Д.НАЦАГДОРЖ СУДЛАЛЫН НЭРТ ЭРДЭМТЭН ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ЖАЧИН

Ардын зохиолч Бөхийн Бааст гуайн 95 насны ойн хүндэтгэлийн ёслол дээр таарахдаа Жачин докторт өнжих хүсэлтэйгээ дуулгасан юм.
Нэг их цааргалалгүй, харин ч “Мань мэт шиг амьтан нь орж болдог юм уу даа” гэж хүлээж авсан нь өнөө л ясны даруу зантай нь холбоотой байж таарна. Циркийн зүүн урд талын “Гангар”-ын байранд хүрээд очлоо. Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа гуайтай хоёр талаасаа уулзаадахав. Жачин доктор Нямаа найрагчийг зориуд урьжээ. Тэр хоёр “Гурван-Эрдэнэ” сургуулиар, мөн Нацагдорж, Пагмадуламаар холбогдсон бичгийн мэргэд юм. “Нутаг холдчихоод уулзаж учирч чадахгүй юм. Түүнээс нэг байранд байхдаа гэр орноороо бишгүйдээ л орж гарч явсан. Би хааяа цонхоор харж зогсохдоо Жачингийнхыг бодож, дайлуулж цайлуулж явснаа санадаг юм” гэсээр Нямаа зохиолч жигтэйхэн сэтгэл хангалуулан сууна. Анзаараад байх нь ээ, тэд нэг нэгийгээ санасан нь илэрхий. Гэрийн эзэгтэй мэнд ус, цай цүй болох зуураа Отгонбаяр эгчийг (Нямаа гуайн гэргий) асууж сураглаж байна. Жачин докторын босгыг алхахад нэг л монгол ханхалсан, ерөөл бэлгэ оршсон сайхан айл санагдсан. Биднийг хүлээж суух зуураа гэрийн эзэн шагай мөлжөөд, түүнээ орхитол морь бууж харагдлаа. Надад нэг л сайхан бэлгэшээл төрөөд явчихав. Бага хүү Цогтгэрэл нь гэргий Золзаяагийн хамтаар аавындаа иржээ. Цогоогийн хүү Хаш-Эрдэнэ гэж зүггүй барам байна. Мөн Жаргалан гэж эмээ, өвөөгийн эрх охин байна. Тэр хоёр “аварга”-ыг өвөө нь төрийн шагналт Долгорын Нямаад үнсүүлчих санаатай хэд хэдэн удаа дуудлаа. Хаш-Эрдэнэ ширээн доогуур давхиад л Нямаа зохиолчийн өвөр дээр суугаад авна лээ.

Жачин доктор Булганы Сайхан сумын Хулжийн голын хүн. Жинхэнэ Монголын брэнд болсон айрагны эх нутаг. Удам гарал ус нутгийнх нь тухай асуухад, ижийнхээ төрсөн ах Чойжилсүрэнгээр овоглосноо дуулгалаа. Харин дунд сургуулийг Архангайд төгсч, улмаар Архангайн багшийн сургуулийг дүүргэсэн байна. Насныхаа ханийг ч Арын хангай нутгаас авчээ. “Тэр сайхан ус нутаг, хангай надад өлзийгөө хайрласан” гэж сэтгэл дүүрэн бахтайхан хэлсэн. Эл үгнийх нь залгаас болгож “Жачин чи Архангайгаас тун дажгүй хүүхэн авсан даа” гээд инээдэм хөгжөөн болголоо. Гуравдугаар ангийн хүүхэд Архангайн Хайрхан сум, Хайрхан уулын бараанд аж төрөхөөр явахад Хулжийн голынхон найр наадаан болж бэлэг сэлт, өвгөдийн сургаал, уртын дууны нургилсан шуранхайгаар үдсэнийг хэлж байна. Арван хэдэн хүүхэд төрүүлж, бүгдийг нь эрдэм мэдлэг, хүнлэг сэтгэлтэй болгож өсгөсөн ижийгээ (Должинсүрэн) сэтгэлдээ нулимстай дурсч суусан.

