Ч.БОЛД: Сонгон шалгаруулж Герман, Францад сургах гэж явуулчихаад, эргэж огт дурсахгүй байгаа нь харамсалтай
Монгол сурагч, оюутнууд Өрнөд Европт суралцаж эхэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Нэгэн зууны тэртээ буюу 1926 онд дунд сургуулийн боловсролтой 40 шахам хүүхэд залуус хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн ирэхээр хөлгүй их далай гаталж, харь гүрнийг зорьсон билээ. Ардын хувьсгал ялсны дараа шинэ тулгар Монгол Улсын удирдагч нар гуравдагч хөршийн эрэлд мордсон түүхтэй. Хэдийгээр Зөвлөлт Орос Улсын шууд нөлөөн дор туслалцаа дэмжлэг авч хувьсгал хийсэн боловч ардын засгийн зүтгэлтнүүд улс гэрээ төвхнүүлэх, гадаад харилцаагаа өргөжүүлэх талаар сэдэж санаачилсан олон алхам хийсэн байдаг юм хэмээн Алс газар сурахаар одогсод хэн бэ нийтлэлдээ Ч.Болд бичиж байжээ.
Манай сонины идэвхтэй нийтлэгч Ч.Болдыг уншигчид эчнээ таних биз ээ. 2008 оноос Өнөөдөр сонинд Гэрэл зураг түүх өгүүлнэ буланг санаачлан хөтлөхийн зэрэгцээ холын түүхийг эдүгээд тодруулан холбосон олон сонирхолтой дурсамж манай уншигчдад хүргэж байсан юм. Өнгөрсөн жилээс хойш онцгойлон сануулж, энэ оны нэгдүгээр сарын 11-нд манай сонинд анхны дугаараа гаргасан Эрдмийн эрэлчид цувралын эхний нийтлэл нь Алс газар сурахаар одогсод хэн бэ билээ.
Германд суралцаж байсан монгол сурагчид. 1927 он |
Энэ удаа тэр надтай зочны хувьд ярилцлаа. Холын улсад очиж эрдэм өвөрлөн ирээрэй гээд, сонгож шалгаруулаад Улсын бодлогоор явуулсан залуусаа баруунтан хэмээн буруутгаж, хоёронтоо хэлмэгдүүлж, үлдсэн хэдийнх нь амыг таг хаасан тэр эмгэнэлт өдрүүд ард хоцорсон байхад хуучнаар Гэгээрлийн яам, одоогийн БСШУЯ хайхрахгүй байгааг тэр сануулахыг хүсэж байна. Улсаа хөгжүүлэх алсын зорилготой, өөрийгөө боловсруулах эрхэм үүрэгтэй харийг зорьсон 39 хүүхэд баадагнасан хувцсаа бариад, хилийн дээс алхаснаас хойш 90 жил өнгөрчээ. Эх орноо орхин одсон өдөр нь дөрөвдүгээр сарын 25-27 хэмээн үздэг аж.
-Герман, Францад сурч, баруунд боловсрол эзэмшсэн Монголын анхны сэхээтнүүдийн тухай судлах санаа танд хэрхэн төрсөн бэ. Та түүхч биш. Энэ хүмүүсийн хамаатан садан ахан дүүс биш шүү дээ.
-Энэ зургаас л эхэлсэн юм. 2008 оноос “Өнөөдөр” сонинтой хамтран “Гэрэл зураг түүх өгүүлнэ” гэдэг булан хөтөлсөн. Хамгийн анх би энэ зургийн түүхийг бичсэн. Санамсаргүй олсон зургийнхаа талаар бичиж нийтэлсний дараа олон хүн янз бүрийн хариу үйлдэл үзүүлсэн. Зарим нь магтсан, нэг хэсэг нь судалгаа дутуудуулжээ гэсэн. Тэр дунд хоёр ч хүн “Энэ нь яг хэн юм бэ, тэр нь яг хэн бэ” гэх мэтээр асуусан. Би тухайн үед ерөнхийд нь баруунд сургасан хүүхдүүдийн талаар бичсэн болохоос биш зураг дээр ирийсэн тэр олон хүний тухай нэг бүрчлэн бичээгүй. Ингээд судалж эхэлсэн дээ.
Герман, Францад томилон илгээсэн 39 залуус бол бүгд сэргэлэн ухаалаг, эрүүл чийрэг, хичээмтгий, мэриймтгий, үндэснийхээ үсэг бичигт чамбай суралцсан байжээ. Тиймээс ч тэд сонгон шалгаруулалтад тэнцсэн.
