Tuesday, April 29, 2014

МОНГОЛ ЭСГИЙ ГЭРИЙН НЭР ТОМЪЁО

МОНГОЛ ЭСГИЙ ГЭРИЙН НЭР ТОМЪЁО



         Монгол гэр бол хүн төрөлхтний орон сууцыг газрын хөрсөн дээр гаргаж барих болсон түүхтэй холбогдох юм аа. Ер монго гэрийн тухай Сыма-Цянь, "Монголын нууч товчоо", Рашид-ад-Дин, Бильгельм-Рурук, Плано- Карпини, Марка-Поло, Х. Маковецкий, В. Радлофф, Г.Х.Потанин, Х. Харузин, Э.Г.Гаффэрберг, Ц.Жамцарано, Б.Я.Владимирцов, М.Кондратьэв, И. Монтарю, Пона Таш, А. Дамдинсүрэн нарын бичиг зохиолд эрт цагас одоо хүртэл зуу гаруй хүн янз бүрийн хэл бичгээр монгол гэрийн үүсэл гарал, түүний зохион байгуулалтын тухай тус тус бичиж тэмдэглэсэн байна. 
           Монголчууд зэрэг нүүдэлчин аймгийн дотор эсгий гэр хэрэглэгдэж, түүний хэлвэрийг цаг тухайдаа ашигласаар ирсэн боловч, харин жинхэнэ ихээхэн хөгжил нь Халх монгол дээр харагдаж байгаа юм аа. Жинхэнэ эсгий гэр бүрдэж бий болохын өмнө монголчуудын хэрэглэж байсан зарим орон сууцыг нэрлэвэл: "Эмбүүл" буюу "нэмбүүл*"(*Монголын нууц товчооны 6, 100, 244-р зүйлийг үзнэ үү.) гэсэн нь хэдэн ширхэг нарийхан уртавтар шургаалийг дээд үзүүрээр нь холбож боогоод, ёзооыг газарт алцайлган суулгасны дараа, өвсөөр хучиж, үүд гарган хэрэглэж байжээ. 
            Үүнчилэн шовоохой бол мөн их л дээр үэийнхээр барахгүй, зохион байгуулалтын талаар саяын өмнө дурьдсан эмбүүлтэй яг адилхан байжээ. Гэтэл сүүл сүүлдээ бүрээсийг модны холтсоор хийж, өвсөөр чигжээд хаяаанд дээгүүр нь шороогоор манах болсон байна. Ер шовоохой бол нэгэн ёсны овоохой мөн боловч, зөвхөн бүрээсний талаар өмнө хэлсэн ёсоор өвөрмөц юм. 
     Үүнтэй адилхан одоо хүртэл зарим цаатан буюу анчин, хадлангийн хэрэглэсээр байдаг орон сууцны нэг бол урц байна. Урц бол эмбүүл, шовоохой хоёроос онц ялгагдахгүй байв. Энэ гурван зүйлийн орон сууцанд хэрэглэж байсан шургаагийг унины төсөөтэйгөөр холтсыг авч, өргөснийг дараад, модгүй говь, тал газар зэрэг хаа ч авч явахад авсаархан болгожээ.
      Унины төсөөтэй зассан шургаагийг голдуу овоохойд бюу жовгонд (цомцоод) байнга хэрэглэснээр барахгүй, ангийн арьс, хонь, ямааны нэхий, турсагаар буюу эсгийгээр бүрдэг болсон учир, бүрээстэй болох эрмэлзэлд орсон байх юм. Ингэж бэлхэн мод, бүрээстэй болгосон явдал цаашдын хөгжил дээр чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй, их нөлөө үзүүлсэн байна. Энэ бэлхэн мод, бүрээстэй болсон зүйлийг овоохой буюу жовго (цомцоо) гэж монголчуудын дунд янз янзаар нэрлэж байжээ.  Эдгээрээс үндэслэж, жовгон тооно (харагч) гэдэг 7 буюу 14, эсвэл 20 см голчтой, дороосоо 4, эсвэл 8, бас 12 ташуу нүхтэй тооно гарчээ. Нүхний тоогоор унь буюу нөгөө зассан шургаагийг хатгаад, унины бөгсийг шууд газарт суулгаж, үүд гарган, уг бэлдсэн бүрэсийг нөмөргөдөг болсон байна. Жовгон тооно бол нэг ёсны хатгуур тоононы үүсгэвэр мөн.
       Бас тэр үеийн сүүлчээр цээж гэр гэдэг бий болжээ. Цээж гэр голдуу "сархинаг тоонотой" байсан үзэгдэх юм. Сархинаг тооонины хамгийн бага голч нь хагас метр, түүнээс дээш байсан үзэгдэнэ. Ийм байдаг явдал болбол тоонор орох гэрэлтэй холбогдсон үзэгдэнэ. Тоононы дээгүүр 4 оосортой өрх гэдэг дөрвөлжин бүрээс табигдаж, өдөрт өрхийг тоононы гол хүртэл татна. Сархинаг тоононд унийг хооронд нь завсарлаж тогтохын тулд, тоононы хуруу гэж 11 буюу 12 см хэртэй ижилхэн урт, жигд адилхан 3 см өргөн, хуруу шиг хулгар модыг уг тоононд үдээр бөхөлсөн байдаг. Харин унь нөгөө тоононы хурууны бөгсөнд бас үдээр салаавлан хэлхэгдэх учир, унь дээш доошоо саадгүй хөдөлнө. Ингээд цээж гэрийн мод бүрдэж, унины бөсийг шууд газарт суулгахад тооно аяндаа дөндийлөгдөж, үүд гаргах газарт тусгай хаалга бий болжээ. Тэр хаалга тотгоноос босгоны ёроол хүртэл 1,38 м, онгойх хавтасны өндөр 1,14 м, өргөн 0,70 м, хаалганы хоёр талд орох яс модыг хуя гэдэг бөгөөд хацар модны цаана бас нэг мод нэмбэл, давхар ястай хаалга буюу эсвэл дөрвөн ястай хаалга 1.14, өргөн, зузаан ястай хаалга 1,24 м өргөн байх зэргээр уг хаалга боловсорсоор, одоо хоёр талдаа шилэн цонхтой болтлоо хөгжсөн байна. Хаалга голдуу хуш буюу нарсаар хийдэг байна.
