Saturday, March 31, 2018

Д.НАЦАГДОРЖ СУДЛАЛЫН НЭРТ ЭРДЭМТЭН ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ЖАЧИН

Д.НАЦАГДОРЖ СУДЛАЛЫН НЭРТ ЭРДЭМТЭН ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ЖАЧИН

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хэлбичгийн ухааны доктор, эрдэмтэн зохиолч Чойжилсүрэнгийн Жачингийнд өнжсөн тэмдэглэлээ хүргэе. Эл эрхмийг утга зохиолын хүрээнийхэн, ерөөс таньж мэдэх бүхэн “нандин нууцлаг” хэмээн тодорхойлох нь бий. Учир нь “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийг үүсгэн байгуулж, олон мянган багшийг бэлдэн Монголын боловсролд гавьяа байгуулсан хүн, Нацагдоржийнхоо эх бичгийн судалгаагаар эрдмийн зэрэг хамгаалж утгын их мэргэд дунд өөрийн гэх дэг сургуулийг бий болгосон түүнд бахархах зүйл олон. Гэвч тэрээр өнөө л даруу төлөв, хүнлэг зангаараа өөрийгөө хойш тавьж, бүтээж туурвихаа урьтал болгон Нацагдоржоо нарийвчлан судалж, сургуулийн цаг наргүй ажилд дарагдсаар яваа.
Ардын зохиолч Бөхийн Бааст гуайн 95 насны ойн хүндэтгэлийн ёслол дээр таарахдаа Жачин докторт өнжих хүсэлтэйгээ дуулгасан юм.
Нэг их цааргалалгүй, харин ч “Мань мэт шиг амьтан нь орж болдог юм уу даа” гэж хүлээж авсан нь өнөө л ясны даруу зантай нь холбоотой байж таарна. Циркийн зүүн урд талын “Гангар”-ын байранд хүрээд очлоо. Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа гуайтай хоёр талаасаа уулзаадахав. Жачин доктор Нямаа найрагчийг зориуд урьжээ. Тэр хоёр “Гурван-Эрдэнэ” сургуулиар, мөн Нацагдорж, Пагмадуламаар холбогдсон бичгийн мэргэд юм. “Нутаг холдчихоод уулзаж учирч чадахгүй юм. Түүнээс нэг байранд байхдаа гэр орноороо бишгүйдээ л орж гарч явсан. Би хааяа цонхоор харж зогсохдоо Жачингийнхыг бодож, дайлуулж цайлуулж явснаа санадаг юм” гэсээр Нямаа зохиолч жигтэйхэн сэтгэл хангалуулан сууна. Анзаараад байх нь ээ, тэд нэг нэгийгээ санасан нь илэрхий. Гэрийн эзэгтэй мэнд ус, цай цүй болох зуураа Отгонбаяр эгчийг (Нямаа гуайн гэргий) асууж сураглаж байна. Жачин докторын босгыг алхахад нэг л монгол ханхалсан, ерөөл бэлгэ оршсон сайхан айл санагдсан. Биднийг хүлээж суух зуураа гэрийн эзэн шагай мөлжөөд, түүнээ орхитол морь бууж харагдлаа. Надад нэг л сайхан бэлгэшээл төрөөд явчихав. Бага хүү Цогтгэрэл нь гэргий Золзаяагийн хамтаар аавындаа иржээ. Цогоогийн хүү Хаш-Эрдэнэ гэж зүггүй барам байна. Мөн Жаргалан гэж эмээ, өвөөгийн эрх охин байна. Тэр хоёр “аварга”-ыг өвөө нь төрийн шагналт Долгорын Нямаад үнсүүлчих санаатай хэд хэдэн удаа дуудлаа. Хаш-Эрдэнэ ширээн доогуур давхиад л Нямаа зохиолчийн өвөр дээр суугаад авна лээ.