Ах дүү нарын зарим нь Хайрханд, зарим нь Сайханд байдаг гэсэн. Гэрийн эзэн Долзоо гээд гэргийгээ зөөлнөөр дуудна. Эрдэм төгс түүний яриа сэтгэл бүлээцүүлэн ундрах ажгуу. Нямаа зохиолч бид хоёр Сайхан сумынх учир олимпийн аваргын тухай асууж орхисон. Ээжийнх нь удам гарлыг Жачин гуай сайн мэддэг юм билээ. Мундаг Цэвээн гэж хүнээс гаралтай гээд багагүй ярилаа. Х.Эрдэнэт-Од гавьяаттай олимпийн аваргынх хамаатан садан улсууд гэнэ. Тэр зуурт “Би Эрдэнэт-Одод хайртай” гэж Нямаа ах сүрхий гэгч дуугарлаа. Нэг л учир байна даа гээд төрийн шагналт зохиолч руу хандахад “Би амьдралыг амттай болгож амьдрах дуртай гэж Эрдэнэт-Од зурагтаар хэлэхийг нь сонсоод баяр төрж байсан” гэв. Түүнээ хоёрдугаар эмнэлэгт таарахдаа гавьяат тамирчин бүсгүйд хэлсэн гэсэн.
Ийм л яриа хөөрөө болж, Долзоо эгчийн цагаан тос, хайлмаг тэргүүтнийг амтархаж байх зууртаа Жачин доктороос Нацагдоржтой холбогдсон хувь заяаных нь тухай асууж орхисон юм. Тэрээр яриан завсраа Нацаг гуай хүнийхээ хувьд тун сайн хүн байжээ гэдэг нь олон зүйлээс харагддаг. Ганцхан жишээ хэлэхэд, “Энэ Нацагдорж орчин үед Монгол Улсад хэрэгтэй хүн болох учир цалинг нь нэмж өгье” гэж их Нацагдорж маань эрдэмтэн Шагдаржавын Нацагдоржийг бага залууд нь тодорхойлж байсан байна. Тэрхүү тодорхойлолтыг бүр сүүлд архивын материалаас Шагдаржавын Нацагдорж гуай олсон байдаг. Айхтар хүн учир хүүхдэд өөрөө хэлээгүй байна л даа гэв. Ингээд яриа маань гарцаа байхгүй Дашдоржийн Нацагдоржийн тухай шуударлаа. “Далан зургаан онд Нацагдоржийн мэндэлсний 70 насны ой тохиолоо. Багшийн дээд сургуулиас оюутнуудын дунд уралдаан зарласан юм. Манай ангийнхан хоёрдугаар байр эзлээд Нацагдоржийн төрсөн нутгаар аялахаар болов. Аман зохиолын Дашдорж багш биднийг дагуулаад Баяндэлгэрт очсон. Дашдорж багштайгаа бүтэн сарын хугацаанд төрсөн нутгаар нь явсан. Далан найман онд Нацагдорж судлаач Балдангийн Содном гуай өнгөрч хүрээлэнд ажиллаж байсан залуучуудаас Амгаагийн Лувсандэндэв захирал монгол бичгийн шалгалт авдаг юм байна. Учир нь Нацагдоржийн гар бичмэлтэй ойртуулах гэж тэр. Содном гуайд Нацагдоржийн гар бичмэл хадгалагдаж байсан. Ингэж би гэдэг хүн их Нацагийнхаа гар бичмэлийг анх нүдээр үзсэн. Нацагдорж гуайд бичихгүй цаг гэж байгаагүй юм билээ. Зохиолч бүр тийм байдаг эсэхийг сайн мэдэхгүй юм. Гуанзанд хоол идэж байхдаа ч, шөнө амарч байгаад гэнэт сэрээд, бүр халмаг согтуу үедээ ч, шоронд, эмнэлэгт байхдаа ч бичнэ. Германд сургууль төгссөн цагийг яс барьдаг боловсролтой байсан учир гар бичмэл дээрээ он, сар өдөр, цаг минутаа, мөн хаана бичсэнээ тодорхой тавьдаг байсан. Шоронд байхдаа 16 дугаар өрөөнд гэдгээ ч тодорхой бичсэн байдаг. Гучин нэгхэн насалсан Нацагдоржоо монголчууд хоёр удаа шоронд хийсэн юм шүү дээ” хэмээн яриа үргэлжилсээр. Энэ зуурт Нарангэрэл охин нь Японоос холбогдож, аавдаа мэнд хүргэн ярьж байна. Аавын охин бололтой их л аминчирхан ярьж байгаа сонсогдсон. Долзоо эгч жигтэйхэн чамин шоколадаар биднийг дайлсан нь Японд байгаа охиных нь явуулсан бэлэг ажээ.




