Friday, November 16, 2018

Номын адис


                                                                              Номын адис

Миний бие нь ардын зохиолч Тангадын Галсан гуайтай олон тааралдаж үнэтэй яриа зөвлөгөөг нь байнга сонсоод байдаг хүний нэг биш л дээ. Хувьтай хүн гэж өвгөд буурлууд маань урамшуулдаг байлаа. Түүний адилаар миний бие эрдэмтэн Балданы Содном эцгийн буянаар олон сайхан түүний шавь зохиолч эрдэмтэнтэй ховорхон ч гэсэн учиран золгож, тэднийхээ барааг харж адис хүртэх хувьтай хүн. Эцгийн минь мэндэлсний 90 насны ойгоор Тангадын Галсан гуайтай учирснаас хойш 30 жилийн дараа нэг унаанд хамт хөлөглөн, аавын минь гал голомт буй буурь, Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн Галуутай нутагт очиж ирэхдээ сайхан хуурч хөөрч явсан завшаант өдөр байлаа. Ингэхэд буурал зохиолчоос олон сайхан дурсамж, сургааль айлдан, бас ч болоогүй ээ шүлэг хүртэл сонсоод авсан. Тангадын Галсан гуай яриа хөөрөө их энгийн мөртөө, нээлтэй, бас элэгсэг, шог ч, ялангуяа хүмүүсийн дуу хоолойг орлуулж дууриаж байгаа нь яг л тэр хүнийг харагтал ярина. Баяндэлгэр сумын сургууль дээр бид ирээд, замын аяныхаа тухыг гаргах завдалтайгаар, за байж ноль нь хаана байгаа болдоо гэтэл Галсан гуай за хүү минь үүнээс хойш юүлүүр гэж байгаарай, дээрээс чинь орсон юм доошоогоо орохыг монгол хэлэнд юүлэх гэдэг юм, гаргахыг нь юүлүүрдэх, савыг нь юүлүүр гэдэг юм гэлээ. Жорлон гэдэг үг хятад үг гэнэ. Ноль гээд байвал амьдрал ноль л болно биздээ гэв. Үнэхээр бодоод байсан чинь тиймч юм шиг санагдав. Ижий маань үг "их учиртай, бодолтой үгээ хэлж бай, амны билэгээр ашдын билэг гэдэг" гэж мөн ч их үглэсэн дээ. За тэгээд сургуульд орлоо, сургуулийн захиргаа танилцуулж менежер гэгч ажлаа эхэллээ. Гэтэл Галсан гуай наад менежер гэж хэлээд байгаагаа болчихож үзээрээ, зохих сайхан монгол олон үг бий гэсэн.

 Галсан гуай миний өчүүхэн биеийг минь тоож өргөөндөө дуудаж надад дөрвөн ном дурсгав. Монгол ертөнцийн гурав дөрөв” II, III боть, энэхүү сэдвийг аавын тань санал буянаар босгосон юм гээд чин сэтгэлийн дурсамжаа ярин адислав.    Хоёр ном нь Аугаа шогч Ринчений аянган егөө үгс” I, II  боть үүнийгээ уншиж байтал “Эрлийз хэлний хичээл хуудас 27-д; -

Гэгээрэлийн яамны орлогч сайд Шагдарсүрэн, гавияатаар тодорхойлогдсон залуухан эмэгтэй багшийн хичээлд суужээ.
Сурагчийн өвөө хичээлд сууж байна гэнэ.
Энэ цагийн хичээл нь: эх хэлний хичээл байв. Багш эелдэг дуугаар;
       - За хүүхдүүд ээ, та нар эдэлж хэрэглэж байгаа хувцасаа нэрлэдээ! Гээд самбарт үзүүлэн хадсанд цовоо нэг охин:
       - фоорма, юубка, фаартук, куурчик, лээнт, гиалстук гэжээ.
Багш:
-Хэн нэмэх вэ? Гэхэд өөр нэг хүвгүүн:
Польто, майка, түрсийк... гэхэд хүүхдүүд инээлдэв гэнэ.
Багш яливгүй ичингүйрхэн:
Одоо хичээлийн хэрэглэлээ нэрлэцгээе! Гэхэд нь нэг сэргэлэн хүү:
Авторучка, пяналь, үсгийн касс... гэжээ. Энэ мэтээр өрнөсөөр шинэ хичээл өндөрлөж гэнэ.

Сайд хичээлд суусан өвгөн хоёр: ангиас түрүүлэн гарлаа. Хичээлд суусан идэвхитэй өвөө нь хэл шинжлэлийн ухааны доктор Б. Ринчен гуай байв гэнэ.

Сайд:
За Ренчин гуай, манай багшийн заасан монгол хэлний хичээл ямар санагдав? гэсэнд

Эрхэм сайд минь, нүгэлтэй ч юм даа
Энэ чинь: Эх хэлний хичээл биш,
Эрлийз хэлний хичээл байна гэжээ.


Ахмад буурлуудын дурсамж, тэдний амьдралын бүхэл бүтэн түүх гэрч архив нь миний хувьд үнэтэй хичээл, суралцахад дээд хөрөнгө оруулалт байдаг юм. Номын буян дэлгэрэх болтугай.

