Saturday, April 9, 2016

Германыг зорьсон сурагчдын аян замын тухайд

Германыг зорьсон сурагчдын аян замын тухайд

Зууны мэдээ

Уржигдар
Одоогоос 90 жилийн тэртээ, 1926 оны дөрөвдүгээр сарын эцсээр нийслэл Улаанбаатараас мордсон 35 сурагч зүүдэндээ ч үзээгүй гайхам сонин газар орныг дамжин уйдах чөлөөгүй улаалан явсаар Герман улсын нийслэл Берлин хотноо хүрсэн урт аян бол тэдний зорьсон их хэргийн сонирхолтой нэгэн хэсэг түүх юм.
Харамсалтай нь 35 сурагчаас хэн нь ч тэр аялалын тухайд бүрэн тэмдэглэл үйлдэж үлдээсэнгүй. Гэвч тэдний зарим нь хожим эргэн санаж, дурсан ярьсан хийгээд тэр их ажил хэргийн тухайд илтгэсэн, мэдээлсэн албан захидал сэлтэд эл асуудлаар хэсэг бусаг мэдээ багагүй байдаг билээ.
Түүнээс гадна, тэдний араас мордсон таван сурагчийн нэг болох их зохиолч Д.Нацагдорж бичгийн хүний буйр зааж нийслэлээс хөдөлсөн 1926 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс Берлин хотын умард захын Фронау тосгон хүртэл хэрхэн аялсан замын тэмдэглэлийг товч боловч тодорхой эргэн боловсруулж шүлэглэн найруулж “Улаанбаатараас Берлин хүртэл” гэж гарчиглан үлдээсэн байдаг.
Эдгээр мэдээг эвлүүлэн зүйхийн зэрэгцээ тэр цагийн түүхийн холбогдолтой ном хэвлэлийн зарим баримтаар нөхөрлөвөл эл түүхийг бас ч бага сага сэргээн дэлгэрүүлж болохоор байна.
Мөнөөхөн 35-ын нэг болох Н.Наваан-Юндэнгийн гэргий Н.Лхамсүрэнгээс мөн тэдний дунд Германд суралцаж явсан гавьяат багш С.Бавуу гуайн дурсан ярьснаас тэмдэглэж авсан мөрүүдийг ном зохиолуудад бага зэрэг зөрүүтэйгээр эшилсэн байдаг. Энэ тэмдэглэлээс бидний сонирхож буй мэдээг хэсэглэн харвал,
“...Бид Герман явахдаа эхлээд “доож” [Dodge] машины кузовыг дэлгээд нуруу нуруугаа налан суугаад хөдөлж билээ. Шар хөв гэдэг газраас Алтанбулаг руу хоёр хоног морь, морин өртөөгөөр яваад Алтанбулагт хүрээд буриад айлын байшинд хоёр гурав хоноод морин тэрэгтэй Оросын хил ороод Сэлэнгээс Улаан-Үд [Дээд-Үд] хүртэл усан онгоцоор явав. ...Москва хүртэл тав хоног хатуу вагонд монгол эсгий гудсаа дэвсээд явдаг байлаа. ...Москвад буугаад гурав хоноод, дараа нь галт тэргээр Ленинградад очиж, тэнд усан онгоц хүлээж долоо хоносон” гэсэн байдаг.
Тэгэхлээр, Улаанбаатараас тэд ачааны тэргээр “Шар хөв” гэдэг газар хүртэлх замын хэсгийг явж аль нэгэн өртөө хүргүүлээд цааш мориор Алтанбулаг орсон тухай энд өгүүлэн буй асуудлыг тодруулахыг оролдъё.
Тэр цагт Улаанбаатараас Зөвлөлт Орос руу нэвтрэх 350 км замыг туулдаг ямар боломж байв гэвэл Хүрээ-Хиагтын Өртөө болон түүний хоёр гар талаар уруудсан зэрэгцээ замууд байжээ. Өртөөний шугамын баруугаар Орхон хаяалж явдгийг Баруун зам, зүүгээр нь Хүй, Ерөө голуудыг хөвөөлж явдгийг Зүүн зам гэдэг байв.
