Thursday, October 18, 2018

С.Цогоо: Миний аав Б.Ренчин гуайтай хамт хэлмэгдэж явсан хүн

С.Цогоо: Миний аав Б.Ренчин гуайтай хамт хэлмэгдэж явсан хүн

2018-10-03

Монгол Улсын Шинжлэх ухааныг хөгжүүлэх, соёл утга зохиолыг судлах, нэр томьёог боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачдын нэг бол Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт судлаач, нэр томьёоч Балданы Содном билээ. Эрдэмтэн Б.Содном нь нэр томьёо судлал, хэл шинжлэл, утга, уран зохиол, аман зохиол, угсаатны зүй гэх мэт олон салбараар судлгаа хийхийн зэрэгцээ зохиол бүтээл бичсэн манай ахмад үеийнхний манлайлагч, анхдагчдын нэг байлаа. Энэ жил түүний мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа бөгөөд Олон улсын эрдэм шинжилгээний хурал зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Үүний талаар түүний хүү С.Цогоотой ярилцлаа.

-Аавын тань талаар яриагаа эхлүүлье гэж бодлоо?
-За. Миний аав Содном 1908 оны нэгдүгээр сарын 04-нд хуучнаар Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн галуутай нуурын Нүүрэнтэй гэдэг газар ядуу ард Балданы ууган хүү болон мэндэлсэн.  1923 онд сургуульд ороод түүнээсээ шалгарч 1926 онд Д.Нацагдорж болон Хичээнгүй сайд Цэрэндорж, Д.Сүхбаатар жанжны хүүхдүүдтэй цуг, хэсэг сурагчдын хамт Герман улсад, 1931 онд Ленинградад тэр үеийн Герман, Франц, Орос улсад суралцсан анхны сэхээтний нэг. Тухайн үед Герман руу явахад Хичээнгүй сайд Цэрэндорж гуай Комиссын дарга байхдаа миний хүү бол хар ажлын хүн болох юм байна, Сүхбаатар жанжны хүү цэргийн хүн болох юм байна, харин ядуу ардын хүү Содном номын хүн болох юм байна хэмээн суралцуулсан байгаа юм. Түүх нь хүртэл тийм сайхан.
-Түүний бичиж туурвидаг байсан гол чиглэл юу байв?
-Миний аавын уран бүтээл судалгаа нь Монголын Шинжлэх Ухааны хэд хэдэн салбарын судлалыг үндсийг үүсгэн тавилцсан гэж хэлж болно. Тухайлбал, Хэл шинжлэл судлал, Утга зохиол, урлаг судлал, Ардын аман зохиолын судлал, Д. Нацагдорж судлал, Нэр томьёоны судлал, Шинэ үеийн уран зохиолын судлал, орчуулгын бүтээлүүд болон үүн дээр өөрийнх зохиосон зохиолууд, хэлсэн ярьсан үг болон дурсамжууд нь ордог.
 -Таны аав нийт хэдэн ном бүтээлүүд бичсэн бэ? Тэдгээрээс дурдвал?
-Өгүүллийн 70 гаруй, бусад ном товхимол 20 гаруйг бичиж үлдээсэн. Мөн Уран зохиолын болон ардын аман зохиолын талаар олон тооны өгүүлэл бичиж эмхтгэл болгон хэвлүүлсэн юм. Тэдгээрээс дурдвал, “Ардын аман зохиолын цэцэн үгс”, “Ардын аман зохиолын эмхтгэл”, “Монгол ардын зүйр үг”, “Монгол оньсогын түүвэр”, “Монголын хошин үлгэр яриа”, “Явган үлгэрүүд”, “Мал аж ахуйн холбогдолт ардын аман зохиол” зэрэг багтаж байгаа юм. Мөн “Д.Нацагдоржийн уран зохиолын тухай яриа”, “Д.Нацагдоржийн намтар зохиол” нэг сэдэвт зохиол, “Д.Нацагдоржийн зарим уран зохиолын судалгаа” зэрэг зохиол бүтээлүүдийг үлдээсэн. Эдгээр дээр И.А.Крыловын “Могой ба тогооч”, Н.В.Гоголийн “Хамар”, Ивановын “Газарзүйн байдал”, Марксын “Намтар”, А.Толстойн “Чоно ба ишгүүд” тэргүүтэй зохиолуудыг орчуулсан.