С.Үзмээ





Tuesday, November 13, 2018

Б.СОДНОМЫН “БИЧИГ ҮСЭГ ХААНА ХЭРХЭН БУЙ БОЛОВ” БҮТЭЭЛИЙН ТУХАЙ

Б.СОДНОМЫН “БИЧИГ ҮСЭГ ХААНА ХЭРХЭН БУЙ БОЛОВ” БҮТЭЭЛИЙН ТУХАЙ
Хураангуй
Д.Нацагдорж судлаач, эрдэмтэн Б.Содном 1935 онд нэгэн бяцхан товхимол хэвлүүлсэн нь “bičig üsüg qamiγa kerkin bui bolbai” гэдэг нэртэй байв. Түүний энэ бүтээлийг бид 1998 оны намар УБИС-ийн МХУЗФ-ийн номын сангийн эрхлэгч, доктор Ц.Банзрагчийн санаачилгаар Б.Содном гуайн 90 насны ойд зориулан монгол бичгээс шинэ үсэгт буулган, түүний товч намтар, уран бүтээлийн тухай дагалдууллын хамтаар хэвлүүлж, миний хувьд анхны олонд хүргэсэн ном, бичгийн ажил болж байв.
Мөн Б.Содном гуай 1957 онд Германы дорно дахиныг судлаач Бишоффийг дагуулан Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурт амрах, эрдэм шинжилгээний аялал хийж байхдаа “Туяат лүндэн хэмээх судар” олж, түүнийг нь тэр эрдэмтэн судалж, анх олон нийтэд таниулсан бөгөөд өдгөө миний бие тус судрыг сонирхон судалж, 10 хувилбар олоод эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж байна. Энэ бүгдээс харахад би анх Б.Содном хэмээх эрхэм хүний бүтээлээр судалгааны ажил, ном эрдэмд хөл тавьсан бол өдгөө түүний олж олонд таниулсан судрыг үргэлжүүлэн судалж байгаа нь сонин давхцал юм.
Түлхүүр үг: Б.Содном, бичиг үсэг хаана хэрхэн буй болов, намтар, уран бүтээл
Б.Содномын 90 жилийн ойг тэмдэглэсэн нь
1998 оны намар миний хувьд УБИС-ийн МХУЗФ-ийн туслах багшаар ажиллаж, магистрантурт суралцаж байсан үе. Намар хичээл эхэлсний дараа манай номын сангийн эрхлэгч Ц.Банзрагч ах маань Б.Содном гуайн тухай нэг юм хийх юмсан, түүнийг дурсаж, ойг нь тэмдэглэх юмсан гэсэн санал, санаачилга гаргаж, үр хүүхдүүдтэй нь уулзаж, “Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” гэсэн товхимолыг нь шинэ үсэгт буулгаж, хэвлүүлэх тухай яриа болов. Энэ ажилд нь би туслаж, хамтран хийхээр болж, надад өгсөн монгол бичгээрх номыг нь 14 хоногт багтааж кирилл бичигт буулгаж улмаар эхийг нь бэлтгэж, Дашка ахын /Дашзэвэг гэж хүн л дээ. Банзрагч багшийн сайн найз, хэвлэх үйлдвэрийн эзэн байсан юм. М.О/ хэвлэх үйлдвэрт 500 ширхэг хэвлэж, олон нийтийн хүртээл болгож байв. Яаруу сандруу хийсэн болоод ч тэр үү, анхны бүтээл байсан болоод ч тэр үү үг үсгийн алдаа мадаг ихтэй байдгийг нуугаад яахав. Уг бүтээл нь миний хувьд анхных төдийгүй, цаашид хийх олон ажилд минь туршлага болсон ажил байсан юм.
Уг номын эхэнд Б.Содномын амьдрал, уран бүтээлийн талаарх товч зүйлсийг судлаач, шүүмжлэгч Ц.Банзрагч бичсэн юм. Ингэж тухайн үеийн Улсын багшийн их сургуулийн Монгол хэл, уран зохиолын факультетийн дэргэдэх Эрдэм шинжилгээний номын сангийн эрхлэгчийн санаачилгаар Б.Содном гуайн 90 жилийн ойг тэмдэглэж байв.
Ямар ч байсан Б.Содномын амьдрал уран бүтээлийн олон талыг гаргаж ирэх гэж хичээсэн, тэр тухай тал бүрээс нь нягтлах шаардлагатайг тодруулахад судлаач, шүүмжлэгч Ц.Банзрагчийн хувь нэмэр их байсныг энд цохон тэмдэглүүштэй.
Хэрэвзээ тэр үед Номын сангийн эрхлэгч байсан Ц.Банзрагчийн санаачилга байгаагүй бол өдгөө энэ бүтээл төрж гарах нь юу л бол. Хэрэвзээ надад итгэж энэ номыг буулга гэж хэлээгүй бол би хийж чадахсан билүү. Ховор номын сангаасаа эхийг нь олж өгч, түүнийг буулгах эрх өгснөөр энэ бүтээл төрж байв. Иймд эрхэм хүн Балдангийн Содномын 110 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ цаг дор эрхэм ах Цамбажавын Банзрагчийгаа дурсан санахад таатай байна. Тэр хүн бол аливаад сэтгэлээрээ хандаж, хийх юмсан гэсэн эрмэлзэл дүүрэн явсан хүний нэг байв. Тиймдээ ч бидний хамтран гаргасан уг бүтээл нь Б.Содномын гуайн 90 насны ойд зориулан гаргасан анхдагч бүтээлүүдийн нэг байв.
