Saturday, March 31, 2012

НЭР ТОМЬЁО ХЭРЭГЛЭХИЙН УЧИР


                                                          Б.Содном "Улаанбаатарын мэдээ" 1971.8.21. 130 (2511)

     Монгол ардын төрийн анхны жилээс одоо хүртэл Улсын нэр томьёоны комиссыг байгуулж ажиллуулсан байна. Үүний үрээр харь хэлнээс тогтоон авах нэр томьёо нэлээд эмх журамтай болжээ. Радио, машин гэх мэт харь хэлний нэр томьёог монгол хэлэнд шууд авсан, эсвэл "самолёт" гэдгийг "нисэх онгоц" гэж хуулбарлан орчуулсан буюу утга санаагаар тааруулан нэрлэсэн нэр томьёо нхээхэн хэрэглэгдэж байгаа юм. Нэр томьёо тогтоох явдал дээр монгол хэлнийхээ баялаг өвийг шавхан хэрэглэх нь зүйн хэрэг ээ.
         Улсын нэр томьёоны комисс, монгол үгийн санг нарийвчлан судлахын хамт дэлхий нийтийн шинэ нэр томьёо тогтоож буй байдлыг харилцуулан судалж, харь үгийн угтвар, язгуур, дагварыг хүртэл задлан үзэх зэргээр нэр томьёог шинжлэх ухааны үндэстэй боловсруулж байгаа.
          Улсын нэр томьёоны комисс 160 мянга шахам нэр томьёоны (орос, монгол хэлний) нэгтгэсэн толь бичгийн I, П ботыг хэвлүүлж гаргав. Ингээд үзэхэд ерөнхий боловсролд хэрэглэгдэх нэр томьёог үндсэнд нь тогтоож чадаад эдүгээ явцуу буюу нарийн мэргэжлийн нэр томьёог боловсруулах ажилд ороод байна.
           Энд зөвхөн нэг зүйлийн жишээ авч, нэр томьёог товч төдий тайлбарлая. Олон оронд хэрэглэгддэг хүний насны ялгаврын нэр томьёог орос, монгол хоёр хэлээр дүйлгэн оноосныг авч үзвэл:
          1. Младенчество гэдэг ерөнхийдөө 0-3 хүртэл насны хүүхдийн нялх нас гэх боловч бас дотор нь новорождённый гэж 0-1.5 настай хүүхдийг нярай гэж оноосон нь зөв өө.
          2. Детство гэж 3-12 нас хүртлэхийг балчир нас
          3. Отрочество (подросток гэж 3-16 настайг өөлэй хүүхэд) 1-18 нас хүртлэхийг бага нас гэх
          4. Юность гэж 16-25 нас хүртэл орь нас
          5. Молодость гэж 25-35 хүртэл залуу нас
          6. Возмужалость 35-45 хүртэл идэр нас
          7. Пожилой бозрасть 45-60  хүртэл хижээл нас
          8. Старость 60-80 хүртэл өтлөх (өтөл) нас
          9. Преклонный возраст 80-аас дээш бол өндөр нас гэж дүйлгэн оноосон юм.
          Эдгээр нэр томьёо бол цөм монгол хэлэнд урьд өмнө байсаар иржээ. Харин (өөлэй хүүхэд, орь нас) гэсэн үг ховор хэрэглэгдэж байсан учир хүн бүхэн сайн мэдэхгүй байж болох юм. Гэвч сурах л хэрэгтэй. Мөн гол хэлний баялгийг зөвхөн өөрийн мэдэхийн хэрээр хязгаарлаж болохгүй нь мэдээжийн хэрэг бизээ.

Tuesday, March 27, 2012

НЭР ТОМЬЁОГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ НЬ ЧУХАЛ АА

Б.Содном "Хөдөлмөр" сонинд 1972 оны 2 сарын 15 өдөр 19р дугаар (40,53)

Орчин үед аливаа нарийн мэргэжлийн нэр томьёог эрдэм шинжилгээний үндэстэй боловсруулан тогтоож байна. Тогтоон батлахын өмнө харь хэлний нэр томьёо, үгийн гарал, үүсгэлийн талаар сайтар судалж байгаад, гол үгийг олж тогтоодог юмаа. Өөр үгээр хэлбэл тэр харь хэлний нэр томьёо үгийн ямар утгаар, язгуур, дагавраар бий болоод, одоогийн утга санаа нь ямар зүйлийн ухаан буюу нарийн мэргэжилд чухал юу зааж байгаа эсэхийг харгалзан үзэх зэргээр боловсруулдаг байх юм.
           Харь хэлний нэр томьёотой таарах үг монгол хэлэнд урьд өмнө нь байсан буюу, эсвэл үгүй энэ хоёрыг хамгийн түрүүн шийдвэрлэдэг байна. Хэрэв үгүй бол мөнөөхөн харь хэлний нэр томьёог монголчлоод утга санаа нь гарах эсэхийг харгалзана. Жишээлбэл: "Конверт" гэвэл монгол хэлээр "дугтуй" гэснийг нэрлэж байгаа нэр томьёо мөн. Үүнчлэн грек хэлээр "сакхар", самгаради хэлээр: саркара", германаар "цукер", англиар "Шуга", францаар "сюкр", хятадаар "шаатанг (г)", японоор "са-то), орос хэлээр "сахар", монгол хуучин бичгээр "шихэр", одоогийн яраны хэлээр:"чихэр" гэж монгол хэлний аялгуу буюу авианд зохицсон байна. Ингээд үзэхэд энэ үг буюу нэр томьёо анх иран хэлний "сахара" гэдгээс үндэс авч, янз бүрийн оронд дэлгэрсэн түүхтэй байна. Учир ийм болоход "конверт", "сахар" гэж хэлэх, хэрэглэх явдал бол шалиг хэрэг юмаа.
          Өөр нэг нэр томьёог энд аваад, түүнийгээ задалж үзэцгээе. "Пневмокониоз" гэсэн эмнэлэгийн нэг нэр томьёо байгаа, үүнийг "пневомо...= уушиг", "...кони =тоос","...оз  = тох" гэж ийм 3 хэсгээс бүтсэн нэг нэр томьёо юмаа. Монгол хэлээр: "уушиг тоостох" гэсэн нэр томьёо болж байх жишээгээр ер нэр томьёог боловсруулж байдаг билээ.
         Нэгэн тогтосон нэр томьёо бол өгүүлбэрийн дотор орохоор ямар хэлбэртэй хэрэглэгдэх явдал уг найруулгаас хамраадгийг анхаарахгүй өнгөрч болохгүй. Харин энэ бүхнийг ч байтугай, нэр томьёо бүрийн салаа утгыг нэг мөсөн бүрэн тогтоож чадахгүй. "Ирэлт, очилт, харалт, авалт" гэх зэргээр нэр үг болгож байгаа нь энэ гэж монгол хэлний зүйтогтоолыг харгалзахгүйгээр" ...алт, ...элт, ...илт, ...олт, ...өлт мэт үгийн цүүл залгадаг нь монгол хэлний хууль зүйг зөрчихөөр барахгүй, дэндүү хиймэл болж, эвгүй сонсогдоно. "Ирэх, очих, харах, авах" гэдэг маань угаасаа үйлт нэр болохыг анхаарахгүйгээр нэр томьёог тогтоож боохгүй. "Ирэхийг" больжээ, "Очиход" учир бий гэж хэлбэл, нэр үгийн тийн ялгалаар хувирч байгаа хэрэг мөн. Хэрэв нрсэнгүй гэвэл, үйл үгийн үүрэг гүйцэтгэж байна. Үүнчлэн олны тэмдгийг монгол хэлэнд хамаагүй хэрэглэж үл болно. Олон хүн гэж ярихаас биш, олон хүнүүд гэж хэлэхгүй. Нэгэнт тоо заасан байвай, мөн нэр үгэнд олны тэмдэг зүүх хэрэггүй. Жишээ нь: хоёр хүн, зуун хүн гэдэг шүү дээ.
         Хэрэв хүмүүс тэгж үзэцгээж байна" гэвэл, өөр хэрэг ээ. Бас "явагдах, авагдах, хэлэгдэх" гэхчлэн үйл үгийн үйлдэгдэх хэвийг (страдтэльный залог) монгол хэлэнд нх л ховор хэрэглэнэ. Жишээлбэл: "Лекция прочитана мною" гэснийг монгол хэлээр: "би лекц хийв" гэвэл, хамгийн дөмөг орчуулга болох бизээ.  
         Саяын жишээнээс авч үзэхэд нэр томьёог хэрэглэхэд өгүүлбэрийн найруулга, уг орчуулгаар гарах утга санаа зайлшгүй холбогдох нь тодорхой мэдэгдэж байна. Харь хэлний нэр томьёо бүхэн монгол хэлээр бууж өгөхгүй нь цөөнгүй. Энд заримыг дурдвал: "Автобус, азот, аппарат, бааз, багон, битамин, гарааш, гэнэрал, хижүүр, километр, кино, контор, костюм, лекц, машин, метр, музей, мотор, ноот, офицэр, радио, театр, техник гэх мэтийн харь хэлний олон нэр томьёо монгол хэлэнд хэрэглэгдэж байгаа, эдгээрийг монголчлоход уг утга санаа нь бүрэн гардаггүй тул, хэвээр нь авсан байна. Эдний зарим нь айндаа монгол хэлний аялгуу буюу авианд зохицож орхижээ. Баримтыг хэлвэл: "гараж", гдэг нь "гарааш", "дежур" нь "жижүүр" гэж монгол хэлний аялгуунд бүрэн дүйж орсон байна. Гэтэл "База" гэдгийг "Бааз", "нота" гэдгийг "ноот" гэж бичүүлэхэд хүрчээ. Хэрэв "Баз" гэж бичвэл монгол хэлээр эгч дүү хоёрын эр хоорондоо баз тул, үүнтэй хутгалдахаар барахгүй, харин барих базахын (үйл үгийн) тушаах захирах төлөв болчих гэм бий. Түүнчлэн олон улсын харилцааны бичгийн ноот гэж бичихгүй бол, монгол хэлнийбат нотын нот болчих гэм гарах юм.
        Учир ийм болох тул, нэр томьёог нх л хянабар, нямбай хэрэглэх болох нь ээ.

