Wednesday, April 15, 2026

Ёвропын соёлыг өвөртөлж, түгээсэн анхдагч залуучууд

 

Ёвропын соёлыг өвөртөлж, түгээсэн

 анхдагч залуучууд

(Франц Герман суралцсан анхны Монгол сурагчдын 100 жилийн ойд)

 

        Одоогоос 100 жилийн тэртээ Улаанбаатар хот одооных шиг өндөр байшин барилга шамбааралдсан,  цэцэрлэгт хүрээлэн саад халхавч, баримал, автомашин чигчилдсэн, гэрэлт шөнийн гудамж талбай, өргөн гүүр байсангүй ээ.

        Д. Нацагдоржийн “Боловсон ёс” шүлэгнээс илт харагдана гэж Д. Нацагдорж судлаа Балданы Содном бидний аав 1921 оноос өмнө уудам их монгол орны алдаг оног модон гүүртэй байв. Бусад гол мөрнийг олмоор нь ачаатай хөсөг, дан морин унаа ялгалгүй туулан гарч байлаа. Ялангуяа зуны цагт үерлэсэн гол мөрнийг гатлана гэдэг үлэмжхэн шийдвэрлэх асуудал байсан юм. Харин монгол ардын төр мандсанаас хойш замыг засч, заримыг цардан, модон буюу чулуу бетон гүүрийг барьж усанд сүйтэх явдлыг эрс зогсоосон нь илт үзэгдэл болсон төдийгүй, гол мөрөн гатлах хүн малд амар болсон тухай зохиолч Нацагдорж зохиолдоо бас тусгаж үлээсэн байх юм. (Хүмүүжил ба жигшил сэтгүүл, 1935 оны 25 р хуудаснаа, Балданы Содном “Д.Нацагдорж Судлал” дахь “ Боловсон ёс” 342 хуудаснаа үзнэ үү?)

        Улаанбаатар хот 100 жилийн үед ямар байв? Tэр үеийн нийгэм улс төр дөнгөж хөлөө олох гээд эд бужигналдаж байсан үе. Улаанбаатар хот шинэхэн нэрээ аваад хоёрхон жилийн нүүр үзэж байв. Хоёр давхар дүнзэн албан байгуулга, сургууль дөнгөж байгуулагдаад удаагүй, усны гудам, өндөр өндөр гулдан хаалга, хашаа гудам, гандан хийд сүндэрлэсэн, хүн мал зэрэгцсэн их хөлийн хүрээ хот байлаа.

        Анхны сурагчид сургуулийн хаалга татаад тавхан жилийн дотор ихийг сурч боловсорч, зорилгоо тавин,  ирээдүйн хэн болох хүсэл эрмэлзэлдээ чиглэн , хичээл зүтгэлтэй эрмийсэн нь тэдний дурсамжаас илээхэн харагдаж байх юм.

Улаанбаатар нийслэл хот байгуулагдаад жилийн дараа 1925 оны зун дунд сургуулийн 40 гаруй сурагчид анхны захирал багш Б.С. Ишдорж, Тулханов багш нарын хамт Улаанбаатраас Алтанбулаг хот хүртэл суудлын машинд анх суулгаж, Ар Хиагтаас Сэлгэ мөрний Галт онгоцонд бид сууцгааж, Улан Үдэ, (Дээд Үдэ), хотод сургууль, соёлын газар, биеийн зарим тэмцээн, шилний үйлдвэр зэргийг үзэцгээгээд, маш их сонирхон гайацгааж явав аа. Улан Үдэ хотоос бид анх галт тэрэгт сууцгааж, Байгал далайн эргээр тависан төмөр замын нүхэлгээг тоолсоор дөчин ес хүргэн, хүний хөдөлмөр их оржээ гэж шуугилдацгааж  Эрхүү хот ирсний маргааш хотын ерөнхий байдалтай танилцан, хэд хэдэн өдрийн турш музей, зарим үйлдвэрийн газар, тариалан, эрүүлийг хамгаалах зарим газар, зөгий үржүүлэг сургууль соёлын газруудаар орж, Алайр аймгаар явуулж, юм үзүүлж нүд тайлсан явдал бидэнд их нөлөө болж, ирснээс хойш сурагчид бидний яриа хөөрөө хүртэл өөр болж, мэдэцийн хэмжээ тэлэн, эрдэм мэргэжил чухал гэж ярилцан, хичээлдээ ганц мэрийцгээх болсноос гадна зарим нь багш болно, зарим нь сайн инженер болно, эсвэл зохиолч буюу эмч, үгүй бол түүхч болно гэх зэргээр манай сургуулийн хүүхдүүд мэргэжил сонгон яриа их үүсгэж хэлэлцдэг болсон. (Б. СодномӨчүүхэн дурсамж” ,“Эрт эдүгээ” 330 хуудас Д. Цэдэв. Балданы Содном ном 2008)   

        Энэ үед сургуулийн бодлого хүүхдүүдэд бодит байдал танин мэдэгдэхүй, туршлагыг харуулан таниулж ирээдүйн монгол орны хөгжилд дэвшилтэд шинэчлэлт гаргах хүүхдүүдийг чанартай бэлдэж байжээ.

