Monday, October 19, 2009

Домогт Итали орон

Хатан хаан цолтой
Хойд Карoлина мужийн Шарлотти хотоос
Хөх нисэх онгоц хөлөглөн
Хөх тэнгэрийн үүлийг сөрж
Дүүлэн нисэн Атлантын далай дээгүүр
Домогт Итали орныг зорин одлоо

Дэлхийн жуулчдын нүдийг унагасан
Дэгжин Венеце хотын нисэх буудлаас
Адрейтик тэнгисийн хаяандах Мoнфалконе хотноо
Анд найзынхаа гэрт зочилон тухалхаар хөдөллөө
Итали хүргэнийхээ гарын амттай сайхан хоол
Итали дарсаар дайлуулан баяр хөөрөөр дүүрэн байлаа

Италийн хойд нутаг Горициа муж нам гүн
Их тэнгис Адрейтик тунгалаг ариун номхон дөлгөөн
Уул нуруудын толгод үргэжилсэн
Усан үзэм, чидун үрэлийн цэцэрлэгтэй
Үзэсгэлэн төгөлдөр бүрэлдсэн
Үгүйлэх түүхт газартай баялаг нутаг

Хөл хөдөлгөөн ихтэй
Хүний чансыг заасан
Дэлхийн алдартай загварын
Дэнсэн заасан Милан хот
Түүх соёлыг хослуулсан
Түмэн олныг цуглуулсан хот

Эртний түүхт эзэрхэг түрэмгий
Эзэн хаант Рома хотын хөдөлгөөн
Их хөлийн газар олон жуулчдыг татсан
Их түүхт дурсгалын газруудтай
Үнэхээр хэн хэзээ яаж үүнийг байгуулсан юм
Үнэлэхийн аргагүй эртний дурсгалтай

Энэ зууны түүхэнд Ромын хүчирхэг гүрэн гэдгээ
Энэхүү агуу их түүх соёлоороо гайхуулж мөнхөрсөн
Галт илтийн баатарлаг түүхтэй
Гайхамшигт дурсгалын газруудтай Итали орон



С. Үзмээ 10.12.2009

Бүжээ эгчид

Холын Америк орноос
Атлантын далай дээгүүр
Хөх нисэх онгоц хөлөглөн
Ариун сэтгэлт Бүжээ эгчдээ очлоо

Ээжийн минь оронд
Эх минь болсон эгчийгээ
Сэтгэл зүрхэндээ тээсээр
Сайхан итали оронд зорин уулзлаа

Эгчтэй үнсүүлэн энгэр минь тэнийж
Цээжний минь нууцхан бэтгэ
Цэлийтэл онгойн баясган
Эхэр нууцхан татаад авав

Эгч минь ануухан сайхан
Эрүүл саруул, аз жаргалаар дүүрэн
Цайлган цагаан сэтгэл нь
Цацран цоглог амьдарч явна

Эгчдээ залуу сайхан сэтгэлээрээ
Цахилж үргэлж золбоотой
Эрүүл энх амар амгалан амьдарч
Цагийн жилүүдэд урт удаан наслаарай.

С. Үзмээ 10.04.2009

Friday, June 12, 2009

Б. СОДНОМЫН НЭРЭМЖИТ "АМИН ХАЙРТАЙ ААВ" УРАЛДААНД ШАЛГАРСАН СЭДЭВ

Намайгаа гэсэн аав минь
7 дахь өдөр, 01-02-2009 13:28
Амин хайртай аав Аав гэдэг энэ эрхэм нандин хүний алдарыг магтахад алдхан цаас хүрэлцэхгүй билээ. Аавтайгаа адилхан охин сайн сайхан явдаг гэж ардын зүйр үг үнэхээр үнэн гэж би боддог. Хэн ч харсан яг аав гэж хүн бүхэн хэлэхэд нь би баярладаг. Намайг гэсэн аавын хайр хэмжээлэшгүй өвдөж зовоход аав минь эмчлэн эдгээж, уйлж гомдоход, аав минь аргадаж тайтгаруулна, мэдэхгүй бүхнийг минь зааж сургана, чадахгүй ажлыг минь хийж туслана.

Аав байхгүй бол би яахсан билээ. Ямар нэг юм хийж чадахгүй бол аавыгаа л харуулдан хүлээж, ирэхэд нь чадахгүй бүхнээ заалгаж аваад санаа минь амарч би маш ихээр баярлана. Заримдаа аав минь хаа нэгтээ ажлаар явахад гэр минь эзгүйрч нэг л уйтгартай, харин эргээд ирэхэд нь гэр минь дүүрээд нэг л баясгалантай болдог.

Хүн бүхэн “мөнх тэнгэр эцэг минь” тэнгэрээ хүртэл эцэг гэж хүндэлдэг нь аав гэдэг эрхэм хүн ямар агуу их хүн гэдгийг харуулж байгаа билээ. Миний аав намайг, ээж, ахыг, минь сайн сайхан явуулахын төлөө ажил төрөл хийгээд гэртээ ховорхон байдаг ч гэсэн би аавыгаа улам ихээр хайрладаг.

Ажлаасаа ирэхэд нь халуун хоол цайтай байлгаж, хувцасыг нь цэвэрлэж, ядарсан биеийг нь халамжилж хайртай аавдаа жаахан ч гэсэн туслахыг боддог. Бушуухан том болоод аавдаа туслаж ачийг нь хариулах юмсан гэж дандаа боддог.

Аавыгаа гэсэн мянга мянган үрс аавын тухай их сайхан дуу шүлэг, кино зохиол бичсэн байдаг билээ. Аав бол хамгийн эрхэм эгэл даруухан энэ хорвоогийн цорын ганц түшиг тулгуур болсон хүн гэж би боддог би ч гэсэн аавын тухай шүлэг бичсэн.
Шүлэг 1
Намайгаа гэсэн аав минь
Нарт хорвоогийн гайхамшиг
Өрх гэрийн минь нар
Өмөг түшиг багана минь

Амин хайртай аавыгаа байхад
Алдрай жаахан охин нь алзахгүй
Алдрай жаахан охин нь байхад
Аав минь аз жаргалтай

Хайртай шүү ааваа гэх үгийг
Харин би ахин дахин хэлэхэд
Ханагар сайхан аав минь
Хамгаас аз жаргалтай болдог

Хүүхэд багачууд найзууд минь
Хүний сайхан аавыгаа
Хамгаас ихээр баярлуулж
Хайрлаж хүндэлж яваарай

Аав энэ хорвоогийн тэнгэр нь
Аав энэ ертөнцийн багана нь
Аав энэ дэлхийн түшиг нь
Аав энэ амьдралын утга учир нь

Амин хайртай аавыгаа насан туршдаа баярлуулж хайрлаж яваарай хүүхдүүдээ.

Монгол улс Улаан-баатар хот

52-р сургууль 6б анги

Ач Ц.Хонгорзул
Баян Монгол орноо хайрлацгаая хүмүүсээ.
6 дахь өдөр, 07-03-2009 12:22
Баян Монгол орноо хайрлацгаая хүмүүсээ. Хүннү Сүннү оршин тогтносон үеэс эхлэн Монгол орны маань эх нутаг өдий хүрсэн билээ. Өвөг дээдсүүд маань мал аж ахуйг эрхлэн жилийн дөрвөн улиралдаа нутаг сэлгэн нүүдлэн суурьшиж, улс орон даяар байлдан дагуулж байхдаа ч, суурьшиж буудалсан нутгаасаа нүүхдээ бууриа цэвэрлэн бурхан тэнгэртээ даатгаж ирсэн сайхан уламжлалтай билээ. Монгол хүн уул овоогоо тахин, уулын орой өөд хийморь магнайгаа сэргээхээр гарч, тэнгэр өөд дөрвөн зүг найман зовхистоо идээний дээж сүүн цацлаа өргөдөг. Гол горхи, булаг аршаанаа бохир шанагаар хутгах, бургас мод хамаагүй огтлох, цэцэг навчисыг үндэстэй нь тасдан хаяхыг цээрлэдэг билээ.Газар шороо хамаагүй сэндчин орхидогүй, ухсан нүхээ эргээд булдаг. Хашаа саравч, өвөлжөө байр байшин барихдаа газар дэлхийгээс гуйн ямааны эврээр гортиглож дөрвөн өнцөгт нь сүү дусааж байж, ухсан нүхэндээ хадаг цай өргөдөг ёс заншилтай.Эртний монголчууд байгаль орчинтойгоо зохицон харилцаж дээдэлдэг байснаас үндэслэн бөөгийн мөргөл үүсэн хөгжсөн байх. Ингэснээр байгаль дэлхийтэйгээ улам ч ойртон байгалаасаа авах хишгээ хүртэн, байгалийн аюулыг номтгож чаддаг, байгалиасаа эрч хүчээ авч чаддаг байсан байх. Эзэн Чингис маань ч хөх тэнгэртээ мөргөж адислан байгалийнхаа сүр хүчийг бишрэн шүтэж, өөртөө сүр сүлдээ авч чаддаг байсан болоод л тийн хүчирхэг зориг төгөлдөр байсан байх. Үнэхээр тэнгэрийн хүчийг бодоод үзэхэд дэлхий хорвоог өөрийнхөө хүслээр нэг л өдөр, нэг цагт ч хувиргаж чаддаг. Ингэж бодоход үнэхээр хүчирхэг байгаа биз. Үнэхээр ч бидний монголчууд дэлхийн их газрын зүрхэд оршин тогтносон хувьтай хүмүүс.Монгол хүн давахгүй гэсэн юмаа давж, даахгүй гэсэн юмаа даадаг гэлцдэг. Үнэхээр хүн өөртөө итгэлтэй байвал юуг ч хийж бүтээж чадна. Тиймийн тулд оюун ухаанаа л эрдэм номоор баяжуулж түүгээрээ л хүссэн амьдралаа олбол хэзээ ч барагдахгүй, үр хүүхэддээ хүртэл хүртээмжтэй баян болно. Газар шороогоо онгичон олз ашиг харснаар түр зуурын баян л байхаас үеийн үед баян байхгүй шүү дээ. Ус бол чандмань эрдэнэ гэж монголчууд дээдэлдэг. Үнэхээр усгүй бол амьдрал байхгүй. Тийм болохоор манай Монгол шиг цэвэр ус бага оронд гол горхи, аршаан булгаа хайрлаж тэднийгээ улам арчлан тордож сэргээж байх бодлогыг нэгдүгээрт тавибал тустай байх.
Монголчууд эртнээс эхлэн хамтран ажиллаж нэг санаагаар бие биенээ дэмжин амьдарч ирсэн нь монголын ардын аман зохиолууд болон эртний монгол судалгаанд батлагддаг билээ. Иймдээ ч өвөг дээдэс минь хүчирхэг байж.

