Tuesday, March 1, 2022

ТЭРГҮҮНИЙ БАГШ З.ЖАВЗАН БАГШТАЙ 8А АНГИЙН СУРАГЧ СОДНОМЫН ҮЗМЭЭ МИНИЙ ӨЧҮҮХЭН ДУРСАМЖ

ТЭРГҮҮНИЙ БАГШ З.ЖАВЗАН БАГШТАЙ 8А АНГИЙН СУРАГЧ
СОДНОМЫН ҮЗМЭЭ МИНИЙ ӨЧҮҮХЭН ДУРСАМЖ
Монгол хэл уран зохиолын тэргүүний З.Жавзан багштай 4а ангийнхан бид 4 жил сурагчийн дүрэмт хувцсаар ижилдэн гоёцгоож, хос хосоороо нэгэн сургуулийн ширээнд зэрэгцэн сууж, танхимаас танхимд шилжин, дээшээ доошоо шатны урсгалаар хэлхэлдэн цуварч, ачтай тэргүүний багш нараар эрдэм заалган, хөгжилдөн баясан, болчимгүй гэнэн сурагч нас минь тэртээх 40 жилийн өмнө бага боловч олон сайхан дурсамжаар дүүрэн өнгөрч үлджээ.
Анги даасан Жавзан багш маань сургуулийн тэргүүний манлай багш байлаа. Багшийн минь Монгол хэл уран зохиолын улсын олимпиадад бэлдсэн сурагчид он дараалан тэргүүлдэг байснаар нь багшаараа бахархана. Багш маань их дөлгөөхөн, тайван багш байлаа. Биднийг хооронд нь ялган гадуурхдаггүй, бас ширүүн загнаж аашилж байсныг би лав мэдэхгүй юм байна. Багш маань намхандуу нуруутай, буурал сортой жижиг халимагдуу загварын харавтар үстэй, хөөрхөн жижгэвтэр нам хамартай, дөлгөөхөн дулаан харцтай, цэвэрхэн цайвар царайтай, бондгор эгдүүтэй жижиг гартай, дэгжин, өөртөө зохисон сайхан хувцсаар гоёсон, эгэл нэгэн монгол эмэгтэй байв. Багшийнх 40 мянгатын “Г“ хэлбэртэй байрны 1-р орцны 2 дугаар давхарт амьдардаг байв. Зочдын өрөөндөө их том олон чийдэнгийн гоё бүрхүүлтэй (chandelier) европ маягийн айл байж билээ. Ангийнхаа хүүхдүүдийг гэрээрээ оруулж, чихэр, байхуу цай амсуулчихдаг, зочломтгой жинхэнэ монгол зантай, сайхан багшаа дурсахад таатай байна. Эгчийн минь “Мода” гэсэн сэтгүүлээс харж байгаад нэхэж өгсөн алаг эрээн цамцыг өмсөөд л очиход “Үзмээ, чи москвагийн охидууд шиг л хувцаслах юм даа” гэж гоё сайхан урмын үг хэлнэ. Хааяа би ээжийнхээ гоёлын туфлийг хичээлдээ өмсчихдөг байв. Гэтэл Жавзан багш нэг өдөр хичээл тарсны дараа ороод ирээрэй гэв. Яваад очтол нэг уутнаас “энэ миний туфли би олон жил өмссөн, чи ээжийнхээ цайны туфлийг өмсөөд яах нь вэ?” гээд өгөв. Би баярласандаа шууд л өмсөөд, ижийнхээ туфлийг сугандаа хавчуулаад гэртээ жирийчихсэн. Багшийнхаа туфлиэр олон ч удаа гангарсан даа.
Бидний үед сургуулийн шинэ жил гэж биеийн тамирын заалыг чимэглэхэд анги болгонд үүрэг өгдөг байв. Ангийн хүүхдүүдээс шинэ жилийн комисс гэж томилогдон өвлийн өвгөний бэлэг бэлдэн, өнгийн цаас хайчлан хооронд нь хэлхэн, өндөг цоолж доторхыг нь үлээж гаргачихаад өнгө өнгөөр будаж, хөвөн утсанд хэлхэж шинэ жилийн заалаа гоёцгооно. Бас бид багт наадамд бэлдэж, сургуулиас анги ангийг шалгаруулан оролцуулдог байв. 5-р ангид байхад Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” өгүүллэгээр манай ангиас Алтанцэцэг, Болормаа, Отгонбат, би Цэрмаад тоглох болов. Гэтэл миний бие их ичитгий охин байв. Тайзан дээр гараад үгээ таг мартчихав. Ингээд Алтанцэцэг Цэрмаад тоглосон. Болормаа Мядагмаагийн дүрд ширэв татаад сайн тоглосон шүү.