Saturday, March 17, 2012

Эрэгтэйчүүдийн баярын мэнд хүргье

Эр Хүн

Энэ дэлхий дээр эр хүн болон
Эхээс мэндэлсэн цагаас
Ухаа орж үг ойлголтлоо
Угаасаа заяасан Монгол тамхиа
Өхөөрдөн бэлэгшээсэн болгонд
Өөрийн эрхгүй тамхилна

Аавынгаа харж алхаж гишгэхдээ
Агаал сургаалаас нь шимтэн сонсохдоо
Хангай хөвчинд хан бүргэд шиг
Хаанахын хэнээс ч илүү хүч тамир
Оюу ухаандаа омогшиж
Онгон зүрхэндээ бат хадагдана

Эр цэргийн албанд эх орноо хамгаалж
Энх тайваныг эрхэмлэн явахдаа
Тулгуур ноён нурууг бататган
Тулга өрхөө гийгүүлэх эрийн цээнд
Хамгаас илүү хүрсэнээ
Хайрт эцэг эхдээ андгаална

Халамжлан хайрлах зүрх сэтгэл нь
Халуун гэгчээр шатсан бүсгүйдээ
Өгөөмөр хань тань болъё гэж
Өөрийн эрхгүй дуу алдан
Бүсгүй таныг гэргийгээн болгон
Бадраасан зулаа жаргалтай өргөнө

Өвөг дээдсийн минь туулсан
Өв эцгийн ёсоо гүйцэтгэх үүргээ
Гал голомтоо бадраасан өдрөөс
Ган сэтгэл зүрхэндээ шингээж
Аваад гэрэлсэн ханьдаа тангараглаж
Ачит үрийнхээ зулайг үнэрлэсэн

Намба сууж нандиннасан амьдралаа
Нарлаг хань үрдээ насан туршдаа
Зоригмог ухаанаа уралдуулан зориулан
Зол жаргалыг өгч чадсан нь
Энэ дэлхий дээр гийгүүлсэн эр хүн
Эрхэм таныг алдаршуулсан бахархал


