Tuesday, November 13, 2018

Б.СОДНОМЫН “БИЧИГ ҮСЭГ ХААНА ХЭРХЭН БУЙ БОЛОВ” БҮТЭЭЛИЙН ТУХАЙ

Б.СОДНОМЫН “БИЧИГ ҮСЭГ ХААНА ХЭРХЭН БУЙ БОЛОВ” БҮТЭЭЛИЙН ТУХАЙ
Хураангуй
Д.Нацагдорж судлаач, эрдэмтэн Б.Содном 1935 онд нэгэн бяцхан товхимол хэвлүүлсэн нь “bičig üsüg qamiγa kerkin bui bolbai” гэдэг нэртэй байв. Түүний энэ бүтээлийг бид 1998 оны намар УБИС-ийн МХУЗФ-ийн номын сангийн эрхлэгч, доктор Ц.Банзрагчийн санаачилгаар Б.Содном гуайн 90 насны ойд зориулан монгол бичгээс шинэ үсэгт буулган, түүний товч намтар, уран бүтээлийн тухай дагалдууллын хамтаар хэвлүүлж, миний хувьд анхны олонд хүргэсэн ном, бичгийн ажил болж байв.
Мөн Б.Содном гуай 1957 онд Германы дорно дахиныг судлаач Бишоффийг дагуулан Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурт амрах, эрдэм шинжилгээний аялал хийж байхдаа “Туяат лүндэн хэмээх судар” олж, түүнийг нь тэр эрдэмтэн судалж, анх олон нийтэд таниулсан бөгөөд өдгөө миний бие тус судрыг сонирхон судалж, 10 хувилбар олоод эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж байна. Энэ бүгдээс харахад би анх Б.Содном хэмээх эрхэм хүний бүтээлээр судалгааны ажил, ном эрдэмд хөл тавьсан бол өдгөө түүний олж олонд таниулсан судрыг үргэлжүүлэн судалж байгаа нь сонин давхцал юм.
Түлхүүр үг: Б.Содном, бичиг үсэг хаана хэрхэн буй болов, намтар, уран бүтээл
Б.Содномын 90 жилийн ойг тэмдэглэсэн нь
1998 оны намар миний хувьд УБИС-ийн МХУЗФ-ийн туслах багшаар ажиллаж, магистрантурт суралцаж байсан үе. Намар хичээл эхэлсний дараа манай номын сангийн эрхлэгч Ц.Банзрагч ах маань Б.Содном гуайн тухай нэг юм хийх юмсан, түүнийг дурсаж, ойг нь тэмдэглэх юмсан гэсэн санал, санаачилга гаргаж, үр хүүхдүүдтэй нь уулзаж, “Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” гэсэн товхимолыг нь шинэ үсэгт буулгаж, хэвлүүлэх тухай яриа болов. Энэ ажилд нь би туслаж, хамтран хийхээр болж, надад өгсөн монгол бичгээрх номыг нь 14 хоногт багтааж кирилл бичигт буулгаж улмаар эхийг нь бэлтгэж, Дашка ахын /Дашзэвэг гэж хүн л дээ. Банзрагч багшийн сайн найз, хэвлэх үйлдвэрийн эзэн байсан юм. М.О/ хэвлэх үйлдвэрт 500 ширхэг хэвлэж, олон нийтийн хүртээл болгож байв. Яаруу сандруу хийсэн болоод ч тэр үү, анхны бүтээл байсан болоод ч тэр үү үг үсгийн алдаа мадаг ихтэй байдгийг нуугаад яахав. Уг бүтээл нь миний хувьд анхных төдийгүй, цаашид хийх олон ажилд минь туршлага болсон ажил байсан юм.
Уг номын эхэнд Б.Содномын амьдрал, уран бүтээлийн талаарх товч зүйлсийг судлаач, шүүмжлэгч Ц.Банзрагч бичсэн юм. Ингэж тухайн үеийн Улсын багшийн их сургуулийн Монгол хэл, уран зохиолын факультетийн дэргэдэх Эрдэм шинжилгээний номын сангийн эрхлэгчийн санаачилгаар Б.Содном гуайн 90 жилийн ойг тэмдэглэж байв.
Ямар ч байсан Б.Содномын амьдрал уран бүтээлийн олон талыг гаргаж ирэх гэж хичээсэн, тэр тухай тал бүрээс нь нягтлах шаардлагатайг тодруулахад судлаач, шүүмжлэгч Ц.Банзрагчийн хувь нэмэр их байсныг энд цохон тэмдэглүүштэй.
Хэрэвзээ тэр үед Номын сангийн эрхлэгч байсан Ц.Банзрагчийн санаачилга байгаагүй бол өдгөө энэ бүтээл төрж гарах нь юу л бол. Хэрэвзээ надад итгэж энэ номыг буулга гэж хэлээгүй бол би хийж чадахсан билүү. Ховор номын сангаасаа эхийг нь олж өгч, түүнийг буулгах эрх өгснөөр энэ бүтээл төрж байв. Иймд эрхэм хүн Балдангийн Содномын 110 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ цаг дор эрхэм ах Цамбажавын Банзрагчийгаа дурсан санахад таатай байна. Тэр хүн бол аливаад сэтгэлээрээ хандаж, хийх юмсан гэсэн эрмэлзэл дүүрэн явсан хүний нэг байв. Тиймдээ ч бидний хамтран гаргасан уг бүтээл нь Б.Содномын гуайн 90 насны ойд зориулан гаргасан анхдагч бүтээлүүдийн нэг байв.
Доктор Ц.Банзрагч Б.Содномын талаар уг номын эхэнд бичихдээ, Бага нас, Сургуулийн жилүүд, Ажилласан нь, Сонгуульт ажил, Шагнал, Шийтгэл буюу хэлмэгдэл, Уран бүтээл гэсэн долоон хэсэгт хувааж, тус бүрт нь товчоолох аргаар бичсэн ба Уран бүтээл гэсэн хэсгийг Уран зохиол, Ардын аман зохиолын судалгаа, Шинэ үеийн уран зохиолын судалгаа, Нэр томьёоны судалгаа, Д.Нацагдоржийн судалгаа гэсэн таван хэсэгт тоймлон өгүүлж бичсэн байна. Энэ талаараа тэрбээр “...Нөр хичээнгүй хөдөлмөрч авьяаслаг судлагч Б.Содном гуайн уран бүтээлийг дээрх 5 чиглэлээр судламаар санагдсанаа тоймлон бичлээ. Цаашид судлаачид дэлгэрүүлэн судалж, 100, 150 жилийн ойг нь тэмдэглэх нь дамжиггүй...”[1] хэмээн уг бүтээлд түүний бүтээл туурвилыг чухам ямар чиглэлээр судлан шинжлэх боломжтойд өөрийн саналаа илэрхийлсэн байдаг. Дээрх санаагаа лавшруулан дэлгэрүүлж 90 жилийн ойд зориулж тэрбээр “Д.Нацагдоржийг алдаршуулагч Балдангийн Содномын амьдрал, уран бүтээл”[2] гэсэн өгүүлэл бичиж, түүвэр зохиолд нь хэвлүүлжээ.
Б.Содном хэмээх эрхэмийн намтар, уран бүтээлийг судлах, цаашид олонд түгээхэд Ц.Банзрагч гэдэг хүний оруулсан хувь нэмрийг дурдалгүй өнгөрч үл болно. Хичээл сургалтдаа Б.Содном гуайн талаар эш татан ярьдаг, түүний тухай бүтээлийн цуглуулгыг нь багтаасан тусгай хавтас нээчихсэн, түүнд ховор ховор гар бичмэл, өдрийн тэмдэглэлийн дэвтрийг нь хүртэл олоод хийчихсэн, заримыг нь нухацтай уншиж суудагсан.
