Friday, May 25, 2012

МОНГОЛ АРДЫН "ЕРТӨНЦИЙН ГУРАВ, ДӨРӨВ" ГЭДГИЙН ТУХАЙ

1. Ерөнхий мэдэгдэхүйн

"Ертөнцийн гурав. дөрөв" гэдэг богино хэлбэрийн шүлэг бол голдуу Монгол ардын аман зохиолын дотор нэгэн үеэс нөгөө үед дамжин улирсаар иржээ.
        Яг ийм зохиолын хэлбэр европ дахины хэлэнд байхгүй бөгөөд Энэтхэг Азийн зарим хэлэнд цөөн төдий үзэгдэх боловч, монголынхтой адил олон ч биш, жинхэнэ ярианы хэлэнд өргөн дэлгэрч түгээгүй.
         Энд нэрлэж байгаагаар Монгол ардын "Эртөнцийн гурав, дөрөв" гэдэг нь дандаа гурав болон дөрвөн мөр шүлэг байдаг гэсэн баталгаа биш билээ.
         Харин олонхи бадаг нь гурван мөрөөр бүтсэн байвч, бас дөрбөн мөр, таван мөр, ецөн мөрөөр байх үзэгдэнэ. Гэвч мөн зүйлийн олонхи дээр гурван мөр байдаг нь гурав буюу гурав гурвын ес, эсвэл есөн ес наян нэг гэдэг гурван тооны үндэстэй нь үнэн юм.
         Монголын эртний бөөгийн мөргөлд гурван тоо чухал үүрэгтэй байснаар барахгүй, одоо ч гэсэн олон хүний хүчийг нэгтгэж, ихээхэн хүнд хүчир юмыг өргөх, түлхэхдээ 1,2,3 гэж тоолсоор байдаг билээ.
        Гурван тоог чухалчлан үздэг баримт олон бий. Эрт дээр үеэс Монголчууд "3" цаг гэж хэлэлцдэг нь бас учиртай. Ер аливаа юм түүний үзэгдэлд "өнгөрсөн, одоо, ирээдүй" гэдэг ийм "3 цаг" байна гэж үздэг. Мөнөөхөн саяын үзэлтэй холбож, гал бол гурбын тооны ёгт нэр юм гэдэг. Үүгээрч барахгүй Монгол улсын төр бэлэг тэмдэг "Соямбын" орой дээр дүрэлзэж байгаа галын 3 дөл бий. Гал үргэлжлэн бадарч байдгийн адил Монгол орон гурван цагт ийм байх учиртай юм гэж билэгджээ.
          "Эрийн гурван наадам" гэх бөх барилдах, сур харваж, морь уралдахыг зорид ингэж гурван тоотой холбож хэлэлцдэг билээ. Үүнчлэн Монгол хүн ямар нэг хүндэт зочинг айраг, архиар дайлахдаа заавал гурбан дугараа барихыг хичээнэ.
           Ялангуяа тэр Монгол зочин архи хийсэн эхний хундгыг хүлээн авмагц, баруун гарын ядам хурууны өндгөөр 3 цавдсаны дараа, өөрөө сая ууна. Үүнд эртний Монгоын бөөгийн мөргөлийн үеэс уламжлан ирсэн "3 ертөнц бий" гэсэн зан суртахууны дагуу тэгж цавддаг юм. Дээд, дунд, доод гэдэг энэ 3 ертөнцөд байдаг амьтны зарим нь идэш ушийг үнэртэх төдийхнөөр, зарим нь тэдгээрийг амсах төдийгөөр, зарим нь бүрэн идэж ууж байгаад цаддаг гэж үздэг учрас энэ 3 зүйлийн амьтадтай нарийн тансаг идээ, ундаагаа тэгж цавдан хуваалцаж байгаа чанартай юмаа.
         "Монгол ардын гурав дөрөв" нь бүр эрт дээр цагт Монголоын бөөгийн мөргөлийн үөд гурван мөрөөр үүсээд, дараа нь гурван брвын ес болсон боловч, энэ нь тун ховорхон, үүнчлэн таван мөрөөр байх нь маш ховор билээ.
           Монголчуудад тэгш тооны дотроос дөрвийн тоо их чухал тоо. Жишээг хэлбэл: жилийн дөрвөн улирал, 4 зүг, 8 зовхис гэх буюу малыг 4 нас өнгөрмөгц нас гүйцсэн гэж үзнэ.
          Түүнчлэн сур, шагай харвахдаа нэг ээлж нь 4 сум тавиад босоход нөгөө ээлж нь ирж сууна. Бас бараан дээр нэг үүдэн амыг 4 хуваагаад, нэгийг нь орой ам гэнэ. Энэ мэтээс үзэхэд, аливаа юмны хэмжээ, хуваарь, ээлжин дээр гал гололтын хотол болсон тулганы 4 чулуу шиг тэгш 4 тоог өлзийтэй сайн гэж үздэг явдал мөн л эртний нэг заншил тул, 4 мөрөөр бүтсэн шүлэг, дуу элбэг байдаг нь бас үүнтэй холбогдох юм.
         Бас уралдааны морьдыг барихад айргын тав, бөх барилдуулах дээр шөвгийн тав гэж онцлон сайшааж хэлэлцдэг ёсоор хурд, хүчийг санан шалгаруулах мэтийн явдал чухалчилдаг тавын тооны дагуу бүтсэн таван мөртэй шүлэг хааяа байх үзэгдэвч, энэ нь ховор юм. Ийм учраас "Ертөнцийн тав" гэж байдаг энэ холвоо үгсийг "Ертөнцийн гурбан оньсого" буюу "Ертөнцийн гурав" гэсэн нэрээр 1894 оны орчим М.Х.Хангалов, 1946 онд В.Н.Клюева, 1957 онд М.П.Хамагганов, 1961 онд Ц.Өлчийхутаг нарын зэрэг хүмүүс цуглуулан судалж, нийтлүүлж байсан байна. Эдгээр судлаачид голдуу гурвал оньсого юм, гэхдээ Монгол оньсогоны дотроос нэг онцгой шинж болох юм гэж үзсээр иржээ.
          Хамгийн олон баримт цуглуулж нийтэлсэн нь В.Н. Клюева, Ц. Өлзийхутаг нарийн зохиол юм. В.Н. Клюева гийнх 25, Ц.Өлзийхутагийнх зохих хувилбарын хамт бүгд 141 ширхэг байгаа юм.
         Нөхөр Ц.Өлзийхутаг 3 буюу 9 мөр байдгаар барахгүй, бас 4 мөр, 5 мөр байгааг олж, уг эмхтгэлдээ хийгээд 4 мөр байдаг тухай цухас дурдсан байна.
         Монгол ардын "Ертөнцийн гураб, дөрвийг" судлахдаа Монголын зан суртахуун хийгээд Монголчууд өөрсдөө яаж үздэг зэрэгтэй нарийн холбох ёвдал үнэхээр дутагдалтай явж ирсэн нь эдгээрийн мөн чанарыг олж мэдэхэд тойм болжээ. Энэ дутагдлыг арилгавал: цаашдын эрдэм шинжилгээний ажил дээр их тус болох нь мэдээжийн хэрэг юм.
          Монголчууд энэ "Ертөнчийн гурав дөрөв" гэдгээ жинхэнэ өөрсдийн амьдралд хэрэглэсээр уджээ. Уг зүйлийг тал бүрээс нь судалбал Монголчуудын эрт, эдүгээгийн түүхэн хөгжил, нэн ялангуяа сэтгэхүйн явц чэрэг олон чухал зүйлийг мэдэж болмоор байна. Түүнчлэн ямар сэдэв дээр хэрхэн зохиогдсож байсан, яагаад хийсвэр дүрт ойлголтод шилжин орсон нь цөм тэр тухайн үшийн нийгмийн түүхэн хөжилтэй салшгүй холбоотой.
     Монгол ардын "Ертөнцийн гурав дөрөв" бол Монголын ард түмний хэлний баялаг, урлагийн чадварыг хадгалсаар ирсэн учир, чухал судлагдахуун болж байна.
                   
