Thursday, April 20, 2023

Ижийгээсэй амьдралын ухааныг суралцсан минь

Ижийгээсэй амьдралын ухааныг суралцсан минь

 

    Аав минь 1979 онд бурханд дэвшиж хижээл насны тэтгэвэртэй гарсан Ижий  минь хань ижилгүй 12 жил, хэдэн хэнз бага, насанд хүрээгүй хүүхдийнхээ төлөө нүдээ ширэгтэл зүү хатган, гэр орноо сайхан авч яван,  ханийнхаа нэр төрийг эрхэмлэн дээдлэн, бүтэн хувцастай,  идэх хоол,  орох оронтой хэн амбугайн ч хүүхдүүдээс дутаалгүй өсгөсөн. Хажуугаар нь танил тал бүхнээ халамжлан туслан, өглөг, мэддэг чаддаг бүхнээ зөвлөн, хуваалцан, сэтгэлээр унасаныг нь засан тайтгаруулж, байгаа бүхнээрэй дайлан цайлан гар хоосон үдэж байгаагүй ийм л сайхан өгөөмөр сэтгэлтэй  хаттай монгол эмэгтэй байж билээ.

    Бид аавыгаа их л дурсан арвантай жилд нь бахархан ойг нь тэмдэглэдэг. Энэ бол ээжийн минь ач, ханыхаа төлөө зүтгэсэн сэтгэл, хайр гавьяа нь гэж би боддог оо. Балчир үлдсэн бид аавынхаа ойг хийх тусам эцэгтэйгээ илүү их танилцдаг юм. Аавын минь ойгоор түүний алтан шавь нар Ижийг минь үргэлж дурсан үнэлдэг. Тэд Ижийг минь аавын минь ажил, амьдралын арын албыг гарамгай авч явсан хүний сайн, сайхан хань нь байсан юм шүү, тиймдээ ч та бүхэн аавынхаа ойг өнөөдөр тэмдэглэж байна гэж цохон дурддаг. Тэд та бүхний Ижий аавд тань их хайртай хүн байсан,  хүндэтгэлтэй харьцалдаг,  үргэлж “Со” багшийнх, “Со” багш, “Та” гэж  их сайхан яридаг,  ямарч хүнийг хүндэлдэг,  дайлж цайлдаг өгөөмөр сэтгэлтэй ариун хүн байсан гэж бидэнд хэд хэдэн удаа дурсдаг байв. Ш.У.Акдемийн ерөнхийлөгч акдемич агсан Б. Ширэвдэв гуай аавын минь 90 насны ойгоор ирэхдээ “Со багшийн олон сайхан хүүхдүүд нь аавынхаа уран бүтээлийг нэгтгээд ном гаргаж байгаад нь би маш их бахархаж байна, эрдэмийн зэрэг хамгаалсан дипломыг нь амьд байхад нь өгсөн бол сайхан байх байсан юм” гэж харамсан өнгөөр илэрхийлж байв.

    Ээж минь  аавыг минь бидэнд бас Монгол улсад хийсэн бүтээснийг нь үнэлүүлэх гэж  их л хөөцөлдөг байсансан.  Зохиолч агсан Д. Цэдэв гуай бидний аавын үнэнч шавь, ааваас минь хойш Ижийг минь эргэн тойрч, бас утсаар санаа тавин асуудаг байлаа. Наяад оны эхээр  Монголын зохиолчдын эвлэлийн дарга  хийж байхдаа зөвлөж, бас Л. Түдэв гуай Үнэн сонины эрхлэгч байх үедээ зөвлөн, ээж  минь аавын тухай сонинд нийтлэл бичиж, түүнийг нь би бичээч байхдаа тошдог байв. Нэгэн удаа ХААЯ-ны гадаад харилцааны дарга байсан агсан Төмөр гуай надаар орос хэл дээр юм бичүүлэхээр даалгавар өгч, тэр завсар нь ээжийнхээ нийтлүүлэх сэдвийг тоншиж байгаад баригдав. Төмөр дарга уншчихаад наадхаа түргэн дуусагчихаад хурдан миний хуудсуудыг дуусгаарай гээд гарав. Гэтэл хэд хоногын дараа Төмөр дарга дуудаж байна, өрөөнд нь очоод ортол,  сонинд нийтлэл бичдэг яасан сүрхий охин бэ? гээд, чиний цохиод байсан нийтлэл (1989) өнөөдрийн хөдөлмөр сонинд гарч гэв.  Түүнээс хойш Төмөр дарга надад улам итгэлтэй болсонсон.  1998 онд хэл зохиолын хүрээлэнгийн захирал агсан Х. Сампилдэндэв гуай бидэнд хандаж аавын 90 насны ойг тэмдэглэх эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байгаа тухай дуулгаад зохион байгуулах комисст үр хүүхдүүдээс нь идэвхитэй оролцох санал өгч байв. Аавынхаа ойг тэмдэглэх комисст орж хэл зохиолын хүрээлэнгийн хамт олонтой хамтран ажиллаж, аавын ажилладаг газар хэдэнтэй очиж байхад их сайхан санагдаг байж билээ. 1998 онд багтаан аавынхаа 90 насны ойг хийж байхдаа аавын минь зорисон зорилго хөдөлмөр бүтээлд, ээжийн минь олон жилийн хөөцөлдөөн, шантрашгүй зүтгэл сэтгэлд нь зул өргөж эхэлсэндээ  үр хүүхдүүд бид багахан ч гэсэн сэтгэл өеөг байдаг.

    Миний ээж Балдангийн Норжмаа нь 1924 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрж өсөн, бага сургууль төгсөөд аав ээжийнхээ хамт мал аж ахуйн ажилд тусалж байгаад, 1943 онд Улаанбаатар хотод шилжин ирж, мах комбинатад нормчноор анх ажиллаж, ажил амьдралын гараагаа эхэлсэн. 1954 онд аавтай минь танилцан улмаар 1957 онд анхны охиноо өлгийдөн авсан юм.  Балданы Содномынх 11 хүүхэд төрүүлж, өсгөсөн, эмээ өвөөтэй өнөр гэр бүл айл байв. Аав минь Ш.У.А. Хэл зохиолын хүрээлэнд 49 жил шахам ажилласан эрдэмтэн зохиолч хүн байлаа.

    Миний бие нь 10 настайгаасаа л эхлэн гэр ахуйн хичээл одоогийн 1-р сургуульд Янжмаа багшаар анх ил захидалаар гоёл чимэглэлийн хайрцаг оёж, сурч улмаар ээжээсэй оёдол эсгүүрийг хамжин хийж,  суралцсан нь өдий хүртэл амьдралд минь нэн хэрэг тус болж байна..

