Monday, May 23, 2016

Монгол улсын хүний гавъяат эмч, ардын эмч Р.Нямаа багш

Монголын анагаах ухаан, 2013, 4(166)
Хэлмэгдэгсэд
( Түүх )
Анагаах ухааны доктор Л.Энхбаатар

 
Абстракт

Монголын улсын анхны нүдний мэргэжилтэн, сүрьеэгийн анхны эмч, эрдэмтэн, анагаах ухааны их сургуулийн хүндэт профессор, Монгол улсын хүний гавъяат эмч, ардын эмч Р.Нямаа багш амьд сэрүүн байсан бол 90 нас хүрэх байлаа. Миний үеийнхэн бидний багш нарын багш болох Р.Нямаа, Б.Рагчаа, В.Ичинхорлоо, Равдандорж, Гүрдорж, Цогнэмэх, Очир, Чулуунбаатар, Санжмятав,  П.Долгор гээд амьд домог болсон эмч, багш нарын лекц сонсож хичээл заалгаж байсан азтай хүмүүс билээ. Нямаа багш манай  цэргийн эмчилгээний ангид нүдний хичээлийн дадлага, лекц орж байсан бөгөөд эмчилгээний факультетийн декан байв. Багш минь  өндөр боловсролтой амьдралын асар их туршлагатай шулуун шудрага зантай, их сайхан хувцасладаг. Эмэгтэй хүний хувьд нүдэнд туссан их сайхан багш байв. 90 насны ой тохиож буйг тохион миний мэдэх товч намтрыг өгүүлбэл.
Профессор Р. Нямаа нь 1923 оны 6-р сарын 15- нд Москва хотод төржээ. 1936 онд Улаанбаатар хотод одоогийн багшийн их сургуулийн зүүн талд байрлаж байсан үлгэр жишээ дунд сургуулийг сайн дүнтэй төгсжээ. Тэр үеийн хүүхдүүд багш нартайгаа авахуулсан зураг гэрт нь одоо хүртэл хадгалагдаж байгаа бөгөөд 1964 оны улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн нам төрийн нэрт зүтгэлтэн, академич Д.Төмөр-очир мөн нэрт найруулагч Л.Ванган чинь энэ шүү дээ гэж зурганд зааж байсан нь санаанд үлджээ.  1938-1941 он хүртэл худалдааны техникум, 1-р 10 жилийн сургуульд орчуулагч багшаар ажиллаж байгаад, 1942 онд тус улсад шинээр байгуулагдсан МУИС-д элсэн орж 1947 онд МУИС-ийн хүн эмнэлгийн факультетийг онцсайн дүнтэй, улаан дипломтой төгссөн нь МУИС-ийн ректор Б.Ширэндэв, ЭХЯ-ны сайд Г.Туваан нар шалгалт авч байгаа МУИС-ын тухай баримтат кинонд үлджээ.
Р.Нямаа багш МУИС төгсөөд 1947-1948 онд Зайсангийн аманд хуучин халдвартын эмнэлгийн зүүн хэсэгт байрлах цөөн ортой ясны сүрьеэгийн эмчээр ажиллаж эхэлжээ. Амьд мэнд байхдаа тэрээр надад ярьж байсан яриа санагдаж байна. Нэг залуу орос эмчтэй хоёулхнаа, монгол эмч байгаагүй юм. Гипс тавиулсан олон өвчтнүүд байдаг байсан. Ажлын ачаалал маш их байлаа ингээд үзэхлээр би ясны сүрьеэгийн анхны эмч байсан байгаа юм гэж билээ. 1948 онд Одесс хотооос Ц.Ю.Каменецская ирж Эрүүлийг хамгаалах яаманд хүсэлт тавьсан байна. Үүнд үндэсний нүдний эмч байхгүй байгааг харгалзан нүдний эмч бэлтгэе гэж. 1948 онд Төв эмнэлгийн  нүдний тасагт эмчээр шилжиж хамт ажиллаж эхэлсэн билээ. Тэр хүн нэг жилийн дараа нутаг буцахад тасгаа авч ажилласан байна [1]. Тэрээр сүрьеэгийн анхны эмч байсан гэдэгт нэг их ач холбогдол өгдөггүй байлаа. Харин халдвартын эмч миний хувьд энэ нь сонин байсан юм. Хожим сүрьеэгийн алба байгуулагдсаны 80 жилийн ойд зориулж “Сүрьеэтэй тэмцсэн нь ” ном бичихэд үүнийг оруулсан билээ [2]. Тэрээр Улсын Нэгдсэн Төв эмнэлэгт нүдний эмчээр 1948 оноос 1961 он хүртэл ажилласан. 1963  оноос 1995 он хүртэл АУДэС-д багш, зөвлөх эмч, тэнхмийн эрхлэгч, декан, ЭХЯ-ны ёрөнхий мэргэжилтэн, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгийн тэргүүлэгчээр  ажилласан. 1995 оноос тэтгэвэрт сууж, улмаар УКТЭ-ийн нүдний тасгийн зөвлөх эмчээр ажилласан.