Харин Өртөөний зам бол эртнээс нааш худалдааны тээвэр, албан хэрэгцээнд хамгийн өргөн хэрэглэгдэж ирсэн, 30 орчим км тутамд өртөөний буудалтай, байнгын улаачид, сэлгээний уналга ачлагын адуу, шүүсний мал, бэлчээрийн нутаг бүхий цэгцэрсэн шугам байв. Хүрээ-Хиагтын хоорондох өртөөний буудлууд бол: Хүрээ-Хүй-Бургалтай-Хунцал-Хуримт-Хараа-Баянгол-Өрөмтэй (Өрмөгтэй)-Хүйтэн-Ерөө-Ивцэг-Гилаан нуур (Тайлун нуур)-Маймаачин-Хиагт.
Өртөг, зарлага багагүй өртөөний уналга, улааг хэн хүн дураар хэрэглэдэггүй, тусгайлан шийтгэсэн зөвшөөрөл шаардлагатай байв. Харин энд өгүүлэн буй багш, сурагчдын хувьд гэвэл тэд Засгийн газрын онцгой зар өвөртөлж явсан тул өртөөгөөр дамжин саадгүй үйлчлүүлж явсан нь ойлгомжтой.
С.Бавуу гуайн ярьсанд гарч буй “Шар хөв” юмуу “Шар хүв” гэсэн нэр бол ямар ч болов өртөөний нэр бус харин аль нэгэн өртөөний хавилцаах газар усны нэр байж болох юм. Магадгүй тэрбээр эргэж санахдаа, эсвэл ярьсныг нь тэмдэглэж авахад ташаарагдсан байж болзошгүй.
Иймэрхүү ташаарал, самуурал дурсамжуудаар элбэг байдаг. Ямартай ч, хуучин, шинэ газар дүрсийн зургуудад ийм нэр тааралдахгүй байна. Өртөө болон “Шар хөв” гэх газрын нэрийн төсөөр баримжаалж бодвол хоёр газрын байрлал анхааралд өртөгдөж байна: Хараагийн өртөөний ойролцоо Шар хөтөл уул гэж бий. Шар-Хүйтэн голуудын уулзвар тушаа Хүйтэний өртөө байрлаж байсан.
Гол дээгүүр гүүр байгаагүй, их устай үед голыг машинаар гатлахад бэрхшээлтэй тул энэ хоёр өртөөний аль нэгэнд хүүхдүүдийг хүргэж буулгасан байж магадгүй. Тэр үед гагцхүү Хүйтэн голын дараагийн Ерөө гол дээгүүр бирваазын гарамтай байв. Тааварт өртөж буй энэ хоёр газрын аль аль нь Улаанбаатараас улсын хил хүртэлх нийт замын дунд хэрд онолдох юм.
Ер нь машинаар гарсны учир бол хугацаа хожих, зам товчлох, даваа гүвээтэй бартаат хэсгийг тухайлбал, Манхтайн давааг гаталгаж өгөх нөгөөтэйгүүр, тэднийг нийслэлээс машин унаа хэрэглэн ёслол төгөлдөр мордуулах үзэл суртлын өнгө аяс ч байсан л биз.
Гучин таван сурагч, дөрвөн багш чухам хэзээ мордов гэдэг тухайд доорх тайлбар хийж болох юм.
“Үнэн” сонины 1926 оны тавдугаар сарын 21-ний өдрийн дугаар 28-д нийтлэгдсэн “Бас нэгэн алхам урагшлав” гарчигтай өгүүлэлд:
“Энэ дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хоёр өдөр БНМАУ-ын Ардыг гэгээрүүлэх яамнаас эрхлэн Улаанбаатар хотын газраас 25 хөвгүүнийг Герман, Франц зэрэг улсад гадаадын хэл, бичгийн сургууль үйлдүүлэхээр явуулахад зохих газрын төлөөлөгч нар очиж баяр илтгэлийг хүргэн үдэж одуулжээ” гэж байгааг ажиглахул, өөр баримтуудаар “30 хөвгүүн, 5 охин” гэх буюу “35 хөвгүүд, охид” гэж дурдагддагийг яагаад энд “25 хөвгүүн” гэж бичив гэсэн асуулт эрхгүй гарах нь лав алдаатай бичсэнийх бус харин сурагчдыг машинаар зөөхдөө хэдэн өдөр цувуулж гаргасан юмуу даа гэж бодогдуулдаг.
Өөрөөр хэлбэл, эхний 25 эрэгтэй сурагчдыг өгүүлэлд тэмдэглэсэнчилэн “25-ны өдрөөс эхлэн хоёр өдөр” буюу дөрөвдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд хариуцах багш дагалдуулан хөдөлгөөд, үлдсэн таван эмэгтэй, таван эрэгтэй сурагчийг дараа өдөр нь бас нэг хэсэг болгон зөөсөн байж таармаар байна.