Тэдний нийгмийн байдлыг өнгөц ажиглахад эгэл жирийн болон амьжиргаа тааруу, ядуу зүдүү, чинээлэг хангалуун гэх зэрэг янз бүрийн айл өрхийн халуун ам бүлийнхэн юм. Бүгд Монгол Улсын харьяат байсан боловч халх, цахар, буриад, барга зэрэг хэд хэдэн ястны төлөөлөл, мөн түвд үндэстэн ч байлаа. Тэдний хэд хэд нь алтан ургийн тайж угсаатны үр ач нар байсан төдийгүй Наваан-Юндэн, хожим Францад нэмэгдэж очсон Мэргэн гүн Гомбожав нар хошуу захирсан Засаг ноёны тушаал хүлээж байсныг цөөнгүй хүн мэдэх боловч зарим хүн ер сонсоогүй байж ч магадгүй.
-Тэдгээр залуусын талаарх түүх 60 гаруй жил буюу 1990-ээд оноос өмнө хаалттай байсан болов уу. Бүгдийнх нь үр хүүхэдтэй холбоо тогтоож чадсан уу?
-Олсон. Үр хүүхэд нь байхгүй бол бид юу хийх билээ. Хоёр дахь номоо хэвлүүлэхэд бэлэн болгочихоод би сая гарч ирлээ. Тэргүүн дэвтэрт Франц улсад сурч байсан дөрвөн хөвгүүн болон тэдэн дээр нэмэгдэн очсон Мэргэн гүн Гомбожав, Ж.Цэвээний гэргий Бадамжав түүнчлэн тэднийг Францад суралцах ажлыг анх санаачлан зохион байгуулсан Ц.Дамбадорж, Эрдэнэбатхан, ажил хэрэг болгон хэрэгжүүлсэн багш Б.Ишдорж, Д.Буддари зэрэг олон хүний амьдрал, хувь заяаны ээдрээт, эмгэнэлт түүхийн тухай бичсэн.
Одоо хэвлүүлэх номондоо Германд сурсан 35 хүүхдийн 15-ыг оруулсан. Үлдсэн 20 хүний талынх нь тухай намар бичиж, ном гаргана. 5-6 хүний тухай мэдээлэл огт байхгүй. Би байтугай манай нэртэй түүхчид олоогүй хүмүүс бий.
-Сэтгэл шимширмээр түүхийн ээдрээт замаар та аялж, үр хүүхдийнх яриаг сонсож байгаа байх. Гэхдээ энэ замыг олж орохын тулд эхлээд хэн нэгний гаргасан мөр, жимийг дагасан байгаа. Герман, Францад сурсан хүүхдүүдийн талаар хэн анх судалж байв?
-Энэ судалгааг хамгийн анх эхлүүлсэн хүн бол Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор С.Идшинноров. Энэ хүнийг зайлшгүй дурдах ёстой. Тэрбээр Түүхийн музейн захирал байхдаа үр хүүхдүүдтэй нь холбогдож, мэргэжлийн судалгаа эхлүүлж, 1994 онд Энхтайван найрамдлын ордонд гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан байгаа юм. Судлаачийн хувьд хамгийн анхны шанг энэ хүн татсан. Харамсалтай нь, ном бүтээж, эрдэм шинжилгээний хурал хийж чадаагүй. Одоо энэ хүн байхгүй. 1997 онд бас Германы Элчин сайдын яаман дээр үзэсгэлэн гаргасан байдаг. Үүнээс хойш бараг 30 жил энэ чиглэлийн судалгаа зогссон.
С.Идшинноров гуайг өөд болсноос хойш дунд нь хоёр хүн судалсан байна. ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач Төрдалай гэж залуу бий. Маш сайн судалгаа хийсэн боловч, бакалаврын зэрэг хамгаалаад л орхичихсон, 12 жилийн өмнө. Тэр нь МУИС-ийн архивт ороод л таг. Ингээд араас нь би гарч ирсэн. Монголын түүхчдийн орхисон цагаан зайг л би олж харсан хэрэг.
-Гэхдээ тантай хамтарч, нийтлэл бичиж илгээж байгаа олон хүн бий гэсэн. Тэгэхээр сонирхдог, анзаардаг хүн цөөнгүй байх шиг ээ.
-Энэ сэдвийг маш олон хүн сонирхдог юм билээ. Өдий хүртэл тэдний дунд холболт хийх хүн л байгаагүй юм байна. Би бол зүгээр л дамжуулагч. Энэ судалгаа руу орсноор би маш олон хүн мэддэг болсон. Хаана, хэнтэй очиж уулзаад юу асууж болохыг мэдэж авлаа. Өнгөрсөн долоо хоногт нийтлэл нь “Зууны мэдээ” сонинд гарсан, надтай адилхан Болд гэдэг нэртэй хүн байна. Одоо Исландад амьдарч байгаа. Түүний аав нь түүхийн шинжлэх ухааны доктор Лхамсүрэнгийн Бат-Очир. Монголын алдартай түүхч.