Энэ талаараа ч тус товхимолын эхэнд дурдсан нь бий. Тухайлбал, тэрхүү өдрийн тэмдэглэлээс нь ингэж сийрүүлжээ. Үүнд: “... Б.Содном гуай амьдралынхаа сүүлийн жилүүдэд өдрийн тэмдэглэл хөтөлж байжээ. 1968 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэлдээ “15 цагаас Нацагдоржийн /Ш.Нацагдоржийн бололтой Ц.Б./ 50 насны ойн ёслолын хуралд оролцов. Намайг 150 нас хүрвэл улсаас ойг минь лав л хийнэ гэж санагдав. Одоо би 70 нас руу алхаж яваа хүн тул би 70 хүрэх болов уу даа! Хувийн тэмдэглэл сонирхох хүн хожим гарах нь лав тул би ингэж бичлээ. Намайг буруутгахгүй нь дамжиггүй. Түүх бол түүх л байх ёстой доо. Монгол эх орондоо үнэнч хүү олон түүний тоонд би орно. Монгол эх орон минь улам улам мандтугай...” гэж бичжээ”[3] хэмээн дурссан байна.
1998 онд 90 насны ойд зориулж түүний охин С.Үзмээ эмхэтгэж, П.Хорлоо, Д.Өлзийбаяр нар редакторласан Б.Содномын намтар бүтээлүүд” нэгдүгээр ботийг гаргасан бол 2008 онд Б.Содном гуайн 100 жилийн ойгоор доктор, профессор Д.Цэдэв абугай Балданы Содном гуайн судалгааны бүтээлүүдийг эмхэтгэн 3 боть бүтээл туурвисан нь шинжлэх ухааны үнэ цэнтэй, судлаач нарт хэрэгтэй чухал гарын авлага болсон юм. Мөн түүнчлэн доктор, профессор Э.Пүрэвжав ахмад эрдэмтний намтар, бүтээлийн жагсаалтыг тусгайлан ботилж хэвлүүлсэн нь энэ талын судалгааны гол бүтээлүүдийн нэг болсон байна.
Өвгөн судлаачийн хүсэл биелж бид 90, 100 жилийг нь тэмдэглэсэн бол өнөөдөр 110 жилийнх нь ойг хийж байна. Оюутны ширээнээс дөнгөж багшийн ажилд шилжиж, ном эрдмийн захаас хүртэж эхлэсэн тэр үедээ энэ эрхэм хүний бүтээл туурвилаар эрдмийн аянд мордож байсандаа би талархаж явдаг бөгөөд 20 жилийн өмнө 90 жилийн ойд нь зориулж ийм ном гаргаж байснаа дурсахад ч таатай байна. Б.Содном судлал цаашаа улам өргөжин тэлж, түүний үлдээсэн асар баялаг өвийг улам нягтлан судлана гэдэгт итгэж байна.
“Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” бүтээлийн тухай
Уг номыг Монгол улсын 25-р онд буюу аргын тооллын 1935 онд хэвлүүлж олны хүртээл болгосон байдаг. Уг бүтээл нь тухайн үеийн шаргал хэвлэлийн цаасан дээр хэвлэсэн нүүрэн талдаа гарчиг, зураг чимэглэл бүхий нимгэн хавтастай ном юм. Уг номын нүүрэн талыг хийхдээ өргөн хүрээтэй хээгээр чимэглэж, нүүрний дээд хэсэгт нь номын нэрийг зэрэгцүүлэн бичиж, дунд хэсэгт нь зургаар чимэглэж, зургийн доод хэсэгт “Индиан нарын зургаар утга тэмдэглэснийг үзүүлсэн хөрөг” гэсэн тайлбартай, зургийн хажуугаар “Шинжлэх ухааны хүрээлэнгийн[4] Оюутан Содном найруулан бичвэй” гэдгийг монгол бичгээр үйлдсэн. Номын хавтасны доод хэсэгт “Ардыг гэгээрүүлэх яамны хэвлэл. 25 дугаар он Улаанбаатар хот” гэсэн бичигтэй.
Энэхүү бүтээлийг нь түүний 100 жилийн ойд зориулан гаргасан гурван боть бүтээлийн Балданы Содном Түүвэр зохиол ботид бүрэн эхээр нь шинээр буулган хэвлүүлжээ. Ямар ч байсан анх шинэ үсэгт буулгаж, хэвлүүлсэн хүний нэг нь би юм.
Тус бүтээл нь бичиг үсгийн учир холбогдол, хаана, хэрхэн ямар бичиг, үсэг бий болсныг эртний түүхээс нь улбаалан хөөж, бичгийн тиг, хэлбэр, арга маягийг зургаар үзүүлж хийсэн нь бичгийн чамбай боловсролтой, чадварлаг хүн байсныг илтгэдэг. 1935 онд хэвлэгдсэн боловч зохиогч Б.Содном 1930 оны 5-р сарын 1-нд Шинжлэх ухааны хүрээлэнд Оюутан гэдэг албан тушаалд 1931 оны 1-р сар хүртэл 6 сар, мөн дараа нь 1933-1934 онд оюутнаар 12 сар ажилласан[5] хугацаандаа бичиж үлдээсэн гэж үзэх боломжтой.
Түүний намтраас үзэхэд 1931 онд ЗХУ-ын Ленинградын Дорно дахины хүрээлэнгийн аспирантурт[6] 23 настайдаа явж суралцсан бөгөөд 1933 онд биеийн байдал тааруу, өвчний шалтгаанаар монголдоо ирж, эмчлүүлж байх хугацаандаа бичиж, улмаар түүнийг буцаж явсны дараа буюу 1935 онд хэвлэгдэж олны хүртээл болжээ.
Энэ тухай “... 1930 онд Германаас буцаж ирсэн даруй Шинжлэх ухааны хүрээлэнд оюутнаар очиж, бага сага эрдэм шинжилгээний ажлаар оролдож байгаад 1931 оны 1-р сард СССР-ын Шинжлэх ухааны академийн аспирантурт суралцахаар тус улсын Шинжлэх ухааны Хүрээлэнгийн нэр дээр явж, утга зохиолын мэргэжлийн сургууль хийж эхлэв. Гэтэл 1933 онд өвчний учир Ленинград хотоос буцаж ирээд, мөн Хүрээлэнгийн газраа оюутнаар байж, бага сага эрдэм шинжилгээний ажлыг бие эмчлүүлэхийн хамт хийж байгаад, 1934 онд бие сайжирсан учир, тэр намар мөн Академийн аспирантуртаа Москвад очив...” гэж дурссан нь бий. Эндээс харахад эрдэм шинжилгээний бага сага ажилд нь уг товхимол багтаж байжээ гэж ойлгож болно. 1946, 1951 онд бичсэн намтартаа бүтээлийн жагсаалтаа хавсаргахад 2-рт “Бичиг үсэг анх хэрхэн буй болов” хэмээх дэвтэр хэвлэгдсэн[7] гэж тун даруухан тэмдэглэсэн байна.
“Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” товхимолын өмнөтгөл үгэнд хэлний тухай, бичиг үсэг ямар учиртай тухай өгүүлэхийн ялдамд монголчуудад чухам дэлхий дээрх бичиг үсгийн түүх, сонин хачиныг таниулах үүднээс бичсэн болохоо “...Бичиг үсэг хэмээгч хүн төрөлхтний ахуй боловсорсны охьд мандаж гарсан бөгөөд чухам хэрхэн юуны учраас шаардагдан удаа дараа уламжлан дэвшиж ирсэн сонин түүхийг өгүүлэх бөгөөд дэлхий дээр ихээхэн алдаршсан зарим нэгэн улсын үсгийн цагаан толгойг дараа хавсаргасан бүлгээ...”[8] гээд учир шалтгаан, үйл явдлын цаг хугацааны дарааллыг нарийн нягт баримтлан бичжээ.
Энэ бүхнээс нь үзвэл Б.Содном гуай зөвхөн монголын уран зохиол судлаач төдий биш, залуу цагаасаа эхлэн хэлний боловсролтон байсныг харуулна. ЗХУ-д аспирантурт суралцаж байхдаа сонссон хичээлийнхээ тэмдэглэлийг ч нарийн хийж, түүнд түшиглэн уг бяцхан номыг хийсэн болох нь түүний үзэж хэрэглэсэн зүйл буюу ном зүйд “...Урьд сургуульд суралцан бүхий цагт тэмдэглэн авсан хэрэглэгдэхүүн ...” гэж бичсэнээс тодорхой харагдана. Энэ нь ямархуу нягт нямбай, няхуур суралцаж, сурсан мэдсэнээ монголынхоо ард түмэнтэй хуваалцах чин эрмэлзэлтэй, бүтээлч хүн байсныг нь илтгэнэ.