        2. Түүний үүсвэрийн онцгой шинжээс:

         Монгол ардын "Ертөнцийн гурав,дөрвийг" Монгол хүн анх орчин тойрны байгаль, түүний элдэв үзэгдлийн жам ёсыг (хуулийг) ухаарч ойлгож эхэлсэн, мөн ойлголтондоо итгэх болсон тэр эртний үед үүсгэсэн байна.

          1) Эхлээд зөвхөн бодит юм буюу үзэгдлийн тухай, өөр үгээр хэлбэл тэр үеийн хүн хөдөлшгүй үнэн зөв гэж үзсэн зүйлээ гураб буюу дөрвөн мөртэй ганц бадгаар яв цав оновчтой хэлэхийг оролджээ.
           Ингэхдээ гурав буюу дөрвөн юмаар нэг л санааг давтан лавшруулж гаргасан байдаг. Үүнийг тухайлбал: ганц үгээр давтсан, (ижилхэн) өгүүлхүүнтэй гурав буюу дөрвөн мөрөөр бүтсэн нэг бадаг шүлэг байгаа юм. Жишээлбэл: хөх (цэнхэр), улаан, шар, цагаан, харыг үндсэн өнгө гэдэг. Харин ногоон өнгө байгальд хэдий элбэг байдаг боловч Монгол оронд зөвхөн зуны хэдэн сар үзэгдэх тул, үндсэн өнгөнд оруулдагүй. Гэвч бас ногоон өнгилг чухалд тооцдог билээ.
        Үндсэн таван өнгө гэдгийн дэс дараа бол саяын өмнөхөн жагсаан бичсэн ёсоор байдаг бөгөөд ер Монголчууд "хөх өнгийг" эртний бөөгийн мөргөлийн үеэсээ эхлэн чухалчилж үздэг тул, "хөх" түүнчлэн "цэнхэр" өнгийг өөрсдийн өвөрмөгц байдалтайгаа холбон, "эртөнцийн гуртаа" оруулсан байж болох юм.
                               "Уудам дэлхийн тэнгэр нэг хөх
                                 Унтрах галын дөл нэг хөх
                                 Урсах голын ус нэг хөх" гэх буюу эсвэл
                                "Холоос харагдаж байгаа уул нэг цэнхэр
                                  Хонхорт байгаа ус нэг цэнхэр
                                  Хорвоод байгаа тэнгэр нэг цэнхэр" гэх зэрэг гурван юмны үзэгдлээр "хөх" буюу "цэнхэр" гэсэн нэг санааг гаргажээ.
         Монгол ардын "Ертөнцийн гурав, дөрөв" гэдэг нь орчин тойрны байгаль, түүний үзэгдлийн жам ёсны бодит явдалтай уялдаж гарсан учир, хэдий эрт дээр цагт эхэлсэн боловч, их л аажим урт удаан хугацаанд удаа дараагаар бий болжээ.
         Ийм учраас мөнөөхөн үндсэн өнгөний зарим нь түрүү, зарим нь хожуу гарсан янзтай.
         Мөнх хөх тэнгэр гэдэгтэй холбогдсон "хөх" (цэнхэр), сүүн цагаан сэтгэл гэдэгтэй холбогдсон "цагаан" гэх энэ хоёр бол чухал сайн өнгө гэж тооцогддогийн нөгөөтөйгүүр, бас хар зүгийн тэнгэр буюу хар мөрийн хэрэг гэдэг нэг ёсны му гэсэн утгатай үг тул "хар бол чухал сайны эсрэг "муу" өнгөнд тооцогддог байна.
         "Ертэнцийн гурав, дөрвийг" цуглуулан хэдэн хэрэглэгдэхүнээс үзэхэд "хөх, цэнхэрийг" заасан санаа тус тус ганцхан байхад "хар, харанхуй, бараан" гэж заасан санаа арваад янз дайралдаж байгаагийн нэгийг энд жишээ болговол:
                                       "Өөх тосоор чимэвч, тогоо хар
                                         Од мичдээр чимэвч, шөнө хар
                                         Алт мөнгөөр чимэвч, үс хар" гэж Монголцууд нүдээрээ харсан бодит юмны үнэн мөнийг иймэрхүү холвоо үгсээр гаргахыг оролдсоор ихээхэн амжилтад хүрч, ертөнцийн зүй тогтоолыг танин мэдэхийн сурвалж нь болсноор барахгүй, ийм жам байдаг юм гэж хойч үеийхэндээ танилцуулан ухааруулах зорилготой байжээ.
                                          "Газар үндсээр баян
                                           Тэнгэр одоор баян
                                           Далай усаар баян" гэдэг нээрээ үнэн юм шүү. Энэ гурваас "баян юу байх вэ? гэсэн асуултад хүргэх эрмэлзэл анхан удаа байсан гэхэд болохуйц.

         2) Олон жилийн турш нэг үеэс нөгөө үед дамжин хөгжсөн энэ "гурав дөрөв" анх гагцхүү ертөнцийн бодит юм дээр үндэслэж, цөөхөн тоотой байтлаа, хожим олширсон төдийгүй, бас бодит явдлаас үүссэн хийсвэр дүрт ойлголтод шилжиж ирсэн байх юм.
                                           "Газар үндсээр баян
                                            Тэнгэр одоор баян
                                            Далай усаар баян" гэж ийм илт харагдах бодит үзэгдлээс бий болж байсан нөгөө "ертөнцийн гурав" хэрхэн өөрчлөгдөвөө гэвэл:
                                            "Эрдэмтэй хүн нэг баян
                                             Өргүй хүн нэг баян
                                             Хүүхэдтэй хүн нэг баян"  гэж нэг бодит юм, хоёр хийсвэр юмаар ганц "баян" гэдэг санаа давтан гаргасан нь сонин. Үүнээс үзвэл, бодит, хийсвэр хоёр юмыг хутгаад, нэг санааг лавшруулан гаргаж болдог байна.

            3) Олдсон хэрэглэгдэхүүнээс ажиглахад хийсвэр зүйл нь олширчээ.
                 Жишээлбэл:      "Ядууд ял олон
                                             Чадууд тал олон
                                              Хатууд мал олон" эсвэл

                                              "Эрдэм номгүй гэдэг нэг ядуу
                                                Эд хөрөнгүй гэдэг хоёр ядуу
                                                Эв эегүй гэдэг гурван ядуу" гэх зэрэг дан хийсвэр ойлголтоор "олон", "ядуу" гэсэн нэг санааг л энд тус тус гаргасан байна. Гурав буюу дөрвөн мөрөөр бүтсэн олонхи бадаг бол нэг үгээр давтаж, ганцхан санааг илтгэсэн өгүүлэхүүнтэй байгаа нь бидэнд өмнөх хишээнээс тодорхой болов.