     Цээж гэрийн дотор "товь гэр" гэж бий. Товь гэр бол нэг ёсны цээж гэр мөн боловч, унийг (дээд) үзүүрээрээ баахан түлхийлгэн матсан байжээ. Тэгж матсан явдал бол уг гэрийн унины толгойн зайг өндөр нэлээд тэлүүн болгохын тул, матаас хийдэг байх юм.
     Цээж гэрийн гадуур сүүл сүүлдээ дагнан (дагтан) эсгийгээр бүрэх болсон байна. Энэ үеэр нөгөө сархинаг тооны голоор нь салгаж, хойд, урд гэж хоёр хэсэг болгоод, харин унь, хуруу хоёрыг уг тооноос нь салгахгүй, нүүхдээ тэр бүхлээр нь ачиж байв аа.
      Мөнөөхөн сархинаг тоононы хөндлөн голос эхлэн гүвийгэн матдаг болжээ. Өөр үгээр хэлбэл, уул тооны гол зүйлс цөм гүвгэр матагдаж байгаа хэрэг ээ. Тэр хоёр салангид гол нь гэрийг барихад оньсоор оньслогдон бэхлэгддэг байна.
       Тооно анх дөрвөлжин, дугуй хөвөө (цагираг)-тэй мөн хөвөөний дээгүүр хоёр, хоёроор нь зэрэгцүүлэн бөхлөсөн дөрвөн бөгтрөгтэй байсан. Тооно бай байсаар боловсорч, өмнө дурдсан жовгон тоононы жишээгээр хул модоор хийсэн хатгуур тооно болж, ихээхэн дэлгэрснээр барахгүй, хөвөө нь голдуу дугаргий болоод, (хөндлөн) гол, (гулд) гол даага, зүгээр даага тус тус нэмэгдсэн байна. Тэгээд хожим тооныг бөх бат болгож, үлэмжийг сайжруулахын тул, хүрд буюу хорол, бас хойд хэсэгт нь 2 даага нэмж, хүний нүдэнд дулаахан харагдах өнгөтэй хээ, угалзаар чимсэн байх юм аа. Бас тооныг бөх гэж хус модоор хийдэг билээ.
       Ер цээж гэр бол хэлбэр муутай, бас багтаамжаар явцуухан байсан учир ханатай болгох шаардлага аяндаа эрт дээр үеэс гарчээ. Бургасаар хийсэн морин хана гэдэг анх гарсан байна. Морин хана дээд буюу толгой талаараа гадагш нь багабтар матагдсан боловч, эрслэсэн өндрөөр анхсайн 8 төө байсан, энэ бол 1.70 м хэртэй юм. Хананы өндөр хойш хойшдоо: 1.80 м, 1.95 м, 5 метрт хүрсэн байна. Хананы нүд дээд талаараа 1 төө 4 хуруу (28 см), мөнөөхөн дээрээсээ хөөж томорсоор байгаад, хананы хамгийн доод нүд 1 төө 5 хуруу (29), хэрэв уг хананы нүд дээгүүрээ мухар тохой (32 см) байвал, доогуураа 1 мухар тохой, хагас хуруу (33 см) байх мэтээр хана доод талаараа тэлүүхэн байдаг боловч, чухам газарт суулгах хананы шийрийг хулбагардуу матаж өгдөг байна. Ингэсэн явдал бол нэгд салхийг хааж, дулаан байлгах, хоёрт тогтвортой байх, гуравт уул гэрийн даацыг гадаад үзэмжтэй нь холбож, тооцоолсон учир бүр сүүлдээ тэр хананы их бие, толгой, шийрний маш нарийн матаас гарсан байна. Ханзны нүдийг тийм том байх үед хөнгөхөн, ачихад тээргүй байсан нь мэдээхийн хэрэг ээ. Ханыг анх их төлөв хатсан бургасаар хийж байсан юм.
     Тэгтэл салхи, шуурганд хананы нүдэр бүрээс цүлхийж орох гэм бишгүй л тохиолдсон учир, хананы нүдийг бага болгох шаардлага гарчээ. Монголчуудын зарим нутагт ханыг тэрэм, тооныг харагч гэж нэрлэж байв. Морин хананы дараа шугаман хана гэж гарсан явдалзөвхөн хананы нүдний өөрчлөлттэй холбоотой юм. Шугаман хананы нүд дээгүүрээ 14 см, догуураа 15 см, эсвэл дээгүүрээ 16 см, доогуураа 17 см болсон үзэгдэнэ. Ийм нүдтэй хана бол хот, хөдөө газар сайгүй монголчууд даяарт дэлгэрсэн байна. Гэтэл сүүл сүүлдээ голдуу хотод зориулаад (шинэс) хар модоор зонхилж хийсэн хурган хана гэдэг гарсан, түүний нүд дэгүүрээ 6 см, ыоогуураа 7 см, эсвэл дээгүүрээ 7 байвал, доогуураа 8 см байх жишээтэй байв. Хананы нүдийг тэгж бага болгосон явдал гэрийг суурьтай, бүрээсийг цүлхийн оруулахгүйгээс гадна, бас муур, нохой зэрэг амьтныг хаяа сөхөөтэй байхад оруулахгүй байх зэрэг хамгаалах чанартайболгожээ.
