Thursday, March 30, 2023

Бүүвэйн дууны ид шид ийм гайхалтай

Бүүвэйн дууны ид шид ийм гайхалтай

Автор Zindaa.mn
 2018 оны 06 сарын 04

Ээ бүүвэй

Ээ бүүвэй

Энгэртээ үрээ тэврээд

Эх хүн бүүвэй аялж сууна

Ээ бүүвэй

Ээ бүүвэй

Энэрэлт сэтгэлээ эвлэгээд

Ээж хүн үрээ бүүвэйлж сууна...

Харцнаас нь хайр урсаж, царайнаас нь жаргал гэрэлтэх бүсгүйн бүхий л үзэсгэлэн төгөлдрийг “Бүүвэйн. дуу” бүтээх ажгуу.

Үе, үехэн үнэгчлэх үрээ “Бүү ай” хэмээн ээж нь аргадан дуулах. Аядуу зөөлөн эгшиглэх ээжийнхээ бүүвэйнд ангир үр нь амгалан тайван нойрсоно. Ай даа, бүүвэйн дууны аугаа шидийг анагаах ухаан ч гайхан биширсээр байна.  Цаанаа л нэг уянгалагхан энэ аялгууг сонсоогүй хүн ховор биз ээ.

Өнө эртнээс өдийг хүртэл уламжлагдан ирсэн энэ өвөрмөц дуу нэн эртний улбаатай бөгөөд овог, аймаг үүссэн тэр үетэй холбогддог тухай эх сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Бүүвэйн дууг яг төдийд үүссэн гэж нотлоогүй боловч, домоглон хэлэлцэх нь олонтой байдаг байна.

 Бүүвэйн дууны гарал үүслийн тухай утга зохиол судлаач Б.Содном

"Бүүвэйн дуу нь монголчуудын амьдралд нэн эрт орж иржээ. Анх үр хүүхдээ гадны муу нөлөөнөөс хамгаалж бүү ай гэж уянгалуулан дуулдаг байсан нь яваандаа бүүвэй болжээ" гэсэн бол бүүвэйн дууны ач холбогдлыг доктор Х.Сампилдэндэв

"Бүүвэйн дуу нь энхрий ялдам үг, уянгат хөг аялгууны хослолоор хүүхдийг хүмүүжүүлэхэд чухал нөлөө бүхий төрөл юм. Гоо зүйн зориулалт давамгайлдаг боловч оюун ухаан, ёс суртахууны хүмүүжилд ихээхэн нөлөөтэй. Хүүхэд орчлонгийн амт шимтийг эхийн сүүгээр эхлэн амталдаг шиг эх хэлнийхээ яруу тансагийг дууны уянгат аялгуутай хосолсон бүүвэйн дуугаар мэдэрдэг” хэмээжээ.

Харин эрдэмтэн зохиолч, соён гэгээрүүлэгч, хөдөлмөрийн баатар Л.Түдэв “ Бүүвэйн дуунд уясаж, өссөн хүүхэд, өр нимгэн, сэтгэл зөөлөн, зүрх энэрэнгүй, хүн болдог нь нэгэнт шалгарсан, нотолгоо шаардахгүй үнэн” гэж тодорхойлжээ. .

Бүүвэйн дууг эх үрсийн энэрэхүйн нинжин сэтгэлийн илэрхийлэл хэмээн үзсэн хүн ч байх юм.

“Хорвоо дэлхийд сонссон 
Ээжийн бүүвэйн анхны дуу
Хонгор зүрхийг уяраасан 
Ээжийн цагаан уяхан дуу...” хэмээх мөрүүдээс бүүвэйн дуу хүүхдэд асар их хүмүүжил, энэрэл, хайрыг түгээдэг болохыг харж болох юм.

Бүүвэйн дууны ач холбогдлыг тайлбарлавал асар их зүйлийг ярьж болно. Үүнээс “Бүүвэйн дуу сонсоогүй, эхийн ангир уураг амсаагүй хүн хатуу сэтгэлтэй байдаг” гэх хөгшчүүдийн  “онол”-ыг онцлох хэрэгтэй. Мөн “Бүүвэйн дуу сонсож өссөн хүүхэд бүтэн сэтгэлтэй болдог” хэмээх тодорхойлолт ч бас буй. Угаасаа бүүвэйн дуунаас хүний хүмүүжил эхэлдэг гэлцдэг нь ч үнэний хувьтай гэдгийг эрдэмтэд нотолсон хэдэн жишээг дурдъя.

