Wednesday, April 16, 2014

БҮҮВЭЙН ДУУ

                                                                    БҮҮВЭЙН ДУУ



      Монголчууд эрт дээр үеэс одоо хүртэл нялх хүүхдээ саатуулан унтуулахдаа яруу сайхан хоолойгоор бүүвэйлж, эхийн зөөлөн цагаан гараар алгуурхан хөдөлгөж саатуулдаг билээ.
     Монгол эх хүүхдээ өлгийдөж хөхүүлэн цатгасны дараа "бүүвэй, бүүвэй" буюу хэрэв чангахан аялах бол "бүүвэйн, бүүвэйн " эсвэл "бааван, бааван" гэдэг юм. 
Нялх хүүхдийг нэг ойгоос өнгөрснөөс хойш бүүвэйлэхэд үг нь олон болдог. Үүнийг "бүүбэйн үг буюу дуу" гэж хэлэлцдэг байна. Ийм "бүүвэйн дуу" бол бичгээр эсвэл ардын аман зохиолоор зохиогдсон үзэгдэнэ. Бичгээр зохиосон "бүүвэйн дуу" амаар зохиосноос цөөн юм аа. Монгол ардын аман зохиолоор бий болсон "бүүвэйн дуу" монголын орон нутагт янз бүр байсныг цуглуулсан хүн бас цөөн.
   Одоо үед ардын аман зохиолоор бий босон "бүүвэйн дууны" зарим нь мартагдаж байна. Олонхи "бүүвэйн дуунд" монголын өвөрмөц байдалтай холбогдсон хүүхдийн хүмүүжлийн зүйлс орсон цөөхөн бадаг шүлэгтэй дууны үг байх үзэгдэнэ. Бас заримдаа ямар нэг домогтой уялдсан "бүүбэйн дуу" байх юм. Иймэрхүү "бүүвэйн дууны" үг бусдаасаа төвөгтэй мэт зарим үгийн утга тодорхойгүй байдаг. Харин ямар нэг домогтой холбогдогдолгүй бусад "бүүвэйн дууны" үг, утгыг ойлгон мэдэхэд хялбархан байдаг. Үүнийг өөр үгээр хэлвэл уг дуу их л амархан зохиомжтой бөгөөд энгийн ярианы хөнгөхөн ойлгомтой үгээр шүлэглэсэн байдаг билээ. Бүүвэйн дууны үг хэдийгээр монголын орон нутгийн дотор янз бүр байдаг боловч, харин уг дууны ая төдий л олон янзтай биш, тухайлбал ардын аман зохиолын "бүүвэйн дууны" ая гурав, дөрвөн янзаас хэтрэхгүй шиг сонсогдоно.
      Ямар нэг домгийн үндэстэй "бүүвэйн дууны" уг үг түүний утга санаанаас үзэхэд нилээд дээр үеийн уламжлалтай юм шиг харагддагийг ажиглавал, юу ч гэсэн монголчуудын дунд феодалын нийгэм үүсэхээс өмнө л "бүүвэйн дуу" үүссэн юм уу гэх сэтгэгдэл төрүүлнэ.
     Домгийн холбогдолтой   "бүүвэйн дуунд"  бурхан шашны нөлөө байхгүй харин бөөгийн мөргөлийн амьсгал төдий зүйл үзэгдэхээс биш, ямар нэг сүшиг бишрэлийн тодорхой илрэл байхгүй юм аа.
        Ардын аман зохиолоор бий болсон "бүүвэйн дуу" анх үүсэх үедээ тун цөөхөн мөр буюу нэг хоёрын төдий бадаг байжээ. Нэг бадагт нь 3, 4, 5 мөр шүлэг орсноос илүү байх нь тун ховор.  "Бүүвэйн дууны" нэг мөрөнд биеэ даасан хоёроос гурав байдаг нь олон дайралдах юм. Гурав, дөрөв бадаг шүлгээр бүтсэн "бүүвэйн дуу" голдуу байна. Үүнээс нэг бадаг буюу хэдэн мөр шүлэг дээр нэмэгдээд, гурван бадгаас хэтрэх нь маш ховорхон.
      Монголын ардын аман зохиолор бий болсон "бүүвэйн дуунд" ямар нэг ганцхан домгийн холбогдол байдаг. Гэтэл бас хааяа хоёр янзын домгийн холбогдолтой  "бүүвэйн дуу" байх нь их сонирхолтойюмаа. Энд нийтэлж байгаа  "бүүвэйн дуунд" хоёр домог холбогдож байх нь бүр их сонин үзэгдэнэ. Энэ бүүвэйн дуу анх домгоос бүтсэн хоярхон бадаг байснаа хожим гурав дахь бадаг нэмэгдсэн шинж байна. Ийм учраас мөн дуу нь хоёр домгоос бүтжээ. Бүүвэйн энэ дуу одоо хэрэглэсээр байна. Мөн дууны шүлэг түүний хэмжээг хойно тодорхойлсноор үзвэл, шүлгийн нэг, гурдугаар бадгийн мөр бүрд биеэ даасан хоёр үгтэй гурав гурван үгтэй байна. Үүнчлэн энэ дууны хоёрдугаар бадгийн мөр бүрд биеэ даасан гурван үг орсон бөгөөд ер мөр хоорондын хэмжээ харилцан тохирчээ.
     Мөнөөхөн гурван бадгийн хэмжээ хоорондоо тохироогүй мэт байгаа нь түүний (хөг) аятай холбогдсон учраас ийм болсон шиг байх юм. Уг бүүвэйн дууны үг болоод үүний шүлгийн бүдүүвчийг хийж, сонирхуулвал: 

