Thursday, April 3, 2014

ТУНГАЛАГ ТАМИР

     ТУНГАЛАГ ТАМИР


          Монголын орчин үеийн уран зохиол үргэжлэн хөгжсөөр одоо ихээхэн амжлтыг олжээ. Гэвч энэ уран зохиол хөгжихдөө өөрийн дэс дараатай, нэр төрөл нь нөгөөгөөс урдаар өрнөсөн түүхэн үзэгдэл харагдах юмаа. Үүнд зарим нэг баримтыг хэлбэл; 1948 онд болсон Монголын зохиолчдын анхдугаар их хурлын үед роман, тууж зэрэг том хэмжээний үргэжилсэн үгийн зохиол дээр гойд анхаарч хөгжүүлэх зорилго тавьж байсан явдал өнөөдөр биелэгдэж байна.
     Орчин үед бичсэн олон монгол романы дотроос Ч.Лодойдамбын зохиосон "Тунгалаг тамир" гэдэг романы тэргүүн дэвтэр 1962 онд, дэд дэвтэр 1967 онд тус тус хэвлэгдэн гарсан тухай хэдэн үг хэлэх гэсэн юм. Ер романыг хэрхэн бичиж байх талаар газар газрын онол өөр бөгөөд нилээд олон янзын онол ч бий. Тэгэхдээ роман бичих тодорхой жор хаа ч байхгүй нь мэдээжийн хэргээр барахгүй орон бүрийн өвөрмөгц байдалтай уялдах буюу янз бүрийн сэдвээс болж, роман хоорондоо харилцан адилгүй, ийм учраас зохиолч Лодойдамбын энэ роман бол Монгол орны өвөрмөц байдал түүний түүхэн үзэгдэлтэй салшгүй холбоотой болжээ.
        Мөн романы тэргүүн дэвтрийг анх хэвлэгдэн гарснаас хойш дэд дэвтрийг түргэн гараасай гэж манай уншигчид хүлээн ядаж, уул зохиогчид удаа дараагаар хүсэл, мөрөөдлөө илэрхийлсээр байсан мэдээ мундэхгүй олон. Эдгээрээс авч үзэхэд мөн зохиол ямар нэг талаар уншиж үзэх хүнийдур сонирхлыг татсан явдал тодорхой мэдэгдэж байна. Ингэж сэтгэл татсан явдал мөн романы чухам юунд нь байб аа гэдгийг судлах хэрэгтэй юм. Мэдсээр хэрэг, энэ нь тэр романы ганцхан тийм зүйл дээр нь байгаа юм гэж хэлэхийн аргагүй боловц, гол гол зүйлтэй нь холбон үзэж болохуйц санагдана. Юуны урд "Тунгалаг Тамир" гэдэг романы дотор орсон бодит үйл явдлын зохиомжийг уг зохиолч зөв зохион байгуулж, аль сонирхолтой талаас нь эхэлж чадсан байна. Түүнчлэн чухал сэдвийг анхнаасаа сонгон авч чаджээ. Уул романы зохиомжийг одоо авч үзвэл, тэргүүн дэвтэр нь хоёр бүлэгтэй, нэгдүгээр бүлэг 24 жижиг зүйлтэй, хоёрдугаар бүлэгт 21 жижиг зүйл орсон байна. Дэд дэвтэр нь 2 хэсэгтэй гэснийг ажиглавал 2 бүлэг болох юм. Нэгдүгээр хэсэгт 27, хоёрдугаар хэсэгт 16 жижиг зүйл тус тус орсон үзэгдэнэ.
      Зохиолч Ч.Лодойдамба романыхаа бүлэг бүрийг бие даасан зохиол шиг болгож чадсанаар барахгүй, бүлгийн дотор гарах зүйл бүр дээр ёмар нэг шинэ сонихон үйл явдлыг гаргасан утга санаагаа хэвтрүүлжэ. Гэхдээ одоо цааш нь юу болох бол гэсэн сонирхол төрүүлсэн зангилааг романыхаа турш хадгалж чадсан юмаа. Хэдийгээр бүлэг бүр нь бие даасан янзтай байвч, мөнөөхөн романы дотор авцалдаагүй буюу салангад болсонгүй, ямагт нэгэн зүй үргэлжилж яваа юм шүү гэсэн утга санааг хадгалан байсаар эцэстээ гол утгаа гаргасан байх юм.
