Friday, November 4, 2016

Д.Нацагдоржийн төрсөн нутаг буюу “Баяндэлгэрийн үлгэр” хэмээгчийн тухай

МОНГОЛ ХЭЛ СОЁЛЫН ХҮРЭЭЛЭН
2016 ОНЫ 10 САРЫН 28
МОНГОЛ ХЭЛ СОЁЛЫН ХҮРЭЭЛЭН

Бид арван жилийн сургуулиасаа эхлээд л Д.Нацагдоржийг Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн хэмээн үзсээр ирсэн. Гэтэл Г.Сонинбаяр гэх хүн тухай “Ардын эрх” сонины 2016.02.22, Даваа гарагийн №020 (2051) дугаарт “доктор С.Лочин Нацагдоржийг Баяндэлгэр суманд төрсөн гэдгийг үгүйсгээд зогсохгүй арван жилийн сургуулиудын уран зохиолын багш нарт “та нар Нацагдорж Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн гэж заагаарай” хэмээн ярьж байсан тухай дурдсан байна. 
Үнэхээр ч Д.Нацагдорж судлаач С.Лочин “Дашдоржийн Нацагдорж” (Тус бүтээл Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Түүхийн эрхмүүдийн цадиг” цувралд багтсан) номдоо “Б.Содном 1959 онд болсон Олон улсын Монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал дээр тавьсан илтгэлдээ “Нацагдорж 1906 онд одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн галуутайн тэндэх Нүүрэнтэй буюу Аяга гэдэг газар төрсөн гэснээр “Баяндэлгэрийн үлгэр” эхэлсэн юм” хэмээн өгүүлжээ. Доктор С.Лочин юуны учир, ямар үндэслэлээр ийнхүү үзэх болов? 
Доктор С.Лочин “Ц.Дамдинсүрэн, В.Луговской нар судалгаандаа Нацагдоржийн төрсөн газрын тухай огт дурдаагүй бөгөөд Ч.Чимид бусдын үгэнд орон Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн хэмээн цухас дурдаж, Б.Содном албан ёсны болгон дээдэст үнэмшүүлж чадсан. Б.Содном “Баяндэлгэрийн үлгэр”-ийг чухам ямар баримтад тулгуурлан гаргаж ирснээ дурдалгүй, чимээгүй өнгөрсөн байдаг нь гайхшрал төрүүлдэг. Харин судлаач өөрөө яах аргагүй Баяндэлгэрийнх” хэмээн их л хардангуй байдлаар бичсэн байна.
Тэрбээр цааш “Нацагдорж 1932 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Төв аймаг, Тогос уул сумын харьяат хэмээн байцаалтад мэдүүлсэн, 1931-1932 онд бичсэн хоёр ч анкетад Төв аймгийн Тогос уул сум хэмээсэн. Мөн 1934, 1936 онд бичсэн анкетдаа Төв аймгийн Мөнгөнморьт сум гэсэн байдаг хэмээн өгүүлжээ. Энэхүү тайлбаруудыг батлах ганц зүйл нь “баривчлагдаад байсан хүн нутаг усаа худал мэдүүлбэл дорхноо тэр нь илчлэгдэнэ гэдгийг эрх биш мэдэлгүй яах вэ” гэсэн өөрийнх нь дүгнэлт.  

ТЭГВЭЛ Д.НАЦАГДОРЖ ЧУХАМ ХААНА ТӨРСӨН ХЭРЭГ ВЭ? МӨНГӨРМОРЬТОД УУ? БАЯНДЭЛГЭРТ ҮҮ? 


