Saturday, October 27, 2007

ХЭЛ, ШИНЖЛЭЛ СУДЛАЛ

Б.Содном
Нэр томъёо боловсруулах арга

Шинжлэх Ухааны нарийн буюу явцуу мэргэжлийн нэр томъёог монгол хэлээр боловсруулах явдал орчин үед үргэжилсээр байна. Европын ямар нэг хэлний нэр томъёог бид голдуу орос хэлээр дамжуулан, монгол хэлээр боловсруулан авч бхйнх. Сүүлийн үед латин, англи, герман, франц зэрэг европын төрөл хэлтэйхарьцуулан үзээд улмаар европын ямар нэг хэлээр хавсарган хийсэн төвд, манж, хятад зэрэг хоёр буюу түүнээс дээших хэлний толь бичгүүдтэй тулгаж, жинхэнэ монгол нэр томъёог олж авдаг болсон явдал багагүй амжилтад хүргэж байна.
Ер нэр томъёог монгол хэлээр боловсруулахад нэгэнт монгол хэлэнд байгаа нэр томъёог олж хэрэглэх, эсвэл харь хэлний нэр томъёог хууланбарлан орчуулж авах юм уу, чухамхүү харь хэлний нэр томъёог орчин үеийн утгаар нь монголчлон авдаг юм. Машин, радио, техник мэт харь хэлний олон нэр томъёг хэвээр нь авч хэрэглэсээр байгаа нь мэдээжийн хэрэг юм аа. Эдгээрээс гадна цаашдаа анхаарвал зохих зүйлс бас байна. Европ хэлний нэр томъёог голдуу орос хэлээр дамжуулан авахдаа үүний урьд өмнө толь бичиг зэрэг аль зохих холбогдох хэрэглэгдэхүүнийг хайхран харалгүй яаруу бачуу хийж байсан орчуулагч нарын өгсөн зарим хөнгөн хуумгай нэр томъёо, тэр чүү байтугай махчин орчуулсан хэллэг монгол хэлэнд ихээхэн нөлөөлсөн үзэгдэнэ. Энэ явдал нэр томъёо тус орны дотор нэгэн мөр зөв болгож явуулахад багагүй тойв болж, амь бөхтэй зууралдсаар байгааг ихэд анхаарууштай болжээ. Гэвч хүмүүсийн ухамёар улмаар дээшилж,нарийн мэргэжлийн хүмүүс олширч байгаа явдалтай уялдан, эл буруу зөрүү нэр томъёо голдуу зав замдаа орсоор байна. Жишээг хэлвэл: “раковина” гэдгийг юм бүхэнд “дун” гэж байсан нь зарим зүйлд таарч өгөхгүй, хүмүүсийн гайхлыг төрүүлээд зогсохгүй, огт ойлгохгүйд хүргэж байв. Үүгээр үл барам, нэр томъёоны буюу үгийн салаа утгыг гаргаж чадахгүй байснаас ийм гэм гарчээ. Одоо “раковина” гэдгийн салаа утгыг тодорхойлон гаргасан бйна. Раковина=1. дун, ювуу, лавай, 2. тосгуур, 3. самалдаг, 4.гуур, 5. хөндий, 6. дэлбэ гэжээ. Кухонная раковина=сав угаар тосгуур, раковина носовая=хамрын самалдаг, образоваться раковина в металле=төмөрлөгт гуур тогтох, ушная раковина=чихний дэлбэ гэх мэт. “Молочные зубы” гэснийг “сүүн шүд” гэж огт буруу нэр өгснийг,”нялхын шүд” гэж зөв нэр томъёог олж өглөө. “Мозг” гэдгийг ерөнхийд нь тархи гэсээр байлаа. Мозг головной=уураг тархи, мозг костный=чөмөг, мозг костный красный=шавал чөмөг, мозг спинной= нугас гэж угийн салаа утганд жинэхэнэ нэр томъёог олж нэрлэдэг болов. “Порог” гэдгийг ганцхан босго гэж байсан бол одоо боргио, зааг \порог раздражения=сочроох зааг\ гэх болжээ. Бас элементийг махбод, язгуур махбодууд гэж ганцхан утгаар зонхилоод, бусад тохиолдолд, бусад тохиолдолд таарч өгөхгүй нь гайхан, энд тэнд хэвээр хэрэглэсэн боловч, олонхи хүн ойлгохгүй, цөөн төдий хүн там тум ойлгож байсан удаа бий. Харин одоо элемент гальбанический = гальваны зай, элемент матэматики = тооны ухааны анхны мэдэгдэхүүн, важнешие элемэнты драматического проиоазбедения = драмын (жүжгийн) чухал зүйл, элемент географический = газар зүйн зүйл, элемент пачатаюший = хэвлэгдэх зүйл, элементы пельефа=гадарууны бүрэлдэхүүн" гэхчилэн олон зүйлийг дурдаж болно. Ингэж нэр томьёог тус орны дотор нэгэн мөр болгохоор чармайн боловсруулсаар байна.
            1960 он хүртэл гол төлөв орос зэрэг европын хэлний ямар нэг томъёог монгол хэлэнд хэрхэн боловсруулаж хэрэглэх тухай хамаг хүчээ тавьж ажилласанд алдсан оносон зүйл бий. Алдсан зүйлийг засч улам сайжруулахад нөгөө буруу зөрүү орчуулгын зүйл тийм амархан хүч хүрэгдэхгүй байна. Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн хавсарсан тогтоол, Улсын нэр томъёоны комиссын дүрэм ёсоор нэр томьёог шинжлэх ухааны үндэстэй боловсруулахад тэр хөнгөн хуумгайгаар бий болсон нэр томъёо аргагүй л жагсаалаас гарсаар байгаа юм. Дан ганц европын хэлний нэр томьёог боловсруулж хэрэглэх нь зүйн доторхи хэрэг боловч, бас урьд өмнө нь монгол хэлэнд байгаа нэр томьёог орос буюу европ хэлээр юу гэдгийг мэдэхгүй буюу онохгүй гэм байна. Монгол хэлний тэдгээр нэр томьёог орос, латин хэлээр болгож авбал, ер нэр томьёог боловсруулж тогтооход цэтгэл доноголзохгүй амар болох юмсан. Энэ ажлыг 1971 оноос эхэлсэн боовч, их л удаан явж байна. Зөвлөлт Холбоот улс тэргүүтэй ардын ардчилсан социалист орны толь хэвлэдэг газруудын 7, 9-р бага хурлаас уг ажлыг сайшааж, яаравчлах талаар Монгол, Зөвлөлт хоёр улсын хамтран хийх ажил болгосон протокол гаргасан билээ. Зөвлөлт Холбоот Улсаас орос хэлний хэвлэл хариуцах юмаа. Юуны өмнө бараг 20-иод мянган үгтэй 36 дэвтэр "Монгол хэлний тайлбар толь бичиг"-ийг дав дээр орос, заримыг латин хэлээр хавсарган хийхээр шийдвэрлээд, тус Хэл Зохиолын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Го. Мижигдоржоор хийлгэж эхэлсэн юм. Энэ завсар "ургамал", "амьтны зүйлсийг" монгол-орос, жатин, төвд, хятад хэлээр хоёр дэвтэр болгон хэвлэв. Дотоод гадаадын эрдэмтэд нх талархаж сайн үнэлгээ өгсөөр байгаа юм. Бас монгол-орос хэлээр "мал, тэжээвэр амьтны зүйлсийг" нэг дэвтэр болгон хэвлэжээ. Энд зарим ургамлын нэр томьёог жишээ болгон хэлбэл: Нишингэ = троцтник сахарный, мөнх харгана = пиптантус (монголская) , хөмрөг цэцэг = малина токкура = ежевик токкура, заарт мод = коричник = коричник кафарный, үст мод = бруццонетия, ялам мод = шелковица (белая), дэл = ильм горный = вяз шершавый гэх жишээтэйгээр орос хэлээр буусан байна.
         Амьтны нэр томьёоноос авч үзвэл: цэн тогоруу = маньчжурский (уссурский, даурский) журавль, сар = мохноногий = курганник = сарыч = каннюк, тахь лошадь пржевальского, бөхөн = сайга, минж = бобра, дорго = барсук гэх мэтээр орос хэлээр буусан нь нэр томьёог боловсруулахад их тус хүргэж байна. Толь бичигт огт ороогүй боловч, орчин үеийн монгол ярианы хэлэнд хэрэглэгдсээр байгаа олон сайхан нэр томьёо байх юм. Энд заримыг цухас дурдвал: Оёдолын машинд чөдөр араа, авто машинд зүрх араа, гуталд тэвчээр (арант), нярайлахад хучилгах (подовые схватки) гэх мэтийн нэр томьёог ярианы хэлнээс авч жинхэнэ орос хэлний нэр томьёог олж оноох явдал бас тун чухал байна. Иймд монгол хэлэнд байгаа нэр томьёог юуны урьд орос хэлээр болгож авах нь чухлын чухал шаардагдаж байгаа юм. Европ хэлэнд байгаа нэр томьёоны язгуурыг хөөж, чухамхүү монгол нэрийг олох явдал чухал болох үзэгдэнэ. Үүнд "чихэр" гэдэг үгийн язуурыг хөөж үзвэл, Иран, Араб хэлээр анх гарахдаа :"шакара", Грек хэлээр: сакхар, латинаар: сахарум, самгарди, (энэтхэг)ээр саркара, оросоор: сахар, герман, украин зэрэг европын нэлээд хэлээр цукер, англиар (sugar) шуге, францаар (sucre) сюкр гэдэг байна. Гэтэл хуучин монгол бичгээр: шихэр гэж бичдэг байсан нь одоо ярианы хэлээр чихэр болжээ. Энэ бүгдээс үзэхэд "чихэр" гэдэг нэр томьёоны язгуур цөм нэг бөгөөд хэл бүр өөрсдийн аялгуунд зохицуулан хэлж авсан нь илт ээ. Тиймд чихрийг сахар гэж сэцэрхэн хэрэглэдэг явдал илүү хэрэг юмаа. Ер нь нэр томьёог чамбай боловсруулах явдал үнэхээр чимхлүүр ажлаар барахгүй, харин аль зохих хобогдох ном дэвтрийг үзэж, уг нэр томьёоны утга учрыг тайлбараас нь мэдэж ойлгоод, сая толь бичгүүд буюу холбогдох бичиг нэрлэж болохыг шийдвэрлэх жишээтэй. Нэр томьёог ер болоогүй байна гэж хэлэх хүн олон дайралдахаас биш, чухам тэгж нэрлэдэг юм гэж хэлээд өгөх хүн өдрийн од шиг цөөн. Өөр нэг сонин зүйлийг ашиглавал, монгол хэлэнд нэр томьёо өгүүлбэрийн дотор үйлт нэрээр буюу үйл үгийн хэлбэр их хэрэглэгдэх юм. Эл үзэгдлийг харгалзаж, зарим нэр томьёог үйлт нэрээр хийхээр, нэр биъ гэж маргахыг завдахад нь өгүүлбэрийн зүйгээр нотолж өгөх явдал мундахгүй дайралдана. Үүнд: жишээлбэл: Водная иммерсия = усаар тодотгох, возврат мяча = бөмбөг буцаах, возместить издержки = зардлыг нөхөх, ингаляция = амаар утах гэх мэт ер нь нэр томьёог боловсруулан тогтоохдоо үгийн аль нэг хэлбэрээр хийж өгөхөөс биш, чухам өгүүлбэрийн дотор хэдэн хэлбэрээр хувиран орохыг тэр бүр хийж чадахгүй нь мэдээжийн хэрэг гэдгийг нэр томьёо хэрэглэх хүмүүст анхааруулах хэрэгтэй байна. Нэр томьёо бол үгсийн сангийн нэг хэсэг мөн учир, их урт удаан хугацаанд өөрчлөгдөх нь илэрхий. Харин нэр томьёоны авиа сунжирч сэлгэх, гээгдэх үзэгдэл бий. Баримтыг дурдвал: "аннагур, аннгурчин гэж байсан бол одоо агнуур, агнуурчин, умартах бол ярианд голдуумартах болжээ. Огт торохгүйгээс огторгуй гэдэг нэр үүссэн нь сонихон үзэгдэл байх юмаа. Европ хэл монгол хэл хоёроос нэр томьёог адилхан хослон боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна.
    