       Зохиолч Ч.Лодойдамба уг романаа эхлэхдээ эерэг талын баатар Эрдэнэ гэдэг хүнээр аятайхан суурь тавьж, тувт түүнтэй тохиолдсон тэр үеийн нийгэм, улс төрийн байдал, хүмүүсийн ажиллагаа зэрэг зүйл бүрийн үйл явдлыг өрнүүлж гаргасан байна. Эхлээд Эрдэнийн дүрийг зохиолч гаргаж, намтрын чухал хэсгээс танилцуулаад даруй түүний анхны үйл явдлыг өрнүүлж гаргасан байна. Эхлээд Эрдэнэийн дүрийг зохиолч гаргаж, намтын чухал хэсгээс танилцуулаад даруй түүний анхны үйл явдлыг жинхэнэ амьдрал дээр нь харуулсан байна. Романы дотор дурдсан нь: "...Тэрэгнийхээ сүүдэрт тавтай забилан суугаад өврөөсөө мод толгой гаргаж, тамхи татаж, утаагий нь алгуурхан үлээн гаргах зуур ногооны үзүүр имрэн оролдоно. Энэ хүнийг Эрдэнэ гэдэг. Засагт хааны хошууны Олгонууд отгийн хүн. Уулаас эцгээс ах дүү хоёул бөгөөд багадаа өнчрөн айл дамжин зарагдаж, бор хоног өнгөрүүлэн явжээ. Дүү нь Төмөр гэгч хүн бий. Арван зургаан насандаа шилийн сайн эрчүүдтэй нийлж, удлгүй эрмэг зориг, эр чадал, ухаан санаагаар гайхагдан "Засагт хааны Цахиур Төмөр" гэж алдаршин, халх дөрвөн аймаг шавь тавд домог мэт яригддаг болжээ. Өнөөгөөс гурван жилийн өмнө Төмөр, ахындаа гүн шөнө үл таних хоёр хүний хамт ирж уулзсаад, үүр шөнө салахын үед явжээ. Тэгэхдээ цоохор өмбүү, оросын цагаан хааны цөлхөөв гучаадын хамт өгчээ. Түүнээс хойш ах дүү хоёр нүүр учраагүй. Зөвхөн сургаар амьд мэндээ мэдэлцэж байжээ. Харин сүүлийн жил гаруй дотор Эрдэнэ, дүүгийнхээ тухай ямар ч сураг сонссонгүй. Эрдэнийн өөрий нь хувьд гэвэл багадаа Доной тайжийн хонь хариулж, хурдан морий нь унаж байхдаа хүү Чулууны нь бичиг заалгахын далимаар бичиг сурч уулаас ухаан сэргэлэн болохоор "Оюунтүлхүүр, Цаасан шувуу, Гурбан улсын бичиг, Алтан товч"-оос эхлэн олдсон ном бүхнийг уншин гуйсан хүнд өргөдөл, захиа бичиж удалгүй "бичээч Эрдэнэ" гэж алдаршжээ. Арван найман насандаа нутгийн Долгор гэдэг бүсгүйтэй дэр нийлүүлэн гэр барьж амьдрав...,  Эрдэнэ бусад хүн шиг зовохдоо зовж, өлсөхдөө өлсөж, баярлахдаа баярлаад, хорсохдоо хорсоод амьдарч болох байжээ. Гэтэл шинэ суусан засаг хаан Гомбожавын зан авир ширүүн, ард олныг зовоох нь хэр хэмжээнээс хэтрэхэд нь чуулган дарга, монгол, манж зургааныг дамжин заргалдав. Гэвч ноёнтой өшөөтэй бол хонгогүй, нохойтой өшөөтэй бол хормойгүй гэдэг дэмий үг биш болохоор Гомбожав хошууны хөрөнгөөр хөлөө хүрэх газар болгон хээл хахуул цутгаж байгаад эзэн ноёнтойгоо заргалдсан тэрсүүд албатыг Улиастайн бат гүнд хорив. Тэнд үс, бөөсөндөө баригдан, жил гаруй болж байтал Монгол, Манжаас тусгаарлан Богд Жавзандамба хутагт Төр