Харин яагаад “хоёр өдөр БНМАУ-ын Ардыг гэгээрүүлэх яамнаас эрхлэн... зохих газрын төлөөлөгч нар очиж баяр илтгэлийг хүргэн үдэж одуулжээ” хэмээсний учрыг лавлуулан таамаглавал, сүүлийн хэсэг сурагчийг гаргаж өгөхдөө өмнөх хоёр өдөр шиг албаны олон хүн дахин дахин цугларч үг хэлэх, үдэх ёс хийх мэтээр чирэгдэл болгосонгүй явуулсан юмуу эсвэл дурдсан өгүүллийг бичигч эхний хоёр өдрийн ёслолд өөрөө биеэр байлцаад харин үлдсэн сурагчдыг үдэх гуравдахь өдрийн явдалд оролцоогүй бололтой шиг байна.
Ийнхүү хэд хэд тасалж явуулсны учир бол ачааны машины багтаамж, бололцоотой холбоотой байсан нь лавтай. Тухайн үед манайд Хятадаар оруулж ирсэн ганц нэгхэн ачааны Доож тэрэг байсны тэвш нь хариугүй жижиг учир 35 хүүхэд, 4 багш нийлсэн ачаа бараатай 39 хүнийг нэг байтугай хоёр ээлжээр ч зөөх багтаамжгүй нь үзтэл илэрхий.
Ачлагын зориулалттай Доож маркийн загвар хоёр янз байв, том нь нэг тоннын даацтай “Додже Фултон трак”, бага нь 0.7 тонн орчим даацтай “Додже Пикап”. Фултон тракны тэвш ердөө л 280 см х 178 см (110 инч х 70 инч) хэмжээтэй байсан тул тэвшний хашлагыг дэлгээд ч тэдний 1/3-ийг буюу 13 хүнийг шахцалдуу л багтаах байв.
Энэ хоёр төрлийн ачааны тэргийг 1920-иод онд Монголын говь нутагт АНУ-ын байгаль судлаачЭндрюс Рой Чапманы (1884-1960) удирдан явуулсан Төв Азийн экспедицид олноор хэрэглэж байсан учир эл экспедицийн түүхийн ном зохиолууд дахь зургаас тэдгээрийн хэмжээ, багтаамжийг тодорхой харж болох байна.
Гурван өдөр цувуулж зөөсний учир бол нэг мөсөн гурван тэрэг зэрэг гаргах бололцоогүй байсных биз. Иймээс нэг тэргээр түрүүчийн хэсгийг товлосон өртөөнд хүргэж орхиод оройдоо буцаж ирээд маргааш өглөө нь дараагийн ээлжийг зөөх мэтээр ээлжилсэн бололтой.
С.Бавуу гуайн ярианд “...Алтанбулагт 2-3 хоноод” Оросын хил гарч явсан гэж дурдагдаж буйг бодохул, ачааны тэргээр өртөөнд түрүүлж хүргүүлсэн сурагчид тэндээ ар арынхаа хэсгүүдийг хүлээлгүй цааш аялан явсаар харин Алтанбулаг дээр, хил гарахын наана цугларцгаахаар бие биенээ гүйцэн ирэхийг хүлээж түрүүч нь 2-3 хоноход хүрчээ гэж ухмаар шиг байна.
Бас “...морь, морин өртөөгөөр” явсан гэдэг нь лав морин тэргээр явцгааснаа өгүүлсэн баймаар байна. Ачаатай 39 хүнийг тус бүрд нь ачлага, уналгын мориор хангана гэвэл өртөөний улааны агт хүрэлцэхээргүй нүсэр явдал болох учир 6 морин тэрэг гаргаж хүргэсэн байх. Аравдугаар сард тэдний араас явсан Д.Нацагдорж нарын таван сурагчийг мордоход машин олгоогүй тул бүр Улаанбаатараас морин тэргээр гарч өртөөгөөр дамжин явж Алтанбулаг/Хиагт орсон байдаг билээ.
Хиагтаар нааш цааш хил нэвтэрч явсан худалдаачин, судлаачид, жуулчид, албаны хүмүүсийн замын тэмдэглэл цөөнгүй байдаг тул мөнөөх сурагчид хэрхэн хил гарч унаа, хөсөг улаалан явсаар Дээд-Үдийн (1934 оноос Улан-Удэ гэж нэрлэгдэх болсон) галт тэрэгний их замын буудалд хүрч золгосон аялал харьцангүй тодорхой ойлгогдож байна.
