Wednesday, April 19, 2017

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна

2016-11-17 11:50:59
  •  
  •  

1906 оны 11дүгээр сарын 17-ны энэ өдөр Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Д.Нацагдорж төржээ. Тэрбээр Түшээт хан аймгийн Дархан Чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт Гүн Галуутай (заримдаа Мэлзэй гэдэг) гэдэг газар  тайж Дашдоржийн хүү болон мэндэлжээ.
Д.Нацагдорж  нь  1917 оноос Гадаад Явдлын Яаманд бичээч, 1924 оноос Ардын Цэргийн Яамны бичээч, 1923 онд Бүх Цэргийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга, 1924 оноос  засгийн газрын нарийн бичгийн дарга, Ленинград хотноо 1925-1926 онд цэргийн улс төрийн академид 1926 оноос  Берлиний их сургуулийн дэргэдэх сэтгүүлчийн сургууль, Лейпциг хотод мөн энэ чиглэлээр суралцсан байна. 1929 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнд оюутан сурагч, Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дуун ухааны ба түүхийн тасгийн  эрхлэгч  ажлыг хийж байсан. 1925 онд Монголын Пионерийн байгууллагыг байгуулсан. Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг юм.
Д.Нацагдорж гучин нэгхэн наслахдаа уран зохиолын үндсэн гурван төрөл болох  яруу найраг, үргэлжилсэн үгийн болон жүжгийн зохиол туурвиж гандан бууршгүй өв уламжлалыг үлдээсэн билээ.
МАХН-ын IX их хурлын илтгэлд Д.Нацагдоржийн “Миний нутаг”, “Үзэгдээгүй юм” зохиолыг шинэ цагийн сайн зохиолууд гэж үнэлж тэмдэглэсэн байдаг. Мөн  МАХН-ын Төв Хорооноос Монголын зохиолчдын байгууллагын 40 жилийн ойгоор ирүүлсэн баярын бичигтээ: Д.Нацагдоржийг монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч гэж нэрлэсэн байдаг байна.
“Нацагдорж судлал”-аар үр бүтээлтэй ажилласан эрдэмтэн бол Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, доктор, профессор Лувсангончигийн Балдан юм. Л.Балдан гуайн судалж тогтоосноор  “Хамт ажиллаж байсан нөхдийнх нь дурьдатгалаас үзэхэд Д.Нацагдорж 1921 онд Цэргийн Яаманд ажиллаж байх үеэсээ уран зохиол оролдож “Янаг амрагийн захиа”, “Бээжин лам гэдэг шийтэй сэтгэлтэй болсон нь”,”Бяцхан Нацагдорж”,”Хачин юм”,” “Ушаандар””зэрэг зохиол бичсэн байна.
1923-1930 он хүртэл Д.Нацагдорж яруу найраг  тавыг ,үргэлжилсэн үгийн зохиол  хоёрыг, нийтэлгээний өгүүллэг  хоёрыг бичиж нийтлүүлжээ.
1930-1935 он бол Д.Нацагдоржийн уран бүтээлийн өрнөлтийн үе байлаа. Энэ үед Д.Нацагдорж “Миний нутаг”,”Октябрь”,”Од” зэрэг алдарт яруу найраг,”Хуучин хүү”,”Шувуун саарал”,”Ламбугайн нулимс”,”Үзэгдээгүй юм” өгүүллэг,”Учиртай гурван толгой” зэрэг 130 гаруй зохиол бүтээлээ бичиж нийтлүүлжээ. 1936-1937 он хүртэл 7 шүлэг бичсэн байна”
 “Д.Нацагдорж 1934 онд “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн зохиол бичиж, түүнийг нь Д.Намдаг гуай найруулж, “Бөмбөгөр ногоон” хэмээн алдаршсан Төв театрын тайзнаа анх тавьжээ. Энэ нь тухайн  үедээ  Монголын урлаг соёлын амьдралд маш том эргэлт болсон. Яагаад гэвэл, түүнийг хүртэл тийм сонирхолтой бүтээл театрын тайзнаа тавигдаагүй байсан” гэж Д.Нацагдорж судлаач, доктор,профессор Ч.Жачин ярьж байна.
 Д.Нацагдорж,  мөн монголын уншигчдад зориулан А. С. Пушкиний “ Анчар”, “Хоригдол”, “Хэрээ хэрээний зүг ниснэ”, “Сэрэхүй”,”Газар далай хоёр”, “Гилбэрийн хатан”, “Буудалцсан нь”, Ги Де Мопассаны “Аглагч”, Эдгар Погийн “Алтан цох” зэрэг зохиолыг орчуулан, танилцуулжээ.