“Тэр жил Гаадамба багш намайг гэртээ урилаа. Оройн хоол ид гэдэг юм. Хоёр охиноо дагуулаад очлоо. Га багш намайг гэртээ урьдаг нь учиртай. Тухайн үед Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнтэй манай гэр ойр байсан. Га багш өдрийн унднаар манайхаар ирнэ. Жачингийн хоолыг олон идсэн. Гэртээ нэг орой ч болов урьж байгаа минь энэ гэж инээд алдсаар угтсан. Охин Саран нь тогооч юм байна. Сүрхий хоол бэлдчихжээ. Тэгтэл Га багшийнд Цэндийн Дамдинсүрэн гуай ороод ирдэг юм. Хоёр охиноо үнсүүллээ. Дамдинсүрэн гуай малгайгаа хойшлуулж байгаад үнсэж билээ” гэж эрдэмтэн зохиолч маань өгүүлж байна. Хашаа, Жаргалан хоёрыг Нямаа гуайд үнсүүлэхтэй зэрэгцээд тийм яриа өрнөөд явчихсан.
Жачин доктор Булганы Сайхан сумын Хулжийн голын хүн. Жинхэнэ Монголын брэнд болсон айрагны эх нутаг. Удам гарал ус нутгийнх нь тухай асуухад, ижийнхээ төрсөн ах Чойжилсүрэнгээр овоглосноо дуулгалаа. Харин дунд сургуулийг Архангайд төгсч, улмаар Архангайн багшийн сургуулийг дүүргэсэн байна. Насныхаа ханийг ч Арын хангай нутгаас авчээ. “Тэр сайхан ус нутаг, хангай надад өлзийгөө хайрласан” гэж сэтгэл дүүрэн бахтайхан хэлсэн. Эл үгнийх нь залгаас болгож “Жачин чи Архангайгаас тун дажгүй хүүхэн авсан даа” гээд инээдэм хөгжөөн болголоо. Гуравдугаар ангийн хүүхэд Архангайн Хайрхан сум, Хайрхан уулын бараанд аж төрөхөөр явахад Хулжийн голынхон найр наадаан болж бэлэг сэлт, өвгөдийн сургаал, уртын дууны нургилсан шуранхайгаар үдсэнийг хэлж байна. Арван хэдэн хүүхэд төрүүлж, бүгдийг нь эрдэм мэдлэг, хүнлэг сэтгэлтэй болгож өсгөсөн ижийгээ (Должинсүрэн) сэтгэлдээ нулимстай дурсч суусан.
Зүүн гараас Г.Мэнд-Ооёо, Ж.Саруулбуян, Дондогийн Цэвэгмид, Ч.Жачин нар
Ах дүү нарын зарим нь Хайрханд, зарим нь Сайханд байдаг гэсэн. Гэрийн эзэн Долзоо гээд гэргийгээ зөөлнөөр дуудна. Эрдэм төгс түүний яриа сэтгэл бүлээцүүлэн ундрах ажгуу. Нямаа зохиолч бид хоёр Сайхан сумынх учир олимпийн аваргын тухай асууж орхисон. Ээжийнх нь удам гарлыг Жачин гуай сайн мэддэг юм билээ. Мундаг Цэвээн гэж хүнээс гаралтай гээд багагүй ярилаа. Х.Эрдэнэт-Од гавьяаттай олимпийн аваргынх хамаатан садан улсууд гэнэ. Тэр зуурт “Би Эрдэнэт-Одод хайртай” гэж Нямаа ах сүрхий гэгч дуугарлаа. Нэг л учир байна даа гээд төрийн шагналт зохиолч руу хандахад “Би амьдралыг амттай болгож амьдрах дуртай гэж Эрдэнэт-Од зурагтаар хэлэхийг нь сонсоод баяр төрж байсан” гэв. Түүнээ хоёрдугаар эмнэлэгт таарахдаа гавьяат тамирчин бүсгүйд хэлсэн гэсэн.