Мөн тэр үеийн сэхээтнүүд шинэ нийгэм, ард олныхоо гэгээрэл боловсролын төлөө ямар их хичээж чармайж байсныг, тэд дөнгөж 20 гаруйхан насандаа эрдмийн гүнд нэвтэрч, боловсорч, сурсан мэдсэнээ эх орныхоо сайн сайхны төлөө зориулж байсныг ч харж болно. Б.Содном гуай энэ бүтээлээ туурвиж байхдаа 26 настай байсныг нь бодоод үзэхэд л хангалттай. Тэр цагийн шилдэг залуу сэхээтэн байсныг уг баримт хангалттай нотолно.
Дээрх ном нь түүний анхны бүтээлийн нэг гэж үзэх бүрэн үндэстэй. Учир нь ШУХ-ийн Оюутан байх хугацаандаа түүний бие даан гаргасан анхны ном мөн бололтой байдаг. Б.Содном гуай “...Албаны гол ажлынхаа зэрэгцээгээр би, бичиг үсэг анх хэрхэн бий болов, насанд хүрэгчдийн үзэх үсэглэл, Д.Нацагдоржийн зохиолууд, Д.Нацагдоржийн намтар зохиол, монгол ардын нэгэн дууны тухай, монгол ардын аман зохиолын хошин үлгэр, ярианы эмхэтгэл, ертөнцийн гурав, дөрөв гэдэг сэцлэлийн тухай зэрэг жинхэнэ болон эрдэм шинжилгээний хялбарчилсан арваад ном дэвтэр бичиж хэвлүүлэв...”[9] гэж сонины хуудсанд бичиж үлдээсэн байдаг. Түүний намтар бүтээлийг судласан судлаачдын үзэж байгаагаар “Монголын цэг цэглэлийн тухай” зэрэг өгүүллүүд 1938 оны Шинэ толь сэтгүүлүүдэд хэвлэгдэн гарсан нь Б.Содномын эрдэм шинжилгээний бүтээлийн түрүүчийнх нь нэг байлаа...”[10] гэж тэмдэглэснээс үзсэн ч дээрх товхимол анхны бүтээлүүдийнх нь нэг болох нь харагдана. Түүний бүтээл 1934 оноос олны хүртээл болж эхэлсэн бөгөөд ном зүйн бүртгэл, бүтээлийн жагсаалтаас нь үзэхэд 8 дахь бүтээл болж байна. Эрдэм судлалын чиглэлийн 3 дахь бүтээл ч гэж хэлж болно. Танин мэдэхүйн шинжтэй тус бүтээлээр хэл бичгийн чадварлаг мэргэжилтэн болж байгаагаа нотлон харуулж, дараа дараагийн хэлний тухай бүтээлийн үндэс суурь нь болж байв.
Тус ном нь монголд хамгийн анх түрүүн бичиг үсэг, тэдний тус эрдмийн тухай ихэд ойлгомжтой, жишээ зураг, үсэг бичгийг нь хавсарган бүтээгдсэн бүтээл мөн. Тэр уг бүтээлийг хийхийн тулд өөрийн мэдлэг чадварыг дайчилж, нэмэлт эх сурвалж, гадаадын бүтээл туурвилыг боломжийн хэрээр шүүрдэн үзсэн болох нь түүний ашигласан материалаас нь харагдана. Тухайлбал, тэрбээр
“Үзэж хэрэглэсэн зүйлүүд” гээд
“...Урьд сургуульд суралцан бүхий цагт тэмдэглэн авсан хэрэглэгдэхүүн
Сэтгүүл “Новый Восток” №2
Alphabete und Schriftzeichen des Morgen und des Abendlandes
Reklam praktisches Missen
М.Ильин. Черным по белому
Проф В.В.Струве. Происхождение алфабита
Нанхиадын Кан мо хэмээгч бичгийн орчуулга...” зэргийг ашигласан байдлаас харсан ч монголд анх удаа гарсан бүтээл юм. Иймд түүний энэхүү бяцхан товхимол нь дэлхий дахинд хэл, бичиг хэрхэн үүссэн тухай монголд анхлан танилцуулсан анхдагч бүтээл мөн гэдгийг энд тэмдэглэх хэрэгтэй.
Тэрбээр энэ номоо хэвлүүлснээс хойш “Цэг цэглэлийн учир” /1938/, “Монгол бичиг үсгийн улиран ирсний учир” /1946/ өгүүлэл бичжээ. Дээрх ном уг бүтээлийг бичих дадлага сургууль, танин мэдэхүйн судалж, шинжлэх ажлынх нь том туршлага болсон гэхэд болмоор санагдана.
Хэдийгээр дээрх бүтээлийг 1935 онд хэвлүүлсэн хэдий боловч өөрийн бүтээлээ хийсэн ажилдаа төдийлөн дурдалгүй явж ирсэн байна. “Хэл бичгийн ажил” /1941/, “Гучин жилд монгол хэл бичиг, утга зохиолын талаар хийсэн ажлууд” /1951/, “Шинжлэх ухааны хүрээлэн” /1962/ тайлан илтгэлдээ дээрх товхимолын тухай дурдаагүй. Харин “Эрдэм судлалын ажилд дөчин жил” /1971/ танилцуулгадаа харин 2 удаа дурджээ. Энэ нь өөрөө уг бүтээлээ шинжлэх ухааны нарийн бүтээл гэхээс илүү олон нийтэд зориулсан, танин мэдэхүйн шинжтэй хялбархан бүтээл гэж үзэж байсантай холбоотой байж мэднэ.
“Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” бүтээлийн онцлог
Тухайн цагтаа бичиг үсгийн талаарх хамгийн шинэ, сэргэг бүтээл гэж хэлж болно. Учир нь дэлхий дахинаа бичиг үсэг хэрхэн үүссэн тухай системтэй, ойлгомжтой хэлбэрээр бичиж, олон түмний танин мэдэхүйд тус болох үүднээс гаргасан шинжлэх ухааны хялбаршуулсан ном, товхимол байсан гэж дүгнэж болно. Үүгээрээ анхдагчийн нэг болсон юм.
Бичиг үсэг үүсч бий болсон явдал нь хүний хөгжил, түүхэн хувьсалтай хамаатай байж, хаана, хаана, ямар учраас бичиг үүссэнийг нэг нэгэнгүй тодорхой өгүүлэхдээ түүхэн нөхцлийг ямагт харгалзан үзсэн нь уг бүтээлийн үнэ цэнийг өргөж байна. Б.Содном судлаачийн бичсэн өгүүлэл, илтгэлийг харахад ихэвчлэн заавал түүхэн нөхцөлтэй нь нягт уялдуулан бичдэг арга зүй нь энэ үеэс ягштал тогтсон байна гэж үзэх үндэстэй.
Мөн жишээ, баримтыг тухайн орны хэл, бичгийн онцлог, үсэг зурлагыг сайтар үйлдэж буулгаснаараа хүмүүст танин мэдэхүйн маш чухал эх хэрэглэгдэхүүн болсон байдаг. Улс улсын бичиг үсгийн зурлага, тиг горимыг нарийн тайлбарлаж, жишээгээр үзүүлсэн нь тухайн үеийн монголчуудад тун сонин мэдээ, баримт байсан нь эргэлзээгүй юм.
Энэхүү өгүүлэл нь Б.Содном гуайн хэл шинжлэлийн салбарт хийсэн анхдагч бүтээлийнх нь нэг байсны зэрэгцээ дараа дараагийн бүтээлийнх нь эх үндэс болж, хэлний салбарт амжилттай ажиллах боломжтой сэхээтэн болж байгааг нотлон харуулсан явдал байжээ гэж дүгнэж болно.
Ер уг бүтээл нь дараах хэдэн онцлогтой гэж дүгнэж болох юм. Үүнд:
1. Тус бүтээл нь Шинжлэх ухааны хүрээлэнгийн оюутан Б.Содном ЗХУ-д аспирантурт суралцаж байхдаа үзсэн хичээл номоосоо шүүрдэн авч, бичиг үсгийн талаар гарсан бусад бүтээлүүдтэй харьцуулан үзэж, баяжуулан боловсруулсан анхны гарын авлагын шинжтэй, эрдэм шинжилгээний танин мэдэхүйн, хялбаршуулсан бүтээл мөн.
