Saturday, March 23, 2013

Үргэлжилсэн үгийн зохиол


.Үргэлжилсэн үгийн зохиол


           а. Уран эргэцүүлэмж. Д.Нацагдоржийн үргэлжилсэн үгийн зохиолыг олон судлаачид судалж  үнэлэлт дүгнэлт өгсөн боловч зарим зохиолыг нь уран зохиолын  уламжлалт төрөл зүйлд баримжаа төсөөлөл төдийгөөр дүйцүүлэн оноож ирсэн нь учир дутагдалтай юм. Түүний зарим үргэлжилсэн үгийн зохиол нь уламжлалт төрөл зүйл онолын хэвшмэл томьёололд үл нийцэж байгаа нь уран Бүтээлийнх нь олон талтайг, нарийн төвөгтэйг харуулж байна. Тэрээр “Хуучин хүү”, “Хөдөө талын үзэсгэлэн” Өвлийн шөнө” ,”Нэгэн сэтгэлийг бөмбөрүүлсэн үе”


,”Шувуун саарал” зэрэг уран зохиолын уламжлалт төрөл зүйлийн аль нэгэнд хамааруулж үзэх боломжгүй зохиолуудаараа монголын шинэ хэв маягийн уран зохиолд шинэ содон төрөл хэлбэрийг бий болгосон. Эдгээрийг судлаач Г.Жамсранжав, Б.Содном, Д.Цэдэв, Ц.Хасбаатар, Д.Дашдорж, Д.Цэнд нар өгүүллэг гэж, мөн заримыг нь найруулал, уянгын зураглал, туурь гэх мэтээр үзэж ирсэн.  Чухамдаа уран зохиолын түгээмэл төрөл зүйл гоо сайхны тогтсон сэтгэлгээг эвдэн өөрчилж цоо шинэ хэлбэр хэв маяг уран сайхны ололт нээлт бүхий эдгээр зохиолууд бол Монголын шинэ уран зохиол дахь өвөрмөц үзэгдэл төрөл зүйлийн шинэчлэл юм.  Жнь: “Хуучин хүү” зохиолдоо нийгмийн болоод хувь хүний харанхуй бүдүүлэг байдал, түүнийг халж өөрчилсөн хувьсгалт их үйл хэргийн тухай  өөрийн эргэцүүлэл бодлоо илэрхийлсэн. Энэ зохиол нь тухайн цагийн нийгэм дэх хүмүүсийн нийтлэг хэв шинж болсон хуучин хүүгийн нийгэм, орчин ахуй сэтгэлгээ нь хоцрогдож “ Тэнгэрийн хаяанасс цааш газаргүй, тэртээ уулыг өнгөрвөл айлгүй” гэж бодох боловч түүний  тавхийтэл мриноосоо буугаад  тас хийтэл нусаа нийж … гэж эрийн хийморь , эрэмгий цоглог шинжийг нь харанхуй бүдүүлэг байдлынх нь цаанаас нэвт гэрэлтүүлж тэдний ирээдүй хойчид итгэсэн итгэлээ илэрхийлж улмаар хуучин хүү шинэ хүү болж хөх монгол улаан монгол болсон нийгмийн их өөрчлөлт шинэ үеийг бахархан талархсан зохиолчийн бодол юм. Харин тухайн нэг агшны сэтгэгдэл аястай сэтгэлийн баяр хөөр гуниг, уйтгар ,олон өнгө төрхийг зураглаж харуулсан “Хөдөө талын үзэсгэлэн” “Нэгэн сэтгэлийг бөмбөрүүлсэн үе” “ Шувуун саарал” зэрэг нь эх нутагтаа жаргалтай амьдрал, монголын ахуй болоод оюун санааны эрх чөлөөг өргөмжлөн магтсан дуулал шинжтэй. Дээрх зохиолууд нь түүний өгүүллэгүүдийн нэгэн адил ямар нэгэн үйл явдал, зөрчил тэмцлийг үзүүлэхийг эрхэмлээгүй ба эдгээр нь цаг үе, нийгэм эх орон амьдралын эрх чөлөөний тухай зохиолчийн сэтгэл бодол буюу уран эргэцүүлэмж юм.


