МОНГОЛЫН ШИВШЛЭГ

МОНГОЛЫН ШИВШЛЭГ

Монголын ардын аман зохиолын санд зохиолын олон янзын хэлбэр бий бөгөөд тэд нь зарим талаар их өвөрмөгц шинжтэй юм. Гэхдээ нийт хүн төрөлхтний хөгжлөөс салангид биш нь мэдээж хэрэг ээ.
Ардын аман зохиолын дотор "Шившлэг" буюу "Шившилгэ" гэж хэлэлцдэг зохиолын нэгж жижигхэн хэлбэр байна. "Зоос шившинэ, шоо шившинэ" гэх зэрэг өргөн дэлгэр хэлэлцдэгийг санахад тодорхой юм шиг бодогдох боловч, цаага нарийн зүйл байх юм аа.
Шившлэг бол анх балар цагийн хүтүүсийн мухар сүсэг бишрэлтэй болбоотой юм. Шившлэг уг нь хүн төрөлхтний дотор ангит нийгэм гарахаас ч өмнө байж, улмаар нэлээн өөр шинжтэй болчих юм. Жишээг хэлбэл, зоосоор мэргэлэх гэж шившиж байна гэхээс биш, тарнидаж байна гэж хэлэхгүй.
Мөнөөхөн сүсэг бишрэлтэй холбооотой шившлэг бол: бороо орж, тэнгэр нижигнэн дуугарах, аянга буух, цахилгаан цахилах, ус үерлэх, их салхи шуурга болж, хүн амьтан ургамал тэргүүтэнг сөнөөх, хохироох зэрэг байгалийн олон зүйлийн ул ойлгогдох үзэгдлүүд балар цагийнхүмүүсийн алхах гишгэх дутам дайралдаж байжээ. Байгалийн энэ аюумшигт үзэгдлийн учир шалтгааныг балар эртний хүмүүс нарийн онож мэдсэнгүй харин тэр байгалийн юм бүхэнд ямар нэг эзэн байх шиг байна. Тэдгээр эзэд нь тус тусын зүйлсээ хөдөлгөн ажиллуулснаар нөгөө байгалийн аюумшигт үзэгдэл үүсч байх шиг байна гэсэн таамаглал гарчээ. Иймэрхүү мухар сүсэгтэй холбогдож, шившлэг анх бий болгосон байна. Ингэж эзэд байна гэж хүний хий хоосон сэтгэхүйгээр бий болгосон тэр юм нь мэдсээр хэрэг, ер хүнд харагдах, үзэгдэх юу ч алга байсан тул, тэднийгээ "Хий сүг" гэж нэрлэжээ. Өөр үгээр хэлбэл, хүний нүдэнд харагддаггүй "Хий сүг" нь бас тус бүрдээ нэртэй.
Дээд тэнгэрийн орон гэж нэрлэж, түүнийгээ эзэн гэж үзээд "тэнгэр нар" бий, уулын эзэд гэхийгээ "савдаг" гэнэ. Усны эздийг "лус" гэх зэргээр хоосон сэтгэлээр бий болгосон "Хий сүгтээ" тус бүр нэр өгсөн байна. Энэ гурав бол монголчуудын эртний бөөгийн мөргөлийн гол шүтээн нь байсан юм.