С.Үзмээ



























Thursday, March 15, 2012

Д. Цэнд багшийн яриа


Р. Чүлтэмсүрэн (БНСУ, Данкуг их сургуулийн багш)
Монголын багш нарын баяраар олон сайхан багш нараа дурсан сууна. Саяхан 60 жилийн ойгоо тэмдэглэсэн Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн хамт олондоо багш нарын баярын мэнд дэвшүүлье!
Багш нарын баярын энэ өдрүүдэд хичээл зааж байсан оюутнуудаа дурсаж, бүр оюутнуудаасаа шалгалт авч байна хэмээн зүүдлэх юм.
Нэртэй устайгаа, ёстой нөгөө залуучуудын хэлдэгээр “өнгөтөөр” зүүдэллээ. Уран зохиолын тэнхмийн эрхлэгч проф. Д.Оюунбадрах багш маань хаалгаар шагайж: - “Хурдал, хурдал! Яасан удаан авдаг юм” хэмээн ямар нэг юманд шавдуулж байна. Хэлснээр нь яаран тэнхэмдээ орвол Д.Цэнд багш маань хүлээж байна... Үнэхээр намайг хүлээж байна. Сайхан зүүд. Хүлээх багш нар, хамт олон, шавь нар бий шүү хэмээн сэрсэн хойноо бодоход сайхан. Ингээд л нэг мэдэхэд ахмад багшийн жаргал зовлонг мэдрэх болдог юм байна.
Олон жилийн өмнө нэг дунд сургуулийн багш тэтгэвэрт гарчээ. Уг нь гавьяаны амралт. Гэтэл амрах биш өвдөөд байжээ. Эмч домч болтол нэг хашир эмч: -“Танд шуугианы хомсдол болжээ. Сургууль дээрээ очиж бай даа!” хэмээн зөвлөжээ. Хөөрхий багш, олон жил уясан хурдны хөгшин морь уяан дээрээ өөрөө ирж зогсдог шиг их завсарлага болгоноор сургууль дээрээ очиж, хүүхдийн үймээн шуугиан, инээд хөөрийг бахдан, жижүүр өвгөнийг бараадан зогсох болжээ. Харин захирал нь өдөр бүр ирчихсэн бөөвийгөөд зогсож байгаа ахмад багшийгаа ажиглаж, өвчнийх нь оношийг сонсоод дор нь тушаал гаргаж, сургуулийнхаа жижүүр болгосон гэдэг. Өнөөх багш ч дорхноо сэргээд, баясаад, дороо л илааршсан гэдэг. Багш нар гэж тийм л сэтгэлтэй болчихдог мэргэжил юм даа.
Академич Д.Төмөртогоо профессороос эхлээд олон багш нар тэтгэвэрт гарах наснаасаа хойш илүү их олон бүтээл туурвиж, идрийн цог золбоогоор гялалзаж явааг бахархан харж, эрдэмт нэгэн багшийгаа энэ өдөр илүү их дурсан санаж, бяцхан тэмдэглэл, хууч яриа бичсэнээ уншигч Танд толилуулъя.
Р.Чүлтэмсүрэн
(БНСУ, Данкуг их сургууль)
Д.Цэнд багшийн сургаал, хууч яриа
Монгол Улсын Төрийн шагналт, Монгол Улсын Гавьяат багш, профессор Дамдинсүрэнгийн Цэнд багш маань энэ цагаагчин туулай жил 80 насны сүүдэр зооглолоо. Монголын боловсрол, шинжлэх ухааны системд тасралтгүй 60 гаруй жил хүчин зүтгэсэн профессор багш маань өдгөө ч тэнхлүүн сайхан, бичиж туурвисаар сууна.
Зураг дээр: Проф. Д.Цэнд багш 2011 оны зун Олон Улсын Монголч Эрдэмтдийн X их хурлын үеэр. Зохиогчийн авсан зураг.
http://www.dayarmongol.com/images/stories/tsend%202.jpg
XX зууны монголын уран зохиолын түүхийг голлон бичсэн утга зохиолын шинжээч, судлаач багш маань 80 насны босгон дээрээ сүүлийн жилүүдэд туурвисан судлал, шүүмж, санал, дурсамж, номны өмнөх үг зэргээ эмхтгэн “Уран зохиол-миний амьдрал” (Д.Цэнд, “Уран зохиол-миний амьдрал // (Судлал, шүүмж, санал, дурсамж, өмнөх үг), Редактор Д.Оюунбадрах, УБ.,2010, 3-330, ISBN 99962-3-029-5) гэсэн номоосаяхан хэвлүүллээ.
1990-ээд оны эхээр бүх л их, дээд сургуулийн аль урдаа барьдаг доктор, профессоруудыг 60 нас шүргэв үү үгүй юу тэтгэвэрт гаргаж билээ. Физик, хими, биологи, түүх, монгол хэл, газарзүй гээд салбар бүрийн улсдаа тэргүүлэх, шинжлэх ухаанд дорвитой хувь нэмэр оруулсан, хэдэн арван ном, сурах бичиг зохиосон, нас нь жар хүрсэн ч бие эрүүл, ухаан саруул, улсаас цол, зэрэг хэргэмийг нь өндөр шалгуураар олгосон, шинжлэх ухааны ёстой жинхэнэ доктор эрдэмтэн багш нар маань шахагдан гарсансан. Хур мэдлэгтэй, арвин туршлагатай, алдар хүндтэй профессоруудыг тэтгэвэрт гаргах нэрээр “амруулахад” нь бүх л хувийн сургуулиудын овсгоотой эзэд харин “шүүрэн” авч, өдгөө цагийн олон хувийн хэвшлийн дээд сургуулиуд хөл дээрээ зогссон билээ. Д.Цэнд багш маань ч бас л тэр үед тэтгэвэрийн өвгөний тоонд орсон. Гэвч эрдэм мэдлэг, туршлага нь нөхдийнхөө адил тэтгэвэрт гарахааргүй байлаа.
Улсын Багшийн Их Сургуулийн Уран зохиолын тэнхмийн эрхлэгч, проф. Д.Оюунбадрах удирдлагатайгаа тас зөрж, Д.Цэнд багшийг тэтгэвэрт гаргалгүй авч үлдэн, багшид цаг өгч, хичээл заалгасаар байлаа. Шавь нар нь ч багшийгаа явуулах дургүй байв. Тэгээд л багш цагаа хөнгөлж, Лхагва гариг бүр сургуульдаа ирдэг болсон юм. Багшийг хичээлээ заахаар налайсаар ороод ирэхэд анги тэнхэм дүүрч, нэг л дотно сайхан. Тэр өдөр зөвлөгөө авах гэсэн, уулзаж учирах гэж хүлээж байсан шавь нар нь, Ш.Ванчаарай тэргүүтэй зохиолч нөхөд нь цуварч, яриа хөөрөө, хөл хөгжөөн илт нэмэгдээд явчихдагсан. Түүнээс хойш багш маань дал холоо гартал хичээлээ зааж, лекцээ уншсаар ирсэн юм.
Д.Цэнд багш бол монголын орчин үеийн уран зохиолын судлагч нэрд гарсан эрдэмтэн, утга зохиолын шинжээч профессор гэдгийг Монгол Улсад төдийгүй дэлхийн монголч эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг билээ. Багш маань Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Ш.Гаадамба нарын шавь болон, 1954 онд МУИС дүүргэж, тавиад онд Архангайн Багшийн сургууль, Улаанбаатар хотод Багш нарын Мэргэжил дээшлүүлэх Институтийн анхны хичээлийн эрхлэгч, 1956-1975 онд ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн тасгийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Харин Багшийн дээд сургууль буюу одоогийн Монгол Улсын Боловсролын Их Сургуульд (МУБИС)-д 1957 оноос хойш багшилж эхэлсэн бөгөөд багш, судлаач, шүүмжлэгч хэмээх гурван өөр мэргэжил, мэргэшлийн ачааг нэгэн биендээ үүрч ирсэн юм.
- “Маргааш нь хичээлтэй гэвэл урд шөнө нь заавал сэтгэл нь доноголзож, хичээлдээ бэлддэг” гэж багшийг хэлэхэд анх “Гуч дөчин жил заачихсан хүн байж ямар би биш” гэж бодож байж билээ. Гэтэл үнэхээр шинэ дүгнэлт, баримтаар лекцээ сэргээж, сэлбэж баяжуулахгүй бол болдоггүйг, багш хүний жаргал зовлонг хожим нь мэдсэнсэн.