4 comments:

Anonymous said...

MONGOLIA, HMMM

Be Happy said...

энэ блогийг хөтөлдөг хүнд баярлалаа. Өчигдөрхөн би япон судлалын магистар хамгаалсан охинтой нэлээн халуухан маргаанийг эхлүүлсэн юм. Харин өнөөдөр би энэ талаар маш ихийг бодон сууж байна. Таны бодлоор монгол хэл шинжлэл зогсонги байгаа юу? судлаач биш бизнесийн чанартай ном эмхэтгэл гаргаад байна уу та энд хариулт өгөөч

Be Happy said...

sain bna uu? ene blogiig hotolj bgaa tand mash ih bayrlaj bna, ochigdor bi japan hel sudlaliin magistriin ohintoi neleen haluuhan margaaniig yrilaa. mongold hel shinjleliin salbar zogsingi baidaltai, negniihee hiisen sudalgaan deer gants 2 jishee nemeed nom bolgodog, sudalgaa shinjilgee geheesee ilvv biznes taldaa baidag geh metchilen mash urt zamd metgeltslee. Harin ene talaarh tanii bodol?

Mongolstudy said...

Тиймээ Монгол хэл шинжлэл аль хэдийн зогсонги байдалд орсон нь нэн үнэн. Хүний оюуны хөдөлмөрийн хууль монголд хэрэгждэгүй. Нэр томьёог хүн бүхэн дур мэдэн хийдэг. Уран зохиолын шүүмжлэгч гэж байхаа больсон. Өөрөөр хэлбэл утгаа алдсан. Шинэ нэр томьёо монгол хэлэнд гараагүйгээс болж гадаад үг хэллэг их хэрэглэдэг болсон. Сургуулийн багш нар өөрсдөө сургалтаа бэлддэг болсон нь харамсалтай.

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...