С.Лочин  “Д.Нацагдорж” номдоо “Б.Содномын бүтээлд Нүүрэнтэй, Аяга гэдэг хоёр өөр газар юм уу? Эсвэл хоёр нэртэй нэг газар юм уу гэдэг нь тодорхойгүй буй” гэсэн байна. Гэтэл Б.Содном гуай бүтээлдээ Нүүрэнтэй буюу Аяга хэмээх газар ядуу тайж Дашдоржийн гэрт төржээ хэмээн тодорхой өгүүлсэн байна. 
Д.Нацагдорж номын зохиогч С.Лочин “Ч.Чимид, С.Дулам, Цэндийн Ишдорж, Найдан хатан Ш.Сонинбаяр лам, А.Очир, Г.Дашням нарын судалгаанаас үзэхэд Д.Нацагдорж “Гүн галуутай, Галуутайн ногоон толгойны хондлой, Гүн галуутайн Талын хонхорын бууц, Гүн галуутайн Ногоон толгойн баруун хойд хөдий, Шорвог дэнж, Мэлз уул, Мэлзэй толгой гэх 9 өөр газар төрчихсөн байгаа юм” хэмээн ёжлон өгүүлсэн байна. Үнэн хэрэгтээ доктор С.Лочин  хүмүүсийн судалгааг цуглуулж бичсэнээс бус өөрийн гаргалгаа дүгнэлтийг хийгээгүй нь тодорхой харагдаж байна. Учир нь тухайн хүмүүсийн судалгаа болон аман ярианд “Гүн галуутай” хэмээх үг “салахгүй” давтагдаж байна. Гүн галуутай бол яах аргагүй Баяндэлгэр сумын нутагт буй. Харин С.Лочин докторын “бүрэн итгэж” буй Ш.Сонинбаяр гэх хүний дурдсан Шорвог дэнж хэмээх газар нь Төв аймгийн Мөнгөнморьт суманд ч бус, Баянжаргалан (Нялга) суманд байдаг ажээ. 
Энэ бүх судалгааг харгалзалгүй С.Лочин Д.Нацагдорж Мөнгөнморьтын Мэлзэй хэмээх газар төрсөн хэмээжээ. Гэтэл Мэлзэй хэмээх газар нь одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт бий хэмээн түүхч А.Очир, Г.Дашням нар тогтоосон байна. Ямартаа ч Ш.Нацагдорж, А.Очир, Г.Дашням, С.Лочин нар Д.Нацагдоржийг Мэлзэй хэмээх газар төрсөн хэмээн санал нэгдсэн бөгөөд Мэлзэй хэмээх газар нь Мөнгөнморьт суманд бус Баяндэлгэр сумын нутагт бий бөгөөд Гүний нуураас холгүй оршдог. 
Гэтэл доктор С.Лочингийн Мэлзэй хэмээх газар Мөнгөнморьт сумын нутагт багтаж байсан гэх нотолгоо нь тун ч дулимаг агаад цаг хугацааны хувьд зөрчилтэй байна. Түүнийхээр бол 1980 онд Багануур дүүрэг байгуулагдах хүртэл Ламын уул, Гүн галуутай орчим Мөнгөнморьт сумын нутаг байсан бөгөөд “Багануурын уурхай ажиллаж эхлэх үеэр Баяндэлгэрээс 55,000 га газар нутгийг Багануурын уурхайд шилжүүлж Ламын уул, Галуутай зэрэг газраас 55,000 га газрыг Баяндэлгэрт “нөхөөс” болгон өгчээ. Гэтэл 1959 онд Б.Содном гуай Нацагдоржийг Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн галуутайд төрсөн хэмээн бичсэн байна. Ингэж улайм цайм Мөнгөнморьт сумын нутгийг Баяндэлгэрийнх гэж байхад Б.Содном гуайг шүүмжлэх хүн огт гараагүйгээс үзэхэд Ламын уул, Мэлз, Гүн галуутай орчмын нутаг нь угаас Баяндэлгэрийн нутаг байсан нь тодорхой.