      Гурван зүйлийн хана анх ерөнхий хэмжээний талаар хоорондоо нэлээд ялгаатай байжээ. Хамгийн том нүдтэй нь хурган хана гэж байсан явдал аяндаа нэгдсэн хэмжээтэй болж, нүдний ялгаанаас өөр гойдын юмгүй болсон үзэгдэнэ.
       Хананд унь өлгөх газрыг "хананы толгой" гэдэг тул, хананы том, багыг толгойгоор нь тооцно. Хана эхэн үедээ 10 толгойтой байжээ. Байн байсаар 12, 13, 15 толгойтой болж, хангийн том хана гэвэл 15 толгойтой бөгөөд эрслэн өндөр нь 2 метрт хүрч, энэ хэмжээнээс хэтэрсэн хана маш ховор байх сонин үзэгдэл бий.
     Хана ингэж хөгжсөний нөгөөтэйгүүр унь, тооно бас хэвээрээ үлдсэнгүй. Нөгөө овоохой, цээж гэрт хэрэглэж байсан засмал шургаагийг ханатай болгосон явдал холбогдуулж, улмаар унины үзүүр талыг нарийсган янзлаад, бөгсийг бүдүүвтрээр зассан байна. Тэгээд хананы толгойн дотуур зөрүүлэгт унийг өлгөхийн тул, бөгсийг нүхлэж, бөхутсаар сагалдарга (сэгэлдэрэг, солгог) хийжээ. Цуулбар унь гэж (шинэс) хар модыг цуулж хийснийг ингэж нэрлэнэ. Хар модыг даац сайтай гэж тооцдог юм. Нөгөө зассан унийг хожим шар буюу улаан зосоор буддаг болсон явдал гоёхын эх байсан юм аа. Зосон будаг гарт наалдаж будах буюу арилахдаа хялбархан учраас тосон будгаар будаж, маажинддаг болсны дээр бас өнгө сонгож хэрэглэх болов оо. Тооно, багана хаалгатай хослуулж, унины толгойг үзүүр тохой (42 см) газраар ногоон, бусдыг цулгай улаан өнгөөр будах, эсвэл тэр ногоон өнгөний дээгүүр саяын дурдсан гуравтай хослуулсан хээ, угалз тавьдаг болжээ. Гэрийн эрээн мод гэнэ. Гэрийн их, бага буюу багтаамжийн хэмжээг монголчууд ярилцахдаа 4 ханатай, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 ханатай гэцгээнэ.
     Гэхдээ нэг хэмжээний гэр дотроо 3 янз байх юм. Жишээг хэлбэл: Их дөрвөн ханат гэнэ. Үүнд тус бүр 15 толгойтой 4 хана орно. Хаалганы их, багаас болж, тотгоны унь 6 буюу 8 байна. Тотгоны унь голдуу тэгш тоотой байдгаас гадна, бусдаас үл мэдэгдэм богиновтор их дөрвөн ханатай гэрийн унь бүгд 66 буюу 68 ширхэг байх үзэгдэнэ.
    Дунд 4 ханатад 12 толгойтой дөрвөн хана орж, тотгоны 6 буюу 8 унь оролцоод, бүгд 54 эсвэл 56 ширхэг уньтай болно.
    Бага 4 ханатад арав арван толгойтой 4 хана ороод, тотгоны 6 унины хамт бүгд 46 уньтай байна. Их 5 ханат гэдэгт гэрт арван тав, таван толгойтой 5 хана орж, тотгоны 8 унины хамт бүгд 88 уньтай байдаг. Хэрэв тотгоны унь 6 байвал 81 болно.
     Дунд 5 ханат гэдэгт 15, 5-н толгойтой 5 хана орж, тотгоны 8 унины хамт бүгд 88 уньтай байдаг. Хэрэв тотгоны унь 6 байвал 81 болно.
      Дунд 5 ханатад 15 толгойтой 4-н хана орохоос гадна, бас 7 толгойтой зууравч орно. Зууравч гэдэг бол үнэндээ хагас хана юм. Зууравч бол голдуу 5 буюу 7 толгойтой байх юм. Тотгонд 6 унь байвал, бүгд унь 73, хэрэв тотгонд 8 унь байвал, бүх унь нь 75 байна.
     Бага 5 ханатад 15 толгойтой 4 хананы дээр 5 толгойтой нэг зууравч нэмэгдээд, хэрэв тотгоны унь 6, эсвэл 8 байвал, бүх унь 71 буюу 73 байх юм аа. Үүнчлэн бусад гэр нэг зүйл дотроо 3 хуваагдаж, хана, эсвэл зууравч нэмэгдэж, хаалганы их, багатай холбогдож байгаад унины бүгд тоо гардаг байна. Ер гэрийн мод бол энэ мэтээр улам боловсорч, нарийн нандион тооцоотой болсон төдийгүй, бага багаар юм нэмэгдэх буюу засагдаж, урлаг нь сайжирчээ. Жишээг хэлбэл: Тоононд шилний жааз, хаалганд гэгээвч, хананд цонх тус тус нэмэгдэх болсон байна.