           4) Үүнээс өөр анхаарвал зохих нэг зүйл гэвэл, түүний өгүүлэхүүн юм. Зарим нэг бадгийг авч үзэхэд, бараг мөр бүр нь биеэ даасан богинохон өгүүлбэртэй бөгөөд нэг үгээр давтсан өгүүлэхүүнтэй байтлаа, өгүүлэгдэхүүн нь өөр өөр байна. Жишээг хэлбэл:
                                          "Хумсны хир нэг бузар
                                           Хулгайчийн гар хоёр бузар
                                           Хуулинд хахууль гурван бузар" гэсэнд "хир", "гар", "хахууль" ийм 3 өөр өгүүлэгдэхүүнтэй байтлаа, "бузар" гэсэн ижил өгүүлэхүүнтэй байдгийн учир бол "бузар" гэсэн ойлголтоо давтлагын журмаар хүчтэй болгож, "бузраас" жигшээн цээрлүүлэх зорилготой юм.
             5) Бас нэг санааг гурван өөр үгээр илэрхийлсэн бадаг нилээд байдаг үүнд: 3 арчаагүй буюу 3 ядууг авъя:
                                          "Ажилгүй бол яг
                                            Авхаалжгүй бол таг
                                            Азгүй бол паг" гэсэн энэ гурван өгүүлбэрийн тус бүрийн өгүүлэхдэхүүн нь "бол" гэдэг өгүүйэгдэхүүний илтгэчээр холбогдож, гурван өөр төгсгөл нэг л "мухардсан" гэдэг санааг ягштал нэвтрүүлсэн, энэ бол нэг өөр сонирхолтой үзэгдэл байна.

               6) Гэтэл бас өөр нэг бүтэц байгаа нь:
                                           "Борооны өмнө шороо
                                             Боохойны өмнө хэрээ
                                             Богдын өмнө элч" гэж "ертөнцийн 3 зууч" гэдэг "шороо, хэрээ, элч" гэсэн нэр үгийн өгүүлэгдэхүүний мөр бүр нь төгсчээ. Мөр тус бүрийг нь авч үзвэл, дутмаг өгүүлбэртэй, эдгээрт өгүүлэхүүн нь алга буюу далд байна. Хэл зүйн талаар авч үзвэл, угтаа:
                                              "...шороо хийснэ,
                                               ...хэрээ ниснэ,
                                               ...элч явна" гэсэн тус тусын өгүүлэхүүн нь алга болж, уул өгүүлхүүн тус бүрийн оронд өгүүлэгдэхүүн нь товойн гарч, уг санааг илтгэж чаддаг болжээ. Ийм болсон явдал бол утга зүйн талаар сонин үзэгдлээр барахгүй, монгол үгний утга нэвтрүүлэх чадлыг үзүүлж байна.
                "Гурван балай" гэдэгт:
                                               "Хоол ихтвэл, бөөлжис
                                                 Хог ихэдвэл, новш
                                                 Хов нхэдвэл хэрүүл" гэсэн энэ 3 хавсаргасан нийлмэл өгүүлбэр бол утга зүйн талаар саяын өмнөх бадагтай яг адил боловч, "хоол ихэдвэл" гэсэн гишүүн өгүүлбэр нь зөвхөн өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн хоёроор бүтээд, харин "бөөлжис, новш, хэрүүл" гэж гурван өөр санааг илтгэсэн, өгүүлэхүүний үүргийг төлөөлөн гүйцэтгэж байгаа үсгээр тус бүрийн мөр төгсчээ. Хэл зүйн талаар нягталж үзвэл, бас л бүрэн бус өгүүлбэр болох бөгөөд үнэндээ тус тусын гол өгүүлбэрийн өгүүлэхүүн нь алга буюу далд байгаа юм.
                                               "...бөөлжис хутгана
                                                 ... ховш хөглөрнө
                                                 ...хэрүүл болно (гарна) гэдэг 3 өөр өгүүлэхүүн нь алга болоод тэдгээрийн оронд өгүүлэгдэхүүн нь давшиж орж, үг утгын үүргийг бүрэн хариуцан чадсан байх юм.
           