Эрдэмтэн, судлаач, зохиолч,багш  Балдангийн  Содном гуай” Нацагдоржийн эцэг Дашдорж хүүгээ бичгийн хүн болгохын тулд “Зүрхний тольт”, “Элдэв тайлбар толь бичиг”, “Хав муур хулгана гурвын үлгэр”, “Хоёр загасны тууж “, “Оюун түлхүүр” зэрэг монгол хэл, уран зохиол, түүхтэй холбогдол бүхий ном дэвтрийг үзүүлдэг байжээ.
Мөн “Цог тахих судар оршив”, “Гүүний цацал шувуу ирэхийн даллага оршив “, “Товагийн гэгээнтний 17 дугаар дүрд тоть шувууны хувилж, амьтныг сургасан аялгуут шүлэг ба эрдэнэ ноён хутагтын айлдсан сургаалууд “, “Цаасан шувууны тууж энэ болой” зэрэг бийрийн бичмэлийг Д.Нацагдорж монгол үсгээр сонирхон хуулж байсан баримт ч бий” хэмээн бичсэн байна.
Ингэж Д.Нацагдорж бичиг зохиолын их өв уламжлалтай танил байж Манай ардын аман зохиолыг үндсэн суурь болгож, түүний баялаг үг, гайхамшигт найруулгыг ашиглаж, шинэ үеийн зохиолтой холбож чаджээ. Үүний тод жишээ нь “Миний нутаг ” шүлэг юм гэж   эрдэмтэн судлаач зохиолч Б.Содном бичиж үлдээсэн байдаг.
 Д.Нацагдоржийн амьдрал , уран бүтээл, ээдрээт хувь тавилангаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжиг УДЭТ-ын тайзнаа тоглогдож байна. Зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин нар ажиллаж , их зохиолчийн дүрд залуу жүжигчин Б.Шинэбаяр, түүний гэргий Д.Пагмадуламын дүрд Н.Баярмаа нар тоглож байна.
Мөн Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн зохиол "Монгол ардын суут" драмын жүжиг Хүүхэлдэйн театрын тайзнаа арваннэгдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тоглогдож байна. Тус жүжгийн найруулагчаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Баатар ажиллаж байгаа бол хөгжмийг Урлагийн Гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од бичжээ. Зохиолч, судлаач Пүрэвдоржийн Батхуяг мөн их зохиолчийн ээдрээт хувь тавиланг харуулсан “Үйлийн гурван чулуу” хэмээх жүжгийг бичиж тун удахгүй үзэгч олноо толилуулах гэж байна.
ЕБС-ийн сурагчдын дунд “Бидний мэдэх Д.Нацагдорж” эссэ бичлэгийн уралдаан зарласан. Мөн ойн хүрээнд “Утгын чимэг” наадам, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана. Түүнчлэн их зохиолчийн шинэ хөшөөг босгох түүний мэндэлсэн газар хүндэтгэл үзүүлэх, “Харанхуй хад” уран сайхны киног үзэгчдэд дэлгэх зэрэг олон ажлуудыг хийж байгаагаа дуулгалаа. Бээжингийн Их Сургуулийн \Бэйдай\ харъяа Гадаад Хэлний Дээд сургуулийн Ази Африкийн хэл соёлын тэнхимийн багш Ч.Дулаан Нацагдоржийн эх гар бичмэлээс сийрүүлсэн бүтээлүүдээ нэгтгэн "Д.Нацагдорж" ариутган шүүсэн боть хэмээх түүвэр хэвлүүлэхээр бэлдээд байна.
“Нацагдорж зохиолуудаа хуучин монгол бичгээр бичдэг байсан бөгөөд 1955 онд түүний анхны түүвэр Монгол Улсад кирилл үсгээр хэвлэгдсэн. Харин Өвөрмонголд 1957 онд кирилл хувилбараас нь хуучин монгол бичиг рүү дахин хөрвүүлж нийтэлсэн нь уг эхээсээ маш их зөрүүтэй болсон. Бид түүний зохиол бүтээлийг анх бичсэн эхээс нь зөрүүтэйгээр уншиж ойлгож ирсэн гэсэн үг. Харин энэ шинэ бүтээл маань Нацагдоржийн эх гар бичмэлийг барьж түүвэрлэсэн гэдгээрээ онцлогтой” хэмээн Ч.Дулаан багш NEWS агентлагийн сэтгүүлч С.Энхцэцэгт ярьсан байна.
Д.Нарантуяа

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...