Р.Нямаа нь 1955-1956 онд Москва хотод ординатурт, 1961-1963 онд аспирантурт суралцаж Москва хотын Сеченевийн нэрэмжит 2-р институтийн нүдний кафедерт “Мицерин в борьбе с конъюнктивитом” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Р.Нямаа нь нүдний тэнхим байгуулагдахаас өмнө 1956 оноос нүдний хичээлийг цагаар зааж эхэлсэн. АУДэС–ийн эмчилгээний факультетийн деканыг  10 жил, нүдний тэнхимийн эрхлэгч 1963-1991 он хүртэл ойролцоогоор 28 жил хийсэн. 40 гаруй жил багшлахдаа олон зуун оюутанд мэргэжлийн хичээл зааж сурган гаргасны дээр 60 гаруй эмч нарыг курсээр нүдний эмчийн нарийн мэргэжилд дагалдуулан сургаж, ординатурын сургалтаар 20 гаруй эмчийг, нэг ба хоёрдугаар зэрэгтэй 10 гаруй эмчийг бэлтгэн сургасан. Мөн Э.Санжаа, П.Цэенпил, С.Манлай зэрэг 3 хүний эрдэм шинжилгээний ажлыг удирдан дэд эрдэмтний зэрэг хамгаалуулсан байна. Шавь нар нь одоо 88 МОНГОЛЫН АНАГААХ УХААН, 2013, 4 (166) ардын болон гавъяат эмч, доктор профессорууд болсон байна. Р.Нямаа нь шинжилгээ судалгааны илтгэл өгүүлэл 60 гаруйг хэвлэн нийтлүүлэн оюутан болон эмч нарт зориулсан гарын авлага, ном сурах бичиг 4 нийтлүүлж, мэргэжлийн 5 номыг хянан тохиолдуулсан бөгөөд эдгээр зөвхөн “Нүдний өвчин ” ном нь 4 дэх удаагаа дахин хэвлэгдээд байна.
Р.Нямаа нь сургалт болон эмчилгээнд олон  зүйлийг шинээр санаачлан нүдний практикт нэвтрүүлсэн бөгөөд хагас дамжуулагчаар бүтээсэн хөргөгч аппаратыг болрын мэс заслын практикт анхлан нэвтрүүлсний учир 1978 онд ШУТ-н Улсын хороо, МХЗЭ-ийн Төв хороо, Монголын шинийг санаачлагчдын нийгэмлэгийн зөвлөлөөс тус тус шагнуулж байсан. Нүдний даралт ихсэх өвчний үед хийгддэг мэс ажилбарын нэр төрлийг олшруулж иридоциклоретракци, иридонуклейзис, гүн склерэктоми, синусотрабекулэктоми зэрэг мэс заслын аргуудыг нүдний практикт амжилттай нэвтрүүлэн шавь нараа сургасан. Мөн торлог бүрхүүлийн сөнөрлийн үед нүдний алимны  шулуун булчингаас хэсэгчлэн салаалж суулгах арга, торлог бүрхүүлийн хууралтын үед хэрэглэх аргуудыг шинээр нэвтрүүлсэн. 1955 онд Одесс хотод Филатовын курст эвэрлэг нүүлгэн шилжүүлэх мэс засалд суралцан ирж Монголд анх удаа эвэрлэг нөхөн суулгах хагалгааг 1956 онд амжилттай хийж, цаашид олон шавь нартаа сурган өвлүүлсэн юм [1].