Монголчуудын шивших явдал эртний бөөгийн мөргөлтэй нягт холбоотойгоор барахгүй, түүгээр уламжлан бий болж, ултаар бурхны шашны үед тархан ашиглагдсаар ирсэн байна. Монгол шившлэгийн үг ил, далд хоёр янз байдаг боловч, уг зорилго нь үндсэндээ нэг ээ. Хүн амьдралынхаа дотор тохиолдсон ямар нэг хэцүү буюу бэрхшээлтэй хэрэг явдал дээр битүүхэн аман дотроо шивэгнэн үглэж, нөгөө л өмнө духдсан хий сүгийн аль нэгэнд даатган залбирч, өөрийн хүссэн санаагаа шууд гарган гуйж, тэр хий сүгээс зохих тусламж далдуур эрдэг. Энэ нь голдуу нууц янзтай. Жишээлбэл: малыг өт арилгах шившлэгийн үг бол маш их нууц бөгөөд шүд нь унаагүй хүн үүнийг хийж чадна гэнэ. Хэрэв тэр хүний шүд унахад ойртвол, өөр нэг залуу хүнд уламжлан зааж өгдөг ёстой. Түүнчлэн хараалын чанартай, эсвэл бусдыг хорлох чиглэлтэй шившлэгийн үг бас л нууц байдаг учир, түүнийг олж мэдэхэд тун бэрх юм.
Далд хийдэг шившлэгийг цөөхөн хүн эзэмддэг бөгөөд, сүүл сүүлдээ мэргэжлийн чанартай шившлэгт үйлдлийн ёс журам нь ил хийх шившлэгээс их л бага байдаг. Мэргэжлийн чанартай шившлэг хийдэг хүнд заавал бөө байх албагүй, энгийн хар бор хүн байдаг учраас хар дом гэж ярилцхан олон. Хар дом бол эртний бөгөөд мөргөлтэй уялдахдаа харин харын зүгийн бөөд хамрах юм. Учир иймд хараалд хэрэглэдэг шившлэгийн үг хэдийгээр маш нууц байдаг боловч, нэгэн ёсны тарнийн маягтай муу зүйлийг хүссэн цөөхөн зүхлийн үг байдаг нь мэдээжийн хэрэг ээ.
Бусдад ямар нэг нөлөөгүй гэж үздэг, гуйврын чанартай шившлэгийн үг голдуу л монгол хэлээр байх юм. Бусад хэлээр байх нь өдрийн од шиг ховорхон. Ил хэлдэг шившлэгийн үгээс үзэхэд голдуу цөөхөн мөр монгол шүлэг байх юм.
Гэхдээ тэр шүлэгт өөрийн хэлж даатгаж байгаа зүйлээ самуурахгүйгээр тодорхойлохыг эрмэлздэг байжээ. Ил хэлдэг шившлэгийн заримыг гүйцэтгэхэд үйлдлийн ёс журам нь ихээхэн буюу багавтар гэх зэргээр янз бүр байх үзэгдэнэ.
Ямар нэг айл оршин сууж байгаа нутгийнхаа орчин тойрны уул, усны эзэд гэж үздэг хий сүг болох, савдаг, лус, дээд тэнгэр нарт сайн сайхан байлгах тухай даатгаж, өдөр \өглөө\ бүр цай буюу сүүний дээжийг гадагш авч гараад, гэрээсээ зайдуухан очиж дөрвөн зүг, найман зовхис тийш жинхэнэ хүсэх шившлэгээ хэлж, тахил өргөдөг билээ. Нутаг бүр харилцан адилгүй учраас тахил өргөхөд хэрэглэдэг шившлэгийн үг олон янзын хувилбартай болсон байна. Энд нэг жишээг хэлбэл:
"Сайн зүгийн минь тэнгэр
Саруул зүгийн минь заяа
Орохын олзыг нээн буулгаж
Гарахын газрыг хаан боогтун" гэж даатган шившээд, тахил өргөдөг, ерөнхийдүү шившлэгийн үг бас байх юмаа. Иймэрхүү шившлэгийн үг нь монгол ардын аман зохиолд нэг үеэс нөгөөд аман яриагаар уламжлан дамжсаар иржээ. Бөөгийн янз бүрийн дуудлага, сацлын дотор мөнөөхөн даатган шивших үгсээс нэлээд хэсэг орсон үзэгдэнэ. "Ганзаган сан, гад тахих судар, долоон өвгөний судар" зэрэг бичмэл зохиолын дотор ч шившлэгийн үг хэсэг хэсгээр орсон байна.