2. Бичиг үсэг хэрхэн үүссэн тухай монгол хүнд системтэй мэдлэг, мэдээлэл өгсөн анхны бүтээл мөн. Өмнө нь бичиг үсгийн талаар 1920-иод оноос бүтээл туурвиж байсан хэдий ч өргөн дэлгэр баримт мэдээлэлд тулгуурласан нь үгүй. Мөн европ зүгийн мэдээ, баримтыг нягтлан үзэж бичсэн нь байсангүй. Түүний ашигласан бүтээлээс харсан ч монголд өмнө нь хэвлэгдсэн бүтээл, гарын авлага болгох баримт байгаагүй нь мэдэгдэнэ.
3. Б.Содном хэмээх 26 настай залуу хүү эрдмийн их уурхайгаас чамгүй их хүртэж, боловсорч байгааг илтгэсэн чамбай ажлын нэг юм. Тэрбээр 1920-иод оны сүүл үеэс уран бүтээл оролдох, эрдэм шинжилгээний ажил эрхлэх дур сонирхолтой болж, бага сага бүтээл туурвиж эхэлсэн хэдий ч түүний бүтээлүүд 1934 оноос л олон нийтэд хүрч эхэлснийг бүтээлийн жагсаалтаас нь харж болно. “Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” ном түүний бие даан гаргасан анхны бүтээл байснаараа ихээхэн ач холбогдолтой юм.
4. Миний бодоход уг бүтээл нь монголчуудад нэлээд тодорхой байдлаар нэгдмэл нэг доор дүрс үсэг, шаантаг үсэг, египт, анхны мисир, финик цагаан толгойноос эхлүүлээд грек, эртний перс, япон, славян, латин, хятад, солонгос, төвд үсэгтэй танилцуулж, харьцуулан үзэх, судлан шинжлэх, санаа авах боломжийг олгосон анхны бүтээл байв. Ингэхдээ үсэг бичиг зохиогдсон он цагийг баримтлан анх яаж гарч, цааш хэрхэн дэлгэрснийг “...Грекээр дамжин засагдаж хойш ба зүүн хойш славян хэлтэй болох серби, болгар, чехословак, польш, орос зэрэгт дэлгэрснээс гадна баруун тийш Ром улс грекийн хуучин үсгийг авч зохиосон цагаан толгой нь латин үсгийн цагаан толгой мөн бөгөөд энэ нь бүхий л баруун ба дундад европод роман хэлтэн болох итали, португали, испани, франц, румын хийгээд герман төрлийн хэлтэн болох англи, голланд, дани бас нөгөөтэйгүүр финикийн урагш африкт конна, абиссин зэрэг улсууд авсан ба зүүн тийш Сири, сирээс Согд, Согдоос Уйгар, Уйгараас Монголд уламжлан ирсэнд монголоос манж авсан байна...”[11] гэх зэргээр бичиг үсэг цааш хэрхэн дэлгэрснийг ул үндэстэй бичсэн нь яалт ч үгүй тухайн үеийн хэл шинжлэлийн салбарт гарсан ололт, нээлтийг нямбайлан судалж, бичсэн болох нь мэдэгдэнэ. Энэ нь хэл бичгийн шинжлэлтэн нарт тов тодорхой ойлголт өгч, дараа дараагийн судлаачид улам нарийвчлан үзэх шижим, зам мөрийг тавьж өгчээ.
Б. Содном гуайн эрдэм судлалын эхлэлийг тавьсан чухал бүтээлийн нэг болсон “Бичиг үсэг хаана хэрхэн бий болов” ном нь жижигхэн товхимол хэдий боловч мэдээллийн багтаамж, агуулгаараа баялаг, хэдэн арван боть номонд багтаж байсан мэдээллийг жирийн иргэдэд ойлгомжтой байдлаар бичиж найруулсан, эрдэм шинжилгээний хялбаршуулсан бүтээлд хамаарах бүтээл байснаараа танин мэдэхүйн онц ач холбогдолтой, тухайн үеийн багш, сурган хүмүүжүүлэгч нарын гарын авлага болж байсан дорвитой бүтээлийн нэг байжээ гэж дүгнэж болмоор санагдана.
Учрал тохиол гэж байдаг ажээ...
Их сургуулиа төгсөөд анх багш болж байсан тэр үедээ Б.Содном гуайн бүтээлийг шинэ үсэгт буулгах ажлаар эрдмийн дөрөөнд мордож байсан би хожим нь түүний олж, шинжлэх ухааны эргэлтэд оруулж байсан нэгэн судрыг сонирхон судлах юм чинээ огт бодоогүй явж билээ. Аливаа юм учир холбогдолтой байдгийн сэжим энэ бололтой. Юу гэвэл би 2012 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаас 84 настай Д.Ханд гуайгаас нандигнан хадгалж явсан нэгэн жижиг гар бичмэл судрыг олж авсан юм. Тэр нь “Туяат лүндэн хэмээх ном оршибай” нэртэй судар. Уг судрыг олж аваад сонирхон судалж үзтэл тэртээ 1957 онд анх Хэнтий аймгийн Дадал сумаас ховор ном цуглуулагч Дэлэг гэдэг хүний олж авсан ном судраас анх Бишофф үзэж, түүнд хуулбар хийж өгөхийг зөвшөөрч, улмаар Б.Содном гуай дараа дараагийн хувилбарыг нь олж өгөхөд ихээхэн хүчин чармайлт гаргажээ.
Энэ талаар тэрбээр “...1957 оны зун миний бие Проф. Б. Содномтой монголын зүүн хойд нутагт орших “Гурван нуур” -ын эрэгт хэд хоног буудаллаад байхдаа Туяат лүндэн хэмээх судрын монгол эхийг олж авсан юм. Түүхэнд “Гурван нуур”-ыг Чингис хааны мэндэлсэн газар хэмээн үздэг бөгөөд тус үзэсгэлэнт газрыг монголын төр ихэс дээдэс, төрийн албан тушаалтнуудын алжаал тайлан амрах газар болгон тохижуулжээ. Нийтлэлч, ховор ном судар сонирхон цуглуулагч Дэлэг гуай УБ хотоос ирж бидний дэргэд отоглоод байсан бөгөөд амралтын хугацаагаа ашиглан малчид болон тухайн үеийн лам хуврагуудаас ном, судар худалдаж авдаг байсан юм. Тэрээр худалдан авсан номны баринтагуудыг угааж, манай дүнзэн байшингийн хажуу дахь хэцэн дээр тохон хатааж байсан нь бидний сонирхлыг ихэд татаж байлаа. Сониуч зан минь биднийг тайван суулгахгүй байв. Ховор үнэт цуглуулгаасаа үзүүлээч хэмээн биднийг хүсэхэд Дэлэг гуай аль хэдийн буцах аялалдаа бэлтгэн, ном судраа баглачихсан байлаа. Урмыг минь хугалахгүйн тулд Дэлэг гуай зарим бичвэрийг задлан үзүүлсэний нэг нь Туяат лүндэн судар байсан юм. Баярлаж гайхахыг минь хараад Дэлэг гуай профессор Содномд энэхүү товч эх бичвэрийг надад нэгд нэгэнгүй хуулж өгөхийг зөвшөөрсөн билээ. Дэлэг гуай болон проф. Содном нарт чин сэтгэлээсээ талархаж буйгаа уламжилж байна...” гэж өөрийн өгүүллийнхээ эхэнд дурдсан байдаг юм.
