Харын Зүгийн Бөөгийн Дуудлагууд
Сэтэр ариун бөөлөх дуудлага (Нэг гартаа молио, нөгөө гартаа арц уухиулж бариад "Салуу, салуу, салуу" (салуу гэдэг нь урин залах) гэж хэлээд дараах шүлгийг дуудах нь;)
"За, хайрханууд
Цар мөнгөн чимэгтэнгүүд минь
Шижир алтан туяатангууд минь
Хонгор сайхан чуулгантанууд минь
Хотгор сайхан хэцтэнгүүд минь
Есөн ес, наян нэгэн тамалгыг чинь тамлаж (тамалгыг гэдэг нь зүхэл)
Есөн ес наян нэгэн сацлыг чинь өргөж
Хэнд чинь хэнэггүй
Алинд чинь алаггүй
Бултын тань өмнө
Бүгдийн тань дунд
Даатгалыг хийж байнав
Шог, шог, шог (шог гэдэг нь ир хурай, чөх, чөх)
Ар биенд минь алтан хуяг болж
Айхад минь зүрх болсон тэнгэр билээ
Шог,шог,шог
Сайн өдөр гэж сарын түжинг (түдэх)
Саатан хүлээж, аав ээж та нартаа
Амар мэндийн даатгалг өргөж
Алтан сацлыг чинь өргөв
Шог, шог, шог
Шимт малын шимээр
Сүүн сацлыг чинь өргөв
Шог шог, хайрхнууд
Санасан бүгдийг минь
Саагүй бүтээж
Бодсон бүгдийг минь
Тасралтгүй гүйцэтгэж хайрлагтун!
Шог, шог, шог
Өнөөдөр хэлсэн үгэнд минь
Маргааш тусыг хүргэгтүн!
Маргааш хэлэх үгэнд минь
Өнөөдөр тусыг хүргэгтүн!
Шог, шог, шог
Баруун, зүүн зайнцуураар (заанзуур гэдэг нь зах хязгаарыг чинь хүртэл эрж)
Багларан заларсан тэнгэр минь!
Зүүн, баруун зайнцуураар
Зөөлөн заларсан тэнгэр минь
Уургүй номхон
Узааргүй дөлгөөн залрагтун!
Шог, шог, хайрхан минь!
Харь тэнгэрийг хардаг
Өөрийн тэнгэрийг өршөөдөг
Өлзийт домоо хүргэгтүн
Шог, шог, хайрхан минь!" Үүний дараагаар цангинасан аёлгуугаар үг шүлгийн айзам дагуу дуудах нь:
Алтай хангайгаас ургасан
Ариун сайхан арц үнэртэнг үнэртүүлж
Хөхүй хангайгаас ургасан
Хөх ногоон арц үнэртэнг үнэртүүлж
Сангийн утааг
Сансрын оройд хүртэл үнэртүүлж
Санасан бигдэ даатгал болгож ирлээ би!
Хөвч Тагнууг эзэлсэн
Хөх лусан хөлтөнгүүд минь!
Буурал Тагнууг эзэлсэн
Улаан лусан хөлтөнгүүд минь!
Сайн гэвэл, та нарын алдар
Саар гэвэл, та нарын туяа
Ар биенд минь мөнгөн хуяг болж,
Өвөр биенд минь инээх нүүр болсон тэнгэр билээ
Ямбандаа заларч
Яндартаа өршөөгтүн
Хөх тэнгэр хөлөгтөнүүд минь!
Хөвөн үүл нөмрөтөнүүд минь!
Тэвийн зах суудалтангууд минь
Тэнгэрийн хаяа чуулгатанууд минь
Урдын тань удам гэж хайрхан
Хойтын залгамжлал гэж бид ээ!
Сайн зүгийн минь тэнгэр
Саруул зүгийн минь заяа
Орохын олзыг нээн буулгаж
Гарахын гарзыг хаан боогтун
Хар толгойт үрдээ
Манаа болсон хайрхнууд минь!
Хавтгай цагаан буяндаа
Хашаа болсон хайрхнууд минь!