Д.Цэнд багш бүр анх багш болохоосоо эхлээд л заах хичээлээ тал бүрээс нь сайн боловсруулдаг байсан нь хожим эрдэм шинжилгээний нь нэг чамбай өгүүлэл, ном, сурах бичгийн нь бүлэг, бүхэл бүтэн сэдэв болдогийг түүний бүтээл харуулдаг юм.
Анх 1950-иад оны үед “Д.Нацагдоржийн намтар, бүтээл” гэсэн зургаан цагийн конспектийг нь шалгалтаар ирсэн Гэгээрлийн Яамны орлогч сайд чимээгүй аваад явахад нь:
- “За, ингээд дутагдлын бай боллоо” гэж айж байтал нь “Багш” сэтгүүлд хоёр дугаар дамжуулан тэр чигээр нь нийтэлсэн байсан гэдэг. Тэр цагаас хойш багш эрдэм шинжилгээний 100 гаруй өгүүлэл, 50 гаруй уран зохиолын шүүмж, 30 орчим ном, сурах бичиг туурвижээ.
Зөвхөн “Монголын уран зохиол” хэмээх дунд сургуулийн сурах бичиг нь 1989 он гэхэд 30 жил хэрэглэгдэж, 37 мянган сурагч тэр номоор суралцаж, улсад 980 мянган төгрөгийн ашиг оруулсан гэсэн тооцоо гарч, боловсрол, оюуны салбарт оруулсан хувь нэмрээрээ Монгол Улсын Төрийн шагнал хүртэж байлаа.
Д.Цэнд багш монголын орчин уран зохиолын түүхийг голлон бичиж, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б. Ринчен, Д.Намдаг, Л.Бадарч, С.Дашдооров, Б.Явуухулан, М.Цэрэндорж, Ш.Гаадамба, О.Цэнд, Д.Цоодол, Ш.Сүрэнжав, Б.Догмид, Ц.Мөнх зэрэг олон зохиолчдын намтар, уран бүтээлийг судлан, монголын уран зохиолын түүх судлалын хүрээнд оруулсан.
Мөн “Монгол ардын дуу”(1967), “Македоны Александрын тухай монгол зохиол”(1973), “Алтан ордны үйсэн дээрх бичиг” зохиолын судлалд”(1976), “Аргусан хуурчийн домгийн асуудалд”(1993), “Монголын бөө мөргөлийн яруу найраг” (1994), “Хардалгад өртсөн яруу найрагч Д.Пүрэвдоржийн “Чингис” шүлгийн тухай”(1994), “Гүр хаан сэцэн Жамухын дүр”(1996) зэрэг монгол судлалд дорвитой хувь нэмэр оруулсан чансаатай олон судалгааны өгүүлэл бичсэн болно.
Д.Цэнд багшийн туурвисан “Орчин үеийн яруу найргийн төрөл зүйл” (1972), “Монголын орчин үеийн уянгын дуу найраг” (1921-1970), “Монгол шүлгийн онцлогийн асуудалд”(1976) зэрэг өгүүлэл, нэг сэдэвт зохиол нь монгол яруу найргийн онол, түүх, уламжлал шинэчлэлийн олон чухал асуудлыг хөндсөн юм. Тэдгээр нэг сэдэвт бүтээлийг монголын нэрт эрдэмтэн Л.Хүрэлбаатар агсан: “Орчин үеийн монгол яруу найраг нь нийгмийн шийдвэрлэх асуудлын цаг хүрээ тэлж өргөжсөнтэй холбогдож, яруу найргийн уламжлалт төрөл зүйлийн хүрээнээс эрс шийдвэртэй түрэн гарсан боловч өнгөрсөн үеийнхээ утга зохиолын уламжлалыг тусган, бүтээлч шинэчлэлээр баяжиж ирсэн туршлагыг Д.Цэнд эрдэмтэн нэгтгэн дүгнэсэн” байна хэмээн бичиж байлаа.
Багш тоталитар дэглэмийн үед гол бүтээлээ туурвиж байсан болохоор тухайн нийгмийн тоос зохиол бүтээлд нь буй мэт харагдавч гол ноён нуруугаа алдаагүй явсан нь нарийвчлан үзвэл тодордог юм. Хэрвээ үл мэдэгдэх өвчин гарвал мэргэжлийн эмч дууддаг шиг, алт, гууль хоёрын мөн бишийг аанай л геологийн шинжилгээгээр тодорхойлдог шиг тухайн цаг үедээ нам, төрөөс уран зохиол, тодорхой зохиолчдын бүтээлд Д.Цэнд багшаар үнэлэлт дүгнэлт өгүүлэх нэг биш эгзэгтэй үүрэг даалгавар өгч, уран бүтээлийн тодорхойлолт гаргуулдаг байжээ. Тухайн үедээ Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгссөн, монголдоо л цорын ганц байсан Уран зохиолын тэнхмийн эрхлэгчид өгдөг тийм “аминд аюултай” үүрэг даалгаврыг Д.Цэнд багш маань нам, засгийн тогтоол заавраас ишлэл авсан, дүгнэсэн мэт “царайлан” бичих боловч үнэндээ зохиол, зохиолчынхоо уран бүтээлийг илүү тодруулан үнэлж цэгнэж, оюутнууддаа заасаар ирсэн юм.
Д.Цэнд багш маань хуучны сайхан хүн болохоор сонин чухал мэдээ агуулсан хууч их хөөрнө. ШУА ялангуяа Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын бүтээл, намтар, болсон онцлог үйл явдлын гэрч болсон хүн. 1956-1975 онд Хэл зохиолын хүрээлэнд тасгийн эрхлэгч, Эрдэмтэн нарийн бичгийн бичгийн даргаар ажиллаж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Б.Содном, П.Хорлоо гээд олон эрдэмтний шавь, “дарга” нь явсан болохоор мөн ч олон сонин юм ярьдаг юм.
Монголын зохиолчдоос Д.Нацагдорж, С.Буяннэмэх нараас бусадтай нь нөхөрлөж явсан боловч Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Дунгарын Чимид гээд бүгдийг нь судалж, магтахыг нь магтаж, шүүмжлэхийг нь шүүмжилж явсан хүн.
Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Д.Гомбожав зэрэг нэрт зохиолчид хэзээ, хаана, хэнд зориулж яруу найргаа туурвисныг анх сонсож, үгээ хэлж зөвлөж, засаж бас шүүмжилж ч явсан уран зохиол шинжээч.
Бага, дунд сургууль, техникум, дээд, их сургууль, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт гээд боловсролын бүх салбарт багш, хичээлийн эрхлэгч, декан, тэнхмийн эрхлэгчээр ажиллаж, жирийн багшаас профессор болсон сурган хүмүүжүүлэгч ёстой багшийн багш. Ийм л бүх хүний таньдаг эрдэмтэн багшийнхаа тухай насан баярынх нь үеэр санаанд үлдсэн, тэмдэглэж авсан зарим хууч яриаг доор үгүүлье.
Д.Цэнд профессорын хууч яриа
10 жилийн I дунд сургуулийг “аварсан нь”
Улаанбаатар хотын төвд Зөвлөлт Холбоот Улсын Элчин сайдын Яамны барилга байшин барих болж, бас 10 жилийн I дунд сургуулийг Зөвлөлтийнхөн авч орос сургууль болгоно гэсэн тул Ю.Цэдэнбал дарга зөвшөөрчээ. Харин Ж.Самбуу дарга Улс Төрийн Товчооны хурал дээр:
-“Бид Засгийн газраа дөрвөн давхар болгоогүй байхдаа дунд сургуулиа дөрвөн давхар барьсан юм шүү! Анхны юм. Х.Чойбалсангийн маань нэрэмжит юм. Байж байг даа” гэсэн гэдэг. Д.Цэвэгмидийн гуайн бичсэн туужид сурагч Ганбат сургуулиа найман давхар боллоо гэж зүүдэлдэг. Чухам өнөөдөр л тэр зүүд биелж байна даа” гэж Д.Цэнд багш маань 1990 оны 11-р сарын 13-ны өдөр Багшийн Их Сургуулийн Уран зохиолын тэнхэмд хуучилж билээ.
Зүүн гар талаас: проф. Д.Цэнд, МУИС-ийн Монгол хэлний тэнхмийн эрхлэгч, доктор А.Пүрэвжанцан шавийн хамт. 2011 оны 8 дугаар сарын 9-ний өдөр. Зохиогчийн авсан зураг.

