Friday, March 12, 2021

Үзэсгэлэнт эх дэлхий мини уу


Үзэсгэлэнт эх дэлхий мини уу

Тэнгэр арилаж нар ивээн
Агаар мандал саруулхан
Яргуй нүдлэж модод нахиалан
Жигүүртэн ганганаж баясан
Амгалан нойрсон амьтад сэрч

Энэ дэлхий хаврын гоёлоор
Гангарах нь яасан сайхан үзэсгэлэнтэй еэ

Хур бороогоор шившин ундаалж
Нар илчээ хайрлан цацрагаа илгээн
Хангай нурууд хөхрөн ногоорч
Гоёмсог цэцэгс найган бүжин
Ан амьтад ойн хөвчид наадан 

Энэ дэлхий зуны гоёлоор 
Гангарах нь яасан сайхан үзэсгэлэнтэй еэ

Саруул шөнө одод гялалзан
Уяхан салхины аялгуу бүүвэйлэн сэрчигнэн
Ой шугуй талыг үймцэн 
Моддын навчих эрдэнэсийн сан шиг
Уулс нурууг чимнэ

Энэ дэлхий намрын гоёлоор
Гангарах нь яасан сайхан үзэсгэлэнтэй еэ

Шувуудын жиргээ татран 
Нар хүүшлэн тэнгэр цайвалзан
Амьтас тайван дугжран
Далай тэнгис толидон гол мөрөн болортон 
Газар нутаг цасан хучилаа нөмөрнө

Энэ дэлхий өвлийн гоёлоор
Гангарах нь яасан сайхан үзэсгэлэнтэй еэ

Огторгуйн гүнээс оддын орчилонгоос
Хөхрөн харагдах үзэсгэлэнт гоо эх дэлхий мини уу



С. Үзмээ 03.12.2021







 

Monday, February 22, 2021

Дэлхийн эх хэлний өдөр

Монгол эх хэл бичиг мини уу 
Мөнх орших болтугай!


                                              Эрдэмтэн Б.Содномын хувийн архиваас авав.

С.Үзмээ 02.21.2021

Thursday, February 18, 2021

Нэрт Монголч Эрдэмтэн Андраш Рона-Таш


Монголч эрдэмтэн, Унгарын нэрт эрдэмтэн Андраш Рона-Таш


Унгарын нэрт эрдэмтэн акедимич, түүхч, хэл шинжээч, судлаач, Монголч эрдэмтэн (András Róna-Tas) Андраш Рона- Таш 1931 онд Будапест хотноо төржөө. Тэрээр  Диюла Ортутай-Gyula Ortutay , Lajos Ligeti-Лайош Лигети тэргүүлэх профессор нарын удирдлагын дор суралцан, ардын аман зохиол, түвд, монгол, турк болон зүүн европ хэл шинжлэл, судлалаар эрдэмийн зэргээ анх хамгаалсан байна. 


Монголд анх 1957-1958 онд айлчилан, хөдөө нутагт, хүн амын аж ахуй амьдралтай танилцан, зан заншил, хэл соёл, ардын аман захиол, хөдөө, мал аж ахуйн амьдралын судалгааг хийсэн байна. Түүнээс хойш удаа дараалан монголд айлчлан судалгаа бүтээлээ улам ихээр арвижуулжээ.


Монголын нүүдэлчдийн мөрөөр, (1968-1970) 2014 онд орос хэл дээр хэвлэгдсэн, Түвд Монголд дахин зочилсон нь (1982-1989) англи хэл дээр https://www.amazon.com/Tibeto-Mongolica-Revisited-Introduction-Selected-Linguistics/dp/9004251189 2013 онд хэвлэгдсэн, https://lubimyczytac.pl/ksiazka/123563/mongolia-sladami-nomadow Монгол гэсэн олон сайхан ном бүтээлүүд туурвин,  монгол орныг, ард түмэн ахуй амьдралтайн сайн судалласан байх юм. 


Монголч эрдэмтэн Андраш Рона - Ташийн нэг дэвтэрийг сонирхуулая. 