шашныг хослуулан баригч наран гэрэлт, түмэн наст эзэн болоод өршөөл түгээж, Эрдэнэ гяндангаас гарчээ." гэж бичсэн юм. Энэ саяын иш татсан сурвас бол уг романы дотор хамаг юмны зангилаа болж байгаагийн дээр, бас багагүй зүйлийг үзэх, унших хүнд толилуулж байна. Эрдэнэ заргын бичиг хийж, заргалдсаар байгаад, хээл хахуулийн хүч хүрэлгүй шоронд оров. Түүний дүү Төмөр арван зургаан наснааса эхэн шилийн сайн эрчүүдтэй нийлсэн тухай тодорхой мэдээг зохиолчоос маньд танилцуулж байгаа явдал бас учиртай юм. Ингээд тэр үеийн Монголын феодолизмын засаг төрд үнэн шудрага ёсгүйгээр үл барам, харин ард олныг ямар байдал, хүмүүжилд хүргэж байсан нь тодорхой.
            Эрдэнэтэй уялдаж, түүний эхнэр Долгор, хүү Бат, түүний найз Жаргал, Эрдэнийн дүү Цахиур Төмөр, мөн түүний эхнэр Дулмаа, алиа Петр зэрэг эерэг талын олон баатрын уран дүр үйл явдал нь удаа дараагаар тус тусдаа гарч, нэг нь нөгөөтэйгөө холбогдон өрнөх нь тун сонихон болжээ.
       Эрдэнэ Засагт хааны хошунаас Богдын хүрээ орохоор эхнэр, хүүхдийн хамт ганц морин тэрэгтэй явсаар, Луу гүний хошуунд ирж явгарав аа. Ингэж Эрдэнэ хүний газар, гүнгийн нутагт мэл гайхаж, цал хөхрөн байтал Цахиур Төмөрийг эрж явсан Тамгын тахар Бадарчтай анх уулзаж, дүүгийхээ сургийг там тумхан олж сонссоноор барахгүй, тахар Бадарчийн зан авирын зах үзүүрийг Эрдэнэ ажиглажээ. Ийм сугийг Эрдэнэ сонсоод:...Хүүгийнхээ толгойг энхрийлэн илээд, Долгорт хандаж "Явуулын хүний ганцыг авсныг бодоход дүү минь ядарч дээ. Морины учир ч ийм байжээ" гэсэн байна. Тэгээд Эрдэнэ тэнд харагдаж байсан гурван гэр Итгэлтийн хотод очиж танилцаад, тэдний зарц болжээ. Эрдэнэ энэ нутагт олн хүнтэй танилцаж мэдэх болсны дотор Итгэлт, Бадарч, Жамбал, Түгжил, Цамба нар бол уг зохиолын эсрэг талын баатар болох бөгөөд тус бүрийн дүр тодорч, улмаар тэдний үйл ажиллагаа нь илэрдэг байна. Энэ бүхий байдлаас үзэхэд "Тунгалаг Тамир" романы зохиомж нь нилээд нарийн чамбай төдийгүй, үйл явдлын өрнөл сайтай, нэг нь нөгөөтэйгөө үнэхээр уялдаж чадсан байна.
      Мөн романы нэгэн онцлог зүйл бол уран дүр юм. Зохиолч, романы дотор гарах хүмүүсийн дүрийг уншигчдад зугуу зугуухан гаргаж өгснөөс биш харин нэг мөсөн дэлгэрэнгүй тоочсонгүй, тус тусын нөхцөл байдал дээр зөвхөн хэрэгцээтэй чухал талыг харуулснаар ийм болжээ. Энэ бол амьдралын өргөн дэлгэр утгатай байдаг нь мэдээжийн хэрэг боловч түүнийг жинхэнэ зохиолын дотроо хийж чадна гэдэг бас ярвигтай. Ялангуяа хүний дотоод сэтгэл бол түүний амьралын доторхи ажил хэргээс байна байсаар илрэн гарахаас биш, гэнэт нэгмөсөн илэрч өгдөггүй.