                7) "Эртөнцийн гурав дөрбийн" бүтэц дотор болзол заасан тусагдахуун, үгүйсгэсэн өгүүлэхүүн хоёроор бүтсэн бадаг байдаг байна. Жишээлбэл: (Гурван мөхөс):
                                                "Ядууд тулгүй
                                                 Яланд багагүй
                                                 Ямбанд жаргалгүй"  гэж үгүйсгэсэн журмаар: ядуу хоосонд хязгаар байдаггүй, ял шийтгэл гэгч ер хүнд багаддаггүй, ямбалаад ямбалаад жаргал болдогүй гэсэн 3 өөр санаа 3 өөр үгээр гаргаж, мөр бүр нь гагцхүү тусагдахуун, өгүүлэхүүн хоёрхоноор бүтсэн байна. Хэдий өгүүлбэрийн энэ хоёрхон гишүүнээр бүтсэн боловч, үг илтгэх гэсэн санагаа Монгол хэл дээр бүрэн төгс гаргаж чадсан байна.
            Монголын "Ертөнцийн гурав, дөрөвд" нэг утга санаа нэвтрүүлсэн тухай олон янзын хувилбар үүссэний учир бол:
           Нэгд:  Тэр тухайн үеийн цагийн эрхээр зарим бадаг бүхлээрээ бус боловч, түүний нэг, хоёр мөр нь буюу уул санааг гаргадаг гол үг нь өөрчлөгддөг байна. Ингэхдээ хуучин нь бүрмөсөн орхигдохгүй, шинэтэйгээ хослон шалтгаан болжээ. Нэг баримтыг хэлбэл, монгол оронд бурхны шашин  их дэлгэрэх үеэр шар өнгө гойд чухал хүндтэй өнгө болсон тул "шар" л гэдэг санааг гаргах бүр дээр бурхны шашинтай холбогдож нэмэгдсэн байна. Жишээ нь:
                                              "Огторгуйд нар нэг шар
                                                Орчлонд дэлхий нэг шар
                                                Олборд (олзонд) алт нэг шар" гэж анхан байсан нь болиод:
                                                "Эрдэнэд алт нэг шар
                                                  Эдэнд жанч нэг шар
                                                  Идээнд уураг нэг шар" эсвэл
                                                 "Огторгуйн дунд нар шар
                                                   Олны дунд хувраг шар
                                                   Усны дунд ангир шар", гэдэг буюу
                                                  "Шаагиж хурдаг шажин нэг шар
                                                   Шаралж харагддаг алт нэг шар
                                                   Огторгуйд байдаг нар нэг шар
                                                   Орчлонд байдаг дэлхий нэг шар" гэх мэтийн цагийн эрхээр өөрчлөгдсөн үзэгдэнэ.
          Хоёрт: Нөхөр Ц. Өлзийхутагийн хэлснээр Монголын уудам их нутгийн аль нэг орон нутагт үүссэн "ертөнцийн гурав, дөрөв" нь Монголын өөр орон нутгийн онцлог байдалд тохиролжгүй мэт үзэгдээд, аяндаа тэр газрын өвөрмөгц байдалтай уялдан, тэнд саяхан дэлгэрч байгаа мөнөөхөн "ертөнцийн гурав, дөрвөөс" сэдэв авц, нэг санаан дээр цоо шинэ хэд хэдэн янзын хувилбар ч бий болж байсан шинжтэй.
       Ялангуяа "Ертөнцийн гурав дөрөв" нь бодит юмны жамаас хийсвэр дүр ойлголтод шилжиж орох үед олон янзын хувилбар бий болжээ.
        Тухайлбал, нэг юм буюу үзэгдлийн тогтбортой эсвэл байна байх юм гэж үзмээр зүйл ертөнц дээр мундахгүй олон байх тул, энэ нь бас хоёр өнгөний тухай ганцхан санаа байхад "улаан" 3 янз, "шар" 4 янз, байтал "хар" 10аад янзын хувилбартай байна. Гэтэл "баян, олны" тухай зэргээр тус бүр хэд хэдэн хувилбартай болсон үзэгдэх юм.
          Тэр ч байтугай ганцхан санааг гаргасан нэг юман дээр хүртэл хоёр, гурван янзаар шүлэглэсэн учир, хувилбар үүсгэж нөхцөл бий болсон байна. Баримтыг хэлвэл: "удаан" гэдэгт
                                          "Хүрэхэд мөр удаан