“Саахалт айлын

Санаа нэг,

Айл хүний

Амь нэг” гэсэн

Монголын зүйр цэцэн үг байдаг. Үнэхээр санаа нийлж нэгдэж байж л бид улс орноо хөгжүүлнэ. Монголчуудын ашиг хонжоо харах, бие биенийхээ улыг шагайдаг тамын тогооны үлгэр манжын дарангуйлалаас эхлэлтэй байх. Тэрнээс биш эртний монголчууд айл аймаг, нутаг хороогоороо нэгдмэл, хамтран найр наадмаа сайхан хийдэг, мал аж ахуйгаа хамтран бэлчээрлэдэг, бие биедээ аль байгаа юмаа илүүлчилдэг, идэх хоолоо харилцан хувааж идэж сурсан тийм л сайхан хүмүүс байж. Монголчуудаа байгаль дэлхийгээ дээдэлж, аль болох мод ургамал суулган арчлан, гол горхи, аршаан булгаа байгаа дээр нь арчилцгаая. Бидний өвөг дээдэс маань монгол хүний сэтгэл, оюун тархи, ухаанаар баян явсан үүн шигээ бид бүгдээрээ нэгдэж улс орноо өөрөө өөрсдөө зөв бодлогтойгоор хөгжүүлж монгол хүний ухаанаар дэлхийн тавцанд дахин гарч ирцгээе монголчуудаа.


Монгол нутаг


Хангай, тал, говь хосолсон
Хаанахын хэнд ч ховор заяах
Халх монголын нутаг дэвсгэрт
Халхын үр болон төрсөн би

Өвөг дээдсийн минь өвлөн ирсэн
Өстөн харийн дээрэмчидээс
Эрлэг монгол зоригоор хамгаалж
Энэрэл хайр хишгээр дээдэлж ирсэн нутаг

Дэлхийн хаана ч байхгүй
Цорын ганц онгон байгалиа
Дэлгэрүүлэн цэцэгжүүлэxийг
Цагийн бид л ганц чадна


С.Үзмээ

Tuesday, April 7, 2009

АЛДАРТ ЭХ МИНИЙ ИЖИЙ БАЛДАНГИЙН НОРЖМАА




АЛДАРТ ЭХ БАЛДАНГИЙН НОРЖМАА 1924-1991
Монголын эмэгтэйчүүдийн дунд олон хүүхэд төрүүлж, зөв тэгш хүмүүжлээр хүмүүжүүлж эх орондоо хэрэгтээ иргэн болгон өсгөсөн эхчүүдэд “Алдарт эхийн одон 1, 2” гэсэн хүндтэй шагналыг хүртээдэг билээ. Үүгээрээ эх хүний үүрэгийг үнэлж, Монголын хүн амын өсөлт хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж, Монголын засаг төрөөс энхүү эрхэм хүндэт шагналыг өгч, тэдний сэтгэлийг дэмжиж амьдралд тань урамшил өгч олон сайхан эхчүүдийг баясгадаг билээ. Үүнийг нэг эзэн бидний эх Балдангийн Норжмaa ажил амьдралынхаа хажуугаар эцэг эхээ асран, 11 хүүхдийг төрүүлэн энхрийлэн өсгөсөн.
Одоогийн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Сайн ноёнхан хошууны \Батмөнх даян хааны удам угсаа\ тайж Сандагийн зээ Пүрэв болон Сайн ноёнханы Чунгас овогт Ягаан ноён Намнансүрэнгийн удам угсаа Балдангийн хоёрдугаар охин болон 1924 онд төржээ. Ижий маань дунд зэргийн нуруутай \158-160 см\ , шингэвтэр улаан хүрэн үстэй, цэвэрхэн цайвар царайтай, өндөр монхор хамартай, том алаг нүдтэй, жирийсэн цагаан шүдтэй, эмэгтэй хүний уран жижиг гартай, үйлэндээ уран, эхийн сайхан цайлган цагаан сэтгэл агуулсан, эр нөхөр, эцэг эх, үр хүүхэд, хамаатан садан болон ойр дотны хүмүүсдээ анхаарал халамжаа хандуулан аль чадах бүхнээ тэдэндээ зориулж тус дэмээ өгдөг хүн байсан. Их хөдөлмөрч зүгээр суун гэж үгүй янз бүрийн юмыг үргэлж хийж санаачилдаг, хүнтэй найрсаг дээд зэргийн харилцаатай, хүнийг хүндэтгэж үнэлдэг ийм л нэгэн жирийн монгол эмэгтэй байлаа.
Бидний Ижий таван охин, дөрвөн хүү төрүүлж, хоёр хүү өргөн авч тэднийгээ өөрийн төрсөн үр шигээ ялгалгүй хайрлан хүмүүжүүлсэн. Бидний хамгийн том хоёр ахыг намайг үртэй болгосон буянтай хөвгүүд гэж үргэж тэднээрээ бахархан тэдний ажил үйлс, үр хүүхдүүдийг нь бидтэй адил өнхөөрдөн хайрладаг байлаа. Ижий маань эелдэг зөөлөн, шулуун шудрага зантай, цагаан цайлган сэтгэлтэй хүнд үргэлж тусалж явдаг, их өрөвч нимгэн сэтгэлтэй, хүнийг муу талаас нь харж өөлж яридаггүй, дандаа өөдрөг сайн талаас нь яридаг, үргэлж болно, бүтнэ гэсэн талаас нь ханддаг, “Санаа сайн бол заяа сайн, санаа муу бол заяа муу” гэдгийг санаж, хүүхдүүдээ сайн санаж л явбал өөрийн үйлс чинь бүтэж сайн сайхан явдаг юм гэж захиж хэлдэг байв.
Ижий маань төрсөн хоёр эгч дүү хоёртой байсан боловч тэд хорин хэдэн насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Ижий минь эцэг эх хоёртоо ганц нүдний цөцгий мэт хайрлагдах болж энэ үйл явдлын дараа Nжий маань Их Хүрээнд орж ирээд 1935 онд хүрээний бага сургуульд орж боловсрол эзэмшжээ. 15-хан насандаа гар үйлдвэрт ажилд орж, эцэг эхээ хүрээнд нүүлгэн авчирч тэднийгээ халамжлан асарч суурьшжээ. Үүнээс хойш манайхаар нутгийн хүмүүс зочилж Их Хүрээгээр орж гарч сургууль соёлд ордог болов.
Удалгүй тогоочийн мэргэжил эзэмшин, нийтийн хоолны трестэд тогоочийн ажил хийж олон сайхан зоогийн газруудад, амралт сувилалын газруудад ээлж дараалан шилжигдэн ажиллаж ирсэн. Ижий маань нарийн боовны цехэд ажилдаг байв. Тэр нь Шар дэлгүүрийн урдхан талд, гэртээ ирэх болгондоо бялууны зах гэж авчирдаг байлаа. Түүнийг нь бид талхан дээр тос, өрөмний оронд түрхэж иддэг байв. Хаяадаа Ижийнхээ ажил дээр очиж халуун дөнгөж гарсан тэр үед 60 мөнгөний гөөхий авч иддэг байлаа. Ижий маань сайхан хоол хийнэ, олон ч хүнийг хоолоороо дайлсан байх, бас бидэндээ зааж өгч айлын эхнэр сайхан хоолтой байх хэрэгтэй, сайн гэр бүл найз нөхдийн холбоо бий болдог гэж үргэлж хэлнэ.
Бидний Ижий маш их уран хүн байлаа. Монгол үндэсний хувцасыг гарамгай сайхан хийдэг, бөхийн малгай, жодог шуудаг, бөхийн ордоноос тусгайлан захиалга өгдөг, томчууд эр эмгүй Ижийгээр минь захиалгаа өгч дээл, дөрвөн талт малгайгаа оюулдаг байлаа. Ганц монгол хувцас хийгээд зогсохгүй ёвроп хувцас, орос маягийн малгай их хийдгээс гадна хатгамал, орны торь үсний даруулга зэрэг нарийн ширийн юм болгоныг оролдож хийдэг сүрхий ажилсаг хүн байлаа.
Зундаа зуслан гарахаар хотынхоо байшингийн хэдэн өрөөг охор шохой өөрөө найруулж байгаад л хэдэн ханаа будаад хээ татаад л, шал цонхоо их будна. Ижий маань хэр баргын эр хүнээс дутхааргүй их гарын дүүтэй хүн. Крант жижиг цахилгааны ажлыг засчихдаг, цэцэг их тарих дуртай хүн. Бид Ижийнхээ хийж байгаа юмнаас нь хамжин тусалсаар байгаад л бас ч муугүй гарын дүүтэй болоод авсан. Ямарч байсан монгол хүүхдийн баривч, хүрэм хийхтэйгээ байгаа. Ижий маань охидуудаа ядахдаа нэг товч хатчихдаг, уранхай цоорхойгоо нөхчихдөг тийм л байвал амьдралд алзахгүй ээ миний охидууд гэдэг байлаа.
Ижий маань олон нийтийн ажилд их идэвтэй оролцдог байлаа. Хороо хороон дээр ширээ засалт, юмханаар юм хийх, дотор махаар хэн сайхан хоол хүнс хийх вэ? гэсэн уралдаан тэмцээнд байнга оролцож, сонгуулийн үеэр сонгуулийн комиссын гишүүдийн хоол хүнсийг бэлдэг байж билээ.
Ижий маань ажилдаа сүрхий хүн байсан болохоор хөдөлмөрийн аврага, ударник, ардын хувсгалын 50 жилийн ойн медал, засгийн газрын хүндэт жуух, худалдаа нийтийн хоолны бүгд хурлын төлөөлөгчөөр удаа дараалан сонгогдож оролцсон.
Айл саахалт, нутаг аймгийн хүмүүс манайхаар их ирдэг байв. Ижийгээс минь ёстой л нэг “Өндөр Ээж” киноны өндөр ээж шиг орсон гарсан хүнийг дайлаад, илүү дутуу байгаа юмаа хамаад хүнд барчихдаг тийм л нэг монгол эхийн шинж чанарыг харуулсан хүн. Манай байранд голдуу дарга сайд нар амьдардаг байлаа. Тэд нар Ижийг минь хүндэтгээд их орж гарна. Ижий маань тэдэнд ийм том албаны хүн, өрх гэрийн тэргүүн эр хүн байж хогоо асгаж явж яаж таарах вэ? айлын тэргүүн хүн, эр хүн байж авгай хүүхдүүд шиг байж болохгүй гэдэгсэн. Ижий маань томчуудын авгай нарт эр нөхрөөрөө хог асгуулж яах нь вэ? алдас болно, үүнийгээ ч үр хүүхэд бидэндээ хэлж захидаг байлаа. Ижийг минь хүмүүс айхтар ухаантай хүн гэж Ижийгээс минь амьдралынхаа болохгүй бүтэхгүй зүйлийг асуудаг байлаа. Ижий маань хүний өөрийн хүн гэж ялгаад яахав, хүний л үр юмсан гэдэг байлаа.
Ижий маань аавыгг маань дандаа хүндэтгэж, Та, багшаа гэж дуудаг хүн байлаа. Нэг удаа би Та яагаад аавыг “та”, “багшаа” гээд байдаг юм бэ?. Манай найз нарын аав ээж тэгж дууддагүй л юм байна лээ гэж асуухад: Тэгэлгүй яахав энэ олон эрдэм номтой мундаг хүмүүс аавыг нь хүндэтгээд дуудаад байхад, тийм эрдэмтэй номтой хүнийг “багш” гэхгүй бол алдас болно гэж билээ. Аавын ажлын хүмүүс, шавь нар орж ирэхэд тэдний ажил төрлийн ярианд зэрэгцэн сууж оролцдоггүй, эрдмийн хүмүүс эрдэм номоо яриг гээд ,тэднийг харин ч сайхан хоолоороо дайлаад гаргадаг. Аав маань Ижийгээр минь их бахархадаг хүн байлаа. Аав маань бидэнд Ижий тань ном илүү их үзсэн бол их хол явах их ой сайтай хүн гэдэгсэн. Нэгэн жишээ: Хэл бичгийн ухааны доктор Ж. Цолоогуай дурсамждаа: Содном багшийн амьдралд гавьяатай, хийж бүтээхэд нь нөлөөлсөн сайн хүн бол түүний гэргий Норжмaa гуай юм. Норжмaa гуай бол хэнийг ч голдоггүй, хэнтэй ч сайхан ярьдаг. Норжмаа гуай дандаа Содном багшийг “багш” гэж ярьдаг байсан. Ийм л сайн хань байсандаа. Биднийг хааяа яваад очиход Содном багш Норжмaa гуай хоёр их баярлаж бөөн яриа хөөрөө болж нөхөрсөг харьцаа үүсдэг сэн. \Б. Содномын намтар, бүтээлүүд 1998 он, Б. Содном багш нэр хүндтэй, хүнлэг, ахмад буурал эрдэмтний нэг., 109 хуудас\. Я. Баатар гуайн дурсамжаас: Ри багш, Со багш хэмээн хүндлэн дуудацгаадаг билээ. Ер нь ч хоёр биенээ чи гэж дуудаж байгаагүй байх, багш та гэх мэтээр л харьцана. Энэ мэтийн харилцааг нарийн сүрхий ажигласан Норжмаа эр нөхрөө “Содном оо” гэж дуудахгүй, “Багш аа” гэж л дуудна. Хорооны ухуулагч орж ирээд “Танайх хэнийх гэдэг айл вэ?” гэж асуухад “Содном багшийнх аа” гэж хариулах жишээтэй. Сан Франциско 2008. Бидний Ижий нийт ч сайхан хүн байсан. Тиймдээ ч хүмүүс Норжмаа гуай дээр нэг ороод гарья гээд их хүндэж Ижийгтэй минь хуурч хөөрнө.
Ижий маань бидний түрүүчийг нь тусад нь айл гэр болгон гаргаж ач, зээ нараа өсгөн хүмүүжүүлэн өгч, бидний амьдралын замын эхлэлийг маань тавилцаж өгсөн ачтай буянтай жинхэнэ монгол эмэгтэй, бид эхээрэй их бахархаж явдаг. Бидний Ижий эх орондоо гийгүүлсэн ач гавьяа нь, үр хүүхдийнхээ амьдралыг сайн сайхан бүхнийг бэлэгдсэн хүсэл тэмүүлэл нь, олон түмэндээ үйлдсэн сүү шиг сайхан цагаан ариун сэтгэл тус үйл нь бат орших болтугай.