 б. Өгүүллэг. Түүний өгүүллэгүүд нь ихэвчлэн нийгэм цаг үеэ тусган хуучин шинийн зөрчлийг гол болгож үзүүлсэн реалист хэв шинжтэй байдаг. “Харанхуй хад” өгүүллэг нь романтизмын шинжтэй. Энэ өгүүллэгт чухам юуны тухай өгүүлж юуг үзүүлсэн бэ гэдгийг судлаачид янз бүрээр тайлбарласаар ирсэн. Жнь: Б.Содном. Д.Нацагдорж энэ өгүүллэгтээ эрдэм шинжилгээний уран сэтгэмжийг монгол янзаар үзүүлэхийг оролдсон ба эрдэм шинжилгээний хайгуулын тухай өгүүлэл болгохын тулд өгүүллэгээ их л хэцүү зохиомжтой болгожээ. Энд зохиолч өөрөө гол хайгуулч нь болон дүрслэгддэг гэсэн бол судлаач М.Баянзул “Үерхэж ханилсан дурлалт хүүхнээ мөрөөдөж байгаа залуугийн тухай гардаг” гэжээ. Судлаачид энэ зохиолыг уран сэтгэмжийн өгүүллэг гэж бүгдээр зөвшөөрсөн хэрнээ тэрхүү уран сэтгэмжээр үзүүлсэн зүйлийг нь зөвхөн үйл явдал дээр нь тулгуурлан тайлбарласан.


         Д.Нацагдоржийн өгүүллэгийн нилээд нь 1930-аад оны үеийн монголын уран зохиолын нийтлэг шинжийг тусган илэрхийлж нийгэм хүмүүсийн ахуй байдал, үзэл санаа хуучин шинийн зөрчлийг тусган үзүүлдэг боловч тэдгЭэр нь дүр дүрслэл , уран сайхны хувьд дахин давтагдашгүй чанарыг агуулж байдгаараа онцлог юм. 


Тух, “Үзэгдээгүй юм” өгүүллэгийн эхэнд Идэрийн гол түүний саруул хөндийн байдлыг гол баатар Болдын сэтгэлийн баяр,баясгалантай холбон дүрсэлсэн бол түүний эсэргүү нарын гарт орох үеийн сэтгэлийн хямралыг нь “Үд нэгэнт хэлбийж цэлмэг тэнгэрт бараан үүл тал талаас хуралдаад бороо орох төлөвтэй болж сэр сэр салхилна” гэсэн дүрслэлээр илэрхийлдэг. Мөн буруу замаар ихийг санаж яваа нөгөө нэг баатар Гонгорын бодлыг харанхуй зам бүрэг бараг оддын сүүмэлзэх гэрэл зэрэгтэй холбон үзүүлсэн. Энэ өгүүллэгийн байгалийн дүрслэл нь ийнхүү баатрын сэтгэхүй дотоод сэтгэлийг нээн үзүүүлэхэд чухал үүрэгтэй  байгаа бол эд