                                            Хүлээхэд цаг удаан
                                            Хүлцэхэд гал удаан" эсвэл
                                            "Хайхад мөр удаан
                                              Харахад цаг удаан
                                              Халаахад гал удаан" гэсэн энэ хоёр бадагт зөвхөн үгийн толгой холбон шүлэглсний ялгаанаас өөр юм алга. Гэвч ийм хоёр янзын аль алиныг нь хэлэлцсээр байдаг байна.
            Гуравт: Монголын цэцэн үгийн дотор бас "Ертөнцийн гурав дөрөвтэй" холбогдох бодит үг олон бий.
            Гэхдээ голдуу 2 мөр байна. Хэрэв тэр бодит үг 2 мөрөөс дээш гараад нэг чигийн санааг зааж чадвал, сая "Ертөнцийн гурав дөрөвд" орцихдог тул, Монгол ардын аман зохиолын цэцэн үг мөнөөхөн "Ертөнцийн гурав дөрбийг" үүсэхийн нэг эх булаг нь мөн. Үүгээр ч барахгүй, Монгол адрын ертөнцилн гурав дөрбийн" Монголын цэцэн үгсийн сангаас хэрхэвч салгаж үзэж болохгүй.
            "Ертөнцийн гурав дөрөвт" ороогүй жирийн бодит үгийн жишээ гэвэл:
                                                  "Элчийн эвтэй нь сайн
                                                    Эмчийн ивээлтэй нь сайн" гэдэг буюу
                                                   "Хөлдүү газар лантуу сайн
                                                     Хөгшин хүүхэнд мантуу сайн" гэж хөлдүү газарт гадас шаахад лантуу сайн, хөгшин хүний идэхэд мантуу зөөлөн гэсэн санааг гаргажээ.
                                                      "Аваагүй байхад авгай сайхан
                                                       Алаагүй байхад үнэг сайхан
                                                       Авсан хойн авгай мэднэ
                                                       Алсан хойно үнэг мэднэ" гэсэн нь хэдийгээр дөрвөн мөр байгаа боловч, нэг чигийн санааг зааж цадаагүй бөгөөд бас ертөнцийн жамтай нягт холбоогүй, утгаар дульхан байгаа учраас "Ертөнцийн дөрөв" биш юм.
            Дөрөвт: Нийгмийн хөгжил, түүний үзэл суртлын ажилтай холбогдож хийсвэр зүйл дээр шинээр нэмэгдэх нь тасралтгүй. Шинэхэн бий болсон заримын жишээг энд хэлбэл:
                           Гурван ариун:
                                                 "Эх хүний сэтгэл нэг ариун
                                                   Эх орончийн зүтгэл нэг ариун
                                                   Энх тайвны үйлс нэг ариун"
                           Гурван харш: "Наадам үг намд харш
                                                     Навтгар нохой хормойд харш
                                                     Нарны гэрэл толинд харш"
                           Гурван бохир: "Байдаг ч гэсэн баас нэг бохир
                                                      Байгальд гэсэн хог нэг бохир
                                                      Байшинд ч гэсэн ус нэг бохир" гэх мэтчилэнгийн шинэчхэн үг мундахгүй олдож байна. Саяын жишээнээс үзэхэд энх тайван, нам, байшинтай холбож хэлсэн нь лав энх тайвны бодлогыг даян дэлхийд эрхэмлэн явуулж байгаа, улс төрийн талаар намын нэр хүнд дээшилсэн, байшинд гойд ариун цэвэр шаардагдах болсон зэрэгтэй холбоотой юм.
           Монгол ардын "Ертөнцийн гурав, дөрөв" гэж нэршсэн холбоо үг бол Монгол хүний ертөнцийн жам ёсыг танин мэдэх гэсэн анхны оролдлогоо мөн бөгөөд мэдэж ухаарсны хэрээр эдгээрийг бүтээсэн учир олон янзын хувилбартай болсон байна.