Зарим шившлэгийг гүйцэтгэхэд ихээхэн ёс журам шаардагдах юм. Мал хөнгөлөхөөё зөвхөн хурга хөнгөлөхийг энд жишээ болгож авья. Хургыг жил бүрийн зуны дунд сарын шинийн гуртанд буюу арван нэгэнд хөнгөлдөг заншилтай. Үүнийг тухайлж үзвэл, аргын улирлын зургадугаар сард хийдгийг хэлж байгаа хэрэг ээ.
Хургыг хөнгөлөхдөө өглөө эрт үүр цүүрээр хийж болохгүй, өглөөний нарыг ханын элэг уруу буух буух, үед буюу бага үдийн үед хийх хэрэгтэй гэнэ. Түүнийг багцаалж бодвол, өглөөний арван цагийн үед дулаан бүлээн болохыг харгалзан, сэр сэр салхилах жихүүн байдлыг намдаах гэсэн санаа юм. Ингээд хурга хөнгөлөх айл эсгий гэрийнхээ баруун талд бяцхан түүдгэн гал асааж, түүн дээр өрөм, тос хийнэ. Бас түүний дэргэд салхины дээд талд арц уугиулна. Тэгээд цэвэрхэн цагаан эсгий буюу ширдэг дэвсээд, үүн дээр хурга хөнгөлөх хүнийг хөнгөлөөний тусгай жижигхэн хурга барьж суухад, дэргэд нь шар будаа, эсвэл цагаан будаа хийж цийдмэлсэн нэг хувин тавьж, мөн хувингийн өрөөсөн сэнжинд хадаг уяж түүний дээгүүр өдтэй сумны уртааш нь дамиуулан тавьсан байна. Хурга хөнгөлөх нөгөө хүний зүүн талаар антай баганыг ацыг умар зүг хандуулан тавьсан үзэгдэнэ.
Энэ бүхий бэлтгэл ажлыг бүрдмэгц, хурга дөхүүлж өгөх, хөнгөлөхөд барьж элбэлцэх хүн тус тус гарч, хургыг хөнгөлж эхэлнэ. Хургыг хөнгөлж, засааг нөгөө хувинд хийгээд, уг ярсан арьсыг жимбийтэл нийлүүлэн, гаднах үсийг имэрч, уул шархыг бөгдөж өгнө. Ингээд хөнгөлсөн хургыг баганан дээгүүр алхуулан тавьж:
"Эм дом, эм дом
Сумнаас түргэн
Өднөөс хөнгөн
Эдгэрэх болтугай,
Дур дур дур! \түр түр түр\" гэсэн шившлэгээ хурга бүр дээр хөнгөлөгч хүн чанга хэлэхэд бусад элбэлцэж байгаа хүмүүс зөвхөн "дур дур дур" гэснийг дуурайж хэлцгээнэ. Энэ мэтээр шившлэгийн зарим нь нилээд тогтсоэ ёс журамтай болсон төдийгүй, зан суртахуунд холбогдох болжээ.
Монголын хуучин цаг тооны тооллооор зуны урь орж, хамгийн түрүүчийн хур буух тэмдэг дохио өгнө. Бас энэ үед ногооны үндэс бэхжиж ургац нь жигдэрнэ гэж хэлэлцдэг билээ. Мөн өдөрт буюу хэзээ тэр жилийн тэнгэр анх дуугармагц түүнийг сонссон хөдөө нутгийн айлуудын ахлах эмэгтэй гарч, сүү буюу цайгаар тахил өргөж үглэдэг нь:
"Зунаа наашаан
Зудаа цаашаан
Өнгөө аашаан
Өвлөө цаашаан
Хураа наашаан
Хуйгаа цаашаан
Нойтоо базааж
Ногоогоо элбэгжүүлээсэй
Дуугай намуухан
Аянгаа \цахилгаанаа\ тааруухан
Хурмаст тэнгэр минь
Хурай, хурай, хурай" гэж тэр эмэгтэй гэрээ тойрон явж дөрвөн зүг, нйаман зохис өөд тахилыг сайтар базаан өргөөд гэртээ орж ирнэ.