Олон нугын өртөөн дээр унаад өгч билээ
1948 онд онд би Багшийн сургууль төгсөөд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын долоон жилийн дунд сургуулийн нээлтээр багш болохоор очлоо. Улаанбаатараас дөрвөн өртөө газар морин өртөөгөөр явахад гурав дахь өртөөн дээр мориндоо мордож чадахгүй, мордвол бууж чадахгүй болтлоо ядарч, Олон нугын өртөөн дээр унаад өгч билээ. Хоёр морьтой явсан юм. 18 настай байсан даа. Гарын алга, гуяа гэж улаан нялга шахуу. Замдаа өртөөний хоол ч идэж чадахгүй байв. Багшийн сургууль төгссөн надад ганц өрөө өгөв. Зуух нь ширэмгүй. Цонх нь шилгүй. Цагаан даавуугаар шил болгон халхлав. Хажуу өрөөний багш байна.
- “ Сумын төвөөр гуанз ирсэн чинь алга” гэтэл хажуу айлынхан маань:
- “Та чинь ямар хачин хүн бэ. Манай суманд гуанз байхгүй. Манайд цай уу” гэв.
Сумын дэлгүүрээс пряник авав. Хатсан гэдэг нь жигтэйхэн. Жаахан ааруул авлаа. Тэгээд хонь авахаар Хануй голын урд айлд очиж 40 төгрөгөөр нас гүйцсэн эм хонь худалдаж авав. Улаанбаатарт тийм хонь 20 төгрөг байдаг тул үнэтэй санагдаж байв. Хонио тэнд нь гаргуулж, махыг нь авав. Удалгүй над дээр дунд сургуулийн V анги хамт төгссөн, газарзүйн багш Самбуу авгайтайгаа ирэв. Самбуу золиг чинь намайг авгайтайгаа хардаад данхны цорго хуга шаагаад байдагсан. Авгай нь улаан тарианд явдаг. Тэр бүхнийг надтай хамт суманд бага эмчээр очсон нөхөр бүгдийг мэднэ дээ.
Цаг, төр ч өвддөг
“Эм улс тулга тойрсон яриа дэлгэдэг. Эр улс гэр тойрсон яриа ярьдаг” гэж Д.Намдаг зохиолч нэг удаа бидэнд хэлсэнсэн. Манай Уран зохиолын тэнхэмд багш нар, зохиолч нар цуглаад уран зохиолоос гадна улс төр, цаг үеийн ороо бусгаа байдлын талаар бишгүй л ярьж байдаг юм. Тийм нэг яриан дээр Д.Цэнд багш:
- “Цаг төр ч өвддөг юм байна” гэж хэлж байсан нь сэтгэлд үлджээ.