Доктор Ц.Банзрагч Б.Содномын талаар уг номын эхэнд бичихдээ, Бага нас, Сургуулийн жилүүд, Ажилласан нь, Сонгуульт ажил, Шагнал, Шийтгэл буюу хэлмэгдэл, Уран бүтээл гэсэн долоон хэсэгт хувааж, тус бүрт нь товчоолох аргаар бичсэн ба Уран бүтээл гэсэн хэсгийг Уран зохиол, Ардын аман зохиолын судалгаа, Шинэ үеийн уран зохиолын судалгаа, Нэр томьёоны судалгаа, Д.Нацагдоржийн судалгаа гэсэн таван хэсэгт тоймлон өгүүлж бичсэн байна. Энэ талаараа тэрбээр “...Нөр хичээнгүй хөдөлмөрч авьяаслаг судлагч Б.Содном гуайн уран бүтээлийг дээрх 5 чиглэлээр судламаар санагдсанаа тоймлон бичлээ. Цаашид судлаачид дэлгэрүүлэн судалж, 100, 150 жилийн ойг нь тэмдэглэх нь дамжиггүй...”[1] хэмээн уг бүтээлд түүний бүтээл туурвилыг чухам ямар чиглэлээр судлан шинжлэх боломжтойд өөрийн саналаа илэрхийлсэн байдаг. Дээрх санаагаа лавшруулан дэлгэрүүлж 90 жилийн ойд зориулж тэрбээр “Д.Нацагдоржийг алдаршуулагч Балдангийн Содномын амьдрал, уран бүтээл”[2] гэсэн өгүүлэл бичиж, түүвэр зохиолд нь хэвлүүлжээ.
Б.Содном хэмээх эрхэмийн намтар, уран бүтээлийг судлах, цаашид олонд түгээхэд Ц.Банзрагч гэдэг хүний оруулсан хувь нэмрийг дурдалгүй өнгөрч үл болно. Хичээл сургалтдаа Б.Содном гуайн талаар эш татан ярьдаг, түүний тухай бүтээлийн цуглуулгыг нь багтаасан тусгай хавтас нээчихсэн, түүнд ховор ховор гар бичмэл, өдрийн тэмдэглэлийн дэвтрийг нь хүртэл олоод хийчихсэн, заримыг нь нухацтай уншиж суудагсан.
Энэ талаараа ч тус товхимолын эхэнд дурдсан нь бий. Тухайлбал, тэрхүү өдрийн тэмдэглэлээс нь ингэж сийрүүлжээ. Үүнд: “... Б.Содном гуай амьдралынхаа сүүлийн жилүүдэд өдрийн тэмдэглэл хөтөлж байжээ. 1968 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэлдээ “15 цагаас Нацагдоржийн /Ш.Нацагдоржийн бололтой Ц.Б./ 50 насны ойн ёслолын хуралд оролцов. Намайг 150 нас хүрвэл улсаас ойг минь лав л хийнэ гэж санагдав. Одоо би 70 нас руу алхаж яваа хүн тул би 70 хүрэх болов уу даа! Хувийн тэмдэглэл сонирхох хүн хожим гарах нь лав тул би ингэж бичлээ. Намайг буруутгахгүй нь дамжиггүй. Түүх бол түүх л байх ёстой доо. Монгол эх орондоо үнэнч хүү олон түүний тоонд би орно. Монгол эх орон минь улам улам мандтугай...” гэж бичжээ”[3] хэмээн дурссан байна.
1998 онд 90 насны ойд зориулж түүний охин С.Үзмээ эмхэтгэж, П.Хорлоо, Д.Өлзийбаяр нар редакторласан Б.Содномын намтар бүтээлүүд” нэгдүгээр ботийг гаргасан бол 2008 онд Б.Содном гуайн 100 жилийн ойгоор доктор, профессор Д.Цэдэв абугай Балданы Содном гуайн судалгааны бүтээлүүдийг эмхэтгэн 3 боть бүтээл туурвисан нь шинжлэх ухааны үнэ цэнтэй, судлаач нарт хэрэгтэй чухал гарын авлага болсон юм. Мөн түүнчлэн доктор, профессор Э.Пүрэвжав ахмад эрдэмтний намтар, бүтээлийн жагсаалтыг тусгайлан ботилж хэвлүүлсэн нь энэ талын судалгааны гол бүтээлүүдийн нэг болсон байна.
Өвгөн судлаачийн хүсэл биелж бид 90, 100 жилийг нь тэмдэглэсэн бол өнөөдөр 110 жилийнх нь ойг хийж байна. Оюутны ширээнээс дөнгөж багшийн ажилд шилжиж, ном эрдмийн захаас хүртэж эхлэсэн тэр үедээ энэ эрхэм хүний бүтээл туурвилаар эрдмийн аянд мордож байсандаа би талархаж явдаг бөгөөд 20 жилийн өмнө 90 жилийн ойд нь зориулж ийм ном гаргаж байснаа дурсахад ч таатай байна. Б.Содном судлал цаашаа улам өргөжин тэлж, түүний үлдээсэн асар баялаг өвийг улам нягтлан судлана гэдэгт итгэж байна.
“Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” бүтээлийн тухай
Уг номыг Монгол улсын 25-р онд буюу аргын тооллын 1935 онд хэвлүүлж олны хүртээл болгосон байдаг. Уг бүтээл нь тухайн үеийн шаргал хэвлэлийн цаасан дээр хэвлэсэн нүүрэн талдаа гарчиг, зураг чимэглэл бүхий нимгэн хавтастай ном юм. Уг номын нүүрэн талыг хийхдээ өргөн хүрээтэй хээгээр чимэглэж, нүүрний дээд хэсэгт нь номын нэрийг зэрэгцүүлэн бичиж, дунд хэсэгт нь зургаар чимэглэж, зургийн доод хэсэгт “Индиан нарын зургаар утга тэмдэглэснийг үзүүлсэн хөрөг” гэсэн тайлбартай, зургийн хажуугаар “Шинжлэх ухааны хүрээлэнгийн[4] Оюутан Содном найруулан бичвэй” гэдгийг монгол бичгээр үйлдсэн. Номын хавтасны доод хэсэгт “Ардыг гэгээрүүлэх яамны хэвлэл. 25 дугаар он Улаанбаатар хот” гэсэн бичигтэй.