Зарим нутагт гэрийн дотор хий л хүн байвал бүгд нөгөө тахил өргөсөн сүү буюу цай үлдэгдлээс амсацгаана. Энэ ёс бол нөгөөтэйгүүр аянгын аюулаас хүн бүрийг хамгаалж байгаа санаа юм. Мөн үйлдэл бол зан суртахуунд орсон эртний шившлэгийн хувирал байна.
Мэргэ төлөг дээр хонины далны ясанд мэдэхийг хүссэн зүйлсээ шивнэн шившээд, нударгаар эргүүлэх зэрэгёслолын чанартай галд хийж түлнэ. Галд шатаасан далны яс ямар янзтай түлэгдэж, ан цав гарсныг тэр мэдэх гэсэн зүйлтэйгээ холбож тайлбарладаг байна. Чухам үнэн мөнийг хэлж аль гэж далны ясанд шившиж байгаа боловч, цаанаа үүнийг минь галын эзэн тэнгэр тунгаан хэлж өгнө гэж мөнөөхөн хоосон чанарын бишрэлдээ автагдаж, тэгж ч ёсолж байгаа явдал юмаа. Галын тэнгэр гэж үздэг хий сүсэгтээ даатгах шившлэг нилээд байдаг нь монголчуудын эрт дээр үеийн нэг үзэгдэл байна.
Гал тахих эртний зарим сударт буюу гүүний үрс гаргах сацал \ерөөл\-ийн сударт:
"Цагаадай бөөгөөр
Сацлаа сацуулж
Цангалан удганаар
Хөнөгөө бариулж..." гэх зэргээр гардгийг ажиглавал, гал тахих явдал монголчуудын дотор эртнээс эхлэн, ямар нэг айлын гал голомттой холбоотойгоор барахгүй, улсын гал голомттой ч холбогдож байжээ. Юу гэвэл, Цагаадай хаан өөрөө бөө хүн байсан төдийгүй, түүний хатан Цангалан бас удган байсан түүхтэй. Ингээд тэд улсын гал голомтын тахилгад оролцож явжээ. Цагаадай, Цангалан хоёрын тэр түүхт явдал монгорл ардын аман зохиолоор уламжлан явсаар эцэстээ бичиг үсгээр тэгж тэмдэглэгдсэн нь сонин.
Гал тахихад урьд тулганы дөрвөн тотго дээр өрөм, шар тос, өнгө өнгийн бүс, торгоны өөдөс мэтсийг тавиад, цороцгүй өвчүүг хадгаар ороон, зугуухан түлсэн галд хийнэ. Түүний дээрээс хайлмал шар тос дусааж:
"Хойт жилийн өдий хүртэл
Хотол голомтоо сахин тэтгэж
Мэнд суухын мэхийг даатгаж
Амар суухын авралыг \эрье\ айлтгая
Хурай, хурай, хурай" гэж хэлээд, галаа их бадраадаг байлаа. Энэ бол нэг ёсны шившлээс үүссэн даатгал юм. Зарим шившлэгийг бурхны шашин ашигласан учир монголын бөөгийн дуудлагын нэгэн адил, бурхны шашны уншлага, дуудлагатай хутгалдаж, их урт сунжруу болсон явдал ч бий. Жишээг хэлбэл, галын тэнгэрийн тахилын судар ихээхэн дэлгэрэнгүй болжээ. Ялангуяа Цахар гэвш Лувсанчүлтэмийн дэлогэрүүлэн зохиосон "Гал тахих судрыг" гойд их болгосон. Үүнд, өвчүү тэргүүтнийг өргөх нь:
"Шимт амт чадал бүхэн төгссөн ариун өвчүүг
Шинэ цагаан утсаар үзэмжтэй ороосон ба
Шагаат чамаг дарван өндөр хавирга сэлтийг