Цэндийн нуруу
“Цэндийн нуруу
Жөнжөөгийн хуруу
Цолоогийн эрүү” гэсэн нөхөрсөг шог үг 1960-1970-аад оны Хэл зохиолын хүрээлэнгийнхний дунд гарсан гэдэг. Бодвол Д.Цэнд багш маань ид залуудаа зурсан юм шиг царайлаг, мах мяриа тэгш, лагс хэрнээ нуруу туруу гунагар, ардын дууны дүр халхын сайхан Юндэн шиг хүн байсан.
Жөнжөө буюу Х.Лувсанбалдан багш “арилгасан сонгино шиг” арван цэвэр хуруутай.
Ж.Цолоо багш тун цэвэрхэн сайхан залуу бөгөөд бага зэрэг ээтгэр эрүү нь зохисон гэдэг нь ванлий гэсэн утгатай байсан юм шиг байна лээ. Бодвол хүрээлэнгийн аман зохиол судлаачид юмуу эсвэл охид хүүхнүүд л тэсгэл алдан зохиосон аман билиг юм даа.

“Б.Ринчен 1942 онд ярьж байсан юмаа л ярьж байна”
196О-аад оны үед би Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсөж, 37 настай ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд ирлээ. Тэр үед манай хүрээлэн дээр “Шинэ үсгийн дүрэм”-ийн тухай эрдэмтэд хэлэлцлээ. Ш.Лувсанвандан гуай:
- “Уламжлалаа хадгалсан бол шинэ үсэг сайн бичиг” гэж байна.
Б.Ринчен гуай шинэ бичгийг шүүмжилж, зарим эрдэмтэд дагалдаж шүүмжлэн үг хэлээд л...Сүүлд нь Ц.Дамдинсүрэн багш босоод:
- “Ш.Лувсанвандан уламжлал хадгалсан бол сайн гэж хэлж байна. Энэ байшин сайн байшин байна. Даан ч уламжлал бодсонгүй гээд хойш нэг алхам болгох гээд дахиад буулгаж барихтай л адил юм” гэж хэллээ. Тэгээд:
- “Б.Ринчен сая 1942 онд ярьж байсан юмаа л ярьж байна. Энэ урт хугацаанд өөрөө сайн, боловсронгуй, шинэ үсэг бичиг зохиочихсон бол өдийд бид тэр сайныг нь хэрэглээд миний зохиосон ялагдаад л явчихна шүү дээ. Би крилл монгол үсэг бичиг зохиоё гэж зохиогоогүй ээ! Нэг өдөр маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар л дуудаж үүрэг өгсөөн. Уг нь тэр үед латин үсэг авсан байсан. Шинжлэх ухааны ажлыг захиргаадаж, удирдлагаар хийлгэдэг цаг үе байсан шүү дээ” гэж билээ. Би тэр үед Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга байсан болохоор ийм чухал хурал, яриаг сонсоод тэмдэглэж суудаг байсан даа гэж Д.Цэнд багш маань бидэнд хуучилж билээ.
Цэнд гэдгийг дунд гэж андуурч явлаа
Багшийн их сургуулийн Монгол хэлний тэнхмийн ахмад багш Л.Дамдинжав 1994 оны 2 дугаар сарын нэгэнд багш нарын баяраар ирээд байхдаа:
-“Би чинь Д.Цэнд багшийн тавиад оны нь оюутан. Монголын уран зохиолын шалгалт өгөөд сурлагын дэвтэр дээр Цэнд гэж гарын үсэг зурахад нь дунд гэж андууран айж явлаа” гэж билээ. Нээрэн багш гарын үсгээ зурахдаа гаргацтай аргагүй бичих нь “алсаас харахад”, айсан нүдэнд дунд гэдэг үгтэй “үе тэнцүү”, “сүүл холбоц нь” адил шүү.
Архи “муулсан нь”
Улсын багшийн дээд сургуулийн Монгол хэл, уран зохиолын факультетийн декан байсан, оюутан бидний их айдаг Д.Бямбасүрэн багш нэг удаа Д.Цэнд багштай хууч хөөрч байв. Д.Бямбасүрэн багш:
- “Оросын “манухоол, манапоол” гэдэг архи бидний залууд 5 төгрөг 60 мөнгө байхад:
- “Уусан хүн үхдэг юм гэнэлээ” гээд хүн авахгүй, нэг их лацаар дарсан лонхтой ногоон юм дэлгүүрийн лангуун дээр тоосонд дарагдаастай байдагсан. Сүүлд 11 төгрөг болоход нь авч үзэж ууж билээ” гэх нь тэнхэмд юм бичээд сууж байгаа бидэнд сонсогдоно. Цэнд багш:
- “Баян-өлгий аймагт анх архи авдаггүй. Уудаг хүн нэг ч байхгүй байсан гэдэг. Дэлгүүр нь төлөвлөгөө биелүүлэхийн тулд арга буюу бараа дагуулж архи өгөхөд нь гадаа гараад хага цохидог байжээ. Одоо харин хөө, Баян-өлгийн казахууд чинь архи уухдаа сайн, тэргүүний аймаг болсон гэнэлээ” гээд тэр хоёр хөхрөлдөв. Ажил аль хэдийн дууссан тийм нэг намуун орой хоёр багш маань тийнхүү баахан архи “муулсансан”.
Бас манай нутагт анх танилцсан хүнд сархад барихдаа мөнгө, чүдэнз дэвсэж өгдөг. Юм нэг биш, өдөр ганц биш ээ. Одоо эцэг, эх, хань, настанг хүндэлж явах ёс их алдагдаж эхэллээ. Монгол хүнийг монгол ёсоор нь байлгахсан.
“Аяганы хариу өдөртөө
Агтны хариу жилдээ” гэдэг сайхан үг шүү” гэж билээ.