Тэрбээр “Monumenta Serica” Vol.XX. /1961/ сэтгүүлд герман хэлээр “Eine Buddhistische wiedergabe christlicher bräuche: Glanzvolles manifest genanntes sūtra” /Христийн шашны зан үйл буддын шашинд тусгагдсан нь: Туяат Лүндэн хэмээх судар оршвой/ гэсэн нэртэй өгүүллийг хэвлүүлсэн бөгөөд тус бүтээлдээ 2 хувилбарыг олж, хуулбарласан эхээ хэвлүүлсэн байна. Эдгээр хувилбар, эхийг олж авахад Б.Содном гуай их хувь нэмэр оруулсныг тэрбээр “...Профессор Содном Улаанбаатар дахь Шинжлэх Ухааны Хороонд лүндэнгийн хоёр дахь хувилбарыг үг үсэггүй хуулбарлан бичүүлсэн...” гэж тодорхой өгүүлсэн байна.
Миний сонирхон судалж буй “Туяат лүндэн хэмээх ном оршивой”[12] гэсэн гар бичмэл судрыг нэлээд нарийн судалж, харьцуулан үзэж тусгай өгүүлэл болгон хэвлүүлсэн нь өнөө хэр уг судрыг шинжлэх ухааны эргэлтэд оруулсан цор ганц тохиолдол байсаар ирэв. Харин сүүлийн үед анхны эхийг олсноос хойш газар, газраас хүн хүнээс сурвалжлан одоогоор 9 эх, хувилбарыг олж эрдэм шинжилгээний галигт буулгаад байна. цаашид нарийн нягталж судлан тодорхой бүтээл гаргахаар ажиллаж байна.
Энэ бүхнээс харахад Балдангийн Содном гэдэг хүнтэй ямар нэгэн сэжмээр холбоотой байж, түүний оролцоо, дэмжлэгтэйгээр миний эрдэм судлалын ажил урагшлаад байгаа нь цаанаас зурсан бурхны төөрөг, тавилан гэлтэй. Иймд би өнөөдөр энэхүү Б.Содном хэмээх хүний 110 жилийн ойд оролцож, та бүхэнтэй санаа бодлоо хуваалцаж байгаадаа туйлын таатай байна.
Товч дүгнэлт
Энэхүү илтгэлээ товчлон хураавал дараах хэдэн дүгнэлт хийж болох юм. Үүнд:
1. Б.Содномын “Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” бүтээл нь түүний анхны бие даасан ном мөн. Хэдийгээр өмнө нь цөөн тооны өгүүлэл бичиж, сэтгүүлд нийтлүүлж байсан хэдий боловч уг бүтээлээ бие даасан ном, товхимол болгож хэвлүүлсэн нь анхдагч болж байна.
2. Тус бүтээл нь монголчуудад дэлхий дахинаа бичиг үсэг хэрхэн бий болсон түүхийг товчоолон, тухайн үеийн хэл шинжлэлийн ололт амжилт, баримт мэдээнд тулгуурлан бүтээгдсэн анхны бүтээл гэдгээрээ үнэ цэнтэй юм. Оюутан Б.Содном түр хугацаагаар буюу нэг жил монголдоо ажиллахдаа бичиж нийтлүүлсэн, юу сурч мэдэж байгаагаа товч тайлагнасан бүтээл байсан гэж үзэх үндэстэй байна.
3. Уг бүтээл нь түүний дараа дараагийн хэл шинжлэлийн бүтээл туурвих тулгуур багана, анхны мэдэгдэхүүнийг баттай эзэмшиж, чадварлаг хэлний мэргэжилтэн болж байгааг илтгэсэн бүтээл байснаараа ач холбогдолтой байв.
Үзэж ашигласан бүтээлүүд:
1. Улсын багшийн их сургууль, Уран зохиолын тэнхим, Эрдэм шинжилгээний номын сан, Б.Содном “Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” Кирилл бичигт буулган хэвлүүлсэн: Цамбажавын Банзрагч, Мягмарсүрэнгийн Одмандах, УБ, 1998.
2. Б.Содномын Түүвэр зохиол /Гуравдугаар боть/, Эмхэтгэсэн Д.Цэдэв, УБ, 2008.
ЭШЛЭЛ
[1] Улсын багшийн их сургууль, Уран зохиолын тэнхим, Эрдэм шинжилгээний номын сан, Б.Содном “Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” Кирилл бичигт буулган хэвлүүлсэн: Цамбажавын Банзрагч, Мягмарсүрэнгийн Одмандах, УБ, 1998. 12-р талд.
[2] Ц.Банзрагч “Д.Нацагдоржийг алдаршуулагч Балдангийн Содномын амьдрал, уран бүтээл” өгүүлэл. 90 жилийн ойд зориулсан “Б.Содномын намтар, уран бүтээлүүд” 1-р боть. Эмхэтгэсэн С.Үзмээ, Редактор П.Хорлоо, Д.Өлзийбаяр, УБ, 1998. 110-118-р талд. Мөн Б.Содномын Түүвэр зохиол /Гуравдугаар боть/, Эмхэтгэсэн Д.Цэдэв, УБ, 2008, 545-549-р талд.
[3] Улсын багшийн их сургууль, Уран зохиолын тэнхим, Эрдэм шинжилгээний номын сан, Б.Содном “Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” Кирилл бичигт буулган хэвлүүлсэн: Цамбажавын Банзрагч, Мягмарсүрэнгийн Одмандах, УБ, 1998. 12-р талд.
[4] 1930.12.20. Улсын бага хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр Судар бичгийн хүрээлэнг Хэлбичгийн кабинет, Утга зохиолын кабинет, Түүхийн кабинет, ХАА-н кабинет, Газарзүйн кабинет, Шашин-түвд судлалын кабинет гэсэн бүтэц бүхий Шинжлэх ухааны хүрээлэн болгов. www.stf.mn/Uploads/a64ba3ac-3add-4f89-9fa5-14a47a3b1f82.docx
[5] Улсын багшийн их сургууль, Уран зохиолын тэнхим, Эрдэм шинжилгээний номын сан, Б.Содном “Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” Кирилл бичигт буулган хэвлүүлсэн: Цамбажавын Банзрагч, Мягмарсүрэнгийн Одмандах, УБ, 1998. 5-р талд.
[7] Балданы Содномын түүхт явдал, Б.Содномын Түүвэр зохиол /Гуравдугаар боть/, Эмхэтгэсэн Д.Цэдэв, УБ, 2008, 474-475-р талд.
[8] Улсын багшийн их сургууль, Уран зохиолын тэнхим, Эрдэм шинжилгээний номын сан, Б.Содном “Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” Кирилл бичигт буулган хэвлүүлсэн: Цамбажавын Банзрагч, Мягмарсүрэнгийн Одмандах, УБ, 1998. 15-р талд.
[9] Эрдэм судлалын ажилд дөчин жил, Улаанбаатарын мэдээ сонин. 1971.11.18. №180/2561/ гэсэн нийтлэлийг Б.Содномын Түүвэр зохиол /Гуравдугаар боть/, Эмхэтгэсэн Д.Цэдэв, УБ, 2008, 512-р талд.
[10] Я.Баатар, Ахмад эрдэмтэн Содномын Б.Содномын Түүвэр зохиол /Гуравдугаар боть/, Эмхэтгэсэн Д.Цэдэв, УБ, 2008, 535-р талд.
[11] Улсын багшийн их сургууль, Уран зохиолын тэнхим, Эрдэм шинжилгээний номын сан, Б.Содном “Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” Кирилл бичигт буулган хэвлүүлсэн: Цамбажавын Банзрагч, Мягмарсүрэнгийн Одмандах, УБ, 1998. 35-38-р талд.
[12] Энэ талаар миний бичсэн “Оросын үнэн алдартны шашныг монголд дэлгэрүүлэх оролдлого” (tuyatu lüngdüng kemekü nom orusibai) /МУБИС-ийн НХУС-ийн Эрдэм шинжилгээний бичиг. Эрхэлсэн С.Эрдэнэмаам, УБ., 2015. №3./ өгүүллээс дэлгэрэнгүй үзнэ үү.