Энэхүү бүтээлийг нь түүний 100 жилийн ойд зориулан гаргасан гурван боть бүтээлийн Балданы Содном Түүвэр зохиол ботид бүрэн эхээр нь шинээр буулган хэвлүүлжээ. Ямар ч байсан анх шинэ үсэгт буулгаж, хэвлүүлсэн хүний нэг нь би юм.
Тус бүтээл нь бичиг үсгийн учир холбогдол, хаана, хэрхэн ямар бичиг, үсэг бий болсныг эртний түүхээс нь улбаалан хөөж, бичгийн тиг, хэлбэр, арга маягийг зургаар үзүүлж хийсэн нь бичгийн чамбай боловсролтой, чадварлаг хүн байсныг илтгэдэг. 1935 онд хэвлэгдсэн боловч зохиогч Б.Содном 1930 оны 5-р сарын 1-нд Шинжлэх ухааны хүрээлэнд Оюутан гэдэг албан тушаалд 1931 оны 1-р сар хүртэл 6 сар, мөн дараа нь 1933-1934 онд оюутнаар 12 сар ажилласан[5] хугацаандаа бичиж үлдээсэн гэж үзэх боломжтой.
Түүний намтраас үзэхэд 1931 онд ЗХУ-ын Ленинградын Дорно дахины хүрээлэнгийн аспирантурт[6] 23 настайдаа явж суралцсан бөгөөд 1933 онд биеийн байдал тааруу, өвчний шалтгаанаар монголдоо ирж, эмчлүүлж байх хугацаандаа бичиж, улмаар түүнийг буцаж явсны дараа буюу 1935 онд хэвлэгдэж олны хүртээл болжээ.
Энэ тухай “... 1930 онд Германаас буцаж ирсэн даруй Шинжлэх ухааны хүрээлэнд оюутнаар очиж, бага сага эрдэм шинжилгээний ажлаар оролдож байгаад 1931 оны 1-р сард СССР-ын Шинжлэх ухааны академийн аспирантурт суралцахаар тус улсын Шинжлэх ухааны Хүрээлэнгийн нэр дээр явж, утга зохиолын мэргэжлийн сургууль хийж эхлэв. Гэтэл 1933 онд өвчний учир Ленинград хотоос буцаж ирээд, мөн Хүрээлэнгийн газраа оюутнаар байж, бага сага эрдэм шинжилгээний ажлыг бие эмчлүүлэхийн хамт хийж байгаад, 1934 онд бие сайжирсан учир, тэр намар мөн Академийн аспирантуртаа Москвад очив...” гэж дурссан нь бий. Эндээс харахад эрдэм шинжилгээний бага сага ажилд нь уг товхимол багтаж байжээ гэж ойлгож болно. 1946, 1951 онд бичсэн намтартаа бүтээлийн жагсаалтаа хавсаргахад 2-рт “Бичиг үсэг анх хэрхэн буй болов” хэмээх дэвтэр хэвлэгдсэн[7] гэж тун даруухан тэмдэглэсэн байна.
“Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” товхимолын өмнөтгөл үгэнд хэлний тухай, бичиг үсэг ямар учиртай тухай өгүүлэхийн ялдамд монголчуудад чухам дэлхий дээрх бичиг үсгийн түүх, сонин хачиныг таниулах үүднээс бичсэн болохоо “...Бичиг үсэг хэмээгч хүн төрөлхтний ахуй боловсорсны охьд мандаж гарсан бөгөөд чухам хэрхэн юуны учраас шаардагдан удаа дараа уламжлан дэвшиж ирсэн сонин түүхийг өгүүлэх бөгөөд дэлхий дээр ихээхэн алдаршсан зарим нэгэн улсын үсгийн цагаан толгойг дараа хавсаргасан бүлгээ...”[8] гээд учир шалтгаан, үйл явдлын цаг хугацааны дарааллыг нарийн нягт баримтлан бичжээ.
Энэ бүхнээс нь үзвэл Б.Содном гуай зөвхөн монголын уран зохиол судлаач төдий биш, залуу цагаасаа эхлэн хэлний боловсролтон байсныг харуулна. ЗХУ-д аспирантурт суралцаж байхдаа сонссон хичээлийнхээ тэмдэглэлийг ч нарийн хийж, түүнд түшиглэн уг бяцхан номыг хийсэн болох нь түүний үзэж хэрэглэсэн зүйл буюу ном зүйд “...Урьд сургуульд суралцан бүхий цагт тэмдэглэн авсан хэрэглэгдэхүүн ...” гэж бичсэнээс тодорхой харагдана. Энэ нь ямархуу нягт нямбай, няхуур суралцаж, сурсан мэдсэнээ монголынхоо ард түмэнтэй хуваалцах чин эрмэлзэлтэй, бүтээлч хүн байсныг нь илтгэнэ.
Мөн тэр үеийн сэхээтнүүд шинэ нийгэм, ард олныхоо гэгээрэл боловсролын төлөө ямар их хичээж чармайж байсныг, тэд дөнгөж 20 гаруйхан насандаа эрдмийн гүнд нэвтэрч, боловсорч, сурсан мэдсэнээ эх орныхоо сайн сайхны төлөө зориулж байсныг ч харж болно. Б.Содном гуай энэ бүтээлээ туурвиж байхдаа 26 настай байсныг нь бодоод үзэхэд л хангалттай. Тэр цагийн шилдэг залуу сэхээтэн байсныг уг баримт хангалттай нотолно.
