Saturday, February 7, 2009

4 дэх өдөр, 25-12-2008 12:19
“Миний мэдэх Содном гуай” зохион бичлэгийн уралдаанд

ЗУСЛАНГИЙН ҮДЭШ
Богд уулын цээжин бие зул бадарч байгаа мэт асан зүмбэрлээд, Зүүн богины ам улам уужирсан мэт цэлийж налайгаад, зуслангийн айлууд бараг л бүгд хаалгаа тэлчихсэн будаатай хуурга юм уу бууз хуушуурын үнэр ханхлуулаад, ээжүүд хүүхдээ дуудаж “хоолоо ид” хэмээн хашгираад, хүүхэд багачууд нь ёстой л нэг жаргалаараа туйлаад цэнгэлийг эдэлж байгаа нь тэр уулын ивээл үү, нам засгийн ивээл үү. Бурханы ивээл биш, Богд Жавзандамба хутагтынх бол бүр ч биш юм даг. Хүүхдүүд өдрийнхөө тоглоом наадмыг үргэлжлүүлэн, өдөр битгий дуусаасай гэх мэт наадацгаана. Гадаад явдлын яамны зуслангийн хүүхдүүдийн хэл яриа, тоглоом наадам таарахгүй тул хүрэээлэнгийн зуслангийн хүүхдүүд л хоорондоо нийлэн үерхэнэ.

Түүний нэгэн адил ээж аавууд нь ч гэсэн нийлж нөхөрлөхгүй. Гадаа тааралдахаараа л найрсаг инээж, хэзээ язааны дотно нөхөд шиг байдаг юм. Гаднаа гадаад яам, дотроо дотоод яам гэдэг нь тэр билээ. Тэр ч байтугай хүүхдүүддээ, “Хүрээлэнгийн зуслангийн хүүхдүүдтэй тоглож болохгүй. Тэдний аав ээж нь үндэсний үзэл ханхлуулсан муу хүмүүс байдаг юм” гэж захисан ч удаатай. Гэтэл оросоор сайн ойлгоод монголоороо муу сэтгэдэг жаалууд нь “Аа, эд нар чинь гэр хороололд байдаг байх. Тэгээд усанд орж чадахгүй хир ханхалдаг байх нь” гэж хэлсэн нь тэрүүхэн хавьдаа инээдэм болоод өнгөрснийг хүрээлэнгийнхний хүүхдүүд хэрхэн мэдэх вэ дээ.
Зуслангийн айлууд хэзээнээс нөхөрсөг билээ. Тийм болохоор хүрээлэнгийн ажилтнууд нэг нэгнийхээрээ айлчилж, удаан цагаар ярьж хөөрцгөөнө. Өвөлжөөндөө буучихлаар бие биенийхээрээ хэсч чаддаггүй тул зөвхөн энд л хонь хурга нийлэх мэт болно. Жигдрэн эгнэсэн нэг загварын ижил байшингуудын үүд дэлгээтэй байнаа гэдэг чинь хэн ч хэзээ ч морилж болноо гэсэн бичигдээгүй хуультай нүүдэлчин монголын үгийг нотолсоор байгаа хэрэг. За даа тэрхүү нотолгоо ч ороод ирлээ дээ.

Ван багштан морилж явна. Бараа бологчоор нь Цогоо, Го Мо Жо хоёр дагалджээ. Го.Мижиддоржийг зарим нөхөд нь хятадын алдарт зохиолчийн нэрээр ийнхүү нэрлэн дуудах явдал заримдаа байдаг юм. Зусланд гараагүй Ван гөөгөө жилдээ нэг удаа зуслангаар хүндэт айлчлал хийдэг баярын жавхаат өдөр байж таарлаа.

Гэрийн эзэн тэднийг баяртай угтаж авав. Нас сүүдэр энэ жил далтай гэхэд хөнгөн шингэн, толгойтой үс нь тэгтлээ ч их бууралтаагүй, буяны даллага мэт уужим чихтэй, бичгийн эрдэмд нэвт гэрэлтсэн нь харваас илэрхий өвгөжөөр хүн гэрийн эзэн байлаа. Сууж байгаа хэдий ч өндөр янхир нуруутай нь мэдэгдэнэ. Гэрийн эзэн Содном зочдыг заларч байгаад баяртай байгаагаа илэрхийлэх сац гэргий Норжмаа нь хэзээний цай идээгээ дээжилж байлаа.