Wednesday, November 7, 2018

Монголын бахархалын өдөр



Монголын бахархалын өдөр

Чингис хааны мэндэлсэн он сар өдрийг тогтооход ШУА-ын саналд үндэслэн "Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн" гэж тооцоолон тогтоож, энхүү өдрийг "Монголын бахархалын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлхээр Монгол улсын ерөнхийлөгчийн  2012 оны 1-р сарын 9-ний өдрийн 4 тоот зарлиг гаргажээ. Жил болгон энэ өдрийг тохиолдуулан улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, төрт ёс, үндэсний өв нэгдлийг бататган бэхжүүлэхэд баатарлаг гавъяа байгуулсан, мөн түүх,  соёл,  уламжлалыг гүнзгийрүүлэн судлан хойч үедээ өвлүүлэн, дэлхий дахинаа таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан, төр нийгэмд онцгой гарамгай гавъяа  байгуулсан, нэг иргэнийг Монгол улсын төрийн тэргүүн дээд шагнал "Чингис Хаан" одонгоор шагнах уламжлалтай болгожээ. Үүнээс хойш монголын бахархалын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт их цагаан тугийг цэнгүүлэн, Аугаа их эзэн Чингис хааны хөшөөг хүндэтгэн ёслож, өндөр хүчит бөхийн барилдаан болдогоос гадна, аймаг сумдуудад өөрсдийн нутгаас гаралтай алдарт бүхий хүмүүсээрээ бахархадаг болжээ. Төв аймгийн нутгийн захиргаа, төв номын сангаас санаачлан  Монголын бахархалын өдөр "Эрдэмтэн Балданы Содномын 110 жилийн ойд зориулан" түүнийг алдаршуулан дурсан санаж тэмдэглэн өнгөөрж буйд, үр хүүхэд бид баяртай бахархалтай байлаа. Үнэхээр бидний эцэг Монгол эх орныхоо төлөө, монгол судлалыг бий болгохыг зорисон хүний нэг, монгол уран зохиол, домог түүх, ёс зан заншил, үйлийг судлаж туурвиснаар хойч үедээ үлдээсэн нь өгөөж болж бахархаж байна. 















Бичсэн С.Үзмээ. Зурагчин Э. Ундрах

Thursday, October 25, 2018

Эрдэмтэн багш зохиолч судлаач Балданы Содномын мэндэлсний 110 жилийн ой тэмдэглэн өнгөрүүлээ.


Эрдэмтэн багш зохиолч судлаач Балданы Содномын мэндэлсний 110 жилийн ой - 2018





Монголын шинэжлэх ухааны байгууллагын ууган зүтгэлтний нэг, хэл утга зохиол судлаач, зохиолч, багш нэрт эрдэмтэн, Д. Нацагдоржийн шагналт Балданы Содномын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Шинжлэх Ухааны Академи Хэл Зохиолын Хүрээлэн, Б. Содном сангаас ерөнхий зохион байгуулж, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, Хэл бодлогын үндэсний зөвлөл, Монголын үндэсний номын сан хамтран зохион байгуулан, 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хэвлэлийн бага хурал зарласнаар эхлэв.



Монгол Улсын Үндэсний номын сангийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний уншлагын танхимд 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 9:00 цагаас нээлтийн үйл ажилгаагаар эхлээ. Хурлыг ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн захирал Др.Пр. Г. Билгүүтэй нээн үг хэлэн,   Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч нэрт эрдэмтэн Д. Цэдэв гуай, ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, Др.Пр. О. Шинэбаяр, Аман зохиол судлалын салбарын эрхлэгч, Др. А. Алимаа нар хурлыг амжилтай удирдан явуулав. 1979 оны 2 дугаар сарын 11-нд бидний эцэг таалал төгсч, сүүлчийн замд нь энэхүү танхимд үдсэн юм. Ингээд зочдыг аавыг минь хүндэтгэн ёслохыг хүсээд зочид   суудлаасаа босон нэг минут хүндэтгэл үзүүлэв.



