Герман Франц улсад сургуульд явуулах хүүхдүүдээс 1926 оны 9 дүгээр сард сонголт хийхэд 30 хүүхэд шалгарчээ. Би их жанжин Сухбаатарийн хүү Галсан, хичээнгүй сайд Цэрэндоржийн хүү Юндэн нартай өрсөлдөж шалгалт өгөөд тэднийгээ ялж Герман улсад суралцсан юм. Тэр үед ажил төрөлд хандах хандлага нь үнэхээр шудрага байждээ. Энэ азтай тохиолдол миний эрдэм номын ариун мөрийг тэгшилж өгсөн бөгөөд би одоог хүртэл энэ үйлсдээ зүтгэсээр яваа юмдаа гэж 1966 оны хавар Монгол улсын төрийн шагналт профессор Д.Цэнд болон хэсэг нөхөдөө хуучилджээ.
“Алдар Хүртээгүй Алтан Эрдэнэ” баримтад кино 1998.
Герман Францад сурагчдыг явахад ерөнхий сайд А.Амар, Хатанбаатар Ван, Намийн төв хорооны нарийн бичгийн дарга Дамбадаржаа, Судар бичгийн хүрээлэнгийн Цэвээн Жамсронов нар үдэн гаргаж тэдэнд ерөөлийн сайхан үгийг айлдаж их эрдэм сурахыг захижээ. Б.Ишдорж, Далай багш, гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан нар дагуулан Герман Францад сурах сурагчдыг авч явжээ. Германд Их зохиолч Д. Нацагдорж, Ардийн зураач төрийн соёрхолт Л.Намхайцэрэн, нэрт зохиолч Д.Намдаг, Н.Наваанюндэн, зохиолч судлаач эрдэмтэн Б.Содном, Пүрэвдорж, Лувсанцэнд, Б.Бадарч, Сэдэд, Цэвэл, Сурмаажав, Пагамдулам, Доржсүрэн, Хаалай, Ядамсүрэн, Лувсанжамц, Цэнд-Очир, Даваа, гавъяат багш Бавуу, Цэвэл, Дугаржав, Магсар, Цэгмид, Цэвэг, газрын хөрс судлаач Санжаа, Цэвээн, номын сангийн Цэрэнханд, Б.Б. Хурлат, Пүрэвдорж, химич Цэвээн, геологич Цэвэг, Франц улсад Гавъяат зоотехнигч Т.Аюрзана, Гомбожав, Уртнасан, геологич, минерологын ухааны доктор Ж. Дүгэрсүрэн, нарийн Монголын урдаа барьдаг анхны сэхээтнүүд маань сурчээ.
Тэд Улаанбаатараас анх гарахдаа Доож машины арын ачааны хаалтыг дэлгээд нуруу нуруугаа налан сууж хөдөлж билээ. Тэр үед бидэнд чамедон гэх юм байсангүй, жаал зуул юмаа баадагнаад сураар баглаж тогтоогоод бариул гаргаж билээ. Хиртэй хувцастай явах ёсгүй. Шар хув Алтанбулаг руу хоёр хоног морин өртөөгөөр явж хүрч, буриад айлийнд хоёр гурав хоног хоноод морин тэрэгтэй орсийн хил хүрч Сэлэнгэ мөрнөөс Улаан Үд хүртэл усан онгоцоор явав гэж Гавъяат багш Бавуу гуай дурсан юм. Тэндээсээ төмөр замаар хатуу вагонд Москва хүртэл тав хоног Монгол эсгий гудсаа дэвч явдаг байлаа. Вагон дотор Далай багш Герман хэл зааж бид үсгээ сурч уншихаад үг зохиож чаддаг байлаа. Москвад гурав хоноод галт тэргээр Ленинградад очиж усан онгоц хүлээж долоо хоносон. Тэр үед Ринчин Бямбаев, О.Намнандорж, киноны эрдэмтэн Гончиг нар бидэн хотыг танилцуулж үзүүлж байв. Ленинградад байхдаа анх бэлдэж өгсөн европ хувцасаа өмсөөд, цааш хоёр хоног усан онгоцоор явж Германд хүрч билээ. Тэд нийтдээ бүтэн сар гаруй их олон бэрхшээлийг туулан Германд хурч очжээ.