Урд ууланд очиж үеийн нөхөдтэйгээ тоглож наадангаа хэдэн гишүү мөчир түүж ирсэн цовоо хүү цангаа гаргах нэрийдлээр их ажил хийснээ аав ээждээ мэдэгдэх, болж өгвөл сайшаалын үг сонсчих хоёр ажлаар гэртээ оров. Шанага шүүрч ус утган нэгэн аяганд хийж хэд залгилаад гарах гэтэл

-Дэндэв захирлыг дуудаадах. Ван багш Со багшийнд ирчихээд дуудаж байна гээд хэлээтэх! гэх зарлиг үг сонстсон тул энэ үгийг хэн хэлэв гэдгийг ч анзааралгүй дарцаглан гүйсээр зуслангийн баруун хойд талыг эзэлсэн бусдаас том бөгөөд өнгөлөг сүрлэг байшинд очиж харагдах үес Дэндэв гуай харин Со багшийн гэрийн үүд хавиар алхаж явлаа. Дэндэвийн хэнз хүү Лев гэртээ тогтож суулгүй үеийнхээ хүүхдүүдтэй тоглож наадах гээд аав ээжийнхээ хориглосон үгийг ч тоолгүй гараад гүйчихсэн юм байжээ. Гадаа тоглодог золбин хүүхдүүд хүүгий минь шоглочихож мэднэ гэсэн Сүрэнхүү ахайтны тушаалаар хүүгээ олж ирэх гээд алхаж явсан нь тэр байжээ. Тийнхүү алхаж явахыг дэлгээтэй үүдээр харчихсан Ван багш нэрээр нь хашгиран дуудав. Дуудахыг сонссон, бараа харагдсан тул аргагүй нэг ороод гарах юм болов. Түүнээс бус захирал борчуудын гэрээр төдийлөн шагайдаггүй билээ.
Захирал морилж ирсэн болохоор яриа хөөрөө жаахан албархаж ирснээ төдхөн аядав. Төрөлхийн зожигдуухан зангаасаа болж хүнтэй нэг их нийлж нөхөрлөөд байдаггүй захирал гуай ч бас ганц нэгэн хундага татаад, задгай ярианд оролцох далдуур хүсэлтэй мэт ажээ. Ажилтнуудтайгаа төдийлөн ингэж холилддоггүй тул жаахан цэмцэгнүүр. Хүү Лев нь ч бас хүүхдүүд дундаа ихэмсэг зантай. Со багшийн бага хүү Төмөртэй тоглох гэсэн мэт хоёр биеэ харалцах боловч томчуудын дэргэд хэн хэн нь биеэ бариад хөндийхөн сууцгааж байв. Со багш бага хүүгээ өхөөрдөхөө мартсангүй, “миний хөл хучих хүү” хэмээн дотносно.
Эрдэнэтийн том үйлдвэрийг барьж байгуулж, тоос нь тэнгэрт манарч байгаа цаг билээ. Улс орны бүхий л анхаарал Эрдэнэтэд зориулагджээ. Хэлний хүрээлэнгийнхэн ч бас энэ их ажилд өөрсдийн хувь нэмрээ оруулах гэж шамдаж байгаа билээ.
Тэрхүү шамдагчдын гол төлөөлөгчид энд сууцгааж байх ажээ. Эрдэнэтийн нэр томьёоны толийг зохиох гол ажлыг нугалж байгаа Го Мо Жо, толь зүйн ажлаар олон жил дагнан мэргэшсэн Со багшаасаа асууж жигдлэх нь олонтаа. Ван багш ч ихийг хэлж өгнө. Харин Дэндэв захирал энэ тэр ажилд оролцохгүй, зөвлөөд байхгүй, тэгсэн атлаа ганц нэгэн өө сэвийг нь олж харчихаад хурал цуглаан болгон дээр ярьж сүржигнэнэ. Нэг мэдэхэд хамтран зохиогч гээд нэрээ урд нь тавьчихсан байх ч юм уу, редактор гээд залагдчихдаг тавилантай. Нанчидыг наадаж байгаа хэдий ч толийн тухай жаахан ярих гэтэл захирал нэг л цэмцэгнүүр. Уг нь ажил ярихгүйгээр ганц нэг хундага татаад, хэн нэгнийг муулах гэх зэрэг ховын шинжтэй яриа сонсох гэсэн байх л даа.
Тэрхүү цэмцэгнүүр байдлыг эвдэж, өөриймшсөн дотно сэтгэлийг үүсгэх гэж үг нь олширсон Го Мо Жо:
-Бүгдээрээ Ри багшийнхаа төлөө нэг хундага тулгачихъя! Ри багш байсан бол миний будилаад байгаа олон зүйлийн учрыг амархаан тайлчих байсан юм даа гэлээ. Яриа ч нэлээд шингэрсэн, лонх ч бас дундарсан үе тул хэн хүнгүй тулгацгаах аятай юм болцгоов. Гэтэл захирал байдлыг гэнэт эвдэж
-Би Ринченгийн төлөө тулгахгүй! гэсээр босоод ирлээ. Босч ирээд илтгэл тавих нь уу гэтэл үгүй юмаа, шууд үүд зүглэв. Ван багш:
-Дэндэв ээ! Чи бид хоёр нэг өдөр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Ри багш тэгэхэд бид хоёрын хэнийг ч татгалзалгүй саналаа өгсөн шүү дээ. Тэр ачийг санаад нэг тулгачихад болохгүй нь юу байна. Одоо тэр хүн өндийгөөд ирэх биш! гэлээ. Содном, Вандуй гэдэг хоёр мундаг багш нь зэрэгцээд сууж байхад шавилсан нэртэй юм болохоороо Дэндэв хэдийгээр захирал мяндагтай ч гэлээ тэдний үгийг сонсох л учиртай байсан баймаар.
-Тэр цагаан цэргийн үлдэгдэл, үндэсний үзэлтэнтэй би намч ёсоор эвлэрэхгүй! гэсээр гарч явлаа. Нам ярьж байгаа хүнтэй ном ярьж таарах биш. Нам гүм болж хэсэг сууцгаав. Хаврын яргуй дэлгэрэхээс арай өмнөхөн бурхан болсон Ринченгийн сүнс зуны дэлгэр энэ орой амилан босч ирснээс нэг хүн аюун зугтаад бусад нь хүндлэх сэтгэлдээ хөтлөгдөн алмайрч байгаа юм уу даа гэмсээр хэсэг зуурын чимээгүй байдлыг Со багшийн намуухан дуу хөндөж:
-Ри багшийнхаа төлөө энэ хүнгүйгээр идээнийхээ дээжээс нэг хундага дэвшүүлцгээе ээ! гэлээ. Ринчен, Содном хоёр тоолбол бараг нас чацуу ч гэлээ хоёр биенээ Ри багш, Со багш хэмээн хүндлэн дуудацгаадаг билээ. Ер нь ч хоёр биенээ чи гэж дуудаж байгаагүй байх, багш та гэх мэтээр л харьцана. Энэ мэтийн харилцааг нарийн сүрхий ажигласан Норжмаа эр нөхрөө “Содном оо” гэж дуудахгүй, “Багш аа” гэж л дуудна. Хорооны ухуулагч орж ирээд “Танайх хэнийх гэдэг айл вэ?” гэж асуухад “Содном багшийнх аа” гэж хариулах жишээтэй. Бүгд хундагаа барилаа. Яагаад ч юм тулгасангүй, нэгэн амьсгаагаар бүгд хөнтөрцгөөв. Уг нь Го Мо Жо хундага тулгая гэж санал гаргасан билээ. Со багшийн түвшин нуруутай энэ үгэнд Го Мо Жогийн сэтгэл уярч, захирал руугаа хатуухан үг хэлж, араас нь довтолгон очиж агсам тавья гэж байсан ааг омог нь дарагджээ. Ван багш харин дуулж эхлэв.