Нямаа багшийн төрсөн эцэг Даш Сампилон Буриадын томоохон сэхээтэн төдийгүй Монгол улсын Эдийн засаг, худалдааны яамны сайд байсан бөгөөд 1937 онд хэлмэгджээ. Сампилон Даши Сампилович Буриадын Агын буриад үндэсний тойргийн Аршаант гэдэг газар 1891 онд малчин Сампил Санжаевын 2 дахь хүүхэд болон төрсөн байна. Дээрээ Жамбал гэдэг ахтай Чойдог, Сандан гэдэг 2 дүүтэй байжээ. Чойдог Оросын дотоодыг хамгаалах ардын комиссиартын хэлмэгдүүлэлтээр буудан  алуулсан бол Сандан хэлмэгдүүлэлтээс Хятадын Хайларт дүрвэн гарчээ. Одоо Жамбал,
Сампилон, Чойдог, Сандан нарын үр хүүхэд Орос, Монгол, Хятад гурван улсад аж төрж байна. 1908 онд Москвагийн газар тариалангийн сургуулийг хугацаанаас нь өмнө шалгалтаа өгч төгсөөд 1913 онд Тимирязевын академид суралцахын зэрэгцээ хоёр жил хичээлийн бус цагаар Москвагийн А гүн ухаан, түүх, улс төр, нийгмийн ухаан, угсаатны зүй, археологи, хүн судлалын хичээлээр лекц сонссон байна [3-5]1917 онд хорин зургаан насандаа Бүх оросын тариачны их хуралд төлөөлөгчөөр сонгогдож Бүх оросын тариачны их хурлын тэргүүлэгчдийн зөвлөлд сонгогдсон байна. 1918 оны 1 дүгээр сард Эрхүү хот дахь “Буриадын үндэсний хороо”- ны тэргүүлэгч үүнээс өмнө 1917 онд Петербург хотод Буриад-Халимагийн хорооны гишүүнээр сонгогджээ. Тэрээр агрономич мэргэжилтэй Буриад–Монголын думын тэргүүлэгч байв [5]. Д.Сампилон 1921-1926 онд Бүгд Найрамдах Монгол Улсаас Москва дахь элчин төлөөлөгч, 1925 онд Баруун Европ дахь Монголын худалдааны төлөөлөгчдийн тэргүүнээр ажиллаж байжээ. Тэрбээр Берлин, Парис,  Лондон, Брюссель, Прага, Вена хотуудаар орж сонин хэвлэлд Монголын тухай ярилцлага өгч, тусгаар тогтносон шинэ Монгол Улсыг дэлхий дахинд сурталчилж байсны зэрэгцээ Европын хөгжилтэй орнуудаас машин, тоног төхөөрөмж, өргөн хэрэгцээний бараа худалдан авч байсан гэдэг.
Чухам энэ үед Германы тусламжаар Монголд тоосгон завод, анхны жижиг цахилгаан станц, төмрийн завод зэрэг үйлдвэр байгуулан герман мэргэжилтэн урилгаар ирж ажиллах болсноос гадна Германы геологийн экспедици ирж хайгуул шинжилгээ хийх боллоо.
Германы AEG пүүсээс худалдаж авсан 500 квт чадалтай цахилгаан станц нь Монголдоо анхных байлаа. Москва дахь Германы элчин сайд Брокдорф-Ранцау гүнгийн санаачлагаар 1925 онд Монголын худалдааны төлөөлөгч Германд ирлээ. Тэднийг Монголын Засгийн газрын ажилтан Сампилон толгойлж байлаа. Бүр цаашлаад Берлинд Монголын консулын газар байгуулах талаар хэлэлцээ эхэлсэн байтал төлөөлөгчид гэнэт гэдрэг татагджээ. Монголын засгийн газрын урилгаар ажиллаж байсан герман инженер Фриц Вискэ 1928 онд Гадаад Монголын эдийн засгийн нөхцлийн талаар их өндөр үнэлэгдсэн өгүүлэл бичиж хэвлүүлснийг Германы ГЯЯ ихэд сонирхож байжээ [6].