     Гэрийг эсгийгээр бүрэх болсноос хойъ бүрээс бас л нарийсан нэмэгджээ. Гэр анх дан бүрээстэй байсан бол, сүүлдээ давхарлах болсон байна. Харин өрхийг давхарлах ёс гарсангүй. Гэрийн дээгүүр цаваг, дээвэр хоёр байжээ. Хот, суурин газарт цаваг, өнгө дээвэр хоёрын завсраар давхарга барих болсон байна.
     Үүгээр үл барал, цавагны наагуур цагаан цууямбуугаар хийсан туурга барьснаараа хоёр давхаргатай болж байсан юм. Харин хотод өнгө туурганы дотуур 2-оос 3 давхарга барьж дулаалах ёс ч бий.
       Хананы дотор талаар эсгий хөшиг хийж, нэгэнтээгүүр дулаалах, нөгөөтэйгүүр гоях болжээ. Улмаар цэмбэн буюу даавуу хөшиг хийж гоях болсон ч байна.
    Үүний пин байгаагүй цагт ширмэл эсгий үүдний гадуур эсгийгээр давхарлан дулаалдаг, зарим газар үүнийг "элбээс", эсвэл "нэлбээс","нэлмээс" гэж нэрлэдэг байна.
      Хуучин өрхөөрөө элбээс хийж дулаалдаг газар ч бий. Ер монгол гэр бол анх нүүдлийн байдалтай холбогдож үүссэн явдлыг түүх шасдирын дотор мундахгүй олон удаа тэмдэглэсэн байдаг билээ. Монгол эсгий гэрийн түүхэнд* "харагутай тэрэг", "бүхээгтэй тэрэг",  "мухлаг тэрэг" гэсэн энэ гурван тэрэг холбоотой юмаа. Эдгээрийн нэр хэдийгээр өөр өөр боловч уг зүйл нь адилхан буюу ойролцоо байжээ.  Тэр байтугай хожим "Сүйх тэрэг" гэж нэрлэсэн явдал уул чанартаа мөнөөхөн өмнө дурдсан гурбын ижил юм. Нэг буюу хоёр хүн сууж явахад зориулсан, дээгүүрээ эсгийгээр бүрсэн бөгөөд тусгай үүдтэй тэргийг үхэр, морь, тэмээнд хөллөн явдаг байв аа.  Сүүлдээ "Мухлаг тэрэгний эсгий бүрээсийг хар хөх даалимбаар бүрж, улаан эдээр мөшгөөрдөх, 4 талд нь цонх гаргах зэргээр гоёдог, хардаг болсон байна."
     Нөгөө харагутай тэрэгний дараа, гэрлүг гэж нэрлэж байсан нэгэн ясны өргөөг тэргэн дээр барьж явдаг болсон явдал XIII зууны үед элбэг үзэгдэж байсныг түүх шасдирт нилээн тэмдэглэсэн нь юм. Өөр үгээр хэлбэл, "гэр тэрэг" буюу ордон тэрэг гэж нэрлээд, тусгай том тэргэн дэр банзан шал тавьж, түүн дээр эсгий гэрээ барьдаг байжээ. Гэр барьсан тэр тэргэндээ олон шар хөллөн явж байсан зураг ч бий. Тэр тэрэг бол тийм жижиг байсангүй. Г.Рубружийн хэлснээр; Мөнөөхөн гэр барьсан тэрэгний хоёр дугуйн хоорон дахь зай 6.1 м хэртэй байсан гэжээ.
    Тэгээд хоёр дугуйн хооронд багтааж барьсан тэр гэрийн тэргэнд арван нэг нэгээр нь эгнүүлэн хөллөж, хорин хоёр шараар зүтгүүлж байсныг бодоход, нэлээд том гэр байсан буюу одоогийн 5 ханатай эсгий гэрийн чинээ байжээ гэж дүгнэхэд хүргэж байна.
      Гэр тэрэгнээс уламжилж, бусад суурин газрын гэрийн зарим нь банзан шалтай болоодм улмаар ихээхэн дэлгэрсээр, хул шаргал буюу хүрэн будагтай шал бий болсон байх юм.  Эсгий гэрийн банзан шал бол нэг нэгээр салангид байсан нь ачих, тээхэд амар байсан гэнэ. Гэвч түүнийг тавихад хэцүү талтай тул, хэсэглэн дай хадаад, дайтайшал гэж нэрлэсэн байна. Дараа нь мөөртэй шал гарчээ. Мөөртэй, дайтай шалны аль алин нь хөндийлж тавихад хялбараас гадна чийгнээс хамгаалж байгаа хэрэг юм. Шалыг нойтон шороон дээр тавибал, хүн амархан чийгтэж, чийг бамын өвцтэй болно хэж хэлэлцдэг заншил бий.
    Гэрийн шалыг голдуу сайн хатаасан нарсаар хийхэд нэг бөх, хоёрт хөнгөн боловч, бас үзэмжтэй гэнэ.
      Нэг гэр бүл ганцхан гэр хэрэглээд зогссонгүй, зарим нь хоёр, гурав буюу хэд хэдэн гэр бариад, нэг хот айл болж байсан удаа ч бий. Жишээг хэлбэл; Монголын нууц товчооны 136-р зүйлд байгаа "ауриг" гэсэн гэр бол ёсны гал голомтыг сахисан их гэрийг хэлж байна. Их гэрт бол эхнэр, хүүхэд голдуу оршин суудаг байжээ. Харин уул гэрийн эзэн бол бага гэртээ сууж, тэндээ аливаа ажил хэргээ хийж байсан үзэгдэнэ.