    Ижий минь дээл, бөхийн малгай гэх мэт юм юм урладаг хүн байлаа. Ижий минь дээлээ эсгэж голыг нь оёчихоод надаар дээлний дотрыг эсгүүлдэг, бас шилбээ эсгэчихээд  надаар оёулан эргүүлүүлж индүүдүүлдэг байв. Ижий минь дээл урлахдаа суга хормойг нь бүгдийг нь эвлүүлж байгаад зөвхөн захаар нь гараа шургуулан хормойноос нь барьж, эргүүлээд оёчиходог байв. Оёсон дээлээ оёдлын дагуу сайн дарж индүүдэг. Ингэж хийсэн дээл их цэвэрхэн хийцтэй, шаглаа нь мэдэгдэхгүй ямарч хүнийг цэмцгэр харагдуулдаг гэнэ.

    Ижий минь бөхийн малгай хийхдээ нэг орой тал нь бөөрөнхийлсөн хэлбэртэй шонгын тайрдас дээр (шонгын тайрдасаа бас өөрөө  зорж хийсэн)  хайчилсан өөдөс даавуугаар шовоолгон цаваг нааж байгаад жанжин малгайн хэлбэр гарган 4 талт малгайгаа урлана. Гадна талын малгайн 4-н талыг нь торгоор өнгөлж бас завсар нь хоргойгоор имжинэ. Дээд талын оройн нуман дөлийг угалз хээ гарган хонин холбоогоор хоёр өнгө хоршин хатгана. Малгайн орой дээрх сампинг яг дээлийн товч шиг зангидаж оройн гогцоог нь харин товоолгон өндөрлөдөг байв. Ижийдээ малгайн цавгыг нь нааж өгч хатаагаад, дөлийн угалзан хээг харандаагаар зурж өгдөг байв. Хүүхэд байсан болохоор заримдаа хурдан дуусгах гээд хонин холбоогоо том том хатгаад дуусгачихаад, Ижийдээ өгч үзүүлэхэд Ижий минь харчихаад жижиг жигд хатгахаар илүү гоё харагддаг юм гээд буцааж,  уйгүй хатгалыг нь зүүгээр нэг нэгээр нь хөөн сугалж ханзлаад өөрөө засч хатгана.  Хүмүүс Ижийд минь дээл их захиалж хийлгүүлдэг байв. Зарим хүмүүс ирж дээлээ өмсөж үзээд аваад явна, заримыг нь би гэрт нь хүргэж өгөхөд зарим айл чихэр бохиор мялаана. Зундаа Ижий минь хаяа зах дээр хийсэн дээлээ борлуулна даа. Ижий минь хэдэн дээлээ эвтэйхэн эвхээд бааданд боогоод давхар уутанд хийдэг байв.  Ижийтэйгээ хаяа дэнжийн мянгын захын автобусанд шахацалдан байж орж, автобуснаас буух гэж амиа алдах магадал эрсдэлтэй арай чамай бууна. Тэр үед хүмүүс автобусанд сууж буухдаа ухаанаа алдчихсан юм шиг л ум хумгүй дайрч чихцэлдэгсэн. Зах дээр очоод дээлний хэсэгт тасаг мэт захын хойд талд хашааны энгэрт хүмүүс эрт ирсэн нь байрлаа олж, дээлээ хашаанаас эвтэйхэн өлгөнө. Өдөржингөө хэдэн дээлээ борлуулах гэж шороо тоос бужигнасан газар бас хуурай халуунд зогсож, нэг литрын тагтай бетонд хар цайгаа хийж, варианы шилэнд хэдэн бууз, банш, эсвэл лууван төмс,  хэрчим мах авч явж, өдрийн зуушаа өлгөсөн дээлнийхээ цаана орж байгаад хам хум иддэгсэн. Заримдаа халуун цай зарж байгаа хүмүүс рүү намайг гүйлгэн аяга цай аваад царцуу бууз, баншаа дүрж иднэ. Шингэн хар цайгаа бага багаар амаа цангасан үедээ балгана.  Тэр үед тод өнгийн дээлээр бараг хүмүүс гоёдоггүй байв. 18-ын яв ягаан дунд зэргийн дугуй хээтэй торгоор  их гоё дээл хийсэн зах дээр тодоос тод харагдаж, бусад дээл борлуулдаг оёдолчид гайхан яасан тод торго вэ?  хэн авах бол гэж шаагиж байв. Гэтэл тэр үед гадаадын жуулчид бас төлөөлөгчид зах дээр зорчдог байв. Нэгэн шар залуу Болгар бүсгүй их л баясгалантай тэр тод дээлийг таалан дуртай яа авсан. Ижий минь их л баярлаж шар охинд их хөөрхөн зохиж байна шүү гээд л өхөөрдөн дахин дахин баясаж яриж билээ. Намайг бага байхад том ах “ЯВ” гээд нэг улаан мотоцикельтэй байдаг байсан. Заримдаа ээжтэйгээ хамт тэр мотоцикелийг унаж зах бас зүүн богиноны зусланд хүргүүлдэг байлаа. Би ахынхаа өмнө ээж минь ард нь сундалцаад богд уулын хормойн замаар салхи татуулаад сүнгэнэхэд зуны халуун өдөр ямар сайхан гэж санана. 

    Ижий бас хүүхдийн ордоны (пионерийн ордон) бөхийн дугуйлангийн захиалгаар зодог, шуудаг, малгай,  матриас урладаг байв. Юмханаар юм хийж сурсан Ижий минь хэдэн хүүхдийнхээ нарийн бүдүүн хилэн, ноосон хувцас, цэмбэ, драппин польто хувцасыг ялгаж байгаад дээлнийхээ үлдэгдэл даавуутай хослуулан өргөн зүсч хооронд нь шатар маягаар сүглэн, дундуур нь жижиглэсэн олон өөдсийг жигд тараан,  хэдэн давхарлаж байгаад гадуур нь цэвэр даавуугаар өнгөлөөд, польтоны товчыг жижиг дөрвөлжин даавуугаар бүрж боогоод матриасныхаа нөгөө талруу хатган бас товчоо хооронд нь бөх гэгч холбож урладаг байв. Эсгий болон  гудас өнгөлж, элбэг дэлбэг хөнгөн хөвөн хөнжил бидэндээ оёж өгдөг байлаа. Ижий минь ганц дээл ч биш хурга болон тарганы арьсан шуба, каракул малгай, тэр үеийн загвар байсан пелник гээд гадуураа цувны материал дотуур нь үстэй дотортой хөнгөн польто хийдэг байсан.