Москвагийн гудамд таксинд уншсан шүлэг
1962 онд би яруу найрагч Д.Пүрэвдоржтой Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд хамт суралцаж байлаа. Тэр оны хоёрдугаар сард юмсан. Бид хоёр “махассан” байсан юм болов уу даа. Бутырийн захаас гар нядалгааны хонины мах авч, хоол хийж идэхээр ярилцан, таксинд суун явлаа. Замдаа Д.Пүрэвдорж маань:
- “Би урьд шөнө ийм нэг шүлэг бичлээ гээд “Чингис” гэсэн бүтээлээсээ уншиж өгөв.
- “ Үнэхээр өө сэвгүй сайн шүлэг болжээ” гэж би дэмжээд сэтгэлд харван орж ирсэн:
“Оонын халиун зоо шиг халхын уудам талд
Онгин цагаан тамга гэрээ тэр барьсан юм
Онон голын шугуйд хур шиг шаагих адуунаас
Онгон хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон...” юм гэсэн бадагийг дор нь цээжилснээ буцаан уншиж, найрагч нөхөртөө урам хайрласан юм. Тэгж л би тэрхүү мөнхийн бүтээлийн анхны сонсогч, сайшаан дэмжигч, бас анхны “уран уншигч” нь болсон доо.
“Чингис-нумын хөвчнөөс төрөөгүй
1962 оны 5 дугаар сард яруу найрагч Д.Пүрэвдорж Монголын Зохиолчдын III их хуралд оролцохоор Москвагаас Улаанбаатар руу нислээ. Тэр үед МАХН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очирын хүү Т.Галбадрахтай нэг өрөөнд амьдарч байсан тул захиа занааг нь аван явлаа. Хүүгийнх нь захиаг хүргэнгээ Д.Төмөр-Очир даргад “Чингис” шүлгээ уншиж өгчээ. Д.Төмөр-Очир гуай уг шүлгийг их л бахдан сонсоод:
“Чингис-нумын хөвчинд төрсөн юм
Чингис -сумын зэвэнд төрсөн юм
Чингис - Өэлүн эхээс төрсөн юм
Чингис-Өрлөг түүхээс төрсөн” юм гэсэн бадгаас эхний хоёр шадыг
“Чингис-нумын хөвчнөөс төрөөгүй
Чингис-сумын зэвнээс төрөөгүй юм” гэж засах зөвлөгөө өгсөн гэдэг. Үнэхээр хашир хүн, тэгж зөвлөсөн нь тухайн цагтаа зөв байлаа гэж Д.Цэнд багш дурсав.
Хүний хөлс, хөдөлмөрийг үнэлж бай!
1972 онд миний бичсэн “Монгол шүлэг” судлалын өгүүлэл “Цог” сэтгүүлийн оны шилдэг бүтээлээр шалгарч, мөнгөн шагнал хүртлээ. Сайхан л байлаа. Сэтгэл ч хөдөлж байна. Ажил тарангуут ганц “Цагаан Долгор” авч, Б.Содном эрдэмтнийхээ өрөөнд орж, шагналын дээж хэмээн хэлж, ширээн дээр нь тавин, хүртэхийг хүсэв. Б.Содном багш баяр хүргэснээ босож, номынхоо өндөр шар шүүгээг онгойлгон, нэг номын завсраас мөнгө аваад 13 төгрөгийг нөгөө шилтэй архины дэргэд тавилаа. Тэр үед цагаан архи 26 төгрөг байсан юм. Архины тал мөнгийг надад өгч байгаа бололтой. Би учраа дахин хэлж, шагналын дээж хэмээн мөнгийг нь буцаан өгсөн боловч огт авсангүй. Тэгээд одоо яахав, архиа задлан, хундагалан баривал Б.Содном гуай:
- “Цэнд минь дээ! Энэ чинь хүний хөдөлмөр. Чиний л хөдөлмөрийн хөлс шүү дээ! Намайг Германд сурч байхад хүнээс чүдэнз гуйж, тамхиа асаасан хүн чүдэнзний нь хайрцагт нэг мөнгө хийгээд буцааж өгч байхыг хараад сууж байсан айлынхаа герман эзэгтэйгээс учрыг нь лавлахад:
- “Хүний хөдөлмөр, хөлсний ачийг хариулж байгаа юм” гэж хэлж билээ. Тэгээд:
- “Хүний ч бай, өөрийн ч бай хөдөлмөр зүтгэл, хөлсийг заавал үнэлж бай!” гэж сургамжлан надад захисан юм” гэв. Нээрээ л бодууштай үг байлаа!” гэж багш минь дурсан ярьсан юм.
Ухаантай хуучны хүмүүс сархад зооглохдоо ч гэсэн ингэж л дандаа сургамжтай юм ярьж, шинжлэх ухаан, уран бүтээлийн онгодоо ирлэж, сэтгэлээ хөгжөөж, залуус дүү нар, шавь нартаа үлгэр болж байсныг том эрдэмтэд, зохиолчдын ундаанд гүйж, сөн түшиж явсан залуу “эрдэмтэн, зохиолч” бүр мэднэ дээ. Харин тэднийхээ тэр үед ярьсан хууч яриаг одоо дурсан хөөрөлдвөл мөн ч сонин сайхан мэдлэгийн цоморлиг болно доо.
Намын “хайр”
Монгол Улсын Төрийн шагнал аваад удаагүй байгаа намын ахмад гишүүн, “шилдэг коммунист” Д.Цэнд багш маань 1990 оны ардачлалын салхи дөнгөж сэвэлзэж, Д.Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан болсон хаврын тэр өдрүүдэд гэнэтхэн МАХН-ын гишүүнээсээ татгалзаж, салбарын намын үүрийн нарийн бичгийн дарга Мягмарт “гал улаан батлахаа” буцаан өгөв. Сургууль даяар бараг хот даяар гайхаж, зарим хүн өмнөөс нь айж, Хотын Намын Хороо үлгэргүй дууриалд цочирдов.
Монгол хэлний Ж.Санжаа багшаас эхлээд намын орлогч гишүүний бүртгэлтэй явсан хэд хэдэн залуу багш “барьцах хүнтэй” болж бас ч зориг нэмсэн бололтой уухайн тас орлогч гишүүнээсээ татгалзав.
- “Цэнд яахнав дээ. Очиж очиж төрийн шагналт профессор намаас л шагнал аваа биз дээ” гэх яриа чих дэлсэж байв. Хэн хүнгүй л гайхаж байлаа. Тэгээд удалгүй бүх юм эргэж юун Д.Цэнд багшийн намын “манлайлал” байтугай МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо ч огцорч, үгүй боллоо.
МАХН сэргэх бүртээ багшийг маань тодорхойлсон Гавьяат багшийн нь алдарыг өгөхгүй байсан нь үлгэргүй “манлайлагчийг” араандаа зуусан хэвээр байгаа бололтой байв. Гэвч үнэнд гүйцэгдэж, төрөөс аргагүй л Гавьяат багшийг нь батламжлав. Намтайгаа, “улаантайгаа” байсан бол “Ардын багш” ч өлхөн байлаа.
Ц.Дамдинсүрэн гуайн 100 жилийн ойд зориулсан дурсамжийн ном бэлдэж байсан монголын нэрт эрдэмтэн Л.Хүрэлбаатар багш маань надаар газарчлуулан, хоёулаа зуны нэг өдөр Гацууртад Д.Цэнд багшийнд очлоо. Ц.Дамдинсүрэн гуайн тухай тэр хоёр удтал дурсан ярьж байснаа нутаг ус, үүх түүх яриад эхлэв. Цэнд багш Архангайнх. Хүрлээ багш Хөвсгөлийнх. Зэргэлдээ байтугай хуучин нэг хошуу шахуу бололтой. Түүнээс ч болов уу нэг мэдэхэд 1932 оны лам нарын “эсэргүү хөдөлгөөн” хэмээн нэрлэгдсэн ардын бослого тэмцлийн тухай ярьцгаав. Нутгийн ахмадуудаасаа эхлээд хамаатан садан,аав ээжээсээ сонссон мөн ч их сонин баримт ярьцгаалаа. “МАХН-ын товч түүх”-нд байдаг, нөгөө л уншиж, үзэж ирсэн роман, уран сайхны кинонд дүрсэлдэгээс шал өөр баримт мэдээ, хууч сонсов. Мөн ч сүрхий юм болсон ажээ. Нутаг оронд нь болсон үйл явдалд санаатай, санаагүй “оролцсон”, ойр хавь нутаглаж байсан, насанд хүрсэн хүн бүрийг барьж, хонь мал шиг хорьж “хөгнөж” байгаад байцааж гарчээ.
- “Учир явдлыг сайн мэдээгүй, ухамсарлаагүй, дүйвээнээр л...” гэж хэлсэн хүнийг өршөөх тал байж гэнэ. Харин
- “Монгол угсаа, өмч хөрөнгө, шашин бурхнаа хамгаалан тэмцэхийг дэмжилгүй яахав” гэж хэлсэн шазруун эр, эм бүхнийг нам бууджээ. Тийм хурц, үнэн үгийг олон гэмгүй хүн хэлээд цаазлуулсаныг хоёр багшаасаа сонсож билээ...
1932 оны ардын бослогын дараахан хар нялхаасаа өнчирч, зовж ядарч байхад нь Дамдинсүрэн хэмээх ах нь үрчилж аваад өөрөөрөө овоглож, хүний зэрэгт хүргэсэн гэдэг.
1967 онд Д.Цэнд нь “Ц.Дамдинсүрэнгийн “Хачин хурим”, Ш.Гаадамбын “Зохиолчийн хөдөлмөр” номуудыг редакторлан хэвлүүлж, муу бүтээл хэвлэгдэх үүд хаалга нээсэн. Шүүмжүүд нь үгүйсгэх үзлийн хандлагатай” гэж нам нь шүүмжилж байлаа.
1969 онд болсон Нийгмийн ухааны багш нарын зөвлөгөөн дээр Д.Цэнд багш “Ш.Гаадамбын “Монголын Нууц Товчоо” уран зохиолын дурсгал болох нь” хэмээх судалгааг хэвлэж, олны хүртээл болгоё. Үндсэн санал дүгнэлтийг нь дунд сургуульд заая” гэсний нь төлөө үндэсний үзэлтэн, Ц.Дамдинсүрэнтэй дуу дуугаа авалцсан, марксизм-ленинизмд аль ч талаараа харалганаа харуулсан үндэсний үзэлтэн” гэж шүүмжлэв. Өөрийн нь онож хэлснээр тийнхүү нэг дор багтдаггүй харш хоёр зүйлийг түүнд тохоон тулгаж байжээ. “Шүүмжлэгч Д.Цэндийн бичсэн өгүүллийг үг үсэг засахгүй хэвлэж байгаад ямар нэг алдаа олон унага!” гэсэн нууц даалгавар ч байсныг хожим өөрөө олж мэдсэн гэдэг юм. Ингэж л “Үндэсний үзэлтэн”, “үгүйсгэх үзэлтэн” гэсэн хоч зүүж, үзэл суртлын том бага, дарга нарын үүрэг тушаалд шахагдаж, амьдралдаа ихийг үзэж, туулж ирсэн юм.
Залуудаа Налайхын уурхайд ажиллаж, 1940-өөд оны үед Засгийн газрын ордныг Улсын багшийн дээд сургуулийн хичээлийн байр болгон өргөтгөл хийхэд цахилгааныг нь монтажилсан цахилгаанчин залуу хожим нь тэр л эрдмийн өргөөндөө насаа элээсэн буурал профессор болохыг тэр үед хэн ч төсөөлж байсангүй.
“Үүргээ” сайн биелүүлсэн минь
Д.Цэнд багшийнх Улаанбаатар хотын Бага тойруу, Хүнсний I дэлгүүрийн зүүн хойд талын ягаан байшинд олон жил болсон доо. 1990-ээд оны үед манай хоёр саахалт айл болохоор орой ажил тараад цуг явнаа. Нэг өдөр яг тэдний орцны үүдэнд иртэл багш:
- “Чи манайд орноо. Би чамаар нүүр барих хэрэг байна. Лиза чамд уурлахгүй ээ” гэв. Хаалга нээхэд одоо том эрс, охид бүсгүйцүүд болсон баахан ач, зээ нь хар хурдаараа ирж, өвөөгөө бүчин шавав. Багшийн гэргий Лиза эгч улаа бутарсан багшийг маань нэг сүрхий сонжин харснаа үг хэлсэнгүй. Багш зочны өрөөндөө тухалж, өвөр дээр нь, нуруун дээр баахан хүүхэд асаж эрхлэх нь хүүхэд шавуулсан Цагаан өвгөний баримал хөрөг шиг байлаа. Багш инээд алдаж:
- “Лиза аа! Шавьд, зочинд юм” гэтэл Лиза эгч цай цүү, хоол унд болж, багшийн хэлсэн мэлтэлзсэн “юм” задлав. Бид хоёр сайхан ярьж суув. Багш маань тавтай, таатай, илүү ч үгүй, дутуу ч үгүй сархад хүртэж, уухаасаа суух нь гэдгийн үлгэр үзүүлэв. Тэгээд явах болоход багш хаалган дээрээ ирээд:
- “За, зөв! Чи үүргээ сайн биелүүлэв!” гэж шивнээд инээд алдан үдэв. Ард нөгөө жаахан хөөрхөн хүүхдүүд: “Өвөөгийн найз явчихлаа” гэх нь дуулдаж байж билээ. Намар оройн цаг байсан даа.
Багшийн ярьдаг Архангайн улаан тарианы хүүхнүүд, Б.Явуухулангийн “Шөнийн танго” зэрэг яруу найраг, дуу хэрхэн бүтсэн, Ц.Дамдинсүрэн, Д.Намдаг, П.Лувсанцэрэн, Г.Жамсранжав зэрэг зохиолч уран бүтээлчдийн амьдрал, “Монгол хэлний тайлбар толь” зохиохоор анх Мэргэн гүн Гомбожав, Дорж мэйрэн, их Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен зэрэг бичгийн мэргэд толгой толгой үгээр нь хуваан авч, олон жил нямбайлан хийж байсан тухай өтгөсийн үг, иш баримтыг нотлон ярьж байсан хууч, Р.Чойнямыг нам төрөөс хэрхэн ялласан, Х.Пэрлээ эрдэмтний экспидицээр явж байх үеийн аян замын хөг, Ш.Гаадамба зэрэг аварга эрдэмтэдийн хэрхэн хэлмэгдэж байсан, ардын билигүйч Д.Дашдорж, Ардын багш проф. О.Отгонсүрэн зэрэг багш нартай үй зайгүй үерхэж явсан паян, Д.Равжаа судлагч Д.Цагаан багшийн амьдрал намтар, Багшийн дээд, Хэл зохиолын хүрээлэнгийн түүх, Архангайн Багшийн сургууль, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт хэрхэн үүссэн, Багшийн сургуулийн хөвгүүд Офицерийн сургуулийнхантай дүрсгүйтэж явсан үе, Ленин клубын үдэшлэг танц, М.Горькийн сургууль, Москвагийн жилүүд гээд мөн ч сонин сайхан хууч яриа олныг үгүүлж байсныг энд багтаан бичиж амжсангүй.
Анх намайг Уран зохиолын тэнхэмдээ багшаар авахдаа :
“Цасан дээр мөртэй
Цаасан дээр нэртэй яваарай!” хэмээн ерөөсөнсөн. Алс хол явах болоход минь “Хүний нутагт сэрэмж, болгоомж хоёрыг л бүү бүү алдаарай!” гэж захисан даа.
Саяхан л багшийн маань 70 насны ой болж байсансан[1]. 2011 онд 80 насных нь ойгоор МУБИС-ийн Монгол Судлалын Сургуулынхан багшийнхаа эрдэм номоос суралцан, үг сургаалыг нь сонсож, хөхин баяслаа.
Д.Цэнд багш олон зохиолч, залуу эрдэмтэн, судлаач, шүүмжлэгчдийн анхны алхамд урам дэм өгч, ултай нухацтай үгээрээ зааж сургасаар явна.
Багшийн багшийн багш маань эрдэм номын хоймор заларч, монголын их уран зохиолын босгоноос олон авъяас билигтний бүтээл туурвиллын аяны дөрөөг мялаасан билээ. Урт насалж, удаан жаргаж яваа Д.Цэнд багшийнхаа тухай дахин товч үгүүлэхэд ийм буюу.
Багш минь улам урт насалж, уран бүтээлийн ганзага дүүрэн байхыг өчүүхэн муу шавь нь хүсэн ерөөе!
2011.12.14