Бид бас хүүхдийн паркад навч цэвэрлэх, их тэнгэрийн ам, яармагийн замын дагуу кабелийн нүх ухах гээд субботник гэдгийг хийж өгдөг байлаа. Нэгэн удаа их тэнгэрийн аманд манай сургуулийнхан кабелийн нүх ухаж байхад Азжаргалын аав /Данан гуай/ Батмөнх даргын комиссарын алба хашдаг хүн байсан, тэгээд манай ангийнхныг бүгдийг нь тусгайлан их тэнгэрийн амны цайны газрын зааланд оруулж ундалж билээ. Нэгэн жил Баянхошууны захад нэгэн төмсний тариаланд төмс хураахаар болов. Баянхошууны автобусны эцсийн буудлаас буугаад ангиараа хүрз, шуудайгаа үүрээд алхаж очив. Хөвгүүд нь хүрздээд охидууд нь шуудайлах болов. Манай ангийн атаман Алтантулга, Батсүх, Дашдамба нарт хулганы үүр таарч хүрздээд, хулганууд зугтаахад нь хүрзээрээ цохиж унагачихаад охидуудаа айлгаж гарав. Намайг нэхэн хөөж миний хүзүүнд хийнэ гэж сүнсийг минь зайлтал айлган, би тэр чигээрээ гүйсээр байгаад автобусанд суугаад гэртээ харьсан. Үүнээс болж субботник тасалсан хэрэгт тооцсон. Анги угаана гэж бас нэг ажил гардаг байв. Ангиа угаах гэж дээ сайхан хоорондоо чалчина шүү дээ. Багш ирлээ гэхээр ангиа цэвэрлэж эхэлдэг байв.
Нэгэн удаа бид яармагт цасаар гулгах гээд Туулын аав билүү, Мэндсайханы аав бил үү ямар ч байсан цэргийн 69 машинд биднийг түнтийтэл нь чихээд явж билээ. Цасаар тоглохыг үзүүлж өгдөг байв. Манай ангийн хөвгүүд охидуудыг хөөж, нүүрийг нь цасаар угааж, бас хүзүү рүү нь цас чихэж уйлуулж, орилуулдаг байв. Багшдаа очоод л ховлоно. Та нар аятайхан тоглоорой гээд л багш маань биднийг баясгах гэж даарч хүлээгээд л цайвар ягаан өнгийн жижиг халуун савнаас цай оочин ууж суудагсан.
Манай ангийн зарим хөвгүүд бас өөр ангийнхантай хамт оросын элчингийн хашаа даваад арнитик жимс авч хашааны цаанаас чулуудна. Зарим охидууд нь наана нь хормойгоо тосоод шидсэн жимсээ хормойлдог байв. Нэгэн удаа сургуулийн захиргаа бүх хүүхдүүдийг жагсаан үзелээр оросын элчингээс ноот бичиг ирсэн. Дахин оросын элчин рүү халдах юм бол эцэг эхийн албан байгууллагатай нь хамт хариуцлага тооцож сургуулийн нэр хүнд унагасан сурагчийг сургуулиас хөөх хүртэл арга хэмжээ авна гэж зарласны дагуу дахин ийм хэрэг сонсогдсонгүй.
Манай ангийн зарим хөвгүүд их сахилгагүй байв. Охидуудын формын нурууны голын оёдлыг сахлын хутгаар ханзлан, хөхний даруулгатай үгүйг нь шалгадаг байв. Бас шатны доор нуугдаж байгаад араас гэнэт гарч ирж суган доогуур гараа оруулаад хоёр хөх баздаг байв. Нэг хэсэг сургууль даяар амбаар гэж араас өшиглөдөг тоглоом гарч, завсарлагаагаар цүнхтэй номоо өгзөг доороо барьж хонгилоор алхдаг болов. Энэ бас л эвгүй тоглоом. Буян маань өшиглүүлээд эмнэлэгт хэвтэж билээ. Буянгийнх манай өөдөөс харсан хаалганд амьдардаг байлаа. Тэдний нагац ахын анхны гэргий байсан эгч үсчин гээд миний үсийг спорт халимаг болгоод засчихав. Үүнээсээ ичээд алчуур зүүгээд хичээлдээ очтол ангийн аттаманууд эхлэн тэр үед гарч байсан “Нэрээ бүү мартаарай” гэдэг олон ангит киноны хоригдол охин гээд нэг хэсэг шоолж билээ.
