Saturday, February 7, 2009

2 дах өдөр, 30-12-2008 02:51
Эгэлгүй хэрнээ эгэл хүн шиг амьдарсан Б.Содном
Улс үндэстэн болгонд өөр өөрийн гэсэн алдартай нэртэй хүн байдаг. Тухайн ард түмэн тэр хүнээ шүтэн биширч, хүндэтгэн дурсч байдаг. Монголчуудын дунд их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн тухай мэдэхгүй хүн гэж бараг байхгүй. Найман настай балчираас ч балчир хүүхдүүд анхны боловсролоо эзэмшиж байхдаа ч тэр агуу хүний шүлэг дуу, өгүүллэг, найраглалаас цээжилж түүгээрээ уралдаж, басхүү яруу найраг утга зохиолынхоо анхны мэдлэгийнхээ шанг тэр хүний бүтээлээр татдаг гэхэд болно. Д.Нацагдоржийн тухай олон яриа, бусдын бичсэн олон дурсамж түүхийг бид тэр болгон сонсч байдаг. Хүн болгон өөр өөрийн гэсэн дурсамжийг хүүрнэдэг ч тэр нь ихэнхдээ нэгэн сэдвийн талаар тэрхүү агуу их зохиолчийн талаар өнгөцхөн мэдээллийг бусдад түгээдэг. Аливаа хүнийг бусдаас илүү бүр хамгаас ч сайн мэдэх ямар нэгэн хүн байдаг шиг Д.Нацагдоржийн талаар бусдаас илүүг мэддэг, бидэнд тэр хүний амьдралын талаар үнэн бодитой, уран бүтээлийнх нь талаар сэдэв, анхны түүхийнх нь талаар мэдэх амьд толь нь болсон нэгэн хүмүүний талаар хүмүүс тэр болгон сайн мэдэхгүй. Тэр хүн бол Их зохиолчийн нэгэн нутгийн хүү, унаган багын нөхөр болох Балдангийн Содном бүлгээ. Б.Содном гуай өөрийн амьдралыг бүхэлд нь утга зохиол судлалд зориулжээ. Түүний амьдрал ээдрээ бартаа ихтэй, түмэн зовлон басхүү буман баяр баясгалангаар баялаг өнгөрсөн юм шиг ээ. Тэрхүү нэгэн хүмүүний амьдралын богино ч юм шиг, эс бөгөөс хийсэн бүтээснийг нь харахад урт ч юм шиг хугацаанд их найрагчтай тоглож наадан, тэр эрхэм андынхаа богино амьдралдаа амжуулсан их уран бүтээлийг судлахад, мөн ард түмэн хэмээх дуусашгүй дундаршгүй их баялагийн дундаас бүтээгдэн гардаг ардын аман зохиолыг судлахад цаг зав оюун ухаанаа харамгүй зориулж чаджээ. Б.Содном гуай одоогийн Төв аймгийн нутаг их найрагчийн хүй тасласан Гүн Галуутайн нутагт мөн л адил эхээс унажээ. Содном абугайн амьдрал их Нацагдоржтойгоо эхэлсэн ч дунд хэсэгтээ ид хийж бүтээх насандаа үнэнч анд нь түүнийг орхин хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Хамтдаа чулуугаар тоглож, хамтдаа сургуульд явж, хамтдаа нөхөрлөж, хууч хөөрч, хамтдаа ажиллаж байсан нөхөр нь холын хол одоход түүнийхээ дурсгалыг хүндэтгэн ард түмний хайртай зохиолчийн амьдрал бүтээлийн үнэн түүх, амьдралын алдаа оноо, амжилт суу алдрын талаар түмэнд хүргэхээр хоёргүй сэргэлээр зүтгэсэн байдаг. Тухайн үеийн зохиолч эрдэмтдийн нэгэн адил мөн л хэлмэгдлийн хар шуурганд нүүр нүдгүй шилбүүрдүүлж, ид хийж бүтээх насаа шоронгийн чийгтэй хүйтэн ханан дунд өнгөрүүлсэн нь аливааг хийх хүсэл тэмүүлэл, уйгагүй зүтгэлийг нь мохоож чадаагүй юм. Б.