Tuesday, December 9, 2008

Балдангийн Содном гуайн нэгэн сайхан зуршил Хэвлэх
1 дэх өдөр, 08-12-2008 22:04

Нэрт эрдэмтэн Балдангийн Содномын мэндэлсний 100 жилийн ойд зориулан орууллаа.
www.bayanmongol.com

Би утга зохиол судлаач Балдангийн Содном авгайтай нилээд сайн танилцаж гэр орноор нь очиж энэ тэрийг хөөрөлдөн хуучилдаг боллоо. Содном авгай ер нь тун нямбай хүн юмаа. Багадаа Германд сургууль хийсэн болоод ч тэр юм уу, юм юмандаа ариг гамтай тун хямгагч юм л даа. Магадгүй өнөө хэлмэгдлийн олон жил орон шоронд удаан сууснаас ч тийм дадал зуршилтай болсон байж мэднэ.

Наадын жишээ хэлэхэд л төгрөг мөнгөө байнга түрийвчиндээ хийж явах юм. Голцуу л хүн тав арван задгай төгрөгөө хам хум халаасандаа хийчихдэг шүү дээ. Тэгвэл Содном авгай түүнийг бүдүүлэг гэж үзнэ. Тэр ч байтугай олны гар дамжсан үнгэгдэж хумхигдсан төгрөгийг угаалгын нунтаг уусгасан усанд булхуулан угааж дараа нь толийтол индүүдэх юм. Энэ нь бүүр зуршил болсон гэнэ.
Ажил албанаасаа бууж ирээд ч юм уу, дэлгүүр автобуснаас хариулт болгон авсан төгрөгөө орой болгон тийн угааж индүүддэг гэнэ. Бас Содном авгай төгрөгийг нугалахыг ихэд цээрлэнэ. Тэгээд зуутын дэвсгэрт тэнэгэрээрээ багтах хэмжээний хавтгай хар түрүүвч эдлэх юм. Бас зоос мөнгө бол хүний хөлс хөдөлмөр гэж ярих дуртай.

Нагац ах маань Алтайн банкинд насаараа мөнгө хураагч, нярав хийж байгаа юм. Ах маань ч бас төгрөгний дэвсгэрт толигор байлгах дуртай, мөнгийг тийн авч яваа хүнд их элэгтэй байдаг ч юм. Би тэгээд Содном гуайн үлгэрээр том түрийвч авч мөнгө төгрөгөө авч явдаг боллоо.

Гишүүн чи ч гэсэн (М.Цэдэндорж, Л.Тудэв бид гурав биесээ гишүүн гэж авгайлдаг зуршилтай) том түрийвч авч мөнгөө хийж бай. Сайхан тэнэгэр дэвсгэрт түрийвчнээсээ гарган наймаа хийж явах чинь хө нэг соёл байна шүү. Хүний өөрийн хөдөлмөр хөлсийг ч хүндэтгэж байгаагийн илрэл.

Яруу найрагч Мишигийн Цэдэндоржийн яриа 1960он. Сормууниршийн Дашдооровын элдэв учрал дурсамж номоос, хуудас 141

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...