Гэрийн эзэгтэй бага хүүгээ зааж “Гаадамба гуай манайд ирэхээрээ Цогоотой их тоглоно. Танай аавд ийм пиво байхгүй, ийм сахал байхгүй гээд л цаашлуулна. Цүнхэндээ пиво авч явдаг, түүнийгээ хоолны даруулга болгож уудаг хүн байлаа” гэв. Гаадамба гуайг төрийн шагнал хүртдэг тэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Жачин доктор өнөө Цогоо хүүгээ дагуулж очин золгож байснаа дурссан юм. Тухайн агшинд Монголын оюун билгийн их мэргэдтэй сэтгэл ойр явсных нь буян байлгүй, Нацагдорж судлалын гаргуун эрдэмтэн болоод Монголдоо төдийгүй дорно дахины судалгаанд нэртэй төртэй эрдэмтэн болжээ гэх бодол төрж байсныг нуух юун.
Тэрээр утга зохиолд ойр явсан хүмүүсийн нэг нь Жагдалын Лхагва. Түүний дурсгал болгож Лхагвынхаа тухай ном бичсэн байдаг. Цэндийн Доржготов гуайг машид их биширч уншдагаа, дараа үеийн залуусаас Л.Өлзийтөгсийг их үнэлдгээ хэлж байсан. Судлаачдаас Сампилыгаа (Академич Хорлоогийн Самдилдэндэв) их ярина. Миний дарга байсан, Монголын уран зохиолын амьдралыг бүхлээр нь хардаг билгийн мэлмийтэй хүн байлаа гээд ярина. Үеийнхнээс Загдын Түмэнжаргал, Саруулбуян нартаа хайртай ажээ. Манай Саруул ахмад үеэ маш их хүндэтгэж байгаа нь биширмээр харагддаг гэж бүр нэг сэтгэлээсээ хэлж билээ.
Жачин доктор, Нямаа зохиолч бидний яриа “Гурван-Эрдэнэ” сургууль руу үе, үе орох нь бий. “Миний бие “Гурван Эрдэнэ”-ийг байгуулахаас өмнө хүрээлэнд арав гаруй жил ажиллачихсан. Монгол хэлний багш уран уншдаг, хөгжмийн мэдрэмжтэй, зураг сайхан зурдаг гээд олон талын авьяастай байх учиртай гэх шалгуурыг тавьж байсан. Тэр бүхнээр шалгалт аваад ёстой нэг замруулдаг байлаа. Манайд одоо 600, 700 оюутан суралцаж байна. Сургууль төгсөж байгаа багш заах аргын мэдлэг чадвар өндөр байхаас гадна сайн хүн болж төлөвших нь чухал. Тийм стандартыг эхнээсээ барьсан” гээд Их сургуулийн нэртэй багш М.Базаррагчаа, гэргий Пүрэвжал, хүү Идэрбаяр докторын хамтаар багшилж байсныг, мөн англи хэлний Өлзийням, дүрслэх урлагийн Төмөрхуяг, бага ангийн математикийн домог болсон Дашнямын Бүндэн гээд олон сайхан эрдэмт багш нараа дурссан юм. Долгорын Нямаа гуайгаас өмнө зохиолчийн ур чадварын хичээлийг Очирбатын Дашбалбар зааж байсан гэнэ.