                                                                       

(Улаанбаатарын Төмөр замын хорооны 7 дугаар хорины 79 настай Ламжавын Сүрэнхорлоогоос 1959 онд Б.Содном тэмдэглэж авав.)
   

       Энэ бүүвэйн хоёр жижигхэн домгоос бүтсэн бололтой. Эхний мөрт хэдийгээр энд хүний нэр байгаа боловч,"Шаалай" гэж аман зохиолд бас хэлэлцэнэ.  "Шаалай" гэсэн үг хэдийгээр энд хүний нэр байгаа боловч, Энэтхэгийн үг "Шалу" гэдэгтэй холбогдолтой байна. Үүнийг бас "Шалуу буюу Шаалуу" эсвэл "Шаалай" ч гэсэн газар бий. Харин "Шаашилдай " гэсэн нь мөнөөхөн Шаалай гэдэг үгээ өхөөрдсөн чанартай үг шиг байх юм.
            Одоо ардын аман зохиолд хэлэлцдэг энэ дууны домгийг авч үзье. "Эрт урьд цагт нэг баян айлд, өнчин охин зарагдаж, голдуу хонь хариулаж явдаг байж гэнэ. Тэр охин өсч, хүүхний зэрэгт хүрсэн боловч, бас л айх, ичих хоёр түүнээс хагацаж чадсангүй, зовж элсээр явжээ. Гэтэл тэр хүүхэн жирэмсэн болоод, бүр ч их гунихарч явсаар нэг зуны эхэн сард хээр хонь хариулж явахдаа аргагүй төрөөд, эзэн айлд хүүхдээ авчрахаас айж, тэнд нь борогт хучаад хаях хэрэг болжээ. Ингээд л эх нь маргаш өглөө эрт хүүхэд дээрээ иртэл, хүүхэд нь алга гэнэ. Ямар нэг амьтан асрамжлан аваад явсан янзтай, үхэж үрэгдсэн юм уу гэтэл ер цус нөж гарсан ямар нэг сэжиглэмээр муу тэмдэг байсангүйд, тэр хүүхэн гайхаж, "Яамай даа хүү минь нэг амьдрах замаа олж дээ" гэж бодод өнгөрчээ. Энэ завсар тэр хүүхэн нэг ядуу гөрөөчинтэй айл гэр болж, нөгөө баян айлын мэдлээс мултарч гэнээ. Гурван жил болсоны дараа, тэр хүүхэн мөнөөхөн урьд хонь хариулж явсан модтой уулын зүүн бэлээр гараад иртэл, нэг довны өвөрт хүрэн улаан болчихсон сэгсгэр хүү унтаж байхыг морь нь хараад үргэсхийн зогтусав гэнэ. Үүнийг хүүхэн хараад, гэнэт санаанд нь орж ажиглавал, өөртэйн нь тун адилхан хүү байсанд, даруй баярлаж, хүүгээ барьж аван сэрээжээ. Тэгтэл хүү нөгөө довыг заан, тэр зүг рүү тэмүүлээд байв гэнэ. Тэнд нь чононы нэг том нүхнээс өөр юм байсангүй. Хүүг авчирсан тэр оройноос эхлэн нэг чоно их ульдаг болжээ. Хүү ч хүний хэлийг бага сага мэддэг болсон гэнэ. Нэг орой чоно улихад "чоно юу гэж ульж байна вэ? гэж эцэг, эх хоёроо асуухад, хүү - Шаалай хүү!, Шаараа ид" (сарьсан мөөмөө хөх!) гэж байна гэжээ. Энэ үеэс эхэлж, чоно хонийг бариад, гзээг хагалдаггүй, бүтэн орхих буюу хэрэглэдэг юм гэнэ билээ. Тэр чоно анх нөгөө хүүг олоод, хонины гүзээнд хийж, нүхэндээ авчраад гурван нас хүргэсэн гэдэг. Нялх амьтан бүрд араатан хүртэл өрөвдөх нинжин сэтгэлтэй байдаг гэлээ гэсэн домог энэ байжээ."