  • Дутуу төрсөн нярайд өдөр бүр бүүвэйн дуу сонсгоход илүү түргэн өсдөг болохыг эрдэмтэд баталжээ.
  • Хэвлийдээ бойжиж буй хүүхдэдээ бүүвэйн дуу байнга аялж өгсөн бүсгүй хүн хүндрэлгүй амарждаг байна.
  • Бүүвэйн дуу аялж буй хүүхдийн зүрхний цохилт хэвийн тогтвортой байдалд ордог тул хэвлий дэх хүүхэд хүчилтөрөгчөөр илүү сайн хангагддаг нь тогтоогджээ. Үүнээс харахад бүүвэйн дуу дуулах нь эх хүүхэд хоёулаа амьсгалын зөв дасгал хийж буй хэлбэр гэнэ.

Ийнхүү бүүвэйн дууны уянгалаг ая, үгийн цэцэлсэн утга, үйл хөдлөлийн жигд хэмнэл, хүүхдийн бяцхан гарт мэдрэгдэх эхийн бие, эхийн уураг сүүний амт бүхэн нэгдэж хүмүүн болохын заяа тэгширдэг ажээ.

Хүмүүн заяаг бүтээх бүсгүйчүүд  минь “Бүүвэйн дуу”-гаа аялж, хатуу орчлонг зөөллөж, хайрын хорвоог аргадацгаая...

Бүү ай, Бүү ай, Бүү ай...Бүүвэй, Бүүвэй, Бүүвэй...

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Б.Содном агсны хэвлэгдээгүй зохиол бүтээлийг танин мэдүүлнэ

Б.Содном агсны хэвлэгдээгүй зохиол бүтээлийг танин мэдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-10-05 17:48:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шинжлэх ухааныг хөгжүүлэх, соёл утга зохиолыг судлах, нэр томьёог боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачдын нэг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт судлаач, нэр томьёоч Балданы Содном мэндэлсний 110 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын санд боллоо.


Б.Содном нь нэр томьёо судлал, хэл шинжлэл, утга, уран зохиол, аман зохиол, угсаатны зүй гэх мэт олон салбараар судалгаа хийхийн зэрэгцээ зохиол бүтээл бичсэн манай ахмад үеийнхний манлайлагч, анхдагчдын нэг юм.


Хуралд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Г.Билгүүдэй, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор Д.Цэдэв, Ч.Дагвадорж, доктор профессор Ч.Жачин зэрэг олон эрдэмтэн, судлаачид оролцов.


Б.Содномын зохиол бүтээлүүд монгол туургатнаас гадна орос, англи, герман зэрэг орны хэлээр орчуулагдан гадны уншигч орчуулагч судлаач олны талархлыг хүлээсний дээр орчин цагийн монголын аман зохиолын туршлага, уран сайхны сэтгэлгээний баялаг уламжлал, түүх, соёлын зангилаа асуудлыг авч үзэхэд судалгааны гол хэрэглэглэхүүн болсоор байна.




Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор Д.Цэдэв: “Б.Содном агсны мэндэлсний 110 жилийн ой бол Монголчуудын соёлын нэг том баяр юм. Тиймээс энэ ойгоор өмнө судлагдсан болон судлагдаагүй олон бүтээлийн талаар манай ахмад болон залуу үеийн эрдэмтэд илтгэл тавьж байна. Өнөөдрийн хурлаар Б.Содном багшийн олон талт бүтээлүүдийг гүнзгийрүүлэн судалхад чухал хувь нэмэр болох илтгэлүүдийг тавьсан учир их үр дүнтэй чухал хурал боллоо гэж дүгнэж байна” гэлээ.


Б.Содном агсны хүү С.Цогоо “Миний аав Шинжлэх ухааны академийн ууган сэхээтнүүдийн нэг бөгөөд их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн Ренчинбямбаев нартай зэрэгцэн хойч үеэ соён гэгээрүүлэх үйлсэд зүтгэж явсан. Монголын аман зохиол, бөөгийн шашин, утга зохиолын онол бөхийн цол, хуримын ерөөл зэргийг цаасан дээр буулгаж үлдээсэн гавьяатай. Үр хүүхдүүд, шавь нар нь нэгдэн Содном сан байгуулж 90,100 жилийн ойг нь хийж байсан. Өнөөдөр бид 110 жилийн ойгоор нь олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж хэвлэгдээгүй зохиол бүтээл гар бичмэлүүдийг нь хойч үедээ танин мэдүүлэхийг зорьж байна” хэмээлээ.

О.Мөнхжаргал

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...