Охин С. Үзмээгээс нь 04/07/2009

Monday, March 9, 2009

"АЛДАР ХҮРТЭЭГҮЙ АЛТАН ЭРДЭНЭ" ЭРДЭМТЭН Б.СОДНОМЫН ХӨРӨГ
No comments:

Monday, February 23, 2009

ЗҮҮН БОГИНЫ АМ
Манайх гэдэг айл зундаа "Шинжлэх Ухааны Акедеми" болон "Гадаад Яамны" хамтарсан зусланд зуншдаг байлаа. Тэр үед албан байгуулгаас нь зохион байгуулаад зусланд зуншуулдаг системтэй байв. Манай зуслан одоогийн "Богд уулын хормойд" бидний мэдэх "Их Тэнгэрийн амаас " цааш "Бага тэнгэрийн ам", "Залаатын ам", "Зүүн богины ам", цаашлаад "Хүрхэрээгийн ам " гэж нэрлэдэг байв. Даана ч Богд уулыг дархан цаазтай болгосон нэрийдлээр эдгээр зуслангуудыг татан буулгаж нүүлгэн шилжүүлсэн юм.
Зүүн богиноны ам нь уулын өнцөгтөө хүүхэд багачууд авирч тоглох их гоё хадтай, зуслангийн айлуудын дундуур урсах горхитой, хормойдоо Туул гол урсан, уулынхаа энгэрт битүү ой модтой, хад, бөөрөлзгөн, үхрийн нүдний асгатай, самар гүзээлзгэнээр арвин элбэг сайхан газар байлаа.
Өглөө болгон хөхөө донгодон, аав ээж нар ажилдаа явах бэлтгэлээ хийж ажилчдын автобусандаа суугаад хот руу ажилдаа гаргана. Хүүхэд багачууд нь албатай юм шиг зэрэгцэн босон ажилчдын автобусыг явмагц хад чулууруугаа авирч ханталаа өдөр дунд ортол тоглож, голын ус бүлээлцмэгц гүйн шумбан туул голын эрэг дээр өнжинө. Хэн нэг нь Залаатын амнаас чиглэж ирж байгаа ажилчдын автовусыг хармагц “Ажилчдын автовус” гэхэд бүгд хам хум алчуур хувцасаа шүүрч гэр лүүгээ гүйн, хором зуур гэрээ хальт цэвэрлэж амжина. Ээж аавыг харж байгаад автобуснаас буухад нь өмнөөс нь хотоос авчирсан юмнаас нь дамжилан гангар гунгар ярин гэртээ ирнээ. Ээж аав маань гэрээ цэвэрлэсэн байхыг минь хараад их сайн хүүхдүүд гэж магтана. Оройн хоол хийх хооронд ээж аав маань аяга цай уух зуур бид зэрэгцээд л сая л өлсөнөө мэдэрхэд ээж аав маань их гайхдаг байлаа. Аргагүй хүүхдүүд маань дэргэд нь байхгүй болохоор цай хоолыг нь хэлээд өгөх хүн байхгүй учир хоол ундаа мартчигдаг юм уу даа гэнэ.
Манайх гэдэг айл хаа ч байсан дэн буудлын газар шиг хүнээр тасардагүй айл байлаа. Ээж маань Өвөрхангай аймгийн хүн болхоор зун болгон айраг цагаа, өвөл идэш тасардагүй айл байв.
Дээд зусланд байхад шинжлэх ухааны акедемийн хүрээлэнгүүд холилдон гардаг үед манай урьд айл Цэгмид гуайх, хойд талд дунд зэрэгийн шавар том байшинд Н.Содномгуайх, Баруун хажууд томоос том шавар цагаан байшанд Ш. Бира гуайх, зүүн тийшээ Лувсанбалдан гуайх байдаг байлаа.
Хаяадаа би Н. Содномгуайн эхнэр Г. Цэрэндуламгуайтай орж канастер хөзөр их тоглодог байлаа. Их гоё хөзөрөө шар хийтэл нь холидог би сурах гээд хамаг хөзрөө цацчихдаг байж билээ. Их сайхан зантай найрсаг хүндэтгэлтэй хүмүүс.
Манайхаар үргэлж акедемийн гадаад алба хариуцсан Цэгмид, архилогич СэрОдЖав, Го. Мижигдорж, Догьсүрэн, Цолоо нар их орж ирнээ. Хаяадаа А.Лувсандэндэв, Н.Содном, Ш. Бира, Лувсанбалдан гуай нар хугас үзэгдэг байлаа.
Ээж маань хөл болон хүндэтгэн тэднийг хоол унд айраг цагаа бэлдээд амс хийнэ гэж үгүй. Ээж маань тэдний дэргэд зэрэгцэн сууж ярианд нь оролцдоггүй байлаа. Тэд голдуу эрдэм номоор цэц булаалцалдана. Наадам болбол бүүр өөр хэрэг манайд ээжийн нутгаас айраг цагаа ирж ёстой л нэг найр наадам хийж байгаа айл шиг олон хүний хөл ихтэй өнгөрөөндөө. Бөх гарвал нутагсаад манай нутгийн бөх төрүүлсэн гээд л бөөн юм болно. Хэн түрүүлэх вэ гээд хул айргаар зарим хүмүүс мөрий тавидаг л байлаа.
Ээж маань их сэргэлэн хүн байлаа. Их дэлгүүр ороод гарч байхад ээжтэй минь орос 2 хүн томоо гэгчийн “Рубин” гэдэг зурагт дамжилчихсан комиссын дэлгүүр (тэр үеийн хэрэглэгдсэн барааны дэлгүүрийг ингэж нэрлэдэг байсан юм) чиглэж явна гэнэ. Ээж маань харчихаад, очоод мэндлээд зурагтыг нь худалдаж авах сонирхолтойгоо хэлжээ. Тэд ээжээс минь таньд тэгээд авч явах унаа байгаа юм уу гэтэл ээж маань морин тэрэгний үйлчилгээний цэг рүү (тэр үед их дэлгүүрийн зүүн талд морин тэрэгтэй хүмүүсийн үйлчилгээний цэгтэй байлаа) заагаар тоомсог (тухайн үедээ хөөрсөндөө болоод) гээд хэлчихжээ. Тэр 2 нь ч ойлгоод морин тэргэн дээр ачуулаад өгчээ. Ингээд ээж маань гэртээ томоо гэгчийн өнгөт зурагт авчирч бидны нар гарч наадмаа сайхан өнгөтөөр үзэж билээ. Тэр үед өнгөт зурагт хараахан худалдаанд гараагүй байлаа. Зарим айлууд Орос улсаас өнгөт зурагт авчирдаг л байлаа. Тэр үед чинь томчууд, дээд зэргээр шалгарсан оюутанууд л Орос орныг зорно уу гэхээс хэр барагын хүмүүс тийм амар явахгүй шүү.
Далаад оны сүүлчээр Хэлний Хүрээлэнг тусдаа Туул голын эрэгт Гадаад Явдалын яамны бөөрөнд зуслангийн байрнууд барьж ажилчдаа оруулж эхлээ. Манайх гэдэг айл олон хүүхэдтэй болохоор шинээр барьсан нэг зуслангийн байшинг 2 таслаад 2 айл оруулахаар болгосон умгар өрөөнд багталцахад бэрх байв. Манай хойд талд П. Хорлоогуайх томоо гэгчийн 2 өрөө байртай, Зүүн хойно захирал А. Лувсандэндэв гуайн 3 өрөө том гэгчийн цэнхэр байшин дүнхийнэ. Ингээд аав маань байгаа байдлаа үзүүлж байгаад хүрээлэнгээс бидэнд улаан шар болсон майхан өгч билээ. Бид хүүхдүүд болсон хойно бөөн баяр гоё майхандаа байх дуртай.