юмсын дүрслэл нь дүрийг тодруулах хэрэглүүр болж байдаг. Жнь: Болд хүү хөх даалимбан дээлийг өмсөж шар ногоон дурдан бүсийг ороосон бөгөөд гэзэггүй орос эсгий малгай тавьжээ гэсэн хэсэгт түүнийг орчин цагийн соёл боловсролтой хүн гэдгийг нь харуулах зорилгоор орос малгай гэж онцолжээ.  Үүнийг эсэргүү нарын гэзэг үс , өмсөж зүүснийг бичсэнтэй харьцуулахад тод болно. Тэдний нэгийг 1 хөх царайтай хижээл хүн шар торгон лам дээлтэй атлаа хүүхэн хүний хоргой хамжаарыг өмсссөн нь ший янгуунд гардаг шиг, хүзүүндээ  өнгө бүрийн хадгийг уясан нь хэрэн тэнэгч бадарчин шавриачин шиг хүн рүү харах нь өлссөн чоно адил бөгөөд хажуудаа 1 улаан хуйтай тахир сэлэм зүүж басхүү 1 буу мөрөвчилсөн нь хэрхэвч ерийн хүн бус гэжээ. “Цагаан сар ба хар нулимс” өгүүллэгт хүрээний баян Дагдангийнхаар ихэмсэг дээрэнгүй баян хүмүүсийг , Цэрмаа, Чүлтэм нараар ядуу амьдралын зовлон гунигийг харуулсан. Шинэ цагийн ач буянаар Цэрмаа, Чүлтэм нар аз жаргалаа эдэлж чөлөөт амьдралын замд орж буйг эсрэг тэсрэг зүйлийг харьцуулах замаар үзүүлсэн. Мөн “ Соёлыг гайхав” өгүүллэгт хөгжил дэвшил, хүний оюун ухааны бүтээл гэгч гайхамшиг болохыг хувьсгал Лувсанд ухааруулан түүнд 12 настай хүүхдээ ардын сургуульд оруулан харанхуй бүдүүлгийг давах бодлыг төрүүлж буй зэргээс нь  үзэхэд хувьсгалт шинийн ялалт , хуучны бурангуй мөхөл бол түүний өгүүллэгийн үзэл санааны гол шугам юм.  Нийгэм болоод хувь хүний амьдралын зөрчил ээдрээт эмгэнэлт байдлыг “Ламбугайн нулимс” өгүүллэгт уран дүрээр илэрхийлж гаргасан. Зохиолчийн 2 баатартаа хандах хандлага нь огт ондоо. Урин тачаангуйн хурц илдийг боловсруулахын эрдэмд төгс сурсан Цэрэнлхам хүүхнийг цагийн байдалд тохируулан хэд ч хувирч чадах арга зальтайгаар үзүүлсэн бол Лодон гэвшийг бусдын адил винайн ёсоо умартан баруун дамнуургын гудамжаар явж огт үзээгүй болохыг “Зуны цагт баруун дамнуургын гудамжны шавар үлэмж үнэр ханхлах нь үнэхээр түмэн багц хүжийг шатаавч үл дарагдмаар. Гэвч Лодон ам хамрыг орхимжоороо бөглөн хүүхний араас намс намс алхална” гэдгээр харуулсан. Лам хүний хэрэглэдэг гол ариутгалын зүйл хүжийг сонгож улмаар түмэн гэсэн тооны тодотголыг хэтрүүлэл болгон ашигласан нь баруун дамнуургын төрх байдал хийгээд ламын дүр төрхийг ихээхэн тодруулж байна. Мөн лам хүүхний зүг ажиглавал гадна нарны гэрэлд түүний царай хувхай цагаанаар өнгөгүй үзэгдэж байсан. Харин энэ байшингийн дотор орж ирээд 2 хацар нь  улаанаар гэрэлтЭн өглөөгүүр залбирдаг цагаан дарь эхийн хөргийн адил үзэсгэлэнтэй гэрэлтэхэд ламын сэтгэл дотор ертөнцийн манан бяцхан пур пураар үүсэх бөгөөд … гэсэн хэсэгт цагаан дар эхийн хөргийн адил гэсэн адилтгал нь хүүхний үзэсгэлэнтэй харьцуулж хэлсэн төдий бус гэвш Лодонгийн амьдралын турш түүнд хамгийн ойр байсан эм хүн нь өглөө бүр


залбирдаг цагаан дар эхийн хөрөг л байсныг харуулж түүгээрээ дамжуулан ламыг үнэхээр винайн ёсоо сахисан хүн болохыг үзүүлсэн. Дээрх уран дүрслэлийн хэрэглүүрүүд нь Лодонгийн дүрийг гайхалтай тодруулж байна.  Мөн түүний үргэлжилсэн үгийн зохиолд аман болоод бичгийн олон зохиолын 1 адил морь


дүрслэгддэг ба тэдгээр нь үзэсгэлэнт сайхан хүлэг морьд, цөөнгүй тохиолдолд сайхан саарал морины тухай байдаг .Энэхүү ялгуун саарал  морь нь хөдөө нутгийн үзэсгэлэн  төгс монгол бүсгүйн сүлд хийморь цог жавхланг  амилуулж Сүрэнхүүгийн цог заль  эримгий чадлыг нь товойлгож байна. Хүний амьдрал сэтгэлийн хөдөлгөөн хувирал өөрчлөлт үзэл бодол зөрчилт тэмцлийг тод үзүүлсэн нь түүний өгүүлэлт зохиолуудаас эх орны байгалийн сайхан монгол ахуй амьдралын онцлог хүний  дотоод сэтгэлийн ертөнцийг нээн харж болдог.


3.Жүжгийн зохиол.


       Д.Нацагдорж шинийг эрэлхийлэгч уран бүтээлчийн хувьд “Учиртай 3 толгой” гэх мэтийн жүжгийг зохиож  жүжгийн зохиолын шинэ хэлбэрийг бий болгосон. Энэ нь ардын хэрилцаа дууны төрлийг шинэ цагийн театрын урлагийн  хэмжээнд хөгжүүлснээрээ уламжлал шинэчлэлийг хослуулахын шилдэг жишээ болсон юм. Жүжигтээ хэргэм зэрэг эрх тушаал эд баялаг бол хүний сэтгэлийг  ч худалдан авч хүссэнээ бүтээх уг сурвалж юм гэж үздэг Балган, амьдрал хувь заяаны төлөө хайр найргүй тэмцэгч Хоролмаа, хайр сэтгэл шударга ариуныг дээдлэгч Юндэн, Нансалмаа нарын дүрээр үзүүлсэн.  Нансалмаагийн  ямарч үед өөрийн ариун нандин чанарыг хадгалсан оюун бодол цэвэр бие сэтгэл ариун болохыг нь зохиолд хайр сэтгэлээ илэрхийлж::