Мөрт тань мөргөж
Мөнтгөр толгой дохиж
Хавтгай хормой дэвсч
Хар толгойдохиж
Урьдын тань удмыг дагаж
Урьдаас тань угтан бараалхаж
Есөн ес наён нэгэн сацлыг тань өргөж
Захтайг тань жирмэж (Захтай гэдэг нь тэнгэрийн оёдол)
Залбирал мөргөл хийж явнав
Есөн ес наян нэгэн тамлагын тань тамлаж
Энтэй тань эвдэж
Эрэл хүсэл болж явнав
Нарт таны орны үр борчууд (борчууд гэдэг нь хүүхэд багачууд)
Надаар дамжуулан асууж
Аав ээжийн заяат тэнгэр ээ
Алтан зарлигийг дуулахын (сонсох) хүсэл их учир
Урьдаас тань урин дуудаж
Бараалхаж явнав би
Төрсөн үрийнхээ
Түлсэн голомтыг
Түмэн онд хөнөөж
Толгой үс дайвандуу болтол (дайвандуу гэдэг нь буурал)
Харах гэсэн та нарын
Хайр билээ
Сайн зүгийн тэнгэрнүүд минь
Саруул замын заяанууд минь
Уургүй номхон
Уцааргүй дөлгөөн залрагтун!
Өөрийн тэнгэрийг өршөөдөг
Хар тэнгэрийг хардаг
Хаан заяат сахиус минь
Харж үзэхийг даатгал богов
Суусан орны минь эзэд
Огторгуйн минь долоон бурхад
Уул модны минь эзэд
Ус булгийн минь савдагууд
Ургамал, өвс ногооны минь эзэд
Хар цагаан лусын минь хаад
Хорин нэгэн дарь эх ээж минь
Оройн таван өнгийг
Оч тэнгэртээ өргөлөө
Дундуур цагаан өнгийг
Хэнд тань хэнэггүй
Алинд тань алаггүй өгөв
Адилхан хувааж авагтун!
Адгийн гурван өнгийг
Алтай хангай орнууд
Лус савдагнуудад тань өрөлөө
Хаан заяат тэнгэрнүүд минь
Харсан буяндаа эзэн болж
Хар толгойт үрдээ
Заяа болж хайрлагтун!
Хийсэнд минь хэвийг олгож
Явсанд минь ямбыг оршуулагтун
Арц эргүүлсэн газарт минь
Арга домыг тавигтун
Ус эргүүлсэн газарт минь
Урагш тусыг хүргэгтүн
Сунаж унах нойрын жаргал
Суниаж босох мэндийн жаргалыг тавигтун
Аргат нартын орны үр борчууд
аав ээж та нараас арга домоо гуйж ирлээ! гээд ухаан алдах мэт болж, унахад хажууд нь байгсдас түшин авна. Энэ завсар мөн бөөлж байгаа бөө өөрийн өмнө байсан бөөгийн тухай "Тэр тэгж яваад, тэгж үхээд" гэх мэт олон зүйлийг тоочно. Үүний дараа;
"Таръя, таръя, аав ээж минь
Хийсэнд минь хэвийг
Явсанд минь ямвыг олгож хайрлагтун!
Буцах нь буцах нь тэнгэр минь
Хөх тэнгэртээ хүрэгтүн
Хөрст дэлхийдээ түгэгтүн
Хар гэртээ харинав
Халуун ханзандаа эргэнэв
Бор гэртээ харинав
Боржигнасан нөхдөө жирэгнэв
Нартын орондоо эргэнэв
Наадаж тоглон буцъя даа
Хойт жилийн өдийхүртэл
Мэнд суухын мэхийг даатгаж
Амар суухын авралыг даатгав
Шог, шог, шог
Айлтган хэлээд
Адуунд нь горьдов
Өгүүлэн хэлээд
Үхэрт нь горьдов
Зөвийн дундуур
Үнэн мөнг хэлж буцаарай
...тооны үр борчууд минь (...бөөлүүлсэн тэр айлд байсан бүх хүний тоог хэлдэг юм)
Дор дороо залбиран суугтун
Хойт жилийн өдий хүртэл
Амар мэнд биз дээ" (гээд дуусна)
Б.Содном. 1949 оны 7 дугаар сарын 29 нд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын зайран Дэмчигээс Ойнзонгийн Найдан бичиж авсаныг тэмдэглэжээ.