Шүтээн гал тэнгэрийн чуулганд тахил болгон өргөнө
Хурц тосны чанар төгссөн сэмж ба
Хурднаа үрэвсэн бадрагч хялгана өвсийг
Хутаг хишгийг нэмүүлэгч гал тэнгэрийг
Хувилгаан олон нөхдийн чуулган сэлтэд өргөнө
Алимд харануйг гийгүүлэгч өсөн хүж
Анхилах сайн үнэр төгссан өсөн хүж
Арц тэргүүтэн ба элдэв хувтасны зүйл бүгдийг
Аврагч гал тэнгэр нөхөд сэлтэд өргөнө..." гэх зэргээр зөвхөн галд өргөхийг дэлгэрүүлээд зогссонгүй, хамгийн түрүүний: "Урих дуудлага" гэж хийгээд, цааш нь мөргөх, бүс торгоны үртэс өргөх буюу тулганы 4 тотго дээр тавих зүйлс, магтах, хэрэг үйлсээ даатган залбирах нь, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх, хишиг даллах" гэсэн зэрэг бурхны шашны номнол ёсоор арав гаруй зүйл болгожээ.
Энэтхэг ч гэсэн манай тооллоос өмнө Х-Х1 зууны үеийн бололтой "Регведа" гэдэг эмхтгэлд эртний бөөгийн дуудлага зарим шившлэг "Веда \мэдлэг\" гэдгийн мөргөлөөр дамжиж орсон нь улмаар бурхны шашны номнолд зүйл зүйлээр хуваагдан уламжлагдсан явдал монголын бөөгийн дуудлага, зарим шившлэгт нөлөөлөөд, заримыг дэлгэрүүлэх, өөрчлөхөд рхүргэсэн байна.
Ийм явдал бол голдуу бичмэл зүйл дээр үзэгдэх юм. Харин монгол ардын аман ярианы хэлээр дамжиж ирсэн шившлэг дээр бурхны шашны нөлөө орсон нь өдрийн од шиг цөөхөн.
Шившлэг хийхэд лам, хар буюу эрэгтэй, эмэгтэй гэж ялгаварлах явдал байдаггүй боловч, нарийн зүйл дээр шившлэг үйлдэх хүн хавархон байдаг учир, мэргэжлийн чанартай болсон ч үзэгдэнэ. Ер шившлэг бол хар домтой нягт холбоотойгоор барахгүй, нэгэн ёсны хар домыг хийхэд хэлдэг үг нь мөн. Жишээлбэл: хургалах хонийг дуншихад баруун, зүүн тийш гурав гурав хөлбөрүүлээд, цухуйсан хургыг зугуухан татахдаа: "Сөөг, сөг, сөг, эм дом, эм дот, эм дот" гэж гаргана. Харин ботголох ингийг дуншихад "Хөөс, хөөс, хөөс" буюу Сөөг, сөг, сөг," гээд ботгыг татаж гаргадаг байна.
Бас мал өөрсдөө ирэхгүй буюу эрээд олдохгүй хээр хоноход галын, эсвэл үйлний хайчны амыг боогоод: "Хээр хоносоэ хэдэн мал минь хэвийн мэнд хонотугай" гэнэ. Зарим нутагт: Хээрийн нохойд хэлмэгдүүлгүй, хэвийн мэнд хонуулахыг даатгана" гэж гурав дахин мөнөөхөн хайчийг шившээд, баруун хатавчны завагт шургуулна. Энэ мэтээр монголын зан суртахуунд орсноор барахгүй, шившлэгээс ардын аман зохиолд бий болсон зохиолын жижиг хэлбэр нилээд байх үзэгдэнэ. Энд зарим жишээг дурдвал, Ц.Гочоогийн цуглуулсан зан суртахууны зүйлст хэд хэдэн сонин үг байна.