Дээрх ном нь түүний анхны бүтээлийн нэг гэж үзэх бүрэн үндэстэй. Учир нь ШУХ-ийн Оюутан байх хугацаандаа түүний бие даан гаргасан анхны ном мөн бололтой байдаг. Б.Содном гуай “...Албаны гол ажлынхаа зэрэгцээгээр би, бичиг үсэг анх хэрхэн бий болов, насанд хүрэгчдийн үзэх үсэглэл, Д.Нацагдоржийн зохиолууд, Д.Нацагдоржийн намтар зохиол, монгол ардын нэгэн дууны тухай, монгол ардын аман зохиолын хошин үлгэр, ярианы эмхэтгэл, ертөнцийн гурав, дөрөв гэдэг сэцлэлийн тухай зэрэг жинхэнэ болон эрдэм шинжилгээний хялбарчилсан арваад ном дэвтэр бичиж хэвлүүлэв...”[9] гэж сонины хуудсанд бичиж үлдээсэн байдаг. Түүний намтар бүтээлийг судласан судлаачдын үзэж байгаагаар “Монголын цэг цэглэлийн тухай” зэрэг өгүүллүүд 1938 оны Шинэ толь сэтгүүлүүдэд хэвлэгдэн гарсан нь Б.Содномын эрдэм шинжилгээний бүтээлийн түрүүчийнх нь нэг байлаа...[10] гэж тэмдэглэснээс үзсэн ч дээрх товхимол анхны бүтээлүүдийнх нь нэг болох нь харагдана. Түүний бүтээл 1934 оноос олны хүртээл болж эхэлсэн бөгөөд ном зүйн бүртгэл, бүтээлийн жагсаалтаас нь үзэхэд 8 дахь бүтээл болж байна. Эрдэм судлалын чиглэлийн 3 дахь бүтээл ч гэж хэлж болно. Танин мэдэхүйн шинжтэй тус бүтээлээр хэл бичгийн чадварлаг мэргэжилтэн болж байгаагаа нотлон харуулж, дараа дараагийн хэлний тухай бүтээлийн үндэс суурь нь болж байв.
Тус ном нь монголд хамгийн анх түрүүн бичиг үсэг, тэдний тус эрдмийн тухай ихэд ойлгомжтой, жишээ зураг, үсэг бичгийг нь хавсарган бүтээгдсэн бүтээл мөн. Тэр уг бүтээлийг хийхийн тулд өөрийн мэдлэг чадварыг дайчилж, нэмэлт эх сурвалж, гадаадын бүтээл туурвилыг боломжийн хэрээр шүүрдэн үзсэн болох нь түүний ашигласан материалаас нь харагдана. Тухайлбал, тэрбээр
Үзэж хэрэглэсэн зүйлүүд” гээд
“...Урьд сургуульд суралцан бүхий цагт тэмдэглэн авсан хэрэглэгдэхүүн
Сэтгүүл “Новый Восток” №2
Alphabete und Schriftzeichen des Morgen und des Abendlandes
Reklam praktisches Missen
М.Ильин. Черным по белому
Проф В.В.Струве. Происхождение алфабита
Нанхиадын Кан мо хэмээгч бичгийн орчуулга...” зэргийг ашигласан байдлаас харсан ч монголд анх удаа гарсан бүтээл юм. Иймд түүний энэхүү бяцхан товхимол нь дэлхий дахинд хэл, бичиг хэрхэн үүссэн тухай монголд анхлан танилцуулсан анхдагч бүтээл мөн гэдгийг энд тэмдэглэх хэрэгтэй.
Тэрбээр энэ номоо хэвлүүлснээс хойш “Цэг цэглэлийн учир” /1938/, “Монгол бичиг үсгийн улиран ирсний учир” /1946/ өгүүлэл бичжээ. Дээрх ном уг бүтээлийг бичих дадлага сургууль, танин мэдэхүйн судалж, шинжлэх ажлынх нь том туршлага болсон гэхэд болмоор санагдана.
Хэдийгээр дээрх бүтээлийг 1935 онд хэвлүүлсэн хэдий боловч өөрийн бүтээлээ хийсэн ажилдаа төдийлөн дурдалгүй явж ирсэн байна. “Хэл бичгийн ажил” /1941/, “Гучин жилд монгол хэл бичиг, утга зохиолын талаар хийсэн ажлууд” /1951/, “Шинжлэх ухааны хүрээлэн” /1962/ тайлан илтгэлдээ дээрх товхимолын тухай дурдаагүй. Харин “Эрдэм судлалын ажилд дөчин жил” /1971/ танилцуулгадаа харин 2 удаа дурджээ. Энэ нь өөрөө уг бүтээлээ шинжлэх ухааны нарийн бүтээл гэхээс илүү олон нийтэд зориулсан, танин мэдэхүйн шинжтэй хялбархан бүтээл гэж үзэж байсантай холбоотой байж мэднэ.
“Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” бүтээлийн онцлог
Тухайн цагтаа бичиг үсгийн талаарх хамгийн шинэ, сэргэг бүтээл гэж хэлж болно. Учир нь дэлхий дахинаа бичиг үсэг хэрхэн үүссэн тухай системтэй, ойлгомжтой хэлбэрээр бичиж, олон түмний танин мэдэхүйд тус болох үүднээс гаргасан шинжлэх ухааны хялбаршуулсан ном, товхимол байсан гэж дүгнэж болно. Үүгээрээ анхдагчийн нэг болсон юм.
Бичиг үсэг үүсч бий болсон явдал нь хүний хөгжил, түүхэн хувьсалтай хамаатай байж, хаана, хаана, ямар учраас бичиг үүссэнийг нэг нэгэнгүй тодорхой өгүүлэхдээ түүхэн нөхцлийг ямагт харгалзан үзсэн нь уг бүтээлийн үнэ цэнийг өргөж байна. Б.Содном судлаачийн бичсэн өгүүлэл, илтгэлийг харахад ихэвчлэн заавал түүхэн нөхцөлтэй нь нягт уялдуулан бичдэг арга зүй нь энэ үеэс ягштал тогтсон байна гэж үзэх үндэстэй.
