Saturday, April 1, 2017

Отгон дүү минь

Отгон дүү минь


 ON 3 САР 15, 2013


IMG_0508Отгон дүү минь

Урд шөнө би дүүгээ саналаа
Урд өмнө нь ингэтлээ их санаж байсангүй
Нүдний минь өмнө дүү минь
Нэг хөлтэй моторт дугуй унаж
Нүүрэндээ баяр хөөртэй
Нүд нь алаглан эргэлдэж байгаа нь
Өөрийн эрхгүй харагдлаа
Өнгөрсөн хорин гурван жил
Яасан хурдтай бэ?
Яах аргагүй миний дүү
Арван долоохон насандаа
Алаг хорвоогоос одсон юм
Том давхараатай алаг нүд
Том долгионт хар үстэй
Шонтгор хөөрхөн хамартай
Шов хийсэн сэргэлэн залуу
Айлын хөвгүүдийн адил
Алзахгүй уралдан гүйдэг нэгэн байлаа
Унадаг дугуйн мастер
Уран зургын авъяастай
Хүн болгоны хайрыг татсан
Хүний сайхан сор нь байлаа.

С.Үзмээ
3.15.2013

Дүүгээ би дурсав


Aавыгаа ажлаас нь ирэхээр
Бөөн баяр болон тосон гүйн
Албатай юм шиг халааснаас нь
“Банка” жигнэмэл гарган авна
Аавынхаа өвөрт унтан өссөн
Дүү маань зургаахан насандаа
Аавыгаа алдна гэж яахан мэдэх билээ
Миний аав бурхан болсон гэнээ гээд
Чочирсондоо байраа тойрон гүйсэн билээ
Удаах жилд нь сургуульд орж
Цагаан толгойн эхний үсэг “А” гэж
“Аав” гэхэд ордог гэж багш нь заахад
Би аавгүй, наад үсгийг чинь сурахгүй гэж
Бага ангийн багшийн нулимсыг унагасан
Арван жилийн босгон дээр
Ангийн хүүхдүүдийн хамт сагс тоглож
Санаадгүй өшиглүүлснээс болж
Сар сараар даамжирсан хөл
Оточ эмч нарын зөвлөгөөгөөр
Олон ч эмнэлэгийн үүдийг татаж
Эцэст нь нэг хөлөө тайруулж
Энэ дэлхийгээс арван долоохон насандаа
Намрын навч шиг үүрд одсон
Дүүгээ би мартаагүй ээ
Нас ахисан ч эгч нь
Сэтгэлдээ тээсээр л зулаа өргөсөөр л…


С.Үзмээ
3.16.2013

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...