Ийм л яриа хөөрөө болж, Долзоо эгчийн цагаан тос, хайлмаг тэргүүтнийг амтархаж байх зууртаа Жачин доктороос Нацагдоржтой холбогдсон хувь заяаных нь тухай асууж орхисон юм. Тэрээр яриан завсраа Нацаг гуай хүнийхээ хувьд тун сайн хүн байжээ гэдэг нь олон зүйлээс харагддаг. Ганцхан жишээ хэлэхэд, “Энэ Нацагдорж орчин үед Монгол Улсад хэрэгтэй хүн болох учир цалинг нь нэмж өгье” гэж их Нацагдорж маань эрдэмтэн Шагдаржавын Нацагдоржийг бага залууд нь тодорхойлж байсан байна. Тэрхүү тодорхойлолтыг бүр сүүлд архивын материалаас Шагдаржавын Нацагдорж гуай олсон байдаг. Айхтар хүн учир хүүхдэд өөрөө хэлээгүй байна л даа гэв. Ингээд яриа маань гарцаа байхгүй Дашдоржийн Нацагдоржийн тухай шуударлаа. “Далан зургаан онд Нацагдоржийн мэндэлсний 70 насны ой тохиолоо. Багшийн дээд сургуулиас оюутнуудын дунд уралдаан зарласан юм. Манай ангийнхан хоёрдугаар байр эзлээд Нацагдоржийн төрсөн нутгаар аялахаар болов. Аман зохиолын Дашдорж багш биднийг дагуулаад Баяндэлгэрт очсон. Дашдорж багштайгаа бүтэн сарын хугацаанд төрсөн нутгаар нь явсан. Далан найман онд Нацагдорж судлаач Балдангийн Содном гуай өнгөрч хүрээлэнд ажиллаж байсан залуучуудаас Амгаагийн Лувсандэндэв захирал монгол бичгийн шалгалт авдаг юм байна. Учир нь Нацагдоржийн гар бичмэлтэй ойртуулах гэж тэр. Содном гуайд Нацагдоржийн гар бичмэл хадгалагдаж байсан. Ингэж би гэдэг хүн их Нацагийнхаа гар бичмэлийг анх нүдээр үзсэн. Нацагдорж гуайд бичихгүй цаг гэж байгаагүй юм билээ. Зохиолч бүр тийм байдаг эсэхийг сайн мэдэхгүй юм. Гуанзанд хоол идэж байхдаа ч, шөнө амарч байгаад гэнэт сэрээд, бүр халмаг согтуу үедээ ч, шоронд, эмнэлэгт байхдаа ч бичнэ. Германд сургууль төгссөн цагийг яс барьдаг боловсролтой байсан учир гар бичмэл дээрээ он, сар өдөр, цаг минутаа, мөн хаана бичсэнээ тодорхой тавьдаг байсан. Шоронд байхдаа 16 дугаар өрөөнд гэдгээ ч тодорхой бичсэн байдаг. Гучин нэгхэн насалсан Нацагдоржоо монголчууд хоёр удаа шоронд хийсэн юм шүү дээ” хэмээн яриа үргэлжилсээр. Энэ зуурт Нарангэрэл охин нь Японоос холбогдож, аавдаа мэнд хүргэн ярьж байна. Аавын охин бололтой их л аминчирхан ярьж байгаа сонсогдсон. Долзоо эгч жигтэйхэн чамин шоколадаар биднийг дайлсан нь Японд байгаа охиных нь явуулсан бэлэг ажээ.