1926 онд анхны 25 хүүхдийг Германд сургуульд явуулсан ба тэд Лайпциг, Берлин гэх мэт таван хотод таран сууж, айлаар амьдран, дунд сургууль, лицей, мэргэжлийн ажилчин бэлтгэх сургуульд сурах боллоо. Төлбөрийг нь Монголын засгийн газар хийж байсан ба түүгээр үл барам Франц, Германд суралцаж буй сурагчийн монгол захиргаа байгуулж даргаар нь Ишдорж ажиллаж байв. Герман Францад монгол оюутан сургах, удирдах гол үүргийг 1926-1929 онд Монгол улсын Эдийн засаг, худалдааны яамны сайд байсан Сампилон, гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан нар гүйцэтгэсэн байна [7].

1926 онд 35 балчир хүүхдүүд (14 насны голдуу) хөрөнгөтний нийгэм хэмээгдсэн баруун Европт боловсрол соёлыг эзэмшихээр Герман, Францыг зорьжээ. Голын ард Д.Сампилон, зүүн талын захад түүний гэргий Раднаа, урд эгнээнд Эрдэнэбатхаан 
Даш Сампилон нь Холбоот Оростой хийх худалдааг эсэргүүцэн тэмцсэн хэргээр буруутгагдан 1929 онд Нямаа багшийг 6 настай, Индрааг 1 настай байхад Улаанбаатар хот дахь гэрээсээ баривчлагдсан бөгөөд 10 жилийн хорих ялаар шийтгэгдэн Соловенцийн хорих газарт ял эдэлжээ. Баривчлагдах үедээ тэднийд амьдарч байсан хамтран зүтгэгч, шавь Бямбын Ринчинд гэр бүл хоёр хүүхдээ захиж хамт амьдрахыг захьсан гэдэг. Тэрээр энэхүү баривчилгаа нь ахиж эргэж ирэх боломжгүй сүүлийн удаа гэр бүл үр хүүхдээ харж байгааг мэдэрч байсан байна [5]. Тэрбээр хоригдох хугацаандаа Цагаан далайн суваг дахь туслах аж ахуйн даргаар ажиллаж мөн Ленинградад амьдарч байсан болно. 1937 оны 1 дүгээр сарын 8-нд дахин баригдаж 1938 оны 1 дүгээр сарын 20-нд Архангельск мужид буудуулжээ [8]. 1989 оны 4 дүгээр сарын 12-нд цагаадсан байна. Охин Нямаа 1923 онд Москвад мэндэлсэн. Индра 1928 онд төрсөн. Эхнэр Раднаа хожим их эрдэмтэн Б.Ринчен гуайн эхнэр болсон билээ [9]. Залуухан судлаач Б.Ринчен нөхөр хамтран зүтгэгч Сампилоны сүүлчийн хүсэлтийг биелүүлж 2 охиныг өөрийн нэр дээр үрчлэн том эрдэмтэн судлаач нар болтол өсгөн хүмүүжүүлж өөрөө мөн хэлмэгдүүлэлтийн хүнд хэцүүг даван туулж нэрт эрдэмтэн, зохиолч, академич болсон байна.
Даш Сампилон нь Петроград дахь “Буриадын үндэсний хороо”-ны бүрэн эрхэт төлөөлөгч байсан бөгөөд Буриадын казак, атаман Семенов, больщевикуудын дунд уян хатан бодлого явуулж байжээ. АНУ-ын монгол судлаач Роберт Рупен “Хорьдугаар зууны монголчууд” номонд 1917 оны хавар зуны “хаант засгийг халсан” үйл явдлын нааштай нөлөөгөөр буриадын байдал нэлээд уясан чөлөөтэй болж иржээ. Гуравдугаар сард байгуулагдсан “Буриадын үндэсний хороо” (Бурнацком) буриадын улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх гол хэрэгсэл болж түүнд Цэвээн, Ринчино, Богданов, Барадин, Цыбиков, Сампилон зэрэг тэргүүний сэхээтнүүд орж байв. Читад төв байртай, Эрхүүд салбартай (Петроградад төлөөлөгчийн газартай) байсан “Буриадын үндэсний хороо” нь “үндэсний өөртөө засах эрх”-ийг олох, оросуудын халдлагаас газар нутгаа хамгаалахын төлөө тэмцэлдээ Эрхүү болон Өвөр Байгалийн буриадуудыг нэгтгэж байв. 1917 оны аравдугаар сард Эрхүүд байгуулагдсан Сибирийн зөвлөлүүдийн Төвийн Гүйцэтгэх Хороо (Центросибирь) нэртэй большевик байгууллага мөн оны наймдугаар сард байгуулагдсан большевикийн эсрэг Семеновын хөдөлгөөн хоёр сөргөлдөж байв. Буриадын газар нутаг дээр ноёрхлоо тогтоож авахын төлөө большевикууд Семенов нарын хоорондоо хийсэн тулалдааны үеэр “Буриадын үндэсний хороо” энэ хоёрын нэгийг сонгохоос аргагүй болж, чингэхдээ Семеновыг большевикуудаас илүүтэйд үзжээ [10].