Monday, March 5, 2012

МОНГОЛ ЭХ ХҮН


            Монголчууд бид эх хүнийг эрт дээр үеэсээ эрхэмлэн хайрлан дээдлэж ирсэн. Монголд ямар ч насны хүмүүс сэтгэлдээ эхийгээ ил болон битүүхэндээ тээж явдаг. Үүний нэг баталгаа нь эхийн тухай дуу, шүлэг тоолоод барашгүй олон. Монголчууд бид сэтгэлээсээ найр наадам, урлагын тайз, сургуулийн хонгил, гудамж талбай, хээр тал, машин тэрэг гээд л хаа байгаа газартаа эхийн тухай дууг дуулж, сонсож, аялаж явдаг хүмүүс. Хүн болгон л ээждээ нэг очих юмсан, ээжийгээ санаж байна, ээждээ нэг загнуулах юмсан, ээж минь, ээждээ гэж үргэлж ярьж ижийгээ дурсдаг. Яагаад Монгол хүмүүсийн сэтгэлийн уяа нь Ижий хүн болсон бэ? Энэ асуултыг миний өчүүхэн бие эргэцүүлэн бодож үзсэн. Гэхдээ хүн болгоны бодол өөр. Монгол эх хүний хүүхдээ асран хүмүүжүүлж өсгөж байгаа арга нь бусад орнуудыг бодвол өөр юмаа. Монгол эх хүн үрийнхээ зулайг үнэртсэн тэр цаг мөчөөс эхлээд эх хүний хайрыг шингэтэл үрээ өсгөж хүмүүжүүлсэн гэж би хувьдаа бодож байна. Ээж нь үрдээ хайртаа шүү гэж чихэнд минь шивнээгүй ч ижийнхээ хайрыг Монгол хүмүүс сэтгэлээрээ мэдэрч Ээж минь намайгаа л гээд харж байгаа, хүлээж байгаа гээд л өөрийн эрхгүй тэмүүлдэг.

            Монгол Эх хүн хүүхдээ хөхүүлэхдээ зүгээр нэг хөхүүлээд хооллосон болоод цааш нь унтуулчихдаггүй. Хөхүүлж, угжиж байхдаа хайраа илэрхийлэн өхөөрдөн, илэн таалан үнэрлэн үнсдэг. Хөхүүлж байхдаа хүнтэй ярьж хөхүүлдэггүй нь хүүхэд сүүндээ хахдаг.  Хүүхдээ хуурайлж байхдаа ч хайраарай эвийлэн өхөөрдөн, үрээ хараад баясдаг. Монгол Ижий нар хүүхдээ нялх насанд нь үргэлж дэргэдээ бүүвэйлэн унтуулдагаас гадна үрдээ анхаарлаа хандуулж шөнө дуг хийхдээ сэргэг соргог амардаг. Гэрийн ажлын хажуугаар хүүхдээ анхаарал халамжаа тавин салхилуулах, үргэлж өвөр дээрээ тэврэх, хэдхэн сартай байсан ч хамаагүй хүүхэдтэйгээ ярьж хөөргөн онгироодог. Монгол эхийн хайр хүүхдэд хайрлах энэрэх сэтгэл өгдөг. Монгол Ээж хүүхэдээ амьдралыг өөрийн хийж байгаа ахуй үйлдлээрэй болон ярьж захиж хүмүүжүүлдэг. Гэр цэвэрлэж, хоол ундаа хийхээс гадна ихэнх Монгол ээжүүд гарын дүйтэй. Дээл хувцас, гэрийн бүслүүр хөшигнөөс гадна гутал малгай хүртэл оёж, түүнийгээ гараараа хатгамал хатгал гоёлохоос гадна ноос ноолуураа ээрэн янз бүрий юм нэхнэ. Муухан эр хүнээс дутахгүй, сандал ширээ, оньс түлхүүрээ хүртэл засаад хадаад янзалчихана. Малаа сааж, малынхаа сүүгээр бяслаг, ээдэм, өрөм тараг, ааруул хурууд, аарц ээзгий, шар тос, зөөхий, хоормог, айраг шимийн архи гээд сүүн бүтээгдэхүүнээр юу л хийж болно тэр бүгдийг хүүхдээ асран хүмүүжүүлэхийнхээ хажуугаар амжуулна.  Энэ нь монголчууд бидний сэтгэхүйг сэтгэхээр хөгжүүлдэг болов уу. Монгол хүний ганц онцлог бол юмыг хараад ургуулан бодож сэтгэж чаддаг. Энэ нь Монгол Ижийн гавъяа гэж хэлхээр байна. Бэлэн юман дээр өссөн хүүхэд, байгаль болон эхтэйгээ харьцаж өссөн хүүхдийн сэтгэхүй хоорондоо ялгаатайн амьдрал дээр харагдаг.

            Монгол Ээж хүүхдээ загнаж зандардаг ч хал нь гаднаа хайр нь дотроо гэж Монголчууд бид ярьдаг. Загнаж зандарснаар хүүхдийн эрхийг зөрчиж халдаж байгаа хэрэг биш, харин ч хүүхдэд  буруу зөвийг нь ухааруулж ойлгуулж хатуужил, хүнээс ямар ч үг даах чадвартай, сэтгэлийн тэнхээ хүч өгдөг. Хүүхдээ буруу юмнаас өмөөрдөггүй, эрхийн мангар болгохыг хэн хүсэх билээ. Монгол хүүхэд эхийгээ хүндлэн хайрладагаас эхийнхээ өөдөөс том үг дуугарч алдас болдоггүй. Үүний нэг жишээ Монголчууд бидний бахархал болсон Эзэн Чингис хаан маань хаан байсан ч эхийгээ дээдэлж ижийдээ ёсолдог байсныг хүн болгон түүхээс мэднэ. Хаанахын хэн ч болсон ч Ижийтэй хүн, эхдээ л хайрлагдан хамрагдана. Монгол эр хүний ухаанаар гэргийдээ халамж хайраа хандуулдаг, үр хүүхдээ эцэг талаас нь сургаад өгдөг нь гэр бүлийн гол ноён нурууг бат бэх болгодог нь эр хүний нэг ач гавъяа юм.

            Монголчууд бид эх үрийн холбоо гэж ярьдаг. Энэ нь эх хүн үрээ гэсэн сэтгэл зүрх нь үргэлж уяатайгаас гадна үрийнхээ төлөө сайн сайхан бүхнийг зориулж аз жаргалыг бэлэгшээдэг. Үүгээрээ ч монголчууд бид сүүн цацлаа өргөдөг. Монгол Ижий үр хүүхдээ эцэг тэнгэр, эх дэлхийдээ даатган сүүн цацал, өглөө болгон чанасан цайны дээжээ сэтгэлээсээ ерөөн өргөдөг. Цацал өргөхөд бас учир бий. Толгой нүцгэн, үс задгай, хөл нүцгэн, час хийсэн халуун цай өргөхийг цээрлэнэ.  Алганы ам дээш харуулан халбагаа барин өвөг дээдэс, эцэг тэнгэр, эх дэлхийдээ сүүн цацлаа өргөн сайн сайхан ерөөлийн үг хэлнэ. Амандаа орсон үг хэл болгоныг хэлж болохгүй. Монгол хүний амны бэлэг, ашдын бэлэг гэж хөгшид буурлууд маань үргэлж сануулдаг билээ.

 Монгол Ижийн хүүхдээ хүмүүжүүлж эх орондоо хэрэгтэй иргэн болгосонд нь нүсэр их хөдөлмөрийг үнэлж улсаас Алдарт Эхийн 1,2 одонг олон хүүхэдтэй ижий нарт олгодог нь бахархууштай.

Монголын төгөлдөр гоомарал болсон эмэгтэйчүүдэдээ олон улсын эмэгтэйчуудын баярын мэнд хүргье.



С.Үзмээ

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...