Алтантулга Дашдамба хоёр намайг их өдөж шоовдорлодог байв. Би ч бас мөчөөгөө өгөхгүй өөрийгөө хамгаалахын тулд тэдэнтэй шалны модоор хүртэл үзэж тарна шүү дээ. Одоо бодоход гэнэн сахилгагүй сурагчид байлаа.
Хавар болохоор хааяа Б.Батболдын байрны ард цүнхтэй номоо шидчихээд л хөвгүүдтэй хөл бөмбөг өшиглөн шороон дээр тоглоод формын хувцсаа халтар шороо болгон, өвөл болохоор заримдаа цасаар байлддаг байв. Тэгсэн мөртөө биеийн тамирын хичээлд орж болохгүй гэсэн (унаж бэртэж 6 сар курс эмчилгээ хийлгэн эмнэлэгт хэвтсэн) тархины даралттай эмчийн тодорхойлолттой байж билээ. Биеийн тамирын хичээл дээр эмчийн магадалгаатай хүүхдүүд бяцхан ном хийж дүнгээ гаргадаг байв. Бас сургууль, оросын элчин, Бал даргын байр, 3-р хэлтсийн ажилчдын байр гэдгээр бүхэл бүтэн хороолол хоорондоо холбогдсон хашаатай учир бүтэн тойрч гүйх, зээрэнцэг, уртын харайлт гээд биеийн тамрын хичээл гадаа ордог байв. Эмчийн магадалгаатай хүүхдүүд хаяа Лувсандорж багшид бүртгэл хийж тусалдаг. Нэг удаа бүтэн тойрогт манай ангийнхан гүйгээд цаг харан хэн нь хэдэн минут гүйхийг бүртгэж байв. Гэтэл хүүхдүүд цувсаар байгаад ирэхэд Баярмаа ирдэггүй ээ. Биеийн тамирын хичээлийн цаг дуусч хүүхдүүд өрөөндөө хувцсаа солиод дараагийн ангийн танхимдаа бэлдэж байтал Баярмаа ирэв. Чи чинь яачихав гэтэл гэрээрээ оччихоод ирсэн гэсэн.. Ха ха ха…
Хичээлээ тараад хааяа дошныхоо ангийн анд Мөнхтуяа, Алтанцэцэг, Баяраа нартай хамтдаа алхаж харьдаг байв. Баяраа надад нэгэн удаа гитар тоглохыг зааж өгнө гээд гэртээ аваачив. Гэтэл миний бие хөгжим тоглох авьяас байхгүй, нөгөө барилт цохилтыг нь сурдаггүй шүү. Баяраа багш маань хатуу багш байсан учир гитар сурахаа тэр өдөртөө мартсан.
Азжаргал орос хэлэндээ их чадварлаг охин байлаа. Орос хэлний дуу дуулаачдын уралдаан, бас анги болгон орос хэлний олимпиадад бэлдэх болж, биднийг эгнээ эгнээгээр нь баг болгон тэднийд Ганчимэг Оюунчимэг бид хэд очин “Улыбка” дуу бэлдэж байж билээ. Азжаргал их хөөрхөн хоолойгоор дуулна. Би ч солгой хоолойтой учир түүнээсээ ичээд намуухан бараг амаа л үгийн дагуу хөдөлгөх маягаар дуулдаг байв. Ганхуяг залуухан долион үстэй дууны багш дууны хичээл орохдоо хэсэг хэсгээр нь төгөлдөр хуураа тойруулж байгаад өөрөө дуулаад л дуу зааж чанга дуул гэдэгсэн.
Ангийн хананы сонинг ээлж ээлжээр гаргадаг байв. Туулын гэрт очиход Туул ятгаа дараад л намуухан дуулна. Ангийн дарга Алтанцэцгийндээ очиж гэрийнхээ даалгаврыг хийнэ, бас хичээл давтана гэж очдог байлаа.
8а ангийн төгсөх үед төгсөлтийн хонхны баяраар манай ангийг тараана гэдгийг бид мэдэж байсан болохоор ч тэр үү их сонин санагдаж байж билээ. Туулыг ямар ч байсан уяраад буруу хараад нулимсаа сэм сэм арчиж байсныг санаж байна.
Үнэхээр бид бас азтай үед төрсөн. Сайхан эцэг эхийнхээ буянаар сайхан нэртэй сургуульд суралцан, алдартай, чадвартай олон сайхан багш нараар хичээл заалгуулан эрдэм мэдлэг эзэмшин, алтан сургаалийг нь сонссон алдрай бага - сурагч нас минь.