* Алиман сарны тунгалаг туяа
* Агаар дэлхийг гэрэлтүүлж байна.
* Амраг чиний минь ариун хайр
* Алаг зүрхийг минь догдлуулж байна.

Ван багш хэзээний л үүнийг дуулах дуртай. Энэ үедээ хамар нь улам л улайгаад, улайх тусмаа монцойх шиг болно.

-Вандуй! Согтох нь уу даа. Биеэ барина шүү. Ри багш биднийг сая лав харсан.

-Би дахин энэ зусланд ирэхгүй ээ!

Ван багшийн энэ үг цочмоор сүрлэг байсангүй.

-Ирэлгүй яах билээ. Ирж байгаарай. Манай хаалга үргэлж нээлттэй шүү дээ. Эл үгийг өлгөж аваад Го Мо Жо үл ялиг согтуурхангуйгаар:

-Цогоо манай хоёрынх ч ялгаагүй дээ гэх зуур Со багштан яриагаа тасалсангүй үргэлжлүүлсээр

-Чамайг ирэхгүй бол бид бас үгүйлнэ шүү! гэж яриагаа дуусгалаа. Нэртэй төртэй эрдэмтэн болж идэршиж яваа хоёр шавь нь ч бас уралдан Ван багшийг аргадацгаав.

Ван багшийн зөв байжээ. Намрын сарыг адаглаад, өвлийн сарыг эхлүүлээд Ри багшийнхаа байгаа мөнхжингийн орон руу яваад л өгсөн болохоор зөв байсан юм. Харин тэрхэн үед хэн ч ингэж санасангүй, хэлж байсан Ван багш өөрөө ч тэр тухай зүүдлээгүй биз ээ.

-Со багш аа, хоёулаа Дэндэвгүйгээр Ри багшийнхаа төлөө хундага өргөчихлөө. Хоёр шавь маань ч хамт байлаа. Миний ажил ингээд боллоо. Одоо би ганцаараа Со багшийнхаа төлөө хундага дэвшүүлнээ гэснээ дагуулж яваа хоёр шавь руугаа харж

-Аль вэ, надад тусгайлан нэг хийгээдэх! гэлээ.

Хүүхдүүд гадаа тоглож наадах чимээ нь тасраагүй л байлаа. Тэд ямар хундага өргөхийн аз жаргалыг тухайлж гэж мэдэх биш, жаргалтай өдрийг улам л уртасгах гэж дуу хуур, наадам цэнгэлдээ умбаж байна. Богд уул нэвсийн харлажээ. Үдшийн бүрий түрэлхийн дайрч, түрэмгийлэн эзлэх янзтай.

-Ринчен, Дамдинсүрэн хоёрын дараагийн хүнийг нэрлээдэх гэвэл аргагүй л манай Со багш мөн дөө! Нацагдорж болоод Со багш мандтугай! гэх Ван багшийн үгийг тэрхүү шуугиан цэнгэл дундаас хэн л сонсов гэж.

2008

Ya.Baatar
Сан Франциско

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...