     Монгол ардын аман зохиолд бийболсон энэ бүүвэйн дууны эхний хоёр бадагт байгаа домог бол энэтхэг гаралтай 32 модон хүний үлгэрийн дотор гуравдугаар модон хүний өгүүлсэн бүлэгт гардаг. 32 модон хүний үлгэрт уг домгийн гол утга санаа нь адил боловч, бүүвэйн дуу энэ хоёрын хооронд бас л нарийн зөрөө бий. 32 модон хүний үлгэрт: Таван зууны худалдаачин далайгаас эрдэнэ авахаар одоод ирэхдээ замын захад чонгн зулзагатай нэг хүү наадаж байв. Түүнийг худалдаачин нар барьж аваад явжээ. Тэдгээр худалдаачин  нар хоногийн газар буугаад, айван тайван байцгаав. Гэтэл тэр шөнө хоёр чоно ойролцоо ирж ульсан нь: Шаалуу чамайг тэжээж өсгөсөн, юунд биднийг орхив! Эднээсээ салж ирэхийг бод! Өнөө шөнө их бороо орж, энэ гол үерлэнэ. Та нар өөд хулгайч гэтэж явна гэжээ. Худалдаачин уг учрыг Шалю хүүгээс сонсч мэдээд дөрөлж дээр гарч буугаад үерт мэнд гарчээ. Маргаашийн шөнө нь бас хоёр чоно улив. Шалю хүү мултарч ирэхийг бод! Энэ голоор нэг .хсэн хүний хүүр урч ирнэ. Түүний баруун гуянд эрдэнэ бий гэжээ. Гэтэл тэр хулгайч гэдэг нь Мигармижид хаан нар байсан тул хоёр чононы Шалу хүүг хэлсэн үгийг сонсч мэдээд нөгөө эрдэнийг хүний хүүрнээс авсан тул, худалдаачин нар хоосон хочорчээ. Хожим нь тэдгээр худалдаачин нар хулгайн хэрэгт холбогдоод Бигармижидэд алуулах ял олсон учир, амины золиосонд нөгөө Шалю хүүгээ Бигирмижидэд өгч, амь мэнд гарцгаав гээд төгсдөг билээ. Ингээд үзэхэд энэ хоёр домог хоорондоо холбоотойгоор барахгүй 32 модон хүний үлгэрээс хойш мөн бүүбэйн дуу үүссэн нь дамжиггүй.
       Бүүвэйн 3-р бадгийн эхний мөрт "жиргэлдэй мэргэн", 3-р мөрний эхэнд: "Зэгсэн гуа" гэдэг хоёр үг тус тус байна. Энэ хояр үг бас домогтой юм. Эрт урьд цагт зэгсэн гуа гэдэг эхтэй ах, дүү хоёр байжээ. Ах нь насанд хүрсэн, Жиргэлдэй мэргэн гэдэг алдартай хүн байв гэнэ. Дүү нь бүр нялх байхад эх нь нас баржээ. Жиргэлдэй мэргэн өнчин дүүгийн хамт хоёулхан нэг ой модтой газар амраг эхээсээ хагацан хоцроод байв аа. Гэтэл нэг өдөр алтан хайрцаг хүзүүндээ зүүсэн арван салаа эвэртэй нэг буга тэдний гадаа ирээд зогсжээ. Тэгэхээр нь Жиргэлдэй мэргэн дүүгээ тэр буганы алтан хайрцагт хийгээд явуулчихжээ. Буга явсаар байгаад үр хүүхдийн мөрөөдөл болсон нэг айлын эмгэний дэргэд очоод нөгөө алтан хайрцгаа буулгаж орхиод явж гэнэ. Эмгэн алтан хайрцгийг нээж, хүүхдийг авч баярлан, бөн бөн бүүвэйлж байв гэнэ. Энэ завсар ах нь дүүгээ эрж, ёмар айлын үр болсныг мэдэхээр айл айлын үүдээр орой бүр явж байтал, нэг орой нэг айлд "Жирэлдэй мэргэний дүүхэлдэй, бүүвэй, бүүвэй!
                 Зэгсэн гуагийн хүүхэлдэй, бүүвэй, бүүвэй!
                 А, бүүвэй, бүүвэй, хүү!" гэж бүүбэйлэхийг олж сонсоод дүүгээ олж мэдэв гэнэ.
Энэ бүүвэйн дуу хэдийгээр домог боловч, монголчуудын эртнээс нааш хүүхэд үрчилж хүмүүжүүлсээр байсан сайхан заншлыг харуулж нялх амьтан бүрд элэгсэг байх тухай сургамж болсон байна.

Б.Содном 1963 он
   

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...