Ер нь тэр олон айлаас олон хүүхэдтэй айлууд нь бие биенээ их ойлгодог байсан байх гэж бодож байна. Го. Мижигдорж, Н.СэрОдЖав гуай нарын хүүхдүүдтэй их тоглодог. Бусад томчуудын хүүхдүүд нэг их манийгаа тоохгүй ээ. Тэд голдуу орсоор ярьсан хүүхдүүд. Н.СэрОдЖав, Н. Содном гуайн хүүхдүүд орос сургуульд явдагч бидэнтэй сайхан тоглож, тэр байтгуай хотынхоо гэрт урьж тоглодог байлаа. Томчуудаас Н. Содном гуай, эхнэр Г. Цэрэндуламгуай, Н. СэрОдЖавгуай, эхнэр Долгорсүрэнгуай их нийтч хүнийг дугаарлаад байдаггүй сайхан найрсаг хүмүүс.
Хүрээлэнгийн зуслангийн голын эргээр хүмүүс дүүрэн, хүүхэд багачууд нь хүрэн хар болтлоо голд сэлэн голын хайрган дээр нуруугаа шарна. Зарим хүмүүс загасчилан, зарим нь хувцас хунараа угаана. Туул голын нөгөө эргээр Амгалангийн хүмүүс ирж тухалдаг байлаа. Харин хачирхалтайн Гадаад явдлын яамны зуслангийн голын эргээр хүн бараг байхгүй, хаяадаа зарим эрчүүд нь нуруугаа үүрэн алхаж явах нь үзэгдэнэ.
Нэг л удаа Гадаад явдлын яамны зуслангийн хашаагаар Инээмсэглэл хамтлагын Ганбаатарынд, Инээмсэглэл хамтлагын Долгионы эхнэр Сэлэнгээ эгчийг (СэрОдЖавгуайн охин) дагаж орж билээ. Тэднийх 2 охиноо Янсий (Янжмаа), Нансий (Нансалмаа) гэж дуудаж байх нь чамин сонсогдож билээ.
Зуслангийн айлууд хамтарч жимс самаранд их явдаг байлаа. Ой модонд тэр зуны халуунд сайхан сэрүүхэн. Бид голдуу аавтайгаа гүзээлгэнэ түүдэг байлаа. Аав маань тун нямбай хүн болохоороо гүзээлгэнэ болгоныхоо ногоон навчыг нь цэвэрлээд савандаа хийчихэнэ. Бид гүзээлзэгэнээ түүгээд л уг нь яваад л байгаа юм, түүхч гэждээ тэвчихгүй ходоодондоо ихэнхийг нь хийнэл дээ. Гэхээд л гэртээ ирээд л хэн нь аль зэрэг гүзээлзэгэнэ түүсэн байна гээд үзэхэд аав маань 2 литрын саваа дүүрэгчихсэн, биднийх ёроолдоо 2 атга хүрэх үгүйтэй байдаг билээ. Үнэхээр гүзээлзэгэнэ түүнэ гэдэг их тэвчээр бас шалгуур шүү. Тэгээд л ааваасаа та яаж яваад ийм их гүзээлзэнэ түүчих вэ гэхээр л Жигмид Тогмод хоёр шиг л түүчихгүй юу гэж наргина. Бидний үед Жигмэд Тогмод гэдэг нэг хөөрхөн хүүхдийн дуу байдаг байлаа.
Жигмэд Тогмод хоёр
Жимсэнд хамт явжээ
Уулын модонд очоод
Уралдаж түүхээр тохирчээ
Том савтай Тогмод нь
Хоцроно гэж боджээ
Жижиг савтай Жигмэд нь
Түрүүлнэ гэж сайрхжээ
Түүсээр байгаад Тогмодын
Сав нь дүүрээд иржээ
Идсээр байгаад Жигмэдийн
Гэдэс нь цадаад иржээ.

Ой жимсний асгаар их, зарим хүмүүс жимсэндээ улаарсаар байгаад төөрөөд явчихдаг байлаа. Зарим нь уулаа даваад Төв аймаг руу орчихоно. Нэг удаа ээж маань хэсэг хүмүүстэй жимсэнд яваад ирдэггүй бүүр ханхуй болчихлоо. Аав маань санаа нь зовоод л уулын өөд хараад л дурандаад байдаг байлаа. Тэгэж байтал бүүр шөнө дунд л Залаатын амын замаар л хэсэг хүмүүс ирж яваа нь сонсогдоно. Юун хүмүүс энэ замаар шөнө явдаг билээ гээд л аавтай маань тэднийг харуулдаж байгаа ар гэрийхэн гайхан ярьж суутал, төөрөлдсөн нөгөө манай хэд ирж явна. Гайхаад л "та нар чинь яахаараа тэндээс ирдэг нөхөд билээ" гэтэл "өө бид явсаар байгаад Их тэнгэрийн ам хүрчихэж, гэтэл харуул нь оруулахгүй биднийг буцаад ирсэн замаараа буц гэдэг юм байна". Бид хаашаа явж байгаагаа мэдэхээ болчихлоо гэж хэлтэл Та нар энэ хавиар явж болохгүй одоохон холд гээд, Хүү минь ядаж бидэнд нэг чиг зааж өгдөө гэсэн чинь Та нар одоо ийшээ доошоо урууд гэвэл зам тааралдана, тэгээд тэр замаа хараад учраа ол гэсэн тэгээд бид ирлээ дээ гэж билээ. Үнэхээр ч Их тэнгэрийн ам тэр хавийн эргэн тойрноо хүрээлсэн харуул манаатай байлаа. Тэр битгий хэл гүүрээр нь гаргадагүй. Нэг удаа манай найзууд Зайсангаас Их тэнгэрийн ам хүртэл алхаж Гүүрээр гарч товчлох санаатай очтол гаргадагүй. Яаж буцаж явнаа Гүүрний цаана Хүүхдийн парк ойрхон харагдаад болдогүй ээ. Тэгээд бид гүүрний доогуур гол гаталж болох уу гэтэл гүүрээр л гарахгүй бол болно гэдэг байгаа. Бидэнд өөр арга байхгүй Туул голыг тэгэж хөндлөн гаталж байж билээ.
Зуслан дээр бид орой болохоор ээж аавтайгаа нийлж цагаан мод олж тоглодог байж билээ. Тэр модоо хайгаад л зарим нь бас худлаа тохуурхана олчихлоо гээд...
Зарим зундаа Богд уулыг бүтэн тойрч мөргөл үйлдэж яваа аянчид зуслангаар буудлаад өнгөрдөг байлаа. Ээж маань тэдэнд хоол цай хийж өгөөд бас замын хүнс өгдөг байв. Бид хүүхэд болсон хойно бас л шалгаана. Юун хүмүүс вэ гэхэд Богд уулыг тахиж байгаа хүмүүс гэнэ. Тэд яг л кино дээр гардаг Бадарчин шиг тогоо шангаа үүрчирсэн, зарим нь 2 бодон, зарим нь 1 мод барчихсан явдаг байлаа. Мөргөлчид бараг Монголын бүх аймгаас ирсэн хүмүүс, тэд эхлээд Төв аймагт цуларч, тэндээс Богд уулыг тойрох аялалаа эхлэнэ. Аль зэрэг хугацаагаар бүрэн тойрч дуусгадагийг мэдэхгүй, ямарч байсан манай зусланд буудалж байхад 3 сар гаруй болж байна гэж чих дэлсэлсэн.
Ер нь манайх гэдэг айл энгийн сайхан хаа ч явсан олон хүнээс тасардагүй, ээж аавыг минь хүндэтгэдэг хүмүүс их одоо ч гэсэн тэднийг минь дурсан ярьдаг хүмүүс олон.