       Учир иймд романы дотор үзэгдэж байгаа эсрэг талын баатруудын үзэл суртал тэдгээрийн үйл ажиллагаанаас яваа яваанда тодорсон явдал зүйтэй бөгөөд байгалийн хамтай холбоотой юм. 
      Зихиолч ийм жамыг үнэхээр сайн судалж, Монгол оронд Ардын төрийн эхний жилүүдэд шинэ, хуучин хоёрын зөрчил, тэмцэл байсныг мөн заохиолч тодорхой харуулж чадсан байна.
        Эрдэнээг эхнэр, хүүхдээ Луу гүний хошуунд орхиод, зайлан явснаас хойш Бат, Заяын хүрээн дээрээс Богдын хүрээ рүү, эцэгтэйгээ учрахаар оргон явжээ. Жинчин Балдангийн хүчээр Бат хүү, анги Ринчин гэгч ламд шавь ороод, овоо байж байтал, түүний багш нас барав. Багшаа нас барсны дараа үнсэнд хаягдсан шалз шиг Бат, Богдын хүрээнд арчаагүй байдалд орж, Жаргал гэгч ядуу хүүтэй нөхөрлөн, өдөр шөнийг өнгөрөөж байтал, ардын журамт цэрэг Богдын хүрээг эзэлнэ. Үүнийг Бат найз Жаргалынхаа хамт үзээд зогссонгүй, хуучин танил "Алиа Петр гуай" гэгчтэйгээ уулзаж, амьдралын мөрөө олох юм. Түүгээр ч барахгүй, холхноос бараа харсан Сүхбаатар жанжинтай санамсаргүй айлд дайралдаж, сэтгэлд нь итгэл найдварын гэрэл цацрав" гэж зохиолч тодорхой бичиж, улмаар тэр 2 хүүгийн ирээдүйн амьдрал, хүмүүжлийг их удурдагч Сүхбаатар энгийн товчхон үгээр зааж өгсөн байх юм. Бат эцэг Эрдэнэ, ах Цахиур Төмөр, түүний эхнэр Дулмаа нартай Их хүрээнд уулзаж, элэг дэвтсэн боловч, эхийн тухай санаашрах нь зүйн доторхи хэрэг. Батыг ингэж учрахад эцэг Эрдэнэ, ах Төмөр, эгч Дулмаа, алиа Петр нар нь цөм өөр хүмүүс болж ардын төрийн хэрэгт амь биеийг хайрлалгүй зүтгэж байгаа эр цэргүүд болсноос гадна, мөн төрийн зорилго, үзэл суртлыг шингээсэн тал нь Батад ил харагдаж, тэр Бат, Жаргал хоёрыг эрдэм, ном сурахад нь багагүй нөлөө болсон үзэгдэнэ. Бас эх Долгорын тухай санаашриран байдаг нь зүйн хэрэг. Эрдэнэ ч гэсэн энэ талаар үргэлж сэтгэл зовнин явж, ардын журамт цэрэгт зав чөлөөгүй зүтгэх юм.