Монголын хөдөө аж ахуйн тухай зарим өгүүлэг 1959 онд хэвлэсэн дэвтэр.  



                                                     Эрдэмтэн Б. Содномын номын сангаас авав.




Тэр үед үнэхээр сайн оновчтой тодорхой судалгааг биечлэн аялан нарийн нягт нямбай хийдэг байсан нь үнэхээр гайхалтай. Б. Ренчин тэргүүтэй монголын нэрт эрдэмтдийн санал зөвлөгөөг аван хамтран ажилладаг байсан байна.


Дэлхийн монголч эрдэмтэдийн талаар бид бас мэдэж тэдний судалгаа бүтээлээс суралцах тусам монгол судлалыг дэлхийд улам ихээр өргөжүүлэхээс гадна бидний ирээдүйн залуучууд тустай яа.


С. Үзмээ 02.18.2021


Monday, January 4, 2021

“СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ” МАРТАГДАХ ШАХСАН ДУУНЫ ТҮҮХ

“СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ”

МАРТАГДАХ ШАХСАН

ДУУНЫ ТҮҮХ



Зохиолч 
Ц. Балгансүрэнгийн
 гэргий
 Биднийг бага байхад сүлд модны наадам, зарим нь ч ёолк гэж шинэ     жилийн цэнгүүнийг ясли, цэцэрлэгээс авхуулаад бүх шатны албан       байгууллага цал буурал дун цагаан сахалтай, цагаан торгон нудраган   дээлтэй, лоовууз малгай өмссөн, гартаа ид шидийн мөнгөн таяг   барьсан өвлийн өвгөн аав, гялалзан гоёсон цасан охид, ан амьтадаа     дагуулсаар ирж, чимэглэсэн ногоон гацуурхан модоо тойроод 
“СҮЛД   МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ”- дууг дуулан  тойрон эргэлдэн бүжин тэмдэглэдэг байлаа.


Б. Гансувд хань хүүгийн хамт 
Америк дахь Каролина мужийн шинэ жилийн 2011 оны 12 дугаар сарын 31 ны цэнгүүний өдөр зохиогч        Ц.Балгансүрэнгийн охин Гансувд “миний аав Балгансүрэн нь тэртээх 1960 онд энэхүү “СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ”- дууг зохиосон юм, эхний мөрт “Сувд эрдэнийн чимэгтэй” гэж эхэлсэн нь тэр жил би төрсөн учир охин наддаа зориулж зохиосон, түүгээрээ ая барья” гээд бидний мартагдсан аялгуу болсон содон бэлэг барьсан нь миний өчүүхэн биеийн анхаарлыг татсан билээ. Тэр жилийн сүлд модны наадмын өвлийн өвгөнд Цэгмид гуай тогложээ.

    
Монголын алдарт хөгжмийн зохиолч Г. Дарамзагдын охин Оюун 2020 оны 12-р сарын 28 ны нүүр номын хуудаснаа (зөвшөөрөл авсан) Дуучин Д. Оюунтүлхүүрээс “Сүлд модны тойрон бүжгийн дуу” дууны цомог бэлгэнд авснаа нүдэнд харагдтал нэг бүр дурсамждаа дурджээ. Д. Оюунтүлхүүр нь өвөөгийнхөө дурсгалд зориулж, 2014 онд эмээ болон ах дүү хамаатан садангийн хамт, хүүхдийн ордонтой хамтран  орчин үед тохируулан шинэчилжээ.

Хөгжмийн зохиолч Г. Дарамзагдын охин Оюун дурсахдаа;

Энэ дуу бас сонин түүхтэй! Та бүхэнтэйгээ дурсамжаа хуваалцья! гээд...