Нацагдорж судлалын нэрт эрдэмтэн “Тэргэл сарыг үзэхүй”, “Эрх чөлөөг хүсэхүй” гэсэн шоронгийн шүлгүүдийн нэрэнд нь эргэлздэг байна. Нацагдорж гуай хэзээ ч тийм гарчиг тавьж бичих хүн биш гэж боддогоо хуваалцсан юм. Сүүлд Содном гуай юм уу, хэн нэгэн хүн гарчиг өгсөн байхыг үгүйсгэх аргагүй гэлээ. Мөн “Шувуун саарал” туурвилынх нь эхийг хуучин бичгээр уншихад жороо мориор галигуулж байгаа юм шиг яг л тэгж уншигддагийг, ямар их сэтгэлийн хөөрөл, онгод билгээр цалгин туурвисныг бахдан хэлээд “Яах аргагүй бичгийн сод хүн байжээ” гэж дуун алдаж байлаа. Нацагдоржтой хувь заяагаа холбосоор 40 жил болсон байна. Энэ онд мэндэлснийх нь 110 жилийн ойд зориулан таван ном гаргахаар зэхсэнээ хэлсэн. Жачин докторыг тийн хэлэхүйд Долгорын Нямаа гуай босч баяр хүргэж байлаа. Эрдэмтэн зохиолчийн 40 жилийнх нь хөдөлмөр, судалгаа гээд бодохоор ямархан ланжгар номууд байх нь мэдээж. Нацагийнхаа үг бүрийг судалснаа хэлж байсан. “Монголчуудын цээжинд хадгалаатай явдаг “Миний нутаг” шүлэгт “Алтан нарны туяанд энхжин тогтсон орон, мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар” гэж байдаг. Гар бичмэлийг нь нарийн сайн үзтэл тогтсон биш тогтносон гэж байдаг. Энэ бол гайхамшигтай үг. “Монгол бол тусгаар тогтносон улс шүү” гэдгийг Нацаг гуай эрт хэлчихэж. Гэтэл түүнийг тогтсон болгож энэ олон жил явж байгаа нь харамсмаар. Ийм өч төчнөөн үг бий. Би гэдэг амьтан ганц нэг үг хөөцөлдөөд яваад байгаа шиг бусдад харагдаж магад. Гэвч ганцхан үгний цаана ямар их агуу зүйл оршино. Ямар том утга, билиг билгүүн агуулагдана вэ. Явуугийн “Холоос гүйдэлтэй борлог минь сулдаа ганхам жороо доо” гэдгийг сульдаа гээд буулгачихвал юу болж хувирах билээ гэж нүдний шилнийхээ цаанаас нухацтай нь аргагүй харж байна. “Хэлхээгүй сувд” зохиолд гардаг нэг үгийг Содном гогдолдоно гэж уншсан бол Дожоогийн Цэдэв хутгалдан гэж уншжээ. Харин Жачин аль алинд нь итгэлгүй худалдан гэж уншсанаа сонирхуулсан юм. Үндсэндээ тухайн өгүүлбэрийг Дариймаагийн хүмүүжилд худалдан гэж тайлжээ.
Төрийн шагналт Долгорын Нямаагийн “Тэнгэрийн хаяа” дурсамж дурдатгалын номыг зохиол бүтээлийн зах зухаас атгасан бүхэн ширээний номоо болгон уншдаг. Гайхмаар цэцэн цэлмэг, ончтой үг хэллэгтэй, баримт сэлтэд тулгуурласан баялаг мэдээлэлтэй, аливааг яаж онож хэлж болохыг чухам харуулсан бүтээл. Тэгтэл уг бүтээл Жачин докторын үүсгэн байгуулсан “Гурван-Эрдэнэ” багшийн сургуультай холбогддог байгаа. Нямаа зохиолч Жачингийнхаа урилгаар тус сургуульд 12 жил цагийн багшаар ажиллажээ. Багш болох оюутнуудад хичээл зааж явахдаа угийн чамбай хүн учир “Тэнгэрийн хаяа”-гаа бичсэн байна. Тэгээд зогсохгүй Пагмадуламын тухай баримтат зохиолоо туурвисан удаатай. “Зохиолчийн намтар судлал гэдгийг Жачингийн сургуулиас би олж авсан” гэсэг нь үүнийг нотолно. Нэг удаа Нямаа найрагч уран зохиолын хичээл дээр Жачин захирлыг өөрийг нь “чихдэж” авчраад Нацагдоржийн тухай яриулжээ. Нацагдоржийг Жачингаар, Лодойдамбыг Бажуудайн Ганбатаар заалгаж, жинхэнэ судлаачдынх нь үгийг оюутнуудад хүргэж байснаа дуулгасан юм. Уг хичээл завсарласны дараа оюутан охин Нямаа зохиолчоос “Пагмадуламын тухай сонирхон асуужээ. Тэр охины үг Пагмадуламын тухай бичих сэдлийг төрүүлсэн гэдэг.