Алтанбулаг бол Ардын хувьсгалаас өмнө Монгол Хиагт, Өвөр Хиагт гэж нэрлэгдэж явсан, Олноогийн өмнөх нэрээр бол Маймаачин юм. Гэвч эл цагийн Алтанбулаг бол урьдын Маймаачин тэр хэвээр биш, Ардын хувьсгалаас хойш ахар хугацаанд нүүр царайгаа өөрчилж, Маймаачны зүүн хажуу дээр өргөжиж буй тосгон болоод байв.
Замбараа муутай, хандсан зүгтээ задгай тарсан хуучин Маймаачнаа бодвол их цэгцтэй, гол төлөв, орос, хятадуудын шинээр барьсан мод, шавар байшин, бас олон тооны монгол гэр зэргийг бүгдийг хашаагаар зааглан өргөн гудамж гарган гортиглон барьж байрлуулж эхэлсэн байжээ. Үүгээр Монголын хил, гааль, байцаан өнгөрүүлэхийг нэвтэрч гараад хэдэн алхамын цаана холгүй Зөвлөлтийн хилийн боомт болох Ар Хиагт буюу Орос Хиагтаар баримт бичиг, эд бараагаа дахин шалгуулж өнгөрөхөд хоёр улсын хил давж буй нь тэр аж.
Энэ үеэр хил нэвтэрч явсан улсын адал явдлаас ажиглахад амин хувиар төдийгүй албаны хэргээр зорчигчдыг ч Монголын гааль их зуурч шалгадаг, Оросын гааль шуурхай өнгөрүүлдэг байсан гэх. Монгол сурагчдын хувьд бол Засгийн сайд биеэр дагалдаж тусгай томилолт авч явсан тул тэр бэрх Монголын гаалиар их чирэгдэлгүй давсан нь лавтай.
Хилийн шалгалт, гаалиар дамжин гарч ирсэн улсыг Орос Хиагтаас хойш гурван км хүрэхгүй зайтай орших Тройцкосавск буюу нутгийн монголчууд Дээд Шивээ гэж нэрлэдэг тосгон руу бага сага хөлсөөр зөөдөг хувийн морин тэрэгтнүүд Оросын гаалийн хашааны гадаа олноор хүлээж байдаг байсан гэж бичдэгээр бол монгол сурагчид ч үүгээр Тройцкосавск орцгоосон нь тодорхой хэрэг. Одоо энэ суурин сунаж өргөжөөд Кяхта (Хиагт) гэж нийтдээ нэрлэгдэх болж Тройцкосавск гэдэг тусгай суурин үгүй болжээ.
Тройцкосавскаас цааш Верхнеудинск буюу Дээд-Үдийн галт тэрэгний буудалд хүрч очих хоёр маршрут байдаг байв. Тройцкосавскаас баруун хойш Элст давааг давж 17 км зам туулаад Сэлэнгэ мөрний хөвөөн дэх Усть-Кяхта (Уст-Хиагт) гэгч зорчигч, ачаа тээврийн боомт ороод тэндээсээ усан онгоцоор 200 км аялж очих, эсвэл Тройцкосавскаас Дээд-Үд ордог 230 км замыг хөсгөөр шувт явах.
Энэ хоёр маршрутад тэр үед үндсэндээ морин тэрэг явдаг боловч үнэ өртгийг дийлэх бэнчинтэй бол машинаар ч хүргүүлдэг боломжтой болсон байв. Усан онгоц ашиглаж явах нь арай товч, ялангуяа ачаа бараатай, олуулаа яваа улсад нэн хямд төсөр, ядаргаа багатай боломж байв.
Өгүүлэн буй үйл явдлын өмнөх жил буюу 1925 оны 5-6 дугаар сард Улаанбаатар хотын дунд сургуулийн захирал Б.Ишдорж, багш Тугалханов нар ахлах хоёр ангийн 40 сурагчийг удирдан Дээд-Үд, Эрхүү хотууд, Черемхов, Алар, Бохан нутгуудаар тойрон аялал хийхдээ үүгээр явсан тул мөнөөх 39 багш, сурагчид маань урьдын туршлагаар түвэггүй аялан явцгаасан байна.