Хуралд цаг тутамд хүн нэмэгдсээр танхим дүүрч, Эрдэмтэн Б.Содномын 4 дэх боть номын баяр үргэжлэн, хурлыг зохион байгуулж, идэвхи зүтгэлтэй хөдөлмөрлөж оролцсон эрдэмтэн судлаачдад сайшаал урамшуулал гардуулахад, Төв аймгийн нутгын зөвлөлөөс үр хүүхэд бидэндээ талархан дурсгалын зүйл ном өргөн барилаа. Улсын нийтийн номын санд Эрдэмтэн Б.Содномын гар бичмэл, зохих ёсны номын хандив өргөхөд танхим дүүрэн алга ташилт уухайгаар уухайлан эрдэмтэн судлаач, зочид гийчид нэн таатай байв. Үр хүүхэд биднээс улсын нийтийн номын санд хандивласан номуудад талархан номын сангийн дарга нэрт яруу найрагч Б. Ичинхорлоо талархан тэдний зүгээс бидэнд дурсгалын бэлэг гардуулав.  Эрдэм шинжилгээний хурал 18 цагт тогтсон цагаасаа илүү нэг цагаар сунгагдан өндөрлөв.  Буянт номын эрдэмтэн бидний эцэг Балданы Содномын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг эрдэмтэн судлаач, зохиолч,  зочид гийчид өндрөөр үнэлэн үлгэр жишээч сайхан боллоо гэж дүгнэн өндөр сэтгэл ханамжтайгаар дурсгалын зураг татуулцгаан өндөрөлцгөөв.



Төв аймгийн Баяндэлгэр сумын Д. Нацагдоржийн нэрэмжит дунд сургууль дээр “Алдар хүртээгүй алтан эрдэнэ” ("Алдар хиртээгүй ашдын эрдэнэ" гэж залруулахыг Тангадын Галсан зөвлөв) сэдэвт багш сурагчдын зохион байгуулсан Эрдэмтэн Балданы Содномын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан баярын бяцхан концерт тоглож, ”Нутгийн эрдэмтэн хүү” сэдэвт уралдааныг сурагчдын дунд зохион байгуулж шалгаруулан шагналыг 10 дугаар сарын 6-ны өглөө соёслол төгөлдөр гардууллаа.

Д. Нацагдоржийн нэрэмжит сургууль дээр зочид биднийг хүрэлцэн ирэхэд сурагчид багш нар халуун дотно алга нижигнэсэн ташилтаар угтан сургуулийн номын сан, буландаа урилаа. Сургуулийн номын сан, булангийн тайз чимэглэлд “Алдар хүртээгүй алтан эрдэнэ” хаягтайгаар эрдэмтэн Б.Содномын намтар баримтад киног үзүүлэн, номын сангийн хананд сурагчдын хийсэн бяцхан ном, зурагт хуудас, зохион бичлэг уралдааныг ярайтал өрөн үзүүлсэн нь бидний сэтгэлийг бас нэг догдлуулав. Д.Нацагдоржийн нэрэмжит монгол хэлний танхимд бас зочид биднийг урин танилуулан, ангийн булан эрдэмтэн Б.Содномын 100 жилийн ойн баяраар тус сургуульд зочилсон зураг дурсамжыг байрлуулсан байлаа.


Концертын эхэнд Балданы Содномын үг, С. Гончигсумлайн ая “Өнчин хөх ишиг” дууг сурагчдын найрал дуулахад, ардын зохиолч яруу найрагч Тангадын Галсан гуайн сэтгэл өндрөөр догдолон, энэ найрыг хурим болгоё гээд тайзан дээр гаран “энэ дууг дуулж өссөн хүүхдийн нэг би байна. Сайхан байна. Энэ дууг дуулуулхаа болсон, яагаад гэвэл нэгдлийн малчны тухай дуу биш байна. Өө муу хувийн аж ахуйтныг магтсан дуу байна. Нөгөө талаар мал нь өнчин байх ёсгүй гэтэл өнчин хөх ишиг гэж байна энэ ер нь утгагүй ингэж улс төрийн улаан заадуураар чавчигдсан олон дуу бий.” гээд “бүх сурагчдыг та бүхэн их сайн хүүхэд байна. Д.Нацагдорж шигээ авъяас билэгтэй, эрдэмтэн Б.Содном багш шигээ ухааны далай болоорой, тэгээд эх орноо өөд татаж явах ирээдүйн эзэд болтугай.” гэж ерөөлөө. Энэ дуу дахин дуулагдахгүй байсан учрыг мэдэж авав. Дашрамд хэлэхэд ардын уран зохиолч Тангадын Галсан гуайтай нэг унаанд ярилцан, олон сайхан сонин, дурсамжууд, элэглэл хошин сонсон, шүлгээ хүртэл уншин бид бүхэнтэй халуун дотно замын уртыг хамтдаа туулсан. Сурагчид хөөрхөн цоллогхон бишгүүр тоглон,  монгол ардынхаа биелэгээ, бүжгийг бүжин хуран цугласан зочид биднийг баясгасан. 



Сурагчдын дунд зарласан уралдаанд сурагчид ямар их судалгаа хийж, бас тэр судалгаагаараа зөвхөн зохиомж бичсэнгүй, эрдэмтэн Б. Содномын шүлгийг гар урлалаар уран уйгүй дүрс болон үсэг бүрийг баримлаар хадсан байлаа. Сурагчид бяцхан номоо хэлбэр маягт оруулан чимэглэжээ. Сурагчид оюу ухаанаа уралдуулан, сэтгэлээ шингээж, гараа гаргасан номоороо эрдэмтэн Б.Содном аавын минь 110 жилийн ойд зориулсан бэлэг барисанд, үр хүүхэд бид, багш сурагчдад гүнээ талархан сайшааж, та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, ирээдүйн зорилгондоо хүрч, ихийг бүтээхийг ерөөв.



Баяндэлгэр сумын сургууль дээр болсон арга хэмжээнд зочид бид сэтгэл хангалуун баяр хөөртөөгөөр цааш “Гүн галуутай” нуур тийш мордов. Гүн галуутайн нүүрэнтэй гэдэг газарт бидний эцэг эрдэмтэн Б.Содномын гал голомт буй. Нуурын усандаа хун шувуу наадан бүжсээр угтан, намрын сэвлүүн салхи сэвэлзсээр бидний угтан авлаа. Нуурын эрэгт  аавын маань хамаатан Дэлгэр эгч маань нутгын найз нартайгаа хоёр сайхан асар барин, халуун хоол ундаар биднийгээ угтан авлаа. Нуурын эрэгт аавын маань мэндэлсний 90 жилийн ойд зориулж, 1998 онд дурсгалын хөшөө босгосон билээ. Нутгын ардууд энэхүү хөшөөг тойрч, асарч байдаг нь үргэлж дуулдана. Аавын маань хөшөөг нутгын нэгэн уяач “эрдэмтэн хүний хөшөө байна“ гээд гурав тойрсноор тэр жилийн сумын наадамдаа түрүүлжээ. Үүнээс хойш нутгын уяачид тойрдог уламжлалтай болсон, ийм  нэгэн домог Баяндэлгэр суманд бий болжээ. Морьны гишгэлтээр хөшөөг тойрсон нь хонхойн халзарч, хөшөө доош суусныг өндөрлөн энэ жил сэргээсэн. Энэхүү хөшөөг сэргээн засварлаад буцах замдаа бидний хайртай дүү Содномын Зоригт Эрдэнэ сумын орчим араасаа шахагдсаны улмаас осолд орж амь үрэгдсэн гашуун гамшиг бидэнд тохиолдсон ч гэргий Ц. Цэнгэл болон ах дүү, үр хүүхэд, ач зээ бид түүний аавынхаа ойг тэмдэглэх гэсэн түүний хүсэл зорилго тэмүүлэл байсныг тодотгож, миний дүүгийн гэргий Ц. Цэнгэл ханийнхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэх гэж дурсгалын зүйлсийг ивээн тэтгэж, хадам аавынхаа ойд зориулсан.