-Аав тань Нацагдоржийн нэрэмжит шагналыг авч байсан гэдэг. Тэр хэдэн он билээ?
-Нэрт зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг 1968 онд хүртэж байсан. Ингэснээр тус шагналыг хүртсэн хоёр дахь хүн болсон л доо. Нацагдоржтой нэг нутаг усны хүмүүс учраас Д.Нацагдорж судлалыг анх 1959 оноос эхлэн судалсан юм байна лээ.
 -Их үндсэрхэг үзэлтэй хүн байсан гэгддэг шүү дээ?
-Тийм. Шавь нар нь ч ярьдаг л даа. Их үндсэрхэг үзэлтэй хүн байсан учраас Ардын аман зохиолуудыг маш түлхүү судалж, үзэж байсан. Бүгдийг нь цаасан дээр буулгахын төлөө зорьж тэмцэж явсан хүн байгаа.Хэт үндэсний үзлээсээ болж намаас хөөгдөж байсан хүн.
-Хэлмэгдсэн он жилүүдийнх нь талаар ярьж өгөөч?
-Аавыг маань хоёр удаа хэлмэгдүүлсэн л дээ. Анх 1938 оны арваннэгдүгээр сарын 04-нд хувьсгалын эсэргүү бүлгэмд элссэн гэх улс төрийн хилс хэрэг тулгаж Дотоод яаманд баривчлагдсан байдаг. Улмаар 1940 оны гуравдугаар сарын 15-нд тус хэрэгт холбогдолгүй болж суллагдсан. Түүний дараагаар 1947 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр албан тушаалын хувьд хариуцлагагүй хандсан, эрх хэмжээгээ хэтрүүлсэн хэмээн буруутган хорих ялаар шийтгэсэн. Харин энэхүү хэргийг нь 1951 онд хэрэгсэхгүй болгож цагаатгасан даа. Ерөнхийдөө миний аав Б.Ренчин гуайтай хамт хэлмэгдэж явсан хүн л дээ.
-“Эр хоёр загалын тууж” бүтээл аавтай тань салшгүй холбоотой?
-Тийм шүү. Аав маань Утга зохиолын түүхчилсэн төлөв гэж Монголын утга зохиолын түүхээр 1946 онд диссертац бичиж Чингис хааныг магтан дуулж,“Нууц товчоо” бол  яах аргагүй түүхийн эх сурвалж мөн гэснээсээ болоод хэлмэгдсэн. Ийм учраас эрдэмтэд түүнийг ардын төлөөлөгч байсан гэдэг. Хэнээс ч айхгүй хэлэх гэсэн үгээ хэлдэг, шударга нэгэн байсан гэдэг. Түүнээсээ болж л хэлмэгдсэн гэдэг дүгнэлтэд хүрсэн байгаа.
-Энэ жил 110 жилийнх нь ой тохиож байна. Энэ хүрээнд ямар үйл ажиллагаанууд болох вэ?
-Энэ сарын 05,06-ны өдрүүдэд үргэлжилнэ. Өмнө нь  90, 100 жилийнх ойг тэмдэглэн өнгөрүүлж байсан. 90 жилийнх нь ойд зориулан “Б.Содномын намтар бүтээлүүд”, 100 жилийнх нь ойд зориулж “Балданы Содном түүвэр бүтээл” гэх гурван боть номыг гаргасан. Харин өнөө жил “Аман зохиол IV”  гэх ном хэвлэгдэн гарч байна. Энэхүү номд аавын маань цуглуулсан аман зохиолын төрөл зүйлүүд багтсан гэж хэлж болно. Мөн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байгаа. Хуралд ОХУ, БНХАУ, Тува, Өвөрмонгол, Буриад зэрэг улсаас эрдэмтэн судлаачид оролцоно. Өмнөх жилүүдэд ч тус хурал болдог байсан. Арга хэмжээний эхний өдөх буюу 05-ны өдөр Улсын төв номын сангийн, Их уншлагын танхимд эрдэм шинжилгээний хурал хийх, маргааш нь буюу 06-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд, төрөлх сургууль болон Гүн галуутай нутагт очиж хүндэтгэл үзүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг төлөвлөөд байна.

-Ярилцсанд баярлалаа.

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...