Бавуу, Наваан-Юндэн, Б.Содном, Пүрэвдорж бид Берлинд суралцахаар болов. Наваан-Юндэн, Б.Содном ,Бавуу гурав доктор профессор Леонард багшынд байрлан, тэднийх хоёр хүү нэг охинтой айл байлаа. Бид гурав ороо зэрэгцүүлэн байрлуулж унтана. Хоол болонгуйт бид гуравийг дуудна. Хичээл тараад цагтаа харих, хожигдвол хоолонд орох эрхгүй, ганц минут хожигдож болохгүй дүрэмтэй. Хичээл буюу дадлага хийхэд хоцорвол багш хүлээж авдагүй байв. Содном бид хоёр долдугаар ангид сурдаг байлаа. Бид хоёр нэг мэргэжилээр сурах ёстой. Бид цагаан сараа Монгол ёсоор өнгөрүүлдэг байлаа. Хүн хүн дор дороо юмаа бэлдээд битүүний орой бусад хотод байгаа сурагчид Берлинд ирж Монгол ёсоор ширээ засаад оногдсон сандал дээрээ суун битүүлцгээнэ. Шиний нэгэнд хамгийн ахмад хүнээсээ эхлэн золгоно. Бидний дунд хамгийн бага нь 13, том нь 19 настай байлаа. Мөн сууж байсан Герман айлаа урьж шинэлдэг байлжээ. Дорно дахиныг судлаач гарамгай эрдэмтэн Бэртолд Лаифер дурсахдаа: 1926 оны 3 сард гэхэд би нэг жилд гурван шинэ жил үзсэн минь их сонирхолтой байлаа. Нэг дор дөрвөн шинэ жил. 1925 оны 9 дүгээр сард жилийн шинэ жил, 12 дугаар сарын 31-нд европын шинэ жил, 1 дүгээр сарын 13-нд оросын үнэн алдартны шинэ жил энэ нь хуучин орос цаг тооллоор, мөн Монгол нөхдийн хүссэн ёсоор 3 дугаарсард буддын шинэ жилийн үдшийг хамт тэмдэглэсэн билээ. Тэнд хангалтай хоол унд, уух юм байлаа. Берлинд байгаа бүх монголчууд өөрсдийн найз нөхдийн хамт ирсэн байлаа. 1926 оны 3 дугаар сард энэ үйл явдлын дараа монголоос ирсэн боловсролийн төлөөлөгчтэй хамтран ажиллах ажил маань эхэлсэн. Тэрээр миний бие нь 1925-1929 онд Герман, Францад айлчилсан Монголын худалдааны төлөөлөгчид, боловсролын баг хүмүүст хэлмэрч, нарийн бичгийн үүргийг гүйцэтгэсэн. Өөрийн үүрэгт ажлынхаа хүрээнд орчин үеийн монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэн буй тэдэнтэй уулзан учирч, тэдний шилдэг зан чанраас ихийг олж мэдсэн. Үнэхээр энэ бол баруун европт илгээсэн Монгол улсын цэцэг байсан. Би тэд нарын төрөлхийн төлөв даруу зан, гайхамшигтай удам угсаа, эелдэг боловсон занг бишрэх болсон. Хувь хүнийхээ үүднээс тэднийг хэрхэн хайрлахаа сурсан. Тэдний оюун ухаан ихэнх европ хүмүүсийнхээс ялгаатай ажилладаг нь ажиглагдсан. Монголчуудыг заль ухаан хосолсон ухаант хүмүүс гэж хэлж болно гэж дүгнэжээ. Үүнийг би энд зориуд оруулж байгаа юм. Эдгээр хүүхдүүд болон багш, тэр үеийн албаны хүмүүс монгол гэдэг нэрийг өндөр авч явжээ. Монгол орныг тэр үед зарим гадаадын жуулчдын нүдээр харанхуй бүдүүлэг монгол, хонь малнаасаа нэг их ялгахдахааргүй хүмүүс гэсэн ойлголтыг дээрх дүгнэлт няцаасан нь гайхамшигтай. Тэднийг зарим хүмүүс Герман Содном, Герман Доржсүрэн гэх мэтээр ярьдаг байсан нь тэдний хувцаслалт, алхаа гишгээ, барууны бүжгийг бас гарамгай бүжиглэдэг байсан, энэ бүх биеэ авч явж буйг хүүхнүүд нь үлгэрлэн дуурайж хүрээ ганган хүүхнүүд олширч, дэгжин европ хувцастай залуучууд олширч, клубуудад удаа дараалан цэнгээнт бүжиг үдэшлэг зохиогдож тэднээс барууны вальс, тангог болон олон төрлийн бүжгийг бүжиглэн сурдаг байжээ.
“Б. Содном гуай ямагт европ хувцастай явдаг, өмссөн хувцас, эдэлсэн хэрэгсэл нь цэвэр цэмцгэр, нягт намбай хүн, орос герман хэлтэй, тэр үед ШУХ-д нэлээд олон герман хэл мэддэг хүмүүс байв. Химич Цэвээн, геологич Цэвэг, Газрын хөрс судлаач Санжаа, Номын санч Цэрэнханд, В.В. Хурлат, Сурмаажав гэсэн гурван эмэгтэй тэд цөмөөр герман ном уншиж өөр хоорондоо германаар ярьдаг байсан. Б. Содном гуай залуучууд бидэнд элдэв сонирхолтой, сургамжтай юм байнга ярьж өгнө. Гадаад хэл сурахад цээжлэх чухал, жижиг огтлосон цаасан дээр нэг талд нь гадаад үг ар талд нь монгол үгийг хадаад өвөртөлж явах хэрэгтэй. Гадна дотно явах, хурал цуглаанд суух завсар чөлөөнд цаг ашиглан өвөрөөсөө нөгөө хуудсуудаа нэг нэгээр нь гаргаж дээр нь бичсэн үгсээ цээжлэх тун ашигтай.“ гэж билээ. Энэ аргыг туршиж л байсан. Акедимич, физикч Намсрайн бага Содном дурсамждаа дурджээ.