Хөшөөнд цэцэг өргөх ёслол болж, ардын уран зохиолч Тангадын Галсан гуай үнэтэй зөвлөлгөө айлдав. Хүүхэд багачууд бид нуурын хөвөөнд нааш цааш алхалдан гүйлдэн, нутгын шороонд монгол хүний ёсоор хөвгүүд маань барилдан бие биенээ сорин, нуур, талын чихүүн жавартай салхийг үл тоон  инээд баяр хөөр баяслаар өнгөрөөлөө.

Буцах замдаа Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжин болдог дах Чингис Хааныхаа хөшөөнд дурсгалын зургаа татуулан өндөрцгөөв. 

Эрдэмтэн Балданы Содномын мэндэлсний 110 жилийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг гарамгай зохион байгуулсан, Шинжлэх Ухааны Акедемийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, Г. Билгүүтэй, аавын минь үнэнч шавь, бидний эцгийн оронд эцэг болсон хүндэт Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч нэрт эрдэмтэн Д. Цэдэв гуай, Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч О. Шинэбаяр болон түүний тасгийн хамт олонд, Аман зохиол судлалын салбарын эрхлэгч А. Алимаа болон түүний тасгийн хамт олонд, Содном сан болон охин Оюунчимэг эгч, аавын минь ганц хамаатан Дэлгэр эгчдээ чин сэтгэлээсээ гүнээ талархая. 

Ардын уран зохиолч, Тангадын Галсан, Улсын нийтийн номын сангийн эрхлэгч, яруу найрагч Б. Ичинхорлоо, Төв аймгийн нутгийн зөвлөл Цоодол тэргүүтэй төлөөлөгчид, Д.Нацагдоржийн нэрэмжит Баяндэлгэр сумын сургуулийн захиргаа, багш сурагчдад  гүн талархаснаа илэрхийлье.

Дашрамд хэлэхэд өчүүхэн миний биеийг тоож ардын уран зохиолч Тангадын Галсан гуай өргөөндөө урин өөрийн "Монгол ерөнцийн гурав" 3, 4 -р боть, "Аугаа шогч Ренчингийн аяган егөө үгс"  номуудыг гарын үсгийн хамт дурсгалын үгээ бичин дурсгаж, алдарт яруу найрагч Д. Сумъяа гарын үсэг дурсгалын үгстэй "Агинастын шувуу" шүлгийн ном, "Амармагийн ааль тууж" ном,  аман зохиолын эрхлэгч А. Алимаа бас Халх тууль номоо, Хэрэглээний шинжлэлийн тасгийн дарга О. Шинэбаяр гаргасан "Хэрэглээний хэл шинжлэл" 2-р боть номоо тус тус дурсгав.

Бидний эцэг Балданы Содномын Монгол судлалын төлөө судсан гүйж, Монгол эх орны төлөө зүрх нь цохилсон зорилгод оршиno.   

Ариун номын буян дэлгэрэх болтугай.

‘С. Үзмээ



Thursday, October 18, 2018

БАЛДАНЫ СОДНОМЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ҮНДЭСНИЙ НОМЫН САНД БОЛЛОО.

БАЛДАНЫ СОДНОМЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ҮНДЭСНИЙ НОМЫН САНД БОЛЛОО.

БАЛДАНЫ СОДНОМЫН мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал
Үндэсний номын санд боллоо.
Монголын Шинжлэх ухааны байгууллагын ууган зүтгэлтний нэг, хэл утга зохиол судлаач нэрт эрдэмтэн, Д.Нацагдоржийн шагналт БАЛДАНЫ СОДНОМЫН мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Үндэсний номын санд 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр БСШУС-ын яам, ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУТИС, Б.СОДНОМ САН зохион хамтран зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Г.Билгүүдэй, БСШУС-ын яамны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Б.Содномын хүү С.Цогоо нар нээж, мэндчилгээг дамжууллаа.
Тус хуралд Балдангийн Содномын утга зохиолын онол, Нэр томъёо судлал, түүний намтарт холбогдох баримтын болон аман зохиол, хэл соёлын судалгааны талаар 15 илтгэл тавьж хэлэлцүүлсэн.
Энэхүү хурлын үеэр нэрт эрдэмтэн Б.Содномын зохиол бүтээл, хэрэглэж байсан бичгийн хэрэгсэл, хувийн дурсгалын зүйлс, ном зохиолын гар бичмэлийн үзэсгэлэн гаргаж сурталчилж, Б.Содном "Ардын аман зохиол-IV” шинэ номын нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
МУҮНС болон зохиолч, судлаачдад номын дээжийг дурсгасан ба Үндэсний номын сангийн баримтат өвийн сан хөмрөгт Б.Содномын үр хүүхдүүд нь түүний гар бичмэлийн дээж болох "Тэрэлжийн голын хүүхдүүд” /худам монгол бичгээр/, "Монгол хэлний нэр томъёо” /гар бичмэл, орос хэлээр/, утга зохиолын түүхэн судлалын "Хишигбат” /1849-1916/, "Д.Нацагдоржийн намтар зохиол”, "Эрдэм сурах чухал” өгүүллийн гар бичмэлийг хадгалуулахаар өргөн барилаа.
БАЛДАНЫ СОДНОМЫН мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын санд боллоо.
БАЛДАНЫ СОДНОМЫН мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын санд боллоо.
БАЛДАНЫ СОДНОМЫН мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын санд боллоо.
БАЛДАНЫ СОДНОМЫН мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын санд боллоо.
БАЛДАНЫ СОДНОМЫН мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын санд боллоо.
БАЛДАНЫ СОДНОМЫН мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын санд боллоо.
БАЛДАНЫ СОДНОМЫН мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын санд боллоо.
БАЛДАНЫ СОДНОМЫН мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын санд боллоо.
БАЛДАНЫ СОДНОМЫН мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын санд боллоо.
БАЛДАНЫ СОДНОМЫН мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын санд боллоо.
БАЛДАНЫ СОДНОМЫН мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын санд боллоо.
БАЛДАНЫ СОДНОМЫН мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын санд боллоо.
БАЛДАНЫ СОДНОМЫН мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын санд боллоо.
БАЛДАНЫ СОДНОМЫН мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын санд боллоо.
БАЛДАНЫ СОДНОМЫН мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын санд боллоо.
БАЛДАНЫ СОДНОМЫН мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын санд боллоо.

Д. Нацагдорж

                                                Их зохиолч Д. Нацагдорж мэндэлсний 120 жилийн ой  (1906-2026)   болон                       ...