 

Удаах эгч бид хоёрт ижил пелник Ижий минь оёж өгсөн

    Зун болохоор бид зуслан гарахад Ижий минь өөрөө боошигт оохор, шохио, цавуу, давстай найруулаад ханаа будаад, бас өнхрүүшээр хээ тавьж, жил болгон улаан шараар шалаа буддагсан. Тэр үед улаан шар юм уу, шар шалтай айлууд байдаг байж билээ. Тэр будаг нь бас тийм амархан олддоггүй байсан.  Усны цоргоноос ус алдвал тайлж, авчихаад нойлын утсыг цавуутай хамт турбоог нь ороож, цоргоо чангалдагсан. Тэр үед манайх хоёр ширэмтэй 150-ын плетиктэй  байдаг байлаа. Хаяа тэр маань эвдэрнэ. Ижий минь доод талын онгойлгоод засчихдаг байв. Үүнийг нь ууган эгч бид хоёр бас харж, сурчихаад засдаг болсон.  Хавар зун намрын улиралд том эгч бид хоёр цонхоо порлонтой савантай усаар угаачихаад цэвэр даавуугаар арчаад, сонины цаасаар хаттал нь арчиж цонхоо гялалзуулна.  Сонины цаас муухай чихэрсан дуу гаргаж дотор муухайруулдаг. Өвөл болохоор цонхнуудаа наадаг бас завсрыг нь хөвөнгөөр гоёж дулаалана.  Дэлгүүрийн боодлын цаасыг нугалж, байгаад л зүснэ бас заримыг нь зүсээд нухаад нойлын өрөөндөө хэрэглэнэ. Ууган эгч Худалдааны 1-р конторт нягтлан хийснээс хойш манайх гэдэг айл цонхоо кассны толаны цаасаар наадаг болсон. 

    Ээж минь тасалгааны гоёмсог  цэцэгнүүд тарьдаг байлаа. Өргөст хэмх, улаан лооль гэх мэтийн том гэгчийн лаазанд цэцгээ суулган лаазаа цаасаар бүрж чимдэг байв.  Нэгэн зун шалаа будахдаа бүх цэцгээ гадаа цонхны тавцан дээр тавиад хонуулчихсан чинь маргааш өглөө нь бүгд алдагдсан. Ээжийн нутгаас идэш ирж үхрийн гэдсээр хярамцаг хийж өвлийн идэшиндээ бэлдээд орцны тагтан дээр сайн гэгч нь бөхлөөд тавитал бас алдсан.  Нэг давхрын  тагтгүй айл, цонхоны гадна төмөр хайрцаг холбож, идшээ хадгалдаг болсон. Хярамцаг хүний биед амин дэм болдог гол хүнс, одоо туршлагатай айлууд хэрэгжүүлдэг байхдаа.

    Ижий минь гар үйлвэрээс гараагаа эхлэн, нийтийн хоолны трестэд тогоочийн алба 37 жил харшиж, улсаас ударник, тэргүүний ажилтан, ойн медал, эхийн 1, 2-р одонгоор шагнуулан үнэлүүлж байв. Олон зоогийн газар тогооч болон ахлах тогоочын алба харшин нэртэй Улаанбаатар зочид буудлын рестран, 4-р дэлгүүрийн дэргэдэх нийтийн хоолны зоогийн газар, нарийн боовны газар (шар дэлгүүрийн тэнд),  7-р гуанз, цагаан идээний газрын эрхлэгчээр (дипломат 20-р дэлгүүрийн архан талд) ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.  Ээж минь тогоочийн ажил эрхэлж байхдаа томилтоор наадмын талбай дээр гуанзныхаа киоск (ТҮЦ)  хуушуур борлуулдаг байв. Миний санахаар би их л бага байсан. 7, 8 насандаа Ижийгээ дагаад наадмын талбай дээр тэр үед хүн хөл багатай, хүйтэн бороо зутрангуй бол хүн тун бага наадамладаг байв. Гуанзны гөөхийний машин гэж нэрлэдэг 2 хүний суудалтай,  ардаа түнтгэр дэвштэй 50 –ын коструланд дүүрэн хуушуур ачаад нэгэн бороотой зун цэнгэлдэх хүрээлэнд бид 2-ыг буулгав. Нэг цэнхэр таван талт хэлбэртэй жижиг ТҮЦ-нд орж, ээж намайг гадуур гүйлгэн, - миний охин хуушуур аваарай хуушаар аваарай гээд тойроод гүйгээд ир гэв, би тэрүүгээр дүүрэн хуушуур аваарай, хуушуур аваарай гэж хүнгүй газар таарахаар нь орилчихоод ТҮЦ-дээ ороод цонхон доор нь явган суучихаад хүнд харагдахгүй, хуушуур аваарай хуушуур аваарай гэж орилдог байв. Хуушуурч амархан дуусч, араас нь дахин 50-ын кострултай хуушуур айсуй. Тэр үед хуушуур 50 мөнгө байв.

    Ижийгээ 7-р гуанзанд ахлагч тогооч хийдэг байхад хичээлээ тараад дүү бид хоёр очиход Ижий минь хоол гараагүй байхад та хоёр ирлээ гээд 7.20-ын хиам (тэр үед үнээр нь нэрлэдэг байв) халуун усанд хөшиглөж идүүлчихээд хамаагүй ажил дээр ирж болохгүй шүү дарга мэдвэл хэцүүднэ гээд явуулсан.

    Түүнээс хойш ингэж хаяа хиам халуун усанд хийж идэхэд ямар сайхан амттай гэж санана.

    20-р дэлгүүрийн ар талын цагаан идээний газрын эрхлэгч байсан үед нь бас л миний бие ангийн хүүхэдтэйгээ ээжийнхээ ажил дээр очив. Ээж өрөөндөө оруулаад та 2 юу хийж яваа хүүхдүүд вэ? гэтэл би манай ээж дарга гэж ангийн охиндоо хэлсэн учир ээжээсэй за тэгээд дарга байх ямар байна?  гэтэл ээж маань надруу нэг харснаа, за даа над шиг хүн ширээний ард биш халуун цех дээр л байх хүн гэж хэлж жуумалзаад бид хоёрт хурууд өгөөд дахин ажил дээр ирж болохгүй шүү гээд явуулав.