С.Үзмээ 2.20.2009

Sunday, February 15, 2009

“Амин хайртай аав” гуравдугаар уралдааны дүн гарлаа.
5 дах өдөр, 13-02-2009 04:48 Миний Эх орон сэдэвт “Эхийн хайр”, “Тэнгэрлэг эх орон минь” уралдааны үргэлжлэл болох “Амин хайртай аав” гуравдугаар уралдааны дүн гарлаа. www.bayanmongol.com

1926 онд Герман оронд сураар явсан, уран зохиол судлаач, их зохиолч Д.Нацагдорж судлаач, ардын билиг зүйч, толь зүйч, шинжлэх ухааны ахмад зүтгэлтэн, нэрт эрдэмтэн Балдангийн Содномын (1908-1979) мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит “Амин хайртай аав” чөлөөт бичлэгийн гуравдугаар уралдаанд 5 улсаас 20-оод хүмүүс оролцлоо.

Хүүхдийн уралдаанд
1-р байр Ц.Хонгорзул (6-р анги, Монгол), Намайгаа гэсэн аав минь аавыгаа ажлаас ирэхэд халуун хоол цайтай байхсан хэмээх ухаарал шингээсэн нийтлэл, шүлгээрээ
-Эрдэмтэн Б.Содномын ном, DVD, 50$
2-р байр А.Билгүүн (нас 13, Chicago, USA), Ааваа хүү чинь таньдаа хайртай
аавыгаа санан үгүйлж бичсэн нийтлэлээрээ
-Эрдэмтэн Б.Содномын ном, DVD, 30$

3-р байр Тэмүүлэл (нас 11, USA) My Handsome Daddy, Миний сайхан аав балчирхан англи шүлгээрээ
-Марко Пологийн аялал ном, 20$

Миний мэдэх Содном гуай уралдаанд
1-р байр Я.Баатар, (San Francisco, CA), Миний мэдэх Содном гуай, Зуслангийн үдэш баримтат дурсамжит нийтлэлээрээ
-Эрдэмтэн Б.Содномын ном, DVD, 100$
-эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном (монгол бичгээр)
2-р байр Ц.Баянмөнх (Монгол), Эгэлгүй хирнээ эгэл хүн шиг амьдарсан Б.Содном эвлүүлэг нийтлэлээрээ,
- Эрдэмтэн Б.Содномын ном, DVD, 50$

3-р байр С.Үзмээ (USA), Миний сайхан ааваа дурсахуй аавынхаа тухай дурсамж нийтлэлээр
-эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном (english)

Амин хайртай аав уралдаанд
1-р байр Л.Батбаяр,(Chicago, USA), Хайрхан уул шиг аав минь, Зөвхөн миний нэр гарахгүйн учир зүрхээ дагаад зөв явах учиртай хэмээх содон санаатай шүлгээрээ
-Эрдэмтэн Б.Содномын ном, DVD, 100$

2-р байр Н.Дамдинсүрэн (Chicago, USA), Аавдаа Бичсэн Сэтгэлийн Өргөл, аавын тухай дурсамж, сургамж, ухаарал шингээсэн шүлгээрээ
-Эрдэмтэн Б.Содномын ном, DVD, 50$

3-р байр Д.Ганга (Чех улс), Аавдаа, буурал аавынхаа тухай гэгээлэг дурсамжаараа
-Эрдэмтэн Б.Содномын ном, DVD, 30$

4-р байр Б Мөнхдэлгэр, (Oakland, CA), Дэлхийн аавууд бүгд адилхан, Дэргэд нь байхад нар жаргадаггүй хэмээсэн шүлгээрээ
-Эрдэмтэн Б.Содномын ном, DVD, 20$

5-р байр Б.Ганчимэг, (IL, USA), Ааваа гэдэг сайхан үгийг чанга хэлээгүй асар их удсан юм шиг санагдана, сайхан гарчигтай дурсамж өгүүллэгээрээ
-Эрдэмтэн Б.Содномын ном, DVD, 20$


Уралдаанд ирүүлсэн бүтээлийн www.bayanmongol.com тусгай шагналт байрыг

1. Ц.Батсоёмбо Таныгаа сэтгэл зүрхэндээ дээдлэе, буурал аав минь, аавынхаа тухай дурсамж өгүүллэгээрээ
-Бурхан багшийн сургаал ном (The Teaching of Buddha)

2. З.Цэцэнбилэг (LA, USA), Аав гэдэг хүн агуу Философи байдаг юм байна. сайхан гарчигтай өгүүллэгээрээ
-Төмөрлөн хаан, Дэлхийн байлдан дагуулагч, Tamerlane, Conqueror of the World

3. П.Оюунжаргал (IL, USA), Ааваа дурсахуй буюу аз жаргалтай үеийн минь хумсхан хормууд аавынхаа тухай дурсамж өгүүллэгээрээ
-Бурхан багшийн сургаал номоор (The Teaching of Buddha)

4. Э.Эрдэнэ, (Maryland, USA) Аав минь Ачтан шүлгээрээ
-Хүн гүрэн, Аттилла хааны ялалтын нууцууд, Victory Secrets of Attila the Hun

5. Ц.Эрдэнэбаяр, (Seoul, Koreo), Аавдаа би хайртай, санасан сэтгэлээ шингээсэн шүлгээрээ
-Эрдэмтэн Б.Содномын ном

6. Ц.Баянмөнх (Монгол), Гандий юу мод сэтгэлд минь эгшиглэсэн хэвээр, өвөө аавынхай тухай дурсамж, хэл зүйн алдаагүй, зөв бичлэгтэй нийтлэл, шүлгээрээ
-Эрдэмтэн Б.Содномын ном

Уралдааныг зохион байгуулагч
www.bayanmongol.com
www.mongolinternet.com
www.medeelel.com

Уралдааныг дэмжин тусалсан эрдэмтэн судлаач Б.Содномын үр хүүхдүүдэд талархсанаа илэрхийлье.