Өөрөө бол асар их судалгаа хийгээд л яваад байгаа хэрнээ ном гаргаагүй. Энэ хүнээс маш даацтай бүтээл гарна байх гэж бодож байна. Тайзан дээр би байгаа ч миний ард зогсож байгаа олон хүн бий. Түүхийн ухааны доктор, профессор З.Лонжид гуай байна. Миний номын редактор. Номын минь өмнөтгөлд “Энэхүү дэвтэрт Ч.Болдын бичсэн зүйл бол судлаачдын бүтээлд дурдах төдийгөөс ер хэтрээгүй байсан том сэдвийг тусгайлан авч үзжээ.
Монголын төр улс орноо дэлхийн жишигт дүйцэхүйц эдийн засаг, боловсрол, соёлтой болгохыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлж байсныг энэхүү номоос мэдэх боломжтой” гэж бичсэн байгаа.
Г.Хаалаа, Ц.Баатарсэнгэ, Д.Сурмаажав, Б.Содном нар |
-Түүхчид ч орхигдуулж, төр засаг нь ч мартжээ. Үнэн хэрэгтээ, өнөөдөр бидний дунд боловсролоороо ялгарч байгаа сэхээтнүүд Европ болон АНУ-д сурсан тухайгаа онцолдог. Тэдний эхлэл нь болж анх сураад, улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулсан ба хэлмэгдэж, хорвоогоос буцсан тэднийг эргэж дурсахгүй байгаа нь харамсалтай.
-Энэ хүмүүс Өрнөдөд сургуульд сурахаар яваад 90 жил болжээ. 12 хоногийн дараа ой нь тохиох гэж байна. Өнөө болтол эрдэм шинжилгээний хурал огт хийгээгүй юм байна. Үүнийг залруулъя. Магадгүй, хүлээж байгаад 100 жилийнх нь ойгоор нэг мөр юм хийе гэж бодвол дэндүү оройтно. Эдгээр хүмүүсээс амьд сэрүүн нэг ч хүн байхгүй. Одоо үр хүүхдүүд нь 70-80 хүрчихсэн тэтгэврийн хөгшчүүд. 10 жилийн дараа юу болохыг бид мэдэхгүй.
Амьд гэрчүүд байхгүй болсон цагт бид худлаа түүх зөвхөн ярина. Эрдэм шинжилгээний суурь судалгааны ном ч алга. Судлаач, эрдэмтдээр илтгэл бичүүлэхээр захьчихсан, тэд бичсэн байгаа. БСШУЯ үүнийг анхааралдаа авч, жаахан зардал гаргаад өгчихвөл хэзээ л бол хэзээ эрдэм шинжилгээний хурлыг хийхэд бэлэн байна. Их юм биш шүү дээ, 1.5-2 сая төгрөгт л багтана.
Энэ хоёр номоо хэвлүүлэх гэж би ганц ч хүнээс мөнгө төгрөг аваагүй. эрдэм шинжилгээний хурал хийх боллоо гэхэд ч би үр хүүхдүүдээс нь мөнгө авахгүй гэж бодож байгаа.
Улсын бодлогоор гуравдагч хөршөө эрэлхийлсэн алс хэтийн зорилготойгоор тэр хүүхдүүдийг сонгон шалгаруулж авч явуулчихаад одоо яагаад үр хүүхдээс нь мөнгө гаргуулах гэж. Тухайн үеийн Гэгээрлийн яам шийдэж, тэднийг сонгож явуулсан. Одоо БСШУЯ анхаарах ёстой. Хүүхдүүд нь яам, тамгын газраар очсон л байх. Гэхдээ тэгээд гуйлгаад байхаар айхтар зүйл биш шүү дээ, уг нь.
-Тэгвэл энэ хүмүүс Монгол Улсын хөгжилд ийм хувь нэмэр оруулсан юм аа гээд та товчхон хэлж өгөөч. Маш их зүйл ярих боломжтойг тань ойлгож байна л даа.
-Тэднийг сургууль төгсөөгүй байхад нь эргүүлж татсан. Яагаад татах болсон тухай нь архивын нууц материал миний номд бий. ЗХУ-ын зүгээс шахалт дарамт үзүүлсний улмаас Герман, Франц улсад суралцаж байсан хүүхдүүдийг эргүүлэн татсан төдийгүй тэднийг суралцуулах ажлыг анх сэдэж зохион байгуулсан, ажил хэрэг болгон хэрэгжүүлсэн бараг бүх хүн хэлмэгдэж, шорон гяндангийн хаалга татсан. Ихэнх хүний хувь заяа эмгэнэлтэйгээр төгссөн.