    Манайх 40 мянгатын одоогийн Номин дэлгүүр манай гэр байв. Тэр үед 20-р дэлгүүрт маханд хүмүүс алалцан дугаарлаж, эхний хэдэн хүнд л мах хүрэлцээд дуусдаг байв. Ийм алалцаан дунд Ижийтэйгээ маханд шахалцалдан байж дугаарт байтал,  яг Ижийг минь мах авхын даваа дээр нэг ах Ээжийн цүнхийг онгойлгож эхэлтэл би - ээжээ ээжээ энэ ах танины цүнхийг онгойлгочихлоо гэтэл Ээж минь - хүүе яадаг билээ гээд дугаараас гартал нөгөө ах надруу ялааны хор цацангуйтаа яасан бүргэд шиг нүдтэй охин вэ? гээд зугтав. Хүмүүсч бариад аваарай тэр хулгайчийг гэж шуугихад, дэлгүүрийн босгон дээр хүнд дэгээгдэн унан баригдсан. Тэр үед Ижий минь юун мах манатай охины минь нүдийг сохлох шахлаа гэж халаглаад онгойсон цүнхээ хааж, миний нүүр нүдийг шалгав. Аз болоход нүд биш чих шанаа руу ялааны хор цацагдсан байв. Ижий минь бурхан минь миний охин дахиж ийм юм харвал дуугарч болохгүй юм байна шүү, нүдгүй бол яана гээд, мөнгө ч яахав амь нас л их чухал гээд мах ч авалгүй гэртээ харьсан.  Ижий минь тэгэхэд жижиг эрээн жижигхэн цэцгэн бор шаргал даавуун даашинзтай, толгойдоо алчуур эрүүрүүгээ зангидсан, цагаан дөрөвжин загварын хоёр талаас нь хав гээд хаачдаг цүнхтэй ганган байв. Ижий минь их дэгжин хүн байсан, берэтгэн малгай, алчуур, бас үсээ их гоё шог тавиж овоолгодог. Одоо би хаяа берэтгэн малгай өмсөх болгондоо Ижийгээ боддог, сэтгэл сайхан болдог юм шүү.

    Ээж минь намайгаа дэлгүүр хоршоо явах, зарим айлд очихдоо дагуулж явдаг байлаа. Бас айлд туслалцаа хэрэгтэй бол  намайгаа л явуулж тэдэнд цонх угаах, эсвэл хүүхдүүдийг нь түр саатуулах, амьтаныг нь хоолох гэх мэт ээлжилт ажилд дуудагдана. Ээж минь настай хүн хүүхэд хоёрыг баярлуулж явахад их буян болдог юм - миний охин том болоод алзахгүй гэдэг байв. Зарим айлын эхнэрүүд намайг энэ сүрхий охин бүр өргөж авах санал гаргана гээч, ээж минь юу гэж охиноо өгөхөв. Харин тэдэнд хүүхэд манайд илүүдээгүй гэдэг байв. Өөрөө хүүхэд үрчилж авч бас хүний хүүхдэд хайраа өгч асарч бойжуулж байсан агуу сэтгэлтэй өндөр ээж билээ.  

    Бага байхад зарим зун Ижий минь томилолтоор амралтын газрууд сэлбэ, сөгнөгөр, сонгино, сүүжийн амралт гээд тогоочоор ажилладаг байв. Түүнд нь бид даган нүүж, удаах ах талхны грушиг, би амрагчдын зоогын газрын үйлчлэгч хийдэг байв. Тэр үед амрагчдын зоогын газрын ширээ дөрвөлжин улаан эсвэл цэнхэр шоон хээтэй хулдаас, төмөр зууван болон бөөрөнхий таваг, цайны аяга сияан аяга ( төмөрийг пааландсан иштэй) байдаг байв. Ширээ засахад хэдэн төмөр тавагнуудыг тачигнатал угсарч ширээн дээр эгнүүлэн шидлээд, том том талхыг зүсээд бас дундуур нь хувааж ширээ болгоны дунд өрөмтөй хамт тавиж засдаг байв. Амрагчид оройн хоолны дараа үдэшлэг хийдэг. Түүнд нь амрагчдын бүжиглэхийг харна. Харин Ижий минь 2 туслах тогоочтойгоо маргаашын хоолны бэлтгэлээ базааж ногоогоо арилган бусад хоолоо бэлдэгсэн. Тэр үед тэргүүний ажилтан амралтад явах эрхийн бичиг авах эрхтэй, туршлагатай тэргүүлэгч ажилчид томилтоор улс орон нутагт ажиллаж ажилчдыг бэлтгэдэг байв.

   Тэтгэвэртээ гарсан ижий минь заримдаа уригдан томилгогдоно. 1981 онд сүүжийн амралтад тогоочийн ажилд гарч манайхаас 2 гэр болон зусав. Нэг гэрт нь худ бага, удаах охинтойгоо, нөгөө гэр нь дүү бид 2 ээжтэйгээ зусна. Дүү бид 2 тэнд амралтын үйлчлэгч хийдэг байв.  Сүүжийн амралт найрамдал зуслангаас хол учир шүүх яамнаас амрагчдын автобус, эсвэл бараа хүнсний хэрэгцээний машин хот хооронд сард нэг удаа явдаг байв. Дүү маань үйлчлэгч хийх сонирхолгүй, нэг хотруу яваад буцаж ирээгүй. Ингээд бэр эгч бид хоёр үйлчлэгч хийж,  8-р сарын дундуур нөгөө хэд маань дуусгавар болж хот орж, ээж бид 2 үлдэж тооцоогоо хийж, гал тогоогоо хүлээлгэн өгөх болов. Тоолгоор аяга таваг дутагдаж энд тэндээс цуглуулж дутууг нь цалингаасаа төлөв. Тэр үед сүүжийн амралт өргөтгөл хийж цэргүүд байшин барилга барьж, бөхчүүд тэнд наадмын бэлтгэл хийдэг байсан.

    1982 онд ээж маань 50-р дэлгүүрт ажилчдын цайны газрын тогооч хийж, миний бие 220-тад хоёр бор байрны өмнөх талбай дээр 50-р дэлгүүрийн харьяа ногооны мухлаг ажлуулахад зуныхаа амралтаар ажилд орж, шороотой төмстөй өдөржин зууралдаж гар хуруу тас хар бас сайртаж хагардагсан. Бас болоогүй ээ, ангийн хүүхэд байрны найзууддаа нэг хоёр төмс илүү өгч амьхандаа арын хаалгадаж байгаа догь худалдагч байв.

    Ээж минь хавар намар болохоор л их цэвэрлэгээ хийнэ. Хананы шүүгээнд байгаа бүх юмыг гаргаад л авахыг нь авч, бидний багадсан хувцас хунарыг шуудайлан хөдөөнөөс ирсэн нутгын хүмүүст өгч явуулна. Өвөл цас орохоор хэдэн хивс, өмсөж буй польто, адъял буюу орны бүтээлгэ гээд хамаг хүнд үстэй болон цэмбэ (драпан) юмаа гөвж өгнө дөө. Үүнд нь бид баясаад л гадаа хивсэн дээрээ цас овоолоод шүүрдээд л сэгсэрээд л өгнө дөө. Анх америкт амьдарч эхлээд 8 жилийн дараа манай хотод цас ороход бага насаа дурсаад сэтгэл хөдлөөд хэдэн хивсэнцэр гөвж өгч хоёр охинтойгоо баясаж байгаад хөршүүдээ ангаалгадаг байв. Америкийн өмнө зүгийн дулаан мужийн хүмүүс тийм ойлголт байхгүй шүү дээ хө.