Saturday, February 7, 2009

2 дах өдөр, 30-12-2008 02:51
Эгэлгүй хэрнээ эгэл хүн шиг амьдарсан Б.Содном
Улс үндэстэн болгонд өөр өөрийн гэсэн алдартай нэртэй хүн байдаг. Тухайн ард түмэн тэр хүнээ шүтэн биширч, хүндэтгэн дурсч байдаг. Монголчуудын дунд их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн тухай мэдэхгүй хүн гэж бараг байхгүй. Найман настай балчираас ч балчир хүүхдүүд анхны боловсролоо эзэмшиж байхдаа ч тэр агуу хүний шүлэг дуу, өгүүллэг, найраглалаас цээжилж түүгээрээ уралдаж, басхүү яруу найраг утга зохиолынхоо анхны мэдлэгийнхээ шанг тэр хүний бүтээлээр татдаг гэхэд болно. Д.Нацагдоржийн тухай олон яриа, бусдын бичсэн олон дурсамж түүхийг бид тэр болгон сонсч байдаг. Хүн болгон өөр өөрийн гэсэн дурсамжийг хүүрнэдэг ч тэр нь ихэнхдээ нэгэн сэдвийн талаар тэрхүү агуу их зохиолчийн талаар өнгөцхөн мэдээллийг бусдад түгээдэг. Аливаа хүнийг бусдаас илүү бүр хамгаас ч сайн мэдэх ямар нэгэн хүн байдаг шиг Д.Нацагдоржийн талаар бусдаас илүүг мэддэг, бидэнд тэр хүний амьдралын талаар үнэн бодитой, уран бүтээлийнх нь талаар сэдэв, анхны түүхийнх нь талаар мэдэх амьд толь нь болсон нэгэн хүмүүний талаар хүмүүс тэр болгон сайн мэдэхгүй. Тэр хүн бол Их зохиолчийн нэгэн нутгийн хүү, унаган багын нөхөр болох Балдангийн Содном бүлгээ. Б.Содном гуай өөрийн амьдралыг бүхэлд нь утга зохиол судлалд зориулжээ. Түүний амьдрал ээдрээ бартаа ихтэй, түмэн зовлон басхүү буман баяр баясгалангаар баялаг өнгөрсөн юм шиг ээ. Тэрхүү нэгэн хүмүүний амьдралын богино ч юм шиг, эс бөгөөс хийсэн бүтээснийг нь харахад урт ч юм шиг хугацаанд их найрагчтай тоглож наадан, тэр эрхэм андынхаа богино амьдралдаа амжуулсан их уран бүтээлийг судлахад, мөн ард түмэн хэмээх дуусашгүй дундаршгүй их баялагийн дундаас бүтээгдэн гардаг ардын аман зохиолыг судлахад цаг зав оюун ухаанаа харамгүй зориулж чаджээ. Б.Содном гуай одоогийн Төв аймгийн нутаг их найрагчийн хүй тасласан Гүн Галуутайн нутагт мөн л адил эхээс унажээ. Содном абугайн амьдрал их Нацагдоржтойгоо эхэлсэн ч дунд хэсэгтээ ид хийж бүтээх насандаа үнэнч анд нь түүнийг орхин хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Хамтдаа чулуугаар тоглож, хамтдаа сургуульд явж, хамтдаа нөхөрлөж, хууч хөөрч, хамтдаа ажиллаж байсан нөхөр нь холын хол одоход түүнийхээ дурсгалыг хүндэтгэн ард түмний хайртай зохиолчийн амьдрал бүтээлийн үнэн түүх, амьдралын алдаа оноо, амжилт суу алдрын талаар түмэнд хүргэхээр хоёргүй сэргэлээр зүтгэсэн байдаг. Тухайн үеийн зохиолч эрдэмтдийн нэгэн адил мөн л хэлмэгдлийн хар шуурганд нүүр нүдгүй шилбүүрдүүлж, ид хийж бүтээх насаа шоронгийн чийгтэй хүйтэн ханан дунд өнгөрүүлсэн нь аливааг хийх хүсэл тэмүүлэл, уйгагүй зүтгэлийг нь мохоож чадаагүй юм. Б.Содном гэдэг хүнийг хүн бүр тэр бүр мэддэггүй. Харин тэр хүний хөлс хөдөлмөрөө шингээсэн бүтээлүүдийг нь би өөрөө уншиж цээжилж, түүнээс нь жинхэнэ баяр баясгаланг мэдэрч байснаа хожуу мэдсэн. Арга зальтай бадарчингийн тухай домог яриа, ертөнцийн үнэнийг өгүүлдэг ертөнцийн гурав дөрвийг цээжилж байхдаа ч энэ хүнийг олж цуглуулсан гэдгийг нь мэдээгүй. Аман зохиол хэмээх хэтрүүлэгтэй ч амьдралаас тэгж хол зөрөөгүй, тухай ард түмний үнэн амьдрал ёс заншлын эргүүлгээс хол хөндий хийсвэр бус нэг л нандин зйүлийг сонгон авч өөрөө цуглуулж бидний үеийг хүргэсэн хүн юм байна гэдгийг мэдэрмэгц эрхгүй бахархах хүндлэн хайрлах сэтгэл төрснийг нуух юусан билээ. Одоо ч тэр бяцхан сурагчдын нандин цүнхэн дэх сурах бичгийн хуудаснаа Балдангийн Содном гэдэг хүний цуглуулсан аман зохиолуд цагаан дээр хар мөр гарган зурайна. Миний үед ч, миний ээжийн үед ч тэр л хэвээрээ байсан гэж бодохоор, ээж минь түүнийг мөн л миний нэгэн адил уншиж, инээж хөхөрч байсан гэж бодохоор эх орныхоо ирээдүйд ямар их номын буян, боловсролын эх уурхай, баяр баяслыг авчирч вэ гэж бодмоор. Б.Содном гуайг би гавъяа шагналыг нь олгоогүй гавъяатан гэж хэлмээр байна. Бид хүнээ зөв үнэлж чаддаггүй гэж харамсдаг. Олон сайхан авъяастан, билиг танхай найрагчид ухаант эрдэмтдээ бид “алдсан”. Хорвоогийн жам байсан ч бидний хүчин зүйл молхи болхи ухаан тэднийгээ сэтгэлээр нь “хөнөөсөн” гэж би халагладаг. Аман зохиол өөрөө ард түмний баялаг. Тиймдээ өмнө нь АРДЫН гэдэг томоос том тодотгол бичигддэг. Оюуны өмч, патент гэж яривал энэ бүх ард түмний нэр дээр байдаг. Хэрэв Б.Содном гуай байгаагүйсэн бол бидний үед хоёр тулгуур модон таягтай, харахад л инээд хүрмээр, адтай бадарчингийн талаар үлгэр домог явган яриа болсон явдал ирэх ч үгүй байсан байх. Магадгүй ээ, тэр хүн үүнээс олон зүйлийг ийнхүү бидний үед буухиалан авчирч амжаагүй ч байж мэднэ. Тэглээ гээд бид тэр хүний хийсэн бүтээснийг мартах ёсгүй. Эгэлгүй нэгэн хүмүүн эгэл жирийн амьдралаар эгэл жирийн дунд сургуулийн партан дээрх дэлгээтэй номны хуудсан дээр эгэл жирийн нэгэн аман зохиолыг өөрийн биеэр түүвэрлэж, их зохиолч Д.Нацагдоржийнхоо эгэл бор амьдралын талаар судлаж, эгэл ард түмнийхээ эгэл жирийн хүүхдүүдийн боловсролд өөрийн хувь нэмрийг оруулан эгэл жирийнээр амьдарсаар энэ хорвоогоос одсон тухай эгэлгүй нэгэн хүмүүний эгэл жирийн амьдралыг би сайн мэдэхгүй. Гэхдээ би өөрийн мэдсэн дуулсан сонссон цөөн хэдэн баримтыг гол болгон энэхүү зүйлийг бичлээ. Эрдэмтэн зохиолчид маань шүүн тунгааж, эрхэм та бүхэн болгоон соёрхоно биз ээ.

Ц.БАЯНМӨНХ Монгол улсаас
4 дэх өдөр, 25-12-2008 12:19
“Миний мэдэх Содном гуай” зохион бичлэгийн уралдаанд

ЗУСЛАНГИЙН ҮДЭШ
Богд уулын цээжин бие зул бадарч байгаа мэт асан зүмбэрлээд, Зүүн богины ам улам уужирсан мэт цэлийж налайгаад, зуслангийн айлууд бараг л бүгд хаалгаа тэлчихсэн будаатай хуурга юм уу бууз хуушуурын үнэр ханхлуулаад, ээжүүд хүүхдээ дуудаж “хоолоо ид” хэмээн хашгираад, хүүхэд багачууд нь ёстой л нэг жаргалаараа туйлаад цэнгэлийг эдэлж байгаа нь тэр уулын ивээл үү, нам засгийн ивээл үү. Бурханы ивээл биш, Богд Жавзандамба хутагтынх бол бүр ч биш юм даг. Хүүхдүүд өдрийнхөө тоглоом наадмыг үргэлжлүүлэн, өдөр битгий дуусаасай гэх мэт наадацгаана. Гадаад явдлын яамны зуслангийн хүүхдүүдийн хэл яриа, тоглоом наадам таарахгүй тул хүрэээлэнгийн зуслангийн хүүхдүүд л хоорондоо нийлэн үерхэнэ.

Түүний нэгэн адил ээж аавууд нь ч гэсэн нийлж нөхөрлөхгүй. Гадаа тааралдахаараа л найрсаг инээж, хэзээ язааны дотно нөхөд шиг байдаг юм. Гаднаа гадаад яам, дотроо дотоод яам гэдэг нь тэр билээ. Тэр ч байтугай хүүхдүүддээ, “Хүрээлэнгийн зуслангийн хүүхдүүдтэй тоглож болохгүй. Тэдний аав ээж нь үндэсний үзэл ханхлуулсан муу хүмүүс байдаг юм” гэж захисан ч удаатай. Гэтэл оросоор сайн ойлгоод монголоороо муу сэтгэдэг жаалууд нь “Аа, эд нар чинь гэр хороололд байдаг байх. Тэгээд усанд орж чадахгүй хир ханхалдаг байх нь” гэж хэлсэн нь тэрүүхэн хавьдаа инээдэм болоод өнгөрснийг хүрээлэнгийнхний хүүхдүүд хэрхэн мэдэх вэ дээ.
Зуслангийн айлууд хэзээнээс нөхөрсөг билээ. Тийм болохоор хүрээлэнгийн ажилтнууд нэг нэгнийхээрээ айлчилж, удаан цагаар ярьж хөөрцгөөнө. Өвөлжөөндөө буучихлаар бие биенийхээрээ хэсч чаддаггүй тул зөвхөн энд л хонь хурга нийлэх мэт болно. Жигдрэн эгнэсэн нэг загварын ижил байшингуудын үүд дэлгээтэй байнаа гэдэг чинь хэн ч хэзээ ч морилж болноо гэсэн бичигдээгүй хуультай нүүдэлчин монголын үгийг нотолсоор байгаа хэрэг. За даа тэрхүү нотолгоо ч ороод ирлээ дээ.

Ван багштан морилж явна. Бараа бологчоор нь Цогоо, Го Мо Жо хоёр дагалджээ. Го.Мижиддоржийг зарим нөхөд нь хятадын алдарт зохиолчийн нэрээр ийнхүү нэрлэн дуудах явдал заримдаа байдаг юм. Зусланд гараагүй Ван гөөгөө жилдээ нэг удаа зуслангаар хүндэт айлчлал хийдэг баярын жавхаат өдөр байж таарлаа.

Гэрийн эзэн тэднийг баяртай угтаж авав. Нас сүүдэр энэ жил далтай гэхэд хөнгөн шингэн, толгойтой үс нь тэгтлээ ч их бууралтаагүй, буяны даллага мэт уужим чихтэй, бичгийн эрдэмд нэвт гэрэлтсэн нь харваас илэрхий өвгөжөөр хүн гэрийн эзэн байлаа. Сууж байгаа хэдий ч өндөр янхир нуруутай нь мэдэгдэнэ. Гэрийн эзэн Содном зочдыг заларч байгаад баяртай байгаагаа илэрхийлэх сац гэргий Норжмаа нь хэзээний цай идээгээ дээжилж байлаа.