Гэвч 10 дугаар сар гарахын хамт голын ус татарч, зайрмагтаж эхэлмэгц усан онгоцыг хаврын урь ортол зогсоодгоос морин тэргээр зүдэж явдаг байжээ. Хожим тэдний араас одсон Д.Нацагдорж нарын таван сурагч яг энэ үеэр таарсан тул Тройцкосавскаас морин тэрэг хөлслөн шууд Верхнеудинск өөд явцгаасан байдаг юм.
Верхнеудинск-Усть-Кяхта хоорондын усан замд энэ хэдэн жилд “Работник” гэдэг зорчигч тээврийн хөлөг онгоц үйлчилгээнд явж байсан тухай ном зохиолоор бичигдсэн байдаг тул Монгол сурагчид чухам үүгээр явсан баймаар байна. “Работник” гурван давхарлагатай, гол төлөв чиргүүл чирч явдаг, замын дунд хэрд Селенгинск-т (Новоселенгинск) зогсоолтой байжээ. Урсгалын уруугаа Усть-Кяхта-Дээд-Үд чиглэл нь арай түргэн буюу орой нар шингэх алдад хөдлөөд маргаашийнх нь 16:00 цаг орчимд Дээд-Үдэд буудаг байсан гэнэ.
Дээд-Үд бол Хиагтаас Транссибирийн төмөр замын их шугамаас Москвагийн чиглэлийн галт тэрэг тосож суух хамгийн ойрын өртөө байв. Үүгээр тухайн үед долоо хоногтоо таван удаа Манжуур/Владивосток/Хабаровск/Амар/Уссур талаас нэгдэж Дээд-Үдээр дайран өнгөрдөг ¹1, ¹3, ¹23, ¹103 дугаарын галт тэрэг явдаг байжээ.
Октябрийн хувьсгалаас өмнө дөрөв хүртэл зэрэглэлтэй байсан суудлын ялгааг “пролетарчилж” хоёр зэрэглэлтэй болгосон байв. Нэгдүгээр зэрэглэлийн вагон нь тэр чигээрээ хаалгаар тусгаарлагдсан 10 тасалгаатай, одоогийнх шиг хоёр ханандаа тус бүр хоёр давхар зөөлөвчилсөн ортой, хоёрдугаар зэргийн вагон нь заагласан тасалгаатай, хаалгагүй, хоёр ханандаа гурав гурван давхар модон наартай.
Гудас, хучлага орос рублээр худалдаж авч хэрэглэнэ. Манайхан зардлын хямдаар хоёрдугаар зэргийн суудлаар гарсан ба гудас хучлага нимгэн тул хүүхдүүд нутгаасаа авч гарсан дээл хувцасаа давхар дэвсч нэмэрлэж явсан гэдэг.
С.Бавуу гуай, Москва ортол тав хоног явсан гэж бичсэн байдаг нь тэр цагийн галт тэрэгний хуваарийг түүхийн утга зохиолуудаас сөхөн лавлахад бага зэрэг зөрүүтэй, Эрхүүгээс 6-7 бүтэн хоног, Дээд-Үдээс бол 8-9 хоног явж Москвад хүрдэг байсан гэнэ.
Замын буудлууд бол одоогийн маршруттай үндсэндээ ижил бөгөөд Д.Нацагдоржийн замын тэмдэглэлд товч тусгагдсан байдаг ба өнөөдөр ч ихээхэн зөрүүтэйгээр тэр л маршрутаар явдаг билээ.
Замын гудасын том жижиг хот суурингаар дайрах урт богино зогсоол болон галт тэрэгний цонхоор жирэлзэн өнгөрөх дүр зурагнаас хуучин цагийн бөглүү буйд өсөж өндийсөн мөнөөх сурагчид маань Оросын ард түмний бүтээн байгуулалт, амьжиргаа, түг түмэн хөлхсөн буудлууд, хотын нүргээн, илчилгүй уудам ой тайга, гол мөрөн, хөдөөгийн хүн ардын аж төрлийг гайхан сонирхож алжаал, нойрыг умартан, уйдах завгүй ажиглан ярилцаж явсан нь ойлгомжтой.
Сурагчдыг дагуулж гарсан манай шилдэг сэхээтнүүдийн төлөөлөгч сайд Э.Батхаан, багш Ж.Авирмэд, Б.Далай, Д.Буддарь нар ч замын зуурт мэдэх чадахаа зааж зурж явсан нь ч тодорхой. Ялангуяа гадаад хэлтэй Б.Далай, Д.Буддарь багш нар сурагчдад латин цагаан толгой сургаад, түүгээр үг үүсгэх, өгүүлбэр бүтээх зарчим зэргээс зааж явсан гэж сурагчдын зарим нь хожим дурссан байдаг юм.