    Манайх гэдэг айл яг л уран зохиол дээр гардаг шиг дэн буудал байлаа. Ээж минь айлын ганц охин, тэгсэн мөртөө нутгын хүмүүс нь хотын сургуульд сурах, эсвэл эмч, эмнэлэгт үзүүлэх гэхээрэй манайд буудална. Хүнд тусч нийтч хүн байсан тул тэр хавийн хорооны цагдаа, хороон дарга, байр,  орцны дарга гээд тэр хавийхан манайхаас ер салахгүй орж гарна. Тэр үед манайх хаалгаа өдөр  цоожилдоггүй зөвхөн орой унтахдаа цоожилдог байв.

    Тэр үед хороо хорооны улаан буланд их олон үйл явдал өдөрлөг зохион байгуулгадаг байв. Бас сонгууль болохоор ээж минь сонгуулийн комисст уригдан хоол цайгаа хийж өгдөг байв.  Нэгэн удаа юмханаар юм хийх тэмцээн явагдаж, таван зулаар шинэлэг хоол унд хэн хийж чадах вэ? Гэсэн уралдаанд Ижий минь таван цулаар орчин үеийн амттай хоол хийж, бас гар урлалаар жижиг бэлэг сэлт дааламба, түрүүч оёж хатган үзэсгэлэн худалдаанд нь түрүүлж хорооны самбарт хэд хэдэн удаа гарч байлаа. Миний мэдэхээр хонины бөөрийг кашаар (одооны тахианы мах шиг) бүрж шарж их амттай шинэ цэс гаргасан  гэж олон хүнд сайшаагдаж байсан.

Хороо хорооны самбарт гарсан зураг

    Ааваас хойш насанд эхнээсэй хүрсэн хүүхдүүдээ өрх тусгаарлаж, ууган ах удаах эгч нарын хуримыг хуримын ордонд нэр төртөй сайхан хийж ёслосон. Ээж минь охдоо айлд ёс дэгтэй хүндтэй бэр болгон гаргахыг эрмэлздэг хүн байлаа. Аав минь ах нарт минь охин хүнийг эх талаас нь хайрла, тэд хэзээ нэгэн цагт айлд бэр орж эх хүн болно гэж захидаг байв. Ээж минь бас хөвгүүдийнхээ ирээдүйн гэргийг ёс дэгтэй хүндлэн хүлээн авч ёслон бэрээ өөрийн охин шигээ хайрлаж хүндэтгэн тусладаг байв. Хүүхдүүдээ өрх тусгаарлахад 18-ын торгоор хөнжил хийж өгдөг байв. Зарим худууд маань торгон хөнжил бас чамин юм байна шүү гэж байсан юм. Ач зээ нарынхаа өлгийг ч гэсэн торгоор оёж өгч төрөхөөс гарган авдаг байлаа. Ач зээ нартаа хурган дотортой торгон баривч, хүү, хүргэн, охид, бэрдээ бүгдэд нь сайхан дээл малгай урлаж өгсөнөөс гадна хос ээмэг бөгж охин бэрдээ тусгаалан дарханд захиалуулж хийж өгсөн нь бидэнд хадгалагдан үлджээ. Би нэг ганган цэнхэр торгон хүрэмтэй, бас нэг цайвар ногоон торгон цамцтай байв. Тэр үед загварт их дуртай охин байж билээ. Хүрмээ хүснээрэй ээжээрэй оюулчихаад, марал хэд давхарлаж улаан хүрэн будганд оруулаад гурван хүрээтэй энэтхэг банзалыг дууриаж хийгээд хөх төргөн нудрагатай хүрмээ дээрээс нь өмсөж гангардаг байв. 40 мянгатын урд явган хүний зам хүн зөрхийн аргагүй урсаж хүмүүс алхадаг байв. Эмийн сангийн булангын довжоон дээр багын найз намайгаа нэг найзтайгаа хүлээж байв. Гэтэл би ирдэггүй гэнэ. Нөгөө найз нь тэсэн ядаад Үзмээ хаачихваа ирэх юм уу гэж асуухад, найз минь нэг өндийж харчихаад - цаадах чинь ирж байна гэв. - Аль гэж хараад асуутал, найз - тээр тэнд нэг тод цэнхэр хувцастай толгой нэг шоволзоод нэг далд ороод байгаа биз гэв. - Тийм гэтэл - тэр мөндөө хө, туулай шиг дэгдэж явдаг юм гэсэн гэдэг. Манай ажлынхан намайг хятад халуун савны хүүхэн шиг яасан тод хувцас өмсдөг юм гэдэг билээ. Ямарч өнгийн хувцсыг өөртөө тохируулаад зохицуулаад өмсөхөд таарсан хувцас хүнийг чимнэ гэдэг.

          Ижий минь түргэн шуурхай юмыг сэтгэн бодож чаддаг, эвтэйхэн эвлүүлэн юмны аргыг олж хийдэг сүрхий сэргэлэн, гарын дүүтэй хүн байлаа. 1975 онд зүүн богиноны зусланд наадам дөхөж байсан үед Ижий минь их дэлгүүр орж баярын хүнсээ базаагаад гарч явтал хоёр орос өнгөт Рубин гэсэн зурагт комиссын дэлгүүрт (хэрэглэсэн барааны дэлгүүр) оруулах гэж дамжилцан явж буйг хараад, Ижий минь бушуухан гүйж очоод - наад Телевизийг чинь яг одоо авая гэв, гэтэл тэр хоёр орос азнас хийгээд, - танид таски байгаа юу? гэтэл Ижий минь - тоомсог гээд хажууд нь байгаа морин өртөө рүү заатал тэр хоёр орос морин тэрэгт хүргэж өгсөн. Ижий минь сэтгэл хангалуун бас санасан үнээрэй зурагтаа аваад, зусланд морин тэрэгтэй ирж тэр жилийн наадам өнгөт зурагтаар анх удаагаа үзсэн. Наадмаар Ижийн нутгаас хүн ирж айраг цагаа элбэг дэлбэг, зусландах аавын ажлын ажлын нөхөд болон шавь нар нь ээжийг минь сэргэлэн ухаантайг сайшаан бахархаж байхад, аав минь хэдэн шавьдаа - миний Норзоо ном үзсэн бол надаас илүү хол давах хүн байлаа гэж ханиарай бахархан мишээж байхыг би санадаг. Ингээд тэр үед би наадмаар төрсөн учир гал тогоонд хэдэн зуслангийн найзуудтайгаа  төрсөн өдрөө тэмдэглэж аав маань надад охины минь төрсөн өдрөөр өнгөт зурагттай болж сайхан наадсан учир том болоод зурагтаа аваарай  гэж билээ. Тэд бөхийн даваанд хэн түрүүлэхийн төлөө хундагаа өргөн Ижий минь тэр үед Цэрэнтогтох аваргын төлөө гэж хэлэв. Ижий минь огт амасдаггүй хүн гэвч зочдоо хүндэтгээд сэрчим өргөөд хундгаа тавив.