     Би эгчийгээ даган уйлсаар байгаад арай гэж насаа нэмж 2 жилийн дараа нь сургуульд орсон юм. Гэтэл шинэ жилээр сургуулийн сүлд модны наадмын цасан охидын нэг болох болж сүлд модоо тойрон дуулж бүжиглэх даалгавар авлаа. Тэгээд бөөн баяр болж гэртээ ирэв. Эмээ өвөө хоёр маань цасан охины хувцас маарлиар хийж, төмсний цардуулаар цардаад, дэрвийсэн даашинз оёж, мөн цагаан даавуугаар  уланд нь зузаан гэгч хайрцагны цаас зүсэж, сугарчихвий гэж резин тойруулж оёсон бүжгийн шаахай ч урлав. Одоо бодоход ямар инээдтэй шаахай байсан бол оо? Бас тэгээд болоогүй ээ, эмээ минь нарийхан бариу цагаан шаргал өмд оёж, ээж минь бас дэрийсэн өндөр гялгар малгай хийв. За тэгээд даргар цагаан даашинзтай,  цагаан шаргал өмдтэй, нэг их гялалзаж гялтганасан аминдаа л ганган цасан охин болов. Ингэж гэр дүүрэн хүн бүр л ажилтай шөнө дөл болгов. Бас хажуугаар нь сурагч бүр 2м урт цаасан гинж хийж сургуулиа чимэх даалгавартай. Эгч бид хоёр баахан цаас будаж жонхуугаар наагаад л дахин дахин хэмжсээр 4 м болгож билээ. Тэр үед юм ховор байжээ.

     Тэр жил (1961) аав Москвад Чайковскийн Хөгжмийн Их Сургуульд оюутан байсан, гэтэл өвлийн амралтаараа бөөн бэлэгтэй гэнэт ороод ирэв. Тэгээд намайг цасан охин болохыг мэдээд маргааш нь “Охин Оюундаа зориулав” гээд гарын үсгээ зурсан ноотаа гараар бичсэн шүлэгтэй нь авчирч өгөөд, өөрөө хэд дагуулж дуулснаа, дууны багшдаа өгөөрэй! За миний охин бүжиглээд байж дээ! гээд үнссэн юм. Би жоохон байсан болохоор дууны багшаа ч мэдэхгүй ангийн багшдаа аав өгсөн гэж л өгснөө санадаг. Удалгүй биднийг их танхимд дуудаж, нэг багш бололтой хүн баян хуур хөгжимд аавын минь надад зориулж бичсэн дууны аяыг тоглоод чанга чанга дуулаад л, Оюун гэж аль вэ? гэхэд нь "би" гэж эмээсээр аяархнаар хэлэхэд, чи чинь ямар том хүний охин бэ? аав чинь ирэх үү? гэж асуусныг л санаж байна. Тэгээд нэг багш бүжиг заагаад л, нөгөө багш нь дуулуулаад л, 12 жилийн амьтан, өвлийн өвгөн аавтайгаа хамтран гацуур модоо тойрон бүжиглэж, дуулан бөөн баяр хөөртэй сурагчийн анхны шинэ жилээ угтсан даа. Түүнээс хойш мөн ч олон жил энэ дуутайгаа шинэ оноо угтдаг байлаа. 

    Харин одоо мартагдаж эхэлж байхад нь дуучин Д.Оюунтүлхүүр маань сэргээн бас их өвөрмөц дуулжээ. Гэтэл энэ дууны шүлгийг Оюунтүлхүүрийн маань өвгөн аав Цэвэгмэдийн Балгансүрэн зохиолч, яруу найрагч, жүжигчин, найруулагч гэх мэт тал бүрийн авьяастай хүн өөрийн 3 дахь охин Гансувддаа зориулан 1960 онд зохиож байсныг нь би сая л сонслоо. Гайхалтай юмаа! Хоёр уран бүтээлч аав маань өөрсдийн хоёр охиндоо зориулсан учраас ч ийм урт настай, сайхан дуу болсон ч юм уу? даа.

    Бас нэг сонирхолтой нь хоёр зохиолчийн зээ нар нь энэ дууны цомог дээр хамтран ажиллаж, цомгийн зохицуулгыг нь миний охин Н.Нар-Оюу хийж, Д. Оюунтүлхүүр дуулсан нь үнэхээр гайхалтай тохиолдол биш гэж үү? Хоёр мундаг өвөөгийн хоёр уран бүтээлч зээ охид дахин сэргээсэнд би хувьдаа маш их баяртай байна, баярлалаа! гэж Д. Оюун дурсжээ.