     Хэдэн гэртэй байх явдал бол хөрөнгө чинээтэй холбогдох нь мэдээжийн хэрэг ээ. Зарим айлд зөвхөн онд оруулах гэсэн төлөг, борлон, бярууг (боолторго) шөнө байлгадаг илүү гэртэй байдаг юм.
       Харин өөр нэг сонирхолтой зүйл бол хөлтрөгтэй (улаан халзтай) өргөө билээ. Өргөө гэгч үнэндээ эсгийгэрийн хүндэтгэсэн нэр нь юм аа. "Хөлтрөг"  гэдэг нэр томъёо анх "Хөлт өрх" гэснээс гарч, бай байсаар сунжран ийм болжээ. Хөлтрөгтэй өргөөнд улсын яам, тусгай газар, түүнчлэн аймаг, хошуудын төв захиргаа байрлаж байснаас гадна эдгээрийн тэргүүн нар мөн хөлтрөгтэй өргөөтэй байсныг үзвэл төрийн ямар нэг өмөрмөц бэлэг тэмдгийг хадгалсан хүндэтгэл байжээ.
         Төрийн ажил хийж байгаагүй ямар ч язгууртан хөлтрөгтэй гэр хэрэглэж байсангүй. Эрхбиш албан тамга, тэмдэгтэл л байвал, сая хөлтрөгтэй гэр хэрэглэж байсан гэнэ. Энд нэг жишээг хэлбэл; Монголын Автономит засгийн байгуулж, Богдыг хаан ширээнд суулгахад зориулж,  ханатай "төрийн тугдам" гэсэн хөлтрөгтэй том эсгий гэрийг нийслэл хүрээний Шар ордны арын давхар хашаанд барьсан, түүнд төрийн аливаа ёслолыг хийж байсан байна.
               Төрийн тугдам гэсэн энэ гэр бол сүүлчийн үед бидэнд үзэгдсэн хамгийн том гэр байсан юм аа. Одоо Улаанбаатар хотод "Гандантэгчилэн" хийдэд  ханатай нэлээд том гэр нэг бий. Бурхны шажны сүм, хийдийн хурал хурдаг дуган (дугана) бол нэг ёсны том эсгий гэр юм. Дугананд тооно, унь хана зэрэг гэрийн бүрэн мод ордоиг байв. Бүрээс нь эсгий ч байсан, банз ч байсан. Зари дугана маш том байсан учир, хана нь тусгай бөхлөгдөж, унины дундуур дам нуруугаар баганадаж байсан юм.
        Эсгий гэр болбол уран барилгын дотор нэг өвөрмөц сонин ухаан болох тул, түүгээр элдийн орон сууц хийх гэж оролдсон явдал нүүдэлчин аймгийн дотор бишгүй л гарчээ. Энд нэг зүйлийг хэлбэл "Цацар (цачир) гэр" гэж байшингийн адил дөрвөлжин бөгөөд туурга зэрэг эсгий бүрээстэй, нэг ёсны асар юм.
       Ер монгол эсгий гэрт их, багын ялгавар нэлээд олон янз болсны нөгөөтэйгүүр, бас өмнө дурдсан ёосоор эсгий гэрийн хэлбэр хоорондоо товь гэр зэрэг бага төдийн ялгавартай боловч, ерөнхийдөө дугаригаар үйджээ.
         Монгол гэрийн мод нарийн тооцоогоор хоорондоо явцав тохирсон байдаг боловч, харин түүнийг зөв барьж, тааруулах явдалтай холбогдон уг гэрийн хэв аятайхан болдог юм. Тэгтэл нэгэнт барьчихсан гэр орох буюу тооно орчихлоор гэж хэлэлцдэг, түүнд тооно ямар талаараа доошоо цөмрөх янзтай болохыг хэлж байгаа хэрэг юм. Ийм болохоор нь урд ацтай баганаар түүнийг баганадаж өргөөд тэгшилдэг байв аа. Тийм байдлыг гаргахыүйн тул, хот суурин газарт гэрийн тоононы баруун, зүүн хоёр талд уул гэрийн өндөр намд яг таруулсан ижилхэн нэжгээд чагнан баганатай болсон байна. Өөр үгээр хэлбэл, гэрийн өндрийг тэр хоёр чагтан баганаараа хэмжиж барьдаг болжээ. Хэрэв уг гэр хэтэрхий том байвал, тоононы доогуур дөрвөлжин хөндөл зангидаж, дөрвөн уулзварт тохирсон ижилхэн дөрвөн баганаар баганадсанаар тэр гэрийн өндөр нь таарна.
       Хэрэв тооно аль нэг тийшээ эргэлдэсхийгээд, унь сарийхад хүрвэл, тоононы дөрвөн голоос уясан эргүүлэг гэдэг оосрын аль нэгнээс татан чангалж засна. Гэрийг барьж босгон эхлэхийн хамт тоононы яг голд байгаа чагтганаас хүндхэн юм уёж, дээд бүслүүрийг тааруулан чангалж уяна.
      Унийг хатгаж гүйцсэний дараа, доод бүслүүрээ татаж, эргүүлгээр гэрийн хэвийг тохируулан татаж уядаг байна. Урд цаваг, хойт цавгийг барьсны хойно нь баруун урд талын туурганаас эхлэн нөмөргөж уясаар байгаад урд, хойт дээврийг тавиад, хойт дээврийн дөрвөн зөрүүлгийг хананы шийрнээс гогдон, дээш гаргаж ирээд, хариулахгүй уямагц, дэд, доод гадуур бүслүүрийг татна.