Рубин ТВ

    Ээж минь баярыг утгаар нь тэмдгэлэн өнгөрүүлж сайхан ширээ засаж хоол унд хийдэг байлаа. Аав минь бас бидэнтэйгээ хамт хоол унднаас элбэлцэн хувцас хунараа нямбайлан угааж цэвэрлэдэг байсан. Аав минь өөрийхөө өмдийг сайхан индүүдэн тэгэхдээ бас ээжийн даашинз дотуур хувцсыг индүүдэж тавидаг байв. Гутлаа тослохдоо хамт ээжийн гутлыг гялалзтал тослоно. Март болохоор л аав минь охдуудаа ээжтэй минь хамт баярлуулах гээд хэдэн хөвгүүдээ уриалаад хоол ундаа бэлдэж – охин хүүхдийг хайрлаж байх хэрэгтэй эд нар амьдралын хүнд үүргийг тээж явдаг юм шүү гээд л сайхан ширээ засна. Бид бага байхад зочид ирвэл тэдэнд үйлчилчихээд л томчуудтай зэрэгцэн суудаггүй байлаа. Ээж минь - эмэгтэй хүн сандал дээр гүйцэт суудаггүй юм дундхан үед нь суухад цэмцгэр харагдуулахаас гадна түргэн год хийгээд босоход амар байдаг юм гэнэ. Хүнд үйлчилж байхдаа сайн хар хэн юу ууж байна, дундуур харагдвал дүүргэж бай. Эхэлж ширээн дээр суусан зочиноос уух юм бүү асуу, асуухаар асга гэдэг үг байдаг. Сайхан цай аягалаад өгөхөд хүн баярлаад тамшаалаад ууна гэдэг байв. Ээж минь тусдаа гарсан хүүхдүүддээ баяраа ээлжлэн тэмдэглэхийг хуваарилж, октябрын баярыг дээд эгч, удаах эгчийнд шинэ жил, ээж цагаан сар мартын 8-ыг тэмдэглэдэг болгов. Ижийгээс минь хойш шинэ жил манайд, март ууган эгч, наадам шарга морьт зусланд дээд эгчийнд хийдэг байж билээ.

    Өнөөдөрч гэсэн миний бие нь хүний нутагт гэр бүлээ бий болгон амьдарч буй боловч эхийнхээ заасан сургасан ухааныг бага боловч хэрэгжүүлэн хоёр сайхан охиндоо таниулан ухааруулахыг хичээн чармайж байдаг. Манайх гэдэг айл уламжлалт америк монголын баярыг жил болгон дараалан ёслол төгөлдөр тэмдэглэн өнгүүлдэг. Хоёр охин минь дээл хувцас эсгээд оёохгүй ч гэсэн өөрсдийнхөө хувцасыг засаад, товчоо хадчих, хувцасаа хасаад өмсчих, ороолтоо нэхчих чадалтай болсонд сэтгэл хангалуун сууна.

Эмээгийн урласан тоорцогийг
ээж минь 4 талт булган малгай болгосон
  
 ээжийн дээл

          Миний хамгийн бага насны санаж буй дурсамж ногоон нуурын эрэг дээрх хашаа байшин бас малтай айл байхад би 5, 6 насны орчим зарим тохиолдлуудыг санадаг. Нэгэн удаа ногоон нуур үерлэж тэнд байсан айлууд бүгд усан борооноор банз, хүрз, шуудай болсон хүмүүс шөнөжингөө ажилласан. Тэгэхэд ээж минь алчуур бас усны гялгар урт шар цув өмсөн шал ус болсон хүн өвөө, том ах нартай цуг гэрт орж ирээд эмээд - далан барьж арай чинээ ус тогтоогдлоо, сүйд болох нь гэж халаглаад хувцас  хунараа янзалж байв. Ногоон нуурын хашаанд байхад зун болохоор гэрээ хөнгөлөөд шалаа будаад, унь тооно, хаалга, шалаа будаг байв. Ижий минь уньны хээг, том ах багана тодруулан буддаг байсан.  Ээж минь бас орны тор дор нь нэхээд зүйчдэг, аавд минь үсний даруулга нэхэж өгдөг байлаа. Бас ор дэрний хөнжил, дэрний уутан дээр гоёмсог цэцэг, хээ угалз хатган гэрээ гоёно. Харин манайх байранд ороод ингэж ор дэрээ гоёхоо больж, аавын германаас авчирсан том том шүүгээ, сандал болон рубины мебель модон тавилгаар тохижуулсан.

    Ижий минь хоёрч дүүгээ алдаж, ээж аавыгаа насан өөд болтол хайрлан халамжлан амьдарч байсан. Эмээ өвөө минь биднийг нялх, бялчир, бага насанд минь асран өсгөлцсөн буянтай буурлууд минь байлаа. Эмээ минь бас их уран хүн байсан гэдэг, монгол гуталын хээ угалж хатган, өөртөө тоорцог малгай дээл хувцасаа хэнээс ч дутахгүй хийчихдэг байсан болохоор ээж минь эхээсээ өвлөсөн байх. Хонины тагнаа идвэл уран болдог гэхэд ээж шигээ уран болох гэж мөнч их идсэндээ хө.

    Эмээ өвөө минь их шүтлэг бишрэлтэй,  зан заншилаа эрхэмлэн дээдэлдэг хүмүүс байв. Аав минь өвөөгөөс их юм мэдэн тэмдэглэж авсан, өвөө минь бидэнд зориулж хүүхдийн сударыг 1000 дахин уншиж бидний хойдохыг сайн сайхан амьдралд даатган  билэгшээн уншиж тоог нь гүйцээсэн. Эмээ минь үргэлж гандан гарч сунан мөргөдөг байв. Эмээ минь хоол, цай зооглочихоод бурхандаа - "ум мани бадмэ хум", идсэн хоол унд минь мах цусны завсараар аршаан болон шингэх болтугай гээд заавал нүүр, толгойгоо эргүүлж илдэн хоёр гараа хавсран цээжнээсэй эхлэн толгой дээш өргөн гурван удаа залбирдаг байв. Эмээ маань сүүгээр нүүрээ угаана. Зарим хүмүүс баян айлын хямсгар охин байсан гэдэг. Одоо бодход өвөө эмээ маань нүүрэндээ үрчгэр тун бага байсан. Эмээ дүү бид 2-ыг дагуулаад ганданд очиж мөргөл үйлдэнэ. Би хүмүүсээс ичээд сунаж мөргөхгүй, дүү харин эмээ намайг хараарай гээд л чангаар - ум маани бодьмэ хум гээд л сунаж өгнө дөө. Нэг өдөр дээд эгч хичээлээсэй тарж орж ирээд - гадаа хүүхдээ салхилуулж байгаа айлын эмээ нараас манай эмээ арай царайлаг юмаа гэж билээ.