Цасан охид 1961 он 2-р сургууль 1 А анги
(Мөнхцэцэгийн зургын архив. Сандуйнжавын Туяагын зөвшөөрлөөр авав.)
                                             
Д. Оюуны хэлснээр үнэндээ бид шинэ жилээр сургуулийнхаа танхим цонх таазыг бас албан байгууллагууд цаас хайчлан цасан ширхэг, өнгө өнгийн цаасаар янз бүрийн унжлага, гинж, өндөг будан гоён, ногоон гацуурынхаа мөчир бүрээр нь хөвөн зулайз шинэхэн цас орсон мэт чимдэг байв. Өөрсөддөө цасан охины малгай, даашинз, шинэ оны титэм, амьтадын баг гээд бүхий л зүйлээ гараар хийж өмсөн багт наадмаараа гоён гангарцгаана. Энэхүү дуунаас үүдэн багт наадам шинэ жилээр анги танхим шалгаруулдаг болсон байж магад. Шалгарсан ангийн баг харшийн шинэ жилд уригдаж өвлийн өвгөн ааваас бэлэг авсандаа их олзуурхдаг байж билээ. Биднийг бага байхад л энэ дуугаар өвлийн өвгөн аав ан амьтад, цасан охид, шинэ оны дагинатайгаа орж ирээд сүлд модоо тойрон бүжиж, өвлийн өвгөн аав айлчлан ирсэн үгээ хэлээд , цасан охидын бүжгээр та бүхний цэнгүүнийг мялаая гээд суудалдаа залардагсан. Цасан охидууд Ж. Бадраагийн үг, С. Гончигсумлайгийн ая 1962 онд зохиогдсон “Сүлд модны наадам” дууны аялгуу дээр үзэсгэлэн гоо бүждэг байв.
     Дууны үгийг бүтнээр толилуулья.


Үг: Ц. Балгансүрэн (1960)

Ая: Г.Дарамзагд (1961)

СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ

Сувд эрдэнийн чимэгтэй

Сүлд ногоон модоо

Дун цагаан сахалтай

Дун өвлийн аав аа

Дахилт:

Аяа, аяа түрээд

Дуулан дуулан эгшиглэе

Ар араа дагаад

Тойрон тойрон эргэлдэе

Энхийн цагаан тагтаа шиг

Эвлэн дэгдэн бүжиглэе

Ирж яваа галуу шиг

Дэвэн дэвэн бүжиглэе

Дахилт:

Танхил цагаан янзага шиг

Дэгдэн дэгдэн бүжиглэе

Талын бүжин туулай шиг

Дэвхрэн дэвхрэн бүжиглэе

Дахилт:

Ойн хүрэн баавгай шиг

Моожиг, жоожиг бүжиглэе

Овт улаан үнэг шиг

Соотог соотог бүжиглэе

Дахилт:

Бахтай сарнай цэцэг шиг

Дэлгэрэн дэлгэрэн бүжиглэе

Баян Туулын урсгал шиг

Долгилон долгилон бүжиглэе

Дахилт:

Манхан хөх ишгээ

Маажин таалан бүжиглэе

Манжин лууван байцаагаа

Малтан суулган бүжиглэе

Дахилт:

Олон орны хүүхдүүдтэй

Золгон золгон бүжиглэе

Одон орны замдаа

Зорин зорин бүжиглэе

Дахилт:

Зохиолч судлаачид дуу, шүлэг, зохиол цаанаа заавал эзэнтэй байдаг гэдгийг олонтой сонсож, уншиж байсан. Д. Оюуны хэлдэгээр гурван үе дамжин энэхүү дууг дахин амилуулсан гайхамшигтай, чанартай бүтээл дахин сэргэн амилдаг юм байна.