      Зарим том гэр гадуураа гурван бүслүүртэй ч байх бий. Сүүлд нь өрхөө тавьж тэгшлээд, баруун, зүүн оосрыг зөрүүлгийн нэгэн адил уяхдаа эрхбиш бүслүүрэт эрхээсээр явна. Хэрэв тэн татахад хүрвэл, тэнгийн гадсыг шааж, түүнийг чангаан уях буюу, эсвэл тэнгийн хоёр үзүүрт хүнд юм дүүжлээд, сая өрхийн хойт оосрыг бусдын адил уямагц, татсан өрхний оосрыг хавчуулна.
      Эдгээр оосроос гадна, цагаан бүрээстэй гэрт бүч, оосор мундахгүй олон. Монгол гэрийн бүрээс, оосор, бүчийг өвөл, зуны цагт тохируулж хийнэ. Өвөл тэр гэрийн бүрээсийг эд давхарлах мэтчилэн гойд дулаалж, цас их шингэхгүй нягт эсгийгэр хийсэн өнгө бүрээсээ гадуур нь нөмөргөсөн байна.
     Зунд уг гэрийн дээгүүр нарны илчилг нэвт харбуулахгүйн тул, эсгий цаваг, дээврийг давхарлаад, усанд амархан ялзрахгүй хялгасан өөсрыг хэрэглэнэ. Харин дан туургатай байна. Гэрийн дээд талаар буюу цавагны доогуур маажинтайдаавуу барина.
        Одоо үед хоолойвцтой бэрзэнтэн бүтүү дээвэртэй болжээ. Эсгий гэрийн мод хөнгөхөн байвч, хоорондоо их л уян хатангаар барахгүй, оосор, бүслүүрийнхээ хамт тэнцвэр сайтай. Газар хэдий их хөдлөвч, салхи шуурга их боловч тэсвэр ихтэй төдийгүй, ер нурах нь маш ховор. Ялангуяа газар хөдлөхөд сүйдэх нурахгүй тул, аюулгүй, нурсан ч хүн, амьтанг гэмтээдэггүй. Хэрэв үер зэрэг ширүүн бороо орвол, өрхөө бүрээчихнэ.
      Хэдэн хоногоор үргэжлэх зүс бороонд өрхөө дөндийлчихнө. Дөндийлгийг урт модоор хойсэн ч бий. Эсвэл богинохон чагттай модыг тоононы дааганд тээглүүлээд өрхийг дөндийлж, гэрийн дотор гэрэл оруулдаг юм аа.
      Намрын сэрүүн ормогц, эсгий гэрийн хаяагаар эсгий хаяавч татаж хавтгай модон хаяавчийг татаж байв. Өвөл бол тэр модон хаяавчийн дотуур шороогоор манаж дүүргэнэ. Зарим айл гэрээ зөвхөн дан шороогоор манадаг байжээ.
      Дээр үед эсгий гэрийн дотор тулганд гал тулж, түүн дээр  хоол, цайгаа чанаж байсан явдал нийтийн үзэгдэл байв. Харин зуны цагт тулганы урд талд шавраар дугариг зуух хийк, түүн дээрээ сүү хөөрүүлэх, тогоо нэрэх, цагаа буцалгах мэтийн цагаан идэ боловсруулдаг байж билээ.
     Эцсийн үед эсгий гэрийн дотор байсан тулга, шавар зуух өөрчлөгдөж, хөдөө, хотгүй, цөм төмөр зуух, яндан (хулан) -тай болсон төдийгүй, харин хот суурин газарт тоосгон буюу ширмэн пийшинтэй болоод өвөл цагт чулуун нүүрс түлэх нь олон үзэгдэнэ. Тэр ч байтугай, нөгөө пийшингээ төмрөөр гадарлан бүрж гоёх болсон юм. Мөн гэрийн дотор хашлаган буюу давшуурган ортой байсан (орчин үед янз бүрийн төмөр ор хэрэглэх болжээ.)
      Тийм модон орныг засмагц, авдар, шургуулгаа тавьж, эргүүлгээ босгод түүн дээр тогоо, шанага, сав суулгаа байрлуулан өрнө. Дараа тойруулгаа дэвч, үүнд дэрээ ширдэг, хивс давхарладаг байлаа. Хүндэт зочинд журам, олбог хоёрыг давхарлан дэвсэх буюу эсвэл гудсыг нугалсхийн дэвсч суулгана. Хэрэв хонох бол мөн хоноцод бамбайн дээр гудас давхарлах зэргээр тусгай ор засч өгнө. Удаан тавлаг суух зочинд буудан дэвсэнэ. Буйдан бо өдөөр хийсэн гойд зузаан олбог бөгөөд, дундуураа нугастай тул нигас хийж давхарлаад, сандайлан суухад их л таатайхан.
      Гэрийн эзэнд буюу зочинд аяганы ширээ тавьж, цай, хоолоор базаадаг байв аа. Нэлээд хожууханд аяга, таваг тавих 30 см хэртэй өндөр, 80 см талтай дөрвөлжин (шалны) өртэй болоод, үүндэ тохирсон жижигхэн (сандал) исэртэй болсон байна.
       Энэ мэтээр уг гэрийн багтаамжинд тааруулсан хэрэгсэлтэй болсон явдал эрт дээр үеийн уламжлалтай юм аа.
         Бас эсгий гэрийн хананд цонх гаргаж, хаалгандаа гэгээвч хийх, зэргээр уул гэрийн доторхи гэрлийг ихэсгэсэнчилэн удаа дараагаар монгол эсгий гэрт шинэ шинэ нэмэгдсэн зүйл олон. Үүгээр ч үл барам, орчин үеийн эсгий гэрийг уур буюу цахилгаанаар халаах явдал нэлээд олон бий.