Архангайн багшийн сургуулийг далан онд дүүргэх жилээ насныхаа ханьтай учирснаа гэрийн эзэн цухас дурслаа. Тэр яриаг сонссон Долзоо эгч “Далан зургаан онд Нацагдоржийн ойгоор бид хоёр чинь гэр бүл болсон” гэж гал тогооныхоо өрөөнөөс дуулгав. Жачин докторын ангийнхнаас нь Боловсролын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Мишигжав гээд лут хүмүүс дуулдана. Түүнд нэг хэсэг Горькийд сурч байсан үе ч бий гэнэ. Харин боловсролын суурь мэдлэгийг олгосон газар бол Архангайн багшийн сургууль гэж тодотгосон. Мянга гаруй шагайтай, “морь мал”-аар жигтэйхэн баян айлд Сайханых нь айргийг хүд хүд залгилж суулаа. Хүрэн шаргал хул аяганд айраг мэлтэлзүүлэн суухуйд гэрийн эзэн “Наад аяга чинь Намхай аваргынх” гэдэг байгаа. Сайханы Угалз, Цөнгөрөгийн голоор нутагтай Түшээт ханы домогт их хүчтэн Намхай аваргын цай ууж байсан гэх энэхүү хул аягыг нутгийнхаа Лүндэн гэж хүнээс Жачин доктор мөнгө хатуу цагт багагүй хэдэн төгрөг тоолж өгөөд авч байж. Нутгийн их хүчтэний аяга гэхээр их л бэлгэшээлтэй санагддаг юм гээд зөөлнөөр инээвхийлж харагдсан. Аргагүй л утга соёлын нандин өв болсон айл гэдэг нь энэ мэт юухан хээхнээс ч болов анзаарагдана.
Бага охин нь гэр бүлтэйгээ ирж, хайртай зээ хүүг нь өвөөд нь үнэрлүүлээд ээждээ тусалж байна. Бодох нь ээ, манайд зочид ирсэн гэж гэрийн эзэгтэй хүүхдүүддээ дуулгасан бололтой. Ээлж дараалан ирж байлаа. “Манай хүүхдүүд гэр ойр” гэж аав нь хэлж байсан. Тэгэхээр халуун бүлсэг айл байх нь. Бага охин Сарангэрэл анагаахыг төгсөөд Солонгост мастер хамгаалсан байна. Одоо нэгдүгээр эмнэлэгт ажилладаг гэнэ. Бидний яриа үргэлжлээд Цэндийн Дамдинсүрэн гуай руу хэлбийлээ. Далан найман онд Дамдинсүрэн гуай Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, туслах нь Жачин доктор. Багшийнхаа гараар бичсэнийг нь машинаар бичдэг тийм ажилтай. Овсгоо муутай, эрдэм чадал тааруутай хүн учир Дамдинсүрэн багшийнхаа эрдмээс олигтой авч чадаагүй дээ гэсэн. “Дамдинсүрэн багшийнд хэзээд ч яваад очиход хуучны судар уншаад сууж байна. Нэг сонин түүх хэлье л дээ. Наян нэгэн онд Цэдэнбал дарга баруун аймгуудаар явахад “Монгол Улс бол дорно дахины хамгийн хоцрогдсон улс байсан” гэж хэлжээ. Түүнийг олоодох гэлээ. Бал даргын хэлсэн үг ном болоод хэвлэгдчихэж. Ховдын төв дээр шиг санагдана, уулзалт хийхдээ яалт ч үгүй тэгж хэлсэн байна. Үүнийг Дамдинсүрэн гуай Шинжлэх ухааны академийн 60 жилийн ойн хурал дээр тасхийтэл хэлсэн дээ. Тэгэхдээ Бал дарга гэлгүйгээр манай залуучууд Монгол бол дорно дахины хамгийн хоцрогдсон орон гэж хэлж байна. Харин саяхан манай улсад зочилсон Лаосын ерөнхийлөгч “Монгол бол дорно дахины эртний соёлтой орон гэж хэлсэн. Би түүнтэй санал нэг байна” гэлээ. Тухайн үед би айж л байлаа. Дамдинсүрэн гуай Монгол бол соёлын өв их уламжлалтай улс гэдгийг олон жилийн судалгааны үр дүнд итгэл төгс мэдэрсэн хүн. Мөн Цэдэнбал ч байна уу, хэн ч байна уу, хэлсэн үгийнх нь хариуд дуугүй байж чадахгүй зоригтой эх оронч байсан” гэдгийг уг жишээгээр баталсан. Да багшийнхаа эрдэм шинжилгээний анхны түүврийг нь Жачин доктор хийж байсан түүхтэй.