Мөн жишээ, баримтыг тухайн орны хэл, бичгийн онцлог, үсэг зурлагыг сайтар үйлдэж буулгаснаараа хүмүүст танин мэдэхүйн маш чухал эх хэрэглэгдэхүүн болсон байдаг. Улс улсын бичиг үсгийн зурлага, тиг горимыг нарийн тайлбарлаж, жишээгээр үзүүлсэн нь тухайн үеийн монголчуудад тун сонин мэдээ, баримт байсан нь эргэлзээгүй юм.
Энэхүү өгүүлэл нь Б.Содном гуайн хэл шинжлэлийн салбарт хийсэн анхдагч бүтээлийнх нь нэг байсны зэрэгцээ дараа дараагийн бүтээлийнх нь эх үндэс болж, хэлний салбарт амжилттай ажиллах боломжтой сэхээтэн болж байгааг нотлон харуулсан явдал байжээ гэж дүгнэж болно.
Ер уг бүтээл нь дараах хэдэн онцлогтой гэж дүгнэж болох юм. Үүнд:
1. Тус бүтээл нь Шинжлэх ухааны хүрээлэнгийн оюутан Б.Содном ЗХУ-д аспирантурт суралцаж байхдаа үзсэн хичээл номоосоо шүүрдэн авч, бичиг үсгийн талаар гарсан бусад бүтээлүүдтэй харьцуулан үзэж, баяжуулан боловсруулсан анхны гарын авлагын шинжтэй, эрдэм шинжилгээний танин мэдэхүйн, хялбаршуулсан бүтээл мөн.
2. Бичиг үсэг хэрхэн үүссэн тухай монгол хүнд системтэй мэдлэг, мэдээлэл өгсөн анхны бүтээл мөн. Өмнө нь бичиг үсгийн талаар 1920-иод оноос бүтээл туурвиж байсан хэдий ч өргөн дэлгэр баримт мэдээлэлд тулгуурласан нь үгүй. Мөн европ зүгийн мэдээ, баримтыг нягтлан үзэж бичсэн нь байсангүй. Түүний ашигласан бүтээлээс харсан ч монголд өмнө нь хэвлэгдсэн бүтээл, гарын авлага болгох баримт байгаагүй нь мэдэгдэнэ.
3. Б.Содном хэмээх 26 настай залуу хүү эрдмийн их уурхайгаас чамгүй их хүртэж, боловсорч байгааг илтгэсэн чамбай ажлын нэг юм. Тэрбээр 1920-иод оны сүүл үеэс уран бүтээл оролдох, эрдэм шинжилгээний ажил эрхлэх дур сонирхолтой болж, бага сага бүтээл туурвиж эхэлсэн хэдий ч түүний бүтээлүүд 1934 оноос л олон нийтэд хүрч эхэлснийг бүтээлийн жагсаалтаас нь харж болно. “Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” ном түүний бие даан гаргасан анхны бүтээл байснаараа ихээхэн ач холбогдолтой юм.
4. Миний бодоход уг бүтээл нь монголчуудад нэлээд тодорхой байдлаар нэгдмэл нэг доор дүрс үсэг, шаантаг үсэг, египт, анхны мисир, финик цагаан толгойноос эхлүүлээд грек, эртний перс, япон, славян, латин, хятад, солонгос, төвд үсэгтэй танилцуулж, харьцуулан үзэх, судлан шинжлэх, санаа авах боломжийг олгосон анхны бүтээл байв. Ингэхдээ үсэг бичиг зохиогдсон он цагийг баримтлан анх яаж гарч, цааш хэрхэн дэлгэрснийг “...Грекээр дамжин засагдаж хойш ба зүүн хойш славян хэлтэй болох серби, болгар, чехословак, польш, орос зэрэгт дэлгэрснээс гадна баруун тийш Ром улс грекийн хуучин үсгийг авч зохиосон цагаан толгой нь латин үсгийн цагаан толгой мөн бөгөөд энэ нь бүхий л баруун ба дундад европод роман хэлтэн болох итали, португали, испани, франц, румын хийгээд герман төрлийн хэлтэн болох англи, голланд, дани бас нөгөөтэйгүүр финикийн урагш африкт конна, абиссин зэрэг улсууд авсан ба зүүн тийш Сири, сирээс Согд, Согдоос Уйгар, Уйгараас Монголд уламжлан ирсэнд монголоос манж авсан байна...[11] гэх зэргээр бичиг үсэг цааш хэрхэн дэлгэрснийг ул үндэстэй бичсэн нь яалт ч үгүй тухайн үеийн хэл шинжлэлийн салбарт гарсан ололт, нээлтийг нямбайлан судалж, бичсэн болох нь мэдэгдэнэ. Энэ нь хэл бичгийн шинжлэлтэн нарт тов тодорхой ойлголт өгч, дараа дараагийн судлаачид улам нарийвчлан үзэх шижим, зам мөрийг тавьж өгчээ.
Б. Содном гуайн эрдэм судлалын эхлэлийг тавьсан чухал бүтээлийн нэг болсон “Бичиг үсэг хаана хэрхэн бий болов” ном нь жижигхэн товхимол хэдий боловч мэдээллийн багтаамж, агуулгаараа баялаг, хэдэн арван боть номонд багтаж байсан мэдээллийг жирийн иргэдэд ойлгомжтой байдлаар бичиж найруулсан, эрдэм шинжилгээний хялбаршуулсан бүтээлд хамаарах бүтээл байснаараа танин мэдэхүйн онц ач холбогдолтой, тухайн үеийн багш, сурган хүмүүжүүлэгч нарын гарын авлага болж байсан дорвитой бүтээлийн нэг байжээ гэж дүгнэж болмоор санагдана.
Учрал тохиол гэж байдаг ажээ...
