“СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ”
МАРТАГДАХ ШАХСАН
Зохиолч Ц. Балгансүрэнгийн гэргий |
Б. Гансувд хань хүүгийн хамт |
Хөгжмийн зохиолч Г. Дарамзагдын охин Оюун дурсахдаа;
Энэ дуу бас сонин түүхтэй! Та бүхэнтэйгээ дурсамжаа хуваалцья! гээд...
Би эгчийгээ даган уйлсаар байгаад арай гэж насаа нэмж 2 жилийн дараа нь сургуульд орсон юм. Гэтэл шинэ жилээр сургуулийн сүлд модны наадмын цасан охидын нэг болох болж сүлд модоо тойрон дуулж бүжиглэх даалгавар авлаа. Тэгээд бөөн баяр болж гэртээ ирэв. Эмээ өвөө хоёр маань цасан охины хувцас маарлиар хийж, төмсний цардуулаар цардаад, дэрвийсэн даашинз оёж, мөн цагаан даавуугаар уланд нь зузаан гэгч хайрцагны цаас зүсэж, сугарчихвий гэж резин тойруулж оёсон бүжгийн шаахай ч урлав. Одоо бодоход ямар инээдтэй шаахай байсан бол оо? Бас тэгээд болоогүй ээ, эмээ минь нарийхан бариу цагаан шаргал өмд оёж, ээж минь бас дэрийсэн өндөр гялгар малгай хийв. За тэгээд даргар цагаан даашинзтай, цагаан шаргал өмдтэй, нэг их гялалзаж гялтганасан аминдаа л ганган цасан охин болов. Ингэж гэр дүүрэн хүн бүр л ажилтай шөнө дөл болгов. Бас хажуугаар нь сурагч бүр 2м урт цаасан гинж хийж сургуулиа чимэх даалгавартай. Эгч бид хоёр баахан цаас будаж жонхуугаар наагаад л дахин дахин хэмжсээр 4 м болгож билээ. Тэр үед юм ховор байжээ.
Тэр жил (1961) аав Москвад Чайковскийн Хөгжмийн Их Сургуульд оюутан байсан, гэтэл өвлийн амралтаараа бөөн бэлэгтэй гэнэт ороод ирэв. Тэгээд намайг цасан охин болохыг мэдээд маргааш нь “Охин Оюундаа зориулав” гээд гарын үсгээ зурсан ноотаа гараар бичсэн шүлэгтэй нь авчирч өгөөд, өөрөө хэд дагуулж дуулснаа, дууны багшдаа өгөөрэй! За миний охин бүжиглээд байж дээ! гээд үнссэн юм. Би жоохон байсан болохоор дууны багшаа ч мэдэхгүй ангийн багшдаа аав өгсөн гэж л өгснөө санадаг. Удалгүй биднийг их танхимд дуудаж, нэг багш бололтой хүн баян хуур хөгжимд аавын минь надад зориулж бичсэн дууны аяыг тоглоод чанга чанга дуулаад л, Оюун гэж аль вэ? гэхэд нь "би" гэж эмээсээр аяархнаар хэлэхэд, чи чинь ямар том хүний охин бэ? аав чинь ирэх үү? гэж асуусныг л санаж байна. Тэгээд нэг багш бүжиг заагаад л, нөгөө багш нь дуулуулаад л, 12 жилийн амьтан, өвлийн өвгөн аавтайгаа хамтран гацуур модоо тойрон бүжиглэж, дуулан бөөн баяр хөөртэй сурагчийн анхны шинэ жилээ угтсан даа. Түүнээс хойш мөн ч олон жил энэ дуутайгаа шинэ оноо угтдаг байлаа.
Харин одоо мартагдаж эхэлж байхад нь дуучин Д.Оюунтүлхүүр маань сэргээн бас их өвөрмөц дуулжээ. Гэтэл энэ дууны шүлгийг Оюунтүлхүүрийн маань өвгөн аав Цэвэгмэдийн Балгансүрэн зохиолч, яруу найрагч, жүжигчин, найруулагч гэх мэт тал бүрийн авьяастай хүн өөрийн 3 дахь охин Гансувддаа зориулан 1960 онд зохиож байсныг нь би сая л сонслоо. Гайхалтай юмаа! Хоёр уран бүтээлч аав маань өөрсдийн хоёр охиндоо зориулсан учраас ч ийм урт настай, сайхан дуу болсон ч юм уу? даа.