              Үүгээр харахад зуун жилийн өмнө эдгээр 40 гаруй дунд сургуулийн 13-өөс дээш 25 хүртлэх насны охид хөвгүүдийг баруун ёвроп дахь Франц Герман улсад суралцахаар өндөр шалгууртай тэнцүүлэн элсүүлсэн байна.

Герман улсын сургуульд суралцуулахаар сонголт хийхэд миний бие тэнцжээ. (Багш Б. Ишдорж нар байсан) гэхдээ зүгээр явуулчихсангүй, хэд хэдэн хүүхдээс сонгон шалгаруулж, би их Жанжин Сүхбаатарын хүү Галсан, хичээнгүй сайд Цэрэндоржийн хүү Юндэн нартай өрсөлдөж шалгалт өгөөд, тэднийг ялж Герман улсад очиж суралцсан юм. 1926 он бөгөөд Герман улсын Берлин хотын их сургуулийн бэлтгэл ангид суралцан 1930 онд эх орондоо эргэж ирсэн юм. Тэр үед ажил төрөлд хандах хандлага үнэхээр шударга байж дээ. Энэ тохиолдол миний эрдэм номын ариун мөрийг тэгшилж өгсөн бөгөөд би өнөөг хүртэл энэ үйлсдээ зүтгэсээр яваа юмдаа гэж (1966 оны хавар) сэтгэл хангалуун хуучилсан юм. (“Б.Содном гуайн хууч яриа” Д. Цэнд. 2008 он)

"90 жил 90 фото" баримтат гэрэл зургийн үзэсгэлэн (хуулбарлан авав)

Тэр үед төр засаг Зөвлөлт Орос Улсаас гадна нийгмийн байгуулал, үзэл суртлын ялгааг үл харгалзан, Ёвропын Герман, Франц зэрэг орнуудтай худалдаа, эдийн засаг, соёл боловсролын салбарт өргөн харилцаа тогтоон хөгжүүлэх, 1923 онд “Эдийн засгийн үндсэн бодлого” ын 15-р  зүйлд аж үйлдвэр, техник, технологийг арга ажилгаанд суралцсан дунд, тусгай, дээд түвшний үндэсний боловсон хүчинг гадаад улсуудад бэлтгэн сургахаас өөр аргагүйг заан тэмдэглэжээ. Иймээс Герман Улсын холбогдох албаны хүмүүстэй ярилцаж тохирсоны дагуу 1925 онд 4р сард Засгийн газрын шийдвэрээр Даш Сампилон, Ч. Хурлат (“  (“Аяны шувуу” дуучин Х. Төмөрийн эцэг, харамсалтай нь 1937 оны хилс хэргээр хэлмэгдэж цаазлуусан) нар худалдааны төлөөлөгчөөр томилогдон Герман улсад очиж худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоох асуудлаар хэлэлцээр хийж амжилт олсны зэрэгцээ Герман улсад оюутан, сурагчдаа илгээх тухай үндсэн тохиролцоонд (2004 он П. Төрдалай “Герман Улсад суралцсан Монгол оюутан, сурагчдын түүхэн холбогдох зарим тэмдэглэ ” (1926-1930)) хүрснээр 1926 онд 40 гаруй хүүхдүүд анх эхэлж Герман Францад суралцжээ.

Ингээд 1926 онд Франц Герман зорисон сурагчид маань баруун ёвропын түүх, соёл, хот хөгжилтөй танилцан мөр зэрэгцэхээр өвөртөлж ирсэн нь дамжигүй ээ.  “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ” гэж Их зохиолч Д. Нацагдорж бичснийг хүн болгон мэднэ ээ.

        Одоогоос зуун жилийн өмнө Герман болон Франц орон ямар байв. Өндөр байшин барилга, авто хөсөг сүлжсэн, үйлдвэр худалдаа хөгжсөн, театр музей, номын сан их дээд сургуультай, хувцасны загварын өндөр соёл түүхтэй орон байсаныг та бүхэн доорх зургаас харж болно.