Урд ууланд очиж үеийн нөхөдтэйгээ тоглож наадангаа хэдэн гишүү мөчир түүж ирсэн цовоо хүү цангаа гаргах нэрийдлээр их ажил хийснээ аав ээждээ мэдэгдэх, болж өгвөл сайшаалын үг сонсчих хоёр ажлаар гэртээ оров. Шанага шүүрч ус утган нэгэн аяганд хийж хэд залгилаад гарах гэтэл

-Дэндэв захирлыг дуудаадах. Ван багш Со багшийнд ирчихээд дуудаж байна гээд хэлээтэх! гэх зарлиг үг сонстсон тул энэ үгийг хэн хэлэв гэдгийг ч анзааралгүй дарцаглан гүйсээр зуслангийн баруун хойд талыг эзэлсэн бусдаас том бөгөөд өнгөлөг сүрлэг байшинд очиж харагдах үес Дэндэв гуай харин Со багшийн гэрийн үүд хавиар алхаж явлаа. Дэндэвийн хэнз хүү Лев гэртээ тогтож суулгүй үеийнхээ хүүхдүүдтэй тоглож наадах гээд аав ээжийнхээ хориглосон үгийг ч тоолгүй гараад гүйчихсэн юм байжээ. Гадаа тоглодог золбин хүүхдүүд хүүгий минь шоглочихож мэднэ гэсэн Сүрэнхүү ахайтны тушаалаар хүүгээ олж ирэх гээд алхаж явсан нь тэр байжээ. Тийнхүү алхаж явахыг дэлгээтэй үүдээр харчихсан Ван багш нэрээр нь хашгиран дуудав. Дуудахыг сонссон, бараа харагдсан тул аргагүй нэг ороод гарах юм болов. Түүнээс бус захирал борчуудын гэрээр төдийлөн шагайдаггүй билээ.
Захирал морилж ирсэн болохоор яриа хөөрөө жаахан албархаж ирснээ төдхөн аядав. Төрөлхийн зожигдуухан зангаасаа болж хүнтэй нэг их нийлж нөхөрлөөд байдаггүй захирал гуай ч бас ганц нэгэн хундага татаад, задгай ярианд оролцох далдуур хүсэлтэй мэт ажээ. Ажилтнуудтайгаа төдийлөн ингэж холилддоггүй тул жаахан цэмцэгнүүр. Хүү Лев нь ч бас хүүхдүүд дундаа ихэмсэг зантай. Со багшийн бага хүү Төмөртэй тоглох гэсэн мэт хоёр биеэ харалцах боловч томчуудын дэргэд хэн хэн нь биеэ бариад хөндийхөн сууцгааж байв. Со багш бага хүүгээ өхөөрдөхөө мартсангүй, “миний хөл хучих хүү” хэмээн дотносно.
Эрдэнэтийн том үйлдвэрийг барьж байгуулж, тоос нь тэнгэрт манарч байгаа цаг билээ. Улс орны бүхий л анхаарал Эрдэнэтэд зориулагджээ. Хэлний хүрээлэнгийнхэн ч бас энэ их ажилд өөрсдийн хувь нэмрээ оруулах гэж шамдаж байгаа билээ.
Тэрхүү шамдагчдын гол төлөөлөгчид энд сууцгааж байх ажээ. Эрдэнэтийн нэр томьёоны толийг зохиох гол ажлыг нугалж байгаа Го Мо Жо, толь зүйн ажлаар олон жил дагнан мэргэшсэн Со багшаасаа асууж жигдлэх нь олонтаа. Ван багш ч ихийг хэлж өгнө. Харин Дэндэв захирал энэ тэр ажилд оролцохгүй, зөвлөөд байхгүй, тэгсэн атлаа ганц нэгэн өө сэвийг нь олж харчихаад хурал цуглаан болгон дээр ярьж сүржигнэнэ. Нэг мэдэхэд хамтран зохиогч гээд нэрээ урд нь тавьчихсан байх ч юм уу, редактор гээд залагдчихдаг тавилантай. Нанчидыг наадаж байгаа хэдий ч толийн тухай жаахан ярих гэтэл захирал нэг л цэмцэгнүүр. Уг нь ажил ярихгүйгээр ганц нэг хундага татаад, хэн нэгнийг муулах гэх зэрэг ховын шинжтэй яриа сонсох гэсэн байх л даа.
Тэрхүү цэмцэгнүүр байдлыг эвдэж, өөриймшсөн дотно сэтгэлийг үүсгэх гэж үг нь олширсон Го Мо Жо:
-Бүгдээрээ Ри багшийнхаа төлөө нэг хундага тулгачихъя! Ри багш байсан бол миний будилаад байгаа олон зүйлийн учрыг амархаан тайлчих байсан юм даа гэлээ. Яриа ч нэлээд шингэрсэн, лонх ч бас дундарсан үе тул хэн хүнгүй тулгацгаах аятай юм болцгоов. Гэтэл захирал байдлыг гэнэт эвдэж
-Би Ринченгийн төлөө тулгахгүй! гэсээр босоод ирлээ. Босч ирээд илтгэл тавих нь уу гэтэл үгүй юмаа, шууд үүд зүглэв. Ван багш:
-Дэндэв ээ! Чи бид хоёр нэг өдөр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Ри багш тэгэхэд бид хоёрын хэнийг ч татгалзалгүй саналаа өгсөн шүү дээ. Тэр ачийг санаад нэг тулгачихад болохгүй нь юу байна. Одоо тэр хүн өндийгөөд ирэх биш! гэлээ. Содном, Вандуй гэдэг хоёр мундаг багш нь зэрэгцээд сууж байхад шавилсан нэртэй юм болохоороо Дэндэв хэдийгээр захирал мяндагтай ч гэлээ тэдний үгийг сонсох л учиртай байсан баймаар.
-Тэр цагаан цэргийн үлдэгдэл, үндэсний үзэлтэнтэй би намч ёсоор эвлэрэхгүй! гэсээр гарч явлаа. Нам ярьж байгаа хүнтэй ном ярьж таарах биш. Нам гүм болж хэсэг сууцгаав. Хаврын яргуй дэлгэрэхээс арай өмнөхөн бурхан болсон Ринченгийн сүнс зуны дэлгэр энэ орой амилан босч ирснээс нэг хүн аюун зугтаад бусад нь хүндлэх сэтгэлдээ хөтлөгдөн алмайрч байгаа юм уу даа гэмсээр хэсэг зуурын чимээгүй байдлыг Со багшийн намуухан дуу хөндөж:
-Ри багшийнхаа төлөө энэ хүнгүйгээр идээнийхээ дээжээс нэг хундага дэвшүүлцгээе ээ! гэлээ. Ринчен, Содном хоёр тоолбол бараг нас чацуу ч гэлээ хоёр биенээ Ри багш, Со багш хэмээн хүндлэн дуудацгаадаг билээ. Ер нь ч хоёр биенээ чи гэж дуудаж байгаагүй байх, багш та гэх мэтээр л харьцана. Энэ мэтийн харилцааг нарийн сүрхий ажигласан Норжмаа эр нөхрөө “Содном оо” гэж дуудахгүй, “Багш аа” гэж л дуудна. Хорооны ухуулагч орж ирээд “Танайх хэнийх гэдэг айл вэ?” гэж асуухад “Содном багшийнх аа” гэж хариулах жишээтэй. Бүгд хундагаа барилаа. Яагаад ч юм тулгасангүй, нэгэн амьсгаагаар бүгд хөнтөрцгөөв. Уг нь Го Мо Жо хундага тулгая гэж санал гаргасан билээ. Со багшийн түвшин нуруутай энэ үгэнд Го Мо Жогийн сэтгэл уярч, захирал руугаа хатуухан үг хэлж, араас нь довтолгон очиж агсам тавья гэж байсан ааг омог нь дарагджээ. Ван багш харин дуулж эхлэв.

* Алиман сарны тунгалаг туяа
* Агаар дэлхийг гэрэлтүүлж байна.
* Амраг чиний минь ариун хайр
* Алаг зүрхийг минь догдлуулж байна.

Ван багш хэзээний л үүнийг дуулах дуртай. Энэ үедээ хамар нь улам л улайгаад, улайх тусмаа монцойх шиг болно.

-Вандуй! Согтох нь уу даа. Биеэ барина шүү. Ри багш биднийг сая лав харсан.

-Би дахин энэ зусланд ирэхгүй ээ!

Ван багшийн энэ үг цочмоор сүрлэг байсангүй.

-Ирэлгүй яах билээ. Ирж байгаарай. Манай хаалга үргэлж нээлттэй шүү дээ. Эл үгийг өлгөж аваад Го Мо Жо үл ялиг согтуурхангуйгаар:

-Цогоо манай хоёрынх ч ялгаагүй дээ гэх зуур Со багштан яриагаа тасалсангүй үргэлжлүүлсээр

-Чамайг ирэхгүй бол бид бас үгүйлнэ шүү! гэж яриагаа дуусгалаа. Нэртэй төртэй эрдэмтэн болж идэршиж яваа хоёр шавь нь ч бас уралдан Ван багшийг аргадацгаав.

Ван багшийн зөв байжээ. Намрын сарыг адаглаад, өвлийн сарыг эхлүүлээд Ри багшийнхаа байгаа мөнхжингийн орон руу яваад л өгсөн болохоор зөв байсан юм. Харин тэрхэн үед хэн ч ингэж санасангүй, хэлж байсан Ван багш өөрөө ч тэр тухай зүүдлээгүй биз ээ.

-Со багш аа, хоёулаа Дэндэвгүйгээр Ри багшийнхаа төлөө хундага өргөчихлөө. Хоёр шавь маань ч хамт байлаа. Миний ажил ингээд боллоо. Одоо би ганцаараа Со багшийнхаа төлөө хундага дэвшүүлнээ гэснээ дагуулж яваа хоёр шавь руугаа харж

-Аль вэ, надад тусгайлан нэг хийгээдэх! гэлээ.

Хүүхдүүд гадаа тоглож наадах чимээ нь тасраагүй л байлаа. Тэд ямар хундага өргөхийн аз жаргалыг тухайлж гэж мэдэх биш, жаргалтай өдрийг улам л уртасгах гэж дуу хуур, наадам цэнгэлдээ умбаж байна. Богд уул нэвсийн харлажээ. Үдшийн бүрий түрэлхийн дайрч, түрэмгийлэн эзлэх янзтай.

-Ринчен, Дамдинсүрэн хоёрын дараагийн хүнийг нэрлээдэх гэвэл аргагүй л манай Со багш мөн дөө! Нацагдорж болоод Со багш мандтугай! гэх Ван багшийн үгийг тэрхүү шуугиан цэнгэл дундаас хэн л сонсов гэж.