Д.Буддарь (1894-1939) бол дорно, өрнийн олон хэлний сайтар дэвсгэртэй болсон, Б.Далай (1906[?]-1927) англи хэл бичигт чамбай суралцсан багш нар байв. Дээр дурдсан Эндрюс Рой Чапман өөрийн экспедицэд дагалдан ажилласан Б.Далайг гаргуун сайн англи хэлтэй (“He spoke excellent English and was a very nice boy”) гэж дурдатгалдаа тодорхойлж бичсэн байдаг билээ.
Алс Дорнодын чиглэлээс гарсан галт тэрэг Москва хотын “Северный” (1870 он хүртэл Троицкий, 1870-1922 Ярославский, 1922-1955 Северный, 1955 оноос хойш дахин Ярославский гэж нэрлэгдэх болсон) гэдэг галт тэрэгний буудалд ирж буудаг байжээ. Одоо хэр нь үүгээр зорчиж ахин дахин энд буудаг хүнд ч ирэх болгонд нүсэр нүргээнтэй санагддаг энэ буудал анх хөл тавьж буй сурагчдад маань үй олноор шахцалдаж, нүд эрээлжлүүлж, чих дөжрөөсөн нүсэр хот хачин гайхалтай байсан байж таарна.
Дуртгал, дурсамжуудад өгүүлдгээр бол мөнөөх монголчууд Москвад Германы виз олгохыг хүлээж, бас Э.Батхаан сайд Берлинээс Монголыг зорьж яваа Германы найман (нэг нь Шведын иргэн) инженер техникийн мэргэжилтнийг дагуулан гарсан. С.Хурлаат болон мэргэжилтнүүдийн ахлагч Ф.Вейске нартай уулзан хэд хоног саатаад тавдугаар сарын 18-19 орчимд цааш Ленинград (одоогийн Санкт-Петербург) руу хөдөлцгөөсөн байна.
Учир нь Москвагаас галт тэргээр Берлин ордог товч бөгөөд тохилог боломж байсан хэдий ч энэ нь Рига хотоор дамжин төмөр замын европ стандартын нарийн шугам руу шилжин унаа сэлгэж явахын зэрэгцээ үлэмж үнэтэй байв. Харин нөгөө нэг боломж бол Ленинградаас Балтийн далайн усан онгоцоор Таллин боомт дайрч Германы Штеттин боомт орох аялал байсан ба энэ нь удаан боловч хямд учир олуулаа яваа тэдэнд хамгийн зохистой унаа байв.
Москва хотоос хойшоо чиглэлийн галт тэрэг явдаг шугамын төв буудал буюу Октябрьский (1855-1923 онд Николаевский; 1923-1937 онд Октябрьский; 1937 оноос хойш Ленинградский гэж нэрлэгдэх болсон) галт тэрэгний буудлаас Москва-Ленинградын хоорондох 650 км шугамд (өмнө нь Николаевскийн төмөр зам нэртэй байгаад 1923 онд мөн Октябрьский гэж нэрлэгдэх болсон) өдөр тутам зорчдог тохилог галт тэрэг үдэш хөдлөөд өглөө эрт Ленинград хотын Октябрьский буудалд (1923 оноос өмнө Николаевский; 1930 оноос хойш Московский) хүрэлцэн ирдэг байжээ.
Мөнөөх аянчид маань Ленинград хотoд ирээд цааш аялах бас бус бэлтгэл ажлыг амжуулах завсар сурагчид урьд жил нь Ленинградад ирээд суралцаж байсан Б.Ринчен, О.Намнандорж, Д. Гончиг зэрэг оюутнуудаар газарчлуулан хот үзэж долоо хоног хэртэй саатсан байна.
Ийнхүү саатахын цагт тэд Петроград хотын Гүнзэчойнэй хэмээх бурхны шашны хийдийг сонирхон үзээд үүдэнд нь татуулсан дурсгалтай нэгэн зураг байдаг нь хэвлэлээр түгэн тархжээ. Нийслэлээс гарахад нь талбин олгосон саарал өнгийн бүрх малгай нийтээр тавьцгаасан, охидууд нь цэнхэр дээлээ өмсөж, хөвгүүд нь европ хувцасаар гоёсон байдаг аж. Европ хувцасны байдлыг ажиглахул тэр үед моодонд орсон “хомбург” загварын бүрх малгай, пионер цамц, судалтай зангиа, аралтай тэлээ, баруун Европт дэлгэрээд байсан “кникербокерс” хэмээх өвдөг дарсан богино өмд, урт шилбэтэй оймс, шагалбар гутлаа журам ёсоор өмсөцгөөсөн харагдана.
