Monday, July 7, 2014

Түүвэр зохиол

           Монгол ард улсын ууган зохиолч Дашдоржийн Нацагдоржийн зохиолоос орсон дөрвөн зүйлсийг эмхэтгэж тусгай бяцхан дэвтэр болгон хэвлэжээ.  Мөн дэвтэрт зохиолч Нацагдоржийн бичсэн зарим шүлэг, өгүүллэг орсон нь үнэхээрт уншигчдын сонирхлыг татаж чадмуй.

         Зохиолч Нацагдорж зохиолын талаар авъяастай хүн байснаас гадна Монголын хэл бичиг, түүх, улс төр зэргийг сайтар судалж, биеэн эрдмээр чимэглэсэн нь түүний зохиосон зүйлсээс илэрхий мэдэгдмүй.

         Ер нь зохиолч Нацагдорж бол бичих зүйлээ хүний сэтгэл хөдөлмөөр уран найруулдаг бөгөөд юмыг ихээхэн суурьтайгаар судалж чадаж байсныг одоо бид түүний зохиосон зүйлсээс бас олж үзэх боллоо. Тэр нь манай зохиолчдод жишээ болж олны сэтгэлийг биедээн татаж чадсан явдал бол гагцхүү түүний зохиолын чадлаас болж хэмээн тэмдэглэх хэрэгтэй байна.

       Д.Нацагдоржийн зохиолын түүврийг ингэж эмхэтгэн хэвлэсэн нь их л сайшаалтай хэрэг гэж миний нэгэн адил манай уншигчид мөн зохиолын түүврийг олж үзмэгц үнэлж ахмад зохиолч Нацагдоржийн бичсэн өөр зүйлсээс хэлээсэй гэж хүсэх нь лав. Манай уншигчид нас нөхцсөн зохиолч Нацагдоржоо үгүйлэн дурсан санацгааж, түүний зохиолыг сонирхон уншсаар байдаг юм.

       Зохиолч Нацагдорж богинохон хугацааны дотор нилээд олон зүйлийг бичсэн бөгөөд эдүгээ тэр бүрийг бид олж аваагүй байна.Жишээлбэл зохиолч Нацагдорж бол зохиолоо хоёр хар дэвтэр дээр бичиж явдаг байв. Энэ хоёр хар дэвтэр дээр түүний гарааг бичсэнийг Шинжлэх ухааны хүрээлэнгийн хэл бичгийн кабинет одоо хүртэл эрэхэд олдоогүй, сураг тавин буй. Эдгээр хоёр дэвтрийг авчирч өгсөн хүн нь маш их сайшаагдаж, тус улсын урлагын санд онц тусыг үзүүлэх болно.

    Бас зохиолч Нацагдорж бол танил нөхөддөө хааяа сайхан зохиолыг бичдэг байв. Иймд эдүгээ түүний бичсэн яруу сайхан зохиолыг мөн Шинжлэх ухааны хүрээлэнгийн хэл бичгийн кабинет олж авахыг хичээж буй.

   Зохиолч Нацагдоржийн бичсэн ямар нэгэн юмыг уншихад Монголын эрт эдүгээгийн аль нэгэн явдал дурайж харагдаж, хялбархан ойлгогдохоор барахгүй харин хүний сэтгэлд хоногшин тогтмуй.

       Үүгээр барахгүй, харин Нацагдоржийн зохиолоос түүний мөн чанарыг судалж болно. Зохиолч Нацагдоржийн энэ зохиолын түүвэр нөгөөтэйгүүр сонирхогдон уншигдах, бас нөгөөтэйгүүр манай улсын зохиол бичих авъяастанд гарын авлага буюу дуурайл болж чадах нь дамжихгүй. Ийм учраас зохиолч Нацагдоржийн зохиолын бүрэн цуглуулгыг дахин хийх явдал чухал шаардагдаж байгаа юмаа.

Б.Содном "Цог" сэтгүүл 1945.No#7.   

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...