          Хамаатаны эгч эмнэлэгт хэвтэж ээж дүү бид хоёрыг жанчивлан явуулах болов. Мэргэжилтний 20-ын цаана ҮЭ-ийн газраас амралтын автобус явдаг байв. Гэтэл дүү замаасаа хазааз байгаад автобуснаасаа хоцорчихов. Бид хоёр мууталцаж байтал нэг ах таксинаас - өө золигоо би бас хоцорчихлоо гээд таксины жолоочоос Жанчивлан ороход хэд гарах вэ? гэв. Нэг их шалахгүй ээ 100 гаруй л болох байх гэв. Гэтэл дүү - ахаа бид хоёр суугаад явая. Манай эгч амралтын газрын дарга гээд суучихав. Тэр ах хөдөөнөөс ирээд тээврийн товчооноос такси авсан юм байж, тэр ах - за та хоёр суухын бол тал мөнгий нь төлнө биз гэв, гэтэл дүү - тэгнээ ахаа гээд толгойгоо дохив. Би замдаа санаа их зовж, дүүгээ хэд хэд нудрав. Жанчивлан очтол дүү таксинаас год хийж, буугаад эгчээсэй мөнгө аваад ирье гээд алга болов. Таксины ах ч бас оройтсон гээд хонох болж тэр ах намайг барьцаанд үлдээгээд хүлээж гарав. Байдаггүй нөгөөх чинь?. Оройн хоолны цаг болох нь та хоёр тааралдан аа гээд тэр ах намайг явуулав. Нөгөө алга болсон дүү үдэшлэгт орчихсон бүжиглэж байна гээч. Үдэшлэгний хаалган дээр нэг жижүүр хүүхэд оруулахгүй гээд намайг оруулсангүй. Би дүүрүүгээ заагаад - дүүгээ дуудах гэсэн юмаа гэтэл - хүүе энэ нөхөр хаанаасаа орчихов гээд татаад гаргаад ирсэн. Маргааш нь агсан хүргэн ах хоолны халуун саванд хоол, цай хийгээд үүнийг тэр харагдаж байгаа эмнэлэгт эгч дээрээ хүргэж өгөөд цаашаа яваад Анжаагийнхаас сүү аваад ирээрэй гээд явуулав. Өвөл байсан учир гар хөлдчих шахам эмнэлэгт нь очоод  эгчид хоол цайгийн хүргэтэл - та хоёр бушуу яв үдээс хойш цас шуурна гэсэн гээд бушуул гээд ээжийнхрүүгээ явуулав. Тэднийд очоод сүүгээ аваад түргэн явах гэтэл дүү бурсаар байгаад цаг алдав. За тэгээд тэднийхээс гараад явж байтал би 5-ын гонзгой битонтой сүүгээ чирэх шахам явж, дүү урд түрүүлээд алхаад  цасч шуураад хугарласан цасан дээгүүр арай ядан алхаад би холдсоор л байв. Эгч эмнэлэгийнхээ цонхоор харж байгаад дуудаж дулаацуулах гэж оруулав. Тэгээд дүүг сүүнээс нь дамжлахгүй яасан юм, чи том биетэй байж гэж загнав. Маргааш нь дүү бас л амралтын үдэшлэгт орох гэж Эгчийн улаан өндөр өсгийтөй гутал даашинзыг өмсч үдэшлэгийн жижүүрт бид хоёр дуу дуулах ёстой манай ах бид хоёрт хэлсэн юм гэв. Тэгээд жижүүр тайзны тэнд хүргэж өгөнгөө - энэ хоёр хүүхэд дуулах юм уу? гэж зарлагч залууд хүргэж өгөв. Тэр ах уухаан түс - та хоёр дуу дуулдаг юм уу? тэгэлгүй яахав гээд хотоос ирсэн эгч дүү хоёр “ Чебурашка төрсөн өдөр” орос дуу дуулна гээд зарлачихав. Тэгээд дүү - би дуулна чи миний ард аа аа гээд зогсоод хөлөө хавсраад байгаарай гэв. Тэгээд тайзан дээр анх удаагаа миний бие гарч билээ. Хүргэн ах бид хоёрыг гэнэт хараад гайхаад сайхан золигнууд вэ?  гээд мишээж, өөр юм хэлсэнгүй. Харин нөгөө таксины ах харчихаад - надтай хамт ирсэн монди нар байх шив гээд мөнгө нэхсэнгүй.

    Ээж минь тариа хийж биднийгээ өвдөхөд өөрөө эмчилж, бас бидэндээ зааж өгч байлаа. Манайхаас том эгч бид хоёр тариа хийж сурсан. Хоолой өвдөхөд  царван буцалган зайлуулж, охь, бас айраг, горчицаар хатгааг  нэг ороогоод л нам дардаг байв.  Ижий минь эмч, домч танилуудтай  байлаа. Тэднээсэй их юм сурсан байх. Ангаахын мэдлэг багаханч  суралцахад амьдралд үнэхээр хэрэг болдогыг Ижийгээсэй бас сурч, эмч найз нараасай сураглан судалж, хаяа өөрөө өөрөөтөө домч болоход амьдралд нэн хэрэг болдог юм шүү. 

    Манай охдуудаас хамгийн уран нямбай нь ууган эгч их олон сайхан ганган цамц, цех, унгар, орсын сэтгүүлээс харж байгаад хажуу талын айлын эгчээс зарим нарийн нэхээсээсэй заалгана. Олон ч удаа эгчийнхээ нэхсэн цамц банзалаар гоёсондоо. Нэг удаа ангийнхаа багшийнд ээжээр минь хийлгэсэн дээлийг хүргэхдээ эгчийнхээ нэхсэн олон өнгийн одоогийн видео тоглоомын шонгын эвлүүлэг шиг загвартай шар, шаргал, улаан шар, бор, боровтор гээд өнгө нь хоорондоо уусан юм шиг ноосон цамцыг өмсөөд очход - Москвагийн охин шиг ямар сайхан харагдаж байна гэж билээ. Би малгай ороолт, бас ширээн дээр тавидаг гоёлын жижиг тавганы суурь гоёлыг нэхдэг байсан.