ТОГОС УУЛ СУМЫН ХАРЬЯАТ

Д.Нацагдорж 1932 оны 5 дугаар сарын 20-нд өгсөн анхны мэдүүлэгтээ үнэхээр “Төв аймгийн Тогос уул сумын харьяат, Улаанбаатар хотноо сууна” хэмээсэн байна. Тогос уул нь одоо Мөнгөнморьт сумын нутагт багтаж буй бөгөөд үүнийг үндэслэн С.Лочин Нацагдорж Мөнгөнморьтынх хэмээн өгүүлж байна. Гэтэл Б.Ринчен Монгол орны сүм хийдийг бүртгэхдээ Тогос уулын өвөрт орших Хэрлэнгийн зүүг хүрээг Төв аймгийн Баяндэлгэр сумынх хэмээн бичсэн нь ч бий. 
Д.Нацагдорж Тогос уул сумын харьяат гэсэн тухайд С.Лочин гуай “баривчлагдаад байсан хүн нутаг усаа худал мэдүүлбэл дорхноо тэр нь илчлэгдэнэ гэдгийг эрх биш мэдэлгүй яах вэ” хэмээсэн байна. Гэтэл хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хэрэгт холбогдсон хүмүүс ах дүүс, хамаатан саднаа өмгөөлж хамгаалах зорилгоор нутаг усаа худал мэдүүлж байсан тал бишгүй дээ л бий. Түүгээр ч барахгүй 1932 онд Д.Нацагдоржийг Манж Го улс байгуулагдсаны 1 жилийг ойг тэмдэглэсэн хэмээн буруутгаж байсан юм. Энэ бол жирийн нэгэн хэрэг бус бөгөөд ямарваа нэгэн байдлаар ял шийтгэгдвэл ах дүү хамаатан садан нь ч мөн адил хэрэгт холбогдох магадлал өндөр юм. Ц.Дамдинсүрэн “Д.Нацагдорж хоёр удаа шоронд ороход Пунцаг байцаагч нэлээд зовоосон юм байна лээ шүү дээ” хэмээн өгүүлснээс үзвэл нэлээд хатуу чанга байцаалт явуулж байсан нь тодорхой харагдаж буй бөгөөд тэрээр садан төрлөө хэлмэгдэхээс эмээж татан буугдаад удаагүй байсан Тогос-Уул сумын харьяат хэмээн мэдүүлсэн байх бүрэн үндэстэй юм. 
1921-1929 оны хооронд монгол улс хүн амын тооллого явуулж байсан боловч хүмүүсийг нутаг усаар нь бүртгүүлж байсан нь үгүй бололтой байна. Үндсэндээ хүн амын тооллого, бүртгэл хоёр өөр асуудал юм. Тэгхлээр тухайн цаг үед одоогийнхтой адил “иргэний үнэмлэх” маягийн зүйл байгаагүй байх. Би л хувьдаа тэр хүний иргэний үнэмлэх гээд гаргаад ирсэн юмыг олж үзсэнгүй. 
1950 оны 8 дугаар сарын 22- ны өдрийн 90 дүгээр зарлигаар “БНМАУ-ын иргэний гэр бүлийн байдал, асрамж тэтгэмжийн хууль”-ийг баталснаар 1951 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр болон хилийн чанадад Элчин сайдын яам болон Консулын газрууд нь өөрийн орны иргэдийн гэрлэх, төрөх, хүүхэд үрчлэх, гэрлэлтээ салгах, нас барах үйл явцыг бүртгэж гэрчилгээ олгож байхаар хуульчилсан байна. Үүнээс үзвэл 1950 оныг хүртэл тухайн иргэний нутаг усыг тодорхойлох зүйл байгаагүй бололтой. 

ШҮЛГЭНД МӨНХӨРСӨН БАЙЦ БЭРХ


Зохиолчид өөрийн төрсөн нутаг усныхаа нэрийг зохиол бүтээлдээ оруулан бичих нь түгээмэл байдаг. Жишээлбэл, Б.Лхагвасүрэн Боржигоны бор тал, Д.Цоодол Харамчийнхны дууль, зэргийг дурдаж болно. Үүний нэгэн адил Д.Нацагдорж “Миний нутаг” шүлэгтээ Сайн эрс цугларсан Байц, Бэрх газартай хэмээжээ. Байц, Бэрх уул нь Баяндэлгэр сумын нутаг орших бөгөөд улаан номд орсон олон төрөл зүйлийн араатан амьтан нутагладаг билээ. 
А.Дашням “Өлзийнарангийн өчил” бүтээлдээ “Нацагдоржийн найз нөхөд олон байсны дотроос онцолж дурдваас Б.Шагж, Б.Ринчен, Я.Цэвэл, Ц. Дамдинсүрэн, Б.Содном ... нар л лав мөн хэмээн өгүүлсэн байдаг. Үнэхээр ч эдгээр хүмүүс Д.Нацагдоржтой ойр дотно нөхөрлөж явсан нь тухайн хүмүүсийн дурсамж тэмдэглэлүүдээс тодорхой харагддаг. Ийн нөхөрлөж байсан хүмүүс нэгнийхээ нутаг усыг сайн мэддэг байсан нь лавтай. Хэрэв Б.Содном гуай Д.Нацагдоржийг Баяндэлгэр суманд төрсөн хэмээн санаанаасаа зохиосон байх аваас Б.Ринчен, Я.Цэвэл, Ц.Дамдинсүрэн зэрэг хүмүүс дуугүй өнгөрөхгүй л байсан болов уу? Тухайлбал: Б.Ринчен дурдатгалдаа Б.Содном “Нацагдорж Орост очихдоо Марксын зохиолыг уншдаг байсан гэж худлаа бичсэн байна лээ” хэмээсэн байдаг юм билээ. 
Доктор С.Лочингийн энэхүү мэдээ сэлт зохиолч Д.Нацагдоржийг Мөнгөнморьт суманд төрсөн гэх нотолгоо болж чадахгүй бөгөөд “Түүхэн эрхмийн цадиг”-ийг илтээр гуйвуулан бичсэн нь харамсалтай.

Түүхч С.Ууганбаяр

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...