Монгол сурагчид маань цааш хэрхэн аялан явж тухайн үеийн Герман улсын нутаг Штеттин хотын хөлөг онгоцны боомтод хөл тавьсан тухайд Э.Батхаан сайдын зургаадугаар сарын 10-ны захидалд нэлээд тодорхой тэмдэглэгдсэн байдаг:
“Эрдэнэбатаас Холбоот улсын Москва хотноо суугаа элчин сайдад илгээсэн бичиг. 16 [1926] дугаар оны зургаадугаар сарын 10.
Эрдэнэбатаас Холбоот улсын Москва хотноо суугаа Элчин сайд танаа. Толилуулахын учир. Мөнөөх Эрдэнэбат миний бие Ленинградад хүрээд энэ өнгөрсөн таван сарын хорин долооны орой Германы галт онгоцонд багш нар хүүхдийн хамтаар сууж Балтийн далайгаар гурав хоног дөрвөн өдөр болтол явж, салхин долгио тохиолдсонгүй бүгдээр сайнаар мөн сарын гучны оройн долоон цагт Германы Стэдин [Штеттин] хотноо хүрээд түүнээс галт тэргэнээ сууж мөн шөнийн 12 цагт Берлинд ирэв...” гэж мэдээлжээ.
Үүгээр бол тэд 1926 оны тавдугаар сарын 27-ны орой Балтийн далайгаар усан онгоц хөлөглөн Германы Штеттин хотыг чиглэн гарцгаажээ. Гучны оройн 19:00 цагт Штеттин хотын боомтод (Штеттинер Хафен) ирээд, цааш галт тэргээр аялан явсаар шөнө дунд буюу 31-ний үүрээр Берлинд хүрсэн байна. Үүнд холбогдуулан зарим зүйлийг дэлгэрүүлэн тодруулъя.
Ленинград-Штеттины далайн шугамд зорчигч тээврийн хэд хэдэн онгоц нааш цааш хөвдөг байснаас 1920-иод оны дундуур Германы “Пруссиа”, “Трансбалт” онгоцуудын нэр байнга дурдагдаж байх юм. Аль аль нь Ленинградаас Штеттин хүрэх 1310 км замыг графикийн дагуу явбал 2.5-3 хоногт туулдаг байжээ.
Аялагчдын мэдээллээс ажиглахул, Балтийн далайгаар хөвөх онгоцондоо орж байраа эзлэхийн өмнө Ленинград хотын Нева мөрний цутгалангийн боомтод хил, гаалийн үзлэг шалгалтаар ордог байжээ. Октябрийн хувьсгалын дараах 10 гаруй жил Оросын цагаач дүрвэгчид баруун Европ руу олон тоогоор гарахдаа хямдын улмаас энэ шугамаар зорчиж байсан тул ялангуяа олон суудал бөөнөөр олж авахад чирэгдэл хүлээлэг ихтэй, онгоцонд суудаг дээрээ тулахаар хилээр гарах гарахгүй эд агуурс, бараа, мөнгө, түүхийн дурсгалт зүйл, баримт материал, зөвшөөрөл гэх мэт өдий төдий цаг идсэн шалгалт үзлэг, түүний дээр хүнд суртал нэмэгдэж тэвчээр тэсвэрийг барагдуулсан удаашралтай байдаг байжээ.
Ийнхүү Нева мөрний боомтод хил, гаалиар дамжин өнгөрөөд зөөврийн жижиг онгоцонд сууж 30 км орчим зайтай орших улсын торгон хилийн зогсоол болох Кронштадт-д очиж хилийн байцаан өнгөрүүлэхээр дамжин бичиг баримт, билет зөвшөөрөл шалгасан бас нэгэн шат дамжин цааш явах хөлөг онгоц руугаа шилжин суудаг, онгоцны экипаж нь бэлтгэлээ хангаж, боомтоос хөдлөх зөвшөөрлөө авснаар Финляндын булан руу сая хөвөн гарч замдаа ордог журамтай байв.