    Дашрамд дурдахад “Шууд мэдээ” сонин дээр 2010 оны 12 дугаар сарын 31 ний өдөр (Ардын жүжигчин Б. Зангад гуайн дурсамжаас) 1962 онд Соёлын гавъяат зүтгэлтэн Ж. Бадраагийн шүлэг, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С. Гончигсүмлаа ая “Сүлд модны наадам” дууг зарим нь ч “Шинэ жилийн вальс” гэж дуулдаг дууг өдий хүртэл Б. Зангад дуулан эгшиглүүлэн амьдруулсаар байгаа боловч “СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ” дуу үүнээс өмнө 1960 онд төрсөн боловч мартагдсан аялгуу болсныг сэргээх нь бидний ирээдүйн үр хүүхдэд нэн чухал юм.     Үнэндээ тэр цагаас хойш бид гацуур модоо тойроод багт наадмынхаа хувцасыг өмссөн ан амьтад өвлийн өвгөн аавтайгаа бүжин цэнгэх дуу дахин шинээр гараагүй л байгаа. Үүнд сургууль цэцэрлэг, урлаг соёлын дуучид хамтлагынхан "СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ"-дууг дахин сэргээн амьдруулан шинэ жилийн цэнгүүнд эгшиглүүлнэ гэдэгт найдаж байна. 

Жич: 2012 онд энэхүү нийтлэлийг хуудсанаа нийтэлж түгээсэн боловч дууны ая зохиогчийн охин бас нэгэн содон дурсамжийг нүүр номондоо нийтэлсэн учир дахин сэргээн нэмэлт оруулав.

Дарж унших сонирхолтой https://www.inews.mn/a/18048

Бичсэн. С.Үзмээ 01.04.2021


Saturday, January 2, 2021

Залуу зүрхтэн



Эмээ гэж дуудуулах

Энхрий зээ ачтай хүн би

Эрхэм оюундаа гэгээрэл эрдэм сурах

Энгийн нэгэн иргэн би

Зууны тал босгыг аль хэдийн давсан ч

Зуунтай учирсан юм шиг хуучрахгүй, хө

Залуу зандан насандаа

Золбоолог жавхаатай алхдаг шигээ

Зүрхэндээ залуу байдаг зангаа

Зүгээр л нэг хэвээр нь орхиё доо

Уруулаа будаж, өнгө өнгийн даашинз

Өндөр өсгийт өмсөж урамтай гунхая

Өдөр хоногтой уралдан дэвшиж

Өөртөө хайртай өөдрөг найз нартайгаа

Дурсамжаа хуваалцан дугуй ширээнд хамт

Дуртай үедээ баясан сууж, дуулж бүжиглэе

Дурсгалтай газруудаар аялаж нүдээ хужирлан

Дуржигнуулан ярих богц дүүрэн сонинтой

Хөгжилтэй сайхан хэдэн андтайгаа

Хөхрөн баясан алжаалаа тайлая

Нас ахиж нам суусан гээд

Нарлаг хорвоогийн өдрүүд ирдгээрээ л ирнэ, хө

Гэр бүлтэйгээ хайр халамжаар дүүрэн

Гэрэлт орчлонд гялалзаж амьдрая

Гэнэн залуу нас аль хэдийн шударсан

Гэмгүй дээ хө, өөрөөсөө бүү харамла

Өнгөтөй орчлонд өнгөлөг

Өтөлсөн ч өөрөөрөө л амьдарая

Цаг хугацааны тоо л өөрчлөгдөн хувьсана

Цар амьдрал өөрчлөгдөхгүй дээ, хө

Нас бол тоо, тоо жил ирэх тусам нэмэгднэ

Нахилзаж амьдрахдаа биеэ л хайрлая

Намрын навч унаж газартаа шингэдэг шиг

Нарт ертөнцөд нэг л өдөр буцна

Хоног тоолоод хэрэггүй дээ, хө

Хорвоод үлдсэн амьралаа

Жаргалаар дүүрэн сэтгэл хангалуун

Жавхаатай баясаж үдье дээ, хө


С.Үзмээ 01.01.2021


Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...