            Өөрийнхөө гэрийг бариач ээ


            Өрхний чинь оосрыг татъя даа гэж, хайр сэтгэлдээ үнэнчээ илэрхийлж::


            Утас татах бүрийдээ


            Учирсан чамайгаа санасан юм


            Зүү хатгах бүрийдээ


            Зөвхөн чамайгаа бодсон юм . Мөн Балганд:


                   Чиний чадал их ч


                   Миний зориг хатуу  гэж хэлж байгаа үгнээс нь харж болно. Энэ дүр нь амьдралын хамгийн эцсийн агшин хүртэл сэтгэлийн нандин чанарт  үнэнч байсан эмэгтэйн шилдэг дүр байсан бөгөөд эд баялаг бурангуйн хүлээснээс ангижирч оюун санааны цэвэр тунгалгийг эрхэмлэн түүнд хүрэхийг эрмэлзсэнийхээ  хувьд үнэтэй юм. Халхын сайхан эрийн тухай Юндэн гөөгөө гэдэг ардын дуунаас эхтэй Юндэн бол шударга ухаантай эрийн дүр. Тэр Нансалмаад золгүй явдал тохиолдсон үед:


             Амраг хүү минь мөн бол


             Аливаа учраа хэлнэ үү


             Харийн этгээд зовоосон бол


             Хамгаалж аварч чадна би


             Хайртай сэтгэл чинь хэвээр бол


             Хад чулууг ч хагална


             Хоёр бие минь учирлаа


             Хойшдын зовлон гайгүй биз


             Энэ учирсан саадыг


             Эр чадлаар давъя гэж байгаагаас харагдана. Балганыг зохиолч эсрэг талын баатар болохыг нь тодруулахын тулд эрх ямба эд хөрөнгөндөө эрдсэн


дээрэнгүй муу санаатай хүний байдлаар үзүүлсэн. Энэ чанар нь хөдөө хээр Нансалмаатай анх уулзаад:


             Бага жаахан охин чи


             Балганы гараас гарахгүй


             Гэртээ чамайг аваачаад


             Гэргий болгон сууна


             Эд хөрөнгөөр элбэг би


             Эхнэр авахыг бодсон юм


             Эвээр эс болбол


             Эзний зарлигийг хүргэнэ гэж хүчээр авч явдгаас харагдана. Энэ дээрэнгүй чанараараа ч тэр шударга ёс, сайн сайхны төлөө тэмцсэн зохиолын гол баатруудыг эмгэнэлт байдалд оруулж байна. Хамгийн их зөрчилт дүр нь 


Хоролмаа юм. Судлаачдын үзэж ирсэн уламжлалт үзлээс арай өөрөөр тухайлбал, хорон муу санаат хөнгөн хуумгай явдалт зальт этгээд гэж үзэлгүйгээр зөвхөн өөрийн хайр сэтгэлийн төлөө тэмцсэн эмэгтэй гэж үзэж болох талтай. Жнь: Тэрээр шархадсан Юндэнг хээрээс олж:


              Эртнээс чамайг хүссэнсэн


              Одоо учрахаа мэдсэнгүй


              Жавхлант сайхан эр гэж


              Засаг хошуугАар хэлэлцсэн


              Царай зүсийг чинь үзвэл


               Дамжиггүй үнэн юм


               Өөрийн нутгийн Юндэн чи


               Үлэмж сайхан төржээ  гэсэн үгнээс нь тэр хэдийгээр хүний нөхөрт ч гэсэн үзэсгэлэнтөгс эр хүнд хайр сэтгэлтэй болсноороо арга нь буруу байж болох ч түүнийхээ төлөө тэмцсэнээрээ буруугүй юм. Гэтэл Юндэнг хорлогдож унахад хүн амины хэрэгт орохоос  айж “Юндэн надад хамаагүй” гэж зугатааж буй нь түүний хүн чанарыг харуулж байна. Энэ дүрийн талаар судлаач профессор Д.Цэнд “ Хоролмаагийн  дүр бол нэг талаар өрөвдмөөр, нөгөө талаар жигшмээр юм. Өрөвдөх учир нь Юндэнд үнэн сэтгэлээсээ дурласан боловч түүнийхээ аз жаргалыг үзэлгүй зовж байгаа, жигших учир нь хувийн жаргалын төлөө бусдынхыг үл тоомсорлож энэ хэрэгтээ ямар ч үйлийг үйлдэхээс , хүн алахаас ч буцахгүй байгаад оршино” гэж тэмдэглэсэн байна.