         Харин Эрдэнийн эхнэр Долгорыг тэнрүүлсэн Баяр өвгөн, эмгэн Дэжид хоёр бол ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч байсан энгийн шудрага ардын дүр мөн бөгөөд Долгорыг үнэхээр өөрийн төрсөн үрийн нэгэн адил үзэж, түүнд аль болохоор тусалж байсан явдал хүний ясаар сайн хүмүүс тус оронд дүүрэн бийг зохиолч жирийн хялбархан байдлаар харуулж чадсан байна. Баяр, Дэжид хоёр гайн дэмжлэгт Долгор урамшиж, амьдралаа үргэжлүүлэх сонирхолтой болоод (амьд явбал алтан аяганаас ус ууна), гэдэг ардын зүйр сэцэн үгийг баримталж явсаар Бат, Эрдэнэ хоёртоь Долгор тус тус учраад, сэтгэл нь бага зэрэг тайвширсан бизээ. Эх үр, нөхөр гурвын учрах юмсан гэсэн нэгэн чигийн санаашрал нь радиод баригдахгүй долгионы адил эрэл сурлын янзтай байсан нь онц явдал бож, улмаар цааш цаашаа юу болдог болов уу гэсэн  шохоорхлыг уншигчдад төрүүлж өгөх нөхцөл болжээ. Ингэсэн явдал нь харин уг романы зохиомжинд өрнөлийн зангилаа болсон байна.
     Эрдэнийн хүү Батыг эсэргүү нарт баригдаад байхад түүний амийг аварсан Итгэлийн хүү Хонгор эсэргүү хөдөлгөөний нэг толгойлогч Түгжилд баригдаагүй амь зулбаж гарсан Хонгорыг Бат болоод түүний нөхөд ч гэсэн мэдсэнгүйбуудсан явдал Батад тун их харамсалтай байлаа. Энэ бол зовох цагт нөхрийн чанар танигдсан учраас ийм болжээ. Хонгор ер учраа оллолгүй уймарсан хүний дүр мөн бөгөөд угтаа Хонгор монгол ардын төрд бүрмөсөн хар буруу санаагүй хүний шинжтэй байх юмаа. Үнэндээ тэр үед иймэрхүү уймарсан хүн байсан буюу хүчинд автагдаж, эсэргүү нарт аялдан дагаад, ёмар нэгэн завшаа тохиолдмогц, оргож зайлсан хүмүүс нилээд байсан түүхтэй. Тийм түүхэн үзэгдлээс зохиолч авч роман дотроо толилуулсан байна. Романы эцэст Цахиур Төмөрийн эхнэр Дулмаа нэгэнт хүч тамираа алдаж доройтсон эсэргүү Түгжил, Цамба хояроос нөхрийнхөө өшөөг авснаар уул романыг төгсгөсөн явдал бас л Долгорын адил эмэгтэй хүний хатан зоригийг зохиолч илтгэж өгсөн байна.
         "Тунгалаг тамир" романы үйл явдлын зохиомжийг нэн сонирхолтой хийхэд хүмүүсийн уран дүр, тэдний үйл ажиллагаа, мөргөлдөөн ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нь мэдээжийн хэрэг. Гэхдээ уул романы дотор орох үйл явдлаас алиныг нь хэрхэн эхэлж, ямрыг нь дараалан оруулах мэтээр тэдгээр үйл явдлын дэс дарааг олж, зангилааг хийхэд л хамаг учир бий. Үүн дээр зохиолч үлэмж хүч гаргасан нь илэрхий.
         Эр нь уран зохиолын зохиомжинд зөвхөн үйл явдлын дэс дарааг сайн хийх явдал их үүрэгтэй боловч, үүгээр зогсч болохгүй. Түүнээс гадна урлагийн олон нарийн нандин зүйлс хамаарагдаж, тэдгээр нь барилдаж баймааж нь сая бүрэн бүтэн зохиомж болдогт хамаг хүч нь оршдог билээ. Юу гэвэл, уран зураг нь дүрс, будаг шунх зэрэг бүх зүйлээрээ холбогдож байгаад, хүний сэтгэлийг хөдөлгөж, дурыг татдаг бузээ. Үүнчлэн юмны үйл явдал, зохиомж, уран дүр зэрэг урлагийн зүйлсийг бие биетэй нь сайн авцалдуулж чадсаны үрээр тэр зохиол сонирхолтой болдог нь үнэн. "Тунгалаг Тамир" романыг нарийвчлан үзэхэд нилээд өвөрмөгц зохиомжтойн дээр ялангуяа зангилаа мь онц сайн болсон учраас олны дурыг татаж их амжилтыг олсон байна.


Б.Содном 1970 он



No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...