Аав минь 1923 оны анхны сурагчдын нэг, бас анхны пионер, эвлэлийн гишүүн, Д.Нацагдорж гэх мэтээр ангиудад уригдан яриа хийдэг байж билээ. Завсарлагаагаар санамсаргүй аавыгаа түрүүлээд харчихаад багштай уулзах гэж байгаа юм байх даа гээд эмээн нуугдаж харахад өөр анги руу яваад орчихдог байв.
Нэгэн удаа тооны хичээл байлаа. Нарангэрэл багш голдуу самбар хуваагаад шалгалт авах нь ойлгомжтой болчихов. Гэрийн даалгавраа хийгээгүй би шалгалтаас мултрах аргаа хайж байгаад ангиасаа сэмхэн мөлхөөд гарчихав. Гомбосүрэн захирал нуруугаа үүрчихсэн тааралдаад “нөхөр минь чи энд юу хийж байгаа билээ” гэтэл нэг чихрийн цаас нүдэнд үзэгдэнгүүт “хог түүгээд” гэв. Гэтэл “аан” гээд нуруугаа үүрээд явчихаж билээ. Сургуулийн эмч Цэгмид эмч дээр ороход, - ашгүй чи ороод ирлээ ангиудын ариун цэвэр шалгаад ир гэж аварсан. Тэр үед нэг жил сургуулийн ариун цэврийн комисст элсүүлсэн учир ангийн тоос шороо, сурагчдын нусны алчуур сам, хумсыг шалгадаг байв. Одоо бодоход хүүхдэд ариун цэвэрч болгох хүмүүжил өгдөг байсан байх даа. Гэр ахуйн хичээл гэж гоё хичээл ордог байв. Бидний гэр ахуйн багш Наташа, Насантогтох багш охидуудад зориулж гоо сайхны өрөө гэж нэг өрөө гарган үнэртэй ус, гоо энгэсэг, эмэгтэйлэг байлгах сайн дурын хичээл заадаг байв. Тэр дугуйлангийн хүүхдүүд өөрсдөө гоо сайхныхаа бүтээгдэхүүнийг авчирч нийлүүлдэг байв. Гоё анхилуун үнэртэй гарын саван, алчуур, орос пудр, польшийн духи үнэртэй ус гээд л байсан, гэвч олон хүүхэд энэ дугуйланд суугаагүй учир удалгүй энэ өрөө хаагдсан. Гэр ахуйн хичээл дээр үдээс хойш гоё хоол хийж, ширээ засдаг байж билээ.
Миний хайртай багш нараас дурдахад мэдээж анги даасан Жавзан багш, физикийн Гомбожав багш их сайхан багш сурагчдаа үргэлж дэмждэг байсан бас түүний хүслээр анхны “радио долгионы дугуйлан” гэж Идэрчүүдийн ордон анх нээж байхад орж байсан. Орос хэлний Т.Дулмаа багш бидэнд их гоё үлгэрүүд хаяа ярьж өгдөгсөн. Цэрэннадмид түүхийн багш бөгөөд хичээлийн эрхлэгч, гудамжинд таарсан хүүхдүүдийг овог нэр, хэдэн онд төгссөн хэн бэ?, хэн багшийн анги байсан гээд бүгдийг ой ухаандаа шингээж чаддаг агуу багш байлаа.
Манай ангийн нэг дөрвөлжин царайлаг царайтай хүү Дашдамба багш нарын өхөөрдлийг төрүүлдэг хүү байв.
Өнөөдрийг хүртэл хол ойрыг ойртуулсан цахимаар ангийн хамт олонтойгоо учран золгон хуваалцаж байгаадаа таатай байна.
АНГИЙНХАНДАА
Цагаан захаар гоёсон хар өнгийн даашинзтай
Цагаан, хар өнгийн хормогчоор ээлжлэн гангарсан
Салаахан гэзэг, загварлаг үсээр гоёсон
Сурагч охин нас минь
Цагаан захаар гоёсон хөх, бор өнгийн хүрэмтэй
Цагаан цамцаар гангарсан
Халимаг загварын үсээр гоёсон
Хөвгүүн сурагч нас минь
Сурагчийн ширээнд хосоороо
Зэрэгцэж суусан салаан даргатай
Сурагч болгоноос онцгойрсон
Цээлхэн хоолойтой ангийн дарга удирдан
“Бүлэг дуулж бай номхон” гэж
Бүгдийг нь жагсаана
Дөчин жил өнгөрч
Дахиад бид учран золголоо
Ангийн хамт олондоо
Аз жаргалыг өрөөж
Алс холоос мэндчилье
Амжилт, эрүүл энхийг хүсье!
8а ангийн сурагч Содномын Үзмээ. 02.28.2022

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...