Өвөг дээдсийнхээ уламжлал нандин агуу чанараас нь одоогийн бид суралцан урдныхаа түүх, ёс заншилаа эрхэмлэн ариун нандин чанар, ёс журам, ухаант оюун тархиа хөгжүүлж улам ихийг хийж бүтээж бие биенээ хүндэтгэн дээдэлж бие биенээсээ эрхэм болгомой.
Бавуу багш цааш нь дурсахдаа: Тэд Герман хэлийг 6 сарын дотор сурч, бас англи хэл сурч англиар ярьдаг болжээ. Сард 50 дойч маркийн цалинтай, түүгээрээ хичээлийн хэрэгсэл авах, кино үзэх, трамбайд суух зэрэгээр сардаа хүргэдэг байжээ. Биднийг Германд сурч байхад гэгээрлийн яамны төлөөлөгч Чимэд, захирал Буд-дарь ирж биднээс гэрээ санаж байна уу?, орон нутагтаа буцах уу? гэхэд Наваан-Юндэн биднийг төлөөлж, бид сургуулиа төгстөл буцахгүй, нэгэнт ирсэнээс хойш сургуулиа дуусгана, зардал ч гарна гэж хариулж байв. Тэд сургуульдаа сурч байгаад эх орондоо дуудагдан ирж Бадарч, Сэдэд, Лувсанцэнд нар Алтанбулагт булигарийн заводад инженеер, Бавуу төмрийн заводад ширэм хайлуулдаг цахилгаанчин, Наваан Юндэн гэгээрлэлийн яаманд Цэвэл, Сурмаажавын хамт латин үсгийн зөвлөл хариуцсан ажилд тус тус хувиарлагджээ. Тэднийг Германаас ирсэний дараа биднийг шоовдорлодог байлаа. Охидыг санитараар ажиллуулж, үзэл сурталийг нь шалгаж байлаа. Монголд тэд анх европ хувцас өмсөхийг дэлгэрүүлж, тэднийг тэр үеийн хүмүүс цагаан захтангууд гэж хочилдог байжээ. (Монгол интернет.сом-НаваанЮндэн Баатарван/түүх-ээс хэсэгчлэн оруулав)
Түүнээс гадна 1994 онд Түүх судлаач Ичинноров тэргүүтэй 1926-1930 онуудад Герман Франц улсад сурч байсан оюутнуудийн үр хүүхдүүд тэдэндээ зориулж үзэглэсэнт самбарыг оюутан бүрээр нь намтарчлан гаргаж, үдэшлэг уулзалтыг зохион байгуулж, багш Бавуу гуайг Хөвсгөл нутгаас нь урьж, Д.Нацагдоржийн охин Анда Ширийн хамт сайхан уулзалтыг зохион байгуулсан билээ. Уг үзэсгэлэсэнг 1998 онд Б.Содномын мэндэлсний 90 насны ойд зориулж дахин тавьснаас гадна Б. Содномын намтар бүтээлүүд ном, Алдар Хүртээгүй Алтан Эрдэнэ телевизийн түүхчилсэн баритад кино, амьдарч байсан байранд нь дурсгалын самбар, төрсөн нутаг Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн Галуутайн нуурын эрэгт дурсгалын хөшөөг босгож, эрдэм шижилгээний хурал, хэвлэлийн бага хуралуудыг хийж, Америкийн элчин сайд Алфонзо Ла Порта, Герман Орос улсын элчингийн төлөөлөгчид, эрдэмтэд, зохиолчид, судлаачид уригдан оролцож, Хурд хамтлага дуугаа өргөж, Хэл зохиолын хүрээлэн, Төв аймгийн Баяндэлгэр сумын засаг захиргаа, Монгол телевиз болон үр хүүхэд ач нарийн дэмжлэгтэйгээр зохион өнгөрүүлсэн билээ. Зохиолч, судлаач, багш Б.Содномын мэндэлсний 100 жилийн ойгоор “Түүвэр зохиол, Зохиол судлал, Д.Нацагдорж судлал” гэсэн гурван ботийг зохиолч, судлаач Д. Цэдэв хэвлүүлсэн.
Эрдэмтэн Балдангийн Содномын охин Үзмээ. (Шарлот хот 2016 оны 05 сарын 27)
No comments:
Post a Comment