Бас нэг сонирхолтой нь хоёр зохиолчийн зээ нар нь энэ дууны цомог дээр хамтран ажиллаж, цомгийн зохицуулгыг нь миний охин Н.Нар-Оюу хийж, Д. Оюунтүлхүүр дуулсан нь үнэхээр гайхалтай тохиолдол биш гэж үү? Хоёр мундаг өвөөгийн хоёр уран бүтээлч зээ охид дахин сэргээсэнд би хувьдаа маш их баяртай байна, баярлалаа! гэж Д. Оюун дурсжээ.
Цасан охид 1961 он 2-р сургууль 1 А анги (Мөнхцэцэгийн зургын архив. Сандуйнжавын Туяагын зөвшөөрлөөр авав.) |
Үг: Ц. Балгансүрэн (1960)
Ая: Г.Дарамзагд (1961)
СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ
Сувд эрдэнийн чимэгтэй
Сүлд ногоон модоо
Дун цагаан сахалтай
Дун өвлийн аав аа
Дахилт:
Аяа, аяа түрээд
Дуулан дуулан эгшиглэе
Ар араа дагаад
Тойрон тойрон эргэлдэе
Энхийн цагаан тагтаа шиг
Эвлэн дэгдэн бүжиглэе
Ирж яваа галуу шиг
Дэвэн дэвэн бүжиглэе
Дахилт:
Танхил цагаан янзага шиг
Дэгдэн дэгдэн бүжиглэе
Талын бүжин туулай шиг
Дэвхрэн дэвхрэн бүжиглэе
Дахилт:
Ойн хүрэн баавгай шиг
Моожиг, жоожиг бүжиглэе
Овт улаан үнэг шиг
Соотог соотог бүжиглэе
Дахилт:
Бахтай сарнай цэцэг шиг
Дэлгэрэн дэлгэрэн бүжиглэе
Баян Туулын урсгал шиг
Долгилон долгилон бүжиглэе
Дахилт:
Манхан хөх ишгээ
Маажин таалан бүжиглэе
Манжин лууван байцаагаа
Малтан суулган бүжиглэе
Дахилт:
Олон орны хүүхдүүдтэй
Золгон золгон бүжиглэе
Одон орны замдаа
Зорин зорин бүжиглэе
Дахилт:
Зохиолч судлаачид дуу, шүлэг, зохиол цаанаа заавал эзэнтэй байдаг гэдгийг олонтой сонсож, уншиж байсан. Д. Оюуны хэлдэгээр гурван үе дамжин энэхүү дууг дахин амилуулсан гайхамшигтай, чанартай бүтээл дахин сэргэн амилдаг юм байна.
Дашрамд дурдахад “Шууд мэдээ” сонин дээр 2010 оны 12 дугаар сарын 31 ний өдөр (Ардын жүжигчин Б. Зангад гуайн дурсамжаас) 1962 онд Соёлын гавъяат зүтгэлтэн Ж. Бадраагийн шүлэг, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С. Гончигсүмлаа ая “Сүлд модны наадам” дууг зарим нь ч “Шинэ жилийн вальс” гэж дуулдаг дууг өдий хүртэл Б. Зангад дуулан эгшиглүүлэн амьдруулсаар байгаа боловч “СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ” дуу үүнээс өмнө 1960 онд төрсөн боловч мартагдсан аялгуу болсныг сэргээх нь бидний ирээдүйн үр хүүхдэд нэн чухал юм. Үнэндээ тэр цагаас хойш бид гацуур модоо тойроод багт наадмынхаа хувцасыг өмссөн ан амьтад өвлийн өвгөн аавтайгаа бүжин цэнгэх дуу дахин шинээр гараагүй л байгаа. Үүнд сургууль цэцэрлэг, урлаг соёлын дуучид хамтлагынхан "СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ"-дууг дахин сэргээн амьдруулан шинэ жилийн цэнгүүнд эгшиглүүлнэ гэдэгт найдаж байна.
Жич: 2012 онд энэхүү нийтлэлийг хуудсанаа нийтэлж түгээсэн боловч дууны ая зохиогчийн охин бас нэгэн содон дурсамжийг нүүр номондоо нийтэлсэн учир дахин сэргээн нэмэлт оруулав.
Дарж унших сонирхолтой https://www.inews.mn/a/18048
Бичсэн. С.Үзмээ 01.04.2021