Тэрээр бусдын адил боловсролын тогтолцооны тухайд сэтгэл дундуур явдгаа хэлсэн юм. “Боловсролын удирдах ажилтныг системтэйгээр бэлдэхгүй байна. Тохиолдлын шинжтэй хүмүүс дарга даамлаар томилогдож байна. Энэ нь сүүлийн жилүүдэд бүр их хүчтэй мэдрэгдэх боллоо” хэмээн хатуухан шүүмжилсэн. “Та бол боловсролыг суурь мэдлэгээр авсан хүн. Үүнийг арилгах боломж гарцыг хэлж өгөхгүй юу” гэхэд “Мэргэжлийн холбоодтой байх нь чухал” гэсэн хариулт өглөө. “Бага ангийн багш нарын мэргэжлийн холбоо байлаа гэхэд түүнд Монгол Улсын бүх бага ангийн багшийн бүртгэл байх ёстой. Багш нарын чадал чансаа, туршлага, өргөн мэдлэг, цар хүрээг нь тус холбооны нөхөд сайн мэддэг байх. Уг холбоо хүчтэй ажиллаад ирэх юм бол сурагч оюутнуудад нэг цаг ч хичээл заагаагүй нөхөр удирдах албан тушаалд очдог байдал үгүй болно. Хэн ч мэдэхгүй нөхдөөр дунд сургуулийг удирдуулдаг байдал гарахгүй” гэв.

Жачин докторынх Улаанбаатарт амьдраагүй, гал голомтоо бадраагаагүй дүүрэг ховор гэсэн. Түүнээс хамгийн дурсгалтай нь Зуун айлын урдхан одоогийн 11 дүгээр хорооллын тэнд амьдарч байхдаа 100 насалсан хөгшинтэй хамар хашаанд амьдарч байсан гэдэг. Өвгөн нь 100 насалсан, эмгэн нь 90 гаруй насалсан хоёр сайхан буурал Жачин, Долзоо хоёрыг төрсөн үр хүүхэд шигээ бодож явсан байна. “Хүн зуу насыг наслах бол гайхаад байхаар зүйл биш гэдгийг би тэр хоёр буурлаас ойлгосон” гэж гэрийн эзэн баяр бахдалтайгаар хэлсэн юм. Тэрбээр Нацагдоржтой, судалгааныхаа бүтээлтэй холбоотой олон зүйлийг сонирхууллаа. 1984 онд Шведийн жуулчид дурсгасан зурагнуудын нэг нь гучин онд авахуулсан Нацагдоржийн зураг. Монголчууд хүүхэд нохой хоёрт сайн хүнд дуртай байдаг гээд уг зурган дээрх хоёр нохой хоёулаа Нацагдорж руу хандсан байгааг сонин болгож ярьсан. “Өнөөдөр бүх зүйлийг мөнгөний нүдээр хардаг болжээ. Мөнгөөр хэмжиж болохгүй зүйл гэж бас байна. Ухаандаа, Монголын төрийг мөнгөөр үнэлж болохгүй. Ямар алдар замналтай, боловсрол мэдлэгтэй хүн бэ гэхээсээ илүү бэл бэнчинг нь харж байна. Ийм буруу жишиг Монголын төрд бий болсон учир монгол төрийн дархлаа сулраад байна” гэж айхтар хэлээд авна лээ. Монголын төрд хэнээс ч хамааралгүй Бодлогын зөвлөл байх хэрэгтэй гэх санааг дэвшүүлж тэрүүхэн тэндээ улстөржөөд авсан. “Эрдэмтэн зохиолч Жачин Монголын хэлшинжлэлийг нуруундаа үүрч яваа, их Нацагдоржоо хүн төрөлхтөнд мандуулахад үнэлж баршгүй гавьяа байгуулсан хүн” гэж түүхийн нэрт эрдэмтэн академич Жигжидийн Болдбаатар “Монгол түмний сод хүмүүс” номондоо бичсэнийг дурдан эл тэмдэглэлээ өндөрлөе.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
No comments:
Post a Comment