3. Монгол ардын "Эртөнцийн гурав, дөрвийн" агуулга

        Монгол ардын "Эртөнцын гурав, дөрөб" гэдэг бол гацхүү юмны өнгөн дээр байдаг биш, харин бусад зүйл дээр олон байна.
        Минийа хэрэглэж байгаа 150 гаруй ийм холбоо үгсийн дотор зөвхөн 26 нь юмны өнгөний тухай, бусад нь өөр өөр юмны талаар байна. Одоо хүртэл олдсон эдгээрийн нэрсийг сонирхуулбал: хөх, цэнхэр, улаан, шар, цагаан, хар, харанхуй, бараан, ногоон өнгөний тухай л бийгээс гадна бас: "цэмцгэр, цэгц, чимэг, тансаг, сайхан, сайн, ариун, хөөрхөн, хөөрхий, хайран, муухай, бузар, бохир, балай, өмхий, шившиг, новш, зууч, баян, хоосон, мөхөс, ядуу, арчаагүй буюу ядуу, үнэн, худал, хуурамч, үгүй, хүнд (жинтэй), хөнгөн, урт, богино, их, том, их санатан, ихтэй, бага, хагас, дутуу, дунд, бардаг, олон, хол, дөт, гадна, түлхүүр, бах (бахдал), бардам, тус, догшин, ширүүн, аюул, галзуу, янаг, шарбагануур, гэмшил, бэрх, олдоход бэрх гурав, хэцүү, олддоггүй, амардаггүй, хурдан, удаан, хурц, гүн (гүнзгий), хачин, харш, хөндий, цоохор, цоорхой, муруй, хэлтгий, тэнэг, үнэгүй, даардаггүй, зовдог, өшөөтэй, давхаргатай, буг, яншаа, хиншүүний" тухай олдсон бөгөөд бэлхэн байна.
      Бас эд бүхний цааш нь уйгагүй цуглуулан судалвал, нэлээн олныг олж болох төлөвтэй. Монголчууд чухамхүү ертөнцийн жам ёсыг жинхэнэ өөрсдийн амьдралын туршлага дээр судлаад нэгэнт олж мэдсэн, ухаарсан ухагдахуунт эл холбоо үгсдээ оруулан хийжээ. Амьдралын туршлага баялга тул, эдгээр холбоо үгсийн агуулга хэдийгээр янз бүр боловч утга санаагаар гүнзгий тодорхой байдаг нь тэдний нэг гойд шинж юм.
        Нийт ертөнцийн жам ёсыг (зүй тогтоолыг) танин мэдээд Монгол эх нутгийн өвөрмөгц байдал монголчуудад их нөлөөлсөб төдийгүй, мөнхүү байдалтайгаа нөгөө "ертөнцийн гурав, дөрвийг" бий болгохдоо нягт холвосон явдал эдгээр үгсийн гол шинж нь болжээ.
         Монгол орны байгаль, түүний хуульт үзэгдэл, нийгмийн түүхэн хөдөлмөр, аж байдлын бодит туршлагаас зөвхөн хамгийн нийтлэг зүй тогтоолд нийцэн хамаарах зүйлс нь мөнөөхөн "Ертөнцийн гурав, дөрөвд" орсон байна.
         Эдгээрийн агуулгад монголчуудын тухайн үеийн чухал түүхт аж төрөл ороод зогссонгүй, тэр үеийн зан суртахуун, үзэл санаа ч хадгалагдсан байх юм.
         Монгол орны өвөрмөгц байдалтай холбогдсон жишээ гэвэл "Ертөнцийн гурбан хөөрхөн":
                                "Бой нь арилсан хүүхэ хөөрхөн
                                  Боривоо тэнийсэн гөлөг хөөрхөн,
                                  Бойжиж гүйцсэн унага хөөрхөн" гэж гараас гарч өссөн хүүхдээ, ан гөрөө болоод мал хариулахад хань болдог нохойн гөлгөө, хол ойрын гол харилцаанд хэрэглэдэг адууныхаа мах гүйцсэн унагыг хөөрхөн гэх зэргээр монголчууд өөрсдийн онцлог байдалтай холбосон явдал соньхон санагдана.
           "Ертенцийн дөрвөн хурдан" гэдгээс авч үзвэл:
               "Зээ гэхэд морь хурдан,
                 Зэрэгцээд очиход зээр хурдан
                 Туу гэхэд нохой хурдан
                  Тулаад очиход туулай хурдан" гэж эрт дээр үеийн ан гөрөөнд хэрэглэж байсан морь, нохойтойгоо холбон үзэж байтлаа, хожим бодит юмыг хийсвэр зүйлтэй зэрэгцүүлэн үздэг болсон байна.
                   "Харвасан сум нэг хурдан
                    Харсан нүд нэг хурдан
                    Сайн морь нэг хурдан
                    Санасан санаа нэг хурдан" гэдэг болжээ. Ингэж уг агуулганд өөрчлөлт орсон явдал бол монголчуудын сэтэхүйн хөгжлийн ахицыг харуулж байгаа юм. Эхэн үедээ "харах, санах" хоёрын алин нь хурдан бэ? гэж зэрэгцүүлэн тавьж байгаад, эцэст нь !санах санааг" хамгийн хурданд тоолдог болсон байх нь сонин юм.
        Саяын жишээний агуулганд орсон "харвасан сум, сайн морины хурд бол бодит байдлын гадаад дүр байна. Харин нөгөө "нүдний харц, санах санаа" бол дотоод цанараас гарсан хийсвэр дүр мөн бөгөөд мөнөөхөн бодит байдлын дүртэй зэрэгцүүлэн тавигдсан нэг ёсны илэрхийлэл юм.
               "Ертөнцийн гурван бэрх":
                             "Чулуун дээр ногоо ургуулах бэрх,
                               Усан дээр гал түлэх бэрх
                               Үхрийн эвэрт цас тогтоох бэрх" гэсэн, үүнд ер огт хийж болохгүй ажил гэж хэлсэнгүй, зөвхөн хэцүү гэдгийг жинхэнэ амьдрал дээр харсан туршлагаа л үнэмшүүлэхээр үзүүлжээ.
     Ер нь ертөнцийн зүй тогтоол бол монгол ардын "Ертөнцийн гурав, дөрвийн" сэдэв нь болжээ. Харин эдгээрийн агуулганд нхдээ нэвтрэн орж шингэсэн монголчуудын өвөрмөгц байдал бол тэдгээрийн гол шинж нь мөн.