Содном гэдэг хүнийг хүн бүр тэр бүр мэддэггүй. Харин тэр хүний хөлс хөдөлмөрөө шингээсэн бүтээлүүдийг нь би өөрөө уншиж цээжилж, түүнээс нь жинхэнэ баяр баясгаланг мэдэрч байснаа хожуу мэдсэн. Арга зальтай бадарчингийн тухай домог яриа, ертөнцийн үнэнийг өгүүлдэг ертөнцийн гурав дөрвийг цээжилж байхдаа ч энэ хүнийг олж цуглуулсан гэдгийг нь мэдээгүй. Аман зохиол хэмээх хэтрүүлэгтэй ч амьдралаас тэгж хол зөрөөгүй, тухай ард түмний үнэн амьдрал ёс заншлын эргүүлгээс хол хөндий хийсвэр бус нэг л нандин зйүлийг сонгон авч өөрөө цуглуулж бидний үеийг хүргэсэн хүн юм байна гэдгийг мэдэрмэгц эрхгүй бахархах хүндлэн хайрлах сэтгэл төрснийг нуух юусан билээ. Одоо ч тэр бяцхан сурагчдын нандин цүнхэн дэх сурах бичгийн хуудаснаа Балдангийн Содном гэдэг хүний цуглуулсан аман зохиолуд цагаан дээр хар мөр гарган зурайна. Миний үед ч, миний ээжийн үед ч тэр л хэвээрээ байсан гэж бодохоор, ээж минь түүнийг мөн л миний нэгэн адил уншиж, инээж хөхөрч байсан гэж бодохоор эх орныхоо ирээдүйд ямар их номын буян, боловсролын эх уурхай, баяр баяслыг авчирч вэ гэж бодмоор. Б.Содном гуайг би гавъяа шагналыг нь олгоогүй гавъяатан гэж хэлмээр байна. Бид хүнээ зөв үнэлж чаддаггүй гэж харамсдаг. Олон сайхан авъяастан, билиг танхай найрагчид ухаант эрдэмтдээ бид “алдсан”. Хорвоогийн жам байсан ч бидний хүчин зүйл молхи болхи ухаан тэднийгээ сэтгэлээр нь “хөнөөсөн” гэж би халагладаг. Аман зохиол өөрөө ард түмний баялаг. Тиймдээ өмнө нь АРДЫН гэдэг томоос том тодотгол бичигддэг. Оюуны өмч, патент гэж яривал энэ бүх ард түмний нэр дээр байдаг. Хэрэв Б.Содном гуай байгаагүйсэн бол бидний үед хоёр тулгуур модон таягтай, харахад л инээд хүрмээр, адтай бадарчингийн талаар үлгэр домог явган яриа болсон явдал ирэх ч үгүй байсан байх. Магадгүй ээ, тэр хүн үүнээс олон зүйлийг ийнхүү бидний үед буухиалан авчирч амжаагүй ч байж мэднэ. Тэглээ гээд бид тэр хүний хийсэн бүтээснийг мартах ёсгүй. Эгэлгүй нэгэн хүмүүн эгэл жирийн амьдралаар эгэл жирийн дунд сургуулийн партан дээрх дэлгээтэй номны хуудсан дээр эгэл жирийн нэгэн аман зохиолыг өөрийн биеэр түүвэрлэж, их зохиолч Д.Нацагдоржийнхоо эгэл бор амьдралын талаар судлаж, эгэл ард түмнийхээ эгэл жирийн хүүхдүүдийн боловсролд өөрийн хувь нэмрийг оруулан эгэл жирийнээр амьдарсаар энэ хорвоогоос одсон тухай эгэлгүй нэгэн хүмүүний эгэл жирийн амьдралыг би сайн мэдэхгүй. Гэхдээ би өөрийн мэдсэн дуулсан сонссон цөөн хэдэн баримтыг гол болгон энэхүү зүйлийг бичлээ. Эрдэмтэн зохиолчид маань шүүн тунгааж, эрхэм та бүхэн болгоон соёрхоно биз ээ.

Ц.БАЯНМӨНХ Монгол улсаас

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...