"Овооны их танд
Олзны их манд
Өлийн их нь танд
Өлзийих нь манд
Сожваа хоржийлаа" гэж өл дөвөөг давахад ямар нэг хүн хүсэл мөрөөдлийнхөө үгийг хэлж байсан явдал мөнөө л шившлэгтэй холбоотой. Өөр нэг жишээг хэлбэл, мал төхөөрүүлсэн хүнд хувь болгон гол буюу аман хүзүүг заавал оролцуулсан гэдэс дотрын зүйлсийг өгдөг ёс бий. Тэр зүйлсийг авсан хүн аман дотроо:
"Араас ирсэн аман хүзүү
Алт мөнгөөр чимсэн аман хүзүү
Өөрөөс ирсэн аман хүзүү
Өөх тосоор чимсэн аман хүзүү
Ир, Ир, хурай, хурай, хурай
Цохьсон газар
Цоохор тугал
Алсын газар
Алаг тугал
Төгөлгүй
Төбрөх болтугай", эсвэл:
"Хүлсэн газар
Хүрэн тугал гараасай
Алсан газар
Алаг тугал гараасай
Цохьсон газар
Цоохор тугал гараасай
Харж гүйцэхгүй
Бэлчээртэй бол
Харваж гүйцэхгүй
Зэлтэй бол" гэж шивэгнэж хэлдэг явдал бол нэгэн ёсны шившлэг маягтай юм аа. Эртний шившлэг сунжирсаар, заримдаа өрөөл буюу тангарагийн чанартай болох ёс бий.
"Аян хөнгөн
Ачаа хүнд яваад ирээрэй" гэх буюу
Буйлаа хугалалгүы
Бурантгаа сунгалгүй яваад ирээрэй" гэж хий сүгд даатгаж байгаа шившлэг нь одоо ерөөлийн чанартай болжээ. Бас зарим шившлэг сунжирсаар, тангараг буюу сургаалархуу болсон явдал үзэгдэх юм.
Хоёр хүн хоорхондоо эв түнжин хангараад эргэлтгүй болоход хэлдэг үг байдаг.
Үүнд: "Тал эвдэрвэл
Тамд унана
Сал эвдэрвэл
Далайд живнэ" гэх буюу
"Тал эвдэрвэл
Тамд уна
Сал эвдэрвэл
Дайлайд жив" гэж мөнөөхөн хий сүгийг баримжаалан шившиж байсан нь аяндаа тангараг янзтай болсон байна.
Урд цэрэг мордохдоо: "Богтос хагалаагүй
Богино хавирга хугалаагүй
Хараалт хадамын нэрээр нэрлээгүй" гэж хэлээд явдаг байжээ. Ингэж гэм хоргүй хүн гэдгээ хий сүгд мэдүүлж байгаа хэрэг юм.
Шинэ эмээл засаад, бэлхэн болоход урьдаар эцгээ эхлэн мордуулах ёс байдаг гэнэ. Тэгэхэд хэлдэг нь:
"Хонгор дүүрэн морьтой
Хот дүүрэн малтай
Үрээ дүүрээд
Үрээгээ хөтлөөд явах болтунай" гэж хий сүгд шившин даатгаж байсан нь эцэстээ ерөөлөрхүү болжээ. Энэ бүхий байдлаас үзэхэд монголын зан суртахуун дотор шингэсэн шившлэгээс үндэслэж гарсан үг тун олон янз юм. Өөр үгээр хэлбэл, шившлэг сунжран явсаар, ардын аман зохиолын дотор олон хувилбар буюу золхиолын олон жижиг хэлбэр тус тусдаа бий болсон байна.
Шившлэг бол балар эртний хүмүүсийн сэтгэхүйгээс үндэслэн гарсан жинэхэнэ хийсвэр ухагдахуун болох учир шинжлэх ухаан, соёлыг хөгжих дутам ховордож байгаа зүйл ээ.
Б.Содном 1964 он

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...