Thursday, January 5, 2012

“СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ” МАРТАГДАХ ШАХСАН 51 ЖИЛИЙН ӨМНӨХ ДУУНЫ ТУХАЙ

“СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ” МАРТАГДАХ ШАХСАН
51 ЖИЛИЙН ӨМНӨХ ДУУНЫ ТУХАЙ

Биднийг бага байхад Сүлд модны наадам, зарим нь ч Ёолк гэж шинэ жилийн цэнгүүнийг ясли, цэцэрлэгээс авхуулаад бүх шатны албан байгуулга цал буурал дун цагаан сахалтай, цагаан торгон нудрагатай дээлтэй, лоовууз малгай өмссөн, гартаа ид
шидийн мөнгөн таяг барьсан цасан охид, ан амьтадаа дагуулсан өвлийн өвгөн аавтайгаа чимэглэсэн ногоон гачуурхан модоо тойроод “СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ” дууг дуулан цасан охид ан амьтад тойрон эргэлдэн бүжин тэмдэглэдэг байлаа.
Америк дахь Каролина мужийн шинэ жилийн 2011 оны 12 дугаар сарын 31 ны цэнгүүний өдөр Зохиогч Балгансүрэнгийн охин Гансувд “миний аав Балгансүрэн нь тэртээх 51 жилийн өмнө энэхүү “СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ” дууг зохиосон юм, эхний мөрт “Сувд эрдэнийн чимэгтэй” гэж эхэлсэн нь тэр жил би төрсөн учир охин наддаа зориулж зохиосон, түүгээрээ ая барья” гээд бидний мартагдсан аялгуу болсон сонин бэлэг барьсан нь миний өчүүхэн биеийн анхаарлыг татсан билээ. Тэр жилийн сүлд модны наадмын өвлийн өвгөнд Цэгмид гуай тогложээ.


Дууны үгийг бүтнээр толилуулья.

Үг: Ц. Балгансүрэн
Ая: Г.Дарамзагд

Сувд эрдэнийн чимэгтэй
Сүлд ногоон модоо
Дун цагаан сахалтай
Дун өвлийн аав аа

Дахилт:

Аяа, аяа түрээд
Дуулан дуулан эгшиглэе
Ар араа дагаад
Тойрон тойрон эргэлдэе

Энхийн цагаан тагтаа шиг
Эвлэн дэгдэн бүжиглэе
Ирж яваа галуу шиг
Дэвэн дэвэн бүжиглэе

Дахилт:

Танхил цагаан янзага шиг
Дэгдэн дэгдэн бүжиглэе
Талын бүжин туулай шиг
Дэвхрэн дэвхрэн бүжиглэе

Дахилт:

Ойн хүрэн баавгай шиг
Моожиг, жоожиг бүжиглэе
Овт улаан үнэг шиг
Соотог соотог бүжиглэе

Дахилт:

Бахтай сарнай цэцэг шиг
Дэлгэрэн дэлгэрэн бүжиглэе
Баян Туулын урсгал шиг
Долгилон долгилон бүжиглэе

Дахилт:

Манхан хөх ишгээ
Маажин таалан бүжиглэе
Манжин лууван байцаагаа
Малтан суулган бүжиглэе

Дахилт:

Олон орны хүүхдүүдтэй
Золгон золгон бүжиглэе
Одон орны замдаа
Зорин зорин бүжиглэе

Дахилт:

Дашрамд дурдахад “Шууд мэдээ” сонин дээр 2010 оны 12 дугаар сарын 31 ний өдөр (Ардын жүжигчин Б. Зангад гуайн дурсамжаас) 1962 онд Соёлын гавъяат зүтгэлтэн Ж. Бадраагийн шүлэг, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С. Гончигсүмлаа ая “Сүлд модны наадам” дууг зарим нь ч “Шинэ жилийн вальс” гэж дуулдаг дууг өдий хүртэл Б. Зангад дуулан эгшиглүүлэн амьдруулсаар байгаа боловч “СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ” дуу үүнээс өмнө 1960 онд төрсөн боловч мартагдсан аялгуу болсныг сэргээх нь бидний ирээдүйн үр хүүхдэд нэн чухал юм. Үнэндээ бид гачуур модоо тойроод багат наадмынхаа хувьцасыг өмссөн ан амьтад өвлийн өвгөн аавтайгаа бүжин цэнгэх дуу шинээр гараагүй л байгаа. Үүнд урлаг соёлын дуучид хамтлагынхан "СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ" дууг дахин сэргээн амьдруулан эгшиглүүлнэ гэдэгт найдаж байна.

Бичсэн. С.Үзмээ

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...