Ленинградаас хөдөлсөн монголчууд маань бүтэн гурван шөнө явсаар 30-ны үдээс өмнө Штеттин хотын боомтод ирэх байтал графикаас олон цаг хоцорч 19:00 цагийн алдад сая ирж Одер мөрний уужим цутгалангийн (Одерхафф) баруун эргийн хотын төвийн харалдаах зогсоолд зангуу орхин буусан байна.
Штеттин бол одоогийн Польш улсын Өрнөд Померн мужын (Воевод) нийслэл Шчечин (Szczecin) буюу тэр үеийн Германы Ваймарын улсын харъяат Чөлөөт Прусс улсын Поммерн мужийн нийслэл бөгөөд Одер мөрний эргийн сэрүүн дэнжид асаж тэрлэсэн тосгодоос XII зууны эцсээр өргөжиж дэгжсэн хот юм.
Штеттин бол нийслэл Берлинээс далайн гарманд хүрдэг хамгийн ойрын боомт байсан учир Берлин-Штеттины төмөр зам нь эрт тавигдсан гол шугамуудын нэг байв. Энэ шугамын голдриг одоогийнхоос арай өөр байсан нь төмөр замын сүлжээсийн хөгжилтийн явцад нэлээд өөрчлөгджээ.
Монголчуудыг энд хүрэлцэн ирэхэд Берлин дэх Монголын худалдааны төлөөлөгч Даши Сампилоны даалгавраар түүний хэлмэрч С.М.Вольф гагцаар ирж угтаж авсан байна. Мөнөөх усан онгоц боомтод ирж зогсоход хүүхдүүд бүгд Улаанбаатараас авч гарсан цэнхэр дээл, бүрх малгайгаа өмсөцгөөгөөд тавцанд гарч зогссон нь алс газрын гадаадын иргэд төдий их холхидоггүй асан тэр цаг үед мөн ч содон харагдаж боомтоорхөлхөх улс амьтан “эвэртэй туулай” үзсэн мэт гайхан сониучирхаж байсан тухай тэрбээр дуртгалдаа тэмдэглэсэн байдаг билээ.
С.М.Вольф хүүхдүүдийг дагуулан гол хөвөөлсөн явган гудмаар (тэр үеийн Боллверк буюу одоогийн нэр нь Бульвар Пиастовски) урагшаа галт тэрэгний буудал (Штеттин Баанхоф буюу 1945 онд Польшийн нутаг болсноос хойш Шчечин Гловны гэж нэрлэх болжээ) чиглэн хоёр км хэртэй алхсан байж таарна.
Штеттин хотын төмөр замын төв буудал бол одоо ч хэвээр хотынхоо өмнөд дүүрэгт Одер мөрний хөвөөнд байрладаг. Баруун гар талын өндөрлөгт ярайх хотын төрх байдал Зөвлөлтийн нутгаар аялах замд үзэж өнгөрсөн хот суурингаас нэн анги болж ирэхийг хүүхдүүд алхах зуурт ажиглан анзаарч явсан нь гарцаагүй.
Галт тэрэгний буудалд хүрмэгц мөнөөх монголчуудын паспорт баримт бичиг болон Москва дахь Герман улсын элчин сайдын яамнаас авсан виз зэргийг нэг бүрчлэн нарийн шалгаж, ямар нэг бүртгэлтэй нягтлан тулгаж ихэд удсан нь тэр цаг үеийн учир шалтгаантай байв. Юу гэвэл, Октябрийн хувьсгал, Пролетарийн диктатур, иргэний дайнаас дайжсан дүрвэгсдийн цуваа болон дэлхийн I дайны дараагаар зүүн Европт шинэчлэн эмхэлж тогтоосон хил хязгаарын хөдөлгөөнөөс хүн ам, үндэстэн угсаатны нүүдэл суудал татраагүй байсан цаг юм.
Монголчууд гуравдугаар зэргийн хямд нийтийн хатуу суудалд билeт авч хөдөлцгөөжээ. Штеттинээс баруун урагшаа бараг шулуун тавигдсан Штеттин-Берлины 150 км төмөр замын шугамд өдөртөө гурван удаа галт тэрэг зорчдог нь замын хэд хэдэн зогсоол дамжин хоёр цаг 30 минут орчим явж Берлинд хүрэлцэн ирдэг байв.
Ийнхүү алс газраас эрдэм өвөрлөн ирэхээр их хэргийг зорьсон сурагчид маань 35 хоног аялан Герман орны хөрснөө хөл тавьсан түүхтэй.
Б.О.Болд

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...