Гэрийн эзэгтэй бага хүүгээ зааж “Гаадамба гуай манайд ирэхээрээ Цогоотой их тоглоно. Танай аавд ийм пиво байхгүй, ийм сахал байхгүй гээд л цаашлуулна. Цүнхэндээ пиво авч явдаг, түүнийгээ хоолны даруулга болгож уудаг хүн байлаа” гэв. Гаадамба гуайг төрийн шагнал хүртдэг тэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Жачин доктор өнөө Цогоо хүүгээ дагуулж очин золгож байснаа дурссан юм. Тухайн агшинд Монголын оюун билгийн их мэргэдтэй сэтгэл ойр явсных нь буян байлгүй, Нацагдорж судлалын гаргуун эрдэмтэн болоод Монголдоо төдийгүй дорно дахины судалгаанд нэртэй төртэй эрдэмтэн болжээ гэх бодол төрж байсныг нуух юун.
Тэрээр утга зохиолд ойр явсан хүмүүсийн нэг нь Жагдалын Лхагва. Түүний дурсгал болгож Лхагвынхаа тухай ном бичсэн байдаг. Цэндийн Доржготов гуайг машид их биширч уншдагаа, дараа үеийн залуусаас Л.Өлзийтөгсийг их үнэлдгээ хэлж байсан. Судлаачдаас Сампилыгаа (Академич Хорлоогийн Самдилдэндэв) их ярина. Миний дарга байсан, Монголын уран зохиолын амьдралыг бүхлээр нь хардаг билгийн мэлмийтэй хүн байлаа гээд ярина. Үеийнхнээс Загдын Түмэнжаргал, Саруулбуян нартаа хайртай ажээ. Манай Саруул ахмад үеэ маш их хүндэтгэж байгаа нь биширмээр харагддаг гэж бүр нэг сэтгэлээсээ хэлж билээ.
Жачин доктор, Нямаа зохиолч бидний яриа “Гурван-Эрдэнэ” сургууль руу үе, үе орох нь бий. “Миний бие “Гурван Эрдэнэ”-ийг байгуулахаас өмнө хүрээлэнд арав гаруй жил ажиллачихсан. Монгол хэлний багш уран уншдаг, хөгжмийн мэдрэмжтэй, зураг сайхан зурдаг гээд олон талын авьяастай байх учиртай гэх шалгуурыг тавьж байсан. Тэр бүхнээр шалгалт аваад ёстой нэг замруулдаг байлаа. Манайд одоо 600, 700 оюутан суралцаж байна. Сургууль төгсөж байгаа багш заах аргын мэдлэг чадвар өндөр байхаас гадна сайн хүн болж төлөвших нь чухал. Тийм стандартыг эхнээсээ барьсан” гээд Их сургуулийн нэртэй багш М.Базаррагчаа, гэргий Пүрэвжал, хүү Идэрбаяр докторын хамтаар багшилж байсныг, мөн англи хэлний Өлзийням, дүрслэх урлагийн Төмөрхуяг, бага ангийн математикийн домог болсон Дашнямын Бүндэн гээд олон сайхан эрдэмт багш нараа дурссан юм. Долгорын Нямаа гуайгаас өмнө зохиолчийн ур чадварын хичээлийг Очирбатын Дашбалбар зааж байсан гэнэ.
Тэрээр бусдын адил боловсролын тогтолцооны тухайд сэтгэл дундуур явдгаа хэлсэн юм. “Боловсролын удирдах ажилтныг системтэйгээр бэлдэхгүй байна. Тохиолдлын шинжтэй хүмүүс дарга даамлаар томилогдож байна. Энэ нь сүүлийн жилүүдэд бүр их хүчтэй мэдрэгдэх боллоо” хэмээн хатуухан шүүмжилсэн. “Та бол боловсролыг суурь мэдлэгээр авсан хүн. Үүнийг арилгах боломж гарцыг хэлж өгөхгүй юу” гэхэд “Мэргэжлийн холбоодтой байх нь чухал” гэсэн хариулт өглөө. “Бага ангийн багш нарын мэргэжлийн холбоо байлаа гэхэд түүнд Монгол Улсын бүх бага ангийн багшийн бүртгэл байх ёстой. Багш нарын чадал чансаа, туршлага, өргөн мэдлэг, цар хүрээг нь тус холбооны нөхөд сайн мэддэг байх. Уг холбоо хүчтэй ажиллаад ирэх юм бол сурагч оюутнуудад нэг цаг ч хичээл заагаагүй нөхөр удирдах албан тушаалд очдог байдал үгүй болно. Хэн ч мэдэхгүй нөхдөөр дунд сургуулийг удирдуулдаг байдал гарахгүй” гэв.