1917 оны гуравдугаар сард Дээд Үд хотод болсон уулзалтаар “Автономит Буриадыг байгуулах Төв хороо”-г байгуулж, дөрөвдүгээр сарын 23- 25-нд Читад болсон их хурлаас “Үндэсний түр хороо”-г үндэслэж, буриад монголчууд Өвөр Байгалын хошуу, Эрхүү мужийн хамниган нарын “Үндэсний ба соёлын асуудал эрхэлсэн газрын түр байгууллагын талаархи хууль”- ийг боловсруулжээ. Петроград дахь “Буриадын үндэсний хороо”-ны төлөөлөгч Даш Сампилон тус их хуралд мэдээлэхдээ, өрсөлдөгч “Буриад, халимагийн хороо” нь “Буриадын үндэсний хороо”-ны эрх ашгийг төлөөлөөгүй төлөөлөгчийг дэмжиж байна гэжээ. “Буриад халимагийн хороо” нь өөрсдийг нь төлөөлж чадахгүй “Буриадын үндэсний хороо”-ны өмнөөс гагцхүү Даш Сампилон л үг хэлэх эрхтэйг баталгаажуулсан хэмээн Даш Сампилоны түүхэн дэх үүрэг ролийг Роберт Рупен “Хорьдугаар зууны монголчууд” номонд тодорхойлон бичсэн байдаг [10].


Д.Сампилон, гэргий Раднаа охин Индра, Нямаагийн хамт
1976 онд Монгол-Английн нийгэмлэгийн орлогч дарга байсан ноён Серже Волфф Монгол боловсролын баруун европ дахь сорилт, 1926- 1929 (Mongolian Educational Venture in Western Europe, 1928-1929) гэдэг ном бичсэн байна. Тэр үед 30 эрэгтэй, 5 эмэгтэй суралцаж байсан тухай, тэд 1926 оны 5 сард ирсэн тухай хуучилжээ. Тэрбээр уг дурсамждаа "Миний бие 1925-1929 онд Герман, Францад айлчилсан Монголын худалдааны төлөөлөгчид, боловсролын баг хүмүүст хэлмэрч, нарийн бичгийн үүргийг гүйцэтгэсэн. Тэр хүмүүст герман, орос, англи хэлтэй хүн хэрэгтэй байжээ.