    Тэд тэндээс зөвхөн эрдэм номд шамдахаас гадна зөв хувцлалт,биеэ яаж соёлтой авч явах, хувцасны загвар ( тэдний хувцалтаас харж болно) донж, бас урлаг ёвропын нийтийн бүжиг, дуу хуур хөгжим, ариун цэвэр, цаг барих, дэг маяг сурч ирсэн. Бидний аав цагыг ямагт баримтладаг, их цэвэрч нямбай, танго бүжгийг сайн бүжиж чаддаг байв. Тэр үеийн германд сурч байсан хүүхдүүдийг Герман Содном, Герман Доржсүрэн гэх мэт нэрлэдэг байв. Тэд хүний хийж болох бүх юмыг хичээн чармайж, өвлөн авч өөртөө хэрэгжүүлдэг нэгэн байв.

ЗХУ, Германд сургууль хийж ирснээс хойш Нацагдорж ёвроп хувцас өмсдөг болжээ. Гэхдээ тэр бас л аль хээнцэр, дэгжин хувцасыг олж өмсдөг байсан боловч, гойд үнэтэй хувцас байгаагүй. Тэр үеийн ёвропын залуучуудын өдөр бүрийн ажил хөдөлмөрт буюу биеийн тамир спортын хувцас хунарыг Нацагдорж хэрэглэж байсан юм. ( “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн 1968.6.29 31 тал  ”Д.Нацагдорж дүр” , “ Д. Нацагдорж судлал” Балданы. Содном 569 хуудас Д. Нацагдоржтой хэрхэн танилцсан тухай” Д. Цэдэв)

 Д. Цэнд багшийн дурсамжаас ; Mиний бичсэн “Монгол шүлэг”, “Цог” сэтгүүлд 1972 оны шилдэг бүтээлийн шагнал хүртэж, би ажил тарах үеэр ганц шил “цагаан долгор” авч Б. Содном гуайн өрөөнд орж учир явдлаа хэлээд хүндэтгэл үзүүлж шагналын дээжээ хүртээхийг хүссэн юм. Шил архиа ширээн дээр тавьтал Содном гуай босч номынхоо өндөр шар шүүгээг онгойлгон нэг номын завсраас мөнгө аваад 13 төгрөг архины дэргэд тавилаа. Тэр үес цагаан архи 26 төгрөг бөгөөд Содном гуай тал үнийг надад хариулж өгч байгаа бололтой. Би учраа дахин өгүүлж тэр мөнгийг буцааж өгсөн боловч мань хүн авсангүй. Архиа задлаад хүндлэн баривал, Содном гуай; “Цэнд минь дээ, энэ чинь хүний хөдөлмөр, чиний л хөдөлмөрийн хөлс шүү дээ. Намайг Германд сурч байхад хүнээс шүдэнз гуйж танхиа асаасан хүн хайрцагт нь нэг мөнгө хийгээд буцааж өгч байхыг хараад, сууж байсан айлынхаа эзэгтэйгээс лавлахад ”Хүний хөдөлмөр хөлсний ачийг хариулж байгаа юм” гэж хэлсэн билээ. Хүний ч бай өөрийн ч хөдөлмөр хөлсийг заавал үнэлж бай гэж сургамжлан захисан. Гадаадад хүний хөдөлмөрийг үнэлж гарын хөлс өгдөг нь үйлчилгээний элбэг бий.

 Гавъяат эмч, АШУдоктор, профессор Банхан Жанчивын Раднаабазар 2008.11.27 дурсамжаас;

1972 онд Английн Лондон хотноо Вольф – Wolf  (тэрээр Германы Берлин хотын  монголоос очиж суралцаж байсан хувийн сургуулийн захирлуудын нэг асан) танилцаж, тэр айлд тун сонин зураг альбом үзэж билээ. Вольф гуайд тэр сургуульд монгол сурагчдад зориулан уйгар монгол бичгээр хэвлүүлсэн дэлхийн газрын зураг байсан. Вольф авгай монгол сурагчдын тухай ярихдаа “Монгол хүүхдүүд тун ухаантай, сурлага сайтай байсан” гэж билээ. Тэр сурагчдын нэг нь миний номыг ариутган шүүсэн Б. Содном гуай юм. Б. Содном гуайтай нилээд сайн танилцсаны дараа Германд сурч байсан тухай нь би сонирхон асуусан юм.

Б. Содном гуай ярихдаа; “Биднийг Германд нэн нарийн тогтолцоотой сургаж байлаа. Өглөө босоод “turnen” биеийн тамирын дасгал хийлгэсний дараа (биеийн тамирын хувьцас богино, өмд цамцтай) гадны дуу чимээ сонсогдохгүй өрөөнд өлөн элгээр дэлхийн сонгодог хөгжим сонсгодог байлаа. Хичээлийг хэдэн сараар нэг салбарыг тухайлбал уран зураг, барилга инженер, хүн эмнэлэг, анхны тусламж, уул уурхай, газар зүй, хэл утга зохиол гэх мэтээр бүх салбарыг оролцуулан заадаг байлаа. Тийм учраас тэнд суралцсан хүүхэд бүр ямар ч салбараар ажиллах чадвар эзэмшсэн юм.