    Ижий минь  бидэндээ булган захтай польто шар, цагаан, саарал, бор өнгө өнгөөр нь, савхин дээл, нэхий дээл, каракул польто, австрийн гутал, 510, 340, 220 гээд үнээр нь нэрлэсэн гутлууд, ноолууран цамц булган малгай, савхин бэлий, гоёлын цүнх, цамц гээд охидууд хөвгүүдээ олигтой бүхнээр хувцалдаг байлаа. Ууган эгч бид хоёр цалингаа өгдөг байсан ч бидний цалингаас илүү үнэтэй хувцас хунар авч өгөөд яам тамгын газар, конторт ажилладаг хүн сайхан хувцалж биеэ зөв авч явах ёстой гэдэг байлаа. Тухай үедээ юм боддогүй байждээ бид, өгсөн цалингаа Ижийгээсээ буцаагаад хэд дахин нэмээд авчдаг байснаа мэдэхгүй Ижийнхээ өгснийг баярлаж шүүрч аваад өмсдөг байждээ. Шинэ жилийн үдэшлэгээр ганган ордог байсан, найз нар маань бүгд надаас хувцас зээлж өмснө.  Зарим сайд дарга нарын эхнэр манай ажлын хүн л дээ намайг - чи ямар олон булган захтай польто ээмэг бөгж солидог юм, хүний юм зүүж, өмсөөд байна уу? эсвэл чи ийм их хөрөнгөтөй хүн үү? гэдэг байлаа. Хариуд би манайх монцгорын байранд амьдардаг гэдэг байв.

    Манай захиргаа, санхүү, аж ахуйн хэлтсийн Жигжид дарга маань 1989 онд Ижийтэй минь утсаар ярьж,  ар гэрийн байдлыг минь шалгаад, намайг дуудан - танай Ижий их сайхан яриа хөөрөөтөй хүн юмаа. За сэхээтэн айлын охин чамайг аж ахуйн хэлтсийн тасгын дарга бөгөөд зохион байгуулагч гэдэг албанд томилж байна, энэ ажлыг хийж чадна биз гэж үүрэг өгч билээ.

    Ижийгээ амьд сэрүүн байхад миний чадах юм, багадаа хамжиж юм оёж урлаж, ажилд ороод ХААЯ, Нэгдлийн холбооны буянгаар, хоол, цайны халуун савнууд, үзэсгэлэн худалдааны барааны дээж, савхин бээлий, дээл, цүнх, цагаан сарын айраг, өрөм ааруул, баяраар хүлээн авалтын ховор нандин чихэр, архи Ижийдээ дөхүүлж гэсэн нэмэр болж байсандаа одоо би өөртөө сэтгэл уужуу явдаг.

    Ижий минь 1991 оны 1-р сарын 15 нд бурханд дэвших шөнө бид бүгд Ижийгээ тойрч зогсон, чаддаг аргаа хэрэглэн би дээд айлын Жав эмчийг дуудан Ижий минь тэсэх болов уу? гэж асууж байв. Жав эмч миний асуутанд юу ч хэлсэнгүй, харин Ижийхээ дэргэд та нар бүгд байж байгаарай гээд гарав.  Ах ээжийн биширдэг бөө ахыг дуудаж ээжийг харуулаад, ахыг тэр бөө ах  гэртээ дагуулж очсон билээ. Хожим сонсоход сүнс нь аль хэдийн явж дийлдэхээ больсон гэж бөө ахын төөргөнд гарсан гэсэн. Ижий минь биднийгээ ээлжлэн харж байснаа, над руу харснаа өөрийнхөө бугуйруугаа заан гараарай тариа хий гэж дохисон. Отгон дүүгээ алдаж байхад амь тариа хийж, түүнийгээ хэд хэд сэрээн зовоож нүдийг нь бөлтүүлж байсан тул Ижий минь бидэндээ амь тариа надад хийсний хэрэггүй шүү гэж захидаг болсон. Өөрийг нь зовоохгүй тулд Ижийдээ би толгой дохин тариа хийсэн гэж сэтгэлийг нь тайтгаруулж байв. Бид тойрон зогсож байтал удаах ах  биднийг та нар - одоо унт ээлжээр харцгаая гээд бид урд өрөөндөө газар ороо засч бужигнаж байтал ах дуудаад - Ээж сая амьсагаагаа хураалаа гэв. Ижий минь биднийгээ хараад амьсгааgaa ч хурааж чадахгүй, ширгэсэн нүдээрэй харан яриж байлаа. Энэ өдрийн маргааш бид 20-р тогтоол гарсаныг мэдсэнсэн. 

    Ижийгээ нас ахих болгондоо боддог болсон. Миний үеийн болон надаас эгчэд танилуудын ээж аав нар хүүхдүүдээрэй ирж зочилон тэдэнтэйгээ хамт бас надтай хамт цагыг сайхан өнгөрүүлдэг учир тэр болгонд Ижий минь байсан бол миний амьдралыг хараад юу гэх байсан бол гэж хаяа бодон хүний ээж нараар Ижийгээ хаяа орлуулж, сэтгэлээ дэвтээдгээ нуух юу байхав. Ижий минь урдуураа отгон хүүгээ алдсандаа сэтгэлээр гутарч унаж, зүрхэндээ шархадсаар хоног хоногоор дөл нь намсаж цог нь унтарч өөд больсон гэж би ойлгодог оо. Ижий минь хүний сайн үр, хүний сайхан түшигтэй хань, хүнлэг сэтгэлтэй нийтч, арчаатай хөдөлмөрч, гавшгайч ажилтан, идэвхи зүтгэлтэй үүргээ гүйцэтгэсэн иргэн, хэнз олон хүүхдээ хүний зэрэгт хүргэсэн алдарт эх минь байлаа. 

     Дашрамд: Энэхүү дурсамжийг бичих санааг солонгост эмчлүүлж байсан агсан хүргэн ахаасай авсан. Ах эгчтэйгээ үргэлж холбогдон харилцдаг байхад хаяа надаас  жинтэйхэн асуулт асуучихдаг байлаа.   За Үзмээ ээж ааваасай юу сурч, амьдралдаа хэрэгжүүлж байна гэв. Тухайн үедээ цөөхөн үгээр хариу өгсөн боловч хэд хоног энэ асуулт толгойноос салаагүй юм. Жирийн хүний туулсансан амьдрал жинэхэнэ түүх болон үр хүүхдүүд нь хэрэгждэг гэж нөлөө бүхий гадаад дотоод эрдэмтэд үздэг. Ингээд хүргэн ахдаа дуулгаж хоёр охин бас миний яаж өссөж байсныг хаяа сонирходог байсан гэхэд намайг дэмжиж, - тийн ш дээ бид л үр хүүхдээ хэлж дуулгахгүй бол өөр хэн хэлэх билээ гэж билээ.  Ээж минь хүргэн ахад -  миний бага насны хэдэн хүүхдүүдийг минь харж хандаж байгаарай гэж захисан гэдэг. Тиймдээ ч ах минь бид хоёрыг гэрлэх ёслолын гол үүрэг гүйцэтгэсэн.  Миний хань итгэл хүлээсэн баз гээд хоёр биенээ хүндэтгэн хэл яриагаарай ойлголцохгүй ч сэтгэл зүрхээрэй харилцан ойлголцдог байлаа. Хүргэн хүү хүчтэй гэдэг Ижийгээс минь хойш бидэнд анхаарал халамжаа тавидаг хүний дээд ахаа дурсахад сайхан байна.

 С.Үзмээ 04.20.2023

 

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...