Их зохиолч Д.Нацагдорж, Монголын киноны анхны найруулагч Т.Нацагдорж, алдарт зохиолч Д.Намдаг, ардын зураач Л.Намхайцэрэн, Ардын багш Г.Батсүх, малзүйн ухааны доктор, “Орхон” үүлдрийн хонины автор Т.Аюурзана, геологийн ухааны анхны доктор Ж.Дүгэрсүрэн гээд бүгд л ажилласан салбартаа алдраа дуурсгасан хүмүүс байгаа.
Тэднийг эргэж ирсний дараа багш нарыг нь цөлж, хэлмэгдүүлээд, өөрсдийг нь болохоор таг дуугүй болгох гээд хоёр ч удаагийн “хэрэг” бий болгосон. Шинэ жилийн баяр тэмдэглэсэн залуусаас “Тайж Нацагдоржийн банкет” гэсэн хэргээр дөрвийг нь баривчилж, дараа нь тагнуулын түүхэнд алдартай “Герман тагнуулын хэрэг” гээчээр 12 хүн шийтгэсэн.
Бага нь 13, том нь 25-тай залуус л Өрнөд рүү сурахаар явсан байхад тэднийг Германы гестапотой морзоор харилцаж, мэдээлэл дамжуулдаг хэмээн шийтгэсэн байгаа юм. “Цогт тайж” киноны нэг найруулагч Б.Гомбыг яагаад дурсдаггүй юм бэ? гэвэл ард нь энэ л учир шалтгаан бий. Байсхийгээд “эсэргүү” гэж баригддаг тэдний хийсэн бүтээснийг нь заримдаа баллуурддаг байжээ.
1990-ээд он хүртэл тэдний тухай дурсаагүй. Харин дараа нь мэдэх хүн цөөрсөн. Сүүлийн үед үр хүүхдүүд нь бас бурхны оронд одож байна. Мэргэн гүн Гомбожавын охин, Ц.Бадарчийн охин, Б.Гомбын охин өнгөрсөн жил нас барлаа, Х.Юмбүүгийн нэг хүү саяхан бас өөд боллоо.
Манай сэтгүүлч, судлаач нарын дунд байгаа нийтлэг дутагдал нь тэд олдоход амар болохоор тэгдэг юм уу, алдар нэртэй хүмүүсийн тухай л “мөлжөөд” байдаг. Нэр алдар нь тодроогүй хүмүүсийг нь орхигдуулсан.
-Энэ бүхнийг судалж, бичээд явж байхад танд өөрт тань ямар бодол төрж байв. Сод хүмүүсээ сонгож байгаад хэлмэгдүүлсэн аймшигтай дурсамж бодогдов уу, алс хэтийн хараатай тэр үеийн Төр засгийн удирдлагуудыг дурсав уу?
-Ерөнхийдөө бол 1926-1930 онд баруунд боловсрол эзэмшүүлэхээр хэдэн хүүхэд явуулжээ гээд үл тоомсорлон орхичихож болно. Гэтэл тэдний түүхийн цаана Монгол Улсын тухайн үеийн түүх яригдана. Намын VII их хурал, баруунтан хэмээх хэлмэгдүүлэлт, эднийг Герман, Франц руу явуулсан хүмүүсийг хэлмэгдүүлж, цөлсөн тухай, Шинэ эргэлтийн бодлого гээч юу байв гээд ярих болно. Хүн хүнээр нь татаж, сугалаад ярьсан ч утга зохиолын салбар, урлаг, соёл, мал аж ахуй, геологи гээд олон судалгаа руу хөтөлнө.
Тэр үед төрийн эрхэнд байсан хүмүүс яагаад заавал баруун руу хүүхдүүд сургахаар явуулсан бэ гээд бодоход л геополитикийн чухал сэдэв хөндөгдөнө. Хоёр их гүрний дунд оршин байдаг манайх шиг орон гуравдагч хөршийг эрэлхийлж байжээ. Түүнийгээ биелүүлэх гэхэд нь ЗХУ шахалт үзүүлсэн байна. Парист боловсрол эзэмших, Эрхүүд сурах ялгаатай.
Эцэст нь, улс орныхоо хөгжлийн төлөө сонгогдож Европ руу яваад эргэж ирсэн хойноо ихийг бүтээсэн энэ хүмүүсийг заавал дурсах хэрэгтэй юм шүү. Одоо л дурсахгүй бол оройтох нь ээ. Ялангуяа БСШУЯ энэ талаар анхаараасай гэж хүсье.
No comments:
Post a Comment