   Нүүдэлчин аймгийн дотор ихээхэн дэлгэрсэн эсгий гэр бол жинэхэнэ хөгжлөө халх монголын дотор олжээ гэж дүгнэхэд гойд их гажуу болохгүй гэж санана. Орчин үед байгаа халх монголын эсгий гэрийг нэмэгдсэн бүхнээр нь ёсчлон хэрэглэж чадвал, хэнд ч таалагдана. Харин мөн гэрийн бүрээсийг эсгийгээр доргүй дулаан, хөнгөхөн, хямдхан юмаар сольж чадвал, бүр сайн болно. Эсгийгээр бүрэхэд муу биш ээ, гагцхүү ноосонд гарзтай юм уу гэж эргэлзэнэ. Монгол гэрийн шинэ хаалцыг нийтэд нь бататгаж, байнгын халуун хүйтэн усаар хангах явдлыг зохион байгуулах хэрэгтэй юм.  
      Монголын эсгий гэрийн угсарч барьсан бүрэн модыг ажиглавал тооно, унь, хана тэргүүтэн нь бие бие биендээ дамналдан тэнцэж тогтдог байна. Тэгээд бөмбөгөр буюу нэг ёсны дугуй танхим буюу дугана бий болох юм аа. Ер дунганын багтаамж үлэмжхэн зайтай байхаас гадна, бас авсаархан шинжтэй. Мөн гэрт хэрэглэсэн тэнцүүрийн тогтолцоо, үүнчлэн түүний дугуй, бөмбөгөр хэлбэр болбол ер уран барилгын дотор нэг өвөрмөц сонин ухаан юм.
        Монгол гэрийн энэ хэлбэрийг цирк, зарим үзэсгэлэнгийн баригад ашиглаж барьсан үзэгдэнэ. Нэгдсэн үндэстний хурлын зарим дугуй танхим бий нь мөн хэлбэрт хамаарах байна. Түүнчлэн СССР, Румын, Чех зэрэг улс оронд монгол гэрийн хэлбэр, тэнцүүрийн тогтолцоо болох баганан хананы дам нурууны тэмцвэрийг ашиглан байх нь их л шохоорхууштай хэрэг ээ.
    Өмнө дурдсан зүйлсийг базаж үзвэл, ер эсгий гэр Халх монголд жинхэнэ хөжлөө олоод зогссонгүй, одоо ч гэсэн түүний хөгжил үргэлжилж, 1896 онд Н.А.Янчукагийн бичсэн ёсоор байнгын орон сууцны нэг болж чадсан байна.
     Монгол эсгий гэрт болон түүний дотоод эд хэрэгсэлд тус улсын үлгэрийн танхимын ажилтан (60 настай) Сандагийн Үржинханд гуайн хэлдэг "гэрийн ерөөл" ёсоор шинэ шинэхэн нэмэгдэн өөрчлөгдсөн зүйлс олон.
      1968 онд А.Дамдинсүрэн "Монгол эсгий гэрийг" зөвхөн эрүүл ахуйн талаар нь судалж дүгнээд, эмнэлгийн ухаан дэд эрдэмтний зэрэг хамгаалсан юм. Тэгэхдээ нөхөр А. Дамдинсүрэн орчин үеийн гэрийг одоогийн хэрэглэж байгаа эд хэрэгсэлтэй нь холбож судлаад, олон ам бүлд ногдох зай буюу талбайн хэмжээ бага тул, агаар гэрлээр хэрхэн хангах тухай нэлээд саналыг дэвшүүлсэн байна.
       Байшинд тохируулж үйлдсэн ор, ширээ, сандал, шүүгээ, номын сан зэрэг эд хэрэгсэл бол үнэхээр монгол эсгий гэрт архайж дархайгаад, хамаг зайг эзэлчихдэг юм аа. Харин гойд том гэрт саяын эд хэрэгсэл нэг их анхаарагдахгүй боловч, зөөх, барих ажлаас нь төвөгшөөгөөд онц том гэр хэрэглэхээ больжээ.
      Монголын ардын аман зохиолд; "Далан таван ханатай, далай цагаан өргөөтэй" гэх буюу "өмнө нь суусан хүн, хойморт суусан хүнээ таньдаггүй өргөөтэй" гэж гардаг билээ. 1896 онд А. Позднеев "Монголия и молголы" гэдэгтээ "Автай сайн хааны өргөөг гаднаас нь харахад гайхалтай юм. Энгийн ардын гэр бол түүний дэргэд тоглоом шиг харагдана. Автай сайн хааны гэрт 300 хүн уужуухан багтаж байсан гэнэ" гэж бичжээ. Одоо мөн гэрийн буур нь бий.
        СССР-ийн "Шинжлэх ухаан, амьдрал" сэтгүүлийн 1969 оны 12-рт хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн Г.Богатова"Алтан орд" гэдэг нэр томъёо гарсан тухай бичсэн, үүндээ энэ ордон монгол эсгий гэрээр хийдэг төрийн тугдамтай холбоотой юм гэжээ.
    Бас цааш нь "Чингис хаан, төрийн их баяр ёслолоор олон хүн багтдаг тийм алтан ордон гэгч эсгий гэрийг заавал бариулж, ёсолдог заншилтай байжээ" гэх нөхөр Богатова бичсэн байна.
   Тус улсын Завхан аймгийн нутаг дахь "Отгон тэнгэрийн амралтын дэргэд "Доной баяны гэрийн буйр бий нь гойд том бөгөөд хэмжээний баримжааг авч болохуйц учир мэргэжлийн хүмүүс анаарууштай.