             4. Монгол ардын "Ертөнцийн гурав, дөрвийн" урлаг

          "Ертөнцийн  гурав, дөрөв" гэдэг холбоо үгс бол монгол шүлгийн хайрцаглан шүлэглэх зарчмаар бүтсэн байна.
            Голдуу гурав, дөрбөн мөрөөр бүтсэн ганц бадаг шүлгийн чанартал эдгээрийн олонхид үгийн толгойг холбоод зогсохгүй, бас үгийн эцсийн буюу мөрийн эцсийн үгийг бүхлээр нь тааруулан шүлэглэсэн, үүнийг хайрцаглан шүлэглэх зарчим гэнэ.
         Ингэж тус тусын уг бадгийн эцэст юмны чанарыг зааж хэлэхдээ олонхид нэг үгээр давтсан нь нэг ясны мөрнүүдийн эцсийг холбон шүлэглэж байгаа хэрэг юм. Эдний доторхи шүлгийн мөр хоорондын хэмжээ яв цав тохирч, үгийн толгойг аль болох зохих авиагаар сайтар нийлүүлэн шүлэглэснээс гадна, мөрийн эцсийн холбоосыг зохицох авиагаар яг таруулсан буюу эсвэл үгийг хэвээр нь яг давтсан байна. Заримдаа эдгээрт мөрийнэцсийг шүлэглэх талаар хайхрахгүй, зөвхөн утга санааг гол болгосон үзэгдэнэ.
          Хэдийгээр ийм байвч, эл бүхний мөр хоорондын хэмжээ нь бас л яг тохирч, улам утга санаа нь гүнзгий гарсан байдаг билээ. Бадагт юмны буюу хийсвэр ойлголтын дүрийг мөн эдгээрт барин тавин мэдэхүйц тодорхой, эвцхэн гаргаж ирсэн байх юм.
         Ямар нэг юмны гадаад байдлын дүрийг дотоодын хийсвэр дүртэй зэрэгцүүлэн гаргаж, энэ хоёр дүрээ үйл явдлаар чимсэн нь уйгагүй урт удаан жилийн турш оролдсон урлагийн тэргүүн зэргийн нэг хэлбэр болсон байна.
         "Ертөнцийн гурав, дөрвийг" монгол хэл дээр сонссон хүний сэтгэлд тэр хэлж байгаа юмны дүр нүдний өмнө харагдах мэт тн хялбархан бууж өгдөг байна. Энэ бүхний л байдлаас авч үзвэл, монгол ардын "Ертөнцийн гурав, дөрөв" нь үнэхээр ардач чанартай болж чаджээ.
          Уг шүлэглэсэн мөрөнд харшлах авиа ороогүйн дээр, бас өгүүлбэрийн дотор орсон үгийн дэс дараа нь хэл зүйн дүрэм ёсоор сайн тохирон орсон тул, хэлэх дуудахад урсах мэт эвтэйхэн.
          Дээр дурдсан зүйлийг базаж үзвэл, монгол ардын "ертөнцийн гурав, дөрөв" нь анх ертөнцийн зүй тогтоолыг монголчууд танин мэдээд, түүнийгээ улмаар хүний сэтгэхүйг хөгжүүлэхэд хэрэглэх гэсэн эрмэлзэлтэй байжээ. Ийм учраас "ертөнцийн гурав, дөрөв" нь нэг зүйлийн сэцлэл буюу сургаал үгсийн чнартал болсон байна.
         Нэгэн ертөнцийн зүй тогтоолыг илтгэсэн эдгээр сургаал үгстэйгээ монголчууд холбож, бусдыг сурган хүмүүжүүлэх явдал зайлшгүй үүрэг гэж тэд үзээд, аль нэг мэдэх, мэдэхгүй хүнээс асуун шайлгаж, хэрэв эс мэдвэл, зүгээр хэлж өгөх үүрэгтэйгээс биш, оньсогын адил таалцах гэсэн хэрэг хэрхэвч бус;
                               