2008

Ya.Baatar
Сан Франциско

Sunday, February 1, 2009

Анхны Ардын уран зохиолч, Эрхэм уран зохиолч хэн бэ

PDF

Хэвлэх

И-мэйл

2 дах өдөр, 06-01-2009 03:02

Монголын Зохиолчдын Эвлэлийн 80 жил, Монголын Радиогийн 75 жилийн ойд зориулав

1929 онд 1 сарын 9-ний өдөр Намын Төв Хорооноос Уран зохиолч нарын анхны бүлгэмийг албан ёсоор үүсгэн байгуулжээ. Хуралд нам эвлэлийн ажилтнууднаас гадна зохиолч, уран бүтээлчид оржээ. КУТВ буюу Дорно дахины их сургуулийн Дунгарын Чимид (1904-1932, зохиолч), Төв хорооны Суртлын хэлтсийн Суртлын Гэндэн, Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Өлзийтийн Бадрах (1895-1941), Цэндийн Дамдинсүрэн (1908-1988, Ардын уран зохиолч 1986), бас Дамдинсүрэн, Мөрдэндэвийн Ядамсүрэн (1904-1937, Ардын гавъяат уран зохиолч, 1935 он), Содномбалжирийн Буяннэмэх (1901-1937, анхны Ардын гав’яат уран зохиолч, 1935 он), Магсар хурцын Дугаржав (1893-1946, Улсын алдарт гавъяат дуучин 1936), Г.Навааннамжил (1882-1954, зохиолч), Л.Цэндсүрэн (уран бүтээлч), Бямбын Ринчин (1905-1977, Төрийн шагналт зохиолч 1946), Дашдэмбэрэл, Шагдарнэрэн, толь зүйч Ядамжавын Цэвэл (1902-1984) нарын (14) нийт 16 хүн оролцжээ.

Энэхүү анхны бүлгэмийн 5 тэргүүлэгчдэд С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Ц.Дамдинсүрэн, М.Дугаржав, Б.Ринчин нарыг сонгожээ.

1929 оны 12 сард Монголын уран зохиолч нарын бүлгэмээс 15 зохиолчийн 36 бутээлтэй Уран үгсийн чуулган номыг хэвлэжээ. Уг номын оршилд Дунгарын Чимид оршил бичжээ

1929 онд Монголын Зохиолчдийн анхны бүлгэмд Герман, Францаас хавар, намар дуудагдан ирсэн их зохиолч Дашдоржийн Нацагдорж, бага Нацагаа буюу Төмөрийн Нацагдорж (1910-1966), Насан-Очирын Наваан-Юндэн (1908-1985), эрдэмтэн судлаач Балдангийн Содном (1908-1979), Б.Доржсүрэн (1909), Донровын Намдаг (1911-1982) нар элссэн аж..


1930 онд 9 сарын 9-нд МАРЗ (Монголун хувьсгалт зохиолчдын холбоо) –н Төв товчооны тэргүүлэгчдийн хурал болж, Товчооны даргаар М.Ядамсүрэн, нарийн бичгийн даргаар Д.Нацагдорж нарыг сонгон МАРЗ нээх зар тунхаг гаргажээ.

1930 онд 9 сарын 25-нд Монголын залуучуудын Эвлэлийн төв хорооны тэргүүлэгчдийн хурлаар МАРЗ-н ажлыг дэмжин бурэлдэхүүнийг шинэчлэх асуудлыг хэлэлцэн жинхэнэ тэргүүлэгчдэд Л.Цэндсүрэн, Б.Банзрагч, Д.Нацагдорж, орлогчид М.Дугаржав, М.Ядамсүрэн нарыг баталж, даргаар Л.Цэндсүрэнг, нарийн бичгийн даргаар Д.Нацагдоржийг сонгожээ.

1930 онд 11 сарын 28-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх товчооны хурлаар Монголын зохиолч нарын холбоо (МАРЗ) албан ёсоор байгуулсныг зарлажээ.


1931 онд 1 сарын 15ны хурлаар МАРЗ-н тэмдгийн төслийг хэлэлцэн, нэрийг МАРЛ болгон өөрчилжээ. Тус хуралд М.Ядамсүрэн, Өлзий-Очир, Б.Банзрагч, Лоорой, их Д.Нацагдорж, Ч.Дашням, Н.Наваан-Юндэн, бага Т.Нацагдорж, Цэдэн, Ө.Чимид, Радбаабазар, С.Буяннэмэх, Гомбо нарын 14 хүн оролцож Уран сайхны чуулган нэрт хурлыг анх байгуулж, даргаар С.Буяннэмэхийг томилж, нарийн бичгийн даргаар Нацагдорж, тэргүүлэгч гишүүнээр Өлзий-Очир, М.Ядамсүрэн, Гомбо нарыг сонгожээ. (Ардын үндэсний соёлын зам 1934 он, Н-82)

1934 онд 10 сарын 12-нд Монголын үндэсний зохиолчдын хуучин шинэ гишүүдийн хурлыг хийж уран зохиолчдын шинэ товчоог сонгов. Товчооны даргад С.Буяннэмэх, нарийн бичгийн даргад Төмөрийн Нацагдорж, тэргүүлэгчдэд Өлзий-Очир, М.Ядамсүрэн, театрын дарга Гомбо, тэргүүлэгчдийн орлогчид Ө.Чимид, үйлдвэрчний Чимид нарыг сонгон баталжээ. (Ардын үндэсний эрх сонин 1934, N82)

Энэ үес тус холбоо тамга тэмдэг хэрэглэх болж эхний 23 үнэмлэхийг олгожээ.

Буяннэмэхийн гарын үсэгтэй 15 тоот үнэмлэхийг П .Хорлоо, 37 дахийг нь М.Чимэд авсан.

Уран зохиолчдын салбар байгууллагыг эхлээд Багшийн сургуульд Т.Нацагдорж, Б.Доржсүрэн нар байгуулжээ.

1934 онд 12 сард Монголд анх удаа радио үдэшлэгийг зохиосон нь сонсогч олны талархлыг татав. Энэ үдэшлэгт С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Л.Цэрэн-Очир, Т.Нацагдорж, Д.Цэвэгмид, Б.Доржсүрэн, Д.Намдаг, Н.Наваан-Юндэн, Жамбын Лувсанжамц (1911), Даваа, П.Хорлоо нар оролцсон аж. 1934 оны намраас 1935 оны өвөл хүртэл 29 удаа радио үдэшлэг зохиожээ.

1935 онд 9 сарын 25-нд Улсын бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн 25-р хурлын шийдвэрээр Ш.Аюуш, С.Буяннэмэх нарт Улсын алдартай гавъяат уран зохиолч хэмээх цол олгожээ.

1935 онд 11 сарын 15-нд Ардыг эрүүлийг хамгаалах яамнаас 10 жилийн ойд зориулан эрүүл мэндийн сэдэвт шүлгүүдийг нэгэн дэвтэр (65 шүлэг) болгон хэвлэжээ. Их зохиолч Д.Нацагдорж, бага Т.Нацагдорж нар хамтран бичжээ.

1936 оны дундуур Улс төр уран сайхны зөвлөлээс 12 сэдвээр Хувьсгалын 15 жилийн ойд зориулан уран зохиол яруу найруулгын анхдугаар их уралдаан зарлажээ. Нэгдүгээр зэрэгт орсон Төмөрийн Нацагдорж, Дондогын Цэвэгмид (1915-1991), Пэрлээ, Даржаа, нарт Ардын уран зохиолч, хоёрдугаар зэрэгт орсон Д.Сэнгээ, Л.Цэнд-Очир, Б.Доржсүрэн (1909-?), Даваа, Ринчингийн Пүрэв (1900?-1937) нарт Эрхэм уран зохиолч цол, гуравдугаар зэрэгт орсон Гонгорсүрэн, Чимид-Осор, Бүрнээбаатар нарт Уран зохиолч цол олгожээ.(Соёлын яамны архив, Ардын үндэсний эрх 1936 N73)

1936 онд 10 сарын 7-нд хотын зохиолчдын хурал болж, тус хурлаас Монголын уран зохиолчдын төв холбоог 9 тэргүүлэгчтэй болгож даргад Р.Пүрэв, орлогчид Жаргалсайхан, нарийн бичгийн даргад Д.Цэвэгмид, гишүүдэд Буяннэмэх, Ядамсүрэн, Сэнгэдорж, Дашням, Цэдэнжав, Доржсүрэн нарыг оруулжээ.

1936 онд 10 сарын 13-нс Уран сайхны улс төрийн зөвлөл, Улсын төв театраас хамтран хуралдаж Буяннэмэх, Аюуш, Ичинхорлоо. Санжид, Цэнд-Очир, Намдаг, Тэрбиш, их Нацагдорж, бага Нацагдорж зэрэг нөхдийн нэрийг зааж бичих жүжгийн товчийг дараагийн хичээлд бэлтгэн ирүүлэхээр тогтжээ.

Сурвалж: П.Хорлоо, Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх, 1921-1965 он, Улаанбаатар 1968 он

http://www.mongolinternet.com/FamousMongolian.htm
http://bayanmongol.com/

Beltgesen Ts.Batmunkh
daanjuur@gmail.yahoo.com

Сэтгэлдэл Н. Баясгалан

Баясгалан Н. - Б.Содном гуайн тухай дурсамж

Б.Содном гуайтай ШУХүрээлэнгийн ажилтны
байранд өөд өөдөөсөө харсан хаалганд
нилээд хэдэн жил амьдарч байлаа. Тэр үед би
хүүхэд байсан болхоор зарим зүйл санаанд
тод байдаг юм.
ЭШ ажлын талаар судлаачид
илүү тодорхой судалсан тул энэ тухай
бичсэнгүй. Судалгаа хийж байгаа тухайгаа их
ярьдаг байсан. Энэ тухай бага ч болтугай
цухас дурьдахыг зорив. Содном гуай маш их
нямбай, аливаа юманд гярхай, шүүмжлэлтэй ч
хошин маягаар нүдэнд харагдаж, сэтгэлд
үлдэтгэл сайхан ярьдаг байв.
Миний ээж Донойн Сурмаажав нь Б.Содном
гуайтай дунд сургууль болон Германд хамт
суралцаж байсан хүний нэг билээ.Германаас
ирээд Судар бичгийн хүрээлэнгийн Хэл
бичгийн кабинетад Толь бичгийн нэр томьёон
дээр мөн хамт ажиллаж байсан. Манай ээж
хүрээлэндээ өөр ажилд шилжин ажилсан ч, тэд
нэр томьёоны тухай яриа, Д.Нацагдорж
судлалыг бий болгох тухай болон бусад олон
зүйлийг ярьдаг байсан. Д.Нацагдорж судллаар
маш их зүйл хийсэн. Тэр хүний тухай маш их
материал цуглуулж, олон хүнтэй уулзаж,
хөдөө ч олон удаа явдаг байлаа.




Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...