Их сургуулиа төгсөөд анх багш болж байсан тэр үедээ Б.Содном гуайн бүтээлийг шинэ үсэгт буулгах ажлаар эрдмийн дөрөөнд мордож байсан би хожим нь түүний олж, шинжлэх ухааны эргэлтэд оруулж байсан нэгэн судрыг сонирхон судлах юм чинээ огт бодоогүй явж билээ. Аливаа юм учир холбогдолтой байдгийн сэжим энэ бололтой. Юу гэвэл би 2012 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаас 84 настай Д.Ханд гуайгаас нандигнан хадгалж явсан нэгэн жижиг гар бичмэл судрыг олж авсан юм. Тэр нь “Туяат лүндэн хэмээх ном оршибай” нэртэй судар. Уг судрыг олж аваад сонирхон судалж үзтэл тэртээ 1957 онд анх Хэнтий аймгийн Дадал сумаас ховор ном цуглуулагч Дэлэг гэдэг хүний олж авсан ном судраас анх Бишофф үзэж, түүнд хуулбар хийж өгөхийг зөвшөөрч, улмаар Б.Содном гуай дараа дараагийн хувилбарыг нь олж өгөхөд ихээхэн хүчин чармайлт гаргажээ.
Энэ талаар тэрбээр “...1957 оны зун миний бие Проф. Б. Содномтой монголын зүүн хойд нутагт орших “Гурван нуур” -ын эрэгт хэд хоног буудаллаад байхдаа Туяат лүндэн хэмээх судрын монгол эхийг олж авсан юм. Түүхэнд “Гурван нуур”-ыг Чингис хааны мэндэлсэн газар хэмээн үздэг бөгөөд тус үзэсгэлэнт газрыг монголын төр ихэс дээдэс, төрийн албан тушаалтнуудын алжаал тайлан амрах газар болгон тохижуулжээ. Нийтлэлч, ховор ном судар сонирхон цуглуулагч Дэлэг гуай УБ хотоос ирж бидний дэргэд отоглоод байсан бөгөөд амралтын хугацаагаа ашиглан малчид болон тухайн үеийн лам хуврагуудаас ном, судар худалдаж авдаг байсан юм. Тэрээр худалдан авсан номны баринтагуудыг угааж, манай дүнзэн байшингийн хажуу дахь хэцэн дээр тохон хатааж байсан нь бидний сонирхлыг ихэд татаж байлаа. Сониуч зан минь биднийг тайван суулгахгүй байв. Ховор үнэт цуглуулгаасаа үзүүлээч хэмээн биднийг хүсэхэд Дэлэг гуай аль хэдийн буцах аялалдаа бэлтгэн, ном судраа баглачихсан байлаа. Урмыг минь хугалахгүйн тулд Дэлэг гуай зарим бичвэрийг задлан үзүүлсэний нэг нь Туяат лүндэн судар байсан юм. Баярлаж гайхахыг минь хараад Дэлэг гуай профессор Содномд энэхүү товч эх бичвэрийг надад нэгд нэгэнгүй хуулж өгөхийг зөвшөөрсөн билээ. Дэлэг гуай болон проф. Содном нарт чин сэтгэлээсээ талархаж буйгаа уламжилж байна...” гэж өөрийн өгүүллийнхээ эхэнд дурдсан байдаг юм.
Тэрбээр “Monumenta Serica” Vol.XX. /1961/ сэтгүүлд герман хэлээр “Eine Buddhistische wiedergabe christlicher bräuche: Glanzvolles manifest genanntes sūtra” /Христийн шашны зан үйл буддын шашинд тусгагдсан нь: Туяат Лүндэн хэмээх судар оршвой/ гэсэн нэртэй өгүүллийг хэвлүүлсэн бөгөөд тус бүтээлдээ 2 хувилбарыг олж, хуулбарласан эхээ хэвлүүлсэн байна. Эдгээр хувилбар, эхийг олж авахад Б.Содном гуай их хувь нэмэр оруулсныг тэрбээр “...Профессор Содном Улаанбаатар дахь Шинжлэх Ухааны Хороонд лүндэнгийн хоёр дахь хувилбарыг үг үсэггүй хуулбарлан бичүүлсэн...” гэж тодорхой өгүүлсэн байна.
Миний сонирхон судалж буй “Туяат лүндэн хэмээх ном оршивой”[12] гэсэн гар бичмэл судрыг нэлээд нарийн судалж, харьцуулан үзэж тусгай өгүүлэл болгон хэвлүүлсэн нь өнөө хэр уг судрыг шинжлэх ухааны эргэлтэд оруулсан цор ганц тохиолдол байсаар ирэв. Харин сүүлийн үед анхны эхийг олсноос хойш газар, газраас хүн хүнээс сурвалжлан одоогоор 9 эх, хувилбарыг олж эрдэм шинжилгээний галигт буулгаад байна. цаашид нарийн нягталж судлан тодорхой бүтээл гаргахаар ажиллаж байна.
Энэ бүхнээс харахад Балдангийн Содном гэдэг хүнтэй ямар нэгэн сэжмээр холбоотой байж, түүний оролцоо, дэмжлэгтэйгээр миний эрдэм судлалын ажил урагшлаад байгаа нь цаанаас зурсан бурхны төөрөг, тавилан гэлтэй. Иймд би өнөөдөр энэхүү Б.Содном хэмээх хүний 110 жилийн ойд оролцож, та бүхэнтэй санаа бодлоо хуваалцаж байгаадаа туйлын таатай байна.