Бид Герман гэлээр бараг герман хүн шиг ярьдаг болсон. Тэгээд дунд сургуулиа амжилтай төгсөөд дээд сургуульд дэвшин орох гэж байхад гэнэт монгол руу эргүүлэн татсан. Монхолд ирсэн хойно МАХН ын Төв Хорооны боловсон хүчний хэлтсээс ажилд хуваарилав. Хүүхэд бүрийг өөрсдийн саналаар ажилд өглөө. Жишээлбэл; Д. Намдаг театрын найруулагч, Намхайцэрэн барилгын инженер, Цэвэг газар зүйч, НаваанЮүндэн эмч болох зэргээр саналаа өгч ажил авсан билээ. Манай Намхайцэрэн Хэрлэнгийн гүүр, Их тэнгэрийн амны гүүр зэргийгбариулсан шүү, одоо ч эдгээр гүүр нь бий шүү. Сүүлд нь зураач болсон доо.

Энэ бол Германы сургалтын үйл ажилгааны их давуутайг харуулж байгаа юм. Би хэл уран зохиолыг оролдож өдийг хүрлээ” гэж хуучилж билээ. Б. Содном гуай бол толь зүйч, Нацагдорж судлалыг үндэслэгч, хэл шинжлэлтэн, эрдэмтэн хүн билээ. (Балданы Содном Түүвэр Бүтээл” 651 хуудас Д. Цэдэв)

Эцэг минь сонгодог хөгжим, жааз хөгжим, сайхан дуурь дуу сонсох дуртай хүн байсан. “Залуудаа би хойно сурч байхдаа нарийн хоолойгоор дуулдаг байсан, гадаадын бүдүүн хоолойтой эрчүүдийг дууриаж том бүдүүнээр дуулах гэсээр байгаад хоолойгоо эвдсэн юм.” Гээд хааяа найр, наадамд “Хүрэн зандан ташуур” эхэлдэг байж билээ.

Орой ажлаасаа тараад гэртээ ирээд костюмныхаа өмдийг живхийтэл индүүдэж, костюмаа сойзоор цэвэрлэж, гутлаа тосолж, гялалзтал нь арчина. Тэгэхдээ заавал ээжийн гутлыг хамт арчилж тосолж өгдөг байсан. Аав маань их л нямбай хүн байсан болохоор өөрөө ороо цэмцийтэл тэгшхэн гоё хураадаг, бид орон дээр нь гарч суудаггүй байсан.

Аав маань зүгээр сууж чаддаггүй их л хөдөлмөрч хүн байж дээ. Эрдмийн нөр их ажлын хажуугаар тэннис тоглох заавар, зургын аппарат ажиллуулах зааварчилга, хүн биеэ хэрхэн цэвэрхэн авч явах тухай болон Зүүн Хараад хэлмэгдэж байхдаа улаан буудайгаар цэвэр спирт боловсруулах, архи нэрэх технологи, уурын зуухны механик ажиллагааны зааварчилга, дүрэм зэргийг орос хэлээр орчуулж, боловсруулж байсан гар бичмэл нь одоог хүртэл бидэнд хадгалагдаж байна.

Энэ бүхэн дурсамжуудаас бодолцон харахад тэртээх 100 жилийн өмнөх дээлтэй монгол охид хөвгүүд анхны Монгол улсын боловсролын сургуульд тавхан жилийн дотор сурч боловсорч өндөр шалгуураар шилэгдэн тухайн үеийн ёвропын өндөр соёл дэг дэлэмтэй сургуульд сурч, өнөөдрийн монгол орны шинжлэх ухаан, үйлдвэр технологи, эрүүл мэнд, барилга байгууламж бүтээн босголт, боловсрол соёл урлагын үндсийг баруун ёвропын хоёрхон орноос богинохон дөрөвхөн жилийн дотор сурч эзэмшиж, эх орондоо өвөрлөн өнөөдрийн монгол орны хөгжил дэвшлийн суурийг тавьж өгсөн гэдэгт эргэлзэхгүй байх.

Содномын Үзмээ 4.15.2026

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

No comments:

Ёвропын соёлыг өвөртөлж, түгээсэн анхдагч залуучууд

  Ёвропын соёлыг ө в ө рт ө лж, т ү гээсэн  анхдагч залуучууд (Франц Герман суралцсан анхны Монгол сурагчдын 100 жилийн ойд)      ...