Оньсгонд;  "Сүнсгүй ноён"
                      Хүнсгүй цэрэгтэй
                      Усгүй газарт
                      Цусгүй байлдана" гэж шатар тоглохыг таалгахаар уг байдлыг тайлбарлан хэлээд; "тэр юу вэ?" гэж асуудагтай адилгүй.
            "Ертөнцийн гурав, дөрөв" дээр дандаа асуудаг бус, огт асуухгүйгээр аяндаа хүний ярианы дунд орж хэрэглэгддэг учраас үүний зарим өгүүлбэр ч бүрэн бус байдаг юм.
          Энэ талаар нь авч үзэхэд; "Ертөнцийн үнэн" буюу "Ертөнцийн дөрвөн үнэн" гэж юуг хэлдэг вэ? гэнэ. Үүнд уг заж хэлүүлэх үгээ ингэж илэргийлж байхад огт таамаглаж болохгүй гэдгийг уул асуугдсан хүн хатуу ойлгоод, гагцхүү нээрэн тийм л байдаг өртөнцийн ямар нэг зүй тогтоолыг хариулан хэлэх ёстой юм гэж бодно. Эс мэдэг хүн байвал, нөгөө хүнээс эргүүлэн асуугаад, тэр юмны харьцангуй үнэнг цонсч авна. Хэрэв мөн асуултыг мэддэг хүн байвал, хариуг ийн хэлнэ. "Ертөнцийн дөрвөн үнэн" бол;
                           "Төрсний эцэст үхэх үнэн
                             Хураасны эцэст үгүйрэх үнэн
                             Хурсны эцэст тарах үнэн
                             Ханилсны эцэст хагацах үнэн" гэж хариулах нь оньсогоос ялгавартай.
         Монголчуудын ёсонд ямар нэг оньсогыг нэгдүгээр хүн асууж, хоёрдугаар хүн тааж чадахгүй бол, тэр оньсогоны оронд хоёрдугаар хүн өөр нэг оньсог хэлээд, хэрэв нэгдүгээр хүн бас тааж чадахүйд хүрвэл, бие биений хэлсэн оньсогоны тайлбарыг тайлж өгөөд, өр ширгүй болно. Оньсого хэлэлцэж байгаа хүмүүсийн аль нэг нь олон оньсогыг тааж чадахгүй бол, хожигдсонд тооцогдоод, худалдуулна. Оньсогонд хожигдсон хүнийг худалдах үг гэвэл;
                                  "Оньсог мэддэггүй
                                    Олийсон сохрыг
                                     Олны дунд
                                     Одоо худалдъя
                                     Гунжин, гунжин тэмээнээс
                                     Гурван атга шорооноос
                                     Дөнжин дөнжин тэмээнээс
                                     Дөрвөн атга шорооноос
                                     Тайлаг, тайлаг тэмээнээс
                                      Таван атга шорооноос
                                      Шар нохойн шаантнаас
                                      Бор нохойн богтосноос
                                      Сэмэрхий самбайнаас
                                      Сэтэрхий зүүнээс худалдана" гэж хэлдгээс үзэхэд, оньсого бол цаг нөхцөөж, тоглох зургаацах чанартай юм. Гэтэл "Ертөнцийн гурав, дөрөв" болбол шалан үзэж, сургах, мэдүүлэх чанартайбайгаа тул, энэ хоёр өөр зүйлийг хооронд нь хутгах хэрэггүй. Шалгалтын асуулт бүрийг таавар гэж үзэж болохгү шүү дээ.
          Монгол ардын "Ертөнцийн гурав, дөрөв" -ийг сүүлийн үед монголын утга зохиолын дотор гарчгийн шүлэг (элиграф), шоглоом (элиграма) шүлгээр авч хэрэглэсэн үзэгдэх нь олон болжээ. "Ертөнцийн гурав, дөрөв" гэдэг болбол монгол ардын аман зохиолын сэцэл буюу сургаал үгсийн нэг тусгай бие даасан хэллэг мөн.


Б. Содном Монгол ардын аман судлал, Ертөнцийн гурав, дөрөвийн тухай. 1964 on


  
         
       
Post a Comment