Товч дүгнэлт
Энэхүү илтгэлээ товчлон хураавал дараах хэдэн дүгнэлт хийж болох юм. Үүнд:
1. Б.Содномын “Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” бүтээл нь түүний анхны бие даасан ном мөн. Хэдийгээр өмнө нь цөөн тооны өгүүлэл бичиж, сэтгүүлд нийтлүүлж байсан хэдий боловч уг бүтээлээ бие даасан ном, товхимол болгож хэвлүүлсэн нь анхдагч болж байна.
2. Тус бүтээл нь монголчуудад дэлхий дахинаа бичиг үсэг хэрхэн бий болсон түүхийг товчоолон, тухайн үеийн хэл шинжлэлийн ололт амжилт, баримт мэдээнд тулгуурлан бүтээгдсэн анхны бүтээл гэдгээрээ үнэ цэнтэй юм. Оюутан Б.Содном түр хугацаагаар буюу нэг жил монголдоо ажиллахдаа бичиж нийтлүүлсэн, юу сурч мэдэж байгаагаа товч тайлагнасан бүтээл байсан гэж үзэх үндэстэй байна.
3. Уг бүтээл нь түүний дараа дараагийн хэл шинжлэлийн бүтээл туурвих тулгуур багана, анхны мэдэгдэхүүнийг баттай эзэмшиж, чадварлаг хэлний мэргэжилтэн болж байгааг илтгэсэн бүтээл байснаараа ач холбогдолтой байв.
Үзэж ашигласан бүтээлүүд:
1. Улсын багшийн их сургууль, Уран зохиолын тэнхим, Эрдэм шинжилгээний номын сан, Б.Содном “Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” Кирилл бичигт буулган хэвлүүлсэн: Цамбажавын Банзрагч, Мягмарсүрэнгийн Одмандах, УБ, 1998.
2. Б.Содномын Түүвэр зохиол /Гуравдугаар боть/, Эмхэтгэсэн Д.Цэдэв, УБ, 2008.
ЭШЛЭЛ
[1] Улсын багшийн их сургууль, Уран зохиолын тэнхим, Эрдэм шинжилгээний номын сан, Б.Содном “Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” Кирилл бичигт буулган хэвлүүлсэн: Цамбажавын Банзрагч, Мягмарсүрэнгийн Одмандах, УБ, 1998. 12-р талд.
[2] Ц.Банзрагч “Д.Нацагдоржийг алдаршуулагч Балдангийн Содномын амьдрал, уран бүтээл” өгүүлэл. 90 жилийн ойд зориулсан “Б.Содномын намтар, уран бүтээлүүд” 1-р боть. Эмхэтгэсэн С.Үзмээ, Редактор П.Хорлоо, Д.Өлзийбаяр, УБ, 1998. 110-118-р талд. Мөн Б.Содномын Түүвэр зохиол /Гуравдугаар боть/, Эмхэтгэсэн Д.Цэдэв, УБ, 2008, 545-549-р талд.
[3] Улсын багшийн их сургууль, Уран зохиолын тэнхим, Эрдэм шинжилгээний номын сан, Б.Содном “Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” Кирилл бичигт буулган хэвлүүлсэн: Цамбажавын Банзрагч, Мягмарсүрэнгийн Одмандах, УБ, 1998. 12-р талд.
[4] 1930.12.20. Улсын бага хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр Судар бичгийн хүрээлэнг Хэлбичгийн кабинет, Утга зохиолын кабинет, Түүхийн кабинет, ХАА-н кабинет, Газарзүйн кабинет, Шашин-түвд судлалын кабинет гэсэн бүтэц бүхий Шинжлэх ухааны хүрээлэн болгов. www.stf.mn/Uploads/a64ba3ac-3add-4f89-9fa5-14a47a3b1f82.docx
[5] Улсын багшийн их сургууль, Уран зохиолын тэнхим, Эрдэм шинжилгээний номын сан, Б.Содном “Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” Кирилл бичигт буулган хэвлүүлсэн: Цамбажавын Банзрагч, Мягмарсүрэнгийн Одмандах, УБ, 1998. 5-р талд.
[7] Балданы Содномын түүхт явдал, Б.Содномын Түүвэр зохиол /Гуравдугаар боть/, Эмхэтгэсэн Д.Цэдэв, УБ, 2008, 474-475-р талд.
[8] Улсын багшийн их сургууль, Уран зохиолын тэнхим, Эрдэм шинжилгээний номын сан, Б.Содном “Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” Кирилл бичигт буулган хэвлүүлсэн: Цамбажавын Банзрагч, Мягмарсүрэнгийн Одмандах, УБ, 1998. 15-р талд.
[9] Эрдэм судлалын ажилд дөчин жил, Улаанбаатарын мэдээ сонин. 1971.11.18. №180/2561/ гэсэн нийтлэлийг Б.Содномын Түүвэр зохиол /Гуравдугаар боть/, Эмхэтгэсэн Д.Цэдэв, УБ, 2008, 512-р талд.
[10] Я.Баатар, Ахмад эрдэмтэн Содномын Б.Содномын Түүвэр зохиол /Гуравдугаар боть/, Эмхэтгэсэн Д.Цэдэв, УБ, 2008, 535-р талд.
[11] Улсын багшийн их сургууль, Уран зохиолын тэнхим, Эрдэм шинжилгээний номын сан, Б.Содном “Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” Кирилл бичигт буулган хэвлүүлсэн: Цамбажавын Банзрагч, Мягмарсүрэнгийн Одмандах, УБ, 1998. 35-38-р талд.
[12] Энэ талаар миний бичсэн “Оросын үнэн алдартны шашныг монголд дэлгэрүүлэх оролдлого” (tuyatu lüngdüng kemekü nom orusibai) /МУБИС-ийн НХУС-ийн Эрдэм шинжилгээний бичиг. Эрхэлсэн С.Эрдэнэмаам, УБ., 2015. №3./ өгүүллээс дэлгэрэнгүй үзнэ үү.



Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...