        Зохиолч үүнээс гадна “Ушандар” хэмээх дуулалт жүжиг, “Их авхай” хэмээх хөгжимт драмын, “Монгол ардын суут” гэдэг жүжиг, “Би биш” хошин жүжиг, “Нуугдсан эрдэнэ” гэдэг ухуулгын жүжгээ бичсэн. 1935 онд бичсэн “Их авхай” гэдэг жүжигт гол баатар Оюунчимэг Богдын лүндэнгээр золигт гарч хайртай хүн, төрүүлсэн эхээсээ  хагацаж харь газар тэнүүчлэн явсан зовлонт байдлыг үзүүлсэн. Жүжгийн төгсгөлд ядуу хүний амьдралын бэрх байдлыг халж  өөрчилсөн  хувьсгалт үйл хэргээр их эхлэл, дээдсийнхний үзэл санаа ахуй амьдралын доройтол мөхлийг харуулдаг.


         1930 онд бичсэн “Нуугдсан эрдэнэ” бол ухуулгын жүжиг юм. Энд эх орны түүхэн хөгжлийг болзолт дүрслэлийн аргаар  харуулахдаа 4 цаг гэдэг мөчлөг шүлэгтээ цаг үе буюу жилийн 4 улирлыг хүний амьдралтай харьцуулан бичсэний адил цаг үе 4 улиралд улс үндэстний түүхийг харуулан үзүүлсэн.  21-р оны хавар гэдэг 1-р үзэгдэлд хувьсгалт үйл хэргийн эхлэлийг, 21-р оны намар 2-р үзэгдэлд ядуу хүү Сумьяа ардын сургуульд орж байгааг, 21-р оны өвөл 3-р үзэгдэлд тэрээр эвлэлийн гишүүн болж  цэргийн сургуулийн залуустай хамтран хуучин нийгмийн


доройтолтой тэмцэж байгааг, 22-р оны зун 4-р үзэгдэлд Сумьяа хүү мандаж байгаа сургуульдаа   Манай залуус зүтгэж


                        Мянган оны эхийг ийнхүү тэмцэж бүтээнэ гэж дуулж байдаг.


         1934 онд бичсэн “Монгол ардын суут” жүжигтээ Д.Сүхбаатарын дүрийг бүтээсэн. Зохиолд Сүхбаатарын цэргийн алба хааж байсан, хувьсгалт бүлгэм байгуулсан, Зөвлөлт оросоос тусламж авсан, хиагтыг чөлөөлж нийслэл хүрээнд ирж буй гол үйл явдлыг тоймлосон байдлаар намтар, үйл амьдралыг нь харуулсан. Сүхбаатарын зориг баатарлаг шударга чанарыг магтан дуулсан энэ жүжигтээ түүнийг монгол ардын суут гэж бахархалтай онож хэлсэн.


        Д.Нацагдорж жүжгийн зохиолын бүх л төрөл зүйлээр бичсэн бөгөөд түүний жүжгүүдэд ардын харилцаа дуу, түүхэн дуу, ардын домгийн уламжлал нөлөө тод


байдаг. Зохиолынхоо утга санаанд тохируулан олон дууг шигтгээ болгож оруулж өгдөг.


        Д.Нацагдоржийн уран бүтээлийн шинэчлэл нь зохиролын сэдэв, үзэл санаагаар хязгаарлагдахгүй, түүний төрөл зүйл, дүр дүрслэл хэл найруулгын бүх л зүйлд хийгдсэн ба энэ нь нэгэн үндэстний бүх л үеийн уран зохиолын үндсийг тавигч шинэчлэгч уран бүтээлч болохыг нь батлан харуУлдаг. Тэрээр яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолын бүх төрлөөр бүтээлээ туурвиж яруу найрагт иргэний болон уянгын чиглэл, жүжгийн зохиолын зөрчил зан төлөвийн, үргэлжилсэн үгийн зохиолд төрөл хэлбэр зохиомж дүрийн үндэслэлийг тогтолцоотой дэвшүүлж судлаачдын онож тэмдэглэснээр ашид мөнхөд гялалзах бүтээлүүдээ туурвиж чадсан.       

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...