Жачин докторын ярианаас олон сайхан хүний дурдатгал хөвөрч байлаа. Тэдний нэг нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Чойсүрэнгийн Дагвадорж юм. Буурал Дагваа багшийгаа нэг өрөө байранд олон хүүхэдтэйгээ аж төрж байхаас нь өдгөө Америкт эрдмийн ажлаа хийж байгаа цаг мөч хүртэл нь хамт байж, гэр бүлийн найзууд явж иржээ. Долзоо эгч өөрөө бага ангийн багш мэргэжилтэй. Ханьтайгаа гар нийлж оньсого, үлгэрийн тухай, хүүхдийг хүн болгох суурь хүмүүжил, монгол соёлын дархлааны тухай хэд хэдэн ном туурвижээ. Төрийн шагналт Дамдинсүрэнгийн Цэнд, Равжаа судлалын гол эрдэмтэн Цагаан нарын шавь юм билээ.
Жачин докторынх Улаанбаатарт амьдраагүй, гал голомтоо бадраагаагүй дүүрэг ховор гэсэн. Түүнээс хамгийн дурсгалтай нь Зуун айлын урдхан одоогийн 11 дүгээр хорооллын тэнд амьдарч байхдаа 100 насалсан хөгшинтэй хамар хашаанд амьдарч байсан гэдэг. Өвгөн нь 100 насалсан, эмгэн нь 90 гаруй насалсан хоёр сайхан буурал Жачин, Долзоо хоёрыг төрсөн үр хүүхэд шигээ бодож явсан байна. “Хүн зуу насыг наслах бол гайхаад байхаар зүйл биш гэдгийг би тэр хоёр буурлаас ойлгосон” гэж гэрийн эзэн баяр бахдалтайгаар хэлсэн юм. Тэрбээр Нацагдоржтой, судалгааныхаа бүтээлтэй холбоотой олон зүйлийг сонирхууллаа. 1984 онд Шведийн жуулчид дурсгасан зурагнуудын нэг нь гучин онд авахуулсан Нацагдоржийн зураг. Монголчууд хүүхэд нохой хоёрт сайн хүнд дуртай байдаг гээд уг зурган дээрх хоёр нохой хоёулаа Нацагдорж руу хандсан байгааг сонин болгож ярьсан. “Өнөөдөр бүх зүйлийг мөнгөний нүдээр хардаг болжээ. Мөнгөөр хэмжиж болохгүй зүйл гэж бас байна. Ухаандаа, Монголын төрийг мөнгөөр үнэлж болохгүй. Ямар алдар замналтай, боловсрол мэдлэгтэй хүн бэ гэхээсээ илүү бэл бэнчинг нь харж байна. Ийм буруу жишиг Монголын төрд бий болсон учир монгол төрийн дархлаа сулраад байна” гэж айхтар хэлээд авна лээ. Монголын төрд хэнээс ч хамааралгүй Бодлогын зөвлөл байх хэрэгтэй гэх санааг дэвшүүлж тэрүүхэн тэндээ улстөржөөд авсан. “Эрдэмтэн зохиолч Жачин Монголын хэлшинжлэлийг нуруундаа үүрч яваа, их Нацагдоржоо хүн төрөлхтөнд мандуулахад үнэлж баршгүй гавьяа байгуулсан хүн” гэж түүхийн нэрт эрдэмтэн академич Жигжидийн Болдбаатар “Монгол түмний сод хүмүүс” номондоо бичсэнийг дурдан эл тэмдэглэлээ өндөрлөе.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...