Миний шинэ дарга надад нэрээ Сампилон гэж хэлсэн ба Орост байх хугацаандаа Иван Иванович гэж дуудуулан сурсан байжээ (хожуу миний мэдсэнээр түүний жинхэнэ монгол нэр Даш) Хөдөө аж ахуйн академи төгссөн түүний нүднээс сонор сэрэмжтэй, гярхай, боловсон хүн болохыг хэн ч харж чадна. Тэрээр маш сайхан яриатай. Өргөн  шанаатай, арьсны өнгө нь азийн шар арьстан гэхээсээ илүү хойд Европын, эсвэл наранд шарсан уу гэмээр бор өнгөтэй. Тэр мөчид би Сампилоны эхнэр Раднаа, 2 нас гарантай, зүүний орны хүүхэлдэйтэй адилхан, германаар бага зэрэг ярьдаг жаахан охин Нямаатай танилцсан" хэмээн тэмдэглэжээ. Тэгэхлээр Сампилон нь 1926-1929 онд Монгол улсын Эдийн засаг, худалдааны яамны сайд байх хугацаандаа гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан нарын хамт Герман, Францад монгол оюутан сургах, удирдах  гол үүргийг гүйцэтгэсэн байна. Европт боловсрол соёлыг эзэмшихээр Герман, Францыг зорьсон хүүхдүүд нь хожим нь манай алдарт зохиолч, эрдэмтэн, геологич болсон билээ. Тухайлбал: Н.Наваан-Юндэн, Б.Содном, герман Б.Доржсүрэн, зохиолч Д.Намдаг, Ж.Дүгэрсүрэн, Л.Уртнасан, Т.Аюурзана, их зохиолч Нацагдорж, гэргий байсан Пагмадулам нар болно [11;12]. Судар бичгийн хүрээлэнд уригдан ирж, ажиллаж байсан сургагч нэрт монголч эрдэмтэн Цыбиков "Би 1927 онд Монголд ажиллаж байхдаа Даш Сампилийнд очиж байлаа. Их соёлтой айл байсан. Таван настай охин нь германаар ярьж байлаа. Даш хэлэхдээ бид охиныхоо герман хэлийг зүгшрүүлэхийн тулд гэртээ германаар ярьдаг гэж байлаа" хэмээн бичсэн байдаг юм [12]. Хэдийгээр их зохиолч Б.Ринчин Нямаа багшийн төрсөн эцэг биш боловч Ринчин гуайг төрсөн ааваа мэт үзэж маш их хүндэлдэг байсныг би мэдэх юм.
Р.Нямаа багшийн том охин Э.Амина япон хэлний багш, Т.Цолмон төгөлдөр хуурч, ардын жүжигчин, зээ охин Т.Булган дэд профессор, анагаах ухааны доктор “Нүдний өвчин судлалын монголын сэтгүүлийн” хариуцлагтай нарийн бичгийн дарга, “Монголын нүдний эмч нарын нийгэмлэгийн” тэргүүн юм. Хань нь эрүүлийг хамгаалахын нэрт зохион байгуулагч, “Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан” 1947-1963 он хүртэл ЭХЯ-ны дэд болон жинхэнэ сайдын албыг 21 жил хашсан Г.Туваан билээ.
Р.Нямаа багш нь 1958 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1960, 1971 онуудад Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 1961,1971 онд Ардын хувьсгалын 40, 50 жилийн ойн медаль, 1974 онд эмнэлгийн сайчуул, 1978 онд МХЗЭ-ийн Төв хорооноос залуу үеийг сурган хүмүүжүүлэх тэргүүний ажилтан, 1980 онд Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан тэмдгээр тус тус шагнуулж, 1973 онд доцент, 1995 онд Анагаах ухааны их сургуулийн хүндэт профессор, 2002 онд профессор, 1983 онд Хүний гавъяат эмч цол, 2007 онд ардын эмч цол тус тус хүртсэн байна.
Ном зүй

1. Т.Булган “Нүдний Нямаа” 2000 он Улаанбаатар хот
2. Л.Энхбаатар, Н.Наранбат, Ж.Чулуун “Сүрьеэтэй тэмцсэн нь” Улаанбаатар хот 2004 он
3. http://www.buryatia.org/modules.php?op=modload&name=My_eGallery&file=index&do=showpic&pid=8092&orderby=dated
4. http://www.vse-adresa.org/book-of-memory/bukva-17/name-14/surname-108/repression-0
5. Цыдендамба Бадмацыренов “Даши Сампилон. 60 лет забвения” “Агинская правда” - газета Агинского Бурятского округа http://www.aginsk-pravda.ru/news/dashi_sampilon_60_let_zabvenija/2012-11-27-701
6. “Гадаадын капиталыг шахан зайлуулсан монгол туршлага” baabar.niitlelch.mn
7. “О”http://horidoimergen.blog.gogo.mn/?date=2007-09
8. http://nekropole.info/ru/Dashi-Sampilon
9. http://www.mongolinternet.com/famous/DashSampilon.htm
10. Роберт Рупен “Хорьдугаар зууны монголчууд” Буриадын хэрэг явдал 152-155. Улаанбаатар хот 2000 он.
11. http://horidoimergen.blog.gogo.mn/?date=2007-09,
12. Ч.Болдын урлан “Баруун Европт илгээсэн Монгол Улсын цэцэг” http://photo.inet.mn/ main/id=10030&vcategory=&vpage=77&t=new&t2=all 
 
Post a Comment