    Эдүгээ манай оронд 11 ханатай эсгий гэр бий. түүнд 80 шахам хүн элбэг багтан суудаг юмаа. Хот, суурин газарт одоо том гэрийг хэрэглэж болох болвч, гагцхүү орчин үеийн халаац хэрэгтэйгээс гадна, бас бусад жинжиг гэрийн адил цас борооноос хамгаалсан тусгай саравч, мөөртэй давхар шалыг тавих шаардлага гарна.
     Мэргэжлийн хүмүүсээс монгол эсгий гэрийн мод хийдэг нарийн тооцооны нууцыг олж эзэмших явдал чухлаас чухал аа. Эсгий гэрийн тооно, унь, хана, хаалга зэрэг ноён нуруу нь болог хөвчин биеийн модны тус тусын хэмжээ харилцан тохирсон байвал, харахад нүдэнд дулаахан, таатайн дээр бас уян хатан тэнцвэртэй буюу даац сайтай байдаг нь нэг гойд шинж юм.
      Монгол эсгил гэрийн модны хоорондын тооцоог эхлээд хүний биеийн мөч жацны уртаас гарсан гэнэ. Жишээг хэлбэл; Хуруу, ямх, төө, мухар тохой (үзүүр тохой), мухар алд (үзүүр алд) гэдгээс уртын хэмжээг анх тооцоолж гаргасан гэх юм.
      Ямар ч хүн эрхийгээ гурав орооход тэр хүний төөнийурт гарна. Үүнчлэн толгойгоо гурав орооход түүний нурууны өндөр гардаг нь цөм бодитой зүйл юм. Гэрт ордог тус бүрийн модыг  саёын хэмжээгээр тооцоолж хийдэг нь үнэн. Зарим мужаан тоононы голчноос тооцоолно гэнэ. Зарим нь хананы дөрвөлжлөх, нүднийөнцгөөс тооцоолдогоор барахгүй, харин уг гэрийн даац ч үүнтэй холбоотой гэх юм.
      Гэрийн мод хийдэг мужаанд очоод, манайгэрийн тооно буюу унь хуучирч муудсан тул их 4 ханатай, эсвэл дунд 6 ханатай гэрийн тооно буюу унь хийж өгнө үү гэж захиалахад;, тэр мужаан, Унины толгой бөөрөнхий юу, аль дөрвөлжин үү?   гэж асуухаас өөр юмгүй. Тэр захиалга авч байгаа мужаан уул гэрийг очиж үздэггүй боловч яг л таарсан зүйлсийг хийж өгдөг нь гайхалтай!


Б.Содном
Ном зүй.
С.Бадамхатан. Хөвсгөлийн дархад ястан. Улаанбаатар, 1965. Хуудас 135-140.
Г.Богатова. Феномен Золотой орды. канд. филол.наук. Наука и жизнь.1969. No;12. статья 65-66.
Б.Я.Бладимирцов.Обшествэнный строймонголов.Монгольский кочевой феодализм.Ленинград 1934.
Э.Г.Гаффэрбэрг, Хазарейская юрта ханаи хырга (к вопросу об истории кочевого жилиша.)Филология и история монгольских народов. Москва. 1958 стр.232.233.
Ц.Дамдинсүрэн.Монголын нууц товчоо.Улаанбаатар,1947.
А.Дамдинсүрэн.Санитарно-гигиенические бопросы городского жилишного стоительства б Монгольской Народной Рэспублике.(Диссэптация).Улан-Батор.1968.
Ц.Жанцарано, Поездка в южную Монголию в 1909-1910 г.г. Извэсти Русского комитета для изучения средней и Босточной Азий. серия II No: 2, СПБ, 1913.стр.46,сноска 2.
Ivor Montagu. Land of Blnse Sku. London. 1956 (The Vurt and Del)
Плано Карпини А. Монголия и монголы. СПБ. 1896. 1 том.стр.90-91.
Проблемы этнографии и этнической истории народов босточной и юго-восточной Азии. Москва. 1968. Стр. 36-39.
Рашид-ад-Дин. Сборник летопсэй том.1. Москва. 1952. Ленинград.
Рашид-ад-Дин.Сборнок летописэй том. П. Москва. 1960. Ленинград
Сыма-Цянь. Исторические записки. Б книге. Материалы по истори Сюнну. Москва. 1968 стр.33-115.
A.Rona Tas. Nootes on the Kazak Vurt of West Mongolia. Acta orlent.Hung. Tomus XII. Fasc. 1-3.
Рона Таш. Монгол гэрийг угсаатны зүй, нэр томъёоны талаар судлах марийн хөтөлбөр. Монгол судлал (цуврал бичиг) Боть 1.
E.D.Phillips. The Mongols. London, 1969 (pages 29-32).
Н.Н. Харузин. История развития жилиша у кочевых и полукочевых трюпкских и монгольских нардностэй России. Этнографичеслкое обозрениэ 1894-1896. Кн.XXI.No; 2.кн, XXVIII No:1 стр.1-53.
Н.Н Харузин. Этнограыическое обозрение 1896. No: 2-3. стр. 1-71.
Sniratori k. A. secret History of Mongols. Tokyo, 1942.
Юань улсын (түүхэн) судар. Дандаа шаансангийн орчуулга.
Н.А.Янчука. Этнографичеслкое обозрэние. Москва. 1896. No: 1 стр.1-53.
Н.А.Янчука. Конусоовразней шалаш, Москва. 1897. Этнографическое обозрение. 1896. No:2-3.  

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...